НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Монгол брэнд

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
6 сарын өмнө /2018-12-17 18:42:27 GMT +8 / | 1276 удаа уншсан

1.
Брэнд гэдэг үг Монголчуудын амьдралд гүнзгий орж ирж байна. Эхний үед гадаадын брэндүүдийг ярьдаг байв. Шүтдэг байв. Зарим нэг нь гадаадад л брэнд байдаг хэрэг гэж ойлготлоо гажуудаж байв. Гадаадын брэндийн төлөө амь наана, там цаана тэмцдэг бүлэг давхрага ч гарч ирэв. 1990-ээд онд гэртээ идэх хоолгүй шахуу байж гангачуул маань гадаад брэнд хөөцөлдөөд явдаг байлаа. 
2000-аад оны үед Жорж Сорос Монголд ирсэн. Түүнд зориулсан хүлээн авалтан дээр нь Соросын нэг ойрын хүн “Танай дарга нар бүгдээрээ 1000 түүнээс хамаагүй үнэтэй костюм өмсчихсөн байх юм. Тэгсэн хэрнээ Соросоос мөнгө нэхээд байх юм. Сорос нь тэгэхэд 600-700 долларын костюмтай байдаг” гэнэ лээ гэх онигоо байдаг.
Гадаадын брэнд өмсөлгүй яах вэ. Гэхдээ өвчин болгож болохгүй л дээ л гэж хэлэх гэсэн юм. Тэр тусмаа хувь тавилангаар биш хулгай хийж олсон мөнгөөр тансаглана гэдэг Бурхан бүү хэл чөтгөрт ч таалагдахгүй байх. Одоо Хятадын төрийн албаныхан, намын дарга нарын үр хүүхэд, эхнэр нөхөр брэнд гэж уралддаг байснаа больсон гэнэ лээ. Ийм л байна.

2.
“Сайн брэнд гэдэг бол дундаас дээдчүүдийн орлогыг урт хугацаанд хангадаг эд” гэж Филип Котлер (1931) хэлсэн буй. Котлер бол Ж.Л.Келлогийн нэрэмжит менежментий Их сургуулийн олон улсын маркетингийн профессор хүн. Үүнээс гадна тэрбээр Стокгольм, Цюрих, Афин, Москва, Краков зэрэг хотын томоохон Их дээд сургуулийн хүндэт доктор хүн юм билээ. “Marketing Insights from A to Z:80 Concepts Every Manager Needs to Know” гэдэг алдартай номыг бичсэн хүн гэнэ лээ. Молхи би монголчилбол “А-аас Я хүртэл маркетинг: Менежер хүн болгоны мэдэх 80 үзэл санаа” гэмээр юм уу. Уншигч Та ойлгож буй биз ээ.
Тэгэхээр улсын хөгжилд брэндийн хүчин зүйл ус агаар шиг хэрэгтэй ажээ.
Өнөөдөр Монголчуудын хувьд үндэсний брэнд гэдэг ойлголт чухлаар тавигдах болсон. Үндэсний хувцасны өдөр гэдэг сайхан арга хэмжээнээс эхлээд олон арга хэмжээ бий болсон. “Монголд үйлдвэрлэв”, “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гээд бидний уураг тархинд сайн дохио суусаар байна. Энэ бол эдийн засгийн амин чухал ойлголт болж байна. Том утгаараа импорт орлуулах, экспортыг нэмэгдүүлдэх, Монголын жаахан зах зээлээ өөрсөддөө шингээх гээд олон ач холбогдолтой. Бид Норвегийн загвараар хөгжье. Швейцари лүгээ байя. Сингапур шиг болъё. Шинэ Зеландын туршлага гээд их мөрөөдөж ярьдаг даа. Эд бүгдийн цаана брэнд байна аа. Барааны тэмдэг гэж нэг лут юм байна. Оросын бараа чанартай гэж эртхэндээ ярьдаг байв. “Сделано в СССР” гэдэг байв. Тэр ч одоо дурсамж болжээ. Монголд брэнд байсан уу? гэвэл байсан. Жишээ нь малчдын дунд Төв аймгийн памбагар цагаан гээд малчдын дунд алдар цууд гарсан эсгий гутал домог болон үлдсэн буй. Уг нь үүнийг орчин үеэжүүлээд үйлдвэрлэвэл хот хөдөөгүй өмсөх байх даа. Үрчин үежүүлээд, брэндлэг болгоод гэдэг утгаар нь.
Саяхан нэг Норвегийн тухай нэвтрүүлэг үзлээ. Тэд далайн гүнээс нефть олборлож байна. Ямар загсаар гэнэв дэлхийн талыг хангадаг юм байна. Тийм нэг зөвхөн Шведэд хийдэг бор бяслагаар алдартай гэнэ. Норвегид үйлдвэрлэсэн болгон, тарьж ургуулсан болгон, барьсан загас нь хүртэл бүх юм нь хамгийн мундаг гэж Швед хүн болгон ярих юм. Маш итгэлтэй ярих юм. Бүр сийхгүй туух юм. Энд л тэдний хөгжлийн нууц байна. 
Норвегийн үндэсний хувцасны нэг жижиг дэлгүүр байна. Дэлгүүр нь дотроо хувцасаа оёчихдог юм байна. Эмэгтэй, эрэгтэй үндэсний костюм хийдэг юм байна. Тэр нь ганцхан костюм биш дотуур цамц, гутал гээд тэнд ороод гарсан хүн шууд Норвеги хүн болоод гарах юм байна  л даа. Тэгж норвеги хүн болоход дундажаар 3200 доллар болж байх жишээтэй. Үндэсний брэнд ийм үнэтэй байна. Энэ бол дөнгөж багш болж байгаа норвеги залуугийн сарын цалин гэсэн үг. Тэгээд норвегиүд үндэсний хувцасаа бүгдээрээ онцгой баяраар өмсдөг гэнэ. Энэ дэлгүүр хувцас захиалгад эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай нэг костюм дахин давтагддаггүй гэнэ. Монголчууд ийм байж болох уу? Болно уг нь гарын доор ажил шүү дээ. Японууд кимоногоо урлаг болгосон.
Бид дээл хувцасаа урлаг болгож бас болно шүү дээ. Бид норвегиүд шиг Монголын ийм юм дэлхийн нэг номер гэж ярьж сурах юм сан. Тэр чинь л брэнд юм байна. Гадаадын юмыг шүтээд брэнд брэнд гээд гүйгээд байвал бид дотооддоо хэзээ ч брэндтэй болохгүй.
Норвеги бол эртхэндээ загас, фермерийн аж ахуйдаа дулдуйдсан, бөө мөргөл болсон ядуу орон байсан юм гэнэ лээ. 1909 онд нефть гааз нээж байгалийн баялгаа зөв ашиглаж улсаа хөгжүүлсэн. 5.2 сая хүн амтай энэ орон өнөөдөр олсон олзоо хавтгайруулан тараагаад, эсвэл идэж уугаад байддаггүй. Ирээдүйн иргэддээ хадгалдаг. Тэр сан нь 870 гаруй тэрбум долларын нөөцтэй. Ийм цөөхөн хүн амтай хэдий ч энэ нь Саудын Араб, Эмират, Оросын нөөцөөс их юм.
Гэтэл манай Монголбанкны валютын нөөц гурван тэрбум доллар гээд байгаа шүү дээ. Нэг үеэ бодоход овоо мөнгө шиг харагдавч Норвегийн дэргэд хэлээд юу гэх вэ.
Норвеги хүн өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ бараг шүтэх юм.
Норвеги хүн,
-Норвегийн үнээний сүү дэлхийн хамгийн амттай сүү гэнэ ээ. Гэтэл нэвтрүүлэг хөтөлж байгаа хүн,
- Финнүүд манай үнээний сүү хамгийн амттай гэж хэлэх юм гэхэд норвеги хүн,
- Үгүй дээ, тэд л тэгж бодож байгаа байхгүй юу. Түүнээс норвеги сүү нь хамаагүй илүү гэнэ ээ. Энд л үндэсний брэндийн нууц байна.

3.
Саяхан Эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн тогтолцоо, татварын зохицуулалт, хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэхээр Азийн хөгжлийн 85.6 сая ам.долларын санхүүжилттэй тус бүр хоёр зээл болон буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулав. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез нар гэрээнд гарын үсэг зурав. Гэтэл хатагтай Ёланда Фернандез гэрээ зурахдаа Монгол дээлтэй иржээ. Зохисон гэж ванлий. Үнэдсний брэндийг гадаад хүн харуулж байна. Монгол дээл дэлхийн хамгийн гоё дээл. Энэ бол үндэсний брэнд. Иймээс үндэсний брэндэндээ маш том ач холбогдол өгч байх нь чухал байна. Монгол үндэсний брэндийн өдөр, брэндийн сар, брэндийн жилтэй болъё. Жуулчны үеээ Үндэсний брэндтэйгээ уялдуулья.
Монгол хүн,
-Монгол үнээний сүү дэлхийн хамгийн амттай сүү гэнэ ээ. Гэтэл нэвтрүүлэг хөтөлж байгаа хүн,
-Орос, хятадууд манай үнээний сүү хамгийн амттай гэж хэлэх юм гэхэд Монгол хүн,
-Үгүй дээ, тэд л тэгж бодож байгаа байхгүй юу. Түүнээс Монгол сүү нь хамаагүй эко, илүү гэнэ ээ. Энд л үндэсний брэндийн нууц байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.