НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ч.Ариунаа: Манай улс Гамшгийн цагаан ном гаргаж эхэлсэн

ner.mn     Нийтлэгч
22 өдрийн өмнө /2019-03-04 15:19:00 GMT +8 / | 163 удаа уншсан

 

Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр өнөөдөр тохиож буй. Манай улс энэ өдрийг 2004 оноос тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаатай ярилцлаа.

-Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Олон услын Иргэний хамгаалалтын байгуулага нь 1931 онд Францын генерал Жорн Санполын санаачилгаар суурь нь тавигдаж, 1937 онд албан ёсоор гишүүн орнуудыг элсүүлсэн. Дайны хүнд хэцүү жилүүд байсан учраас энгийн иргэдийг хамгаалах нь тус байгууллагын гол зорилго байсан. 

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын жинхэнэ гишүүнээр 2002 оноос хойш ажиллаж байна. Үүнээс өмнө 1992 онд ажиглагч гишүүнээр элссэн юм. Манайх тус байгууллагад ажиглагч гишүүнээр элсэн ороход улсдаа Иргэний хамгааллын байгууллагаа байгуулсан байсан. 

Түүнээс хойш 10 жил ажиглагч гишүүнээр ажиллаж байгаад 2002 онд жинхэнэ гишүүн улс болсон. Уг байгууллагын гишүүн улсын хувьд Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүнийг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрчих биш, тухайн жилд дэвшүүлсэн уриалгынхаа дагуу бүтэн жил үйл ажиллагаа явуулдаг.

Жишээлбэл, энэ жил “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” гэсэн уриалга дэвшүүлж, гишүүн улс орнууд жилийн турш хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж, дараа жил хийсэн ажлаа тайлагнана. Тиймээс ганц өдөр тэмдэглээд өнгөрнө гэсэн үг биш. Манай улс энэ үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар гэдэг шинэ нэршилтэй болсон үе буюу 2004 оноос оролцож ирлээ.

-Иргэний хамгаалалтын сургуулилалтын гол зорилго, ач холбогдол юу вэ?

-Олон улсын байгууллагын нэр нь “Иргэний хамгаалал” боловч 2005 оноос хойш манай улс “Гамшгаас хамгаалах” гэдэг нэршилтэй болсон. Бид яагаад иргэд рүү чиглэж ажиллах ёстойг товч тайлбарлая. Зарим хүн “Эрсдэлгүй амьдралыг бий болгоё” гэж ярьдаг. 

Гэтэл бид өдөр тутамдаа гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж эрсдэлтэй тулгардаг. Тиймээс иргэд гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалах эрсдэлээс өөрийгөө, орчин тойрон дахь иргэдийг хамгаалах хамгийн шилдэг арга нь мэдлэг олж авах. Мэдлэгээ дадлага сургуулилалтаар баяжуулах, гамшиг ослын үед түүнийгээ ашиглаж, өөрийгөө болон орчин тойрон дахь хүмүүсээ аюулаас авч гарах чадвартай байх ёстой.

Энд Иргэний хамгаалалтын сургуулилалт чухал ач холбогдолтой. Япон Улсаас дэлхийн дахины суралцдаг хамгийн том туршлага нь тэдний жил бүр гаргадаг Гамшгийн цагаан ном. Япончууд тухайн номдоо жил бүр ямар гамшиг осолд өртөж, ямар хохирол амссанаа бичиж үлдээдэг. Цаашид үүнийгээ давтахгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстойгоо тусгадаг. Манай улс эл туршлагаас суралцаж 2018 онд цагаан ном гаргасан. Үүнийгээ жил бүр гаргахаар ажиллаж байна.

-Яагаад хүүхдийн аюулгүй байдлыг сонгон авсан юм бэ?

-Дэлхий дээр 7.6 тэрбум хүн амьдарч байна. Үүний 26 хувийг 15 болон түүнээс доош насныхан эзэлдэг. Аливаа дайн, мөргөлдөөн, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг осолд өөрийгөө хамгаалах чадваргүйгээсээ болж хүүхдүүд хамгийн олноор өртдөг. Тиймээс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас энэ жилийг хүүхдийн аюулгүй байдалд чиглүүлж буй. 

Гэхдээ зөвхөн томчууд нэг үйл ажиллагаа зохион байгуулчхаар хүүхдийн аюулгүй байдал хангагдчихна гэвэл өрөөсгөл. Сургалтын хөтөлбөрт тусгаж, багаас нь дадал болгох шаардлагатай. Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд тоглоом, үзүүлэн, тайлбарлан таниулах аргаар амьдралын энгийн жишээн дээр тулгуурлан заах ёстой. Жишээлбэл, шүдэнз зурвал гал гардаг. Үүнээс болж өөрийгөө болон бусдыг түлэх эрсдэлтэй. 

Зураад газарт унагавал гал гардаг гэх мэтээр үзүүлэн, тайлбарлах нь хүүхдэд илүү ойр. Үүнээс улбаалаад гал гарсан тохиолдолд яах ёстой, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хэрхэн хамгаалах зэргийг заах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд наад зах нь байрныхаа гарц хаана байгааг, хаагуур, хэрхэн явж гарцандаа хүрэхийг мэддэг болно. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дараа дараагийн шатны боловсролыг тусгай цаг гарган заах хэрэгтэй байгаа юм. 

Гадаадын зарим улсад цэцэрлэг дээр нь дохио дуугаргаж сургалт хийдэг юм билээ. Нэг удаа дохио дуугарахад бүгд ширээн доогуураа орно, дахин дуугарвал ангийнхаа нэг хэсэгт бөөгнөрч, багш нь хүүхдүүдээ бүртгэнэ. Гурав дахь удаагийнхаар ханаа налж гарцаар гарах гэх мэт хичээл заадаг.

Үүнээс хамгийн энгийн нь дохио дуугарахад би энэ байрнаас гарах ёстой гэсэн үг болохыг ойлгодог болж байгаа юм. Ер нь бага насандаа олж авсан мэдлэг нь насан туршийн боловсрол болж, өөрийгөө хамгаалах дархлаа илүү суудаг гэдэг шүү дээ.

-Манай улсад энэ төрлийн сургалт боловсролын системд хэр нэвтэрсэн байдаг бол?

-Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-тай хамтарч ажилласны дүнд “Гамшгийн менежмент” хичээлийг их, дээд сургуулийн хөтөлбөрт албан ёсоор оруулсан. Үүнийг цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд заахаар ажиллаж байна. Манайх хичээлийн хөтөлбөрөө гаргачихсан.

Одоо албан ёсоор оруулах зохион байгуулалтын ажил үлдлээ. Гэхдээ хөтөлбөрт огт суугаагүй гэж хэлж болохгүй. Иргэний боловсрол, эрүүл мэндийн хичээлээр сурагчдад тодорхой хэмжээний ойлголт өгч байгаа.

-Улс орнуудад хүүхдийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ. Ялангуяа улс хоорондын болон дотоодын мөргөлдөөнтэй орнуудад хүүхдийн аюулгүй байдал хөндөгдөж байгаа байх?

-Хүүхдийн аюулгүй байдал асар их хөндөгдөж байна. Бүр хүйсийн ялгаагаар эрсдэл тулгарч байна шүү дээ. Жишээлбэл, лалын шашинтай улсад охид, эмэгтэйчүүд биеэ далдалсан хувцас өмсдөг. Гэтэл Энэтхэгийн далайн цунамигийн үеэр хамгийн их амиа алдсан нь эмэгтэйчүүд, охид байсан. 

Учир нь үер болоход даавуун хувцас нь усанд норж, сэлэхэд нь тээр болсон хэрэг. Үүнээс болж маш олон эмэгтэй амиа алдлаа. Мөн Гаитид болсон газар хөдлөлтөөр эцэг, эх, гэр оронгүй болсон хүүхдүүд хүний наймааны золиос болсон. Тэгэхээр дайн байлдаан, аюул гамшгаас амьд үлдсэн хүүхдүүдийг дараагийн аюулаас хамгаалах ёстой боллоо. Түүнчлэн томоохон гамшиг ослын дараа орон гэрээ алдсан иргэдэд түр орогнуулах байр байгуулж, олноор нь байрлуулдаг.

Гэтэл тэнд охид, бүсгүйчүүдийг хүчирхийлэх хэрэг гарч байна. Энэ мэтчилэн олон баримтаас үндэслэн 2019-2020 онд хүүхдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулсан хэрэг. Ганц гадаадад гэлтгүй манай улсад ч гамшгийн аюул бий. Жишээлбэл, зудын гамшгийг энд дурдаж болно. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын хийсэн тайланг хараад үнэхээр зүрх шимширсэн.

Ганцхан жишээ дурдъя. 2009-2010 оны зуд болдог жил, мал төллөх цагаар залуу хос өлгийтэй хүүхдээ гэртээ үлдээгээд явжээ. Малчдын хувьд амжиргааны гол эх үүсвэр нь мал учраас тэднийг буруутгах аргагүй. Тухайн гэр бүлийнхэн шинэ төлөө гэртээ үлдээгээд, хүүхдийнхээ өлгийг задалж, орон дээрээ орхисон байж.

Гэтэл шинэхэн төллөсөн хурга, ишиг нь хүүхдийнх нь дөрвөн хурууг хөхөөд, тасалчихсан байсан гэнэ. Мөн малдаа явж буй хүүхдүүд хээр осгох, гар, хөлөө хайруулах зэрэг асуудал гардаг. Ганц малчид гэлтгүй гэр хорооллын иргэд хүүхдээ гэртээ цоожлоод явсан хойгуур нь галаар тоглох эрсдэл маш өндөр. Тиймээс хүүхэд хамгаалал гэдэг нь хариуцсан сургууль, цэцэрлэг, эцэг, эх гээд хүн бүрийн үүрэг болж байна.

-Гадаадын улсуудад ямар нэгэн гамшиг ослын үед хүн бүр ажил үүргийн хувиараа маш сайн мэддэг. Манайд эл зарчмаар ажиллахад бэлэн байгууллага, иргэн бий юү?

-Хуульд “Өмчийн хэлбэр үл харгалзан байгууллага бүр өөрийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй” байна гэж заасан. Тухайн байгууллагын төлөвлөгөөнд гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнийг зааж, ажилчдаа томилчихсон байх ёстой. 

Өөрөөр хэлбэл, аливаа гамшиг осол гарахад хэн, ямар үүрэгтэйгээр юу хийх вэ гэдгээ тодорхой тусгах ёстой. Газар хөдлөхөд хэн удирдах, түүнийг байхгүйд хэн орлох, зарлан мэдээллийг хэн хүргэх гэдгийг тусгасан байна гэсэн үг. Энэ бүгд хуулийн дагуу мөрдөгдөөд явж байгаа гэж боддог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.