НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Энэ өдрийн МАРКЕС

Б.Алтанхуяг     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-08-25 16:57:42 GMT +8 / | 3304 удаа уншсан

Кагийн нүдэн дотор эргэлдэн буух цасан ширхгүүд, их цасан дундуур нуруугаа бөгтийлгөн алхаж яваа гунигт зургийг Карсын олон байшингуудын аль нэгнийх нь гурван давхрын цонхноос хальсанд буулгаy авч угаагаад гэртээ өлгөчих юмсан гэж туйлаас их хүсэж билээ.

Энэ өдрийн Маркес гэсний учрыг хожим тайлбарлах болно. Харин тэсгим хүйтэн өвлийн өдрүүдэд гэрийнхээ хаалгыг онгойлгон өглөө эртлэн гарах бүрийд мэлмий гялбаад “Ай цасны аниргүй” хэмээн амандаа уулга алдана. Тиймээ цас будрах ер бусын аниргүй нам гүм шөнүүдэд хайрын ид шидээр л Карсад чухам сайн, муу олон зүйлүүд холилдон, өдөржин будрах том цасан ширхгүүдтэй хамт унаж байсныг мэдэх болсон өдрүүдээс л энэ үгийг амандаа хэдэнтээ шивнэдэг болов. Учир нь орчуулагч Б.Баясгалангийн таван жилийн нөр их хөдөлмөр шингэсэн Туркийн алдарт зохиолч, Нобелийн шагналт Орхан Памукийн “Цас” роман мэндэлсэнтэй холбоотой. Ингээд энэ өдрийн Маркес буюу Орхан Памукийн өөрсдийн ёс заншил, шашин шүтлэгтээ чин үнэнч эгэл даруу баатруудын тэмцэл, сэтгэлийн шаналан гүн шингэсэн “Цас” романы тухай бүр эхнээс нь яръя.

Орхан Памукийн тарни

“Гадаах цас түрүүчийнхээсээ илүү лавсаж харагдахад Кад ихээ гуниг төржээ”, “Цас орох нь надад бурхныг санагдуулдаг”, “Агаарт бужигнан эргэлдэх цасан ширхгүүдийг харж зогсоход цаг хугацаа зогсчихсон мэт”, “Тэр яг л цасан ширхэг шиг үнэхээр унахыг хүсвэл торолгүйхэн унаж, амьдралаа төвхнүүлж орхисон уйтгарт хоосонд бүхий л сэтгэлээ юүлчихэж чадах билээ”, “Ка Ипекийн тунгалаг нүдэн дотор будрах цасыг харах гэж байс байсгээд л эргэн харна” хэмээсэн мөрүүдийг энэ роман доторх Памукийн тарни гэж тодотгомоор. Лавсан орох их цаснаар Ипектэй уулзах, түүнийг нөхрөөсөө салсныг сонсоод Франкфуртад хоёулхнаа амьдрах жаахан ч болов итгэл найдвар тээсэн Каг цасны чимээгүйхэн будрах ер бусын байдал нь ихээхэн гунигт автуулжээ. Гэвч тэр л их цасны удаанаар эргэлдэн буух ширхэг бүрийн цаана итгэл найдвар гэрэлтэж буйг мэдэрч асан шүлэгч Кад цас орох нь Ислам охидын хижаабаа тайлдаггүй, шашиндаа үнэнч байх ёс ухамсаргүйгээр анхнаасаа өгөгдсөн байдагтай адил, ямар нэгэн бодож олсон гүн ухаан, филисофигүйгээр бурхныг санагдуулсан хэрэг. Үүний дараа олон хоног дараалан орох их цасан зохиолын зөрчил болсон хайр сэтгэлийн шаналанг Кагийн зүрх сэтгэлээс хэн ч олж харахааргүй худгийн ёроол шиг гүнд дарж орхино. Карсын уйтгартай гудамжууд шиг их цасанд дарагдсан хайр сэтгэлийн зовлон нь түүнийг шүлэг бичихэд хүргэж, Түрэгт ирээд бичсэн анхны шүлгээ “Цас” хэмээн гарчиглаж, буудуулж үхэх хүртлээ туурвисан шүлгүүдийнхээ хэзээ ч хэвлэгдээгүй, хэвлэгдэх ч үгүй түүврийг “Цас” гэж нэрлэжээ. Энд л цаг хугацаа зогсознож, Ка өөрийн биеэр цасанд дунд буудуулж унахдаа уйтгарын дундаас олсон бүхий л шүлэг, Кораны сургааль даа үнэнч охидын төмөр мэт зүрх, Карсын ядуу тарчиг амьдрал дунд гэрэлтэх өчүүхэн итгэл найдвар болсон Хөхийн цэвэрхэн царай, хайртай бүсгүйнхээ дүүд татагдах ухамсаргүй үйлдийнхээ төлөөх шаналанг цас мэт хов хоосон, цав цагаан өнгөнд юүлчихсэн байсныг уншигчид анзаараа болов уу. Гагцхүү номын үйл явдлыг алдагдуулчихав уу, хамгийн сүүлийн бүлгийг нь уншаад байна уу даа гэмээр сэтгэгдэл төрүүлэхүйц, зохиолын төгсгөлийн үйл явдлыг хүүрнэн өгүүлэх мэт “Франкфуртад” гэх бүлэгт Кагийн түүхийг өгүүлж буй, түүнтэй захидлаар харилцдаг байсан найзынх нь дүр гарч ирээд үхлийнх нь тухай уншигчдад пал хийтэл мэдээлж орхив. Бүлэг дууссаны дараагаар “Зуурхан жаргалын шид тарни” эхэлж Кагийн амьдрал үргэлжлэн, цас улам ихээр лавсан орно. Учир нь Ка аль хэдийн үгүй болсныг зохиолч өгүүлсэн бөгөөд хамгийн гол нь хайр, бурхныг санагдуулан орох цасны аниргүй л түүнийг амьдруулж байсныг сануулсан хэрэг. Тиймдээ ч энэ бүлгээс хойших 15 бүлэгт гарах үйл явдлуудыг унших бүрийд Ка, Ипекийн тунгалаг нүдэн дотор будрах цасыг харах гэж байс байсгээд л эргэн харж буй мэт санагдана. Учир нь Франкфуртад үхэхээсээ өмнө, дээрх мөрүүдийг хэлэхээсээ өмнө Кад “Амьд хүнгүй эль хуль хотод анир гүм ноёлох нь ертөнцийн төгсгөл нүүрлэсэн мэт уйтай. Гадаа цас хаялна” гэх бодол төрчихсөн байсан юм.

Кад цас орох нь бурхныг санагдуулдаг асан бол Ипектэй янаглах нь гагцхүү Коран судрыг шимтэн унших мэт ташаал төрүүлэх биз. Гэвч үнэндээ зохиолч маань барууныхны амьдрах хэв маяг, үзэл бодлыг Исламистуудад тулгаагүй, Исламистуудын шүтлэг, барууныхнаас шаардаж буй зүйлсийг ч дэмжин хүлээж аваагүй. Зүгээр л Кад цас орох нь, Ипекийн гарт хүрэх нь, Нэсиптэй ярилцах нь, Кадифтай тааралдах нь, Мухтартай уулзах нь, Хөхтэй үг солих нь, Карсын ядуу тарчиг амьдрал шүлэг бичих урам зоригийг нь бадрааж буй нь гайхалтай сэтгэгдлийг төрүүлдэг байсан нь лавтай.

Гагцхүү эрхэм зохиолч Орхан Памук “Ай цасны аниргүй”, “Цас орох нь надад бурхныг санагдуулдаг” гэх тарнийг романыхаа гол баатарт зааж өгснөөрөө Ка бээр Карсын гудмуудаар чөлөөтэй явж, орох цасны үзэсгэлэнг биширч, Ипектэй зуурхан ч атугай догшин байдлаар хурьцсанаа тэмдэглэн үлдээж, буудуулж үхэх хүртлээ энэ хоёр тарнийг л уншсаар явсан билээ.

Уг зохиолын орчуулагч Б.Баясгалан “Гэрэг” сэтгүүлийн 2015 оны 11 дүгээр сарын 18 ны өдрийн дугаарт, сэтгүүлч Ж.Тэгшжаргалд өгсөн ярилцлагандаа “Цас дээр орчин үеийн романы туурвил зүйн чиг баримжаа тод харагдсан гэж шүүмжлэгчид үздэг нь үнэн. Үүнийг тайлбарлахын тулд өмнөхийг дурдахаас аргагүй. Ф.Ницще “Бурхан үхчихлээ” гэсэн. Барууны ертөнцийнхний урдаа барьж явсан гул барьж ясан ганц үнэнийг ингээд хага шидчихээр хүмүүс итгэл үнэмшилгүйдэж, амьдралын утга учир нь замхарчихсан. Залгаад дэлхийн I, II дайн дэгдэж, маш олон хүнийг хядаж, цус нөжтэй нь хутгаад ирэнгүүт нээрэн бурхан гэж байхгүй юм байна, бид нарыг дээрээс хардаг хэн ч байхгүй гэдэгтэй эвлэрч, итгэл үнэмшлийн тэнхлэггүй болсон. Эндээс өнөөх абсурд урлаг гээч нь төрж гарлаа шүү дээ” хэмээжээ. Мөн Францын алдарт филисофич, экзистенциализмын суут төлөөлөгч Жан Поль Сартр “Бурхан гэж байлаа ч хүнийг өрөөс нь өөр хэн ч аварч чадахгүй гэдэгт бат итгэ” гэсэн буй. Гэвч хүмүүст итгэл найдвар байдаг болохоор л бид амьдарч чаддаг. Байшингийн булан тойрох төдийд л цаанаас нь угтах ямар нэгэн сайхан зүйлийг төлөө итгэл найдвар тээж хүмүүс амьд явдаг. Энэ л үнэнийг гэрчлэн үзүүлэхийн тулд Орхан Памук “Цас орох нь надад бурхныг санагдуулдаг” гэсэн тарнийг Кагийн чихэнд шивнэжээ.

Ипекийн захиалсан цаснаар Катай хамт алхахуй

Анхнаасаа л зохиолын туршид орох их цасыг Ипек л захиалчихсан юм. Үүнийг романы дөрөвдүгээр бүлгийн хоёрхон өгүүлбэрийг уншаад л ойлгох болно. “Эцэст нь Ипек “Чи ийш үнэхээр сонгууль, амиа хорлолтыг сурвалжлахаар ирсэн юм уу? гэж асуулаа. Тэгэхэд нь Ка “Үгүй ээ. Истанбулд байхдаа Мухтар та хоёрыг салсан гэж сонссон юм. Тэгээд л чамтай гэрлэх гэж ирлээ” гэж хэлээд тавьчихав” хэмээсэн бий. Ка, Ипек хоёрын хамгийн анх уулзаж ярилцсан нарийн боовны газрын нэр нь “Шинэ амьдрал” юм. Харин шинэ харилцаа тэдний дунд бий болсон боловч хуучныгаа л давтсанаас өөр зүйлгүй байсан билээ. Ка үнэхээр Ипекийг л зорьж Карс руу ирснийг зохиолын туршид ихэнхдээ хайр дурлалаас болж уйтгарт автах өрөвдөлтэй, сул дорой байдлууд нь уншигчдад хэлээд өгнө. Зохиолын гол баатар Кагийн хайр дурлалаас болж хэрхэн шаналан зовж, хий дэмий гэгээн мөрөөдөлдөө умбаж, оршихуйгаа баллахыг оролдож буй үйлдлүүд нь Сэргэн мандлын үеийн Францын филисофич Мишэль Эйкэм Дө Монтэний “Уй гашуудлын тухайд” эссэндээ “Сэтгэл маань гүнзгий санаашралд автаж, харин бие махбод маань хайр дурлалд тэмүүлж байдаг” гэж өгүүлсэнтэй нэн зохицох авай. Үүнийг романд “Хэдий бүсгүй өөрийг нь “хонгор минь” хэмээн дуудаж, энхрийлэн үнсэж байвч Кагийн сэтгэл тайвшралыг олсонгүй” гэсэн буй. Кагийн сэтгэл зүрх нь хайртай бүсгүйтэйгээ хоёулхнаа үүрд хамт байх гүн санаашрал, айдаст автаж, зөвхөн бие махбод нь Ипекийн гоо үзэсгэлэнг хүсэн тачаадаж байсан хэрэг.

Орхан Памук зохиолынхоо туршид өгүүлэгдэх хайр сэтгэлийн асуудалд тал бүрээс ханджээ. Ка, Ипек хоёрын харилцаанд Рибогийн “сублимац”, Э.Фроммын онол, З.Фройдын санаанууд ч бий. Ипекийн гоо үзэсгэлэнд гүнээ автах, гарыг нь атгаж тайвшралыг олох, үнсэхээс илүүг хүсэх, бүүр цаашлаад утга учиргүйгээр Карсад ирснээ хараан зүхэж, гүн бодолд автах зэрэг нь Кагийн дүр хийгээд зохиогчийн оюун сэтгэлгээний дээд туршилт юм. Энэхүү хайр сэтгэлийн асуудал нь З.Фройдын тодорхойлсноор заавал ч үгүй эмнэх шаардлагатай сэтгэцийн гажиг бөгөөд мөнхүү бэлгийн дур хүсэлтэй салшгүй холбоотой. Гэвч эцэстээ Кад “Ипек өөрийг нь цасан ширхгийн геометр дүрсэн дэх гоё сайхнаас цаадахыг олж харж чадах хүн гэдэгт итгэлтэй байдаг байх гэж түүнд бодогдсон ч мөдхөнөө бас үгүй ч байж мэдэхээр санагджээ” гэсэн бодол төрнө. Мөнхүү Ипекийг орондоо оруулж дөнгөснийхөө дараа өөрийгөө түүний араас гүйгч нь биш болж “Харандааны үзүүр нөгөө тал руу эргэснийг хараад баясахгүй байж чадсангүй” хэмээн дотроо онгойлгоно. Эдгээрийг Кагийн бэлгийн дур хүсэлтэй огтхон ч холбож болмооргүй санагдах авай. Харин Э.Фромм хайр нь өөрийн оршихуйн үүднээс эхлэлтэй бөгөөд бусдын дотор бүрэн гүйцэд нэвтрэх үйл явдал хэмээн үздэг. Кагийн хувьд Ипек түүний зүгээр л нэг либидогоо гадагшлуулах обьект байгаагүй нь тодорхой. Кагийн хийж буй үйлдлүүд дээ итгэх итгэл, дэнлүүний гэрэлд будрах цасны гоо сайхан, Карсын өнгөгүй гудамжуудын нууцад нэвтрэх хамгийн гол хаалга нь Ипек боловч Ка үүнийг хэзээ ч хүсдэггүй.

Чухамдаа Кагийн оршихуй Ипек болж таарвал хайр сэтгэлийн асуудал нь эсрэг хүйстнүүдийн хоёр биедээ уусах явцад томьёологдоно. Карсад орж буй их цас, бурхныг санагдуулдаг зургаан талс цасан ширхгүүд, Ипект өгөөгүй хайрын захидлууд, хэзээ ч олдохгүй “Цас” нэрт шүлгийн түүвэр байгаагүйсэн бол энэ их цас, уй гуниг, гайхамшигт сайхныг романы туршид цогцлоож чадахгүй байсан болов уу. Харин Ипек Франкфурт руу Катай хамт явахаар эргэлт, буцалтгүй шийдсэн байсан боловч Карсдаа үлджээ. Угаас л хүн хүн өөрийн оршихуйтай. Тус тусдаа авсанд орох болно. Үүний эцэст үүрдийн хайр сэтгэлийн тухай ярьж хэн л зүрхлэх билээ.

Макондо ба Карс = Маркес ба Памук

“Макондод өрнөх амьдрал бол зүгээр л нэг шид дом, зүүд зөн, эр эмийн ажлын хэнээ биш, харин өмч хөрөнгөтэй болоод гар хоосон хүмүүсийн хооронд гардаг гүнзгий дайсагналын ээдрээ цаашид цочирхон цусан зам татуулахад хүрч буй тийм нөхцөл байдал юм” гэж Колумбын алдарт зохиолч Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романы талаар Перугийн зохиолч Марио Варгас Льса өгүүлсэн байдаг. Гүнзгий дайсагналын өрнүүн тэмцэлд өртөж, гүн санаашралд автсан, өөрсдийн оршихуйг юунаас ч үл хамааран тунхаглаж гэр дотуураа сайхан Ремемидос шиг чармай нүцгэн алхах баатруудын дүр нь бодит ахуйтай хамгийн чухал үзэл баримтлалаар нийлсэн байдаг.

Карсд өрнөх амьдрал үнэндээ яг л ийм. Гагцхүү Макондо бол Маркесийн оюун санаанд тулгуурлан бүтээгдсэн тосгон. Харин Карс бол бодит. Гэвч тэд адилхан өөр өөрсдийн гэсэн “цусан зам татуулсан” хувь заяатай юм. Орхан Памукийн өгүүлснээр “Карс бол Гүрж, Табриц, Кавказын нурууг дамнасан худалдааны замын гол өртөө болж, Оттоманы болон Оросын эзэнт гүрний хилийн бүс нутаг байж, түүгээр ч зогсохгүй уулын хотын хувьд цэрэг армийн довтолгооноос байнгын хамгаалалт хийхэд тун ашигтайд тооцогдох тул цэргийн бүх хүч төвлөрдөг газар байлаа. Оттоманы эзэнт гүрний үед газар бүрээс зүс зүсний хүмүүс ирж Карсад суурьшсан юм” гэжээ. Энд хайр сэтгэл, хижаабтай охидын эмгэнэлт хувь заяа, хувьсгалын цусан зам татуулсан үйл явдлуудыг гэрчлэх олон шөнүүд цасан дунд өрнөх болно.

“Хөөе эрхэм яруу найрагчаа? Өөрийг чинь алчихаас өмнө өрсөж, тэднийг алах хэрэгтэй шүү! Ойлгов уу?” гэж Зи Дэмиркол хашгирлаа. Түрүүнээс хойш толгойд нь эргэлдсэн, хойно “Бурхангүй газар” хэмээн нэрлэх шүлгээ буулгаж амжаагүй явсан Ка яг тэр агшинд мөн шүлгийнхээ бүх мөрийг мартаж орхижээ.” Хувьсгалын шөнийн эхлэл, өрнөл, төгсгөл буюу дусал ч цусны толбогүй угтсан өглөөний их цас хүртэл анхнаасаа л ингэж Каг үгүй хийсэн юм. Тиймдээ л Ка бурханд итгэж буй үгүйгээ, энэ нь түүний ганцаардалтай холбоотой үгүйг мэдэхгүй ч цас орох нь түүнд бурхныг санагдуулсаар байсан юм. Яг үүнтэй адилхан хурандаа Аурелиано Буэндиа амьдралынхаа сүүлийн мөчүүдийг алтан загас хийж өнгөрөөдөг байсан бөгөөд өөрийг нь дурсахын тулд хүмүүс худалдаж авч буйг мэдээд ажлаа зогсоодог. Хоёулаа л нэрд гарсан, өөрсдийн хувь заяаг бусдын оролцоогүйгээр тунхаглаж чадсан баатрууд. Гэтэл тэднийг эзэмдээд буй эгшин бүрийн тавгүйтэл, ганцаардал, гэнэтийн их хоосрол нь зохиолчийн уран зохиолын төлөөх сэтггэлтэй ямар ч холбоогүй бөгөөд анхнаасаа бүтээгдчихсэн дүрүүдийн хувь тавилан юм.

Карс хотод өдөр, шөнө тасралтгүйгээр лавсан орох цас, Макондод дөрвөн жил, арван нэгэн сар, хоёр өдөр тасралтгүй орсон их усан бороо зохиолд гарч буй нийгмийн гутамшигт байдал, дүрүүдийн ганцаардлыг тодорхойлдог. Гэвч дүр нь бүхэн нь өөрсдийн гэсэн гайхамшигт болоод эмгэнэлт хувь заяатай учраас л энэ хоёр зохиол цаг хугацааны асар их ялгаатай бичигдсэн ч хойшдоо нэгэн зиндааны сонгодог романуудад тооцогдсоор л байх болно.

“Хурандаа Аурелиано Буэндиа ганцаардахын битүү хальсыг цаг цагаар элтлэн хальслах гэж оролдож байлаа” гэсэн мөрүүдийг уншихад Буэндиа үүний л төлөө, өөрийн уй гашууг хүний мэдэрч, үзэж болох хэмжээнд хүрснийг ойлгож “ганцаардахын битүү хальсыг эмтлэн” алтан загас хийж суух бүртээ, хурандаагийн ёсоор бус шархаа анагаах гэж буй гуниглагчийн дүрээр өрөөнд нь хэн ч зорчихгүй байхыг тушаасан. Харин Ка бол улс төрийн тэмцэл, уй гуниг, хөрөнгөтний үзэл бодлын аль алинд нь ч санаа зоволгүй хайр сэтгэлийн тухай бодож, будрах цасны сайхныг бишрэхдээ өнөөх “ганцаардлын битүү хальсыг эмтлэн” шүлгээ бичнэ. Басхүү энэ хоёр сонгодог зохиолыг уншаад надад нэг гэмшил төрж билээ. Алдартнуудын оршуулгийн ёслолд удахгүй оролцох мэт их догдлол басхүү айдас өчүүхэн уншигч миний биеийг бүхэлд нь эзэмдчихээд байсан боловч Хурандаа Аурелиано Буэндиа, Ка хоёрын оршуулга хэзээ ч болоогүй. Үнэндээ би энэ хоёрын үхлийг өөрөөр хүлээж байлаа. Даанч “Мемегийн сүүлчийн өдөр хурандаа Аурелиано Буэндиагийн үхсэн гашуудлыг өдөртэй давхцав” буюу “Тэгтэл нэг нь яг л Кагийн биедээ гурван сум зоолгочихоод хэвтэж байсан нойтон зам дээр цовхроод одлоо” хэмээсэн төгсгөлүүдтэй гэнэтхэн л нүүр тулчихсан юм.

Мөн энэ хоёр романд зохиолчдын ирээдүйд болох зүйлсийг эхэнд нь сануулсан зөн билиг, үлгэрийн шидэнд итгэдэг баатруудад л зохимжтой мэт зүйрлэл, бичлэгийн өнгө аяс байдаг. Гарсиа Маркес “Олон жилийн хойно, хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай”, “Олон жилийн хойно Макондо цайран дээвэртэй модон байшинтай болсон байхад, хуучин гудамжинд нь мөчир нь хугарсан, бүйлсийн мод ургасаар байсан боловч...” гэж бичсэн бөгөөд харин Орхан Памук “Үүнээс гурав хоногийн дараа Халитпаша нэрт өргөн чөлөөнөө цасан дунд нулимс дуслуулан зогсож байхдаа Ка энэхүү царайлаг, туранхай хөдөөх эрийг ахин нэг харах болно”, “Олон жилийн дараа өөрийнхөө эрийг энэ мэт зүйл дээр бичүүлэхийг хүсээгүй нэгэн сүү, цагаан идээний дэлгүүрийн эзэн тэр явдлыг тайлбарлахдаа “Хойд эгнээнд сууж буй бид ямар нэг айхавтар зүйл болоод байгааг уг нь мэдэрсэн.....” хэмээн ярьсан билээ” гэж бичжээ. Иймэрхүү жишээнүүд маш олон бий. Гагцхүү Г.Маркес хувь хүний оршихуйд ямар нэгэн шинэчлэл гарсан ч ямагт хуучны тухай дурсамж, гэрэл гэгээний хэлтэрхийг хүн биедээ тээж явдаг гэдгийг сануулсан бөгөөд энэ нь уран зохиолд үйлчлэхдээ “архитеп” болдог мөн чанарыг тодорхойлохыг оролджээ. Харин Памук тухайн үед болж буй үйл явдлыг хойно нь хүмүүс ийн дурсаж билээ гэдгийг шууд хэлчихэж байгаа юм.

Энэ бүхний эцэст би буцаад л эхэнд өгүүлж байсан зүйлээ маш ихээр хүсэв. Яг л Кад буудуулж үхэх айдас нь урьдаас төрж байсан шигээр дараагийн зохиолууд орчуулагдан гарахаас урьтаад бушуухан л Кагийн нүдэн дотор эргэлдэн буух цасан ширхгүүд, их цасан дундуур нуруугаа бөгтийлгөн алхаж яваа гунигт зургийг Карсын олон байшингуудын аль нэгнийх нь гурван давхрын цонхноос хальсанд буулган авч угаагаад гэртээ өлгөчих юмсан гэж туйлаас их хүсэв. Дээр нь нэмээд  Хосе Аркадио Буэндиагийн ерөөс уйлаагүй мөртлөө нулимсаар дүүрсэн мэлмий, цаг хугацааг үзүүрлэж хайр найргүй сараачсан мэт үрчийж халтартсан царай, Урсулагийн инээмсэглэсэн төрх, цөхөрсөн нүд, сайхан Ремедиосын нүцгэн бие, Амарантагийн түлэгдсэн гарыг...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.