НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2018-12-17 18:23:13 GMT +8 / | 814 удаа уншсан

С.Будням Доктор (Sc.Dr) Пропессор

1.Удиртгал
Хүн төрлөхтөн шинжлэх ухаан техникийн хөгжлийн гайхамшигтай цаг үед амьдарч байна. Орчин үеийн нийгэмлэгийн өмнө тулгарч буй олон төрлийн болон сонирхолтой асуудлуудын дотроос хамгийн багаар гэхэд хүн төрлөхтнийг өөрчлөн дэвшилд хүргэх шинэ технологийн хувьсгал хэлбэржин тогтож, ойлгогдож байгаа нь хамгийн чухал юм.
Өөрөөр хэлбэл бидний амьдрал, бидний хөдөлмөр болон харьцааг үндсээр нь өөрчлөх хувьсгалын гараан дээр зогсож байгаа гэж болно. Энэхүү үйл явдлын хамрах хүрээ болон хүндрэлийн хувьд хүн төрлөхтний өмнөх хуримтлуулсан бүхий л туршлагатай ижил төсгүй бөгөөд түүнийг аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал хэмээн судлаачид нэрлэж байгаа билээ. Хүн төрлөхтөн шинэ хувьсгалын далайц болон хөгжлийн хурдцыг ухаарч мэдрэх л үлдээд байна. Технологийн шинэ хувьсгалын үсрэлт нь олон салбарын  хослол дээр явагдах бөгөөд тухайлбал хиймэл оюун, робот, интернет, робот автомашин, гурван хэмжээст хэвлэл, материал судлал, эрчим хүчний хуримтлал ба хадгалалт, квант тооцоолол зэргийг дурдаж болно. Эдгээр инновацийн олонх нь зөвхөн үүсэж байгаа боловч нэг нэгнээ хүчлэн нэгдэж хөгжиж эхлэхэд физик, биологи, тоон бодит ертөнцийн технологууд сүлжилдэж, технологийн салбарт шинэчилэл хийгдэх болно. Ийм шинэчлэлийг зарим судлаачид гурав дахь аж үйлдвэрийн хувьсгалын хэсэг хэмээн үздэг.
Гэвч ихэнх судлаачид аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг бие даасан хэмээн үздэг бөгөөд эл байдлыг дараах гурван хүчин зүйлсээр үндэслэж болно.

Хөгжлийн хурдац:
Энэхүү аж үйлдвэрийн хувьсгал нь өмнөх үеийнхээс ялгаатай нь шугаман бус, бүр тодруулбал экспонент хурдацтай  явагдана. Шинэ технологи нь өөрөө бүхий л тэргүүлэх, үр ашигтай технологиудыг нэгтгэн хөгжих боломжийг агуулна.

Хүрээ ба нэвтрэлт:
Шинэ технологи нь тоон хувьсгалд тулгуурлах ба олон төрлийн технологиудыг хослуулснаар эдийн засаг, бизнес, хувь хүний үзэл баримтлалд эрс өөрчлөлтийг буй болгоно. Тэр нь зөвхөн бидний хийдэг "юу" ? "яаж" гэдгийг өөрчлөөд зогсохгүй бид "хэн бэ?" гэдгийг өөрчлөх болно.

Системийн нөлөөлөл:
Шинэ технологи нь бүхий л улс орнууд, компаниуд, салбарууд нийгмийн бүхэлд нь гадна болон дотоодод шинэчлэл хийх болно.Иймд уг хувьсгалын суурь болон глобаль чанар нь бүх улс орон, эдийн засгийн систем, хүмүүсийн салшгүй хэсэг болохыг илтгэж байна.

2.Хүн төрлөхтний иргэншлийн түүхэн замнал
Хувьсгал хэмээх үг нь эрс радикал өөрчлөлтийг нэрлэдэг болно. Аливаа хувьсгал нь хүн төрлөхтний түүхэн хөгжлийн явцад шинэ технологи болон ертөнцийг хүлээн авах шинэ арга, хандлагаар эдийн засгийн систем ба нийгмийн бүтцийг сууриар нь өөрчлөлтөнд оруулдаг билээ. Тэгвэл хүний амьдралын хэв маягт анхны кардиналь өөрчлөлт нь арван мянган жилийн тэртээ амьтдыг гэршүүлснээр цуглуулагч хэлбэрээс газар тариалан эрхэлсэн явдал юм. Хөдөө аж ахуйн хувьсгал нь хүн ба амьтдын хүчийг үйлдвэрлэл, тээвэрлэлт, харилцаа холбоог хангахад нэгтгэсэнд оршино. Энэ аажмаар хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үр ашигтай болгон томоохон сууршилийн амьдрах чадварыг ихэсгэж, хүн амын өсөлтөнд түлхэц өгсөн юм. Ингэснээр хотжилт явагдаж, томоохон хотууд цэцэглэн хөгжих боломж олгосон болно. Хөдөө аж ахуйн хувьсгалын дараа XVIII зууны хоёр дугаар хагаст эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал хэд, хэдэн үеийг дамжсан билээ. Тэдгээр нь булчингийн хүчийг ашиглах замаас механик эрчим хүчид шилжсэнээр хүний танин мэдэх үйл ажиллагаанд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын процесст хүргэсэн болно. Анхны аж үйлд­вэрийн хувьсгал нь 1760 оноос 1840 он хүртэл үргэлжилсэн юм. Түүний шинэчлэх  механизм нь төмөр зам барих, уурын хөдөлгөгчийг бүтээсэн нь механикжсан үйлдвэрлэлийн хөгжлийг хөхүүлсэн билээ. Тэгвэл XIX зууны сүүлээр эхэлсэн аж үйлдвэрийн хоёр дугаар хувьсгал нь XX зууны эхэн хүртэл үргэлжилсэн бөгөөд тэр нь цахилгаан эрчим хүчний тархалт болон конвейрийг нэвтрүүлснээр олон төрлийн өргөн хэмжээний үйлдвэрлэлийн хөгжлийг өгсөн билээ. Аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал нь 1960-аад онд эхэлсэн юм. Түүнийг компьютерийн буюу тоон хувьсгал хэмээн нэрлэдэг ба түүний катализатор нь хагас дамжуулагчийн хөгжил бөгөөд 1960-аад онд тооцоолон бодох электрон машинд ашиглагдаж улмаар 1970-1980-аад онд интернет сүлжээнд хэрэглэгдэх болсон. Аж үйлдвэрийн анхны гурван хувьсгалын бичиглэлд ажиглагдаж буй шинжлэх ухааны баримтлал болон олон янзын тодорхойлолтыг анхааралдаа авбал бид өнөө үед аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын босгон дээр ирээд байна. Уг хувьсгал нь шинэ мянганы зааг дээр эхэлсэн ба тоон хувьсгалд үндэслэж байгаа. Түүний онцлог шинж нь хаана ч хүрч болох интернет, бичил үйлдвэрлэлийн хэрэгсэл, хиймэл оюун ухаан, өөрийгөө шинэчлэгч машинууд болно. Аппаратын болон программ хангамжийн сүлжээнд суурилсан тоон технологи нь шинэ зүйл бус боловч жилээс жилд аж үйлдвэрийн гурав дахь хувьсгалаас салан холдож, улам төгөлдөржиж нэгдмэл болсноор нийгэм болон глобаль эдийн засгийг өөрчлөлтөнд дуудаж байна.
Гэвч аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь зөвхөн ухаалаг харилцаа холбоотой машинууд болон системээр хязгаарлагдахгүй юм. Түүний үйлчлэлийн далайц нь ихээхэн өргөн хүрээг хамрах болно. Түүнтэй зэрэгцэн янз бүрийн салбарт үсрэлтийн долгион үүсгэж байгаа бөгөөд тухайлбал хүний удамшилд бичигдсэн мэдээллийн тайллаас нано технологи хүртэл, сэргээгдэх эрчим хүчнээс квант тооцоолол хүртлэх хүрээнд явагдаж байна. Чухамхүү эдгээр технологиудын нэгдэл болон тэдгээрийн физик, тоон ба биологийн салбар дахь харилцан үйлчлэл нь өмнөх бусад бүх аж үйлдвэрийн хувьсгалиудаас дөрөв дэх хувьсгалын суурь ялгааг бүрдүүлж байгаа юм. Иймд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь өөрийн цар хүрээ, шинэчлэлээр өмнөх гурван хувьсгалаас эрс ялгагдах нь тодорхой болж байна.
Харин өнөөгийн төлөвшсөн удирдлагын түвшин, бүх салбарт хүлээгдэж буй шинэчлэлийг ухамсарлан хүлээх чадавхи аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын хэрэгжилтэнд хэр бэлэн бэ? гэдэг л асуудал болж байгаа билээ.

3.Кардиналь (амин чухал) ба системийн өөрчлөлт
Уг өгүүллийн үндсэн санаа нь технологи болон тоон хувиргалт нь хүрээлж буй орчинг кардиналь өөрчлөлтөнд оруулах бөгөөд "Энэ удаад бүх юм өөр болно" гэдгийг амьдралд нэвтрүүлэхэд оршино.Өөрөөр хэлбэл үндсэн технологийн инноваць (шинэчилэл) нь эрин үеийн глобаль өөрчлөлтийн гараанд байгаа бөгөөд энэ нь зайлшгүй болох үйл явц юм. Болж буй өөрчлөлтийн хүрээ нь өнөөдрийн цаг мөч дахь дизруптив инновацийг хүлээн зөвшөөрөхөд оршиж байна.
Инновацийн хөгжлийн хүрээнд болон тархалт нь төсөөлшгүй хурдтай байгаа. Өнөөдөр өргөн хүрээтэй тархалт бүхий дизруптив инноваць болох "Airbnb", "Uber", "Alibaba" зэргийг хэдхэн жилийн өмнө хэн ч төсөөлж чадаагүй билээ. Мөн тэрээр дэлхийд тархсан "Iphone" 2007 онд зах зээлд анх удаа гарч байсан бол 2015 оны төгсгөлд дэлхийд хоёр тэрбум гаруй smart фоныг ашиглах болсон билээ. 2010 онд Google компани нь жолоочгүй анхны авто машин бүтээх тухай зарлаж байсан. Удахгүй жолоочгүй автомашин замд гарах нь ердийн үзэгдэл болох байхаа хэмээн бодогдоно. Иймэрхүү жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болох. Хөгжлийн хурдац зөвхөн гайхшрал төрүүлэхээс гадна хамрах хүрээний өсөлт нь гайхшрал бас төрүүлж байгаа билээ. Тоон хувиргалт нь (өөрчлөлт) автомачлалыг илэрхийлэх бөгөөд мөн чанартаа пүүс компаниудад хамарах хүрээний өгөөж буурах айдасгүй болно гэсэн үг юм. Юу болж байгааг ойлгохын тулд 1990 оны Дейтройтыг 2014 оны цахиурын хөндийтэй зүйрлэн авч үзье. 1990 онд Дейтройтын гурван том компани зах зээлийн капиталчлал нь 36 миллард ам.доллар байсан бөгөөд АНУ-д 250 сая ам.долларын орлоготой, нэг сая 200 мянган ажилчинтай байлаа. Тэгвэл 2014 онд цахиурын хөндийн гурван томоохон компанийн зах зээлийн капиталчлал нь 1.09 триллон ам.доллараас давж нийлбэр орлого нь 247 миллард ам.доллар хүрсэн ба харин арав дахин бага 137 мянган ажилтантай болсон байв. Энэ нь хөдөлмөрийн бага хүчин чадлаар үнэт баялгийг бүтээх нь тоон бизнесийн хамгийн бага өртөгтэй холбоотой болно.Мөн зарим компаниудад дизруптив технологид суурилбал цэцэглэн хөгжихөд хөрөнгө шаардлагагүй болохыг илтгэж байна.
Аж үйлвдэрийн дөрөв дэх хувьсгалын давтагдашгүй чанар нь хөгжлийн хурдац болон өргөн хүрээг хамрахын зэрэгцээ шинжлэх ухааны олон салбар болон нээлтийг нэгтгэсэн өсөн нэмэгдэж буй хослолыг буй болгож байгаад оршино.
Өнөөдөр хиймэл оюун ухаан бидний бүх талаас хүрээлэн байгаа бөгөөд жолоочгүй автомашин, дроноос эхлээд орчуулга хийх программ хангамж болон виртуаль туслагч нар хүртэл нөлөөлж байна. Энэ нь бидний амьдралын хэв маягийг өөрчлөх боллоо.Хиймэл оюун ухаан нь тооцоолох техникийн хүчин чадлын эрчимтэй өсөлт, их өгөгдлийн хүртээмжтэй байдлаас мэдэгдэхүйц амжилтанд хүрсэн нь шинэ эм бүтээх программ хангамжаас бидний соёлын сонирхолыг урьдчилан таамаглах алгоритм бүтээснээр илэрч байна.

4.Тэгш бус байдал нь системийн уриалга (дуудлага)
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь асар их давуу тал, мөн тэрээр асар их асуудлуудыг тэгшхэн буй болгож байгаа болно.Ялангуяа нийгэмд тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх нь онцгой сэтгэл түгшээх болж байна. Тэгш бус байдлын өсөхийн үр дүнд тулгамдах асуудлуудыг тоогоор илэрхийлэхэд хүндрэлтэй юм. Хэдийгээр хүн төрлөхтний ихэнх нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч боловч инноваць, техникийн дэвшил нь хүмүүсийн амьдралын стандарт болон баян чинээлэг аж амьдралд нэгэн зэрэг эерэг, сөрөг нөлөөг үзүүлэх болно. Шинэ технологийн нэвтрэлтээс хамгийн их давуу талыг хэрэглэгчид хүртэх магадлалтай. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын ачаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ буй болох бөгөөд тэдгээр нь хэрэглэгчийн хувьд хүмүүсийн амьдралыг бараг үнэ төлбөргүй сайжруулах боломж олгоно. Тухайлбал такси дуудах, нислэгийн тийз захиалах, таваар худалдан авах, төлбөр хийх, хөгжим сонсох, кино үзэх зэрэг эдгээр бүх асуудлыг өнөө үед алслагдсан зайнд хэрэгжүүлж байна. Мөн интернет, смартфон бидний амьдралыг хөнгөвчилж бүхэлдээ үр бүтээлтэй болгож байгаа билээ.Тухайлбал планшит хэмээх энгийн байгууламжийг хүмүүс унших, өгөгдлийг хайх, харьцахад ашигладаг бөгөөд тэр нь 30 гаруй жилийн өмнө бидний ашиглаж байсан таван мянган ширээний компютерийн хүчин чадалтай ба үүний зэрэгцээ мэдээллийн хадгалах үнэ нь одоо бараг нойлд дөхөж байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн өмнө нэг гб өгөгдөл хадгалахад жилд арван мянган ам.доллар байсан бол өнөө үед 0.03 ам.доллараас хэтрэхгүй болжээ.
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь үндсэндээ хэрэгцээ, хөдөлмөр, үйлдвэрлэлийн ертөнцөд асуудлуудыг буй болгож байна.Сүүлийн жилүүдэд хөгжилтэй ихэнх орнуудад болон эрчимтэй хөгжиж буй Хятад мэтийн улсуудад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөдөлмөрийн хувь буурсныг ажиглаж болно.Ийнхүү бууралт нь ихэнх тохиолдолд инновацийн хөгжлөөр өдөөгдсөн үйлдвэрлэлийн хэрэгслийн харьцангуй үнийн хямдралтай нөхцөлдсөн оршино. Өөрөөр хэлбэл пүүс, компаниуд хөдөлмөрийг капиталаар нөхөх шаардлагатай болсон гэсэн үг. Ингэснээр аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын ашигтай ололтыг нийлүүлэгчид нь оюун санааны буюу капиталийн эзэд, зохион бүтээгчид, хөрөнгө оруулагчид, акционерууд бөгөөд үүний дүнд өөрийн хөдөлмөрөөр амьдрагчид, капитал эзэмшигчдийн хоорон дахь чинээлэг аж амьдралын ялгаа эрс ихсэх шалтгаан болж байна.
Энэ талаар бид дараагийн нийтлэлүүд тодорхой авч үзэх болно. Хамгийн гол асуудал бол давуу тал болон үнэ цэнэ нийт хүн амын хэдхэн хувь эзлэх хүмүүсийн гарт төвлөрч байгаад орших ба тэдгээрт тааламжтай нөхцлийг тоон технологид суурилсан давцан бүрдүүлснээр өргөн сонголттой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагч, худалдагчийг холбосон сүлжээ чухал үүрэг гүйцэтгэж байна.Энэхүү давуу тал нь ялангуяа хэрэглэгчдэд мэдээж сайнаар нөлөөлөх бөгөөд хэрэглээний өндөр үнэ цэнэ, тааламжтай байдал, өөрийн өртөг баг зэргээс харагдана. Гэвч уг төлөв байдал нь нийгэмд тодорхой эрсдэл дагуулах юм. Тэгвэл засаглал, үнэт баялаг хэдхэн хүмүүсийн гарт төвлөрөхийг саармагжуулахын тулд тоон тавцангийн давуу тал, эрсдэлийн хоорон дахь тэнцвэрийг хангах аргыг ил тод байдлыг хангах болон хамтын инновацийн боломж зэргийг ашигласнаар олох хэрэгтэй болно. Ингэснээр аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг нийгмийн бүх гишүүдэд шинэ боломж олгоход ашиглахын тулд улс төрийн сонголт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн төлөө ерөнхий үнэ цэнийн системийг буй болгохыг хангах ёстой болж байна.
Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь дөнгөж эхлэж байгааг өмнө дурьдсан бөгөөд түүний мөн чанарыг ойлгохын тулд дараагийн нийтлэлүүдэд дараах чиглэлүүдээр асуудлын шийдлийг өгүүлэх болно.Үүнд:
• Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг хөдөлгөгч хүчин зүйл
• Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын эрс өөрчлөлтийн мөчүүд
• Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын нөлөөлөл. (Эдийн засаг, бизнес, засаглал, нийгэм, хувь хүн)
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.