НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 3.47 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРЧ ӨСЖЭЭ

ner.mn     Нийтлэгч
14 өдрийн өмнө /2019-01-02 21:16:09 GMT +8 / | 163 удаа уншсан

Гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын байдлаар гурван тэрбум 477 сая ам.доллар хүрсэн гэж Төв банк мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 52 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Монголбанк гадаад валютын албан нөөцийн хэмжээ зургаан жилийн дээд түвшинд хүрсэн гэж онцолж байгаа юм. 11 дүгээр сард Монголбанк 248.3 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. 2018 онд нийт нэг тэрбум 262 сая ам.долларын интервенц хийгээд байна. 2018 онд орж ирсэн орох урсгалыг дурдвал Олон Улсын Валютын Сангийн тогтмол санхүүжилтээс гадна Хөгжлийн банк аравдугаар сард олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгосон юм. Энэ нь гадаад валютын албан нөөцийн хэмжээ өсөхөд эергээр нөлөөлсөн байна.

Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 оны эхний 10 сарын байдлаар 1.4 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдий тийм боловч 2018 онд Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд донор орнуудын амласан 850 сая ам.долларын санхүүжилтээс 300 сая ам.доллар орж ирсэн юм. Тиймээс 2019 онд Олон Улсын Валютын Сангийн санхүүжилтээс гадна Дэлхийн банк, Япон улсын Засгийн газрын санхүүжилтүүд орж ирэх хүлээлттэй байна.

Монголбанк 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ Гадаад валютын албан нөөцийг дунд хугацаанд 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж онцолж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.