НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Л.Оюун-Эрдэнэ: ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлжээ

ner.mn     Нийтлэгч
5 сарын өмнө /2019-03-04 14:34:48 GMT +8 / | 574 удаа уншсан

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар Төрийн ордонд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийж байна. Энэхүү хэвлэлийн хурлыг УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хийж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем хэрхэн бүрдсэн талаар танилцууллаа.

Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг  “Ростек”-ээс 400 сая 270 мянган ам.доллараар "Монголиан коппер корпорейшн" худалдан авсан. Худалдан авсан санхүүжилтийг нийт дөрвөн эх үүсвэрээр бүрдүүлсэн байна. Нэгд, Сангийн яамнаас 183.6 тэрбум төгрөгийн вексель бичих замаар "Кью Эс си" ХХК-д шилжүүлсэн байна.

Уг компанийн ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг ажилладаг бөгөөд энэхүү компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессыг эзэмшдэг байна. Энэ компани вексель бичүүлж авсан эх үүсвэрээ дөрвөн компанид шилжүүлж, тус компаниуд нь "Монголиан коппер корпорейшн" компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн данс руу 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд шилжүүлсэн байна. Хоёрт, Монголбанкнаас 200 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” компани руу шилжүүлж, өрийн бичиг гаргасан байна. Зөвхөн энэ үйлдвэл Монголбанкны тухай хууль болон бусад хуулийг шууд зөрчиж байгаа юм. Гуравт, Хөгжлийн банкнаас 122.6 сая ам.долларыг “Кью Эс Си” компани болон Хөтөлийн цемент шохой үйлдвэр рүү шилжүүлжээ. Ингэхдээ 2014 онд Хөгжлийн банкнаас 71.3 сая долларыг “Кью Эс Си” компани руу, 2015 онд 51.3 сая долларыг Хөтөл рүү шилжүүлж авсан байсан. Дөрөвт, Худалдаа хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс 90.3 сая ам.долларын эх үүсвэрийг хамаарал бүхий дөрвөн компани руу шилжүүлж эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. Үндсэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлж, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн эх үүсвэрээс бүрдүүлсэн байна.

Энэ санхүүгийн схемийг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн зарласны дараа Засгийн газар “Эрдэнэт”-ийн 46 хувийг худалдан авсан “Монголиа коппер корпорейшн”-той хэлцлийн ширээний ард сууна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.