НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ӨНГӨРСӨН СУРГАМЖТАЙ, ИРЭЭДҮЙ УЧИР БИТҮҮЛЭГ, ӨНӨӨДРӨӨР АМЬДАРМУЙ

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
3 сарын өмнө /2019-02-12 14:24:47 GMT +8 / | 1849 удаа уншсан

Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд (БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга. Ред.) төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат агрономич Шаравын Гунгаадорж гуайг урьж оролцуулсан юм. Тэрбээр XYI жарны гал хулгана жилийн (1936 он) хаврын тэргүүн сарын шинэдээр  Дорноговь аймгийн Их хэт сумын нутагт эхээс мэндэлжээ. Нутагтаа бага дунд сургуулийг дүүргэсэн.  Улмаар 1959 онд ЗХУ-ын Москва хотын К.Тимирязовын нэрэмжит ХАА-н академийг төгссөн. Ажлын гараагаа Амгалангийн САА- н ерөнхий агрономчоос эхэлж, ХААЯ, Сангийн аж ахуйг удирдах газар, МАХН-ын ТХ-нд ажиллаж байсан. 1968 оноос ХААЯ-ны орлогч сайд. 1975 оноос Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн дарга, САА-н яамны нэгдүгээр орлогч сайд, Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ХААЯ-ны сайд, СнЗ-ийн орлогч даргын ажлыг хашиж байгаад 1990 онд Ерөнхий сайдын албыг хашсан билээ. Тэрбээр хожмоо БНАСАУ, Казахстан улсад элчин сайдын албыг хашсан. 2000 оны парламентийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож мөн л Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан байна. Түүний амьдрал Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын амьдралтай 60 гаруй жил нэг ч өдөр салшгүй холбоотой явж иржээ. 1997 онд “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-г үүсгэн байгуулсан хүн билээ. Өдгөө ч энэ холбоогоо аваад явж байна. Игээд Шаравын Гунгаадоржтой хийсэн ярилцлагыг манай сонин цуварлаар түмэн олон уншигчиддаа толилуулж байна. Таалан соёрхоно уу.


-Би Таны тухай 2004 онд хэвлэгдсэн “Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж” номыг уншлаа. Энэ ном Таныг УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга байсан үеийг хамруулаад өндөрлөжээ. Үүнээс хойш ер нь юу хийж бүтээж байна? Би Таны хийж буй ажлын талаар бас чамгүй сонсож дуулсан.
-УИХ-ын гишүүний ажлаа 2004 онд өгчихөөд бас зүгээр байгаагүй ээ. Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын зөвлөхөөр ажилласан. Бүр гурван намын дөрвөн сайдын зөвлөх байсан шүү. (инээв.) Сайд У.Барсболд, Г.Шийлэгдамба, Эх орон намын И.Эрдэнэбаатар гээд залуучуудтай нам, улс төрөөс үл харгалзаад ажилласан шүү. Ингэж явахдаа 10-аад жил Өгийн нуурыг хамгаалах Монгол-Японы том төслийг Байгаль орчны яамны газрын дарга байсан Дамдин бид хамтраад хэрэгжүүлсэн. Өгийн нуурын урд тал дээр хэдэн байшин барьсан. Өгийн нуурыг сурталчлах, хайрлаж хамгаалах ажил хийсэн нь тэр. Өгий нуур чинь Орхон голд цутгадаг. Орхон голын урсгал нь багасаад ирсэн учраас энд хамгаалах ажил хийх нь маш чухал ач холбогдолтой байсан. Жуулчид эргэн тойронд нь ихэссэн. Загас агнуурын үлэмж нөөцтэй нуур. Иймд нутгийн ард түмэнд болон жуулчдад Өгий нууртаа элэгтэй хандах чиглэлээр ажил зохиож 2012 он хүртэл ажилласан. Байгаль орчин чинь хүний хандлагаас болж их доройтно шүү дээ. Одоо тэр төслийн үлдээсэн байшин барилгыг нутгийн олон ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны үйл ажиллагаагаа Атрын гуравдугаар аянтай холбож ажилласан. Ер нь газар тариаланг сэргээх чиглэл дээр ажиллаж байна. Хөдөөгийн хөгжлийн асуудал, газар тариалан үйлдвэрлэлд баримтлах бодлогын талаар санаа оноо их цуглуулах юм.
-Танай тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо чинь нилээн эртний холбоо байх аа? Таныг Монгол Улсаас Казахстанд элчин сайдаар ажиллаж байх үеэс хойно байгуулагдсан уу,  урд нь бил үү, юу болох билээ.
-Манай холбоо чинь 1997 онд байгуулагдсан. Би тэр үед Казахстанаас ирээд хөдөөгүүр явтал Монголын газар тариалан гэдэг маш хүнд болчихсон. Нөгөө технологи бүү хэл техник нь байхгүй. Услалтын систем устчихсан байсан. Зүрх шимширч байлаа. 
-Тань шиг бүх насаа газар тариалан, хөдөө аж ахуйтай холбосон хүн аргагүй. Гэтэл зэргэлдээ байдаг Казахстан үр тариагаараа гайхуулж байдаг. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь үр тариа байдаг.
-Тэгээд л энэ холбоог байгуулах ажилд орсон юм. Сургалт, судалгаа, сурталчилгаа явуулсан. Том хөтөлбөр гаргаад 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед батлуулаад яваад байсан. Уранш хөтөлбөр, үр хөтөлбөр гээд үр гаднаас оруулж ирж үржүүлээд явсан. Ийм мэтийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Японы К-2, К-1 төслүүдтэй ч хамтарч ажиллаад явсан. Ингээд сүйрлийн ирмэг дээр очсон газар тариалан маань хамт олон, хувь хүмүүсийн дэмжлэгээр алхам алхамаар бойжсоор байгаад Атрын гуравдугаар аянтай золгож Засгийн дэмжлэгийн гарт очсон юм. С.Баяр, хөөрхий, 2007 онд улс төрийн шийдвэр гаргасан нь маш чухал арга хэмжээ болсон. Дарханд С.Баяр Атрын гуравдугаар аян гэж зарласан явдал улс орон даяар гал асч байгаа юм тариаланчид сэргэсэн. Ер нь бол газар тариалангийн салбарт юу хийх вэ, яах вэ гэдэг асуултанд бидний боловсруулсан хөтөлбөр ерөнхийдөө хариу өгөөд 1998 оноос л боловсрогдоод яваад байсан. Атрын гуравдугаар аяныг яаж хийх вэ гэдэг бодлого, хөтөлбөр нь бэлэн болчихсон байсан. Мэргэжлийн хүмүүс, хүрээлэн, хөдөө аж ахуйн сургууль, манай холбоо бэлэн болгочихсон байсан даа.
-С.Баярын Засгийн газар гарч ирээд “Таван төгөлдөршил”-өө зарласан. Тэгвэл тэр үед, С.Баяр “Таван төгөлдөршил”-өө зохиож байх үедээ Та бүхнээс санаа оноо авсан явдал байна уу?
-Ярьдаг, уулздаг, зөвлөдөг юм байсаан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхаас нь л би уулздаг байв. Намын дарга байхад нь уулзаж байв. Нэг удаа бүр гурван цаг гаруй ярьж байлаа. Баярыг ер нь би нэг олигтой таньдаггүй байсан юм. Ерөнхий нарийн бичгийн дарга байхад нь анх уулзаж олон цаг санаа оноогоо солилцож бид хоёр нилээн ойр дотно болж байв. 2009 оноос Атрын гуравдугаар аян чинь нилээн жигдэрч, эрчээ авч эхэлсэн шүү дээ.
-Та 1990 оны гуравдугаар сараас есдүгээр сард улс орны улс төрийн байдал маш ээдрээтэй үед Ерөнхий сайдын алба хашсан. Тэр үед 1990 оны намар хүртэл манай улс үр тариа гэхэд 750 орчим мянган тонныг хураадаг байжээ. Хүн ам маань хоёр сая орчим байв. Энэ бол дотоодын нөөцөө хангалттай хаах гурил, гурилан бүтээгдэхүүн. Гэтэл 1991, 1992, 1993 он гэхэд бид Хятадаас хямд муу гурил оруулж ирсэн. Өттэй, ясны гурилд нь бүхэл яс явж байна ч гэх шиг. Цэргийн нөөцөд байсан гурил гэнэ ээ гэсэн яриа үүсч байв. Гурилыг картаар өгч эхэлсэн үе л дээ. Яагаад нэг, хоёр жилийн хооронд ийм байдалд оров? Учир нь юунд байв? Энэ бол яах аргагүй Таниас асуух асуулт байх.
-Энэ бол өмч хувьчлалыг буруу хийсэнтэй холбоотой. Сангийн аж ахуйг (САА) бодлогогүй тараагаад нэг тракторчин нэг трактортойгоо үлдсэн. Нөгөө нэг нь нэг комбайнтай. Бас нэг нь нэг анжистай юм уу тариалангийн хэрэгслээ талаар нэг тарсан. Хөдөлмөрийн зохион байгуулалт алдарч бутарсан. Нэгдмэл байж, хамтын хөдөлмөрөөр ажил бүтээл гаргадаг сайхан уламжлалт аж ахуй задарсан. Хөл толгойгоо мэдэхээ байсан.
-Газар тариалан гэдэг мал аж ахуйг бодвол хамтын хөдөлмөрийг онцгой шаарддаг. Та насаараа газар тариалантай ажил амьдралаа холбосон хүн Ерөнхий сайдаараа үргэлжлүүлж ажилсан бол энэ салбарыг монголчууд гадны ясны гурил зооглотол нь доош унагахгүй байсан байх гэж харамсдаг уу. Хятад химижсэн төмс идэцгээгээд. Зангидсан нударгатай гараас том том хөөчихсөн төмс. Өрөвдөлтэй байсан шүү, бид. Гурил, хүнсний ногоо авах гэж хамаг мөнгөө ургашаа тушаагаад эхэлсэн.
-Өнгөрсөн сургамжтай, ирээдүйг тааж хэлэхэд учир битүүлэг. Өнөөдрөөрөө амьдардаг хорвоо доо. Өнгөрсөн юманд хүн болгон мэргэн болчихдог. Гэхдээ нэг үнэн юмыг хэлэхэд эргэж бодоход би Ерөнхий сайдын ажлыг үргэлжлүүлж хашсан бол ядаж улаан буудай, төмс хүнсний ногоог тэгж доош нь унагчихгүй байсан байх гэж боддог. Яагаад гэвэл миний сайных биш, газар тариалан чинь миний мэддэг, чаддаг ганц ажил гэж хэлж болно шүү дээ. САА-г тэгж мөчилж байгаа юм шиг тарааж болохгүй байсан. Тийм юм миний ухаан санаанд ч багтахгүй байсан биз. Газар тариалан, мал аж ахуй хоёр тэнгэр газар шиг өөр. Ийм учраас энэ хоёр салбарт хувьчлалын бодлого, аргачлал өөр өөрөөр явах ёстой байсан. Ядахдаа эхний ээлжинд САА-г хувьчлахдаа хувьцаат компани маягаар эхлүүлэх хэрэгтэй байсан юм.
-Нээрэн Та САА гэдэг ямар ч утгаараа улсын хөрөнгөөр боссон гэж бичсэн байсан санагдана. ХАА-н нэгдэл чинь нэгдсэн, хоршсон, малаа  нийгэмчилж бий болгосон аж ахуй. Энэ утгаараа хууль, эрх зүйн хувьд ч шал өөр орчин бий болмоор. Нэгдэл нэг талаараа 30 жилийн өмнө нийгэмчилсэн малаа нэгдэлчин олон эргүүлж авч байгаа ч юм шиг.
-Нэгдэл бол САА-аас өөр явдалтай. Малчин хүн чинь “Миний нийгэмчилсэн мал” гээд байж чадна. САА бол огт өөр. Зөвхөн улсын хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар бий болсон аж ахуй. 
-Миний комбайн, миний трактор, миний анжис гэж хэн ч шууд утгаар нь хэлээд булаацалдахгүй нь байна шүү дээ. Тиймээс хувьчлалын шал өөр механизм хэрэглэх байж л дээ. Эрхэлж байгаа аж ахуйн онцлог нь шал өөр.
-САА-нууд дээр хэрэгжүүлсэн тэр хувьчлалын аргыг би одоо болтол хүлээн зөвшөөрдөггүй. Хэдийбээр хувьчлал хэрэгтэй байсан ч САА дээр хувьчлалыг азнах ёстой байсан. Зөв хэлбэр, аргачлалыг сонгосон бол газар тариалан нуран унахгүй байсан юм. Аажим аажмаар явуулах хэлбэрээр хувьд шилжүүлэх байсан. Ядаж хүмүүс нь хувийн өмч гэгчийн тухай мэдээлэл, мэдлэгтэй болох ёстой л доо. Хамтарч эзэмшдэг хөрөнгө гэж байна. Хоршиж эзэмшдэг хөрөнгө ч гэж байна.
-Гэтэл ганц трактороо авчраад гэрийнхээ гадаа сойчихдог. Удаан сойвол эцэстээ төмрийн хаягдалд  явна л даа. Тариа ногоогоо тарингаа хувийн өмчтөн болох байж л дээ.
-САА-н хэлбэрээс хувьцаат компани хэлбэр рүү үе шаттай шилжиж хамт олноороо эзэмших хэрэгтэй байсан. Тэгж байж өмчийн эзэд болж авсан бол яавч тэр газар тариалангийн хямрал нүүрлэхгүй байсан. Энэ хувьчлалын замыг тойрсон энэ Орхон Туул, Орхон энэ тэр чинь нилээн явсан шүү дээ. Ганц ургац авдаг газрууд нь болж үлдсэн. Гавьят О.Дашдэндэв талийгч, Алчайны Амжаа гавьяат нарын удирдаж байсан аж ахуй томоороо үлдсэн. Энэ мундагууд аж ахуйгаа авч үлдэж чадсан. Тэгэхдээ газар тариаланд төрийн бодлого, төрийн дэмжлэг дутсан. Би чамд нэг юм хэлье. Таван жилийн өмнө Казахстанд очлоо. Тэнд хувьчлал явсан уу, явсан. Гэхдээ САА нь том хэвээрээ байна. 30 мянган га, 40 мянган га-д тариалдаг хоёр том аж ахуй дээр очсон. Хүмүүс нь өмчийн эзэд. Гэхдээ аж ахуйн бүтэц, зохион байгуулалт нь яг хэвээрээ.
-Тариалах газар нь социализмын үе шиг гэсэн үг. Аж ахуй эрхлэх хэрэгслээ хувьчилчихсан хэрэг л дээ.
-Хэрэгслээ хувьчилчихсан, үйл ажиллагаа том хэвээрээ явдгаараа явж байна. Зах зээлийн урамшил, ашиг орлого нь тариаланчдад өөрт нь наалддаг учир социализмын үеийнхээс улам үр өгөөжтэй, сайн ажиллаж байна.
-Казахстан чинь одоо жилд дундажаар 15 сая гаруй тонн үр тариа хурааж авдаг юм билээ. Хүн ам нь 18 сая гаруй. Энэ утгаараа Таныг БНМАУ-ын ХААЯ-ны сайд байхад хоёр сая хүн амтай Монгол улс 750 мянга орчим тонн үр тариа хураадагтай дүйх шахуу ургацыг социалист Казахстан хурааж авч байсан юм билээ. Хэрэв бид казахууд шиг амжилтаа манаж чадаад газар тариалан дээр ухралт хийгээгүйсэн бол өдийд тэр үеийнхээсээ хоёр, гурав дахин ургац авах байж дээ. Таныг сайд байх үед үр тариа, гурил гадаадад экспортолж байсан шүү.
-Энэ салбарын буруу өмч хувьчлал бол 1990-1992 онд Засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Даваадоржийн Ганболдын л хийсэн ажил л даа. Яаруу сандруу, бодлого бодолгүй хийсэн САА-н хувьчлал олон жилээр газар тариаланг хохироосон. Арван хэдэн жил өттэй батганатай өөрийн хүний юмыг түүж идэж, ууж байсан. Энэ чинь бидний өөрсдийн буруу, тухайн үеийн Төр засгийн буруу бодлогогүйгээс САА гэдэг юмны утга учирыг сайн ойлгоогүйгээс болсон хэрэг юм.
-Таныг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажлуулна гээд 1990 онд АИХ-ын дийлэнх олонх болсон МАХН-ын депутатууд (Одоогийн МАН.ред) дотроо тохирчихсон байсан гэдэг. Тэгээд шинэ намуудын шахалтанд орсон ч юм уу, П. Очирбат гуай Төрийн тэргүүний хувьд Таныг биш Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр сонгосон. Хэрэв Та үргэлжлүүлж ажилсан бол газар тариалангийн энэ нуралт байхгүй байх байсан уу?
-Байхгүй байх байсан. Хүнс гэдэг бидний монголчуудын хувьд голлож мах, махан болон сүү сүүн бүтээгдэхүүн, гурил, будаа, үр тариа, төмс хүнсний ногоо шүү дээ. Мах, сүү бол зөнгөөрөө шахуу өсөж үржиж байдаг бэлчээрийн мал аж ахуйтай газар урсгалаараа болж бүтэж болно. Гэхдээ хэдий тийм ч зөв бодлого хэрэгтэй. Би бол САА-н үйл ажиллагааг тэр хүнд нөхцөлд ядаж манаж чадах байсан гэж боддог. Хувьцаат компанийн хэлбэрээр хамт олныг нь тараахгүйгээр ажлыг нь хийлгээд нураачихгүй аажуугаар хувьчлалыг хийх ёстой байсан.
-Тэгсэн бол үр тариа, төмс хүнсний ногоо байх байж. Маш олон хүн өмчийн эзэд болох боломж бүрдэх байж. Өнөөдөр моод болж яригдаад байгаа IPO гаргаж байгаа компани гэдэг шиг л болох байж л дээ. Гэтэл юун IPO байтугай, САА-нууд сөнөсөн шүү дээ.
-Техник хэрэгсэл нь бүтэн ашиглалтанд байж байгаад тракторч, комбайнч нар ажлаа хийгээд явж байх байсан. Ингээд зах зээлийн зөв гольдорлоор явах байсан. 1980-1990 он гэдэг газар тариалан, хөдөө аж ахуйн хөгжлийн оргил үе байсан. Тоо баримт хэлээд өгнө. 900-гаад мянган тонн тариа хурааж авч байсан жил ч бий. 1990 онд аж ахуйн үйл ажиллагаа нилээн назгай болчихсон үед гэхэд л 700 гаруй мянган тонныг хурааж авч байсан шүү дээ. Ингээд 1991 оноос 2008 он хүртэл тасралтгүй ухралт эхэлсэн.
-Таныг Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байх үед тариа овоо авч байж. Таныг ХААЯ-ны сайд байхад 846 мянган тонныг хураалаа гэж байжээ.
-Тийм.
-Бид Казахстан шиг байх боломжоо аль 1990-ээд онд алдаж. Өнөөдөр хэдий хэр хэмжээний үр тариа авч байна? Хүн ам маань гурван сая давчихаад байдаг. 
-300 гаруй, 400 мянга орчим тонн л байж байх шив дээ. Тэр үеийнхээ талыг нь авч байна шүү дээ. Ер нь 1982, 1983 оноос 1990 он хүртэл ургацаа тогтвортой авч байсан. Гандуу жил бол 680-н хэдэн мянган тонн. Сайн ургацын жил 900 мянган тонн дөхүүлээд авч байсан. Сайн байсан ургацын далай гэсэн нэр томьёо гарна шүү дээ. Гурил, үр тариагаараа экспортлож байлаа. Тэр үеийн ЗХУ одоогийн ОХУ-д гаргаж байв. БНАСАУ буюу Хойд Солонгост гаргаж байв. Бид чинь тэр үед их цамаархаж байсан. Солонгост хоёрдугаар гурилаа тэжээлийн гурил гэж нэрлээд гаргаж байлаа шүү дээ.
-Аяа яая яая, тэгээд биднийг бумерангийн зарчимаар шийтгэжээ. 1990-ээд онд ясны гурил идэх дээрээ тулна гэдэг. Яс, төмсний гурилыг чинь харин элдэв юмтай холиод мал амьтны тэжээл, тариа ногооны бордоо хийдэг юм гэсэн. Үр тариа чинь улс орны стартегийн гол бүтээгдэхүүн юм байна шүү дээ. Орост экспортолж байсан гэснээс В.Путин түүхэндээ анх удаа үр тариа ОХУ экспортолсон гээд их ач холбогдол өгч баярлаж байна билээ шүү дээ.
-Тэгэхгүй яах вэ. Үр тариа, улаан буудай гэдэг чинь стартегийн бараа. Бензинтэй зэрэгцэж очно. Зарим тохиолдолд бензинээс чухал болно. Үр тарианд хайш яйш ханддаг юм биш. Засаг төрийн бодлогын төвд байж зөв залж явуулах ёстой эд. Хувийн юм хувьчлагдсан гэж орхиж болохгүй хар хайрцагны бодлого дотроо барьж байх ёстой стартегийн бүтээгдэхүүн. 
-Хувьчлалаар нэг трактор, нэг анжисны эзэн болсон тариаланчид маань тэрийгээ үрэхийг нь үрээд алга болгохыг нь болгоод хот руу нүүдэллэн бөөн бөөнөөрөө орж ирсэн. Манай хамаатны ах Эрдэнэсантын САА-д гайгүй комбайнчин байсан нөхөр Улаанбаатарт орж ирээд Уурын зуухны кочегар болоод одоо болтол гал өрдөж нүүрс шатааж, утаа баагуулж явна. Уг нь ураншаа хийгээд тариагаа хурааж явсан бол мөн сайхан аа, тэр хүн. Эрүүл агаарт саруул ухаантай...
-Ганцхан танай тэр хамаатан биш. Хэдэн мянган хүн ажил албагүй болоод хийж бүтээх юм байхгүй хот суурин газар бараадаад тарчихсан. Тэр сайхан олон жил бэлтгэгдсэн, туршлагасан мэргэжилтнүүд алга болсон. Танай тэр хамаатан бэлтгэгдсэн л боловсон хүчин байгаа даа.
-1970-аад оны эхээр ЗХУ-ын Омск хотноо ТМС төгссөн мэргэжилтэн л дээ.
-Өөрсдөө чаддаг юм аа төрийн харалган, ургашгүй, ухаангүй бодлогоос болж зах зээлд огцом шилждэг хүмүүс болж чадахгүй болно гэдэг харамсаад барахгүй. Чаддаггүй юм аа чадах гэж зүтгэж яваад алдсан бол өөр хэрэг. Чаддаг юм аа чадахгүй болно гэдэг даана ч яав даа гэмээр. Одоо атар газар эзэмшсэний 60 жил болох нь. Гэтэл тэр үед дөчөөд жилийн туршлага, алдаа оноогоо газар тариалангийн салбар ардаа хийчихсэн байсан шүү дээ. Ямар ч л байсан үр тариа, буудай, төмс хүнсний ногоогоо тарьж чадаж байсан юм. 30 гаруй жил гэдэг том үйлс бүтээхэд бас харьцангуй бага хугацаа шүү дээ.
-Нээрэн 30 жил гэдэг нийгмийн амьдралд богино хугацаа юм. 1989 оноос хойш 30 жил болох нь. Өнөө ардчилал, хүний эрх, хууль шүүхийн өмнө тэгш байна. Баялгийг тэнцвэртэй хувиарлах гэдэг юм лоозон шахуу л байна даа. Гэтэл устгах, сөнөөх юм чинь урсгалаараа бүтдэг юм байна. Бүтээх, сэхээх, сэргээх юм чинь хэцүү бүтдэг юм байна. Гэхдээ уг нь газар тариалан, үр тариа, атрыг эзэмшихийг чинь бид Казахстантай ойролцоо л эхэлсэн юм билээ. 1959 онд манайх атар газар эзэмших анхны аянаа эхэлсэн.
-Казахстанаас тав, зургаан жилийн хойно л эхэлсэн дээ. Би 1957 онд Москвагийн Тимирязевийн хөдөө аж ахуйн академийн оюутан байхдаа зуныхаа амралтаар Казахстанд очиж ажилласан юм. Өөрөө хүсэлтээрээ хөөцөлдөж байж явсан. Зөвлөлтийн оюутан залуучуудтай Атрын тариан талбай дээр бужигнаж явлаа. Хожим Казахстанд элчин сайдын алба хашиж байхдаа ажил төрлийн холбоотой казах нөхдөд: “Би танай атар газрыг эзэмшихэд оролцсон анхны гадаадын тариаланч шүү” гэж наргиж хэлдэг байлаа. Миний ингэж хэлэх бас учиртай. 1957 онд ЗХУ-д өөрийн бүх оюутнуудаа тариа ногоо, атар газар луу туугаад явуулсан мөртлөө гадаад оюутнуудыг явуулдаггүй байв. Тодорхой шалтгаан байсан байх л даа. Тэгэхээр нь гуравдугаар курсын оюутан би сургуулийнхаа ректор дээр давхиж орсон. Учир байдлаа хэлж, атар газар эзэмшиж байгааг үзэх, тэнд ажиллаж үзмээр байгаагаа учирлан хэлж өргөдөл өгсөн. Ректор өргөдлийг маань цохож өгсөн. Ингээд ангийхантайгаа хамт эсгий дэвссэн товарын вагоноор Казахстаны талд очсон доо. Гурван сар өлсөж цангаж, нойр хугаслан ажиллаж үр тариа гэдгийг чинь биеэрээ мэдэрлээ шүү дээ. Одоогийн энэ Казахстаны нийслэл байгаа газар тэр атар газрыг эзэмших их үйлс явагдаж байлаа.
-Нээрэн тэр үед Астана чинь Целиноград гэдэг нэртэй байсан шүү. Атарын хот ч гэж орчуулмаар юм уу. Та бас сүрхий зорилготой оюутан байж. Ирээдүйд үр тариа, хүнстэй насаараа ноцолдоно гэдгээ мэдэж явсан юм шиг.
-Тэр үед 21 настай хүүхэд надад тийм гүн гүнзгий бодож санасан юм байхгүй л дээ. Хувь заяаны хүний нэг тавилан гэдэг юм байна л даа.
-Гэхдээ тэр том сургуулийн ректор дээр хэрэг болгож ороод явсан байна шүү дээ. Оюутан хүн чинь нутаг руугаа амралтаараа буцья гэж бодно шүү дээ.
-Нутаг руугаа буцахыг бодолгүй яах вэ. Түүнээс чухал сэтгэл татах юм болж байсан юм. 1957 оны зун Москвад Дэлхийн оюутан залуучуудын их наадам, фестиваль болсон юм. Ямар сайндаа манай оюутан найз нөхөд “Чи тэнэг. Ийм сайхан юм болох гэж байхад юм үзэж хөгжиж цэнгэхээ боддоггүй, тэнэг юм. Тэр Казахстаны юу ч юм газар луу явж байдаг” гэж буруушааж байсан. Би яах вэ, явж юм үзмээр санагдаад гэж л хэлж байсан даа. Түүнээс сүрхий амьтан нэг их илүү нарийн бодолдоо хөтлөгдөөд тийшээ явсан биш юм. Нэг муу тийм далд мэдрэмж хөтөлсөн байж магадгүй. Миний агрономич болох цааш цаашдын юмыг тэр Казахстаны атар газар тавьж өгсөн байх гэж одоо л боддог юм. 
-Та 1959 онд төгсөж ирээд Атрын анхны аяны бодлогын чанартай хөтөлбөр, ажилд нь оролцсон хүн юм байна билээ шүү дээ. Тэгэхэд тэр Казахстанд биеэр амсаж эдэлсэн туршлага маш хэрэг болсон биз?
-Бололгүй яах вэ. Атар газрыг эзэмшинэ гэж юу билээ гэж надад эргэлзэж бодох юм байхгүй болсон байв. Казахстаны тэр цэлийсэн талд атар газар хагалж, үр тариа ургуулах тэр л юм манайд болох нь гэж бодож сууна шүү дээ.
-Хуучин танилтайгаа уулзсан юм шиг л болох нь ээ дээ.
-Тэгж хэлж болно. Ирээд шууд атар луу очоогүй юм шүү дээ. Намайг Амгалангийн САА-н ерөнхий агрономчоор томилсон. Би чинь яам тамгын газар ажилмаар байна гээд сургуулиа гайгүй сурлагтай төгссөндөө дулдуйдаад хөөцөлдөж явсан. Гэтэл Ц.Лоохууз гуай “Чиний тэр улаан ногоон дипломтой төгссөн хамаа байхгүй. Томилсон газар луу дуугүй яв” гэсэн. Тэгээд 1959 оны найман сард очоод 1960 оны зургаан сар болж байхад хөөрхөн тэндээ дасчихсан байлаа. Их том аж ахуй байсан юм. Амгалангийн 2000 ам.метр талбайтай шилэн дарлага, 69 айлын орон сууц, 500 тонн ногоо хадгалах зоорь, Үйлдвэр комбинатын районд байгуулсан 5000 ам.метр талбайтай шилэн хүлэмж, 500 тоннын зоорь, жилдээ 180 тонн нарийн ногоо даршлах цех зэрэг байгууламжийг Хятадуудаас бүтээж бидэнд нийлүүлсэн байв. Энэ том цогцолборыг 1958 онд монголчуудад хүлээлгэж өгсөн хэрэг. Аж ахуй маань Толгойтын зүүн, баруун салаа, Чингэлтэй уулын ам, Сэлбэ, Шарга морьт, Гачуурт, Улиастай, Баянзүрхийн ам, бүр урагшаа Мааньт, Хоолтын даваанд байсан. Хотыг тойрсон хэдэн аманд тэр аж ахуй байлаа. Төр хурахын аманд булагны, хар үнэгний аж ахуй байсан. Хотыг тойроод үнээний фермүүд байлаа. Хүнсний ногооны аж ахуй. Малын ногоон тэжээл, наранцэцэг, овъёос, бусад үр тариа тарьж байв. Өргөст хэмх, улаан лооль, чинжүү, байцаа, гоньд, салат зэрэг 24 нэр төрлийн нарийн ногоог тарьдаг. Наадмаар эрт ургацын ногоо нийлүүлдэг байв. Шилэн хүлэмжийн ногоо жилийн дөрвөн улиралд ургацаа өгдөг байлаа. Өдөртөө 3000 гаран литр сүү өгдөг эрлийз үүлдрийн үнээний дөрвөн том ферм байв. Халиун бугын нэг бригад байсан. Баян сумын наахантай улаан буудай тарина.
-Та чинь Улаанбаатар хотыг хүнсээр хангаж ажлынхаа гарааг эхэлсэн хүн байна шүү дээ. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам 300 гаруй мянга л байсан байх даа. Захын хорооллын айлууд саалийн үнээ, ямаатай байсан цаг байх.
-Хүнсний ногоо тарина гэхэд хятадын хоёр том эрдэмтэн бидэнд арга зүйн зөвлөлгөө өгч, туслан ажиллаж байсан юм. БНХАУ-ын ШУА-ын сурвалжлагч гишүүн эрдэмтэн хүн надад их үлгэр дууриалал болж, их юм зааж өгсөн дөө. Жан Зы Зынг гэж Бээжингийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч хүн байсан. Асар их мэдлэг туршлагатай, үлэмж их хүлээцтэй, даруухан хүн байсан шүү. Тэр хятад эрдэмтнийг харахаар “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруухан” гэдэг л бодогдоно доо. Би “Ява” гээд мотоциклио унаад энэ том аж ахуйгаа тойрч ажлаа хийнэ.
-24 төрлийн нарийн ногоо тарина гэдэг тэр үед бас сонин юм.
-Одоо тарьж чадахгүй байгаа энэ навчлаг ногоонуудыг чинь тэр үед тарьж л байсан юм даа. Буйцай, жууцай гээд тарина. Би одоо боддог юм. Манайхны энэ Хятадаас оруулж ирээд байгаа навчлаг ногоог чинь тэр үед л тарьж, ургуулж байсан даа. Үүнийг өөрсдөө тарьчихаж болмоор юм даа гэж бодогдоно. 1959 оноос бид энэ ногоог ургуулж төрийн тусгай хэрэгцээнд, гол төлөв гадны зочин гийчдэд зориулж нийлүүлж байсан юм шүү дээ. 
-Би гадаадад явж байгаад эмнэлгийн тарианы дусал шиг юмаар ногоо, жимсийг хөрсгүй ургуулж байхыг хараад их гайхаж байж билээ.
-Бид хайрганд ургуулж байлаа. Би оюутан байхдаа лабораторид бас нэг юм үзсэн юм. Хайрганд биш усанд ургуулдаг. Тэр надад санаанд ороод усанд ургуулж болсон юм энэ голын жижиг хайрга аваад ургуулж болно гэж. Тэгээд 1959 онд Академийн химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Амгалантай хамтраад туршсан юм. Хими, найрлага, бордоо талаас нь Амгалантай хамтарч байхгүй юу. Зайлуул, саяхан нас барчихлаа, сүүлд ШУА-ын гишүүн болсон том эрдэмтэн хүн байсан юм даа. Техникийн талын юмыг нь чи сонсоо байх, Хөдөлмөрийн баатар Ц.Төмөр гэж мундаг техникийн хүн хариуцсан. Маршал Чойбалсангийн анхны хүрэн тэргийг унаж явдаг хүн байсан юм. Буруу талдаа хүрдтэй тэр машин Төмөр гуайд яаж очсныг мэдэхгүй. Тэр машиныг л унаад явдаг байсан юм.
-Сталин эрдэмтдээ машин тэргээр шагнадаг байсан гэдэг. Түүн шиг Төмөр гуайг маршал унаж явсан тэргээрээ шагнасан юм болов уу?
-Үгүй байх аа. За тэгээд тэр хөрсгүй ургуулдаг ногоо чинь сонин. Ингэж тарьсан ногоо чинь жилдээ 4-5 дахин илүү ургац өгнө шүү. Өдөрт гурваас дөрвөн удаа тогтмол тэжээнэ. Тэр үед хийж байсан юмыг би ийш тийшээ яваад ажил төрлөө өөрчлөөд орхисон.Өөр хүмүүс ч цааш нь хөгжүүлсэнгүй. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Японд нэг айлчлалаар яваад хөрсгүй орчинд ногоо ургуулж байна. Их сонин юм байдаг юм байна гэж сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байсан. Тэгэхээр мартагдсан хуучин юм чинь шинэ юм болно гэдэг энэ биз. Аль 60-аад оны үед хөрсгүй орчинд ногоо ургуулах чинь үр дүнгээ өгөөд тухайн үеийн “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлд гараад явж байсан эд шүү дээ. Тэгээд иймэрхүү юм сэдэж байтал намайг яаманд татаж авчирсан л даа. Татахдаа би чинь бас нилээн будилж ирсэн шүү дээ. Бүдүүн Нанзад гэдэг яамны боловсон хүчний хүн дээр ороод би үйлдвэр дээр ажиллаад надад сайхан байна гэсэн. Анх тэр аж ахуй руу дургүй яваад очиж ажиллаад амтыг нь авсан хэрэг. Гэтэл хориод хоногийн дараа дахиад Нанзад гуай дуудаад: “Би мэдэх ээ байсан. Чи дарга дээр ор!” гэлээ. Тэгээд Ц.Лоохууз гуай намайг донгодож загнисан. 20 хоног гаргасан тушаалыг нь биелүүлээгүй юм чинь аргагүй шүү дээ. 
-Лоохууз гуай чинь САА-н удирдах газрын дарга болчихсон байсан хэрэг. Тэр үедээ сайдын зиндааны ажил биз?
-Тийм. Сайдын зиндааны ажил. Лоохууз гуай ХААЯ-ны орлогч сайд байж байгаад Атарын аян эхлэхэд Цэдэнбал дарга дээр ороод Сайд нарын Зөвлөлийн шууд харьяа Сангийн аж ахуйг удирдах газрыг байгуулаад удирдсан. Тэгээд Лоохууз дарга дээр ороод мэндэлсэн чинь дуугарсангүй. 10-аад минут хүлээж зогслоо. Тэгтэл,
-Чи юу юм? гэж байна. Би ч: “Би хүн байна” л гэж хэлмээр санагдаж байлаа л даа. Тэгээд яах вэ тэр үед чинь ахмад, дарга хүнтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй ханддаг байсан учир одоо яая гэх вэ дээ, дуугүй л байлаа. (инээв.) Лоохууз дарга,
-Чи яасан задарсан муу..... “нохой вэ” гэж арай хэлээгүй. Нэг муухай л үг хэлсэн юм. Тэгээд:- Чи яв гэхээр явахгүй гээд байдаг. Ир гэхээр ирэхгүй гээд байдаг. Чиний улаан диплом эсэн бусын юм ямар хамаа байна. Ер нь чи ямар хаашаа амьтан бэ? гээд авч гарсан. Би “Үйлдвэр дээр юм эхлүүлчихсэн. Тэндээ жаахан сайхан ажилламаар байна” гэтэл Лоохууз дарга: “Үхсэн хатсны чинь үйлдвэр! Үг дуугүй 428-д очиж суу! Атарын аян гээд нам, засгийн бодлогын ажил явж байхад яасан дураараа юм” гээд гарч өгөв өө. Тэгээд тэр 428 дугаар өрөөнд очиж суусан. Тэрний дараа энэ Бадамжав, Даваасүрэн нар Зүүнхараа энд тэндээс ирсэн. Тэгж Атарын анхны штаб тэнд бий болж бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны цөм бүрдсэн хэрэг. 
-Хэлмэгддэг Лоохууз гуай онгироодуу хүн байсан юм уу, ажил хэрэгч хүн байсан хэрэг үү?
-Онгироо биш. Тэгэхдээ маш хатуу, их ажил хэрэгч. Тэр ажил хэрэгч зангаа их айхтар янз бүрийн хэлбэрээр илэрхийлнэ. Өөрийнхөө сэдсэн санаа оноог бүтээхийн тулд яахаас ч буцахгүй. Улс төрийн товчоог ч тоохгүй. Ганцхан Цэдэнбал дарга дээр л орно. Дарга нарыг алгасч болдог юм уу гэх аястай юм хэлбэл: “Муусайн бул хар чулуунууд” гэнэ. 
-Бул хар чулуунуудыг тойрч шууд Цэдэнбал дарга дээр орж байна л даа. Тухайн үедээ Цэдэнбал даргатай их дотно харьцаанд байжээ.
-Цэдэнбал даргатай сайн харьцаатай байсан. 1960-аад оны үед Атарыг эзэмших ажлын анхны хүн гээд Лоохууз гуайтай Цэдэнбал дарга их сайн харилцаатай байсан.Тэр үед яамны сайд, хэлтсийн дарга нарыг САА-д ажиллуулахаар байнга хөөж явуулна. Лоохууз гуай улс орны хөгжлийн хурд темпийг чамладаг хүн байсан. Энэ чинь хэлмэгдэхээсээ гурав дөрвөн жилийн өмнө юм шүү дээ. Атрын аян чинь 1959-1963 оны хооронд л жинхэнэ эрчээ авсан юм. Түүнээс хойш өөрийнхөө инерцээр яваад өгсөн. Эхний энэ дөрвөн жил бол Лоохууз гуайн жинхэнэ онгод нь орсон үе байсан юм. Атар газар эзэмших залуучуудыг цуглуулна. Зөвлөлтийн тэр олон мэргэжилтэнтэй ажиллана. Нилээн даацтай ажилладаг. Няцах буцахыг мэддэгүй хүн тулдаа огт тариа ногооноос хөндий монголчуудыг оройлон ажиллуулж чадсан. Атар газар эзэмшинэ гэдэг огт онгон тал дээр, огт ойлголтгүй улсыг аваад тийм амархан эргүүлчих ажил бас биш шүү дээ. Лоохууз гуай Атрын анхны шанг нь тавьж гольдролд нь оруулсан хүн мөн. Биднийг чинь 45 хоногоор хөдөө хөөгөөд явуулчихна. Бид чинь гэр бол гэрт, майхан бол майханд тэр залуучуудтай чинь бужигнана шүү дээ. Би Зэлтэр, Зүүнбүрэнгээр их явсан даа. Орос мэргэжилтнүүд манайхны атар газар анхны шан татаж байгааг гайхдаг байлаа. Өчигдөрхөн морин дэл дээр хийсгэж явсан залуус өнөөдөр ямар ч хашлагатай трактороос илүү шан татаж байна гээд гайхаж магтана. Монгол хүний юм сурах авьяас их мундаг. Мартах нь ч бас амархан, сурах нь ч амархан. Тэр хэдэн зуун залуучууд нэг дор бужигнаж байхад тэнд архи дарс уух, зодоон нүдээн хийх эсэн бусын юм нэг ч гарч байгаагүй гэж хэлэхэд хилсдэхгүй дээ. 
-60-аад оны манай Монголчуудын хүмүүжил мундаг байжээ.
-Зөвхөн ажлынхаа төлөө явдаг залуучууд байсан. Үнэхээр гайхамшигтай гэдэг нь харагдаж байсан даа. 
-Та ХААЯ-ны орлогч сайд байгаад буугаад Завханы Тэсийн тэжээлийн аж ахуйг босгосон гэдэг.
-Энэ тухай жаахан хожуу ярья. Тэр чинь газар тариалантай холбогдоод нилээн гайгүй болсон үедээ тэр шүү дээ. 1960-1968 онд газар тариаланд мэргэжилтний хувиар, бодлого боловсруулагчийн хувиар оролцсон. Бас бодлогоо хэрэгжүүлэгчийн хувиар ч ороцоно. Миний дээр хоёр гурван дарга байна. Тэдний үүрэг даалгавар, заавраар, өөрийнхөө мэдлэг боловсролыг ашиглаад тэдэнтэй зөвлөлдөж бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлнэ. Хяналт тавина. 1963 онд Лоохууз гуай яваад би эргээд Амгалангийн САА-даа очсон. Гэтэл 1967 онд САА дээр нэг халзан толгойтой өвгөн ирээд л дарга нартай уулзаад л энүүгээр тэрүүгээр ороод л өдрийг барлаа. Төв Хорооны л Лувсанцэрэн гэдэг том хүн гэнэ лээ, ингэж явж юу хийдэг юм бол доо гэж гайхаж байлаа. Тэгсэн чинь намайг судалж явжээ. Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч хүн боловсон хүчнээ судалж тэгж явж байгаа хэрэг шүү дээ. Одоогоор бол дэд сайдаас ч том хүн шүү дээ. Тэр үедээ нэгдүгээр орлогч сайдын рангийн хүн гэсэн үг. Тэгэхэд тэнд өдөржин явж манай байгууллага, миний ажилтай танилцаад тэгээд гурван сарын дараа дуудаад намайг ТХ-ны ХАА-н хэлтэсд ажилд авсан. Тэгээд 1968 онд ХААЯ-ны орлогч сайд болоод долоон жил ажилласан. 1968-1975 онд газар тариалан маань жинхэнэ хөл дээрээ баттай зогсож, материалаг баазаар бэхжсэн он жилүүд байлаа. 
-Атар эзэмших хоёрдугаар аян гэдэг хэзээ болсон юм бэ?
-1976 оноос эхэлсэн юм. Газар тариалан хөл дээрээ зогсчихсон. Бүх юм учраа олчихсон үе л дээ.
-Тэгвэл заавал хоёрдугаар аян гэж нэрлэхийн учир юунд байсан юм бэ? Нэг, гуравдугаар аяны шалтаг шалтгаан бол ойлгомжтой.
-Хоёрдугаар аяны зорилго арай өөр. Үр тарианы хэрэгцээ их болсонтой холбогдуулж тариан талбайг өргөжүүлэх хэрэгтэй болсон. 230 мянган га нэмж хагалах зорилт тавьсан юм. Нөгөө талаар, энэ хагалах талбайн ихэнхийг ХАА-н нэгдлийн газар тариаланг хөгжүүлэх зорилготой байсан. Хөдөө аж ахуйн нэгдэлд газар тариалан, малын тэжээл тарих, зарим газар буудай тарих гэдэг зорилго тэр хоёр дахь аяны 230 мянган га газар эзмших гол зорилго.
-ХАА-н нэгдэлд мал нь байдаг иймээс малын тэжээл бэлтгэх, хүнсний ногоо  тариулж өөрсдийнх нь хэрэгцээг хангах гэх мэт ажил өрнүүлсэн хэрэг. Атрын аян маань бүр нарийвчлаад явжээ.
-Тэгэлгүй яах вэ. Эрчимжсэн мал аж ахуйтай, газар тариаланг хослуулж хөгжүүлэх гэсэн юм. Есөн аж ахуй тийм чиглэлээр байгуулагдсан юм шүү дээ. Саалийн механикжсан ферм, махны чиглэлийн үхрийн аж ахуй. Сүүний олон фермүүд шинээр бий болсон. Энэ бүхнийг тариатай хослуулж хөгжүүлэх гэсэн юм. Тэжээлийн баазыг нь бэлтгэж өгөөд аж ахуйг хөгжүүлэх зорилготой. Улаан толгой, Гачууртын олон фермүүд, Партизаны САА, Борнуур, Батсүмбэр гээд бүгдэд Латвиас сайн угсааны үүлдэр, германы хар тарлан үүлдрийн үнээнүүд авчирсан. 
-Энэ их сүү өгдөг мундаг үүлдрийн үнээнүүд чинь бас л тэр 1990-ээд онд байхгүй болсон доо. Одоо л бид эргээд үүлдэр гэж ярих болж байна.
-1960-аад оны сүүлчээс л энэ малын үүлдрийг сайжруулах бодлого явж ирсэн шүү дээ. 1980-аад он гэхэд нутагшчихсан Улаанбаатар хотод 50 сая литр сүү орж ирдэг болчихсон байсан юм. Дарш гээд маш их юм болдог байлаа. Эрдэнэ шиш тарина. Наранцэцэг тарина. Тэндээс чинь “Үнээний сүү хэлэн дээрээсээ” гэдэг хэлц үг гарсан юм шүү дээ.
-Үнээнд чанар сайтай тэжээл өгвөл чанартай сүү гарна гэсэн үг үү?
-Тийм. 
-1970, 1980-аад оны үед вандуй гэдэг шар бөөрөнхий ургамал их байдаг байсан даа. Говь, хангайгүй үзэгддэг юм байсан. Үүнийг тарьдаг байсан юм уу? Оруулж ирдэг байсан юм уу?
-Тарилгүй яах вэ. Буурцагт ургамал гээд их тарина. Вандуй чинь одоо энэ Канад, Хятадад маш үнэтэй эд болсон байна шүү дээ. Социализмын үед саалийн фермүүд, зарим үр тарианы аж ахуйнууд вандуй их тарьж байсан. Вандуй чинь өөрөө налж уначихаад байдаг юм. Овъёстой тариад овъёосоо ороож ургадаг тийм юм. Нүд ирмэхийн зуур л бүгд алга болсон доо.
-Уураг ихтэй ургамал байх.
-Тийм. Уурагтайгаас гадна хөрсийг баяжуулдаг. Вандуй хөрсөнд азотын бактерүүдийг үржүүлж баяжуулдаг ид шидтэй. 
-Ямар гайхамшигтай юмнуудаа бид гээсэн байна вэ?
-Гайхамшигтай юмаа их устгасан шүү дээ. 1960-аад онд намайг тэр Лоохууз гуайтай ажиллаж байхад бүх энэ хойд аж ахуйнуудад жимс тарьж байлаа. Би тэгэхэд яамны мэргэжилтэн Барнаул, Красноярск яваад жимсний суулгацыг хэдэн зуун мянгаар нь авчирч байв. Цагаан толгой, Орхон, Жаргалант, Зүүн бүрэнгийн аж ахуйд жимс тарьж байв.
-Дархан хотын хойхно нь жимс ногооний аж ахуй гэж сүрхий комбинат байгаад дарсан, даршилсан ногоогоор дотоодын хэрэгцээг хангах гэж байсан. Гэтэл өнөөдрийг болтол 1990 оноос хойш бид зургаа, долоон мянган километрийн холоос өргөст хэмх, чинжүү, элдэв салат гээд консервлосон ногоогоо зөөж авчирч идэж ирлээ шүү дээ.
-Тэр чинь нилээн хожим байгуулагдсан. 1960-аад оны сүүлчээр Шарын голын аж ахуй бий болсон байсан. Түүнээс уламжлалтай. Чиний хэлээд байгаа чинь Болгарын тусламжтай байгуулсан аж ахуй. Тэнд жимс ногоо тариад консервлах зорилготой консервийн үйлдвэр барьсан. Одоо чухам юу үлдсэн бол доо. Болгар Монголын хамтарсан аж ахуй. Тэр үед чинь гавьяат, төрийн шагналт Шагдар гуай ид жимсээ тарьж байлаа. Тэгээд жимс ч боловсруулдаг, ногоо ч боловсруулдаг том аж ахуй байх байсан юм. Тэгж хэдэн жил яваад 1990 онтой золгоод л пад болсон доо.  
-Та бидний яриа энэ хүрээд түр завсарлья. Таны туулсан амьдралын зах зухыг ч нэг амьсгаагаар хүнд хүргэх аргагүй баялаг юм. Дараагийн дугаартаа үргэлжлүүлэн тавья. Асууж, хөөрөх юм маш элбэг байна.
-За тэг дээ, залуу. Би чинь насаараа шахуу энэ ХХААЯ-ны энэ байранд байлаа. Тариа тэвэрсэн залуу, хувин барьсан саальчин бүсгүй хоёртой амьдралаа өнгөрөөлөө дөө гэж би хошигнож хэлдэг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.