НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

П.Даш: Монгол хүнд даруулга хэрэгтэй

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
4 сарын өмнө /2019-01-02 22:04:48 GMT +8 / | 3892 удаа уншсан

 

Манай өнөөдрийн “VIPersion” булангийн зочноор ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, хошууч Генерал, цэргийн ухааны доктор, профессор Пүрэвийн Даш уригдсан юм. Доктор, профессор П.Даштай бидний яриа хойд урд хөршийн яриагаар эхэлсэн билээ.

-Та олон жил хил хамгаалах байгууллагын удирдлагад байсан хүн. Таньтай ярилцахад өөрийн эрхгүй урд хойд хөршийн талаар асуумаар санагдах юм. 
-Аа тэгж байна уу? (инээв.)
-Нүдэн дээр улс орон яаж хөгждөгийг бид харлаа. БНХАУ-ын хөгжил дэвшил бидний нүдэн дээр гайхуулж байна. Та үүнийг юу гэж дүгнэдэг вэ?
-Дэн Сояпины өөрчлөлтийн үндэс тухайн хүнээр юу сайн хийж чаддаг вэ, тэрийг нь л хийлгэсэн явдал юм. Тэр эдийн засгаа либералчилж, улс төрийн тогтолцоогоо хэвээр авч үлдсэн. Эрдэмтэдээ дэмжиж, шинжлэх ухаан дээр тулгуурласан удирдлага явуулсан. Маог муу хэлж өөрийгөө дөвийлгөөгүй, харин түүний гаргасан алдааг залруулсан. Маогийн гараар 70 сая хүн хэлмэгдсэн гэж ярьдаг.  Урд хойдохыг нь дурсалгүй зөвхөн “Соёлын хувьсгал”-ын үеийг санахад л барууны талыг баримтлагч, тэрс үзэлтэн, эсэргүү этгээд гэсэн нэр хаяг зүүж сэхээтнүүд, эрдэмтэд тэдний үр хүүхдүүдийг хоморголон хэлмэгдүүлж хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гээд хэдэн сая хүнийг хөдөө тосгонд хөөсөн байгаа юм. Энэ кампанит ажлын үеэр хөдөлмөрийн лагерьт эрдэмтэд, сэхээтнүүд, дарга сайд нарын хүүхдүүд Маогийн бурангуй үйл ажиллагааг үнэлж дүгнэж чадах хүн бүхнийг хөдөө тосгонд цөлсөн юм билээ шүү дээ. Сэхээтний төөрөгдөл гээд сэхээтнүүдийг барьж хорьж хэлмэгдүүлсэн. Хүүхэд залуучуудын дураар аашлах боломжийг бүрэн хангаж түүх соёлоо хайр найргүй устгасан юм билээ. “Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно“ гэсэн утгатай үгийг Мао хэлсэн байдаг. Тэгэхээр буруу замаар будаа тээвэл ямар ч потенцальтай ард түмнийг юунд ч хүргэж болохын нэг жишээ энэ. Үүнийг Дэн Сояпин зогсоож, улс орныг шинжлэх ухаанч байдлаар өөрчилж чадсанаар өнөөгийн амжилтанд хүрэх үндэсийг тавьсан гэж үздэг юм билээ.
-БНХАУ-д болсон “Соёлын хувьсгал”-аар (1966-1976) танай манай гэлтгүй дахин хүмүүжүүлэхээр  явуулж байсан гэдэг. Одоогийн Си Зиньпин дарга 1969 онд 16 настай тосгонд нүхэн гэр гэдэг агуй шиг юманд амьдраад, тоосгон дээр унтаж долоон жилийг үдсэн гэдэг. Гэтэл аав нь Төрийн Зөвлөлийн орлогч дарга байгаад бууж хорионд байсан хүн байдаг. Мао Зэдуны ойрын хүрээний хүн байсан гэдэг юм билээ. Одоогийн Ерөнхий сайд Ли Кецян ч бас хөдөө тосгонд туугдаж байсан гэсэн. Ли орон нутгийн бас нөлөөтэй түшмэлийн хүү байсан. Ингээд Хятадад 1950-аад оноос хойхно төрсөн хүүхдүүд “соёлын хувьсгал”-д ширвэгдсэн юм билээ.
-Ийм олон түүхийн нугачааг туулсан эдийн засаг нь унаж, өлсгөлөн нүүрлэсэн улс оронг Дэн Сояпин ба түүний команд хүлээн авсан. Тэгээд дээрх мэтчилэн хичнээн сая хүүхэд, залуучуудыг цөмийг нь хотод оруулья. Гэр оронд нь буцааж авчирья гэсэн юм билээ. Тэгээд: “Та нар юу хийж чаддаг болсон юм. Юу сайн хийж сурсан юм.Тэрийгээ л хий” гэсэн гэдэг. Тэр олон юм үзэж, нүд тайлж, хатуу бэрхийг туулсан хүүхэд залуучууд хамгийн сайн чаддаг юмаа хийж, хятад зах зээлийн эдийн засагт орж. Тэр хөдөлмөрийн лагерьт байсан хүүхдүүд чинь амьдралын маш их дадлага туршлагатай болж ирсэн байгаа шүү дээ. Аливаа юмны давуу талыг олж харвал улс орон хөгжих үндэс болно. Сул талыг нь хөхүүлэн дэмжвэл улс орон сүйрнэ гэдгийн ойрын жишээ энэ. Соёлын хувьсгалын үед улаан хамгаалагч хэмээн нэрлэгдсэн хятад залуучууд эцэг эхээ барьж өгөх хэмжээнд улс төржиж улангассан шүү дээ. Тэгэхээр нийгмийн аливаа туйлшрал нөхөж барамгүй муу үр дүнг авчирдаг. Энийг бид санаж, сургамж авч байх ёстой.
-Бас дээр нь мэдлэг боловсролтой, сэхээтэн чанартай хүүхэд залуучууд байгаа даа.
-Тэр мэдээж хэрэг. Мао шиг нэг хүний гараар 70 сая хүн хэлмэгдсэн явдал дэлхийд байхгүй л дээ. Хэлмэгдсэн гэж амь насаа алдсан хүмүүсийг хэлээд байгаа юм шүү дээ. Коммунист хувьсгал, дайн байлдаан, 1957 онд “Зуун цэцэг” дэлгэрэг кампанит ажлаар 500 мянга гаруй сэхээтнээ хэлмэгдүүлсэн. Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал гээд хэлмэгдүүлэлт үргэлжлэн явсан улс орон. 25 сая хүн дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдсэн байхад эрх баригчийн буруу бодлогын үр дүнд 70 сая хүн амь насаа алдана гэдэг ямар аймшигтай вэ? бодоод үздээ. Зөвхөн Их үсрэлтийн бодлогын (1959-1961) үр дүнд 30 сая орчим хүн өлбөрч үрэгдсэн гэдэг. Заримыг нь хувьсгалын эсэргүү, ардын дайсан гэсэн нэр хаяг зүүж буудсан. Хятадын бодлого их сонин. Мао ийм их ялт ажиллагаа явуулсан байхад БНХАУ-ыг байгуулсан, тусгаар тогтнуулсан гэдгээр одоо ч нэр хүндтэй хэвээр байсаар байна. Шинэ бодлого гараад л одоо л нэг Маогоо баллах нь дээ гэтэл энэ алдааг ганц Маод тохож болохгүй, хамран зүтгэгчид нь бүгд хамтдаа энэ алдааг гаргасан, Маогийн өтөл насандаа гаргасан жаахан алдаагаар түүний байгуулсан асар их гавъяаг дарж болохгүй гээд л өнгөрсөн. Үүний цаана нийгмийн тогтвортой байдлыг хадгалах нь улс орны хөгжил, амьдралд нэн чухал гэсэн санаа явж байгаа болов уу. Манайхан чинь одоо ч нэгэнт өнгөрсөн урдахь хойдохдоо хэт ач холбогдол өгөөд л одоо хүртэл талцаж хэрэлдээд л байна. Өмнөх түүхээсээ сургамж авдаг болохоос түүнийг өнөөдөр шүүх гэж тэмцэлдээд байж болохгүй биз дээ. 
-Магадгүй нийгмийг тайвшруулах, талцаж тэмцэлдэхгүй байх үүднээс Маогийн тэр алдааг нь хувилж дэнсэлдэг юм билээ. Тэдэн хувийн алдаатай, тэдэн хувийн оноотой гэж. Оноо 70 хувь, алдаа 30 хувь гэж. Ер нь л хийсэн гавъяа нь үйлдсэн алдаанаас нь хувь илүү гэж үзэж нийгмийн тогвортой байдлыг барьж байх шиг.
-Тэгээд ч Дэн Сояпины үг бий шүү дээ. “Муур хулгана барьж идэж чадаж л байвал ямар өнгөтэй байх нь хамаагүй” гэсэн утга бүхий. Энэ нь өнгөрсөн санамж дээр тулгуурласан улс төрийн тогтолцоог хамаагүй либералчилж болдоггүй юм байна гэсэн санаа болов уу.
-1919 онд Дэн Сояпин 15 настай Францад сурч ажиллахаар явсан хүн. Тэнд зургаан жил гаруй ажил хийхдээ капитализмын аж ахуйг сайн мэдэж ойлгосон байх. Тэрбээр “Рено” машины алдарт үйлдвэрт ажилахаас эхлээд зөөгч, гал сөнөөгч, уурхайчин, хэвлэлийн үйлдвэрийн хэвлэгч гээд хийгээгүй ажилгүй юм билээ.
-Энэ чинь Дэн Сояпин капитализмыг дотроос нь мэдчихсэн хүн. Юу хийхээ мэдчихсэн хүн гэсэн үг.
-Горбачёв юу хийхээ мэдэхгүй өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээг эхлүүлсэн бол Дэн Сояпин юу хийхээ мэдэж эхлүүлсэн гэж судлаачид ярьдаг шүү дээ.
-Юмыг өөрчилж болно. Гэхдээ юуг яаж өөрчлөхөө урьдчилан харж, мэдэж өөрчилбөл реформ болдог гэдгийг энэ жишээ харуулж байна.Тэр 1985, 1986 оны үед Горбачёвын тархийг Канадад Зөвлөлтийн элчингээр ажиллаж байсан А.Яковлев угаасан гэж ярьдаг. Тэрбээр ЗХУКН-ын Төв Хороонд томоохон ажил хийж байгаад 1972 онд шүүмжлэлд автаж Канад руу элчингээр томилогдсон хүн. Тэнд 10 жил болоод Горбачёв 1985 онд Төв Хороонд дэвшүүлсэн хүн. Горбачёвийн реформ Барууны загсварыг толгой алдан дагасан хүн. Өөрийн орны онцлог байдалд тохируулаагүй гэж үздэг юм билээ. Тэгэхэд Хятад “өөрийн төрхтэй социализм” байгуулна гэж одоо ч ярьж байна. Тэгэхээр хийх гэж байгаа реформоо мэдэж байж, ард түмнийхээ байр байдалд тохируулж хийнэ гэдэг чухал. Ил тод байдал, өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ гээд Горбачёв явсан нь лоозон болж үлдээд Зөвлөлт гүрэн салж бутраад дууссан. Өнөөгийн манай хямрал ч энэ бодлогын үр дүн хөвөрч байх шиг байна.
-Зах зээлийн эдийн засаг руу шилжих нь ЗХУ, БНХАУ-ын хувьд гарцаагүй алхам байсан байх. Гэхдээ нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнээгүйгээс хоёр өөр үр дүн гарчээ гэж үзэж болох уу? 30 сая орос хүнээ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудад болон Баруун, АНУ-д алдлаа шүү дээ. Сэхээтэн хүмүүс нь гарч одсон.
-Тийм. Манай монголчуудын чадалтай, өөдтэй залуучууд гадаадад хэдэн зуун мянгаараа гарсан шүү дээ. Барууныхан жижиг буурай орныг яаж нөлөөндөө оруулдаг вэ гэдэг талаар хүчтэй дүгнэж бичих болж. Одоо Оросод энэ чиглэлээр маш олон эрдэм шинжилгээний судалгаа хийгдэж, дисертаци бичигдэн гарсан байна. Орчин үед том хүчтэй, баян улс орнууд “хүчирхийлэлийн бус тэмцэлийн арга” гэдгийг сурталчилж байгалийн баялаг ихтэй, сул дорой эдийн засагтай, улс төрийн хямралд өртөх нь хялбар улс орныг дотоодод нь хямралдуулж, хамаг баялгийг нь цөлмөж байгаа талаар маш нарийн шинжилгээ, судалгаа хийж үр дүнг нь ил тод нийтэлдэг болж. 
-Манайхан ч сүүлийн үед “зөөлөн хүчний бодлого” гэдгийг сэхээрч шүүмжлэлтэй  ярьдаг болжээ. 
-Анх Лев Толстой, Махатма Ганди, Генри  Дэвид Торо, Мартин Лютер Кинг нар тэр хүчирхийллийн бус тэмцлийн аргыг сэдэж, боловсруулсан юм билээ. Ажил хаялт, суулт юу байдаг юм ямарч гэсэн зэвсэг тэмцэл хийхгүйгээр тэмцэх бодлого. Би Л.Толстойг зохиолч л хүн байсан гэж бодоод явдаг байсан. Гэтэл улс төр, нийгмийн том зүтгэлтэн хүн байсан байна лээ шүү. АНУ-ын эрдэмтэн Жон Шарп (1928) гэж нилээн хожмын үеийн улс төр судлаач 1970-аад оны дундуур хүчирхийлэлийн бус тэмцлийн аргаар “зөөлөн хүч”-ийг бусад орнуудад нэг гол инструмент болгож ашиглах онолыг хөгжүүлсэн юм билээ. Энэ хүнийг Эйнштейны хүрээлэнг үндэслэгч , Ардчиллын сан, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнтэй шадарлаж ажилладаг хүн гэх юм билээ. 1990-1991 онд Прибалтикийн орнууд ЗХУ-аас тусгаарлах үед тэнд зөвлөж байсан байдаг. Тэгээд үүнийгээ бусад орнуудад туршаад явчихсан хүмүүс байна билээ л дээ. Толстой, Ганди нарыг судлаад жижиг буурай оронд яаж тэмцэл өрнүүлж болох уу, ард түмнийг нь хэрхэн төр засагтай нь тэмцэлдүүлж болох вэ гэдгийг боловсруулаад, туршиж хэрэгжүүлээд явчихгүй юу. Ийм маягаар Ирак, Сири, Ливи, Гүрж, Украйн гээд хичнээн ч улсыг сүйтгэвдээ. Бурхан минь. Манай улс ч эдгээрийн араас явж л байна. 
-Тэгвэл Б.Ельцинээс хойш В.Путин төрийн толгойд гараад л Баруун, АНУ-ын бодлогын хооронд зөрчил явагдаж эхэлсэн. Одоо бүр, Баруун, АНУ биднийг молигодсон гэдгийг шууд утгаар нь Путин хэлж байна. Ельциний чигийг ингэж огцом өөрчлөх Путин гарч ирнэ гэдэг бас л таагдашгүй алхам байсан шүү.
-Тэр тухай бүр аль эрт албан бусаар сонсож байснаа сонирхуулья л даа. 1990-ээд оны эхээр Ельцин Ерөнхийлөгч болчихоод АНУ-д очоод одоо танайхаас ардчиллын үлгэр жишээ авна гээд яваад байсан шүү дээ. Тэр үед Америкийн Конгресс дээр Ельцины үг хэлж байсан бичлэг одоо ч байсаар л байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа тагнуулынхнаа дуудаад, “Манайх (ОХУ) бодлого явуулахаар хэрэгжиж өгдөггүй, америкуудын бодлого явахаар хэрэгжээд байдаг ямар учиртай юм бэ?” гэж асуусан байгаа юм. Тэр уулзалтанд генерал, хурандаа нар цугларсан юм биз дээ. Нэг нь, энэний учрыг мэдэж болно оо, одоо би Буштай холбогдоодохьё гэж. Чи яаж холбоо барьдаг юм гэтэл нөгөө эр надад нэг арга бий гэснээ Одоо Буш унтаж байна, гэвч би холбогдоодохьё гэж. Тэгээд тэрбээр Харвордын төлөвлөгөөний дагуу  социалист системийг задаллаа, Варшавын гэрээг задаллаа, ЗХУ-ыг задаллаа, одоо Хьюстины төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байна гэжээ. Тэгээд Ельцин, сарын дотор тэр төлөвлөгөөг ол гэсэн даалгавар өгч гэнэ. Тэд нь даалгаварыг хугацаанаас нь өмнө биелүүлж Хьюстины төлөвлөгөөг олж иржээ. Уг төлөвлөгөөгөөг бол ОХУ-ыг хуваан эзэлж цаашдаа ОХУ 15 сая хүн амтай жижигхэн улс болгоод тэнд  дэлхийн хамгийн хортой үйлдвэрүүдийг ажиллуулаад цэвэр бүтээгдэхүүнийг нь авах талаар төлөвлөсөн байж. Үүнийг дуулсан Ельцин  Барууныг дагах бодлоо өөрчилж гэнэт эргэсэн гэдэг юм билээ. Ингэж хүмүүс юмнаас уншсан тухайгаа хүртэл ярьдаг юм шүү дээ. Би учир мэдэхээр хүмүүсийн тэгж ярьж байхыг олон сонссон. Ер нь барууны бодлого ингэж л явагддаг юм билээ. УИХ-ын гишүүн асан Д.Түмэндэмбэрэл нарын “Уулзах цэг...” номонд Барууны элитүүд гэгдэх Банк Санхүүгийн Корпоротократуудын бодлого үйл ажиллагааны талаар тодорхой бичсэн байдаг юм. Та нар олж уншаарай.  Дээрх нөхцөл байдлаас үүдээд 2000 оны өмнөхөн Ельцин дараагийн Ерөнхийлөгчийн эрэлд гарсан гэдэг юм билээ. Одоо Дэлхий дээр болж байгаа зарим улс оронд явж байгаа үйл явц дээрхийг нотлоод ч байх шиг. 
-Нээрэн Ельцин Ерөнхийлөгчийн суудлаа сайн дураараа өгөхийн өмнө юу болов гэмээр олон Ерөнхий сайд сольсныг санаж байна уу? 
-1998 оны гуравдугаар сараас хойш Черномырдины дараа 2000 оны 12 сард ажлаа өгтөл Кириенко гээд 36-тай залууг Ерөнхий сайдаар тавьж үзсэн. 70 настай Примаковыг тавьсан. Дотоод яамны сайд байсан Степашинг гурван сар хэртэй тавьсан. Тэгээд 1999 оны намар Путинг тавиад дараа нь Ерөнхийлөгчийн ажлаа түүнд өгсөн. Сонин л юм байна. Ер нь дэлхий дахинд худалдааны дайн гэнэ үү, улс төрийн хямрал гэнэ үү зэрэг зэрэг юм явагдаж байна. Энэ дунд бид яаж биеэ авч явах вэ гэдэг үлдээд байх шиг байна даа.
-Одоо энэ "Ийгл"-д байж байгаад "ТВ-9"-д очсон тоймч Гантулга гуай айхтар хурц хурц хэлдэг болохоос ортой юмнууд хэлээд байдаг юм шүү. Бас сүрхий юм уншиж, дүн шинжилгээ хийдэг хүн шиг санагдаад байгаа юм. Хоёр зуун хүн цаазална ч гэх шиг хэрцгий маягаар ярьдаг хэдий ч хаанаас ямар бодлого яваад байна. Юу болохгүй байна гэдгийг хэлээд байх юм билээ. Илэрхийлэл нь буруу болохоор хүмүүс сөргөөр хүлээж авдаг тал бий. 
-Би 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдсон. Тэгээд Үндсэн хууль баталж байх үед депутатуудын бүлэг гэж анх бий болсон. Ардын нам, Ардчилсан шинэ хүчнүүд депутатуудын бүлэгтэй байсан. Үүнтэй зэрэгцээд “Бие даасан депутатуудын бүлэг” гэж байсан юм. Бүлгийн дарга нь зохиолч О.Дашбалбар. Бүрэлдэхүүнд нь Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын дарга агсан Цэндбаяр Сайд асан, одоо энэ Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай. УИХ-ын гишүүн, сайд, зохиолч, нийтлэлч агсан Л.Одончимэд гээд манай бүлэгт нөлөө бүхий олон хүмүүс байлаа л даа. Мань мэт нь залуухан депутатууд байлаа. Ингээд “Бие даасан депутатуудын бүлэг” бүгдээрээ ярьж байгаад санаа оноо гаргаж нэгтгэнэ. Тэрийг нь бүлгийн дарга хуралдаан дээр төлөөлж танилцуулна. 
-Нийт АИХ-ын 430 депутат сонгогдсон. Танай бүлэг хэдэн хүнтэй байв?
-Анх 81 депутатаас бүрдсэн байсан шиг санагдана. Тэгээд цааш өргөжсөн. Том бүлэг. Одоо энэ Ерөнхийлөгчийг Бүх ард түмнээс сонгодог болгоно гэдэг хуулийг бид нар хийсэн юм шүү дээ. Анх яг сонгодог парламентийн засаглалтай байхаар байсан юм. Ерөнхийлөгч нь парламентээс сонгогдох төсөл газар авсан байлаа. Тэгээд Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгох гээд тэмцээд байсан. Тэгсэн чинь П.Очирбат гуайгаас энэ талаар нэг асуудаг юм. “Та ер нь ямар засаглалтай байсан дээр гэж бодож байна вэ?” гэхэд “Парламентийнх байсан ч буруудах юм байхгүй биз дээ” гэсэн утгатай юм Очирбат гуай хэлээд асуудлыг ханаруулаад хаячихсан байхгүй юу. Төрийн тэргүүн нь тийм үг хэлэхээр ихэс дээдсээ хүндэлдэг, сонсдог, тэдэндээ итгэдэг суурь хүмүүжилтэй тэр үеийн депутатууд тэр тал руугаа ханараад явчихсан юм. Уг нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх, парламентийн засаглалтай байх гэсэн хоёр тэнцчихсэн явж байсан юм. Тэр үед тэгээд Дашбалбар маань гараад ярина. Бид, “Чи хурцдуулдаг шүү” гээд сануулж  сануулж л гаргана. (инээв.) Мань хүн, би ойлгож байгаа гэж хэлж гараад эхлээд зөөлхөн аятайхан явж байгаад төдөлгүй өөрийнхөөрөө шатаад явчихна. Уурлана, загнана, гарч давхина. Заримдаа микрофоноо шидэхэд хүрнэ шүү дээ. Гэхдээ наана нь нөлөөтэй томчуул байсан учраас хэт туйлшраад байхгүй аргыг нь олно л доо. Засаж залруулаад явна. Гэтэл Дашбалбар маань тэр Үндсэн хууль баталдаг чуулганы өмнөхөн 281-ийн холбоо гэж байгуулсан. Тусгаар тогтнолыг хамгаалах ард түмний 281-ийн холбоо гэж сүртэй нэртэй их жагсаал цуглаан хийдэг байгууллага. Мань хүн, би ганц кноп дарахад л орон даяар ажил хаялт хийж чадна гэж бас айлгана аа. Нээрэн тэр үед жагсаал цуглаан хийж дадсан сурсан юм ч байгаагүй. 1990 оны гуравдугаар сард Ардчилсан хүчнийхэн өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчоог хүртэл буулгасан учраас хүмүүс жагсаал цуглаанаас айж жийрхдэг болсон үе. Хэдэн хүн гараад ирвэл тэр үед хүмүүс айна шүү дээ. Ийм үед хоёр талыг туйлшруулахгүй дундыг нь барьж тэнцвэржүүлэх үүрэг их гүйцэтгэж байсан юм даа, тэр үеийн тулхтай депутатууд. 
-Та хаанаас АИХ-ын депутатаар сонгогдлоо?
-Би тэр үед Ховдын  хилийн отрядын дарга байсан. Тэндээс сонгогдсон. Дэд хурандаа цолтой залуу депутатаар сонгогдож байлаа? 
-1992 оны Үндсэн хууль батлалцсан хүний хувьд одоогийн нөхцөл байдлаас харахад Үндсэн хууль маань ямар санагдаж байна. Эрх мэдлийн хувиарлалтын хувьд зөв болсон уу? Эсвэл Танд ингэх байж, тэгэх байж гэсэн санаа оноо шинээр төрж байна уу? Улсын аюулгүй байдал, хил хамгаалал гэсэн сэдвээр судалгааны ажил хийдэг эрдэмтэн хүний хувьд юу гэж бодож байна?
-Угаасаа тэр депутат байх үедээ би судлаач байгаагүй. Сүүлхнээс энэ талын ажлыг хэрдээ сүрхий хөөцөлдөх болсон. 2000 онд эрдмийн цол зэрэг хамгаалаад түүнээс хойш судалгааны ажил хийгээд явж байна. Судалгаа шинжилгээний ажил руу ингэж ороогүй үед бодож санаж, эргэлзэж байсан юмнууд  маань бас ч гэж буруу байгаагүй юм байна даа гэж одоо боддог юм. Үндсэн хууль батлах процесст эхлээд ерөнхий хэлэлцүүлэг болдог. Би тэгэхэд Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой. Монголчууд бид тодорхой захиргаанд явж сахилга, хүмүүжил, дэг журамтай байдаг ард түмэн. Ах захаа хүндлэх ёс заншилтай. Ямар нэг тодорхой засаг захиргаагүй үед монголчууд ямар ч удирдлагагүй, дураараа болдог гэсэн санааг хамгаалж байв.
-Нээрэн манай Монголчуудын ахуй амьдралын байр байдал ч тийм шүү дээ.  Хаашаа хамаагүй эрэл суралд явна. Хэнээр ч хэлүүлгүй чөлөөтэй нүүж сууна. Нилээн тийм бие даасан, чөлөөтэй амьдралын хэв маягтай.
-Тийм ч учраас Ерөнхийлөгчийн засаглал бидэнд хэрэгтэй гэж хэлсэн. Би цэргийн хүн учраас энд тэндээс ирсэн олон аавын хүүхдүүдтэй ажилладаг хүн. Тэдний байр байцыг харж байхад Монгол хүнд даруулга хэрэгтэй гэдэг бодол байдаг. Тэр 1990-ээд оны үед чинь бүх хүн ардчилал, хүний эрх, эрх чөлөө гээд өөрсдөө учрыг нь сайн ойлгоогүй хэт хийрхчихсэн байв. Гэтэл энэ бүх ойлголт чинь хариуцлагатай холбоотой байж биежнэ. Энийг хэлэхлээр эвэртэй туулай үзсэн юм шиг шүүмжлэнгүй хандаж байсан хүмүүс ч бий. Хуралдааны завсарлагаар нэг залуу хүрж ирээд мэндэлж ёслоод сүйд. Би чинь цэргээс өөр газар ажиллаагүй хүн чинь миний нэг цэрэг л хэрэг гэж бодлоо. (инээв.) Тэгтэл сурвалжлага авах юм болдог юм аа.  Би тэгээд Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй, энэ нь ард түмний хэлэлцүүлгийн явцад голлож гарсан санал шүү гэдгийг анхааруулж хэллээ. Тэр үед 10-аад хүн ирж миний санааг дэмжиж тэр залууд ярилцлага өгсөн нь тэр үеийн сонин дээр гарсан буй. Депутатууд Ерөнхийлөгчийн хатуухан засаглалтай байхыг дотроо хүсч байсан ч ардчиллыг эсэргүүцэгч, нэг хүний эрх мэдлийг дэмжигч гэж хэлүүлэхээс айж зовдог байсан хандлага бий.
-Одоо ч Таны санаа бодол өөрчлөгдөөгүй хэвээрээ гэсэн үг үү?
-Одоо янз бүрийн юм уншиж хараад, эрэгцүүлж бодоод байхад тэр санаа маань улам батжаад л байдаг юм. Энэ чинь буруу гэж намайг итгүүлсэн ямар ч юм гарч ирэхгүй байна шүү  дээ. Ганц хүн улсыг удирдахаар гадны эрхшээлд орчихно гэж их ярих юм. Тийм биш л дээ. Азийн бар гээд байгаа улсууд нэг л хүний хүчтэй засаглалтай байна. Сингапурыг Ерөнхий сайдтай гэх л байх даа. Тэнд маш хүчтэй Ерөнхий сайдтай. Бараг нэг намтай улс гэж зарим судлаачид үзэж, тэгж явдаг шүү дээ. Парламентийн даргаа Ерөнхий сайд нь санал оруулж томилуулж байх жишээтэй. Ерөнхийлөгчийн нэрийг Ерөнхий сайд нь санал хэлж дэвшүүлнэ.
-Манайхан чинь хоёр хүн явбал нэг нь ахлана. Нэг хүн явбал малгай нь ахлана гэдэг үгтэй ард зон шүү, нээрээ.
-Тийм. Наад зах нь хамаатан садан дотроо нэг нь тэргүүлдэг шүү дээ. Ах эгч нарыг байх үед л хамаатан садан дотроо ургийн овог авах гэхэд надаас асуудаг.  Би чинь олон хүүхэдтэй айлын дороосоо гурав дахь нь. Хамгийн том нь армийн хурандаа хүртэл хүн байхад надаас аливаа юмыг асууж байх жишээтэй. Тэгээд миний хэлсэн тэрийг ёс шиг дагана. Монгол ах дүү нар энэ л биднийг зална даа гээд тэрийгээ дагаад явчихдаг байхгүй юу. Хүүхэд төрөхөөс хурим хийх, нүүж суух хүртэл бүх юман дээр тэр хүнийхээ амыг харна. Энэ бол зөвхөн Монгол биш Азийн орнуудад түгээмэл байдаг юм шиг анзаарагдсан шүү. Хятад, Солонгос гэхэд кино зохиол, амьдрал дээрээс нь харж байхад заавал тэр өвөө эмээгээс хамааралтай байдаг. Нэг хүний захиргаанд явдаг. 
-Хятадуудын нэгдүгээр ах, хоёрдугаар ах, тавдугаар ах гээд тоолоод байдаг ч бас учиртай хэрэг. 
-Тийм. Одоо бол Ерөнхийлөгч хариуцлага хүлээхгүй. Их хурлын гишүүд хариуцлага хүлээхгүй. Ерөнхий сайд нь эрх мэдэл тааруу. Засгийн газрын гишүүд хариуцлага хүлээхгүй.  76 гишүүн 76-уулаа хариуцлага хүлээнэ гэж тэнэгтэж суудаггүй байх хэрэгтэй. Хэн хариуцлага алдсан байна шууд тэр нь хариуцлагаа хүлээдэг баймаар байгаа юм. Ерөнхийлөгч нь хариуцлага хүлээдэг. Түүний өмнө Засгийн газрын гишүүд нь хариуцлага хүлээдэг. Танхимийн зарчимаар ажиллахаар нэг сайд хариуцлага дангаараа хүлээхгүй гэж солиорохгүйгээр хэн ажил хариуцсан тэр шууд хариуцлагаа хүлээдэг механизмтай болох нь чухал. Жишээ нь, хариуцлага хүлээдэг бол багш нар ажил хаялаа гэхэд л Ерөнхийлөгч нь очоод, “Уг нь Та нар ч нэг сая төгрөгний цалинтай байх ёстой шүү дээ” гэх маягийн үг хэлээд зогсож байхгүй шүү дээ. Хэлсэн үгнийхээ төлөө, хийсэн ажлынхаа төлөө хариуцлага хүлээдэг болбол яаж тэр цалин пүнлүүг нь зохицуулдаг билээ гээд хөдөлнө шүү дээ. 
-Нээрэн нэг хөндлөнгийн хүн шиг харагдах явдал бий шүү. Багш, эмч нарын жагсаал цуглаан, хүмүүсийн үймээн чинь уг нь Ард түмний эв нэгдэлтэй шууд хамрагдах эд биз?
-Тийм. Хариуцлага нь өөрийн толгой дээр нь буух юм бол хөндлөнгийн хүн шиг зогсож байхгүй шүү дээ. Энэ Үндсэн хуулийн үзэл санааг шинэчлэхээр хэлэлцүүлж байна л гэх юм. Бидэнд ерөөсөө хүрэхгүй хаагуур яваад байдаг юм, бүү мэд. Ядаж энэ хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудыг хууль ёсоор оролцуулж хэлэлцүүлэг явуулдаг баймаар юм. 
-Та нар 1990 онд ард түмний төлөөлөл болоод баталсан хуулийг өөрчлөх гэж байгаа бол логикоор Та нараас эхлэж асуух хэрэгтэй юм л даа.
-Би саяхан хоёр гацуур тарихаар мод авах гээд явж байгаад Ж.Гомбожав (АИХ-ын дарга байсан) гуайтай таарсан. Тэгсэн: “Чи Үндсэн хуулийн талаар санаа оноо байвал хэлээрэй” гэсэн юм хэлж байдаг юм.
-Та нарын санаа бодлоор бий болж, Та нараар батлагдсан хуулийг өөрчлөх гэж байгаа бол “хэргийн эзэд, хэнгэрэгийн дохиуруудаас” нь асуух хэрэгтэй юм даа. Уг логик нь. Би жаахан хошигноод “эзэн, дохиур” хоёрыг хэлчихлээ, генерал уучлаарай.
-Нээрэн тийм. Яагаад ийм болгочихсон юм бэ? Үндсэн хууль батлах тухайн үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн юм бэ? гээд асуух хэрэгтэй л дээ. Лүндээжанцантай зуслан дээр бас таарна л даа. Бид нэг их ажил төрлийн юм ярих биш. Гэхдээ би Үндсэн хуультай уялдуулж хариуцлагын механизмгүй бол ямар ч Үндсэн хууль байгаад нэмэргүй гэж хэлсэн.Тэгэхэд бид нар нэг их айхтар өөрчлөлт хийхгүй, бараг л ард түмний саналаар, олон газраас санал авсан, энэ чигээр нь байлгана шахуу гэх аятай юм дуугарч байна билээ. Хариуцах эзэнгүй, хариуцлагын механизмгүй бол ямар ч засаглалтай байгаад хэрэг байхгүй. Парламентийн ч байна уу, хаант засаглалтай байгаад нэмэр байхгүй. Би анх АИХ дээр үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай, тэр ч байтугай хаант засаглалтай болж яагаад болдоггүй юм гэж хэлж байсан. Тэр үед ардчилал гэдгээр түрүү барьж байсан цаг учраас бас ямар сонин юм ярьдаг нөхөр үү гэж хүмүүсийг цочоосон юм уу, яасан юм, надад таагүй хандаж байсан шүү. 
-Цэргийн хүн бол тушаал авсан бол тушаалыг биелүүлэх л ёстой. Шаварт унасан шарын эзэн болох нь цэргийн хүнд байнга тохиолдоно л доо.
-Тийм тохиолдол мэдлээ, гүйцэтгье гээд өгсөн тушаалын дагуу үүргийг хүлээх л ёстой. Өөр сонголт байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн засаглалтай байвал ард түмний даалгаврыг биелүүлэх ёстой эзэнтэй  болно гэсэн үг. Биелүүлэхгүй бол дараа нь тэр Ерөнхийлөгч ард түмнээс зохих шангаа хүртэнэ шүү дээ. Монгол хүний даруулгатай байхыг эрхэмд үздэг байгалиас заяамал зан авирт өнөөгийн энэ засаглалын загвар зохицож өгөхгүй байгаа юм.
-Жишээ нь Швейцарьт чинь долоон тэнцүү эрхтэй канцлераас дээгүүр шийдвэр гаргадаг том хүмүүс байна. Долоон Ерөнхийлөгч юм шиг. Тэр долоо дотор Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нь орно. Тэр орны ард түмний байдал үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд тэргүүний баян орнуудын нэг байсаар...
-Швейцарь манайх хоёр чинь шал өөр л дөө. Манайд бол парламентийн засаглалтай, олон намтай гээд тэр чинээгээрээ иргэд маань хуваагдаж байна. Швейцарьт тэр долоон хүнээ дагаад долоо хуваагдахгүй шүү дээ. Манайхан талцаад л хуваагдаад байна. 28 нам байвал ард түмэн 28 хуваагдаж байна. Тэгээд иргэдээ хооронд нь тэмцэлдүүлж сонгуульд гарч ирнэ. Аль нэг нам нь зөв ч юм хийсэн өрсөлдөгч нь яаж үүнийг буруу болгочих вэ гэсэн өнцгөөс харж байна. Ингэж л манай хөрсөн дээр нам төлөвшиж байна.
-Ардчиллын үлгэр дууриалал болсон АНУ-д маань хоёр цөм нам байна. Хойд урд хөршийн байдал бол бүр ойлгомжтой.
-АНУ-д хоёр л хуваагдсан. Гэхдээ олон хүн амтай газар улс төрийн тэмцэл өдөр тутмын амьдралд гал ус шиг харьшлаад байдаггүй бололтой юм. 327 сая хүмүүсийг нэг өдөр л улс төржүүлж хөдөлгөнө гэдэг байж боломжгүй хэцүү. Манайх шиг цөөхөн хүнтэй газар нэг хүн хөдлөхөд л америкийн 100 хүн хөдөлж байгаа шиг санагдана шүү дээ. Масштаблаж харахад юм бол шүү дээ.
-Нээрэн БНХАУ-д 300 хүн жагслаа гэхэд түүнийг хүмүүс жагслаа гэж харах уу? Ард түмэн ингэж байна. Ард түмэн бослоо гэж хэн нэгэн тэдний нэрийг барих уу? Манайд бол 300 хүний жагсаал чинь базарваань хум пад том жагсаалд тооцогдоно шүү. (инээлдэв.) Нээрэн говийн сумын хүн амын хагас нь жагсаал хийлээ л болно шүү дээ, амьдрал дээр.
-Ямар газар хөгжөөд байна гээд харахаар Ерөнхийлөгчийн засаглалтай газар хөгжиж байна. 
-Нэг хүний засаглалтай баларсан орнууд бас байна л даа.
-Тэр чинь дэг журам, сахилга хариуцлагын механизм байхгүй бол хаа ч баларна шүү дээ. Тэнэгтэж дураараа авирлахыг нь хаасан механизм байх хэрэгтэй. Нэг хүний засаглалтай байлаа гээд урвана, гадны нөлөөнд орно гээд байгаа юм. Нөлөөнд ордоггүй хаалт, механизмыг нь сайн хийж өгвөл тийм юм болохгүй. Зөвлөдөг механизм, шийдвэр гаргахад шүүгддэг механизм байх ёстой. Одоо энэ Баттулга Ерөнхийлөгчийн зөвлөхүүд гэж ямар нөхөд ямар механизмаар ажилладаг юм ойлгох ч үгүй байна. Энэ хүн ямар нэг аргаар сонгогдсон байж болно. Боловсролтой, боловсролгүй байж болно. Гэтэл Ерөнхийлөгчийн бүхэл бүтэн институцын үйл ажиллагаа, бүтэц ойлгомжтой байх ёстой шүү дээ. 
-Та хошууч генерал цолтой хүн. Манай улсын түүхэнд сонин юм их болж байсан. Төрийн тэргүүн агсан Ю.Цэдэнбал гуайн хамаг одон тэмдэг, зэрэг цолыг нь хураагаад л авч байсан. Тэгснээ эргүүлээд өгсөн. Батлан хамгаалахын сайд агсан Ш.Жадамба генерал Москвад Цэдэнбал даргыг нас барахад: “Нам нь хүлээж авдаггүй бол арми нь маршал аа хүлээж авна аа” гэсэн домог болсон үг байна. Цэргийн цолыг манайхан ийм л өндөрт үздэг. За тэгээд Л.Дандар баатарын шагналыг нь хураагаад эргүүлж өгсөн гэх мэт зөндөөн явдал бий. Нэгэнт тухайн үеийн гавьяа зүтгэлд нь өгсөн юмыг яагаад хурааж авч байна вэ? Таны генерал цолыг Ерөнхийлөгч Х.Баттулга  хурааж авсан гэж дуулсан.
-Энэ чинь үнэхээр мэдлэггүйн гай гэдэг л болсон байх. Цолыг хасах тухай заалт ерөнхийлөгчийн тухай хуулинд бий. Цэргийн албаны тухай хуулин дээр байгаа ойлголтоор бол генерал цолыг цэргийн албыг хааж байгаа цэргийн албан хаагч тэр албандаа уучлашгүй алдаа гаргасан бол хурааж болдог заалттай. Цэргийн алба хаагч гэж хэнийг хэлдгийг ч мэдэхгүй, хураах, хасахаа ч ойлгохгүй хүмүүс энгийн хүний урд хэрэглэж байсан цэргийн цолыг хаслаа гээд зарлиг гаргачихсан юм билээ. Цэргийн албанаас чөлөөлөгдөөд өөр ажил алба хашиж байхад тэр цолыг хураах эрх хэнд ч байхгүй. Би чинь 2004 онд Ерөнхийлөгчийн 177 дугаар зарлигаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн байсан хүн шүү дээ.
-Өөрөөр хэлбэл Та Хил хамгаалах Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга байхдаа хошууч генерал цол хүртсэн. Хэрэв тэр местэн дээрээ байсан үедээ цэргийн албандаа ямар нэг алдаа гаргасан бол Таны генерал цолыг хурааж авч болох байжээ гэж ойлгож болох уу?
-Тийм. Би 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн албанаас халагдчихсан байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Дараа нь тэргүүн комиссар гээд Онцгой байдлын албаны цолтой байсан. Тэгээд ийм алба хийгээд арван хэдэн жил болчихоод явж байхад: “Чи урд нь цэргийн алба хаасан хүн” гээд хаа хамаагүй юмтай холбогдуулж цол хураах нь ямар ч үндэс байхгүй. Хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй. Тэгээд ч зохиомол хэргээр яллаж хэлмэгдүүлчихээд шүү.
-Хэрвээ цолыг чинь ОБЕГ-т байхад хураах бол тэр тохиолдолд Тэргүүн комиссорыг чинь л хураах байж гэж ойлгож болох уу?
-Тэргүүн комиссарыг Ерөнхийлөгч өгөөгүй учраас бас болохгүй. 
-Нээрэн эрхэлсэн сайд л олгодог байсан цол шүү дээ.
-Тийм учраас хууль бус шийдвэрээр Ерөнхийлөгч миний цолыг хасжээ гээд байгаа юм л даа. Хууль зөрчсөн хүн огцордог бол энэ хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцэд би хандлаа гэхэд Ерөнхийлөгч хууль зөрчсөн хэргээр огцорно гэсэн үг шүү дээ, Цэргийн алба хааж үзээгүй Х.Баттулга, З.Энхболд нар өгсөн цолоо эргүүлж авч болно гэж ойлгосон байх л даа. Цол хураах, хасах гэдэг чинь хоёр өөр ойлголт, цэргийн албан хаагчид оногдуулах шийтгэл,  цэргийн албан хаагч биш хүнд оногдуулах шийтгэл тусдаа хуультай. Миний дээр хэлсэн хууль цэргийн албан хаагчид үйлчилнэ. Бодвол энэ алдаагаа залруулах байлгүй дээ. Харж л байя. 
-Та хэрэгт холбогдсон байж болно. Гэхдээ Та тэр хэргээ одоо болтол хүлээгээгүй. Шүүхийн шийдвэрээр л хорих ял эдэлсэн хүн гэж би ойлголоо. Би эх орон, улс орны эдийн засгийн эсрэг ямар ч гэм буруутай зүйл хийгээгүй гээд одоо Та явж байгаа юм байна л даа.
-Тийм ээ. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээгээгүй, хэрэг хийгээгүй учир хүлээх ч үгүй. Хууль завхруулагчид ч намайг хэрэг хийгээгүйг одоо мэдэж байгаа. Гагцхүү захиалгат хэрэг гэдэг учраас л би ял эдэлсэн. 
-Та чинь хэлмэгдсэн хүн гэсэн үг үү?
-Тэгэлгүй яадаг юм.
-Тань шиг таван жил хоригдож ял эдэлсэн генерал байдаг уу?
-За даа мэдэхгүй дээ. Баатар генерал хэдэн жил суусан юм бүү мэд. Би 3.6 жил яс суусан. Хамгийн гол нь энэ дээр хуулиа буруу хэрэглэсэн. Ялаа эдлээд гараад ирэхэд Ерөнхийлөгийн институци нь хуулиа буруу хэрэглэж миний урьд хэрэглэж байсан цолыг хууль бусаар хассан. Үүнийхээ төлөө Ерөнхийлөгч аль эрт огцорч болох л эд л дээ. Гэтэл манай УИХ, хууль хяналтын байгууллага чинь ийм юмыг ерөөсөө мэдэхгүй юм. Ерөнхийлөгч ч, УИХ ч маргах аргагүй илэрхий байгаа ийм алдааг залруулах эрх зүйн бүрэн боломжтой шүү дээ. 
-Тэгвэл хэлс хэргээр биеэр ял эдлээд, генералын мөрдөстэй холбоогүй асуудлаар цолоо хураалгаад явж байгаа хүн байх нь. Их л харамсалтай юм болжээ.
-Харамсах ч юу байхав. Надад хүмүүс юу гэж шүүмжлэлтэй ханддаг вэ гэхээр нийгэм нь ийм юм чинь нийгэмтэйгээ эвлэр гэдэг маягаар хэлдэг. Үнэхээр манай нийгмийн тогтолцоонд ийм гажуудал байна. Хуулийг хэн хэрэгжүүлэх ёстой юм? Монгол улсын нутаг дэвсгэр дээрээ байгаа хүн хэрэгжүүлэх ёстой. Хууль шүүхийн өмнө адилхан байх ёстой шүү дээ. Би чинь бас эрх зүйч ухаантай юм. Гэтэл яг гадны том гүрнүүдийн явуулдаг бодлогын дагуу дээгүүр байдаг хэд нь ямар ч буруу юм хийсэн зөв болдог. Шүүх нь тийм болгодог. Буруутгая гэсэн хүнээ ямар ч зөв байсан буруу болгодог механизм ажиллаад Монгол Улсыг сүйрүүлэх гэж байна. 
-Генерал хүн дээр ийм механизм үйлчилж байгаа юм чинь жирийн ард биднийг бол "тээрэмдэж" өгч байгаа юм байна л даа.
-Тэгж байгаа. Одоо генералууд ийм юм ярьж байна. Энэ цол бол дуртай нэгэн өөрийн үзэл бодлоор хуулийг буруу зөрүү тайлбарлаж аваад байдаг юм бол энэ цэрэг батлан хамгаалах, энэ тусгаар тогтнолын асуудал юу болох вэ гэдэг юм ярьцгааж байна. Дотроо ярьцгааж байна. Улс орны батлан хамгаалах хүчийг ингэж сулруулдаг механизм чинь гадны явуулга. Цэргийн цолны нэр хүндийг унагаадаг, цэргийн цолонд ач холбогдол өгөхгүй болдог. Цэргийн албыг хүндлэхээ больдог. Цэрэг ард түмний харьцааг хөндийрүүлж, холдуулдаг. Төр засаг ард түмнийг бие биенийх нь эсрэг турхирдаг. Шаардлагатай үед эх орноо хамгаалахын тулд цэргийг хэрэглэх болоход ямарч нэр хүндгүй цолтой цэргийн даргад захирагдах хүнгүй болно гэсэн үг. Барууныхны хийдэг ажил чинь энэ. Өөрсдөө ийм юм хийчихээд ардчилсан нийгэм энэ тэр гэх. Тэндээ бол энэ цол хэргэмдээ онцгой ач холбогдолтой хандана шүү дээ. Тэр ч байтугай энгийн байгууллагад хамгийн нэр хүндтэй даргаа хурандаа гэж хүндэлдэг байсан юм билээ.
-Төрийнхөө төлөө 40 гаруй жил зүтгээд ийм хилс юманд орчихдог байж. Яг танд тулгасан ял ямар учиртай юм бэ? Та захиалга гэж байна.
-Намайг дарга байхад ОБЕГ үрийн будаа худалдаж авч байгаа юм. Тухайн үеийн үнээр л худалдаж авна шүү дээ. Нэгдүгээр үеийн үр гэж ганцхан жил тарьсан үрийг хэлдэг. Тийм үр худалдаж авах гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэтэл хоёр жил тарьсан үрийн үнэтэй харьцуулж зөрүү гаргаад ийм хохирол улсад учруулсан гэж шийтгэсэн. Би тэгэхээр нь Шүүх хурал дээр хэлж байгаа юм л даа. Нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил хоёр чинь хоёр янзын үнэтэй. Тэгэхээр нэгдүгээр гурилыг хоёрдугаар гурилын үнээр авъя гэвэл өгөх үү? Ийм байж болохгүй биздээ? гэтэл улсын яллагч нь гурил л бол гурил шүү дээ гээд яллаж байгаа юм. Чи дэлгүүрт очоод нэгдүгээр гурилыг хоёрдугаар гурилын үнээр авъя гэвэл өгөх үү? боддоо ийм л юм. Нөгөөх нь нэг шатахууны гэрээ байгаа юм. Тэрийг нь тооцдог аргаар нь тооцоод хил дээр ямар үнээр ирдэг юм яг тэр үнээр нь тооцоод, хилээр орж ирээд агуулахад буух хүртлээ ямар зардал гардаг юм тэрийг нь мэргэжлийн хүмүүс тооцоод гаргаад ирсэн тооцоон дээр үндэслээд хийгдсэн шатахуун нийлүүлэх гэрээг баталсан асуудал байгаа юм. Ашигт малтмал газрын тосны газрын тооцдог  аргачиллаар тооцсон юм билээ. Би ямар тэрүүнийг тооцох юм биш бүхэл бүтэн аппарат тооцоод тав зургаан гарын үсэг дамжаад ирсний дараагаар нь би мөнгө шилжүүлэх л гарын үсэг зурна шүү дээ. Тийм л юм.

-Тэгвэл шатахуун дээр ямар алдаа гарсан хэрэг үү?
-Бас л буруу тооцсон гэсэн яль шалихгүй юм байдаг юм. Хилийн үнэ дээр Улаанбаатарт ирээд гаргасан зардлыг нэмсэн үнийг хил дээр ийм үнээр авах байсан гэсэн зөрүү гаргаж ялласан. Тэгээд энэ зөрүүний асуудлыг тэр компаниасаа нэхэмжилж ав гэсэн шийдвэр гаргасан байгаа юм. Би нэхэмжилсэн. Гэтэл арван хэд дахин буцаагаад нэхэмжлэгч нь Та биш юм байна. Онцгой байдлын Ерөнхий газар нэхэмжлэх ёстой юм байна гээд хаачихсан. Шүүх тэр зөрүүг уг компаниас гаргуулах ямар ч үндэсэл байхгүй. Яагаад гэвэл тооцоо бүх юм номоороо хийчихсэн байдаг. Ингээд авах ёсгүй юм байна гэхээр миний зөв болчих гээд байдаг. Тэгэхээр Та нэхэмжлэгч нь биш юм байна. ОБЕГ нэхэмжлэгч нь юм байна. Иймд таны нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гээд буцаасан. Тэгээд атлаа хохирол учруулсан гэж л яллаад байгаа юм. Тэгээд тэр учруулсан хохирлоо компаниас нэхэж ав гэхээр нь тэр иргэний шүүхийн гаргаж байгаа шийдвэр нь энэ.  
-Бас л 3.6 жил ийм тодорхойгүй юмнаас болж хилс хэрэг үүрнэ гэдэг сэтгэл санааны хувьд маш хэцүү л байсан байж таараа.
-Би хэрэг хийчихсэн юм гэж надад гэмших юм байсангүй. Хэзээ нэгэн цагт үнэнд хүрнэ дээ. Тэр л бодол намайг тэжээж байсан. Тэр үед би 58 настай байлаа, багаасаа хал бал үзсэн, дотуур байр, цэргийн казармаар хүмүүжсэн надад чинь сэтгэлийн хат байлгүй яах вэ. Хүний эрүүл мэндийг ганц авч явдаг юм чинь сэтгэл санаа. Тэр тусмаа гэм хийгээгүй, эх орондоо хар буруу санаагүй цэргийн хүн ямар ч тохиолдолд сэхлүүн байх хэрэгтэй. Надад стресс, сэтгэл гутрал байгаагаагүй учраас би эрүүл саруул гарч ирсэн. Хэрэг хийгээгүй, хэзээ нэгэн цагт үнэн мөн нь олдож цагаадна гэдэг итгэл найдвар намайг авч явсан. Одооноос гэмгүй хүнийг гэмтэн болгодог шударга бусын хонгил бий болсон тухай, түүнийг нураах цаг нь болсон тухай төрийн түшээд ярьж эхэллээ. Миний хүсэн хүлээсэн цаг дөхөж байгаа юм биш байгаа даа.
-Та чинь хэдэн оны хүн юм бэ?
-1954 оных.
-Морьтой хүн байна.
-Тийм морьтой. Намайг төрийн сүлд минь өршөөж төр хамгаалалтандаа авсан гэж боддог. Онцгой байдлын алба, албан хаагчид, төрийн өмчийг хамгаалахын тулд чадах бүхнээрээ тэмцэж, төрийн өмчийг идэх завших зорилгоор онцгой байдлын албанд шургалсан нөхдүүдэд идэх завших боломж олгохгүй байсан учраас тэд намайг ямар нэг байдлаар хорлох гэж зөндөө ажиллагаа явуулсан. Мөрдөж байна, дагаж байна, харж ажиглаж байна гэсэн юм зөндөө сонсогддог байлаа. Нөхөд маань их ч сэрэмжлүүлдэг байсан. Тэгээд Онцгой байдлын албанд ажилласан сүүлийн хэдэн сар хувийн бие хамгаалагчтай явж байлаа шүү дээ. 
-ОБЕГ-т асуудалд орсон үедээ юу? Тэр нь яаж мэдэгдэх үү? Утсаар дарамталдаг юм уу, яадаг юм?
-Тийм. Тийм хэмжээнд хүрч байсан юм. Утас шөрмөсөөр хэлсэн юм ч байдаг л юм. Арга ядаад хүн амьтанд үзүүлж харуулахад тэгдэг л юм. 
-Лам хуваргад үзүүлнэ гэсэн үг үү?
-Лам хуварга, бөө яваагүй ч юм байхгүй л дээ. (инээв.) Бие хамгаалагч маань тагнуулын сургууль төгссөн хүн байсан. Машин дагалаа, хүн дагалаа гэнэ. Энэ тэрийг тэр хүн сайн мэднэ л дээ. Тэр дагуулаас зугтаж бултахаа ч мэднэ. Бүр намайг хорихоос гараад ирсний дараа дагаад явсан, зураг сүүдэр авсан юм зөндөөн л гарсан. Тэр үед хаана юу хийж, яаж явна уу гэдгийг л хянаж байсан байх. Тэгэхэд бие хамгаалагч ч үгүй явж байсан юм чинь. 60 настай тэр хэдэн жилийг эрүүл саруул даваад ирсэн нь сэтгэлийн хат, хүн өөрөө амьдралын мөн чанарыг ойлгосонд л байгаа байхгүй юу.
-Та Төрдөө гомддог уу?
-Төрд огт гомддоггүй. Отгонбаяр намайг тэгэхэд 17 зүйлээр, дараа нь дөрвөн зүйлээр нийтдээ хорин хэдэн зүйлээр гүтгэж өгсөн. Би Отгонбаярт ерөөсөө гомдохгүй байгаа юм. Тийм гүжир гүтгэлэг энэ нийгэмд хаа сайгүй л байна. УИХ-ын хэрүүлийг хараад Монгол даяараал Отгонбаяр болцгооцсон юм уу даа гэж бодох юм. Харин үүний үнэн мөнийг шүүх засаглал, тэр дундаа хараат бус шүүх олох ёстой. Тийм учраас Хууль хяналтын байгууллага үнэн мөнөөр нь ялгаад сайхан шийднэ дээ гэсэн бодолтой байв. Хуулийнхан миний тайлбарт хариулахдаа, наадах чинь ямар ч хэрэг биш гэнэ. Шийдвэр гаргахдаа өөдөөс харж чадахгүй, цонх руу, эсвэл хажуу тийшээ харж байгаад нэг нь шийтгэх тогтоолоо уншдаг байлаа. Хөөрхийс. Тэгэхээр энэ нөхрийн ажил ч биш юм байна. Дээрээс найруулсан хуйвалдаан, хутгаан юм байна л гэж ойлгоно шүү дээ. Эцсийн эцэст хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хуулийн байгууллагыг ингэж л самарч байж улс орныг сүйдэлдэг юм байна даа гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Барууны ийм маягийн 180 гаруй технологи байдаг гэж би уншсан. Түүнээс гурав, дөрөв нь ч юм уу, тав зургаа нь над дээр хэрэглэгдсэн хэрэг. (муухан инээв.)  Бүр намайг тэр 409 гэдэг бил үү дээ Луусангийн ангид байхад нэг эмэгтэй ирсэн. Хан-Уулын шүүхэд байсан байх. Нэрийг нь мартчихаж. Бүр зориудаар ирээд, хүн эргэчихээд явж байгаа болтой байдалтай байсан. Тэр эмэгтэй: “Таныг ч ёстой нэг хэлмэгдүүлсэн дээ. Манайхан ч одоо бүгдээрээ мэдэж байгаа даа” гэж хэлж байсан шүү. Тийм л юм байдаг юм билээ. Надад улаан цагаан мэдэгдэж байгаа юм чинь тэр нь ч хуульчдад мэдэгдэхгүй ч гээд яах вэ дээ. Ойлгомжтой шүү дээ. Ил юм чинь. Тэр үед энэ бүгдийг ил ярьдаггүй байлаа. Өөр дээр нь ирэхээр УИХ-ын гишүүд ил тод ярьдаг боллоо. УИХ-ын хагарал тэмцэл үүнээс үүдэлтэй, үүнийг зогсоох гэсэн тэмцэл болж хувираад байна. Элбэгдорж “шударга байцгаая” гээд шударга бусын хонгол байгуулж байсан үед мань мэтийг хэн юу гэж анзаарахав. Одоо тэр хонгилыг нураах асуудал яригдаж хууль хяналтыхан улстөрчдийн захиалгаар ажилладаг болсон гэдгийг УИХ-ын гишүүд ил ярьж түүнтэй тэмцэж эхэллээ. Тэмцэл нь хэзээ нэгэн цагт үр дүнд хүрвэл эрх биш хэлмэгдүүлэлт зогсох байгаа даа. Заавал хэрэг хийсэн болгож харагдуулах зорилго тавьдаг юм билээ. Намайг хэргээ хүлээгээд өршөөлд хамаарагдчих гээд ятгах ч явдал ч их байсан. Олон удаа, өчнөөн жил намайг шахаж шаардсан. 
-Хэн тэгж шахаж ятгах уу?
-Мөрдөн байцаагч. Цаанаас нь хэлдэг юм байгаа биз. Намайг гэмт хэрэг үйлдсэн болгож харагдуулах гэсэн хэрэг л дээ. Өршөөлд хамрагдчих юм бол ямар ч ялгүй гараад л явчихна. Гэхдээ  би хийгээгүй байж гүтгэлгийг хүлээн зөвшөөрч би хэрэг хийсэн, намайг өршөөж хайрла гэх юм уу? хэлмэгдсэн ч хамаагүй би үнэнээрээ л дуусна гэж явсаар хилс хэргээр оноосон ялыг нь эдлээд гараад ирсэн. 
-Та тэгвэл хэрэг хүлээхгүй гэж л 3.6 жил хоригдсон хүн байна гэж ойлгож болох уу? Зүгээр нэг хулгайч бол ял эдлэхгүй л бол яамай, өршөөлд багтчихья, тэгье, тэгье гээд гарчихна. Та бол генерал хүний нэр төрийг өндөр өргөх гэж л гүрийсэн хэрэг үү? Харамсалтай нь гарч ирээд энэ цолоо хураалгадаг муухай юм болжээ.
-Тийм.  Тиймэрхүү л юм боллоо доо.
-Генерал хүн “Би эх орон ард түмнийхээ эсрэг ямар ч гэмт үйлдэл хийгээгүй” гээд мачийгаад байхад “Чи хийсээн” гээд мөрдөсийг нь хураачихсан юм шиг л дүр зураг харагдаад байх шиг.
-Тийм.
-Та чинь Өмнөговийн хүн. Танай нутгийнхан чинь олон генералтай гэж бас бахархаад байдаг юм шүү.
-Ер нь бол энэ нутгаас найман генерал төрсөн юм. Самбуу гуай, Амарболд, Шагдар генерал тэгээд намайг оруулбал дөрвөн генерал л үлдсэн байх шив дээ. 
-Гаваа генерал, Сандр генерал гээд нэр цуутай эх орны хөвгүүд байсан шүү...
-Тийм. Цэрэвсамбуу гэж Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд генерал байсан. Урд нь Архангай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан хүн. Шагдаржав генерал гэж байсан. 
-Таны ах хурандаа Бямбаа асантай би дотно танил байлаа. Хилийн цэргийн тагнуулын албанд байсан байх. Ямар алба хашдагаа мань мэтэд бас цаадах чинь хэлэхгүй ээ...
-(инээв.) Миний ах Бямбаа надаас дөрөв ах хүн байсан даа. Одоо байвал байхаар. Бас л эх орныхоо төлөө хил хязгаар, гадаа хөдөөгүй явж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, өлсөж цангах цагтаа өлсөж цангаж явж амьдралаа барсан даа, ах минь.
-Та нар чинь ах дүүсээрээ эх орны цэрэг байсан байна. Монгол улсын төлөө зүтгэж явжээ. Танай аав, ээжийн амьдрал, таны багын амьдралын талаар яриач. Нилээн хүнд сэдэв бид хөндлөө.
-Ээж минь 1957 онд миний хамгийн бага дүүг төрүүлээд төрөхөөс болоод нас барчихсан юм. Би тэгэхэд гурван ойтой байжээ. Манай ээж Сайхан Цэрэндэжид, Буурал Дэлэг, Бооныхон гээд ах дүү гурван хүүхнээс салбарласан удмын хүн гэдгийг би муухан мэддэг. Тэр буурал Дэлэг гэдэг хүн 1925 онд 97 настай хүн байсан юм билээ. Манайхан овоо л насалж байсан юм байна гэж боддог. Манай эмэг эхийн дүү нар гээд бие хаа өсгөлүүн их сайхан сайхан ханагар улсууд байсан. Манай говийнхон чинь онцлог онцлог юмаар нь айл ах дүү нарыг нэрлэдэг шүү дээ. Манай эмэг эхийн нагац эгч нь улаан Маам гэж хүн байжээ. Их тийм эршүүд. Тав гэзэг тавьчихсан, уураг бариад морь уургалаад давхиж явдаг. Эр хүн шиг тийм гүжир хүн байсан юм гэнэ лээ. Тэгсэн хэрнээ байнга эрхи барьж явдаг сүжигтэй хүн. Тэгээд худгийн усанд адуу оруулж ирээд барьдаг байж л дээ. Тэгэхэд заалгаж аваад л, манайхан гайгүй чихтэй улс байсан юм байлгүй, чихэндээ эрхээ өлгөчихөөд адуугаа бариад чихдээд авахад өлгөсөн эрхи нь ундаггүй л байсан гэж байгаа юм.Тийм л тэнхээтэй эмэгтэй байж. Тэгээд манайхныг чинь түрүүхэндээ буурал Дэлгийнхэн гээд дараа нь улаан Маамынхан гээд явдаг байжээ. Ийм л нэг жирийн нэг айлын нь л гарал үүсэлтэй хүн. Хуучин Мэргэн вангийн хошууны, сүүлд Хутаг-Уулын хошууны Баруун хондогын хүмүүс.
-Мэргэн вангийн хошуу чинь Дорноговь аймаг бүхэлдээ шахуу, баруун тийшээ Өмнөговийн  Ханбогд хүртэл явдаг том хошуу.
-Тийм. Их том газар нутагтай хошуу. Сүүлд Хутаг-Уулын, Их долоон уулын хошуу гэж хоёр хуваагдсан. Галбын говийн, Өлгийн говийн, Өлгий хийдийн хавиар нутаглаж байсан айл. Манай аав болохоор одоогоор юм болбол Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Ханбогд суманд өргөгдсөн хүн юм л даа. Бас л Мэргэн вагийн хошууны баруун хондогт Ядам занги гэж байсан юм байна. Тэр Ядам занги гэдэг хүн тэр үеийн хилийн өртөө харуул захирсан дарга нь юм л даа.
-Тэгвэл Таны хилийн цэрэг, хил манах ажил чинь хоёр гурван үеэр яригдахгүй нь байна шүү. Сумын занги, харуулын занги гэдэг чинь жир биш албан тушаалтан. Захирагч хүн.
-Тэр Ядам занги одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ сумаас нэг охин өргөж аваад тэр хүнээс гарсан хүүхдийн хамгийн бага нь манай аав юм. Дорноговийн Мандах суманд Хөдөлмөрийн баатар Хүрээт гэж байсан. Тэр чинь миний аавын дээд талын ах нь юм шүү дээ.
-Манай нэрт яруу найрагч Дундговийн харъяат Долгорын Нямаа гуайн “Хүрээт гуай улаан талбайд” гэсэн 1974 онд бичсэн мундаг шүлэг бий.
“Хүрээт гуай улаан талбайд
Хүрч ирсэн зогсож байна.
Зүүдэлсэн юм шиг итгэж ядан 
Зүг зүг тийшээ харж байна...
Тэнгэр өндөр,
Тэмээ бас өндөр
Тэр хоёрын аль өндөр юм,
Мэдэхгүй...” гээд л...
“Хүний зам урт юм гэж
Хүрээт гуай бишрэн бодов
Түүнээс цааш эх орон 
Түүх намтраасаа эргэн санав” гээд эзэнтэйгээ алдаршсан шүлэг. Насангийн Хүрээт гуайн тухай. Та чинь домог болсон малч хүний удам байна.

-Дорноговьд манай хамаатан садан гэвэл олон бий. Миний аав Пүрэв гэж Ядам зангийн зээ хүү. Аав маань дээр үед хийдэд шавилан сууж байсан. Хийдээсээ гараад цэрэгт яваад Чөлөөлөх дайнд оролцоод таван жил алба хаагаад 1945 онд ирсэн. Тэр үеийн хүмүүс чинь эх орныхоо төлөө тав, зургаа, бүр долоон жил алба хаасан байдаг юм билээ. Миний мэдэх Байтагт амь үрэгддэг Тэгшээ баатар долоо дахь жилийн цэрэг байсан юм билээ. Тэгээд аав цэргээс халагдаж ирсэн байна. Хийдэд сууж байсан учраас төвд бичиг үсэгтэй. Дараа нь хуучин монголтой болсон. Цэрэгт байхдаа шинэ бичиг үсэг тайлагдсан иржээ. 1945 онд тийм хүн ховор байж л дээ. Ийм албыг ингэж хаасан, бичиг үсэг эрдэм боловсролтой энэ хүнийг хариуцлагатай албанд тавиарай гэсэн Бумцэнд гуайн гарын үсэгтэй алаг том бичигтэй ирсэн гэдэг. 
-Тэр үед УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга байсан Г.Бумцэнд гуай...
-Тийм. Аав Алтан гадас одонтой, Бид ялав, Японыг ялсан ЗХУ-ын медальтай нийлээд гурван ч гавьяа шагналтай ирсэн. Манай аавыг чинь тухайн үедээ одонт Пүрэв гэдэг байсан юм билээ. Багын ахлах ухуулагч, намын хэсгийн зохион байгуулагч зэрэг ажил хийж байгаад 1960 онд нэгдэлд элсэж тэмээ малласан хүн. Манай аав Сономчингийн Пүрэв. Уг нь Содномцог юм билээ. Тэрийг нь нутгийнхан Сономчин болгоод явсан юм билээ. Ээж болохоор Сономын Пүрэв. 
-Маш сонин юм байна. Аав, ээж хоёр чинь хоёулаа Соном овогтой. Хоёулаа Пүрэв нэртэй хүмүүс байжээ.
-Ер нь тэр үеийн хүмүүс чинь аав ээжийнхээ нэрийг хэлэхээс цээрлэдэг байсан учраас овгоороо нагац ах эсвэл бүр багынхаа даргын нэрийг хүртэл авчихдаг тохиолдол байсан юм билээ. Манай ээжийн талын хамаатнууд бүгдээрээ шахуу Соном овогтой байж билээ. Гэтэл манай дээдчүүлд Соном гэж ямар ч хүн байгаагүй. Манай багын дарга Соном гэж хүн байсан гэдэг. 
-Тэгээд засаг захиргааны нэгжийн даргынхаа нэрээр нэрлэчихэж.
-Тийм хэрэг. Манай аав чинь бас Өмнөговь аймагтаа гайгүй тэмээчний тоонд орж явсан юм аа. Нэгдэлчдийн гуравдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдоод явж байсан. Ээж минь нас барахад намайг хүн авах гэхээр ах эгч нар маань өгөөгүй учраас миний доод талын дүүг хүнд өргүүлсэн. Ээж маань гаргаад нас барсан дүүг маань манай ээжийн дүү авч өсгөсөн.
-Дээр үеийн хүмүүс бие биенийхээ өнчин өрөөсөн хүүхдийг их өргөж авч өсгөдөг байсан сайхан уламжлал их сонсогдох юм аа.
-Тийм учраас би ах эгч хоёртойгоо аав дээрээ айлын бага хүүхэд шиг үлдсэн. Манай аав ч гурван нялх нойтон хүүхэдтэй хэцүү байсан юм билээ. Бид нар тэгээд сургууль соёл, дотуур байр гээд явсан. Манай аав чинь ганц бие эр хүн хэцүү л байсан байлгүй сүүлд нэг хүнтэй ханилсан юм, зайлуул. Өнгөртлөө цайгаа хувааж байгаад өнгөрцгөөсөн. Тэр хань нь хүүхэд шуухадгүй хүн байсан. Бид нар ч сургууль соёл дамжаад явж өгсөн. 
-Тэр үед сургууль соёлын мөр хөөгөөд хүүхэд бие даагаад төлөвшөөд явчих боломж Монгол улсад байжээ. Та цэргийн албанд бүх л амьдралаа зориулах анхны санаа яаж төрөв?
-Нягтлан бодогч, эдийн засагч больё гэж бодож байлаа. Малын эмч болохсон гэж хүртэл хүүхэд байхдаа мөрөөддөг байлаа. Намайг 10 төгссөн жил миний хүссэн ямар ч хувиар ирээгүй. Тэгээд МУИС-ийн геологи инженерийн ангид оров оо. Гэтэл Цэргийн ерөнхий сургуульд шалгалт өгөөд тэнцсэн нэг хүүхэд эрүүл мэндээр тэнцэхээ болив. Тэгээд хоёул хувиараа солилоо. Тэгэхэд манай хамгийн том ах Армийн хүнсний хэлтсийн дарга, хурандаа Түмэн-Өлзий гэж хүн байсан юм. Дараагийн ах Санжмятав гээд аймагт цагдаа хийнэ. Санжмятав ах аймгийн заан ч бил үү, начин ч бил үү, бас хөөрхөн барилдана. Тэд нар чинь цэрэг, цагдаагийн хувцас хунартай аятайхан харагдана л даа. Тэгээд нэгд, нөхөртөө тус болж байгаа санагдаад, хоёрт хувцас хунар нь таалагдаад оногдсон хувиараа цэргийн хувиараар сольчихсон. Тэгээд нэг өгөөмөр хүн хотод ирээд карантин дуусаад сургуульдаа орох болсон чинь эрүүл мэндээр тэнцэхгүй гээд намайг хасаад хаячихдаг. Чиний дээр ярьсан Бямбаа ах тэгэхэд Өмнөговьд туршилт ангийн багш байлаа. Гуравдугаар анги хүртэл ангийг бага анги болгож туршиж байлаа шүү дээ. Одоо энэ Ажнайн Бат-Эрдэнэ нарын багш нь юм шүү дээ. Туршилт ангийн багш нар Улаанбаатарт ирж цугларалтаа хийдэг байв. Хувиар ч үгүй, сургууль ч үгүй болсон би гэдэг хүн Гутлын 22-ын тэнд явж байгаад Бямбаа ахтайгаа таардаг юм. Тэгээд буцах болсон. Түүнээс өмнө болсон явдлаа ярья. Боловсролын яам чинь Гэгээрлийн яам гэж байсан. Тэнд очоод, эрүүл мэндээр намайг хасчихлаа. Би сургуульд орно оо гэтэл бүх сургуулийн хичээл эхэлчихсэн. Карантин дуусаад 10 сар өнгөрчихсөн үе. Тиймээс Геологийн хоёр жил байна гэдэг байгаа. Инженерийн ангиа хүнд өгчихөөд Техник мэргэжлийн сургуульд орох нь хаашаа юм гэж бодлоо. Тэгээд Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо гэж байсан юм. Одоо МОНЦАМЭ агентлаг байгаа байранд байв. Тэгээд тэнд очив. Энэ чинь 1971 онд болсон явдал. Тэнд хувийн хэргээ авах гэсэн хувийн хэргийг чинь хувь хүнд өгч явуулахгүй шуудангаар явуулна гэв. Тэгээд нутагтаа очсон. Тэр үед хүнийг хүүхэд гэж голохгүйгээр бүгд данстай, бүртгэлтэй байв. Аймгийн боловсролын хэлтсээс дуудаж намайг Өмнөговийн одоогийн хоёрдугаар 10 жилийн сургуулийн анхны 24 багшийн нэгээр томилсон юм. Ингэж багш болов оо. Одоо бол хэн хаа яваа нь бүү мэд шүү дээ. Ажилтай юу, ажилгүй юу хамаа алга болсон. 17 настай хүүхэд дөрөвдүгээр анги удирдаад багшиллаа шүү дээ. 
-Тэр үеийн хүүхдүүд чинь найман настай сургуульд ордог байсан. Гэтэл Та 17-той 10 дугаар ангиа төгссөн байдаг.
-Тэр үеийн хөдөөний хүүхдүүдийг чинь ах эгчийг нь бараадуулж сургуульд оруулдаг байлаа. Тиймээс зарим нь ес, арван настай ч сургуульд орно. Зарим нэг нь зургаа, долоотой орно. Тэр нь ховор тохиолдол л доо. Голцуу л нас хэтрүүлж сургуульд орно. Манай ах эгч хоёр дөрөвдүгээр ангид нэг ангид байхад намайг нэгдүгээр ангид төгсөхөөс нь өмнө гэж сургуульд өгсөн хэрэг. Дотуур байранд суудаг хүүхдүүдээ хань татаж байна гэсэн үг. 
-Дээр үед чинь дотуур байрны хүүхдийн мах шөлийг ар гэрээс нь хангуулдаг байсантай холбоотой бус уу? Олон хүүхэд дотуур байранд суудаг бол хангамжийг нь нэг л авчирч өгнө шүү дээ. Отор нүүдэл хийдэг малчид чинь...
-Тийм юм байсан байж магадгүй.  Манай ангид чинь нэг гэрийн зөндөө хүүхдүүд байсан. Ах эгч нар нэг ангид сууна. Тэгээд би анх сургуулийн багш болсон. Тэр үеийн хүмүүсийн шаардлага хатуу. Бага ангийн багш дөрвөн цагийн хичээл орно гэхэд дөрвөн конспект бичээд бүгдийг нь хичээлийн эрхлэгчээр батлуулаад хичээлээ орно. Ингэж л насаараа олон аавын хүүхдүүдтэй ажиллах хувь зохиолтой хүн хэрэг, би.  Ийм л амьдралыг тууллаа даа. Дараа нь цэргийн сургуульд яваад Цэргийн амьдралтай хөл залгасан даа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.