НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хэтийдсэн хэнээ буюу "Давс нь ихэдсэн хоол"

Б.Чимид     Нийтлэгч
2 сарын өмнө /2019-01-02 22:00:06 GMT +8 / | 727 удаа уншсан

Бурхан, хүмүүнд их сонс гэж хоёр чих, бага ярь гэж ганц ам заяасан гэх. Магад ч үгүй. Хоёр ам заяасан бол өрсөж яриад ямар аюул гарахыг хэн мэдлээ. Тэгтэл өнөөдөр аманд орсноо ярьж, болох болохгүйг хэлж, хуучнаар бол хэлээр үйлдэх нүглийг их хийдэг болж. Түүнийхээ учир утгыг ч муухан ойлгож, бурж л байвал болоо юм биш үү болж.  
Биднийг хүүхэд байхад “Хөндий  хамар дор хөндлөн зураас байна гэж битгий чалч” хэмээн зэмлэх нэгэн байсан бөгөөд бид тэднээсээ эмээдэг байжээ. Тэгээд ч даруулгатай өссөн. Түүнийг ах, захынхаа үгийг сонсох ёс хэмээн бодож байсан. Үг нь олшроод ирвэл үйл дутаад ирдэг. Манайд "Урт хошуу толгой ороодог, Урт хормой хөл ороодог" гэсэн зүйр үг байдаг. Юутай ч хамиургатай яриа  хөөрөө,  хатамжтай ажил алба энэ цагийн хамгийн эрэлт хэрэгцээт зүйл болохоор байна. 
Бидний эцэг бага залуудаа хүрээ хийдэд шавилан сууж, эрдэм номт багш нарын дэргэд өссөн болохоор ном эрдмийг их шүтдэг, эрдмээс илүү сайхан юм байхгүйг мэддэг хүн байв.  Юм цөөхөн чанартай байхдаа сайн гэдэгсэн. Нэгэн үе хамаг эрдэмт багш нар нь баригдаад явахад “Сайхан цаг устлаа” гэж байсан ч 1990 оны хувьсгалын дараа жалга болгонд сүм дугана баригдаад эхлэхэд аав, манай баядын арван хошуунд  ганц сүм байж бололгүй яахав, би шинээр барьж байгуулж байгаа юм биш, сумандаа байсан хийдээ л сэргээж байгаа юм гэж хэлээд Увс аймгийн Малчин суманд байсан Ганданраашдаржаалин хийдээ 1993 онд 83 насандаа хуучин дуганыг нь буулган шинэчилж сэргэн босгосон удаатай.
Тэгээд л юм олшрохоороо л чанар нь мууддаг” гэсэн үг нь надад одоо болтол хадгалагдан үлдсэн. Аавын ярьж байснаас санаа авч ганц нэг асуудалд  шүүмжлэнгүй ханддагаа энд сийрүүлэе. 
Одоо хамгийн үнэгүй юм “хадаг” болж. Хаа л бол хаа зүүлттэй байдаг түүнийг хадаг, бэлгэдэл гэхээсээ илүү зэрвэс харахад хог новш шиг л харагдаж байна. Нэг сошиал мэдээн дээр хадаг уясан мод нь ургаж бүдүүрээд, хадаг нь мод руугаа шигдээд орчихсон, өөрөөр хэлбэл “хүзүүгээ боомилж буй дүр зураг”  харагдаж байсан. Тэгээд түүнийг хэрчин тасалж, биеийг нь чөлөөлсөн байна лээ. Одоо ганц сондгой мод, уул овоо, гүүр гарц, ер хадаг гэх тэр өнгийн даавууг уяагүй, зүүгээгүй газар алга. 
Биднийг багад хадаг гэж маш ховор эд, тэд бүгд өөр өөрийн нэр, утга учир зиндаатай, зураг хээ, бичиг дардас нь урлаг, бурхныг орлосон, шүншигтэй эд байжээ. Баранзад, Аюуш, Вандан, Нанжвандан, Самбай, Ахар богино хадаг энэ тэр гээд эдийн дээд хэмээн бэлэгшээж ирсэн түүхтэй. Одоо бол  намайг харахад өнгийн торго л гэхээс биш, түүнд ямар нэгэн утга учир шингэсэнгүй. 
Овоо, хад, чулуу, модон дээр дааж ядтал нь зүүсэн хадгийг хүн хараад баясах уу.  Яг үүнтэй төстэй хүрээ хийд олшрохын хэрээр лам нар гэх “ташуу энгэртэн” дэндүү олширсон нь бас л нэг хэтэрсэн хэнээ. Монголд шарын шашин дэлгэрч, Манжууд Монголын бүх эр хүн бүгдийг лам болгож, нийгмийн тустай хөдөлмөрөөс чөлөөлж, сүм хийдэд суулгасан хийгээд эхнэр авах ёсгүй шашны дэг жаяг нь монголчуудыг өсгөхгүй гэсэн цаад бодлогын үр дагавар байсан гэдгийг судлаачид тэмдэглэж байна. 
 Үнэндээ Зуугийн нэг нь дутуу бичигтэй, Зургаагийн нэг нь дуганд олбогтой байсан цагийг нэг их сайхан цаг гэх нь ч юу л бол. Ялангуяа шашин ном хөгжиж, хуучнаа сэргээх, шашны зан үйл дагаад нэгэнт бий болчихсон ёс заншлийг эвдэлтэй биш ч, эрдэм ном багатайхан, нэгэнтэй О.Дашбалбарын  шүлэглэснээр “Шинэ цагийн хуврагууд гар дагуулан харахад” гэдэг шиг болчихсон, нийгмийн туст хөдөлмөрөөс холхон, хурал хурж, өдөрт манж хүртсээр суух олон түмэн лам нар улс орны хөгжилд сайн сайхан юм юу авч ирэх бол. Үүнийг сайн бодолцож бас нэг хэмжээ хязгаар тогтоомоор ч юм шиг. Тухайлбал тойргийн сумуудад, эсвэл байршил, хүн амын нягтрал зэргийг харгалзан сум дугана нээх зөвшөөрөл өгөх ч гэдэг юм уу, ер нь л нэг баримжаа хэрэгтэй байна. 
Манай монголд гаднын шашин, түүний урсгалууд бүгд орж ирлээ. Төр, шашин хоёр тусдаа байх, төрөө дээдэлж, шашнаа хүндэтгэж байх хуулийн дор амьдрах ёстой атал “даншиг” хэмээх  шашны баярыг төр оролцон зохион байгуулж байгаа нь нэг ёсны буруу үйл ажиллагаа.
 Одоо улсад хийж байгаа юм чинь удахгүй аймаг болгон даншиг хийж, дараа нь сум, баг бригад даншиг хийхдээ тулна. Үүнийг бага дээр нь эмхэлж авахгүй бол горьгүй нь. Ер нь хэтэрсэн юм хир давдаг.
Нэг хэсэг Ю.Цэдэнбалыг буруутган, өөрөө их тойрон хүрээлэгчтэй байсан мэтээр баалж, алдар цолыг нь хурааж, хүний газар бурхан болоод ирсэн хөрсөн биеийг нь хөдөөлүүлснийх нь дараа  эхнэрийг нь тосч аван байцааж, монгол хүн битгий хэл хаана ямарч гүрэн улсад байдаггүй ааш аяг гаргаж байсныг мэдэх гэрчүүд нь өнөөгийн бид юм. 
 Нэг юм буруугаар эргэхэд түүнээс нэр цэвэр үлдэх, бүр тэр хүн хэлмэгдүүлж, тарчлааж зовоож байсан мэтээр ойлгуулах гэж тухайн үед олон хүн хачин зан гаргаж, эрүүл саруулаар сэтгэдэг хүнд бол жигшиж зэвүүцмээр ааш маяг үзүүлж байсан юм. Нэг жишээ хэлэе. Тухайн үедээ Улс төрийн товчоонд байж, Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга хийж явсан, хожим Ж.Самбуу дарга өндөр насалсан тэр үед Ардын их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч даргаар ажиллаж байсан С.Лувсан гэдэг хүн  байв. Тэр хүн нэгэнтээ "Ю.Цэдэнбал намайг асар хол Африкт /Алжир билүү, Египед билүү мартаж, Б.Ч/, цөлж байсан юм" гэх утгатай үг нэг ярилцлагандаа хэлсэн байдаг. Өндөр насны тэтгэвэрт суусан, хар багын хамт ажиллаж төрд зүтгэсэн найзыгаа жилд ганц хоёрхон хүн очдог шахуу тэр ам жим газар амраг гэж бодоод л томилчихсон байх гэж би боддог. Гэтэл цөлсөн гэж ирээд л ярих. Өндөр настай тэр өвгөнийг тэнд цөлөх шаардлага байгаагүй дээ. Үнэндээ төрд байх нас болоод тэнхэл нь тэнцэхгүй болсон байсан цаг шүү дээ.
 Яг үүнтэй төстэй  “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кинон дээр Ю.Цэдэнбалын дүр бүтээсэн гэж Ц.Төмөрбаатарт төрийн шагнал олгосон байсныг нөгөө муу Бал дарга маань буруудахад төрийн шагналаасаа татгалзлаа гээд л дүр бүтээгч маань “жүжиглэсэн”. Одоо Ц.Төмөрбаатар маань төрийн шагналтан гэж л яваа байх даа. 
Нөгөө Ю.Цэдэнбалын Монгол улсын баатар, Хөдөлмөрийн баатар болоод Маршал цолыг нь хураадаг шиг хураачихсан уу, яасан бэ. Гэтэл Ю.Цэдэнбалаар хэлмэгдүүлсэн гэх С.Жалан-Аажав “Ю.Цэдэнбал чинь биднээс тохой илүү хүн байсан юм” хэмээн үнэлсэн байдаг. Энэ хоёрын хооронд мөн ч их зөрөө байна санж. 
Юм хэтийднэ гэж энэ. Нэгэн удаа  Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановнад Монголын Анчдын Нийгэмлэгийн төв Зөвлөлөөс  “Тэргүүний анчин” цол тэмдэг гардуулж, гахайн дээр нэг хөлөө тавьчихсан, карбин буу барьчихсан зураг сонин дээр гарч байсан юмдаг. Тэр их шударга цариалсан хүмүүс энэ чинь юу болж байна аа гэж хэлсэн хүн тэр үед байсан юм уу ер нь.
 Тухайн үед Анастасия Ивановнаг  манайхан далдуур “авгай” л гэдэг байлаа ш дээ. Жаахан хэтрэх аядахад Ж.Самбуу гуай нэг удаа түүнийг 24 цагийн дотор Монголоос гарахыг шаардсан гэдэг дам яриа байсан. Үнэн, худал нь мэдэхгүй. Ямар ч байсан Ж.Самбуугаас эмээдэг байсан гэлцдэг юм. Тэр өвгөнөөс хойш жаахан даварсан нь үнэн байх. Тэгээд яахав хүний нүүрэн дээр үг хэлж чаддаггүй манайхны долгинуур зан нь хамгийн сүүлд өвгөнтэй нь “зайлуулах”-аас өөр аргагүй байдалд хүргэсэн дээ. Ю.Цэдэнбалтай холбоотой ном уншиж байхад манай улс төрийн товчоон дотор түүнд халдаад, эсвэл хамт олноороо ярилцаад зөвлөчих чацийтай хүн бараг байгаагүй. Бүхэл бүтэн Монголын төр барьж байсан Улс төрийн товчоо шүү дээ. Тэгээд л хамгийн сүүлд хуувилдан Орос руу явуулаад, эх оронд нь ирүүлэхгүй  цөлж  байгаад л нүдийг нь аниулсан. Би ингэж л гадарладаг.
Дээр би нэг дуугараад өнгөрсөн. Юмны тоо нь олшроод ирэхээр л чанар нь муудаж, үнэ цэнэ нь барагддаг гэж.  Ямаан сүрэг өссөн нь сайн боловч Монголын цөлжилтөнд ямар их сөрөг үр дагавартайг, Улаанбаатар хотын  төвлөрөл хэрээс хэтэрч гэр хороолол ихсэн, агаарын бохирдол, утаа униар гамшгийн хэмжээнд хүрч, дархан цаазат уулын нэг ам, тухайлбал Зайсангийн аманд 70-аад байгууллагад аялал жуулчлалын гэдгээр зөвшөөрөл өгч тэд аялал биш, орон сууцны хороолол босгож, дархан уулыг дархан биш болгох ажлыг БОЯ-ны сайд асан  У.Барсболдийн шийдвэрээр олгож, хотын 3 хүн тутмын нэг нь шинэ хуучин машинтай болж түгжрэл үүссэн зэрэг цөөн байхаар гологдоод, олон байхаар илүүдээд, болж байгаа юм гэхээсээ илүү ийм юм болох муу үр дагавар байна гэдгийг олж харсан нь юу л бол. 
Ямарч улсын нийслэл хот тусгай статустай байдаг. Хүн амьдрах, оршин суух газраа өөрөө сонгоно гэх  утга бүхий Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ гээд манай үндсэн хууль сахиулагчид гэх үү гомдол гаргаад л чөлөөтэй нүүдлийг эхлүүлсэн нь ийм  байдалд хүргэсэн.  Зүй нь амьдралаа удирдаж байгаа нийслэл хот өөрөө энэ асуудлаа журамлаж, хэнээс ч хараат бус хөгжих бодлогоо хэрэгжүүлэх ёстой баймаар. 
 Өнөөдөр Улаанбаатарт хэд хэчнээн ч их дээд сургууль байгаа юм бэ. Оюутны хотхоныг Налайхад гаргана гэсэн тэр сураггүй боллоо.  Зарим сургууль элсэлт авч чадахаа байж байна.  Тэнд босго оноо энэ тэр бүр хамаагүй болсон. Зарлаж байгаад л элсүүлж байна. Сурах, төгсөх нь хамаагүй, дипломтой л болж байвал болоо. Цаана нь ажлын байр байна уу,  үгүй юу, нүд аниад л дайрч байна. Энэ бүхнийг шүүмжлэгчийн байр сууринаас  хэлэх гэсэн юм биш. Юм хэтийдээд ирэхээрээ л юу ч биш болдогийн наад захын жишээнүүд. 
Эцэст нь олширхоороо муу биш, сайн үр дүн дагуулдаг нэг л юм байна санж. Тэр нь ой мод олшрох, хот цэцэрлэгжин мод ургамлаар дүүрэх явдал. Үүнд л Монгол орныг цөлжилтөөс аврах болоод  амьдрахуйн гайхамшиг шингэж байна биш үү. Энд л хэтийдэлт алга. Харин ч дутагдаж байгаа зүйл гэж хэлнэ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.