НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЭНХИЙН ЦАГТ “БААТАР” БАЙХ ГЭДЭГ УРАН САЙХНЫ КИНОНД БАЙДАГ ШИГ ЗҮЙЛ БИШ

Х.Отгон-Эрдэнэ     Нийтлэгч
2 сарын өмнө /2019-03-26 20:23:03 GMT +8 / | 3406 удаа уншсан

 

Манай “VIPerson” булангийн энэ удаагийн зочноор Хилийн цэргийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан уригдлаа. Энэ урилга маань санаандгүй урилга биш байлаа. Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд Зэвсэгт хүчний баяр Монгол цэргийн өдөр болдог. Энэ уламжлал Монголчуудын сэтгэл зүрхэнд хэвшил болоод тогтчихсон. Эх орноо хамгаалах, цэрэг эх оронч хүмүүжил эзэмших нь эр хүн болгоны ариун нандин үүрэг. Бидний ярьж заншсанаар эр болгоны үүргээ ухамсарлах баярын өдөр, Монгол цэргийн өдөр болохоор бүсгүй хүн болгон хүндэтгэлтэй ханддаг өдөр. Өвөөдөө, аавдаа, ахдаа, нөхөр хань ижилдээ, бүстэй үр хүүхэддээ, найз нартаа бүсгүй хүн бүр “Цэргийн баярын мэнд хүргэе” гэж алба болгон хэлдэг.  Ийм учраас манай орны мянга мянган залуучуудад үлгэр дуурайлал болох болов уу гэж хурандаа Н.Жаргалсайханы яриаг толилуулж байгаадаа таатай байна. Хэнтий нутгийн уугуул хүү шиг нь суугаа орныхоо нутаг ус, ёс заншил, түүх соёлыг хайрлан хайрлан ярих хурандаагийн яриа илэн далангүй эерэг сэтгэгдэл авчирлаа. “Эцэстээ хилчид бид чинь хамгийн сүүлийн томилогдсон газраа хамт олноо бараадаад л үлддэг” гэсэн үг шийдсэн эр хүний шулуун үг байлаа. Эр цэрэг байна гэдэг сонгосон хувь заяатайгаа эргэлтгүй хатуу эвлэрэхийн нэр. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхийн жишээ мэт санагдсан юм.

-Өдрийн мэнд. Ярилцах урилгыг минь хүлээн авсан таньд баярлалаа.
-Өдрийн мэнд. Сонин сэтгүүлд ярилцлага өгнө гэж бодож явсангүй. Танай сонины нийтлэл надад таалагддаг. “Би цэрэгт байлаа” гээд маш сайхан булан байдаг. Миний мэдэхийн Ц.Мөнх-Оргил гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Элчин сайд Ё.Отгонбаяр зэрэг нэр төртэй хүмүүсээс эхлээд жирийн хүмүүсийн цэргийн амьдралын тухай амьд нийтлэлүүд гардаг. Харин сүүлийн үед ховор нийтлэх болжээ. Уг нь ийм амьд нийтлэл, дурсамж тогтмол гарч байвал цэрэг эх оронч хүмүүжлийг ирээдүй хойчид өгөхөд их тустай юмсан. Цэргийн бид чинь бүсгүй хүний хүсэлт, шаардлагыг чихний гадуур өнгөрөөддөгүй. Дандаа эрчүүдийн дунд ажиллаж, амьдарч байдаг учраас бүсгүйчүүдийн яриа, хүсэлт, бүр шүүмжлэлд нь хүртэл хүндэтгэлтэй ханддаг юм. (инээв.)
-Таньд баярлалаа. Таны үг сайхан сонсогдож байна. “Би эр цэрэг байлаа” байлаа буланг цааш нь үргэлжлүүлнэ ээ. Анх энэ буланг ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын дарга байсан генерал Б. Билэгт гуай “Танай сонин ийм булантай болооч ээ” гэж санал болгосон юм гэдэг. Санаандгүй гарч ирсэн булан биш генерал хүнээс “шүншиглэдэж” гарсан булан.  За ингээд “Open Door” сонины уншигчдад Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Нямсүрэнгийн Жаргалсайхан гэдэг. Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. Ээж, аав хоёр маань Говь-Алтай аймгийн уугуул. Аав маань киномеханикч мэргэжилтэй. Ёстой өнөө хөдөөгийн уул талаар соёлын үрийг цацаж явсан хүн дээ, хөөрхий минь. Баянсангийн Нямсүрэн гэж хүн. Тэр үед зурагт телевиз чинь одоогийнх шиг суваг сувгаараа, тэр болгон өнгө будагтайгаар байсангүй. Зүгээр ч нэг кино гаргахгүй. Киноныхоо ач холбогдол, уран сайхны учир шалтгааныг нь соёл урлаг тэр болгон хүрээд байдаггүй алс бөглүү нутгийн зон олонд тайлбарлах хүртэл ажил сурталчилгааг хийнэ. Бас олон нийтэд түгээх зар суртлыг хажуугаар нь хийнэ. Аав маань киномеханикч, моторчин, дизельчин, сум, нэгдлийн багийн дарга зэрэг ажлуудыг олон жил хийсэн. Юм юманд л хүрч ажилласан хүн дээ. “Говийн зэрэглээ” кинонд найруулагч Г.Доржсамбуу гуайн гаргасан Арслангийн дүр надад их сэтгэгдэл өгч билээ. Хөдөө суманд тийм нэг сайхан сэтгэлтэй, ажлын төлөө явдаг, тал талын чадвартай хүн байдаг даа. Хотоос ирсэн сургуулийн захирлын гэрийг барьж л байдаг. Хүний идэх хоолыг зөөгөөд ирж л байдаг. Трактор бариад аргал түлээ зөөгөөд пижигнүүлж л явдаг. Гэрэл гаргаад дизель мотороо хүнгэнүүлж л суудаг. Сургуулийн засвар хийгээд мужаан, будагчин болоод явж л байдаг. Ийм сайхан эгэл хүмүүсийн нуруун дээр, сэтгэлийн хүчээр Монгол улсын 60,70, 80-аад оны сэргэн мандалт гэмээр хөгжил цэцэглэлт бий болсон гэж боддог. Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн хөрөг дурсамжийн “Арслан” гэдэг ном 2018 оны сүүлээр гарсан гэсэн. Олж унших юмсан гэж бодож явдаг даа.   Ээжийг маань Найдангийн Цэрмаа гэдэг. Нэгдлийн няраваар ажиллаж байсан. Энэ хоёр хүн сум нэгдлийнхээ төлөө бараг л амиа тавин гүйж явсан нь кино зураг шиг сайхнаар сэтгэлд буудаг юм. Субботник гээд ажлын бус цагаар хашаа саравч, хороо барих, мод сөөг тарих, байшин сав будаж янзлах, өвс тэжээл базаах гээд ажилд их хамрагдана. Би айлын ууган хүү л дээ. 1968 онд Алтай суманд төрсөн. 8, 10 дугаар ангиудыг Говь-Алтай аймагтаа төгсөөд цэргийн сургуульд орж цэргийн хүн болсон доо. Цэргийн амьдралыг бүрэн туулсан хүн дээ гэж хайяа өөрийгөө урамшуулж боддог юм. Одоо Хэнтий аймгийн Дадал суманд Хилийн цэргийн 0287 дугаар ангийн Захирагчаар ажиллаж байна. Энд ирэхээсээ өмнө Булган аймгийн Тэшиг суманд ажиллаж байгаад Хэнтий аймгийн Дадал суманд ирээд нэг жил 7 сар болж байна.
-Цэргийн мэргэжлийнхэн удам дагасан хүмүүс элбэг байдаг юм шиг санагддаг. Та чинь шал өөр гэр бүлээс гаралтай хүн байна. Соёл урлагийн амьдрал ч юм уу, инженер техникийн хүн, эсвэл малын мундаг зоотехникч, сум нэгдлийн дарга ч төрж болохоор байж. Гэтэл цэргийн дарга болсон байдаг.  Цэргийн хүн болсон түүхээс яриач?
-1986 онд намайг 10 дугаар ангид сурж байхад тэр үеийн Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны хүмүүс цэргийн сургуульд суралцах сонирхолтой сурагчдын судалгааг хөдөө орон нутгаас авч байсан юм билээ. Манай аймагт ирсэн хүмүүсийг сургууль дээр ирэх үеээр хичээлийн завсарлагаа таарчээ. Бидний хэдэн хөвгүүд гараад явсан хойгуур ангийн маань охидууд намайг цэргийн сургуульд явах хүсэлтэй гээд бүртгүүлчихсэн байдаг байгаа. Завсарлагаа дуусаад ангидаа орж ирэхэд охидууд маань “Жагаа, бид чамайг Цэргийн сургуульд бүртгүүлчихлээ” гэж хэлцгээсэн. “Яагаад намайг бүртгүүлчив?! Би цэргийн амьдрал мэдэхгүй, цэргийн сургууль сонирхоогүй шүү дээ” гэж бас ундуйцах шахуу юм болов. Гэтэл охидуудад маань: “Манай ангиас чи л цэргийн дарга болж чадна” гэсэн. Ангийнхаа охидуудын нүдээр “Цэргийн хүн” болох шаардлага хангасандаа тэрүүхэн дороо урамшиж би их л додигор сууж байснаа санадаг юм. Тэр охидууд маань миний ажил мэргэжлийг Бурхан багш шиг олж өгсөн гэж бодох өдөр ч олон байлаа даа. Тэгээд нөгөөдөр нь харин аймгийн цэргийн штабаас дуудаж “Анкет материалтай чинь танилцсан. Чи цэргийн сургуульд орох уу?” гэж асуусан. Нэг ангийн охидуудын маань хэлсэн үг, итгэсэн итгэл ч цаанаас түлхээ биз “Тэгье ээ” гэж итгэлтэйхэн хэлээд бүртгүүлчихсэн юм. 10 дугаар анги төгсөх шалтгалтуудаа өгч дуусаад л Цэргийн сургуульдаа явсан даа. (инээмсэглэв). Манай ээж, аавын аль аль талд нь цэргийн хүн байгаагүй. Ээж, аав хоёр маань харин ууган хүүгийнхээ хийсэн сонголтыг сайхан хүлээж авч “Миний хүү өөрөө сонирхож байгаа бол ээж, аав нь дэмжиж байна” гээд их л сэтгэл хангалуун байцгаасан даа. Аав, ээж хоёр чинь том хүүгийнхээ амыг харамхай байдгийг ахлах ангид орсон цагаасаа би мэдэрчихсэн байсан даа. Тэгэхээр айлын том ах, эгч нар энийг бас санаж явах хэрэгтэй. 
Энэ бол эцэг эх, дүү нарынхаа өмнө хүлээх хариуцлага. Итгэл найдвар. Том хүү гэдэг чинь дүү нарынхаа хувьд галт тэрэгний бол локомотив-толгой юм даа. Тэр цагт би харин ангийнхаа хүүхдүүдийн итгэлийг даагаад цэргийн хүн болох ёстой гэсэн бодолтой хүн болчисон зогсож байж билээ. Ингээд хөдөөний бор хүү ээжээрээ хүргүүлээд анх удаа Улаанбаатар хотод ирсэн. Тод гэрэл, асар том хотыг шөнө хараад энэ том хотын хаана нь байж, яаж учраа олох билээ гэж бодож байлаа.
 

-Оюутан цагын дурсамжаасаа яриач? Оюутан үе гэдэг хамгийн гэгээн дурсамжтай “Хүн болж төлөвшихөд гол үүрэг гүйцэтгэдэг үе” гэж ярьдаг даа.
-Цэргийн сургуульд ирээд хоёр өдөр бие бялдарын шалгалт өгч тэнцээд нэг жил цэргийн алба хаахаар хил рүү хүлгийн жолоо барив аа гэдэг л болсон доо. Сэлэнгэ аймагт 1987 онд цэргийн алба хаасан. Тухайн үед нэг жил цэргийн алба хаалгадаг нь офицер болох тэсвэр тэвчээрийг нь бас шалгаж байна гэсэн үг шүү дээ. Сэлэнгэ рүү явахаас өмнө бас 45 хоногийн хугацаатай карантилсан. Шинэ цэргийн карантин. 10 жилийн ширээнээс дөнгөж боссон хүүхэд чинь цэргийн амьдрал мэдэхгүй. Халимгаа авхуулаад, цэрэг хувцас өмссөн хүүхдүүд эхлээд аймгийнхаа хүүхдүүдийг ч танихгүй хөглөж байлаа. Хүн чинь үсээ авахуулаад нэгэн ижил хувцас өмсчихөөр ялгагдах аргагүй болдог юм билээ. Сүүлдээ нүд дасаад тэр ижил хүмүүсийг араас нь хараад ч таньдаг орчин нөхцөлдөө таарсан гярхай болдог юм билээ. Хөл гараа олох, гүйх харайх, өглөө босох энэ тэр эхлээд хэцүү санагдана даа. Дураар чөлөөтэй амьдарч байсан хүүхдүүд чинь дэг журам гэдэг амар хоол биш. Өглөө яг л унтаж байхад “сэрээд, сэрээд” гээд тушаангуй хатуухан өнгөөр дуудахад нь “хэн ингэж орилоод байгаа юм бол?” гэж өөрийн мэдэлгүй бодон: “Би чинь нээрэн цэрэгт байгаа шүү” гэж санан сэрж байсан тохиолдол бий шүү.(инээв.) Сэрээд, сэрээд гэж хашгирахаар зөөлөн босоорой, за босоорой гэж хэлж болдоггүй юм болов уу гэж хүртэл бодно шүү дээ. Аав, ээж шигээ л юм бодож байгаа нь тэр. Эх эцгийн халамж, хандлага тэрүүхэн хооронд ч үгүйлэгддэг юм билээ. Сарын дараа гэхэд команддаа дасна. “Сэрээд” гэхэд л аль хэзээний босчихсон хувцасаа өмсчихсөн байна шүү дээ. Анх олуулаа бужигналдаад бөөн хувцас хунаараа хайсан, сандарсан хүмүүс, гутал энэ тэрээ буруу зөв харуулаад л гүйнэ шүү дээ. Тэр болгон чинь хүнийг хүн болгож төлөвшүүлнэ. Сэргэг, хийморьтой болгодог. Дан ганц өөрийгөө бодож болохгүй юм байна гэсэн хатуу ойлголт өгнө. Дандаа багаараа, цэргийн хэлээр бол тасгаараа ажиллана. Нэг нь буруу байхад бусдыгаа чирнэ. Ёстой одоогийн яриагаар багаараа ажиллаж сурна гэдэг дадал бий болно. Дадал, зуршил гэдэг хүний амьдралын хамгийн том олз юм шүү дээ. Зөв дадал, зуршилтай хүн зөв хандлагатай болж хаана ч алзахгүй. Нэг майханд л гэхэд 20-иод цэрэг байрлана. Ямар нэг юм болоход тэнд байгаа бүх хүмүүс хамт хөдлөж байж л нэг үр дүнд хүрнэ. Гүйж чадахгүй байгаа нэгнийхээ бууг нь үүрээд гүйнэ. Багтарсан нэгнийгээ дундаа хийгээд чирээд явна. Энэ чинь дайн байлдааны үед шархдаж, гэмтсэн нэгнийгээ чирж яваад өөрийнхэн дээрээ ирэхийн л эхлэл, дадал шүү дээ. Бие биендээ зааж сургана. Тэгэж байж л тасгийн амжилт гарна. Цэргийн зохион байгуулалт чинь бүгд зэрэг нэг чигт хөдлөхийг хэлнэ. Чиний төлөө би анхаарал тавина, миний төлөө чи анхаарал тавина гэсэн үг. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэдэг зарчим чинь багаар ажиллаж амьдрахын үндэс юм. Харин энэ үгийг сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ховор сонсох боллоо. За ингээд 45 хоногийн хугацаанд цэргийн амьдралыг гадарлаж эхлэнэ, бие биендээ дотно болно. Цэргийн дээд сургуулийн командын ангийг 21-лээ ардчилал, зах зээл гэж эд яригдаж эхэлсэн 1991 онд төгссөн. Өнөөдрийг хүртэл бүгд ажил албаа гүйцэтгээд явж байна. “4 а” гэдэг ангиас өнөөдрийн байдлаар зургаан хурандаа төржээ. Хурандаа Наранбат, Хурандаа Дамдинсүрэн, Хурандаа Ганболд, Хурандаа Чойбаатар, Хурандаа Мөнхбат мөн миний бие байна. Энэ зургаан хүний нэг нь байгаа даа их л бахархаж суудаг юм.
-“Байлдагчийн карманд генералын мөрдөс байдаг” гэсэн үг байдаг даа.
- Цэргийн хүн цол тушаалдаа үлэмж ихээр хүндэтгэлтэй ханддаг. Би цол хэргэмд дургүй, надад санаандгүй байхад өгчихсөн байна лээ гэх шахуу юм ярьж хэлдэг хүн таардаг л юм. Тэр бол цэргийн хүн мөн үү? Бид бол хурандаа болно гэж зүтгэж явж цолондоо хүрсэн хүмүүс ээ гэж ангийн зургаан анд нөхрийнхөө өмнөөс зоригтой хэлнэ дээ, би. Яагаад гэвэл би тэднийгээ хар залуу, халуун зоригтой явахаас дотор нь орсон юм шиг мэдэх юм чинь. Жинхэнэ төрмөл цэргийн хүмүүс.
-Бид энхийн цагт амьдарч байгаа хэдийд ч улс орны зэвсэгт хүчин бол тухайн орны тусгаар тогтнолыг дэлхий нийтэд харуулж байгаа нэг чухал хүчин зүйл. Нөгөө талаас дэлхий нийтээрээ цэргийн албыг хувь хүнийг эр хүн болгодог алба гэж  хүлээн зөвшөөрдөг. Швейцар зэрэг оронд иргэд нь байнгын цэргийн байдалд байдаг гэж сонссон. Израйльд бүстэй, бүсүй гэлгүй цэргийн алба хаадаг гэсэн. Цэрэгт явж байгаа цэрэг, халагдаж байгаа цэргийн хоорондын хувь хүний их том ялгаа өөрчлөлт байна биз?
-Эрс өөрчлөлт амьдрал дээр мэдэгдэнэ. Амьдралын хамгийн энгийн зүйлээс л эхэлнэ шүү дээ. Зүү утас зөв барьж товч, захны даавуугаа оёхоос эхэлнэ. Адгийн наад зах нь олон цаг жагсаалд зогсоож үүрэгдэн гэдэг чинь хүний үг сонсож сурах, тэвчээр хатуужилт сургаж байна. Хоолон дээр нэг л хүн “донг” гээд халбага шанага дуугаргах юм бол зогс гээд л бүгд хоолоо идэхээ болино. Энэ чинь хувь хүний соёл, бусдыг хүндэтгэх, бусдад садаа болохгүй байх ёс, хувийн зохион байгуулалтад сургаж байна. 1, 2 дугаар хоолыг 30-35 минутын дотор иднэ гэдэг нь хамгийн энгийн байдлаар “эхлэл, төгсгөл”-д сургаж байна. Залуучууд яагаад цэргийн албанаас халгаж шантраад байна вэ? Нэг талаас цэргийн алба хаасан, хаагүй хүмүүс хэт дөвийлгөж ярьж байна. Их хүнд хэцүү зүйлийг туулж ирснээ тодруулж харагдуулах гэж өөрийгөө болон өрөөлийг дөвийлгөн хөөрөгдөн ярьж байна. Цэргийн алба гэдэг ямар ч аавын хүүгийн халширалгүй хаах алба. Хамт алба хааж байсан хүмүүстэйгээ ганц хоёр удаа зөрөлдөж, бие биенийгээ цохиод авснаа уран сайхны халил оруулж ярьж байна. Энхийн цагт “баатар” байх гэдэг уран сайхны кинонд байдаг шиг зүйл биш. Үүнийг нь сонсож байгаа хүн бол нөгөө ярьж байгаа хүнийг “баатар” гэж ойлгохоос гадна, ямар хэцүү юм бэ гэсэн бодол орно. Нөгөө талаас сүүлийн үеийн залуучуудын маань бие бялдар, хүний мөс чанар суларч байна. Энэ бол нүдэн дээр харагдаж байгаа үзэгдэл. Амиа хойхойлсон үзэл манай нийгэмд их эрчтэй газар авч байна. Энэ их даамжирвал эх орон, улс үндэстэн байхын учир, ач холбогдол алдагдах аюултай. 1980, 90-ээд оны үед 10 жилийн сургуульд цэрэгжилтийн хичээл ордог байсан. Тэр их үр дүнтэй байсан юм. Тусгай хувцас өмсөнө, дасгал хийнэ, ангийн охидууд, хөвгүүд ялгаагүй автомат бууг задалдаг, угсардаг, 100-200 метрт гүйдэг байсан. Энэ чинь Таны дээр хэлсэн Израйль, Швейцарын зөөлрүүлсэн хувилбар. Энэ нь тодорхой хэмжээгээр бие бялдарын хатуужил суулгаж, цэргийн албаны ойлголтыг олгодог байсан гэж боддог.
-Нууц биш бол Та алба ажил, ангийнхаа бие бүрэлдхүүний талаар бидэнд танилцуулна уу? Цэргийн амьдралыг таньж мэдэх талаас нь залуу хойч үед сонин байх болов уу?
- Энэ талаарх мэдээлэл цэргийн нууц шүү дээ. Хүний тоо, зэвсгийн тоо. Тийм учраас Таны асуултанд бүрэн дүүрэн хариулж чадахгүй болов уу. Харин энэ ангийг удирдаж ажиллаж байсан хурандаа нарыгаа танилцуулахыг хүсэж байна. Энэ бол нэр усыг нь бахархан хэлэх гавьяатай хүмүүс юм. Тэднийхээ нэрийг сонсоод нэгэн үе энд цэргийн алба хааж байсан хүмүүс цэргийн амьдралаа Монгол цэргийн өдөр эргэн дурсаж л таараа. (инээв.) Хэнтий аймгийн Дадал суманд Хилийн цэргийн 0287 дугаар ангийн анхны отрядын даргаар хурандаа Батцэнгэл ажиллаж байсан. Дорнод аймгийн хүн дээ. Дараагийн дарга нь Гантөмөр хурандаа. Улаанбаатар хотын хилийн цэргийн ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Мөн Ганболд хурандаа, Чойнямбуу хурандаа, Бат-Эрдэнэ хурандаа, Жамсрандорж хурандаа нар ажиллаж байсан. Одоо Чойнямбуу хурандаа Хан-Уул дүүргийн ахмадын хорооны даргаар, Бат-Эрдэнэ хурандаа “Хилчин” спорт хорооны даргаар ажиллаж байна. Хурандаа Жамсрандорж одоо Булганы отрядын дарга хийж байгаа. Би энэ ангийн долоо дахь дарга шүү дээ. Энэ хүмүүсийн нэрийг дурах нь миний үүрэг. Яагаад гэвэл энэ сайхан ангийг өдий зэрэгт хүргэхэд үе үеийн удирдлага, алба хаагчдын итгэл зүтгэл шингэсэн байгаа. Сүүлийн үед өнгөрснөө мартах, тэр бүү хэл үгүйсгэх гэдэг хандлага нийтлэг цухалзах болжээ. Нэрт яруу найрагч Расул Гамзатов: “Өнгөрснөө гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэсэн үг их учир агуулгатай үг шүү. Эцэг эхээ муулдаг хүн байдаггүй. Өнгөрсөн түүхээ тухайн нөхцөл байдалтай нь уялдуулан нилээн тийм философлог чанартайгаар ойлгож хүлээн авах хэрэгтэй байх. Дутуу дулимаг юмыг нь гүйцээж, тухайн нөхцөл байдлаас үүссэн алдаа осолтой юмыг нь залруулж явах нь дэвшил. Ингэж хөгжил дэвшил явах байх. Шинэчлэл гэж бид их ярьдаг. Шинэчилж өөрчилж болно. Хөгжил дэвшилгүй шинэчлэл бол учир дутагдалтай. Шинэчлэлийн үр дүнд дэвшил байх ёстой гэж боддог. Ер нь цэргийн хүмүүсийн нэг онцог нь чөлөөнд суусан ч зүгээр сууж чаддагүй. Дандаа нийгмийн идэвхтэй байдаг чанар. Хувийн аж ахуй босгоод ч юм уу, ямар нэг албан болон олон нийтийн ажилд ч юм уу зүтгэж л явна. Уг нь цэргийн хүмүүсийг бодлоготойгоор тэтгэвэр, чөлөөнд гарахад нь улс орон ашиглавал нэгэнт цэгцэрч хүмүүжсэн маш том боловсон хүчний арми юм шүү дээ.
-Таны хувьд хаана хаана ажиллаж байсан бэ? Хурандаа цолтой, хилчин хүн чинь Монгол орноо бараг тойрсон биз?
-Цэргийн албаа Сэлэнгэд хаагаад, Говь-Алтай, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Булганы хилийн цэргийн ангиудад ажиллаж байсан. Одоо Хэнтий аймагт ажиллаж байна. Өмнөд хилээс нар зөв тойроод ажиллаж байна. Таны хэлснээр эх орноо зүгээр нэг дугуй аяллаар ч юм уу, морин аяллаар тойрсонгүй. Алба ажлаа хашаад овоо толгод болгоныг нь нүдэлж 33 жил хилчин хүн шиг тойрлоо. Энэ бол миний ажил амьдралын бахархал. Анх офицер болоод ромбо, дипломоо аваад нутагтаа очино гэж зүтгэсээр байгаад очсон. Ээж, аавдаа, нутаг орондоо очих сайхан байсан ч нэг талаас алдсан. Олон жил ажилласан. Дассан газрын давуу зөөлөн ч хүн өсөж хөгжиж дэвшихийн төлөө тэмүүлэх ёстой юм билээ. Манай Дамбын Баатар хурандаа “Эр хүн, тэр дундаа хилчин хүн нутаг орноосоо алс ажиллаж, амьдарч байж хилчин болдог юм. Нутаг орондоо байгаад байвал өдөр тутмын амьдралтайгаа зууралдсаар байгаад л таарна. Нутаг орондоо дассан зохицолдоо тохируулж амьдравал сэтгэлгээ чинь задрахгүй. Үнэхээр амьдралдаа дэвшилтэй, хөгжиж амьдрахыг хүсэж байгаа бол Монгол орноо тойроод хилээ хамгаал” гэж хэлээд хилийн албаны даргаар дэвшүүлэн томилоод явуулж байсан юм. Энэ бол надад олдсон том олз байлаа. Монгол орныхоо хилийг тойроод явсны хүчинд би өнөөдөр олон зуун хүнтэй хамтарч ажиллаж, сайхан хамт олон, найз нөхөдтэй болсон байна. Ажил мэргэжлийнхээ амт шимтийг мэдэрч байна. Тэрнээсээ урам зориг, хар ярианы хэлээр бол ажил амьдралын “кайф” авч байна. Энэ бол зохиомол үг биш. Хэлье гэж хэлж байгаа үг. Ууланд гараагүй хүн ууланд алхахын сайхныг мэддэгүй шүү дээ. Эх орноо тойроогүй хүн тэр сайхныг бас мэдэхгүй л дээ.(инээв.)
 

-Та Хэнтий аймгийн Дадал суманд Хилийн цэргийн 0287 дугаар ангид ирж ажиллаад нэг жил 7 сар болж байна. Танай анги байрладаг газар бусад ангиудаас юугаараа ялгаатай вэ? Юуг нь онцлог гэж хэлж болох вэ? 
-Манай анги нэгдүгээрт, байрлаж байгаа нутаг орноороо их онцлогтой. Их Монгол Улсыг үндэслэгч, аль 1200-аад онд Монгол төрийг байгуулагч Чингис хааны төрсөн нутаг. Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар мэндэлсэн. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм билээ. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор газар. Энэ нутагт монголчуудын их хаандаа зориулан босгосон анхны гэрэлт хөшөө бий. Чингис хааны хөшөөний дизайныг уран зураач, барималч Лувсанцэрэнгийн Махвал гуай хийсэн гэдэг. Хэнтий аймгийн Дадал сумын Ононы Дэлүүн болдогийн орчим Гурван нуурын амралтын төвд 1962 оны тавдугаар сард босгосон энэ хөшөө хоёр метр гүн суурьтай, 12 метр өндөртэй. Газрын хөрсөнд орсонтойгоо нийлээд бараг 13 метр гэж ярина. Энэ бол түүх дурсгал талаасаа ч, урлаг соёлын талаасаа ч том цогцолбор болж болох хөшөө л дөө.  Мөн Монгол Улсын буурал түүхийг агуулсан Онон Балж гол гээд энэ газар орон тэр чигтээ түүх дурсгалын минь өлгий. Нөгөө талаар мэдээж хил хамгаалтын онцлог байна. Битүү ой тайгийн бүс. Говь цөлийн бүсэд хил хамгаалах, ой тайгад хил хамгаалах хоёр өөр өөрийн онцлогтой. Энэ их мод, бургас улайс, гол усанд хилчид өвөл, зуны аль ч нөхцөлд хилээ хамгаална гэдэг нэг талаар бэрхшээл хүндрэлтэй. Байгалийн саад бэрхшээлийг өөрсдөө л даваж, хатуу хүйтэн уур амьсгалд өөрсдөө л зохцино. Энэ бол албаны маань бас нэг өвөрмөц онцлог болно. Хилчид бол байгаа нөхцөл байдалдаа байгаль орчиндоо зохицож ажилдаг. Тэр онцлогоосоо болж өөрийн гэсэн дадал зуршилтай болдог юм.
-Цэрэгт хүүгээ явуулж байгаа эцэг, эхчүүд төдийгүй залуучууд маань өөрсдөө ч хилийн цэрэгт алба хаах юмсан гэж олноороо хүсэх хандлагатай байдгийг нуух юун. Эмэгтэй хүмүүс ч, тэр дундаа би хүртэл хилийн цэрэгт алба хаасан залуус илүү сайхан гэж боддог. Яагаад ингэж дүгнэдэг юм бол?
-Ийм хандлага байгаа нь бодит үнэн үг. Хилийн цэргүүд өөрсдөө аж ахуйгаа эрхэлдэг. Унах уналгаа бэлдэж, сааль сүүгээ өөрсдөө хийнэ. Хилийн цэрэгт алба хааж байгаа залуучууд маань аж ахуйн ажилд их суралцана. Мал маллаж үзээгүй, морь унаж сураагүй шинэ цэрэг олон байдаг. Байгалийн ийм сайхан цэвэр орчинд, уул хаданд бие дааж явж үзээгүй Улаанбаатарын хүү ирээд морь унаад хилийн манаанд үүрэг гүйцэтгэх албанд суралцана. Монгол ахуйдаа ойртоно. Төвийн ангиуд бол тодорхой нэг агуулах, объект хамгаалаад байдаг бол хилийн цэрэг хүн Монгол Улсынхаа хилийг хамгаалж байна. Монгол эр хүний ёсоор морио унаад байгалийн ямар ч нөхцөлд эх орныхоо торгон хилийг манаад явахад идэр залуу эр хүний сэтгэл баясан шүү дээ. Хилчин хүн Эх орондоо хэрэгтэй байгаагаа алхам тутамдаа мэдрэнэ. Үүрээр нар мандаад гэгээ орж байх үеэр манаанаас бууж явахдаа эх орон, ард түмэн мань амгалан тайван амарч байхад хүү нь хилээ манаад ирлээ гэсэн бодол өөрийн эрхгүй бахархал төрүүлнэ дээ. Ийм гэгээн мэдрэмжийг өөр хаанаас авах билээ. Тийм үү?
-Нээрэн тийм юм байна шүү. Та шинэчлэл дэвшил хоёрын учир ялгааг ярьсан. Тэр болгон сонсож байгаагүй ойлголт санагдлаа. Хилийн цэргийн 0287 дугаар ангид ирээд хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа талаар манай уншигч түмэнтэй хуваалцана уу?
-Хэнтий аймгийн Дадал суманд томилогдохдоо Их хааны нутагт алба хаах, хамгаалах хувь тохиол надад байж шүү гэж талархалтай хүлээж авсан. Ирээд эмнэлэг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулж эмнэлгийн барилгаа барьж дуусгаад байна. Эрүүл мэнд, соёл, боловсролын орчин бол хөгжил дэвшлийн угтвар нөхцөл. Одоо тавилга, хэрэгсэл, тоног төхөөрөмж асуудлыг энэ жилийн эхний хагаст шийдүүлэхээр зорьж байна. Мөн өөрсдийнхөө хүч бололцоог ашиглаад нэг том материалын агуулах барьсан. Халуун усны газраа шинэчилсэн. Ахуйн соёл бол цэрэг хүний амьдралын чухал хэсэг. Одоо усанд ороход оочерлох асуудал байхгүй болсон шүү (инээв). Ус цасанд орох боломж нээлттэй байвал цэрэг эрс хийморьлог болдог. Цэвэрхэн, сэргэлэн байх чинь цэрэг хүний цог золбоог өөд нь татдаг. Зохион байгуулалтын тал дээр нэлээн анхааран ажиллаж байна. Хамт олноо урамшуулах, нутаг орноороо, албаараа бахархах сэтгэлийг урамшуулан дэмжих зорилгоор Чингис хааны хөшөө бүхий “Чингис хаан” цом гарган оны аваргуудаа шалгаруулан дурсгаж байна. Дараагийн алхам боловсрол, танин мэдэхүй талын арга хэмжээг дэлгэрүүлэх бодлого боловсруулж байна. 
-Эмнэлэгтээ болно гэдэг эрүүл мэндийг дээдэлсэн сайхан ажил байна. Танай эмнэлэг нутаг орны иргэдэд үйлчилгээ үзүүлэх үү?
-Мэдээж хэрэг сум орон нутгийн эмнэлэгийн хүрэлцээ хангамж муу байвал шаардлагатай хүнд нь үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагын зарчим, эмчийн тангараг ч тэр өвчтөнд хүний миний гэлгүй тусламж үзүүлэх ёстой биз дээ. Иймээс манай эмнэлэг  үзүүлж чадах арга хэмжээ байвал тусгайлсан журам дүрмээр  тусламж үзүүлнэ. Гэхдээ цэргийн эмнэлэг бол цэргийн эмнэлэг гэдгийг мартаж болохгүй. Энэ орон нутагт амьдарч байгаа манай 30 гаруй ахмад хилчид байна. Тэдэндээ үйлчилгээ үзүүлнэ. Сум, аймгийн эмнэлэгтэй харилцан хамтарч ажиллах төлөвлөгөө гэж байгаа. Орон нутгийн хүмүүс чинь аль болох л бие биенийгээ дэмжиж, дэм дэмэндээ дээс эрчиндээ ажиллахгүй бол болохгүй нөхцөл байдалтай байдаг талыг ч харгалзсан журам зарчим бий.
 

-Та “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж хэллээ. Хилийн аюулгүй байдлыг хангахад орон нутгийн ард иргэдтэй нягт ойр ажиллах шаардлага зайлшгүй байдаг байх. Албаныхаа хамтын ажиллагааны талаар...
-Аль ч орон нутагт ажиллаж байгаа хилийн цэргийн ангиудтай аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгжүүд нягт хамтран ажилладаг. Зөвхөн тухайн бүс нутгийг төдийгүй Монгол орныхоо хилийг хамгаалж байгаа алба шүү дээ. Улсын Их Хурлын гишүүн асан, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба дарга бидэнд тусагайлан анхаарч, дэмжин ажиллаж байдаг. Орон нутгийн удирдлага биднийг дэмжиж, ард иргэд нь хүрээлнэ гэдэг том боломж. Н.Ганбямба дарга санаачилж 2018 онд дөрвөн сая төгрөгийн соёлын техник хэрэгсэл бидэнд олгосон. Энэ техник хэрэгсэл цэргийн соёл хүмүүжлийн ажилд ач тусаа их өгч байгаа. Залуу хүмүүсийн амьдралын нэг салшгүй хэсэг бол урлаг, уран сайхан, дуу хөгжим, бүжиг танец. Цэргийн залуучуудын сул чөлөөтэй цагийг үр ашигтай “бөглөх” нь хувь хүний оюун санааны хөгжил, дэвшилд маш чухал. Энийг үр ашиггүй “бөглөх” юм бол сөрөг үр дүн өгнө. Буруу муу юм бодож сэтгэх, санах завгүй байх нь залуу хүн төлөвшихөд маш хэрэгтэй. Ном сонин, зохиол бүтээл унших, дуу хөгжим сонсох гээд аль болох гэгээрсэн хандлагаар чөлөөт цагийг нь өнгөрүүлж байвал ирээдүйн амьдралд нь тустай л даа. Ийм орчин, цаг нар цэргийн амьдралаас нь хойш  хүн болгонд тэр болгон олдоо ч билүү, үгүй ч билүү. Энэ цаг хугацааг нь ашиглаж дэвжиж дээшлүүлэх хэрэгтэй. Дээр үед цэргийн алба хаасан хүн орон нутагтаа соёл, боловсролыг тээж ирдэг байсан юм билээ шүү дээ. Өнгөрсөн зууны 40, 50, 60-аад оны үед. Одоо ч гэсэн цэргийн алба хаасан хүн нийгэмдээ эерэг дадал зуршилыг тээгч байх ёстой гэж би боддог. 2019-2020 онуудад спорт заалтай болох зорилго тавин ажиллаж байна. Энэ ажилд Аймгийн засаг дарга Н.Ганбямба биднийг дэмжиж хамтран ажиллах болсонд нь нийт хилийн цэргийн бие бүрэлдэхүүн маш баяртай байгаа. Манай сумын засаг дарга Б.Оюунбаатар байнгын бидэнтэй хамтран ажиллаж байна. Бид хамтраад 2019 онд Өсвөрийн цаначдын улсын аврага шалгаруулах тэмцээнийг Дадал сумандаа зохион байгуулж явууллаа. Тэмцээнд 15 аймгийн 30 гаруй тамирчин ирж оролцлоо. Манай хилчид өвлийн спортоор хичээллэх хандлага улам нэмэгдэж байгаад урамтай байдаг. Мөн 2018 онд Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтраад өсвөрийн болон насанд хүрэгчдийн аврага шалгаруулах сурын харвааны тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний үеэр манай хамт олон Хэнтий аймгийн ард, иргэдэд зориулан “Хилчний уянга” тайлан тоглолтыг зохион байгуулсан. Гадаад харилцааны хувьд ОХУ-ын Өвөр Байгалийн цэргийн хилчидтэйгээ хил хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцож, ажил төрлөө мэргэжлийн түвшинд уялдуулан ажиллаж байна. Тогтмол харилцан туршлага солилцоно. 2019 оны 2 дугаар сард бид ажлын уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах ажлын төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Ижил төстэй чиг үүрэгтэй ажиллаж байгаа гадаадын хамтран ажиллагчиддаа улс орныхоо соёл, ёс заншилыг танилцуулах зорилгоор “Цагаан сар”-ын баяраар урьж танилцуулсан. Бид харилцан хамтарч ажиллаж чадвал хил хамгаалтын асуудал улам сайжрах ба аль аль талдаа тустай эерэг нөлөө үзүүлэх болно. Хилчид бид ажиллаж байгаа орон нутгийнхаа ард түмний ёс заншил, уламжлалыг суралцаж, таниж ойлгох хэрэгтэй шүү. Монголчууд төдийгүй харь орны хүмүүс хүртэл залбирч мөргөөд ирдэг нутаг шүү дээ.
-Алслагдмал бүс нутагт байгаа хилчидийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж тал дээр хэр анхаарч байна?
-“Хилийн манааны үүрэг гүйцэтгэх ажиллагаа”, “Хил зөрчлийг саатуулах арга техник”, “Хилийн эрлийг удирдах” чиглэлээр хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ авч байна. Иймд байгууллагын дотоод сургалтуудыг аймгийн цагдаа, прокорорын газартай хамтран зохион байгуулж байна. Хууль эрх зүйн мэдлэгийг хилчин хүн өргөн дэлгэр эзэмших ёстой. Иймээс энэ талын сургалт, сурталчилгаанд түлхүү анхаарах ёстой. Эрүү, иргэний эрх зүй, Нийтийн болон хувийн эрх зүйн мэдлэгийг хааж байгаа албатай нь уялдуулж хилчин цэргүүдэд олгох хэрэгтэй. Хилийн цэргийн алхаа сүүлийн үед томорч байгаа шүү дээ. Гадаад дотоодгүй сургалтад хамрагдахаас гадна, хилийн чанадад алба хааж байна. Иймд Хил хамгаалах байгууллага, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хууль сахиулах сургуулийн Хилийн академи дээр сургалтад байнга хамрагдаж байна. Манай Хил хамгаалах байгууллага БНХАУ-ын Явган цэргийн академи, ОХУ-ын Цэргийн академиудад 2-3 жилийн хугацаатай хүмүүсээ сургаж байна. Үүнээс гадна Энхийг сахиулах ажиллагаанд манай хилчид оролцдог. Энэтхэг, Герман, Египет зэрэг орнуудад богино хугацааны сургалтад сууж байна.
-Хилчид оролцохгүй ажилгүй байдаг байх. Алба хаах хугацаандаа Таны оролцож байсан онцлох аврах ажиллагааны талаар бидэнд сонирхуулна уу?
-Аврах ажиллагаанд оролцоно оо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2018 оны долоо дугаар сард Балжир голын эх Бөхөн Хярхан голд усанд суугаад осолдож байсан гурван машинтай 22 гаруй хүнийг аварсан. Ийм тохиолдол хилчдэд байнга тохиолдон доо. Өвлийн улиралд төөрсөн хүмүүсийг аврах ажиллагаа их хийгдэнэ. Хилийн зөрчлийн тухайд өөрт тохиолдсон нэгэн жишээ ярья. 2012 онд Увсын Баруун түрүүнд болсон хилийн зөрчлийг жишээлэн яривал уншигчдад тодорхой ойлголт өгөхөд дөхөмтэй байх. Тухайн үеийн Увсийн Тэс сумын иргэн... гэгч Шар үзүүрийн хилийн боомтоор Оросын тал руу ороод цаанаас нь Монгол тал руугаа холбоо барьж хил дээр хоёр талаас нууцаар уулзахаар тохирсон байна. Тэгээд  Увсын Баруун Түрүү сум, Зүүн Говь сум, Тэс сумыг дамансан урт “Алтан элс” гэдэгт газарт адуу тууж авчраад Тувачуудыг дагуулан ирж адуугаа дамжуулан өгөх гэж оролдсон. Үүнийг бид бүтэн гурван өдөр, шөнөгүй элсэн манхан дунд явж байж саатуулж байсан даа. Машин мотоцикл явахгүй газар байсан учир бэрхшээл алхам тутамд байв. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл хилчин хүн тухайн газар орныхоо байдлыг тэнд насаараа амьдарч байгаа хүнээс ч илүү мэддэг байхыг ажлын шаардлага болгодог байх явдал юм. Иймд ийм мэдээллийн санг хилчид өөрсдөө бүрдүүлсэн байх нээ дээ.
-Хилийн цэргийн дарга хүний гол түших багана нь хилийн баганаас дутуугүй хань, гэр бүл нь байдаг гэдэг. Та гэр бүлээ манай уншигч түмэнд танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүн Ядамсүрэнгийн Болорчимэг гэдэг бүсгүй бий. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. Мэргэжил нь хилийн албанаас тэс өөр. Гэвч миний хань сэтгэл, итгэлээрээ хилчин болсон хүн дээ.(инээв.) Манайх чинь 1992 оны айл. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, нэг хүүтэй. Хүү маань ОХУ-ын Санкт Петербург хотын Нисэхийн Академийн Цэргийн сургуульд сурч байна. Ингээд нэгэн цагт кино механикч явсан Алтай нутгийн Нямсүрэнгийн том хүү, ач хүү нь үе дамжсан цэргийн хүмүүс болох нь ээ. Ер нь Хилийн цэргийн амьдралд хань ижил их чухал. Түшигтэй сайн ханьтай байх нь маш том олз, Бурханы хишиг. Цэргийн хүний гэр бүл чинь сүүлдээ их нүүгээд ирэхээрээ нэг ч аяга хаглахгүй нүүж сурдаг юм даа. Бид бол ажлаа хүлээлгэж өгнө гээд л хэд хоногоор хилээр яваад өгнө. Хилийн баганаа хүлээлцэнэ. Хилийн застав болгоноор орж шинэ даргаа ажил байдалтай нь танилцуулна. Хэлэх анхаарах захиа санаагаа үлдээнэ. Бие бүрэлхүүнээ жагсааж байгаад хүн хүч, машин техникээ нэг бүрчлэн танилцуулна. Арай л хүүхдүүдээ л хүлээлцэхгүй дээ. (инээв.) Хилчин хүний ар гэр хүнд бэрхийг туулна.  Хэцүү шүү дээ. Хүүхдийн боловсрлын асуудал байна. Хэдийгээр Монгол Улсын холбогдох хууль тогтоомж өөрчлөгдөөд хилийн цэргийн гэр бүлд тэтгэмж өгч байгаа ч гэсэн энэ нь зуун хувь хангахгүй юм. Гэхдээ дэвшил бий. Үгүйсгэх аргагүй. Яваандаа бүр сайжрана гэсэн итгэл төрж байгаа.
-Хилчин хүн тэтгэвгэвэрт гарахдаа төрсөн нутгаа зорьдог юм болов уу? Эсвэл гол төлөв алба хааж байсан газраа сууршаад үлддэг үү?
-Энэ бол маш чухал бөгөөд эмзэг асуудал шүү дээ. Нутаг руугаа явах гэхээр нутагтаа насаараа ажиллаагүй. Аав, ээж нь насан өдөр болсон байдаг.Зарим нь байх уу? Үгүй юу? Ах, дүү нар холдчихсон байдаг. Тэтгэвэртээ гарна гэдэг чинь 40, 50 настай болно доо. Нутагтаа очоод дахиад амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй болно. Монгол хүн болохоор төрсөн нутаг дуудна шүү дээ. Тухайн хүний сонголт доо. Гэхдээ хилчид бид чинь хамгийн сүүлийн томилогдсон газартаа л гол төлөв хамт олноо бараадаад л үлддэг юм даа. Тэгэхлээр төр засгаас хилчдийн энэ асуудлыг нарийн сайн бодолцож үзэх ёстой. Хууль эрх зүйн актаар зохицуулбал сайн сан. Гэхдээ хилчин байна гэдэг ирээдүйд тулгарах ямар ч эрсдлийг мартагдуулах сайхан алба даа.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөн Таньд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-За, баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.