НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЛИБЕРАЛИЗМЫН ЭСРЭГ ДОРНОД ЕВРОП ДАХЬ ХУВЬСГАЛ

Г.Төртогтох     Нийтлэгч
1 сарын өмнө /2018-12-17 18:51:05 GMT +8 / | 298 удаа уншсан

Ардчиллын давалгаа болгоны дараа хариу сөрөг давалгаа гарч ирдэг байсан тухай Америкийн улс төр судлаач Сэмюэл Хантигтон бичиж байжээ. Дорнод Европт ийм үйл явдал эхлээд байна уу? Энэ талаар Софи хот дахь либераль стратегийн төвийн дарга, Вений хүмүүлэнгийн ухааны институтын шинжлэх ухааны байнгын ажилтан, нэрт эрдэмтэн Иван Крастев хэрхэн өгүүлж буйг дор толилуулья.

1991 онд хүйтэн дайнд ялсны болон дэлхийн өнцөг булан бүрт либерал ардчилал тархсаны баярыг барууныхан тэмдэглэж байх үед хэт их өөдрөг байх аюулын тухай улс төр судлаач Сэмюэл Хантигтон  сэрэмжлүүлж байв. "Ардчиллын гурав дахь давалгаа" өгүүлэлдээ тэрээр, ардчиллын урьд өмнөх хоёр давалгааны (1820-1920, мөн 1945-1960) дараагаар “хариу сөрөг давалгаа” бий болж, үр дүнд нь “ардчилсан системийн оронд авторитаризмын түүхэн шинэ хэлбэр" гарч ирсэнийг тэмдэглэжээ. Хэрэв шинэ авторитари гүрэн, ардчилсан биш хэлбэр амьдрах чадвартайг харуулж, эсвэл удаан хугацаанд ардчиллын гэрэлт цамхаг болж ирсэн АНУ, улс төрийн тогтонгишил, эдийн засгийн үр ашиггүй байдал, нийгмийн ХАОС-т  автсан "Гандан буурч буй гүрэн" болон хувирах үед сөрөг гурав дахь давалгаа мөн л боломжтой  хэмээн тэр анхааруулжээ.
Хантигтон 2008 онд өөд болсон. Гэвч тэр амьд байсан бол сүүлийн арван жилд ардчиллыг дөнгөж амсаж буй Бразил, Турк мэтийн орнуудад төдийгүй, үлгэр жишээ ардчилал бүхий барууны орнуудад ч либерал ардчилал өнөөдөр аюулд өртөөд байгааг хараад гайхах байсан бизээ. Гадаад бодлогын авантюризм болон дотоод улс төрийн хоёр тийшээ туйлсал АНУ-ын глобаль нөлөөлөл, нэр хүндэд ноцтой хохирол учруулж буй энэ үеэр Орост авторитаризм дахин сэргэж, Хятадад улам бэхжиж байна.
Магадгүй хамгийн түгшүүртэй нь Дорнод Европ дахь өөрчлөлт боллоо. Коммунизмын дараах ардчиллын үлгэр жишээ хоёр төлөөлөл болох Унгар ба Польшид консерватор-популистууд сонгуульд ялан засгийн эрхэнд гараад улс төрийн сөрөг хүчнийг шуламчлан /демонизация/ гутаах, цөөнхийг ялгаварлан гадуурхах, эрх мэдлийг харилцан тэнцвэржүүлэх системийг нураах замд оров. Бүс нутгийн бусад орон Чех ба Румын бас энэ замаар орж магадгүй байна. Шинэ популистуудын нэг Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 2014 онд либерализмын талаарх өөрийн байр суурийг илэрхийлж "ардчилал заавал либераль байх албагүй, либераль биш байлаа ч гэсэн ардчилал ардчиллаараа үлдэнэ" гэсэн юм. Глобаль өрсөлдөөний тухай ярихдаа тэрээр "Бид нийгэм байгуулах либераль арга, зарчмаас татгалзах ёстой" хэмээн тэмдэглэж байлаа. Орбан жижгэвтэр орныг удирддаг ч гэлээ глобаль хөдөлгөөний төлөөлөгч мөн. Ард түмний хүсэл зориг улс төрийн лигитимт байдлын үндсэн эх сурвалж болж байдаг баруунд, либерализмын эсрэг түүний загвар ойрын арван жилд либерализмын альтернатив болох бүрэн боломжтой. Яагаад ардчилал чухамхүү дорнод европт либерализмд нээлттэй дайн зарлав? Үүнд, тус бүс нутаг Оросын имперээс чөлөөлөгдсөн 1989 оны хувьсгалын онцлогтой холбоотой гэсэн хариулт өгөгдөнө. Урьд өмнөх хувьсгалуудаас ялгаатай нь 1989 онд үл гүйцэлдэх (утопи) үзэл санааны тухай биш, хэвийн амьдралын тухай яригдаж байлаа. Баруун европт хэдийнээ байгаа хэвийн амьдралыг хүмүүст авчирч өгөхийг хувьсгалчид хүссэн билээ. Берлиний хана нурсаны дараа, дорнод европын хамгийн боловсролтой, либераль үзэлтэй хэсэг нь  бүс нутагт ардчилсан өөрчилөлт болон адилслын /идетичность/ хямралыг өдөөгөөд, хамгийн түрүүнд өөрийн орныг орхисон  билээ.  Либераль ардчиллын талынхан баруун руу цагаачлан гарсан болохоор дорнод европт либерализмын нүүр царай нь олон улсын тоглогчид-Европын Холбоо /ЕХ /, АНУ болсон бөгөөд энэ үеэр бас тэдний нөлөө буурч эхэлсэн юм. Үүний үр дүнд, бүс нутагт үндэсэрхэг үзэл, либерализмтай тэмцэх хөрс суурь бүрэлджээ. 

АРД ТҮМНИЙ ЗАСАГ
Дорнод Европт популизм өндийсөн шалтгааныг олонх нь тайлбарлаж үл чадна. 2015 онд популист "Эрх ба шударга ёс" (Право и справедливость) /ПиС/ нам Польшийн парламентэд олонхи болсны дараа, тус оронд либерализмын бурхан хөрөг гэгддэг  Адам Михник "Үзэсгэлэнтэй хүүхэн заримдаа ухаанаа гээж, хөгийн амьтаны өвөрт орох нь бий" гэж дуу алдсан билээ. Гэхдээ популистуудын ялалт гайхал төрүүлсэн ганц удаагийн тохиолдол биш, харин ухамсартай, давтагдаж буй сонголт юм. Унгарт баруун популист нам Фидес хоёр удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж, санал асуулгаар ПиС нам өөрийн эсрэг талаас одоо ч итгэлтэйгээр түрүүлж байна. Дорнод Европ үнэхээр хөгийн амьтантай гэрлэхээр шулуудсан мэт.
Популистуудын зарим нэг амжилтыг эдийн засаг асуудалтай байгаагаар тайлбарлаж болох юм. 2000 онд Унгарын эдийн засаг 6.6 хувиар буурсны дараа 2010 онд Орбан сонгогдсон. Гэхдээ, европт ажилгүйдлийн түвшингээр хамгийн бага Чех-д парламентийн өнгөрсөн оны сонгуулиар популист намын төлөө яагаад санал өгөцгөөсөн, эдийн засаг нь нэн тааламжтай байгаа Словакид үл тэвчих үзэл яагаад нэмэгдэж байгааг дээрхтэй адил шалтгаанаар тайлбарлах аргагүй. Польш бол хамгийн төвөгтэй тохиолдол. Тус орны эдийн засаг 2007-2017 онд европт хамгийн хурдан өсөлттэй байсан. Нийгмийн дайчилгааны үзүүлэлт сүүлийн жилүүдэд  бас сайжирсан. Полякуудын улс төрийн сэтгэл санааны байдал коммунизмын дараах шилжилтийн үр дүнд хувьдаа олж авсан амьдралын сайн сайхнаас хараат бус болохыг социологч Мацея Гдулын судалгаа харуулж байна. Өөрийн амьдралд сэтгэл ханамжтай, улс орны хөгжил цэцэглэлээр бахархагчид эрх баригч намд санал өгөгчдийн хүрээлэлд багтдаг юм. Дорнод Европ дахь популист эргэлтийн нарийн ширийн зүйл нь популист тодорхой улс төрч ба засгийн газрын нарийн ширийнтэй адилхан юм. Унгарт, Фидес нам тоглоомын дүрмийг дахин бичихийн тулд үндсэн хуулийн олонхийг ашигласан: сонгуулийн системийн өөрчлөлт нь өөрийн "харьцангуй олонхийг хэт олонх" болгон хувиргахад Орбанд тусалсан хэмээн социологч Ким Лайн бичжээ. 
Авлигал нэмэгдэж байна. Фидесийн системийн тухай, "Улс орны орчин үеийн удирдлага нь гэм буруугүйг мөрдөн мөшгих биш буруутайг нь хамгаалахад оршино" хэмээн нэгэн нэргүй эх сурвалж хэлснийг нийтлэлч Дэвид Фрам өгүүлэлдээ иш татсан байна. Польшийн засгийн газар бас л  үндсэн хуулийн шүүхтэй холбоотой өөрчилөлтийн тусламжтайгаар, эрх мэдлийн тэнцвэр хадгалах системийг нураахаар эрмэлзэж байгаа юм. Гэхдээ, Унгарын засгийн газраас ялгаатай нь энд авлигалын тухай яригдахгүй. Польшийн засгийн газрын бодлого ард түмнийг ёс суртахуунаар дахин хүмүүжүүлэхэд төвлөрч, эдийн засагт болон дундаж анги төрүүлэхэд бага анхаардаг ажээ. Чехд ерөнхий сайд Андрей Бабиш улс орныг компани шигээ удирдахаа амлан өнгөрсөн сонгуульд намаа ялуулсан байна.
Гэвч энэ бүх ялгааны цаана уран гоё үгсийн ерөнхий төрх нуугдаж байгаа юм. Дорнод Европт үндэсэрхэг үзэл, харийнхныг үзэн ядах шинж агуулсан, либерализмын эсрэг шинэ зөвшилцөл бүрдэж байгаа бөгөөд гайхмаар нь коммунизм нурсны дараа насанд хүрсэн залуу хүмүүс үүнийг  нь  дэмжиж байна. 1990-ээд онд давамгайлж байсан либералиуд, одоо үндэстний, шашны, бэлэгийн цөөнхийн эрхийн төлөө санаа зовох болжээ. Учир нь өнөөгийн зөвшилцөл нь олонхийн эрхэнд  хамаатай  билээ.
Консерватор-популистууд засгийн эрхэнд гараад соёлын болон улс төрийн туйлслыг гүнзгийрүүлэхийн тулд шинэ боломжийг ашиглаж байна. Ингэхдээ тэд Америкийн түүхч Ричард Хофстедтерийн илэрхийлснээр удирдлагын "хардлага сэрдэлтийн хэв маягийг" номлож байна. Энэ хэв маяг нууц ажиллагааны онолыг (конспирология) дэлгэрүүлэхэд дэмжлэг болдог аж. Тиймээ, ПиС-ийн олон сонгогчид, тус намын даргын ах ерөнхийлөгч асан Лех Качиньскийн онгоцны сүйрлийг урьдаас төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байдаг. Харин Унгар гаралтай тэрбумтан Жорж Соросын дэмжлэгтэйгээр Брюсель цагаагчдыг Унгарт оруулахаар зэхэж байна гэсэн Фидесийн нотолгоонд хардалт сэрдэлт  нэвт шингэжээ.
Дорнод Европын популистууд өөрсдийгөө дотоодын болон гадаадын дайснуудын эсрэг боссон үндэстэнийхээ жинхэнэ дуу хоолой гэж үзэж, улс төрийн нэгэн адил арга барил ашиглаж байна. Фидес ба ПиС өөрсдийгөө бүх Унгар бүх Польшийн буюу жинхэнэ Унгарууд, жинхэнэ Полякуудын төлөөлөл гэж нотолдог билээ. Популистуудын өөр нэг нийтлэг шинж нь Европын Холбоонд хоёрдмол байдлаар ханддаг явдал мөн. Евроброметрийн баримтаар бол Дорнод Европчуудын ЕХ-г дэмжих үзүүлэлт хамгийн өндөр, тэгсэн хэрнээ тэд Европын Холбоонд үл итгэгч засгийн газруудын төлөө саналаа өгдөг аж. Энэ засгийн газрууд Брюселийг зөвхөн уран гоё үгийн бай болгон ашиглах авч, түүний санхүүгийн тусламжаас татгалздаггүй билээ. 2006 -2015 онд Унгарын эдийн засаг 4.6 хувь болж өссөн бөгөөд хэрэв ЕХ-ны мөнгө байгаагүй бол энэ нь 1.8 хувь болтол буурах байв.  Польш нь эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг хандивлагч, Европын  Бүтээн Босголт ба Хөрөнгө Оруулалтын сангаас томоохон хүртэгч билээ. Тус тивд либерализмын эсрэг популизмыг дэмжих явдал нилээд олон жилийн турш нэмэгдэж байгаа учир  түүний үнэмшмээргүй, сэтгэл татах увидсыг ойлгохын тулд коммунизмын сүйрлийн дараах тус бүс нутгийн түүхийг дахин тунгаан эрэгцүүлэх шаардлагатай. 1989 оны хувьсгалын өв, бас АНУ-ын засаглал унахын үр дагавар, ЕХ-ын хямрал зэрэг нь популизмын өнөөгийн тэсрэлтэнд хүргэсэн билээ.

ЭРХ ЧӨЛӨӨ, АХАН ДҮҮС, ХЭВИЙН АМЬДРАЛ
Дорнод Европт популизм энэ зууны эхний арван жилээс өндийж ирсэн бол дүрвэгсэдтэй холбоотой 2015-2016 оны хямрал түүнийг улс төрийн давамгайлагч хүч болгон хувиргав. Дорнод Европчуудын олонхи нь дүрвэгсэд ба цагаачдад болгоомжлон  хандаж байгааг судалгаа харуулж байна. Цагаачлалын хямралын үеэр, европ руу тэмүүлэх дүрвэгсэд Дорнод Европын орнуудыг хүн ам зүйн сандралд оруулав. Хүмүүс, тэдний үндэсний соёл устахын даваан ирээд байна гэж бодох боллоо. Тус бүс нутаг өнөөдөр, насжиж буй, үндэстэний хувьд нэг төрөл, багахан шиг  нийгмээс бүрдэж байна. Жишээ нь Польшийн хүн амын дөнгөж 1.6 хувь нь хилийн чанадад төрсөн, зөвхөн 0.1 хувь нь мусульман юм. Хэрэг дээрээ Баруун болон Дорнод Европын хоорондын гол ялгаа нь сайн сайхан аж амьдралд биш, харин соёлын болон үндэстэний олон янз байдалд байгаа юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь ойролцоо, нэгэн цагт Габсбургийн имперт цуг харьяалагдаж байсан хөрш хоёр улс, Австри ба Унгарыг аваад үзье. 
Унгарт гадаадын иргэн, хүн амын хоёроос бага хувь бол Австрид 15 хувийг эзэлнэ. Унгарт оршин суугчдын дөнгөж 6 хувь нь улс орныхоо гадна төрсөн бөгөөд тэд нь үндсэндээ Румынээс цагаачилж ирсэн унгар гаралтнууд юм. Энэ үзүүлэлт Австрид  16 хувь байна. Соёлын болон үндэс язгуурын олон янз байдал оршихуйд нь аюул учруулж буй мэтээр дорнод европчуудын улс төрийн ухамсарт тусаж, харин энэ аюулын эсрэг үйлдэл нь либерализмын эсрэг шинэ үзэл мэт санагдаж байгаа юм. Дорнод Европчууд шинэ глобаль хувьсгалын босгон дээр ирээд  байгаагаа гэнэт ойлгож эхэллээ.  Энэ нь массын болон ирээдүйд хандсан үзэл санааны хувьсгал биш, харин хилийн нөгөө талд буй бодит амьдралын төсөөлөлөөр өдөөгдсөн цагаачдын хувьсгал байх болно.
Глобализм дэлхийг тосгон болгож хувиргаад зогсохгүй түүний глобаль харьцуулалтын агуулагыг ч хөндөв. Өнөөдөр манай гаригийн өнцөг булан дахь нэн ядуу хэсэг,  өөрсдийн амьдралыг хөршийнхтэйгээ  харьцуулах нь маш ховор, харин  харилцаа холбооны технологи дэлгэрсний ачаар хэн болгон сайн сайхан аж амьдралын нь харж чадах болсон дэлхийн хамгийн хөгжиж, цэцэглэсэн оронтой харьцуулах нь их болжээ. Францын либераль философч Раймон Арон бүр 50 жилийн өмнө” хүн төрөлхтөн адилсал руу явж байна. Өнгөрсөн үед ангиудын тэгш бус байдал байсан бол одоо хүмүүс хоорондын тэгш бус байдал чухал ач холбогдолтой болов" гэж бичсэн нь зөв байж. Хэрэв Африкийн ядуу иргэн өөрийн хүүхэддээ эдийн засгийн таатай амьдрал хүсвэл тэд баян орнууд Дани, Герман, Шведэд, бүр дордоо л Чех юм уу Польшид төрөх хэрэгтэй. Өөрчлөлтөнд хүрэхийн тулд засгийн газраа биш, эх орноо солих хэрэгтэй болжээ. Дорнод Европчууд иймэрхүү хувьсгалын аюулыг мэдэрцгээж байна. 
Хошигнолтой нь гэвэл, Дорнод Европчууд өнөөдөр үй олон цагаачдаас сандран айж байна. Гэвч нэгэн цагт, 1989 оны хувьсгалын хурдасгуур нь бас л эх орноо орхих хүсэл байсан бөгөөд   санал өгөх бодитой эрх олж авах явдал биш байсныг мартжээ. Берлины ханыг нураасны дараа хуучин коммунист бүлгийн орнуудад олон хүн, ардчилсан өөрчлөлтөд оролцолгүй баруун руу явах мөртлөө, өөрчлөл шинэчлэл хүсч буйгаа илэрхийлж байлаа. Дорнод Европчууд 1989 онд төгс сайн ертөнцийг мөрөөдөөгүй, харин хэвийн улс оронд, хэвийн амьдралыг л хүсэж байсан юм. Туршилт хориотой байв. 1990 онд Чехийн сангийн сайд Вацлав Клаус (хожим нь ерөнхий сайд, дараа нь ерөнхийлөгч болсон) капитализм ба социализмын хоорондын алтан дундажийн тухай ярьж "Гурав дахь зам-бол гурав дахь ертөнцөд хүрэх хамгийн дөт зам" гэж мэдэгдэж байв. Европын нэгдэл нь Германы нэгдэл шиг явагдана гэж Дорнод Европчууд мөрөөдөж байсан юм. 1990-ээд оны эхээр олон Чех, Польш, Унгарчууд, хоромхон зуур Герман паспорт авч, дойч марк зарцуулж чадах болсон зүүн Германыханд атаархаж байлаа.
Хувьсгал, яг л зүй ёсоор, хүн ам зүйн ноцтой донсолгоо бий болгов. Францын хувьсгалын дараа түүний эсрэг талынхан олноороо улс орноосоо зугтсан. Орост, большевикууд засгийн эрх авах үед сая сая хүмүүс эх орноо орхисон. Гэхдээ энэ тохиолдолд, өөрийн ирээдүйг зөвхөн хилийн чанадад гэж харсан, ялагдагсад ба хувьсгалыг эсэргүүцэгчдийн тухай яригдана. 1989 оны хувьсгалын дараа бол баруунд амьдрахыг хүсэгчид, өөрийн орондоо өөрчлөлт ирэхийг хүлээгсэд түрүүлж эх орноо орхисон юм. 1989 оны хувьсгал Дорнод Европын шинэ улсуудад хүн ам хорогдох явцыг түргэсгэж, сөрөг үр дагавар авчирчээ.1989-2017 онд Латви хүн амынхаа 27 хувь, Литва  23 хувь, Болгарь 21 хувийг алдаж, Унгарын хүн ам сүүлийн 10 жилд 3 хувиар хорогдов. 2016 оны байдлаар сая орчим Полякууд Их Британид амьдарч байна. Хөгширч буй хүн амтай, төрөлт багатай орнуудад залуучуудын цагаачлал ихэсэв. Энэ бүхэн хүн ам зүйн сандралын шалтгаан болж байгаа юм. Иймээс Дорнод Европ дахь популизмын өсөлтийг нэг талаас өөрсдийн нь цагаачлал, нөгөө талаас дүрвэгсэдийн урсгалаас үүдсэн айдасаар тайлбарлаж болно.
Сүүлийн жилүүдэд Дорнод Европчуудад өөрийгөө илэрхийлэх шаардлага бий болов. Тэд Брюселийн тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхээс залхаж эхэллээ. 1990-ээд онуудад Дорнод Европын улс төрчид, НАТО-д, Европын Холбоонд элсэх туйлын эрмэлзэлтэй байсан бол тэд одоо зүгээр л  европын клубын бүрэн эрхт гишүүн байхыг хүсч байна. Тэдний дотоод хэрэгт Брюсель оролцож байгааг эхлээд олон хүн сайн санааны үүднээс хийж буй зүйл гэж бодож байв. Гэвч цаг хугацаа явахын хирээр энэ нь үндэсний тусгаар байдалд халдсан, доромжлол  мэт үзэгдэх болжээ.

ГЕОПОЛИТИК ЭРГЭН ИРЭВ
Дорнод Европ дахь глобализмын эсрэг эргэлтийн сүүлчийн хэсэг нь тус бүс нутгийг ямагт түгшээж байсан геополитикийн хамгаалалтгүй байдал  гүнзгийрч буй явдал мөн. 1946 онд Унгарын оюунлаг хүн Иштван Бибо "Дорнод Европын жижиг орнуудын азгүйдэл" нэртэй мэтгэл зохиолдоо, бүс нутаг дахь ардчилал нь гадаад гүрнүүдийн давамгайлалаас болж ямагт түүхийн гэмтэл согогийн барьцаа болж үлддэг гэж бичжээ. Жишээ нь 18-р зууны сүүлээр, Австри, Прусс, Орос  гурав хэсэглэн хуваасны дараа Польш тусгаар тогтносон улсын хувьд оршин тогтнохоо больсон юм. 1849 онд  Үндэсний хувьсгал  нь  дарагдаж, Трианоны хэлэлцээрээр Унгар газар нутгийнхаа гурваны хоёрыг, хүн амынхаа тал хувийг алдсан билээ.
Түүхийн энэ хүнд шарх, дорнод европчуудыг гадны гүрнүүдээс болгоомжлох, үзэн ядахыг шаардаад зогсохгүй, Бибогийн үзэж байгаагаар  “эрх чөлөөний хөдөлгөөн тэдний үндэсний үзэл санаанд аюул” учруулдаг аж. Тэд аливаа космополитик үзэлд, тэр нь католик шашны универсализм ч, хожимын Габсбургийн империйн либерализм ч эсвэл марксист интернационализм ч бай, сэжиглэн хандахад суралцсан юм. Чехийн зохиолч тэрс үзэлтэн Милан Кундер жижиг орны тухай тодорхойлолтдоо энэ хамгаалалтгүйн мэдрэмжийг тэмдэглэж ийм орнуудын хувьд "оршин тогтнох нь ямар ч агшинд асуудалд орж болзошгүй" гэжээ. 1989 оны хувьсгалын хүн ам зүйнхээс дутуугүй нэг сөрөг үр дагавар нь либераль ардчиллыг хамгаалах ёстой байсан иргэдээс салсан явдал юм. Иймээс либераль ардчиллын гол тулгуур нь энд гадаадын, өөрөөр хэлбэл ЕХ, АНУ-ын дэмжлэг болсныг дээр дурьдсан. Либераль ардчилагчдыг нэгтгэхэд ЕХ, АНУ-ын голлох үүрэг нь тэдгээрийн давамгайлал эргэлзээнд орох хүртэл ардчилал аюулгүй байх баталгаа болж байна. Гэвч сүүлийн арван жилд геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөв. Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа холбоотнуудынхаа өмнө Вашингтоны авсан үүрэгт ноцтой асуудал үүслээ. Энэ үеэр Европт өрийн хямрал гүнзгийрч, дараа нь дүрвэгсэдийн давалгаа нөмрөв. Брексит, ЕХ-ны ирээдүйг асуудалтай болголоо. Дээр нь бас Владимир Путины авторитари удирдлагын дор Орос өөрийн байр суурийг бэхжүүлж, Украйны дорнод хэсэгт салан тусгаарлагчдыг дэмжин, 2014 онд Крымыг эзлэн авлаа.
Ардчилсан бус хүчирхэг Орос, Дорнод Европын ардчиллын хувьд ноцтой асуудал үүсгэнэ гэж Хантингтон 1991 онд урьдчилан сануулж байсан нь хэрэгжиж, Путины Оросын сэргэлт тэдний ардчиллыг барин тавин нурааж байна гэлцэх болов. Орбан мэтийн либерализмд цатгалдсан Дорнод Европын лидерүүдийн хувьд Путины авторитари удирдлага, барууны эсрэг үзэл суртал нь тэдний даган дууурайх үлгэр жишээ болж байна. Олон Польшуудын тухайд Оросын аюул эргэж ирсэн явдал үндэстэнээ хамгаалах чадвартай болж харагдах гэсэн либерализмын эсрэг засгийн газарт өөртөө ашиглах бас нэг баримт болж байна. Бүхэлдээ геополитикийн хамгаалалтгүй байдал тус нутагт дахин бий болсон нь либераль ардчиллын  сонирхол татах байдал алдагдахад хүргэж байна.

ЛИБЕРАЛИЗМЫН ЭСРЭГ ЕВРОП ГЭЖ  УУ?
Дорнод Европ дахь популизм нь саяхны үзэгдэл, гэвч тэр улс төрийн гүн үндэстэй. Иймээс хурдан үгүй болох нь юу л бол. Орбаны “либерализмын эсрэг ардчилалын” хамгийн түгшүүртэй нь “түүний төгсгөлийг урьдчилан  хэлэх боломжгүй” юм гэж Унгар гаралтай Австрийн сэтгүүлч Пауль Лендван хэлж байна. Хантингтон бүр 20-иод жилийн өмнө анхааруулж байсан либерализмын эсрэг ардчилал авторитаризмын шинэ хэлбэр болж хувирав.
Шинэ популистууд бол фашистууд биш. Тэд хүчирхийлэл өөрчлөн байгуулах нөлөөтэй гэдэгт итгэдэггүй, харгислалын арга хэрэглэдэггүй. Гэвч тэд эрх мэдлийн тэнцвэр хадгалах либераль системийг үгүйсгэдэг, ЕХ-ны хууль дүрмийн үндэс болсон олонхийн засаглалд үндсэн хуулиар хязгаарлал тавихыг чухал гэж хардаггүй юм. Дорнод Европ дахь популизм, ардчилал оршин тогтноход аюул учруулахгүй, гагцхүү европын эв нэгдэлд аюултай. Либерализмын эсрэг хичнээн олон орон явна, төчнөөн олноор тэд Брюсельтэй зөрчилдөх бөгөөд шүүхийн өөрчлөлтийн тухайд Польшийн хийсэн шиг, Брюселийн засаглалын хэмжээ хязгаарыг тодотгох болно. Үр дүнд нь ЕХ-нд задрал явагдаж магадгүй бөгөөд тэгвэл Европ саланги тасархай эрх чөлөөгүй тив болж хувирах билээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.