НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Кайли Женнер: Би жинхэнэ “брэнд” болохын тулд чадах бүхнээ хийсэн

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
3 сарын өмнө /2019-01-02 21:57:33 GMT +8 / | 853 удаа уншсан

 

Кардашьяны гэр бүлийн отгон охин эдүгээ 21 настай Кайли Женнер 900 сая долларын орлоготой ажиллан, “Форбес”-ийн сэтгүүлийн газраас гаргадаг жагсаалтад багтсан хамгийн залуу хүний тоонд оржээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар,ийнхүү түүнд 23 насандаа анхны тэрбум доллараа олж байсан Марк Цукербергийг гүйцэн түрүүлэх боломж бүрдэв. Кайли Женнер алдартай гэр бүлээс гаралтай хэдий ч өөрийн чадлаар санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байдалд  хүрсэн боловч Кардашьяныханы энгийн өдрүүдийн амьдралыг харуулсан реалити шоу нэвтрүүлэг түүнийг  олны дунд нэрд гарах замыг нь засаж өгсөн юм. Гэхдээ хэтэрхий эрт алдаршсан залуухан оддын нэр салхинд амархан хийсэж байсныг түүх мэднэ. Харин Кайли Женнерийг ямар ирээдүй хүлээж байгааг таахад бэрх. Юутай ч, 2018 он Кайли Женнерийн хувьд онцгой амжилт олсон жил болж байна. Жишээ нь, нэр хүнд бүхий “Тайм” сэтгүүл түүнийг сошиал сүлжээнд олны сонирхлыг татсан хамгийн нөлөө бүхий хүн хэмээн онцлоод, инстаграмд байршуулсан Кайлигийн шинэхэн төрсөн бяцхан охин Стормитайгаа хамт  авахуулсан фото зураг ганц хоногийн дотор  бараг 15 сая “лайк” цуглуулан хамгийн их алдаршсан зургийн тоонд орлоо гэж бичжээ. Тэрээр “Эй-Би-Си” телевизийн нэрт хөтлөгч Райан Сикресттэй ярилцахдаа “ Би 30 нас хүрэнгүүтээ олны анхаарлаас холдож, гэр бүлийнхээ хамт Малибуд  эдлэн газар аваад фермерийн аж ахуй эрхлэн, дэгдээхий тэжээх болно” гэж хэлжээ. 

-Кайли, энэ жил чамд олон сайхан үйл явдал тохиолоо. Жаргалтай байна уу?
-Тиймээ, тэгэлгүй яахав. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан үе юм. Би шүтэн бишрэгчидтэйгээ энэ баяраа хуваалцахыг хүсэж байна. Бид бүгд л өөрийгөө нээхийг оролдож, алдах үедээ алдан, ямар нэгэн зүйл шинээр хийхийг хичээдэг. Миний хувьд энэ нь арай өөр харагддаг байх л даа, бүгд л намайг ажиглаж байгаа шүү дээ. Би одоохондоо залуу байна. 25 нас хүрэхээрээ  юу хийх ёстой вэ гэдгээ бүрэн дүүрэн ойлгох байх аа. Гэхдээ би цагийг үргэлж хөгжилтэй өнгөрөөх болно.  
-Энэ үг ялангуяа, чиний шүтэн бишрэгчдийн чихэнд таатайсонсогдох биз. Ингэхэд чи сошиал сүлжээнд байгаагаасаа илүү сонирхолтой харагддаг. Чамайг инстаграмд 112 сая захиалагчтай, твиттерт 23,5 сая дагагчтай гэсэн мэдээлэл байсан...
-Миний бодлоор,  ганц би ч биш надаас өөр олон хүн сошиал сүлжээнд сонирхолтой харагддаг байх аа. Гэхдээ снэпчат юм уу, эсвэл инстаграмд тавьсан найман секундын дүрс бичлэгээс тухайн хүний талаар гүйцэд ойлголт авах боломжгүй. Би инстаграм, снэпчатад хүмүүст харуулахыг хүссэн юмаа л байршуулдаг. Та ойлгож байна уу...Гэхдээ хэн ч хардаггүй өөр тал надад бий. Хүмүүс намайг нүүрээ сайхан будаж, үсээ гоё засаж, өндөр өсгийт өмсөж, хээнцэр дэгжин хувцасласан байхыг харахыг хүсэж байгааг ойлгож байна. Тэд надтай гудамжинд тааралдвал намайг танихгүй л болов уу. Би хувцасаа солиод энгийн явах дуртай. Цаг ямагт гоё харагдахыг хичээх нь үнэхээр ядаргаатай. 
-Уучлаарай, хэчнээн их алдаршиж байгаа ч гэсэн зарим нь чиний бизнесийг сууриараа амархан ганхаж болзошгүй гэх юм...
-Үүнийг цаг хугацаа харуулах болов уу. Би хувьдаа насан туршдаа гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж, худалдана гэж бодож байгаа. Дараа нь  Сторми охиндоо бизнесээ өвлүүлнэ. Тэр үүнийг ямар нэгэн байдлаар өргөжүүлнэ гэдэгт итгэж байна. 
-“Карандашьяныхан”  гэсэн ганц үг чиний амжилтад онцгой нөлөөлсөн. Үүний адил Кайли Женнерийн охин ээжийнхээ амжилтын хүчээр нэрд гарах болов уу...
-Юутай ч миний охин эрүүл чийрэг сайхан хүн болж өснө гэдэгт итгэлтэй байна. Түүнийг өөрийнхөө чадлаар ээжийнхээ бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх хүн болгохын тулд би өөрөөсөө хамаарах бүх зүйлийг хийнэ.  Би 9 настайдаа анх “Кардашьяныхан ” гэсэн реалити-шоунд орсон.  Би эхээс зургуулаа. Бид зургаа эцэг өөртэй ч эвсэг найртай амьдарч ирсэн. Ээж минь хүүхдүүдээ бие дааж амьдрахад гол нөлөө үзүүлсэн хүн. Би жинхэнэ “брэнд” болохын тулд чадах бүхнээ хийсэн. Эхлээд би эгч Кендалл шигээ загвар өмсөгч байсан. Богинохон хугацаанд амжилт гаргаж чадсан. Гэхдээ миний бизнес уруулын будаг зарахаас эхэлсэн. Эхлээд уруулын будаг дараа нь хувцас интернэт дэлгүүрээр зарсан. Ингэж дэлгүүр ажлуулахдаа бараагаа өөрөө рекламддаг байсан. Нэг үгээр хэлэхэд, цахим ертөнц миний амжилтын гол талбар болсон. 
-Яагаад загвар өмсөгчийн ажлаа орхин, гоо сайхны бүтээгдэхүүн худалдах болов?
-Хувийн бизнес эрхлэх нь илүү сонирхолтой санагдсан. Би загвар өмсөгчөөр ажилласан бол одоогийнх шиг сая, сая долларын орлоготой ажиллаж чадах байсан эсэхдээ эргэлзэж байна. Эмэгтэй хүнд макияж их нөлөөлдөг учраас гоо сайхны бүтээгдэхүүн гаргасан. Энэ нь ямар чухал үүрэг гүйцэтгэдэг вэ  гэдгийг бидний өдөр тутмын амьдралаас харж болно. Тийм учраас “Кайли Косметикс”компанийг байгуулсан. 2015 онд Зул сарын баярын өмнө бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж эхэлсэн. Мэдээж, Кендалл Женнер их тусласан.Тэр миний рекламыг гардаж хийсэн.
-Илжиг шиг зүтгэлтэй Кардашьяныханы золиос болж магадгүй гэж жаахан ч гэсэн эмээхгүй байна уу?
- Яагаад золиос болно гэж? Би энэ талаар юу ч боддоггүй. Манайхан бүгд л өөрийн гэсэн бизнестэй. Үүнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг. Хэн нэгнийгээ золиослох шаардлага ч гардаггүй. Би өөртөө хайртай тул өөрийгөө юунд ч золиослохгүй гэж санадаг. Би өөрийнхөө “арал” дээр байгаа тул бусдын хэрэгт оролцдоггүй. 
-Ингэхэд чамайг бас чиний эгч нарыг амьдралд нь тааралдсан эрчүүдийг өөрсдийнхөө “сүүдэр”-т байлгадаг гэдэг? Трэвис мөн нэгэн адил уу, тэр их авьяаслаг рэп шүү дээ.
-Манайхны талаар гарсан ямар нэгэн дэгс мэдээлэл, нийтлэлийг би маш амархан мартдаг. Миний охины аав Трэвис хүртэл чи юмыг ингэж хурдан мартаж чаддаг юм бэ гэж асуудаг л даа. Би өөрөө ч гэсэн үүнд гайхдаг юм. Трэвис элдэв янзын мэдээллийг маш бухимдан хүлээж авдаг. Олон хүн манай гэр бүлд дургүйг мэднэ. Үүнийг яалтай ч билээ. Харин “Кардашьяныхан” реалити шоу ийм олон жил телевиз үзэгчдийн сонирхлыг татаж байгаа нь гайхалтай.
-Чамайг бас реалити шоу гаргах гэж байгааг сонссон?...
-Тиймээ, “ Кайлигийн амьдрал” гэсэн реалити шоу...Бэлтгэл ажил нь эхэлчихсэн...Ажил ихтэй байгаа тул заримдаа ядарсандаа уйлчих шахах юм/инээв/
-Чи хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?
-Өчигдөр..
-Юунаас болж тэр вэ?
-Трэвистэй ам муруйсан юм. Нэг их сүртэй юм болоогүй. Би нэлээн ядарсан байсан. Тэгээд уурандаа уйлсан. Цагийн дараа бид эвлэрсэн. Бидэнд хөөрхөн Сторми байна. Би Трэвист “Сторми” гэсэн нэр бичсэн гинжин зүүлтэй болмоор байна гэж хэлж байсан юм. Харин 21 насны төрсөн өдрөөр минь Трэсвис миний хүсэж байсан тэр гинжийг надад бэлэглэхэд би ямар их баярласан гээч...Миний төрсөн өдөр Трэвис намайг өглөөний 6.00  цагт дуудаж сэрээсэн. Нар мандаад удаагүй байсан. Бид цэцгээр бүрхсэн замаар яваад л...Эргэн тойронд хийл хөгжмийн аялгуу эгшиглээд л...
-Ямар романтик юм бэ?
-Энэ чинь Трэвисийн л ач...Чөтгөр ч гэсэн зүрхтэй байдаг гэсэн үг бий шүү дээ /инээв/
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.