НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Г.Майцэцэг: Энэ авлигал гэдэг вирусыг тэжээгч нь бизнесийнхэн бид өөрсдөө

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
2 сарын өмнө /2019-06-10 15:09:26 GMT +8 / | 5020 удаа уншсан

 

Манай энэ удаагийн зочноор үйлдвэрлэгч эмэгтэй, “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг уригдлаа. Түүний амьдралаас ургасан яриа уншигч түмэнд сонирхолтой байж, нэгийг бодогдуулж, хоёрыг сануулна гэж найдаж байна.


 

-2015 оны есдүгээр сард Та үнэгүй бараа бүтээгдэхүүнээ тараасан. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй, дарамталж байгааг эсэргүүцсэн нэг хэлбэр байсан гэж ойлгодог. Үүнээс хойш гурван жил гаруй өнгөрч. Таны хувьд юу өөрчлөгдөв? Одоо болтол жижиг дунд үйлвэрийн төлөө шантралгүй явж, тэмцэж, дуу хоолойгоо гаргахад юу нөлөөлөв?
-Энэ үйл явдлаас өмнө би “хувиа болгоод довоо шарлуулаад” явж байсан юм байна билээ. Тэгээд тэр явдлаас хойш хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, бодлогыг нь өөрчлөхөд нөлөөлөх ёстой юм байна гэж хатуу шийдсэн. Бид одоо өөрчлөхгүй бол хэн хэзээ өөрчлөх юм гэж бодсон. Би багаасаа зүтгэсэн бол юмны цаана гарна уу гэхээс наана нь ойчихыг хүсдэггүй хүүхэд байсан. Үүний нэг жишээг сонирхуулж яръя. Миний эмээгийн хамгийн бага дүү угсаатан зүй судлаач Данаажавын Тангад гэж эрдэмтэн, мундаг ах байдаг. Тангад ах маань “Аминд чинь хэн орлоо? Майты.” гэж тоглоом шоглоомоор одоо ч асууж бид хоёр инээлддэг юм л даа. Миний ээж Б.Наранцэцэг сургуулиа төгсөөд Булганы Орхон суманд анх бага эмчээр хувиарлагдан очиж аав О.Гансүхтэй маань танилцаад гэр бүл болж би гарсан хэрэг.  Миний бага нас өвөө эмээгийнхээ гар дээр өссөн. Айлын ганц охин хүүхэд тул яггүй өөрийн бодолтой хүүхэд болсон юм шиг байгаа юм. Манай өвөөгийнх Махкомбинатын 60 айлын гэгдэх гурван байшингийн нэгд амьдардаг байв. Би тэр хавьд бага насаа үдсэн дээ. Өвөө маань насаараа Гурилын үйлдвэр, Махкомбинатын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийсэн хүн. Нийгмийн маш их идэвхтэй, ажлын хэнээтэй гэж хэлж болохоор хүн байв. Ийм л хүмүүсийн нуруун дээр л өнгөрсөн зууны 50, 60, 70-аад оны өнөө хөгжил дэвшил, аж үйлдвэржилт гэдэг бий болсон шүү дээ. Тэгж байтал аав, ээж минь хөдөөнөөс ирээд миний дээр хэлсэн Тангад ахын нэг өрөөнд хамтдаа амьдарлаа. Залуу хүмүүст тийм бэлэн зэлэн орон сууц гэж юу байх билээ. Тэнд нүүж очихоос өмнө өвөөгийнхөө ойролцоо байдаг  62 дугаар сургуулийн дэргэдэх шар цэцэрлэгт Даариймаа багшийн ангид явдаг байсан. Цэцэрлэгийнхээ дугаарыг санахгүй байгаа ч багшийнхаа нэрийг санаж байгаа биз?! Тэгэхээр тэр хүн миний ой тойнд гүн үлдсэн хэрэг. Манайх Тангад ахынх рүү нүүхэд цэцэрлэг солигдож шинэ цэцэрлэгт орсон. Тэр цэцэрлэгт миний мэддэг юмыг заагаад сонирхолгүй байсан. Тэгэхээр таван настай хүүхэд чинь би сургуульд орох ёстой гэж бодно биз дээ. Тэгээд цэцэрлэгээсээ оргож сургуульд орно гээд явсан. Тэр үед нь бүх юм их хариуцлага, хараа хяналттай байжээ. Аав Мод боловсруулах үйлдвэрт ня-бо, ээж хоёрдугаар төрөх газар эх баригч эмчийн ажилтай байлаа. Миний алга болсныг цэцэрлэгээс дуулгаж, томчууд сандарч нилээн эрэл сурал болжээ. Манай гэр цэцэрлэг хоёрын хооронд автобусны хоёр, гурван буудал зайтай байсан. Тэгээд явж байгаад гэртээ иртэл аав, ээж, өвөө, Тангад ах ирсэн байв. Ээж маань айж сандарснаасаа болоод надад гар хүрэв /Нуруу руу алгадсан/. Би уйлаад: “Энэ цэцэрлэгт явахгүй. Дандаа мэддэг юм заагаад байна. Би сургуульд орно. Намайг цэцэрлэгт өгөх юм бол дахиад оргоно” гэдгээ их л нэхэл хатуутай шазруун хэллээ. Ээж, аав хоёр сургуулийн нас болоогүй гээд учирлаж байна. Тэгсэн Тангад ах: “Наад хүүхэд чинь сургуульд орно гээд байна, оруулаач. Шаардлага нь ойлгомжтой юм биш үү. Хүүхэд өөрөө сургуулийг хүсээд орно гэж байгаа чинь харин ч сайн юм биш шүү” гэж хэлсэн юм. Ингэж таван настай сурагч болсон хүн дээ, би. Өвөө маань хөөцөлдөж байж Лхамрагчаа багшийн ангид 62 дугаар сургуульд оруулсан. Тэр үед чинь долоо, найман настай хүүхэд л сургуульд ордог байсан шүү дээ. Миний ээжийн дүү нар 62 дугаар сургуулийг төгссөн. Өвөө маань тэр хавийн үйлдвэр, албан газар нэр хүндтэй, нөлөөтэй хүн байсны ач тус гарсан биз. Тэгээд Тангад ах бид хоёрын энэ яриа одоо ч яригддаг болсон. Ийм л зорьсондоо хатуу зогсдог зан надад одоо ч байдаг юм болов уу.
-Аль сургуулийг төгссөн бэ?
-62 дугаар сургуульд 1-р ангид орж дараа нь 47 дугаар сургууль руу шилжсэн. Өвөө маань тэтгэвэрт гарахад төрөөс Нэгдүгээр хороололд байр бэлэглэсэн. Тэр байраа манай аав ээж хоёрт өгч би 81 дүгээр сургуульд 3 дугаар ангидаа шилжин сурч байгаад 14 настайдаа есдүгээр ангид байхдаа Польш улс руу явсан даа. Таван настай нэгдүгээр ангид орсны учир есдүгээр ангидаа 14 настай байж. Тэгээд түүнээс хойш Польшид 19 жил сурч боловсорч, ажиллаж амьдарсан. Миний гурван хүүхэд Монголоор ярьж чадахгүй шахуу л хүмүүс тэндээс 2008 онд ирж байлаа.
-Өөрийнхөөрөө зүтгэдэг хүүхэд байж. Зүтгэсэндээ ч хүрдэг байж. (инээлдэв) Одоо ч хөнгөн үйлдвэрийг Монголд хөгжүүлнэ. Монгол брэнд гаргана гэж зүтгэж байна. Туркийн алдарт зохиолч Н.Хикметийн 
“Хэрэв ээ би шатахгүй бол
Хэрэв ээ чи шатахгүй бол 
Хэн энэ харанхуйг гийгүүлэх юм 
бэ?” гэсэн шиг хөнгөн үйлдвэрийн салбарт түүчээлэн явж байгаа бизнес эмэгтэй гэж би ойлгодог.


-Гадаадад ажиллаж амьдардаг хүмүүст Монголд ирнэ гэдэг ойлголт өөрөө аягүй том сонголт, сорилт болдог л доо. Бараг л ханиа сонгох гэж байгаа юм шиг том шийдвэр болдог юм. (инээв) Манай гэр бүлийн хувьд АНУ, Герман явах боломж байсан. БНХАУ-д ажиллах бас нэг санал байсан.
-Бас Польшдоо байгаад байх боломж ч байсан байх.
-Тэр мэдээж. Тэнд чинь би аж ахуй хамаг юмаа орхиж байгаа хүн шүү дээ. Хүний нутаг бол хүний л нутаг гэдэг утгаараа бид Монголоо зорьж ирсэн. “Сиймхий ч гэсэн гэр минь” гэж эртний үг байна. Манай гэр бүлийн хүн Германд дизайнер, хувцасны зураач мэргэжил эзэмшсэн. Бид Польшид хувийн үйлдвэртэй байсан. Хань маань үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хариуцаад би худалдаа, гадаад харилцаа, захиалга маркетингээ авч яваад давгүй сайхан амьдарцгаадаг байв. Польшид бол үйлдвэрлэгч хүн гэдэг үйлдвэрлэлээ хийдэг. Миний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хаана, яаж зарагдах нь хамаагүй. Манайхаас бөөний үнээр аваад, захиалж хийлгээд явдаг. Цааш нааш нь элдэв хэл үг байхгүй амар газар. 
-Монголд бол А-аас нь Я хүртэл бүх л дамжлага дээр оролцоно. Энэ чинь зах зээл нь хязгаармагдал орны зовлон юм биш үү? Эсвэл үйлдвэрлэлээ явуулаад борлуулалтаа хийх нь ашиг орлого талаасаа арай дөнгүүр байдаг юм болов уу.
-Үгүй дээ. Үйлдвэрлэгч хүнд ашиг гэхээсээ тогтмол ажиллагаагаа хангах нь хамгийн чухал л даа. Манай Монголчууд цөм цөм ашиг бодож түүнийхээ төлөө яваад байдаг. Уг нь байнгын орлоготой, байнгын баталгаатай ажилтай байна гэдэг маш чухал. Хөгжилтэй орнуудын ашиг орлого гэдэг хэдэн арав, зуун жилээр хуримтлагдсан байдаг. Маш гүнзгий ул суурьтай. Иймээс хэзээ ч нэг хүн, нэг баг бүгдийг төгс хийж чаддаггүй гэсэн ойлголттой. Би 15 настайгаасаа наймаа хийж, чөлөөт зах зээл ийм байдаг юм байна. Худалдаа наймаа гэж ийм юм байдаг юм гэдгийг мэдэрсэн. Энэ утгаараа азтай хүн. Миний ертөнцийг харах үзэл, амьдралыг таньж мэдсэн цаг хугацаа ид оргилж байсан Польш оронд бүрэлдэн тогтсон. Польш Европын орнууд дотроо ч хамгийн чөлөөт зах зээлтэй, ардчилсан худалдаатай, боломж бололцоо ихтэй орон шүү дээ.
-Намайг өнгөрсөн зууны наяад оны дундуур Москвагийн Энергетикийн сургуульд сурч байхад Польш оюутнууд маш наймаачин сэтгэлгээтэй байсан. Нутгаасаа хувцас хунар бараа таваар авчирч зардаг. Оёдлын цахилгаан машинаас эхлээд ахуйн цахилгаан хэрэгсэл авч явдаг байсан. Тэд арай өөр юм авч явна. Бидний монголчууд мотоциклийн гинж, тэвнэ, бохь гээд тааралдснаа авч явна. Вьетнамууд нутаг руугаа хөнгөн цагаан түмпэн сав зөөнө. Энд бас чанарын ялгаа байна аа.
-Польшууд мөнгөний үнэ цэн, зах зээлийн зарчим, чөлөөт өрсөлдөөний дүрмээ сайн мэддэг хүмүүс. Би хүүхэд байхаасаа наймаа бизнес хийсэн учраас үйлдвэрлэл байгуулаад бүгдийг нь зэрэг хийх гэж эхний үед үзсэн. Болдоггүй юм билээ. Бид хоёр 2001 онд гурван хүнтэй үйлдвэрээ нээж хэсэг хугацааны дараа 10 болоод дараа нь 20 болоод явсан. Хүчин чадал нэмэгдээд ирэхээр захаар явж борлуулалтаа хийдэг байсан хүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хурдыг гүйцэхээ больж эхэлдэг юм билээ. Өдөрт 2000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирэхээр яаж борлуулах вэ гээд тархиа гашилгаж эхэлж байгаа юм. Гэтэл манай гэрээт ня-бо тэтгэврийн польш өвгөн: “Майяа, чи өөрийгөө аймаар мундаг бизнес вумен гэж бодоод байна уу?” гэхээр гайхаад харсан “Нэг бол үйлдвэрлэгчээ хий. Нэг бол худалдаагаа хий. Ингэж зэрэг явна гэж хэзээ ч байхгүй ээ” гэсэн. Тэр үг одоо ч миний сэтгэлд хадаатай байдаг.
-Зах зээлийн хөдөлмөрийн хувиарлалт гарч ирж байна гэсэн үг үү?
-Тийм. Хийдэг хийдэг юм аа хий гэсэн үг.
 

Даарахгүй байх, өлсөхгүй байх нь хүний анхдагч хэрэгцээ. Энийгээ хийж чадахгүй байгаа улс бол гал тогоогүй айл л гэсэн үг

-Индустри гэдэг ойлголт жинхэнэ утгаараа энд үүсч байна шүү дээ.
-Тийм. Би тэгээд явуулын наймаа хийхээ болъё. Бөөний төвтэй болох нь зөв юм байна гэж бодсон. Варшавын стадион тэр үед хамгийн том бөөний худалдааны газар байлаа. Тэндээс орос, украин, бүр европоос ирж худалдаачид барааны хангалтаа хийдэг газар. 2010 он хүртэл Польшид наймаа хийж байсан манай Монголчууд андахгүй дээ.(инээв) Тэнд би ая эвийг нь олоод орон зайгаа олсон. Ер нь үйлдвэрлэгч хүнийг хаана ч хүндэлдэг. Орон зайгаа олоход үйлдвэрлэл хийж байгаа маань их нөлөөлсөн. Гэтэл хүний нутагт үзээгүй дарамтыг эх орондоо үзнэ гэдэг байж боломгүй үзэгдэл. 2015 оны есдүгээр сард би тэгж эсэргүүцлээ илэрхийлсэн нь болохгүй юмны төлөө дуугарсан дуу хоолой минь юм. Манай салбарын 20, 30 жил үйлдвэрлэл эрхэлсэн ах эгч нар дуугардаггүй байж. Социализмын үеэс энэ салбарт явсан угшилтай хүмүүс. Тэд нар маань хүртэл тэр үед “Майяа чи түргэн зантай байна. Өгөх ёстой юмыг нь өгөөд л явж бай. Бид ч гэсэн тэрийг нь өгөөд л явж байна” гэж шүүмжилж, сануулж байгаа юм чинь. Би тийм нэг эгчид хэлж байсан. Гэхдээ одоо нэрийг нь хэлээд хэрэггүй биз. “Та нар байгаа байдалтайгаа эвлэрч энэ олон жил арчаагүй байснаар та нарын үзсэн зовлонг би давтан үзэж байна. Яг үнэндээ энэ авлигалын хонгилыг хэн үүсгэсэн юм бэ? Бизнесийнхэн. Үйлдвэрлэгч нар үүсгэсэн байхгүй юу. Болохгүй юмыг “болохгүй” гэж хэлж тэмцэхийн оронд “болгож”, аргалж, авлигал өгсөөр байгаад тэр хонгилыг бий болгосон. Энэ авлигал гэдэг вирусыг тэжээгч нь бизнесийнхэн бид өөрсдөө. Дан ганцаараа улстөрчид, төрийн албан хаагчид энэ хонгилыг бий болгодоггүй юм” гэж хэлж байснаа санаж байна.
-Нээрээ, тэжээгчгүй бол тэр вирус, нян чинь амьдарч чадахгүй шүү дээ.
-Тийм. Гайгүй явж байгаа компаниудыг дарамт шахалтанд оруулдаг ёсыг амьдралдаа би анх удаа 2013 онд үзсэн минь тэр. Би 2008 оны сүүлээр Монголд ирээд 2009 онд бизнесээ эхлүүлсэн. "Эксклюзив" компаниа нээсэн. Тэгээд гурван жил гаруй овоо явж байтал ийм юм боллоо. Энэ хүртэл явахад манай компанийг Монгол гэж хүмүүс бараг мэддэггүй байсан шүү дээ.
-Энэ чинь Польшид гаргасан брэнд үү?
-Үгүй. Бидэнд Польшид брэнд гаргаад байх шаардлагагүй байсан. Захиалгандаа дарагдаад байж байдаг байсан л даа. Гэхдээ ер нь бол үйлдвэрлэгч болгон ялангуяа, дизайнерууд өөрийн брэндээ гаргахыг хүсэж мөрөөддөг. Монголчууд онцгой авъяастай хүмүүс учир энэ хүсэл мөрөөдөл нь биелэхэд уг нь их ойрхон л доо.
 

-"Эксклюзив" жишээ (фр. exclusif. лат. excludo) гэдэг ч юм уу?
-Тийм гэхэд болно. Биднийг тэр Польшийн том зах дээр ажиллаж байхад вьетнамчууд “Монгол улс их сонин юм аа? Ийм авьяас, чадалтай хүмүүс нь энд ингээд бидэнтэй хамт сууж байдаг. Манайд бол ийм үйлдвэрлэгчийг бол төрөөс нь онцгойлон анхаарч дэмжээд явчихдаг юм” гэдэг байв. Манай нөхөр ажлынхаа зав чөлөөгөөр ирж миний хажууд сууж байхдаа юм зурдаг. Тэгэхэд нь эргэн тойрны наймаачид гайхан биширдэг байв. “Та нар өөрсдөө оёно. Үйлдвэрлэнэ. Бас тэгээд өөрсдөө зурна. Загвар гаргана. Ямар авьяастай юм” гэнэ. Намайг хэлний авьяастай гээд тэнд байдаг гадаадаас ирсэн худалдаачид бас их хүндэлнэ ээ, бас боллогүй. Ямар нэг асуудал болоход тэнд нэг вьетнам, энд нэг хятад, бүүр цаана нэг украин надад ирж хандана. Тэд польшоор ярина л даа. Гэхдээ би бол вьетнам-польшоос, хятад-польшоос, украин-польшоос нь цэвэр польш руу нь орчуулга хийдэг хүн байлаа шүү дээ.(инээв) Польшууд албаны хэлээр хурдан ярихаар тэд ойлгодоггүй байв. Орчуулна гэдэг бол Польш хүнийхээ менталитетийг мэдэж байж орчуулна шүү дээ. Түүнээс махан орчуулга хийвэл уг юмныхаа мөн чанар, проблемийг ойлгуулж чадахгүй. Энэ бол орчуулга биш. Торгох гээд байвал тэрийг нь зөөллөөд. Хураах гээд байвал тэрийг нь хууль дүрмэнд зохицуулж ярина гэдэг бас мэдлэг, мэдрэмж хэрэгтэй. Хэл бол харилцааны маш чухал хэрэгсэл. Польшуудад юу гэж хэлбэл  баярлах бол, өрөвдөх бол, өршөөх бол, яавал үзэн ядах бол гэдгийг би багаасаа тэнд амьдарсан болохоор мэднэ шүү дээ. Украин, хятад, вьетнам орчуулагчаар хэл нэвтрэлцэх Майяагаар нэвтрэлцэх хоёр тэнгэр газар шиг ялгаатай гэж худалдаачид бас намайг хөөргөнө л дөө. Энэ ч бас оргүй хоосон үг биш биз. Иймээс ялангуяа, вьетнамууд юм л бол надад үргэлж хандана. Тэр том стадион бол мафийн сүлжээ болсон газар шүү дээ.  Би ганцаараа монгол хүн. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр би тэр болгоны учрыг олоод юунаас ч айж эмээлгүй ажлаа амжуулж чаддаг байв. Ёстой өнөө үхэр монголын тэнэг зориг гэдэг нь юм уу, бүү мэд дээ. Хүмүүсийн дор орохгүй тэргүүнд маягтай явж ирсэн нь муугүй хэлтэй байсны ач гавьяа байх гэж одоо боддог. Оюутан байхаасаа баталгаат орчуулга хийдэг байсан нь хэл сайн сурахад тус болсон. Люблиний Мария Склодовская-Кюригийн Их сургуулийг эдийн засаг, маркетингийн чиглэлээр төгссөн хүн шүү дээ, би. Тэр ч нөлөөлсөн байх. Мария Склодовская Кюри чинь Нобелийн шагналыг физик (1903), хими (1911) шинжлэх ухааны хоёр салбараар хүртсэн гайхамшигтай эрдэмтэн эмэгтэй шүү дээ. Энэ том шагналыг тэр тусмаа эмэгтэй хүн хоёр удаа бүү хэл хүн нэг удаа хүртэхэд л ертөнцийн чихийг дэлдийлгэнэ шүү дээ. Тийм хүний нэрэмжит сургууль төгссөн учраас бизнес, худалдааны зарчим, хууль дүрмийг нь бас ч чамгүй мэднэ л дээ. Нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөнд Монгол Улс орсон 1990-ээд оноос хойш Польшид хараар ажилладаг Монголчууд маш элбэг болсон. Тэдэнд чинь орчуулга байнга хийнэ. Тэд чинь хэрэг төвөгт орооцолдох, бичиг баримтаа гээх, үрэгдүүлэх гээд хөөцөлдөхгүй юм байхгүй. Орчуулагч хүний хувьд. Ингэж  явахдаа эрх зүйн яггүй мэдлэгтэй болсон гэж боддог юм. 1990-ээд оны дундуур албан ёсоор Люблинд амьдардаг цорын ганц монгол оюутан нь би байсан юм шүү дээ. Ингээд ирэхээр надад хамаг проблем нь оногдоно. Нэг хэсэгтээ 40-өөд монгол өрх айл байсан. 100 гаруй монголчууд тэнд байсан гэсэн үг. Хараар амьдрахаас гадна бүгдээрээ шахуу наймаа панз хийнэ. Хэн эрт босоод худалдааны аятайхан местээ олоод наймаагаа хийж  л өрсөлдөхөөс бүх юм эхэлнэ шүү дээ. Тэгж байхад нь нэг польш хүн ирээд энд чинь би зогсоно чи хараар амьдарч байгаа хүн гэж дээрэлхэхгүй наад захын хүний ёс зүйтэй орон л доо. Шударга дүрэмтэй орон. Хараар амьдарч байгаа хүмүүсийг манай элчин консулынхан ойшоох нь маш муу л даа. Тэр үед. Польшид хэдэн мянган ч монголчууд байсан юм бүү мэд. Хүн нас барлаа гэж мэдэгдэхэд, “Уучлаарай манайд бүртгэлгүй хүн байна аа” гэсэн бичиг ирвэл дээдийн хэрэг дээ. Манай монголчууд чинь эрх чөлөө нь дэндэхээрээ согтуу хөлчүү машин тэрэг барина. Эсвэл хоорондоо зодолдоно. Элчин консулаас хүн ирдэггүй. Тэгэнгүүт Цагдаагийн газраас баталгаат орчуулагч гээд бичиг өгчихсөн Майяа руу хандах нь тэр. Тэнд байгаа хүн бүхний эрх ашгийг хамгаалж, баталгаат орчуулагч гэдэг нэрийдлээр их явсан даа. Эмнэлэг явна. Сургууль, цэцэрлэг явна.  Цагдаа, хорих газар явна. Монголчуудынхаа дунд спортын баяр тэмцээн зохион байгуулна. Польш өвлийн өвгөнтэй хамт Люблиний бүх монголчуудынхаар орж хүүхдүүд нь бэлэг тараана. Сурахын хажуугаар дуусахгүй ажилтай.
-Манайхан гадаадын хөрөнгө оруулалт гэхээр гадаад хүн оруулж ирсэн мөнгийг л хэлж ойлгоод байх шиг. Та жишээ нь Польшид үйлдвэр байгуулж ажиллаад тэндээс Монголд ирж бизнестээ оруулсан хөрөнгө хөрөнгө мөнгө чинь хэд байсан бэ? Нууц биш бол хэлж болох уу.
-2009 онд бизнесээ эхлээд үйлдвэртээ 800 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан. Бид Польшид хуримтлуулсан мөнгөө эх орондоо хөрөнгө оруулах л гэсэн юм.
-Тэр үеийн мөнгө чинь бас л том мөнгө л дөө. 10 жилийн өмнөх мөнгө.
-Тэгж байж л энэ брэнд юм чинь боссон шүү дээ. Аливаа улсын хөгжил бол нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр тодорхойлогддог. Түүнээс өндөр саргар байшин барилгууд, иргэдэд нь хүртээлгүй тансаг орд харш, машин унаагаар тодорхойлогдохгүй. 
-Скандинавын орнууд чинь үүнийг харуулж байх шиг. Боловсрол, эрүүл мэнд, тайван орчин, ажил алба, нийгмийн халамж гэхээр Дэлхийн орнуудын толгойд явж байх юм. Гайхуулж тансаглахын уралдаан тэнд байхгүй. Баярхаж тансаглалаараа гайхуулахыг хүний ёсноос гадуур шахуу юм шиг үздэг юм биш үү? Хүн нь хөгжиж дэвшжээд ирэхээр ийм л нийгэм бий болдог хэрэг.

 

-Тийм. Миний хүүхэд насанд Монголдоо бид бүгдийг үйлдвэрлэдэг байсан. Гутлаасаа малгайгаа хүртэл. Тэр үед хүмүүс харьцангуй тайван амьдарч байсан. Үүний цаад учир нь юундаа байсан гэж та бодож байна?
-Мэдэхгүй.
-Хүн болгон ажилтай байсанд учир нь байгаа юм. 2008 оны сүүлээр би Монголд ирээд манай улс хөгжсөн үү гэж өөртөө асуулт тавиад үгүй юм байна аа гэсэн хариулт өгсөн дөө. 
-Шинэчлэл бол байсан уу гэвэл байсан байх. Хөгжил дэвшил байсан уу гэвэл бас учир дутагдалтай байх. Тэгэхээр юмыг уруудуулж ч шинэчилж болно. Хөгжүүлж, дэвшүүлж ч шинэчилж болно гэсэн үг үү?
-Харин тийм. Монгол орон үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болчихсон байсан. Энэ чинь гаднаас 100 хувь хараат байна гэсэн үг.
-Улаан буудай, төмс байцаагаа ч тарьж чадахаа болиод байсан үе бий.
-Аливаа улс орон хүнс, хувцас хоёроо үйлдвэрлэдэг байх ёстой. Ингэж чадаж байж улс орны амьдрал тайван, тогтвортой байна. Хөгжил дэвшилтэй орнуудад үйлдвэрлэгчээ хүндэлдэг. Би Польшид хорин хэдэн настай хүүхэд хорь гаруй польш хүнд ажил олгогч байхдаа энэ хүндлэлийг үзсэн юм шүү. Гадаад хүн, хүний хүн гэж үзэхээсээ илүү үйлдвэрлэгч хүн гэж намайг үзнэ.  Энийг бас манайхан ойлгож гадаад, дотоодын хөрөнгө оруулагч үйлдвэрлэгч нартаа хүндэтгэлтэй хандах соёлыг бий болгох хэрэгтэй юм л даа. Ажлын байр бий болгоно гэдэг тухайн орны эдийн засгийн ачааг үүрэлцээд явж байна гэсэн үг. 2002 онд Польшид үйлдвэрээ байгуулчихаад есөн хүнтэй байгууллага болов оо. Хаа газар л хүмүүс хоорондын зөрчил болдог шүү дээ. Хамт олонтойгоо ажиллаж чадахгүй, хэл ам, тамхи тариа болсон нэг хүнийг халчихлаа. Массын үйлдвэр чинь багийн ажил учраас нэг хүнээс болж үр дүн нь муу гардаг. Хаа газар натураараа хорлогчин хүн байдаг шүү дээ. Тэгсэн халагдсан тэр хүн маань тийм хүн байж. Надад өсөрхөөд татвар, нийгмийн даатгал, гадаадын харъяатын албанд намайг худал матсан байв. Бас нэг муу нутагтаа байгаа польш хүн гэсэн дээрэлхүү, үндэсхэрхэг зан гаргаж байгаа юм л даа. Өөрөө дөч орчим насны польш эмэгтэй, хорь гаруй насны ази царайтай бүсгүй хүүхдээс шаардлага, шахалт авах бас хэцүү л байсан байх л даа. Тэгээд манай дээр зэрэгцэн гурван шалгалт орж ирж байгаа юм. Манай польш ажилчид үйлдвэрт муу юм болох вий гэж сандраад л байна. Би бол тоохгүй байсан. Бүх юм ном дүрмээрээ явж байгаа юм чинь яав л гэж гээд бодож байлаа. Татвар, нийгмийн даатгалын байцаагч нар бүх юм хэвийн  байна гээд явлаа. Гэтэл гадаадын харьяатын алба нь: “Маргааш ажил дээр ир!” гэж дуудлаа. Би гадаадын хүн учраас үүнээс нь бас жаахан жийрхэж л байлаа. Виз өгнө, өгөхгүй, сунгана, сунгахгүйгээс эхлээд гадныханд ер нь бас асуудал байна шүү дээ. Ер нь манай оёдлын үйлдвэрийн ажил олгогчид хоорондоо их бүлэрхүү.
-Үйлдвэрийн эзэд гэсэн үг үү? 
-Тийм л юм даа. Гэхдээ энэ бүлэрхэг байдал ажил хэргийн ашиг сонирхолын харилцаа л даа. Тоног төхөөрөмжөө бие биедээ зээлнэ. Том том захиалгыг хувааж аваад ард нь гарна. Шинэ гарсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг бие биедээ таниулж мэдэгдэнэ. Бие биенээ хамгаална. Энэ бол суурьшмал иргэншсэн хүмүүсийн амьдралаа авч явах арга. Гэхдээ хоорондоо бизнесийн талаараа өрсөлдөнө өө. Өрсөлдөнө гэдэг нь технологи, бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, загвар, ажлын зохион байгуулалт, менежментийн арга барил дээрээ өрсөлдөнө. Энэ бол шударга өрсөлдөөн. 
-Манай зарим хүмүүс шиг өрсөлдөнө гэхээр бие биеэ хорлон сүйтгэнэ гэх гээд байдаг шиг байдаггүй байх нь байна шүү дээ?
-Мэргэжлийн зарчмаа барина. Мэргэжлээ хамгаална. Мэргэжлийнхээ хүмүүст хүндэтгэлтэй хандана. Тэгээд нэг үйлдвэрийн захирал польш эмэгтэйд “Намайг ингээд дуудаад байна” гэж би хэллээ. Манай тэр найз эгч 100-аад хүнд ажил олгодог польш хүн л дээ. Тэр маань “Чи яагаад дуудахаар нь очих гэж. Чиний өгсөн татвараар амьдарч байгаа төрийн албан хаагч шүү дээ. Чамайг дуудах эрх байхгүй. Ажлыг чинь тасалдуулах эрх байхгүй. Дарга дээр нь явж ор!” гэлээ. Тэгээд “Би ажил хийгээд ингэж дуудуулах нь зөв үү? Би гадаадын хүн танай улсын өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй албагүй ч эдийн засагт чинь тус дэм болж явна гэж хэл” гэхчилэн польш эгч намайг баахан “сумалж” өгөөд зоригжуулаад тавьчихлаа. Маргааш нь гадаадын хаяръяатын албаны дарга дээр нь орлоо. Төрийн байгууллага чинь ард иргэддээ үйлчлэх ёстой байгууллага гэдгээ польшууд ойлгодог хүмүүс. Даргынх нь өрөөнд орсон “Цай уух уу, кофе уух уу” гэсэн асуултаас л яриа эхэлж байгаа юм. “Би ажил олгогч, үйлдвэрлэгч хүн. Польш 10 хүнд ажил олгодог. Тэгээд ажлаа хаяад энд ирлээ. Танай хүн миний ажлыг тасалдуулах ямар онцгой хэрэг гарсан юм бол оо?” гээд хэлчихлээ. Гэтэл намайг дуудсан ажилтанг дарга дуудсан чинь тэр хүн даргадаа хүн хэрхэн ханддаг билээ, тэр ёс жаягаар номхон дөлгөөн зогсож байна. Гэтэл дарга нь “Чи яагаад энэ хүнийг дуудсан юм?” гэтэл тэрбээр “Манай дээр энэ хүний талаар гомдол ирсэн юм” гэлээ. Гэтэл дарга нь “Гомдлыг шалгах нь чиний үүрэг. Тэгэхдээ энэ хүн яагаад үйлдвэрлэлээ орхиод ажлаа тасалдуулан энд ирж байгаа юм бэ? Энэ гадны хүн манай Польш улсын иргэдэд ажил олгож байна. Бид энэ хүний татвараар цалинжиж байгаагаа мэдэж байна уу? Дахиад чи ийм асуудал бүү үүсгээрэй. Шалгах юм байвал шугамаараа шалга. Тодруулах асуудал байвал өөрөө очоод асуу. Ямар ч ойлгомжгүйгээр энэ хүнд хүндрэл учруулаад яаж байгаа юм?” гээд миний нүдэн дээр өнөө хүнээ загнав аа. Тэгэхэд надад бараг л би чинь Польшийн төрийн хамгаалтанд байгаа хүн юм шиг санагдаж байж билээ. Үйлдвэрлэлийг хүндэлдэг улс орны төрийн албан хаагч ийм л байдаг юм билээ. Манайхан шиг феодал ноён царайлаад байхгүй.
 

Нэг удаагийн наймаа, олз чухал биш мөнхийн харилцаа чухал

 

-Сайхан хэрэг. Манайхан өмнөд хөршид маань зуун сая оёдолчин байна. Бид юм оёж яадаг юм бэ? гэж туйлширч ярьдаг. Нилээн мэргэн цэцэн хүний ингэж ярихыг ч сонсож байлаа. Энэ Таны эрхэлдэг ажлын хувьд, гараараа юм бүтээж байгаа хүний хувьд ямар санагддаг вэ? Бидний үед чинь сурагчийн цүнхээ хүртэл Монголын үйлдвэр хийчихдэг байсан даа. Ширэн цүнх.
-Тийм. Даарахгүй байх. Өлсөхгүй байх. Энэ бол хүний анхдагч хэрэгцээ. Энийгээ хийж чадахгүй байгаа улс орон бол гал тогоогүй айл л гэсэн үг л дээ. Гал тогоогүй айлын хүүхдүүд ямар байх уу? Хажуу айлын тогоотой хоол руу л өнгийнэ биз дээ. Иймээс Таны дээр хэлсэн асуудал бол буруу тархи угаалт. Бүх хөгжингүй орон хүнс, хувцас хоёр дээрээ их анхаардаг. Брэнд, тансаг хэрэглээ бол тусдаа ойлголт. Хятад дотооддоо бүх юмаа үйлдвэрлэдэг. Гадны брэндийн бүтээгдэхүүн маш өндөр татвартай орж ирдэг. 60 орчим хувийн татвар төлж орж ирдэг. Үзэл суртлын хүйтэн дайнаас болж бид  хятадуудыг маш муу хүмүүс байдаг гэж хүмүүжүүлсэн. Өнгөрсөн нийгэмд. Анх би 1991 онд Эрээнд очиж үзээд хятадуудыг өрөвдөж байсан юм. Яасан ч арчаагүй, ахуйн соёлгүй хэцүү амьдардаг юм бэ? гэж бодож байв. Дараа нь би 2002 онд Хятадад очоод миний нүд орой дээрээ гарах дөхсөн дөө. 
-Бидний нүдэн дээр хөгжсөн улс хаяа залгаж байна даа. Одоо бид тэднийг биш тэд биднийг өрөвдөх хэмжээнд очсон байх аа.
-Тэрийг хэн хөгжүүлсэн гэж бодож байна? Та.
-Сайн оноож мэдэхгүй байна.
-Өрхийн үйлдвэрлэл. Оёдлоос эхлээд бүх юмаа саяхан болтол өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд хийж байсан орон шүү дээ.
-Тийм үү? Би ч Хятадыг Дэн Сояпин гуайн бодлого энэ тэр хөгжүүлсэн гэж Таны асуултанд хариулах дөхлөө.
-Үнэн шүү дээ. Таны зөв. Хятадын төрийн бодлого чинь Дэн Сояпин гуайн үзэл санаа чинь тэр шүү дээ. Эхний ээлжинд хүн дулаан хувцастай байх ёстой. Энэ нь өөрөө хувцасаа үйлдвэрлэнэ ээ гэсэн үг. Өлсөхгүй байх ёстой. Энэ нь хүнсээ хийнэ ээ гэсэн үг. Энэ хоёроор эхний ээлжинд хангаад ирэхээр дараагийн хөгжил дэвшил аяндаа тодроод ирнэ. Би Польшид Их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн гэж дээр хэлсэн. Тэнд юу гэж заасан бэ гэхээр бүх үйлдвэрлэлийн суурь нь хөнгөн үйлдвэр. Хөнгөн үйлдвэр хөгжиж байж хүнд үйлдвэрлэл рүүгээ дэвшиж ордог.
-Манайханд чинь хүнд үйлдвэр нь эхлээд хөгжвөл автоматаар хөнгөн үйлдвэр нь дагаж хөгжинө  гэсэн яриа явж байдаг шүү.
-Энэ бол уучлаарай. Огт буруу ойлголт. Хүнд үйлдвэр нь хөгжиж байж дараа нь IT технологи нь хөгждөг байхгүй юу. Энэ бол тогтсон ойлголт. Хөгжилд хүрсэн улс орнуудын түүх ч үүнийг харуулж байгаа.
 

-За тийм байж. Польшид яаж анх очив доо? 14 настай хүүхэд.
-1990-ээд онд манайхан чинь гадагшаа явсан шүү дээ. Одоо ч тэр ажлын байр хайсан тэр “дүрвэлт” зогсоогүй байна. Ээж маань эх барих эмч гэж би хэлсэн. 10 мянган хүүхэд эх барьсан ачтай буянтай хүн шүү дээ. Манай эмч нар нэг хэсэг уламжлалт эмчилгээний чиглэлээр польшид очиж ажиллаж амьдарсан даа. Тэр цуваанд ороод ээж минь явсан хэрэг. Тухайн үед 600 долларын цалин авч байсан. Тэгээд би 1992 онд ээж дээрээ Польшид очсон юм.
-Тэгэхэд Монголд хүн сарын 10-20 долларын цалинтай л байсан байх. 1992 онд Бээжинд Их сургуулийн багш хүнтэй ярихад 90 юань буюу 16-18 долларын цалинтай байсан санагдаж байна. Одоо бол 9000 юанаас дээш цалинтай болсон гэнэ лээ.
-Харин ийм л байгаа юм. Би анх Торунь гэдэг хотод ээж дээрээ очсон. Алдарт одон орон судлаач, математикч Н.Коперникийн төрсөн нутаг шүү дээ. Тэнд хүний дээд гэж хэлж болохоор польш хүнтэй таарсан юм даа. Франчищек Загродцки гээд миний өвөө болсон хүн дээ. 82 настай байсан. Бизнес болон амьдралын маань миний багш. Намайг Люба гэж нэрлэдэг байв. Торуньд очсоныхоо маргаашаас л өвөөгийнхөө хайрыг татсан гэж боддог. Ээж маань тэднийд өрөө хөлслөн амьдарч байсан. Миний насны 14 настай польш хүүхдүүд чинь их эрх танхил байдаг юм шиг байгаа юм. Би хэл мэдэхгүй ч гэсэн гэр орныг угааж цэвэрлээд ирсэн өвөө их гайхсан. Манай ээж цуйванд их дуртай л даа. Ажлаас нь ирэхэд гурил зуураад, түүнээ жигнээд цуйван хийв ээ. Өвөөгийн нүд орой дээрээ гарсан. Нэг гудамжны хөрш хүмүүстээ “Манай Люба 14 настай гэхэд өөрөө гоймон-макроноо хийгээд хоолоо хийчихдэг” гээд гайхуулж байгаа юм чинь. Тэр хүн мэдээж манай хоолыг идэхгүй шүү дээ. Би чинь айлын ганц хүүхэд учраас бүр жаахнаасаа хоол унд хийгээд сурчихсан. Манай ээж хоолгүй өлсөхөөрөө уурладаг жаахан дутагдалтай хүн байгаа юм. (инээв) Сарын дараа гэхэд би польш хоол хийдэг болоод тэр айлын эзэгтэй болчих шахаж байгаа юм чинь. Польш өвөө бидний хажууд феодал гэж болох хөрөнгө мөнгөтэй хүн. Долоон өрөө хаустай хүн. Хажуудаа дэлгүүртэй. Тэнд нь би хааяа худалдаа наймаа хийж сурсан. Дайн үзсэн.  Мөнгөний үнэ цэнийг мэдчихсэн хүн. Өвөө “Худалдаа наймаа гэдэг бол хүний сэтгэлийг л олох юм шүү дээ. Чи энэ юмыг худалдаад зараад ашиг олоод байна гэж бодож байна уу? Үгүй. Чи хүний итгэлийг худалдаж авахыг л бизнес гэж хэлээд байгаа юм” гэж сургадаг. Энэ ойлголт миний зүрх сэтгэлд төгс орчихсон юм шиг. “Нэг удаагийн наймаа, олз чухал биш мөнхийн харилцаа чухал. Чи нэг удаа хүн хуураад маш ашигтай ажиллаж болно. Тэгвэл чи хоёр дахь удаагаа юу ч үгүй байна” гэж бас хэлдэг байв. Тэр өвөө маань нэг удаагийн бизнес бол бизнес биш. Тохиолдлын олз гэдгийг ойлгуулсан.
-Одоо манай зарим хүмүүс хэдэн том бизнес, хэдэн том хүнд үйлдвэр л улс орныг авч явна гэж ярьдаг. Энэ ойлголттой санал нийлж байна уу?
-Хүнд үйлдвэр гэвэл манайд уул уурхайгаас өөр юм алга. Тийм үү? Уул уурхай том салбар. Гэхдээ шавхагддаг салбар гэдгийг бид үргэлж бодож явах ёстой. Манайд шилдэг бизнесмэн гэхээр уул уурхай, архи дарс, тамхи үйлдвэрлэдэг хүмүүс, эсвэл худалдааны сүлжээ, банкирууд ордог. Энэ бол бизнес мөн боловч бас мөн чанар нь биш. Шинээр юм бүтээх, шинэ юм бий болгох, байхгүйгээс юм байлгахыг л жинхэнэ бизнес, сайн бизнес гэдэг. Оргүй хоосноос мөнгийг бий болгоно гэдэг ч юм уу. Нийгэмд өгөх өгөөжийг нь харж байж бизнесийг зэрэглэдэг. Архи спиртын бизнестэй хүнийг шилдэг бизнесмэн гэдэг юм Монголд л байх шиг байна. Магтагддаггүй бизнес манайд магтагдаад байна л даа. Хөнгөн үйлдвэр хөгжөөд хүнд үйлдвэр хөгжинө гэж би дээр хэлсэн. Үйлдвэрлэлд өөрийн соёл, сахилга бат, хүмүүжил маш чухал. Энэ бүхэн хөнгөн үйлдвэрээр эхэлж бий болдог. 
-Манайд чинь энэ хамгийн том сул тал нь байх... 
-Сул тал байгаагүй. Социализмын үед хөнгөн үйлдвэрт монголчууд мянга мянгаараа ажилладаг байсан. Сүлжмэлийн үйлдвэр, оёдлын үйлдвэр гээд.
-Манайд социализмын хуучин технологийг нураасан нь болсон юм гэх хандлага байдаг. Хэрэв нураачихаагүй додомдоод явсан бол тэр үйлдвэрүүд өнөөгийн түвшинд амжилтанд хүрэх байсан уу?
-Хүрэх байсан. Юмыг хийгээд байвал сайжирдаг. АПУ, Талх чихэр чинь хуучин үйлдвэрийн суурин дээрээ л ийм сайхан орчин үеийн үйлдвэр болсон шүү дээ. Хятадыг ийм болгоход бид бас үүрэг роль гүйцэтгэсэн хүмүүс. Тэр үед бүх тоног төхөөрөмж нь Монголд байсан. Боловсон хүчин ажилчдаа Унгар, Герман, Чех, Австрид бэлддэг байсан. Австрийн хамгийн сүүлийн үеийн костюм үйлдвэрлэдэг шугам Монголд 90-ээд оны өмнөхөн ороод ирчихсэн байсан шүү дээ. Энэ салбарын ахмадууд тэгж ярьдаг юм. Үүнийг сонсоод би арай ч дээ гээд нулимс гоожмоор болж харамсдаг. Хамгийн гол нь тэр их бэлтгэгдсэн кадрыг гудманд гаргасанд туйлаас харамсдаг. Тэд чинь үйлдвэрлэлийн соёлд суралцсан хүмүүс байсан. Гутлын үйлдвэр, оёдол, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж шугамыг ургаш нь гаргаад төмрийн хог нэрээр үрсэн. Мэдэхгүй хүмүүст бол тэр бол төмөр, төмрийн хог. “Мэддэгт мэргэн цоохор, мэдэхгүйд эрээн цоохор” гэж монголчууд хэлдэг шүү дээ. Яг л тийм юм болсон доо. Хятадууд тэрийг цавчаад цавчаад төмрийн хог гэж аваагүй байх. Тэндээс техник, технологийг аваад хэвийг аваад өөрсдөө үйлдвэрлэсэн байж таараа. Тэндээс өрхийн хэмжээнд байсан хятадын үйлдвэрүүд сургамж аваад өнөөдрийн энэ индустр, үйлдвэрлэл гэдэг түвшиндээ хүрсэн. Хятадуудыг юмыг дуурайлгаж хийхдээ гойд хүмүүс гэж хэлж ярьдаг ч хоосон үг биш. 

 


-Үүнийг Та баттай мэдэж байна уу?
-Баттай мэдэж байна. 1980 онд хятадын үйлдвэрлэл ямар байсан юм? Морин тэргэн дээр суучихсан байсан. Монгол улс үүнтэй харьцуулахад “Ferrari” дээр суучихсан байсан. Өрхийн хэмжээнд гараар үйлдвэрлэдэг хүмүүс байсан. Тэгээд хятадаас төдөлгүй оросууд, монголчууд бараа бүтээгдэхүүн бөөндөж аваад орос, европ руу зөөдөг болсон. Та тэр үеийн аймшигтай өдөн куртикийг бол сайн санаж байгаа даа. 
-Хагас жил өмсөлгүй хормой хотоороо өд сөд нь цувдаг бараа байсан шүү. Гахайн арьсаар хийсэн үрчгэр савхин куртик байна. 1970-аад онд л ган хайлшаар Английг гүйцэнэ гээд айл өрхийнхөө ширмийг цуглуулж байсан улс даа. Одоо ган хайлуултаараа лидер болсон. Юун Англи хэд дахин илүү ган хайлуулж байна. Тэгээд бодохоор яриа чинь сонирхолтой санагдаж байна.
-Хятадад багш хүн өдөр нь багшаа хийгээд орой нь оёдол хийдэг байсан шүү дээ. Тэр үед ашиг гэхээсээ илүү тэрбум хүнээ ажилтай, орлоготой байлгахыг Хятадын төр зорьсон. Өнөөдөр Дэлхий хятадаас бараагаа татаж байна. Байнгын ажилтай байна гэдэг үйлдвэрлэл хөгжихийн хамгийн эхний суурь нь. Үйлдвэрлэх тусмаа чадварждаг, бараа нь чанарждаг. Өртөг, үнэ нь буурдаг. 
-Манайд зах зээл нь хязгаар­лагдмал. Оймс оёод яах юм бэ гэсэн үзэл санаа явдаг.
-Яаж харахаас болно л доо. Гэтэл ажил мэргэжил нэгтэй польш найз нар маань 2008 онд Монгол руу буцахад хэлж байсан юм аа. “Чи нээрээ аймаар азтай байна. Хажууд чинь юунд ч ханаж цадахгүй зах зээл байна. Энэ бол орос. Зарим польшууд чинь хогийн сав чинь хажууд чинь байна гэж хүртэл хэлнэ л дээ. Түүхий эд, материал үйлдвэрлэгч Хятад хажууд чинь байна. Гадны хүмүүс болох польшууд манай газар зүйн байрлалыг тэгж үнэлж байна шүү дээ. Польшууд даавуу материалаа хятадаас хэдэн далай, тэнгис туулуулаад авна шүү дээ. Польш чинь арай жаахан баруунлаг даа. Иймээс бараа бүтээгдэхүүнийх нь хийц загвар, дизайн юм нь арай л өөр. Орос, Украин, Латви, Литва тэндээс бараагаа татдаг байв. 1995 он хүртэл том автобусаар барааг нь учир зүггүй ачдаг. Ямар сайндаа товчийг нь хадаж дуусаагүй байхад л “Өг, өг” гээд шаарддаг байсан гэдэг. Энэ алтан үед нь би үйлдвэр юм хийх нь манатай жаахан наймаа хийдэг л хүүхэд байсан л даа. Тэгтэл  Квасьневский гэдэг нөхөр Ерөнхийлөгчөөр сонгогдоод Европын холбооны гишүүн болно гэсэн чинь бараа бүтээгдэхүүнд янз бүрийн шаардлага тавиад эхэлж байгаа юм. Европын холбоонд орох орохгүй гээд бөөн маргаан болсон шүү дээ. Зарим хэсэг нь бид европууд тиймээс орно гээд. Үйлдвэрлэгчид бол маш дургүй байсан. Тэгээд Орос, Украин гээд бүгд визтэй болчихож байгаа юм. Хил гааль чангараад ирэхээр авдаг хүмүүс нь цөөрөөд үйлдвэрүүд нь дампуураад эхэлсэн. Хятадаас маш их бараа түрж орж ирээд турк, вьетнам, хятад зах зээлийг эзэлсэн. Польш үйлдвэрлэгчид ахмад хүмүүсийн ярих нь тэр үед “Крантнаас мөнгө гоождог байсан юм. Энэ орлогыг мулгуу Квасьневский хаачихсан юм” гэж ярьдаг. Би энэ алтан үед нь үйлдвэрлэл эрхэлж байсан бол гэж боддог юм. Тэгээд би 2001 онд үйлдвэрээ нээх гээд Оросууд байхад үйлдвэр байгаад хаасан газар очив оо. Би байгаа мөнгөндөө хоёрхон оёдлын машин авах боломжтой байлаа. Тэгээд өнөө хүндээ бүх төлөвлөгөөгөө ний нуугүй ярилаа. Тэгтэл өнөө хүн чинь “Чи их эрмэлзэлтэй залуу хүн байна. Би чамд бүх цехээ өгье” гэв. Би төлөх мөнгөгүйгээ хэлэхэд “Үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүн хэзээ ч муу хүн байдаггүй. Та хоёрт энэ бүх тоног төхөөрөмжөө зээлээр өгье! Үнэ өртгийг нь цувуулж увуулаад төлнө биз” гэв. Чихэндээ эхлээд итгээгүй шүү. Юм бүтээх гэж байгаа хүнд Польшууд тийм хайртай. Энэ бас мэргэжилдээ итгэдэг, үнэнч, мэргэжлээ хүндэлдгийн шинж. Польшууд бас риск, эрсдэл хийх дуртай хүмүүс. Рискгүйгээр юм бүтээхгүй гэж үздэг хүмүүс.
 

-Та хоёрыг огт танихгүй, анх удаа харж байгаа хүн шүү дээ.
-Тийм шүү. Тэгээд бид бүр 10-аад машинтай болоод үйлдвэрээ нээсэн.
-Та хоёрын үйлдвэр амжилттай ажлаад тэр польш хүний үйлдвэр яагаад унасан байв?
-Тэд бол оросуудад зориулж бараа бүтээгдэхүүнээ хийдэг хүмүүс байсан юм. Би хүүхэд байхаасаа наймаа хийчихсэн хүн. Би юу хийж, яаж зарахаа мэддэг байв. Манай нөхөр дизайнер хүн учир шинээр юм сэтгэж бүтээнэ. Энэ нь бидний давуу тал байсан. Хичээж зүтгээд байх юм бол амьдрал чамайг шагнана гэдэг үнэн гэдгийг тэгэхэд харсан шүү. Бас миний нэг таньдаг нэг польш өвгөн тэр сул мөнгө асгардаг цаг үеийг ч үзсэн. Одоо ч юмаа хийгээд явдаг хүн л дээ. Тэрбээр “Юм хийгээд л бай. Шантарч л болохгүй. Нэг л өдөр амжилтанд хүрдэг” гэсэн юм. Тэр үнэн байсан.
-Монголд энэ үг хүчинтэй болов уу?
-Хүчинтэй болгоно доо. Тэгээд Польшид байхдаа нэг офис юбик хийлээ. Манай нөхрийн загвар л даа. Тэр бол ёстой өнөө цөм хийнэ гэдэг л болсон. Польшууд чинь угаасаа гоё биетэй ч хүмүүс. Тийм нэг вааран хэлбэртэй юбик. Өмссөн хүн болгонд зохиж байна гэж ванлий. Би өдөрт 400-500 ширхэгийг зарчихдаг байв. Сүүлдээ өдөрт тэр юбикийг мянга мянгаар нь үйлдвэрлэдэг болсон. Тэгээд тэр ня-бо өвгөний “Чи нэг бол үйлдвэрээ хий. Нэг бол худалдаагаа хий!” гэдэг үг гарсан. Тэгээд л бөөндөж эхэлсэн дээ.
-Монголд ирээд ямар зовлонтой учрав? Өнөө ханаж цаддаггүй зах зээл рүүгээ бараа бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна шүү дээ.
-Би 2008 онд Монголд ирсэн. Манай төрийнхөн л арчаагүй байхгүй юу. Энэ олон гадаад айлчлалын үр дүн юу болов? Гадаадад суудаг төлөөлөгчид маань юу хийж байна. Яагаад орос, украинууд Польшид шавдаг шиг Монголд шавахгүй байна. Виз, орж гарахын зовлон алга. Бидний бараа яагаад гүйхгүй байна. Америкийн Ерөнхийлөгч онгоцоо зарах гэж л гадаад айлчлал хийдэг биз дээ. Сая Хятадын Си Жиньпин, Францын Э.Макрон хоёр уулзаад юу хийв. Том бизнес тохироо л хийгээ биз дээ.
-Нээрэн тийм шүү. Ойрын жишээ, Чехийн Ерөнхийлөгч М.Земан гуай ОХУ-д нэг айлчлалаараа дөрвөн жилд 6000 трактор нийлүүлнэ гээд гэрээ хийж байхыг санаж байна.
-Энэ л байхгүй юу. Манай төрийнхөн гадаадад айлчлаад зээл тусламж л гуйдаг шүү дээ. Манай ноос ноолуур, нэхий савхиа орос руу гаргахад хоёр мужийг нь ч бид хангаж чадахгүй шахуу шүү дээ. Би анх үүнийг гайхдаг байв. Одоо гайхахаа больсон. Чадваргүй, сэтгэлгүй хүмүүс байдаг юм байна. Хийе гэсэн бодол эдэнд алга гэж баттай итгэсэн. 
-Тайланд улс гэхэд худалдаа хийдэггүй орондоо дипломат төлөөлөгчөө суулгадаггүй гэж сонссон.
-Хөгжил гэж юу юм? “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэж их Д.Нацагдоржийн шүлэг байна. Одоо тэр эрдэм өвөрлөж ирнэ гэдэг нь эдийн засаг, шинэ техник технологи чирж ирэхийг л хэлээд байгаа юм. Би гэхэд л хөөрхий минь, ядаж яваад л 800 мянган доллар Польшоос чирэж ирээд үйлдвэр босгох гээд зүдэрч явна. Өнөөдөр маш олон залуучууд гадаадад сурч ирж байна. Тэдний олонх нь аймаар том том онолдсон тэнгэрийн юм ярьж сурахаасаа илүүтэйгээр хөрсөн дээрээ буусан эрдэм өвөрлөж ирэх хэрэгтэй. Тэр эрдэм гэдэг нь өнөөгийн ойлголтоор эдийн засаг өвөрлөж ирэхийг л хэлээд байгаа юм. Улс орныхоо хөгжилд оролцохыг л хэлээд байгаа юм. Хий онолдож хэн ч чадна. Монголыг сурталчилна гэдэг чинь бараа таваараараа л сурталчилна гэсэн үг. Түүнээс монгол дээл өмсөх, гэр барьж харуулах чинь сурталчилгаа биш. Бүгдээрээ үзсэн. Бүгдээрээ мэднэ. Бидний арчаагүй энэ байдал Та нарын үеийнхэнтэй холбоотой шүү дээ, Бүрэн ээ ах аа. Та нар Монгол Улсынхаа хөгжлийг зөв болгохын төлөө чармайж яваагүй байхгүй юу. Би Та нарыг буруутгана.
-Зөв зөв.
- Та нарын арчаагүйдээ үлдээсэн үлдэгдлийг бид үүрээд явах болж байна. Шударга бус нь дийлдэг нийгмийг бүтээчихээд байна. Түүндээ иргэд нь дасаж дөжирч эхэлж байна. Тиймээс миний үзсэн зовлонг бидний дараагийн үе үзэхгүй байхын төлөө би явна гэж бодож байна. Ингэж л би дуугараад байгаа юм. Бүтээх гэж оролдоод хүмүүст ад болоод яваад байгаа юм. Би амиа бодох юм бол хаа ч юмаа хийгээд олохоо олоод явж чадна л даа. Би үнэгүй 170 сая төгрөгний юм тараана гээд 2015 онд 250 сая төгрөгний юм тараасан. Энэ бол арчаагүй өнөөгийн байдлыг хараад бачуурах даа хийсэн эсэргүүцэл байсан юм шүү.
-Нээрэн үнэгүй юманд нугасгүй гэж хүмүүс их шавсан шүү. Бид чинь ийм л болчихсон хүмүүс дээ. Иргэддээ ч гэдэг юм уу...
-2015 оны тэр акц бол миний нийгмээ цочроох гэсэн эсэргүүцэл байсан юм. “Намайг Польшийн иргэн болооч” гэж санал тавьж байсан. Чи Польшид мэргэжил эзэмшсэн. Хүүхдүүд чинь тэнд төрсөн. Би хар амиа бодох юм бол ядаж л ингээд тоглоомын дүрэм нь ойлгомжтой газар амьдарч чадна л даа. Би Польшид очиход адагтаа 10 хүнд ч гэсэн ажлын байр бий болгоно шүү дээ. Гэтэл би тэр үед юу бодсон гэхээр “Ходоод хагаравч тогоон дотроо” гэдэг шиг Монгол гэдэг омогшлоо хадгална гэж бодсон. Польш бол миний нутаг биш. Болохгүй зүйлээ болгохын төлөө явна гэж хатуу шийдсэн. Та “2015 оноос хойш чиний хувьд юу өөрчлөгдсөн бэ?” гэж асуусан. Юу ч өөрчлөгдөөгүй. "Эксклюзив" ХХК-ийн данс хаалгасан хэвээрээ. Гарч орох эрх ч хаалттай биз. Уг нь “Рубин” гээд ОХУ-ын компанитай дөрвөн сая долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ бэлэн болоод байсан юм л даа. Тэгээд данс нь хаалттай гэхээр өнөө улс чинь ойлгохоо байж байгаа юм л даа.

 

"Эксклюзив"-ийн гол амжилт бол өдөр бүр тав арван төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргаж байдагт оршино


-Данс яагаад хаалттай гэвэл өртэй гэсэн үг үү?
-Өртэй гэсэн үг. 170 сая төгрөгний ор үндэслэлгүй акт тавьсан.Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзсан. Ганц Майцэцэгийг биш Монгол улсад үйлдвэрлэгч гээд явж байгаа хүмүүсийн төлөөллийг авч уулзлаа гэж би их баярласан. Монгол улсад үйлдвэрлэл хөгждөгүйн нэг жишээ үзүүлэн бол би юм.
-Яагаад хөгждөггүй юм?
-Төрийн дэмжлэг гэхээр зээл өгснөөрөө манайхан ойлгодог. Яг нарийндаа зээл буруу олгогдох юм бол өрийн сүлжээнд байгууллага ордог аюул бий. Зээл өгсөн бол буцаагаад үүнийхээ хамгаалтыг төр хийж байж дэмжлэг болно. Би сурагчийн дүрэмт хувцасан дээр оролцоогүй л дээ. Гэхдээ уншигчдад ойлгомжтой байх үүднээс үүн дээр жишээ татаад ярья. Сурагчийн дүрэмт хувцсанд долоон компанид 23 тэрбум төгрөгийг барьцаагүйгээр өгсөн байдаг юм. Гэтэл хамгаалалтыг нь хийгээгүйгээс сурагчийн дүрэмт хувцас хятадаас орж ирээд хамаг юм гүйцээ. Ийм юм гаргахгүй байх зохицуулалтыг л төрийн бодлого гэж хэлнэ, уг нь. Яг энэ Хятадууд шиг, Оросууд шиг, Польшууд шиг хамгаалалт хийх ёстой. Бодлого гэдэг татвараар бий болдог. Өнөөдөр Монголд үйлдвэрлэв бүтээгдэхүүнийг дэмжье. Өртгийг нь буулгая гээд байна. Үүний төлөө төр юу хийсэн юм? Юу ч хийгээгүй. Энэ бүх юмны үнэнд юу нөлөөлдөг юм бэ гэдгийг асууж байсан эрх баригчийг ч санахгүй байна. 
-Би эрх баригч биш ч гэсэн сурвалжлагч хүний хувьд асуучихья.
-(инээв) Манайх хөнгөн үйлдвэрийн оёмол бүтээгдэхүүн, түүхий эд материалыг гаднаас авч байгаа. 100 хувь. Гэтэл тоног төхөөрөмж дээр эрх баригчид хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Энэ муу хэрэг биш. НӨАТ-аас чөлөөлсөн байдаг. Татваргүй оруулдаг. Гэхдээ энэ бол гол зангилаа нь биш юм аа.
-Гэхдээ ийм дэмжлэг байх ёстой биз дээ.
-Байхгүй байсан ч үнэндээ бас гол нөлөөлөх хүчин зүйл нь биш юм. Үйлдвэрлэгч тоног төхөөрөмжийг таван жилдээ нэг л удаа авна. Арван жилдээ нэг л удаа авч магад. Өдөр тутамд нь шаардагдах гол зүйл нь түүхий эд, материал нь юм. Тиймээс үйлдвэрлэл хийж байгаа хүмүүстээ бодлогоор материал дээр нь хөнгөлөлт үзүүлэх ёстой. Даавуу оруулж ирээд дамлаад зарж худалдаачин тултал нь ашгаа нэмээд байж байгаа. Гэтэл нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн хийгээд ажлын байр бий болгоод байгаа хүн яг тэр худалдаачин шиг адилхан үнээр материалаа авч байна. 
-Худалдаачнаас жирийн иргэн даавуу аваад дээл хийгээд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд бас л эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа шүү дээ.
-Гэхдээ ашиг нэмээд зарж байгаа даавууны худалдаачнаас даавуу аваад бүтээгдэхүүн хийж байгаа хүний өртөг нь өндөр гарч л байгаа шүү дээ. Бас нөгөөтэйгүүр үнэ, өртгөнд нөлөөлдөг юм чинь боловсон хүчин. Өнөөдөр хүн ажиллаж байгаад хулгай хийгээд гарахад, тоног төхөөрөмж техникийг нь эвдээд гарахад эсвэл технологийг сурч аваад гарахад ямар ч зохицуулалт байхгүй. Энд эцэстээ ажил олгогч л хохирдог. Хөдөлмөрийн яаманд бодлого боловсруулна гээд баахан юм болдог. Тэр нь үр дүнгээ тэр болгон өгөхгүй байна. Жишээ нь, Польшид яадаг вэ гэхээр Мэргэжил сургалтын төвийг төгсөөд ирж байгаа хүүхдийг ажил олгогч ажилд авбал төрөөс нь маш их хөнгөлөлт үзүүлдэг.
 

-Манайд Мэргэжил сургалтын төвийг байгуулллаа гээд байдаг боловч тэрний хамгаалалт нь байхгүй байна гэж ойлгож болох уу? Тэгэхээр хий боловсон хүчин хүчээр бэлдээд байна гэсэн үг үү?
-Хэрвээ үйлдвэрлэл нь хөгжихгүй юм бол Мэргэжил сургалтын төв ингэж олныг хүчээр гаргаж ирж зардал гаргах хэрэг байна уу. Стипенд өгдөг. Бусад хангамж өгч байна. 2.5 жил тэжээлгээд гарч ирээд ажлын байр байхгүй юм чинь яах юм. Оёдлоор сурсан хүүхдүүд цагдаа гэдэг ч юм уу, санхүү гээд өөр мэргэжил сонгоод дахин сурахаар явдаг. Хэрэв ийм байх юм бол хогийн сав руу мөнгө хийж байгаатай адил. Польшид бол ийм сургууль төгссөн хүнээ эхний нэг жил цалингийн доод хэмжээ, нийгмийн даатгал зэргийг нь ажил олгогчид төлдөг. “Энэ хүнийг мэргэжилтэн болго” гээд ажил олгогчийг үүрэгжүүлж байна гэсэн үг. Миний материалаар тэр хүүхэд хаягдал хийсэн ч эрсдлийг нь төр үүрч байна гэсэн үг. Иймээс үйлдвэрлэгч ажлын байр нэмэгдүүлэх дуртай байна гэсэн үг. Монголд МСТөв төгсөөд ирж байгаа хүүхдийг аль ч газар авах дургүй. Үйлдвэрлэгч нар маань ясаа яая даа гэж яваа хүмүүс юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй хүнээр яах вэ. Польшид хоёр дахь жил нь цалингаа өгөхөө болиод нийгмийн даатгал хамаг юмыг нь өгч байгаа юм. Намайг Польшид ажиллаж байхад манай үйлдвэр дээр Аня гээд охин ирсэн. Би хэрээс л хийж чадна. Өөр юу ч чадахгүй гээд. Би голонгуй байсан. Гэвч манай Аня маань таван хүний ажлыг ганцаараа хангаж чаддаг байсан шүү. Би энд арван жил үйлдвэрлэл эрхлэхэд Аня шиг нэг юмандаа гаршсан хүн олж хараагүй байна шүү дээ. Бодлого гэж энэ. Дээр нь “Польшид үйлдвэрлэв” гэдэг үг худалдан авагчдын үндэсний үзэл санаанд нь маш их нөлөөлдөг. Эдийн засгийн цагдаа нар хятад, турк гээд гадны бүтээгдэхүүний гарал үүслийг нь маш сайн хянаж шалгадаг. Дэлгүүр, зах зээл дээр хаана бол хаана энгийн хувцастай эдийн засгийн цагдаа явна. Гарал үүсэл нь тодорхойгүй бол торгууль тавиад л хураагаад авна. Хяналтын ийм систем маш чухал. Ингэж хяналт тавих юм бол үндэсний үйлдвэрлэгч нарт янз бүрийн сангуудаас илүү чухал. Энэ хяналт байвал үндэсний үйлдэр босно. Би дэлгүүр ажиллуулахгүй зөвхөн үйлдвэрлэлээ л хийнэ шүү дээ. Тэгсэн цагт үйлдвэрлэгч бөөний бөөндөгч болно. Бидэнд сурч аваагүй маш их юм польшуудад, хятадуудад байдаг. Үйлдвэрлэгч хүн бат суурьтай байдаг л даа. Наймаачнаас илүү бат суурьтай.  Надтай хөгжлийн банкны захирал байсан нөхөр нэг арга хэмжээн дээр таараад “Чи дампуураагүй юм уу?” гэж асуусан. Энэ нь надад “Чи үхээгүй юм уу?” гэдэг шиг л сонсогдсон. Гэтэл би өнөөдөр есөн аймагт салбараа нээгээд явж байна. Одоо би Говь-Алтай, Хэнтий, Дорнодод үйлдвэр нээх гэж байна. Баянхонгор, Хөвсгөлийн Мөрөн, Тосонцэнгэлд туслан гүйцэтгэгчтэй. Тэр хүмүүсийн дундаж цалин цагаан сарын үед гэхэд 1.2-1.4 сая төгрөг байдаг. "Эксклюзив" өнөөдөр Монголын оёмол хувцасны анхны брэнд гэж Блуумбергээр гарч байхад хамт олноороо бахархсан. 2008 онд намайг анх ирэхэд энэ чиглэлийн компаниуд ажлын хувцаснаас өөр юм хийдэггүй. Тендэр ярьсан орчинтой л золгосон. Би өнөөдөр мөнгөөр овойсонгүй. Гэхдээ маш олон хүнд чухал ойлголт өгсөн. Өнөөдөр маш олон залуучууд брэнд хийдэг болсон. Энэ бол маш олон хүнд үлгэр дуурайлал болсон. Манай "Эксклюзив"-ийн загвар бол том том гадаадын үйлдвэрүүдийн тэр жилийн трэнд болно гэсэн загвартай уралдаад явж чадаж байна даа. 
-Жишээ нь ямар брэндтэй уралдаж байна.
-“Зара” байна. Монголд хувцасны брэнд жилийн дараа моодонд ордог жамтай. Гэтэл манай бүтээгдэхүүнийг харьцуулаад харахад “Зара”-тай зэрэгцээд явж байгаа. Бид нэг хийсэн бүтээгдэхүүнээ дахиж хийдэггүй. "Эксклюзив"-ийн гол амжилт бол өдөр бүр тав арван төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргаж байдагт оршино. Энэ бол маш их хөдөлмөр шингэсэн ажил. Энийг дуурайгаад хийчихье, тэрийг дуурайгаад савлачихья гэж бодохоор бизнес биш байхгүй юу. Хэн болгон хийж чадахгүй. Мэргэжлийн хүний хийдэг ажил. 
-Цор ганц бүтээгдэхүүн хийдэг үү?
-Анх би биенээс нь хэмжээ авч захиалга хувцас хийе гэж эхэлсэн. Уучлаарай, дампуурья гэвэл захиалга хувцас Монголд хийгээрэй л гэмээр юм  байна билээ шүү. (инээв) Манайхан үнэлж мэддэггүй юм. Захиалга хувцас явахад манай цорын ганц үйлчлүүлэгч хэн байсан бэ гэхээр тухайн үеийн Польшийн консул, эхнэр хоёр нь л байлаа. Польшид бид хэзээ ч биед таарсан, хүссэн загвар дизайнаар ийм хувцас мөрөөдөөд ч хийлгэж чадахгүй гэдэг байв. Энэ бол тансаг хэрэглээ. Төрийн ажилтан хүний авдаг цалингаас хол хэрэглээ гэдэг байв.
-Манайхны хөөцөлдөөд байдаг Уго босс, Бербари гэдэг брэндүүд чинь ямар учиртай юм бэ? Би энэ брэндүүдийг мэдэхгүй л дээ. Гэхдээ хамгийн дээд түвшний хувцас чинь захиалга хувцас гэж ойлгоод байгаа.
-Яг үнэн. Захиалга хувцас. Яг нарийндаа тэр хэлээд байгаа брэндүүд чинь массын үйлдвэрлэлийн хувцас байхгүй юу. Одоо энэ манай 40 мянгатын подваль бүрт байгаа захиалга хувцас чинь европод дээд зэргийн үйлчилгээ юм шүү дээ. Гэхдээ тэнд захиалга хувцсыг хийсэн шиг хийнэ л дээ. Хүн болгон хийдэггүй юм. Зөвхөн Танд зориулж бүхэл бүтэн багаар ажиллаж бүтээдэг эд. Иймээс массын үйлдвэр лүү орж "Эксклюзив" гэдэг брэндээ гаргасан хэрэг. Одоо бас харьцангуй өөр болж байгаа. Цор ганц хийх захиалга хувцас чинь урлагийн бүтээл шахуу юм. Улс орны амьдралд үйлдвэрэл, массын үйлдвэрлэл маш чухал үүрэгтэй. Өнөөдрийн энэ гэр бүл салалт, хүмүүс нь гадагшаа явдаг, орлого байхгүй энэ бүхэн чинь жижиг дунд үйлдвэр хөгжөөгүйтэй шууд холбоотой. Үйлдвэрлэл, хөдөлмөр хоёр хөгжих юм бол энэ бүхэн алга болно. Гэтэл манайхан үйлдвэрлэгчээ худал юмаар дарамталдаг. 2015 оны миний эсэргүүцэл чинь манай тавигдсан 170 сая төгрөгний акт нь нэмүү өртгийн албан татвартай холбоотой байсан юм. Хуурамч падаан гэдгээр. Тэр хуурамч падааныг бичсэн Жаст, Эко констракшен хоёулаа өршөөлийн хуулинд ороод цагаатгагдчихсан байгууллагууд. Гэтэл би өнөөдрийг болтол өртэй байна гэдэг манайд шударга бус нийгэм, шударга бус төрийн бодлого байгаад л байгаа юм. Энэ болгоныг тэвчээд байгаа үйлдвэрлэгч нараа хараад гайхдаг. Арга ядаад муухайгаар хэлэхэд хүн хүчиндүүллээ хүчиндүүллээ гэхэд өмдөө татаад босож ирэх ёстой биз дээ. Гэтэл тэгээд яагаад хүчиндүүлээд байгаад байдаг юм. Муухайгаар хэлэхэд ийм биз. Улстөрчид бидний талхыг булаахгүй бол үйлдвэрлэгчид хөгжил авчирна. Би жишээ нь ЖДҮ-гийн зээл байдгийг мэдэж байсан. Тэрийг би хэзээ ч хөөцөлдөж байгаагүй. Дөнгөж босож байгаа, эхэлж байгаа хүмүүс нь аваг гэж би өөртөө сэтгэлийн барьер тавьсан. Над шиг тодорхой хэмжээнд боссон. Хоёр тэрбумын эргэлттэй хүмүүс авах зээл биш байхгүй юу. 10 сая, 20 сая, 50 сая, 100 саяын зээл хүсч байгаа хүнд л очих ёстой зээл. Миний ёс суртахуун төрийн хүмүүсийн ёс суртахуунтай жишихэд арай дэндүү байгаа биз. Олон зуун юм үйлдвэрлэх хүсэлтэй хүмүүсийн хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг нь унагаж байгаа хэрэг.
 

-Монгол хүмүүстээ тусалъя, эх орондоо хэрэгтэй юм бүтээе гэсэн санаатай хүн байна гэж би ойлголоо. Үүнээсээ болж эрсдэл үүрч байв уу?
-Байсаан. Захын нэг жишээ хэлье. 2008 оны сүүлээр 12 хүнийг Польшид сургаж ажиллах боловсон хүчнээ бэлдэхээр шийдэв ээ. Тэгээд хөөцөлдөж явж тэдэнд нэг жил ажиллах визийг нь гаргуулаад явуулсан. Вьетнамчууд Польшид очих нэг визийг 15.000 доллараар олдог гэж байгаа. Би 12 хүнийг явууллаа. Ямарч үнэ өртөггүй. Ажлын виз хөөцөлдөнө гэдэг маш их хүч хөдөлмөр, зарлага үрлэгтэй ажил. Манай нөхөр чинь Баянхонгорын хүн л дээ. Тэгээд ихэнх Баянхонгорын 12 хүн олоод явууллаа. Энэ хүмүүсийн Польшид амьдрах орчныг бэлдэнэ. Байр сав, ажиллах үйлдвэр, хоол хүнсний асуудал шийднэ гээд дагалдах юм ихтэй. Сарын таван зуун долларын цалингийн гэрээтэй явуулсан. Гэтэл Польшийн консул Монгол хүнийг монголчуудаас илүү мэддэг болчихсон байдаг юм байгаа. Тэгээд “Майяа, чи хэдэн жил Монголд байгаагүй вэ?” гэж асуув. “19 жил” гэвэл "Энэ 12 хүн чинь чиний толгойг чинь цусдах вий дээ” гэж сануулж билээ. Ажлын зөвшөөрлийг эндэхийн консуул ч шийдээд өгдөг юм биш. Цаанаасаа Польшийн ажлын алба өгдөг эд. Тэгээд очоод бүгд эргэж ирээгүй. Би Польшоос явахдаа польш найздаа үйлдвэрээ хоёул эзэмшинэ гээд үлдээсэн юм. Энэ золгүй явдлаас болоод өөрийнхөө хамаг хувь эзэмшлийг найздаа бүгдийг нь өгөх болсон юм. Тэр найз маань маш хүнд байдалд орсон. Тэр өөрөө 20-оод ажилчинтай. Миний явуулсан 12 хүн нэмэгдсэн. Би энэ хүмүүст боломж олгосон ч өөрийнхөө хувь хөрөнгөөр хохирсон. Шөнө 12 цагт мессеж ирэхдээ: “Уучлаарай, ах эгч хоёр оо! Монгол хүнийхээ нэр хүндийг гаргаж чадаагүй биднийг уучлаарай” гэж байгаа юм даа. Манай Польш найз: “Майяа, нөгөөдүүл чинь байхгүй болчихлоо” гээд сандраад яриад байдаг. Би энэ 12 хүнээ уг нь найз дээрээ аваачиж өгөөд байранд оруулаад хамаг юмыг нь шийдээд ирсэн л дээ. Эхнээсээ ганц хоёроороо алга болоод. Хамгийн муухай нь оргоод явахдаа “Майяа, биднээс нэг хүнээс 15 мянган доллар авсан” гэж миний хамтрагч найзад ойлгуулсан байгаа юм даа. Зүгээр ч хаяад явчихгүй ийм л юм хийсэн байгаа юм.Тэр найз маань “Майяа, вьетнамууд шиг хүн бүрээс 10 хэдэн мянган доллар аваад 100 гаруй мянган доллар олжээ” гэж бодно шүү дээ. Дараа нь тэр хүүхдүүдийнхээ нэгтэй үйлдвэрийнхээ тэнд нэгдүгээр хорооллын Номинд таарсан. Би хараагүй юм шиг өнгөрөх гэсэн. Дуугарах хүсэл төрөөгүй. Гэтэл тэр залуу “Майяа эгч ээ, сайн уу?” гээд уулзсан. Тэр хүүхэд зориг гаргаад дуугарсанд бас нэг талаар баярласан. Одоо тэр хүүхэд Шведийн иргэншил аваад тэнд хоёр хүүхэд, эхнэрийн хамт тэнд ажиллаж амьдардаг гэсэн. Би “Эгч нь чиний амьдралыг нээж өгч дээ л” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу “Харин тийм ээ. Би танд маш их баярладаг аа” гэж байна билээ. Нэг иймэрхүү юм болсон. Сайхан сэтгэл гаргаад өөрөө хохирох тохиолдол их бас таарна таарна. Ялангуяа, Монголчуудтайгаа (инээв.) 

 

Хүн төрөхдөө ч үхэхдээ ч оёмол бүтээгдэхүүнд ороогддог

 

-Манайхан жижиг дунд үйлдвэр гэж 20-30 жил их ярилаа. Яг нарийндаа ЖДҮ гэдэг юу юм бэ? Дунд үйлдвэр нь юу юм бэ? Жижиг нь юу юм бэ? гэдгийг мань мэт нь яг таг мэдэхгүй юм...
-Улс орон болгон хэмжээ хязгаараасаа шалтгаалаад өөр өөрөөр ойлгож тодорхойлдог байх. Европд гараажийн үйлдвэрлэл гэж ярьдаг. Зохиолч Л.Түдэв гуай аль тэртээ 1980-аад оны төгсгөл үед “Өрхийн үйлдвэрлэл”-ийн талаар дуугарч байсан юм билээ. Тэр үед хувийн өмчийн талаарх яриа хаалттай сэдэв байсан шүү дээ. Энэ чинь Европ ойлголтоор гараажийн бизнес байхгүй юу. Европд голцуу өрхийн хэмжээний жижиг үйлдвэрлэлээ гараажаас эхэлдэг уламжлалтай юм л даа.
-Бизнесийн старт нь юм биз дээ?
-Яг үнэн. Энэ бол тухайн жижигхэн хүрээлэлдээ зах зээлээ мэдрээд эхэлж хийж байгаа бизнес. Зах зээлээсээ хамаараад эхнэр, нөхөр хоёр эхэлж ажиллаж байгаад тэрүүгээрээ зогсохгүйгээр нэмж гурав, дөрвөн хүн ажиллуулна гэсэн үг. Цаашлаад ажиллуулах хүн нь 10, 20 хүн гээд зүй тогтлоороо томроод явна. Энэ бол эрүүл саруул бизнесийн зарчим. Тэгээд дунд зэргийн үйлдвэрлэл рүүгээ орно шүү дээ. Жишээ нь Хятадад 500 оёдолчинтой үйлдвэрийг ЖДҮ л гэх байх. Манайд бол 500 хүнтэй үйлдвэр чинь томд орно. 
-50 хүнтэй үйлдвэр ч том тал руугаа орох байх. Уул уурхайн том том нэртэй компаниуд чинь 300-400 хүн л ажиллуулдаг юм биш үү.
-Энэ бол өөрийн онцлогтой тусдаа сэдэв. Уг нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэдэг аливаа улсын үйлдвэрлэлийн суурь нь байгаа юм. Та мэдэж байгаа байх. Үйлдвэрлэл хөгжсөн улсын эдийн засаг нь хөгжсөн байдаг. Энэ бол аксиом, теором болсон юм. “Хөгжлийн нууц” гээд ном, сэтгүүл дээр их гардаг. Нууц нь маш энгийн зүйл шүү дээ. Оновчтой үйлдвэрлэлийн бодлого. Ердөө л энэ. Жижиг үйлдвэрлэл бол аливаа улсын хөгжлийн суурь нь. Улс орны эдийн засгийн фундамент нь. Одоо Монгол улсын нийт ажиллагсдын 60-аад хувь нь жижиг дунд үйлдвэрлэл бизнест байгаа болов уу. Үйлдвэрлэгч болгон өсөж тэлэх “өвчтэй” болдог. Энэ бол юм хийж бүтээж байгаа ажил хэрэгч хүн болгоны “өвчин”. Сайн “өвчин” гэж байдаг бол энэ л сайн “өвчин” байх. Дараа нь жижгээс дунд болно. Тэгээд том болно. Томоос аварга болно. Ингэж алхам алхамаар явдаг хөгжлийн  жамтай. Үйлдвэржсэн орныг л хөгжилтэй орон гэнэ. Тэд яагаад фермерүүдээ дэмжээд байна. Ажлын байрыг тэд орон нутагт бий болгодог. Орон нутаг эзэнтэй болдог. Эзгүй нутаг зэвэрдэг гэж ярьдаг даа. Балгас болох шахсан сум, сангийн аж ахуй 1990-ээд онд борооны дараах мөөг шиг болсон шүү дээ. Тэр чинь хүнгүй болсон газрууд. Хүмүүс нь хот руу, төв суурин руу нүүгээд явчихсан.
-Самсунг, Тоёота, Эйфль гээд Дэлхийн том том компани, корпорациудын эхлэл ч гэсэн маш шалихгүй жижиг юмнаас эхэлсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг юм билээ. Домог шиг. Зүйрлэж хэлбэл, утас ээрэхээс эхлээд угаалгын нунтаг хийх хүртэл...
-Аль ч хөгжсөн улсын хөгжил хөнгөн үйлдвэрийн салбараасаа эхлээд хөгждөг зүй тогтоцтой. Тэндээс бий болсон үйлдвэрлэлийн соёл, туршлагаасаа аваад хүнд үйлдвэрлэл рүүгээ ордог. Хүнд үйлдвэрлэлийн салбарын дараа IT технологи, нано технологи руугаа шилждэг. Суурь нь хөнгөн үйлдвэрийн салбар. Маргах юм байхгүй. Би Польш улсад үйлдвэрлэл эрхэлж байгаад Монголд ирсэн. Тэр 2009, 2010 онд Монголын нийгмийг авч явах түүчээ салбар нь юу юм бэ гээд тэр үед маргацгааж л байсан. Санал асуулга ард зоны дунд явуулаад ч байх шиг. Одоо ч маргалдсан хэвээр. Цаг зогсичхсон юм шиг хэв хэвээрээ, яв янзаараа... Хүний суурь хэрэгцээ юу вэ? Идэж уух, өмсөж зүүх. Энийгээ эхлэж шийдээд дараагийн том том фантази мөрөөдөл рүүгээ орох хэрэгтэй. Доод хүмүүс нь энэ хэрэгцээгээр хангагдсан байхад дээгүүр хүмүүс нь фантазлах эрх чөлөөтэй болмоор юм, уг нь. Ийм хэрэгцээгээ хангаагүй хүмүүс дуурь, балет үзэж чадах уу? Энэ хэрэгцээг хангаж байж дараагийн сонгодог бизнес явна аа. Гэдэс цатгалан, мөр бүтэн байж хүмүүс дараагийн хэрэгцээ рүүгээ орно. Гэтэл манайхан олигтойхон идэх хоол, ажилгүй байж үнэтэй утас лизенгээр аваад түүндээ түүртээд явж байна. Тэр утсаа хаяж гээгээд амьдралын том стресс нервэнд орж байна. Шинэ утасны загвар хөөвөл одоогийн ийм дундаж цалинтай ямар ч Монгол хүн тэндээ түүртээд ядуурна. Нөхцөл байдалдаа тохируулж амьдарна гэдэг бол хөгжлийн жам ёс. Ялангуяа Монгол хүн жилийн дөрвөн улиралд эрс тэс уур амьсгалд амьдарч байна. Африк, өмнөд Азийн халуун орны хүмүүс шиг даавуу биеэрээ ороочихоод гүйгээд байх өгөгдсөн нөхцөл бидэнд байхгүй л дээ. Европ ч нам дор газар учраас манайхаас зөөлөн уур амьсгалтай шүү дээ. Хойд туйлтай хил залгаа шахуу Скандинавын орнууд ч тэр. Тэгэхээр хахир өвлийн хүйтэнд бид яалт ч үгүй арьс шир, ноос, ноолуураа бүтээгдэхүүн болгож нөмрөхөөс өөр арга байхгүй. (инээв.) Тэгэхээр бидний хөгжүүлэх ёстой тэргүүлэх салбар юу юм бэ гэхээр энэ. Энд мундаг онол суртахуун хэрэггүй. Фридман, Кейнс, Кант, Маркс, Энгельс яриад хоорондоо улстөржиж, цэцэрхэн савчиж дайсагналдаад ч байх хэрэггүй. Ач холбогдлоо өгөхгүй бол түмэн эдийн засаг, үйлдвэржилтийн талаар эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, форум морум хийж мөнгө төгрөг үрээд ч байх шаардлагагүй. Эд нарт хүрэхээс өмнөх үеийн бизнес, аж ахуйгаа цэгцлэх асуудал бидэнд байна. Нээрээ шүү!!! Ард иргэдээ аятайхан хооллочих хэрэгцээ байна. Мах, сүү, газар тариалан, тариа ногооныхоо асуудлыг өгөгдсөн нөхцөл байдалдаа тааруулж тохируулаад шийдчих хэрэгтэй байна. Дулаан хувцасаа шийдье. Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбараа бодлогын хэмжээнд эхлээд авч явья. Хүн төрөх, үхэхдээ яалт ч үгүй даавуунд ороогддог гэдэг анхны проблемаа шийдье л дээ. Дэс дараатай явья аа. Ингэхээр тэргүүлэх салбар юу вэ гэдэг гарч ирнэ ээ дээ.
 

-Тэгвэл хүнд үйлдвэрээ зогсоогоод хүнс, хөнгөн үйлдвэр лүү бүх хүчээ хаях уу?
-Бүрэн ээ ах аа, Та яг одоогийн Монгол хүн шиг аашилж байна. (инээв.) Та чинь тавь хол гарсан юмны урдах хойдох бүхнийг гадарлаж мэддэг ахмад хүн биз дээ?!
-Харахад л ийм болохоос дөнгөж 53 нас хоёр сартай л даа. 60 гарсан гэж хэлээгүй нь их юм. Голцуу тэгж хэлээд байдаг юм.(инээлдэв.)
-Бид бас чамгүй ойр танил учраас юмор болгож хэлсэн юм аа. Уучлаарай. Нэг ололт амжилтаа нөгөөгөөр нь цохиж туйлширдаг зан их багагүй бидэнд байна. Нэгэнт бий болсон амжилт болгоныг хадгалах ёстой. Болж байгаа юмыг нураах хэрэггүй. Дэмжих хэрэгтэй. Бүгд зэрэгцэн явах ёстой. Улс орны хөгжлийг авч явахад олон маш олон хэрэгсэл дээр зэрэг гишгэх хэрэгтэй. Яг жолоо барьж байгаа хүн шиг. Хурд хүч, хий, араа, тоормос тохируулдаг шүү дээ. Манайд цахиурын хөндий байхгүй ч тэр IT нь хөгжиж л байх ёстой. Болбол бүр хөгжүүлэх ёстой. Миний хүү IT-ийн мэргэжилтэн болох гээд МУИС-д сурч л байна. Би хөнгөн үйлдвэрт явж байна. Юу нь болохгүй гэж?!
-Манай Монголчууд шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг бүгд том том юм руу үсэрдэг нялхсын өвчнөөсөө салаагүй байна. Газар ухаж алт олбол, нүүрс жонш ухвал энэ бол бизнес гэдэг ойлголттой байна. Тэгж байж сэтгэлийн болоод ахуйн таашаал авч байх шиг. Хүнээр бол гар хөл, гэдэс ходоод болсон хүнс, хөнгөн үйлдвэр дээгүүрээ алхаад байгалийн баялагт шүтсэн бизнес рүү хошуурч байна. Энэ бол суурьгүй, өөрөөр хэлбэл биегүй том толгой шиг харагдаж байна гэж Та хэлэх гээд байна уу?
-Тийм. Үйлдвэрлэл хөгжинө гэдэг хүмүүсийг сахилга батжуулж байна гэсэн үг. Хөдөлмөрийн соёл хүмүүжил зөв дадал зуршлыг эзэмшүүлнэ гэсэн үг. Талийгаач Паавангийн Дамдин гуай: “Бид гучаад жил нөхөж баршгүй юм алдсан. Тоног төхөөрөмж техник технологийг мөнгө нь байвал худалдаад зээлээд авчихна. Хүнээ сургаж, хөдөлмөрийн хүмүүжлээр хөгжүүлнэ гэдэг далан жилийн тасралтгүй явсан хүнд процесс юм” гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Аль 1960 оноос Аж үйлдвэрийн яамны сайд, мөн хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 он хүртэл Монгол улсыг удирдан чиглүүлэгч МАХН-ын ТХ-ны аж үйлдвэр хариуцсан нарийн бичгийн дарга байсан хүн. Монгол орны үйлдвэржилтийн бодлогыг зангидаж байсан хүн шүү дээ. 
-Хожим Х.Баттулга Ерөнхийлөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан даа. 
-Үйлдвэрлэлийн салбарын баатар хүн мөнөөс мөн. Дамдин гуайн хэлсэн санаа нь бэлтгэгдсэн мянга мянган кадртаа харамссан болохоос тоног төхөөрөмжинд харамсаагүй. Оёдлын машины ард найман цаг сууж оёдол хийнэ гэдэг тамын хөдөлмөр байхгүй юу. Хөдөлмөрийн хүмүүжил эзэмшсэн, мэддэг чаддаг, мэргэжилдээ дуртай хүний ажил байхгүй юу. Дайны цагт пулелёмтийн наводчик таван жил өдөр шөнөгүй үхэл амьдралтай цаг мөчгүй тэмцэж байсан хүн улсын баатар болоогүй л байхгүй юу. Ард нь байсан генералууд нь баатар болдог. Яг тэр зарчим хэвээр байсаар байна. Манай хөнгөн үйлдвэрийнхэн яг тэр тэргүүн фронтын дачид шиг юм. Одоогийн Монголын хөнгөн үйлдвэрийн салбарынхан бол тэргүүн фронтын дайчид төдийгүй “торгуулийн батальон”-хон шиг зэвсэг, хувцас хунар муутай шоовдорлогдсон дайчид шиг л байна. Дэлхийн II дайны үеийн тухай  “Штрафной батальон” гэдэг аймаар хүчтэй кино үзсэн биз дээ? Та.
-Үзсэн шүү.  
-Манай оёдлынхон энхийн орчин цагийн тийм л байдалд байна даа гэмээр санагддаг шүү. Оёдолчид гэдэг яг тийм энх цагийн хөдөлмөрийн фронтынхон. Манай эмэгтэйчүүд яагаад ажилгүй сууж байх ёстой юм бэ? Монгол бүсгүйчүүд бүгд оёж шидэж чадна шүү дээ. 30-40 жил тэгж сууна. Тэднээс сүүлийн 30 жил Хөдөлмөрийн баатар төрөөгүй байна гэдэг улсын маань нүүр царайг илтгэнэ. Ц.Амгалан, Б.Гүнжинлам, Ё.Норовсүрэн, Зумаа гээд оёдолчин, сүлжмэлчин, хөдөлмөрийн сайчуул, хөдөлмөрөөрөө манлайлагчид, аж ахуйн удирдагч эмэгтэйчүүд хөнгөн үйлдвэрийн нүүр царай болж улс даяар мандаж байсан шүү дээ. Өнөөдрийн Гүнжинлам, Норовсүрэн хаана байна? 1990-ээд онд манай торгон савхи Польшийн зах дээр од болж хөнгөн үйлдвэрийн удирдагч гэж хэлж болон Лувсанвандангийн Сарангэрэл гэдэг нэр яригддаг байсныг би мэднэ. Одоо хаа байна. Төр нь дэмжээгүй учраас цөм байхгүй болсон. Харин шөрмөстэй тулдаа “Буян”-гийн гэх Базарсадын Жаргалсайхан ах л 30 жил элдвээр хэлүүлэн тэсч байна. Энэ үлгэр дуурайллын үр дүнд манай ноолуур, савхин бүтээгдэхүүн овоо эргэж брэнд болох шатандаа явна. Хөнгөн үйлдвэрийн салбараа бүхэлд нь том утгаар нь төр засаг системтэй дэмжих хэрэгтэй байна.

 


-П.Дамдин гуай 1960-аад онд Аж үйлдвэрийн яамны сайд байж байгаад 1968-1979 онд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яам болгож таслаад сайдаар нь ажилласан нь мань хүн хөнгөн, хүнсний салбар үйлдвэржилтийн суурь гэдгийг ойлгож л дээ. Эрчим хүч, геологи уул уурхай нь тусдаа явсан шүү дээ. Тэгж нэг сая гаруй хүнтэй Монгол улсад сүлжмэл, нэхмэл, арьс шир, оёдол ширээс, гутал хувцасны үйлвэрийн мянга мянган ажилчид бий болж ажлын байртай болжээ. 1979 онд Монголын хүн ам 1.5 сая байсан гэж бодохоор...
-Жар далан жилийн өмнөх юмаа бид дахиад танихгүй хүнтэй ярьж байгаа юм шиг ярьж эхэлж байна. Энэ хооронд цаг зогсчихсон юм шиг.Тэр үед Дэлхийн хөгжил нийтээрээ одоотой харицуулахад бүгд тааруу байсан. Азийн барууд сураггүй байсан. Өнөөдрийн Азийн бар болсон улсуудаас үйлдвэржилтийн талаар бид олон алхамын өмнө байсан юм билээ. Одоо бол 50, 60 жилийн өмнө чаддаг байсан юм аа чадахаа болиод Өмнөд Солонгос руу, Хятад, Япон руу ажил хайгаад оёдолчин, нэхмэлчин, гутлын ул наадаг хүн болъё гээд сүрэг сүргээрээ явж байна. Яг тэр мэргэжлийн ажил нь ч олдохгүй голцуу ачигч буулгагч, зочид буудлын үйлчлэгч цэвэрлэгч хийх жишээтэй. Үүнийг хараад энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд “Даана ч дээ” гэж харамсдаг. Залуу нас, ааг омог, зориг золбоо, хүч хөдөлмөрөө харийн орны хөгжил дэвшилд зориулаад 50, 60 хүрээд тэтгэвэрт гарах дээрээ Монголдоо ирж байна. Хашгирч харамсахад багадмаар... Бусад орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд оролцоод явж байна.
-Дэндүү харамсалтай. Одоо яах вэ гэдэг дээр ач холбогдол өгч дүгнэж цэгнэмээр байна.
-Капитализмыг морьтойгоо алгасаж байгаа зураг байдаг даа. Түүнийг одоо их шүүмжилдэг. Үүн шиг хөнгөн, хүнсний үйлдвэрээ алгасаад хүнд үйлдвэр рүү ороод хөгжсөн улс орон байхгүй л дээ. Капитализмыг алгасна гэдэг шиг л юм болох байх. Б.Жаргалсайхан, Х.Баттулга Ерөнхийлөгч эд нар чинь анх жиинсэн өмд оёж л бизнест орж байсан юм байна лээ шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэл тамхи, архины үйлдвэр, банк санхүүгийн салбар шиг овоосон ашгийн татвар төлдөггүй. Гэхдээ хамгийн их ажлын байрыг бий болгож нийгэмдээ гавьяа байгуулдаг. 
-ЖДҮ гэдэг чинь дунд болон бага орлоготой олонх болсон иргэдээ тэтгэх гол ач холбогдолтой юм байна шүү дээ...
-Яг зөв. Ажилгүйдлийг бууруулна. Бүр сайн хөгжвөл ажилгүйдлийг байхгүй болгоно. Улсын нуруунаас хэн болгон үүрдэггүй ачааг үүрэлцэж явдаг хүмүүс. Намайг Польшид байхад татварын алба, нийгмийн даатгалын алба нь бидэнд маш хүндэтгэлтэй харьцдаг байсан. Тэд эдийн засгийн хөгжлийн цаад утгаа том зургаар нь ойлгодог хүмүүс аж. Манай байцаагчид мөнгө цуглуулахаа л ойлгоод эдийн засаг нь хөл дээрээ босвол цуглуулах мөнгө нь аривжина, өөрсдийнх нь цалин хангамж нь нэмэгдэнэ гэдгийг том зургаар нь харж чаддаггүй бололтой. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэдэг сэтгэлээр байгаа юмыг нь хувь хувьсгалдаа хамаад авчих санаатай. Уг нь маргаашийн өөхөндөө хүрвэл бүгдээрээ “эх нь эцэхгүй, тугал турахгүй” сайхан юм даа. Польшид үйлдвэрлэл бизнес хийж байх тэр үедээ татвар, нийгмийн даатгалынхны тэр хүндэтгэлийг ойлгодоггүй байж.  Одоо Монголдоо тэр хайр халамж байхгүй учраас маш сайн ойлгож “үгүйлэн санана даа” гэдэг шиг л болж байна даа. “Сайн хүнийг байхгүй болохоор нь ойлгож санагалзана даа” гэдэг шиг л юм даа. Байхгүй юмыг ойлгоно гэж жигтэйхэн. (инээв.) Ажил олгогчдод маш хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг манайх шиг социалист орон байсан Польш байцаагчид аль эрт ойлгосон. Энэ эдийн засгийн том ойлголтын талаар татвар, гааль, нийгмийн даатгалынханд сургалт явуулмаар юм. 2013 онд “Монгол брэнд” гээд Шинэчлэлийн засгийн газрын үед анхны эдийн засгийн форум хийж байсан. Тэр үед л эдийн засгийн тэргүүлэх салбар юу вэ гээд дарга сайд нар маань тодорхойлох гээд цэцэрхэцгээж байсан. Өнөөдөр ч тодорхойлж дуусаагүй юм шигээ. Сая ЖДҮ-гийн журам гаргахад л тэргүүлэх арван салбар нь юу вэ гээд хэлэлцүүлэг явуулж байх жишээтэй. Уул нь маш энгийн эд. Хүний амьдралын хэрэгцээн дээр тулгуурлаж ямарваа юм хөгжиж явдаг. Суурь хэрэгцээ бол гэдэс цатгалан мөр бүтэн явах. Идэж уух, өмсөж зүүхээ хийж чадахгүй байгаа орон улс бол хөгжил яриад хэрэггүй. Гал тогоогүй айл гэсэн үг гэдгийг дахин сануулья.
-Скандинавын хөгжилтэй орнууд гэхэд өнөө бяслагаа л магтаж ярьсан хэвээр... Бусад зөндөө үйлдвэрлэл бий л дээ.

 

Хөнгөн үйлдвэрээ орхиод хүнд үйлдвэрээр хөгжсөн улс гэж дэлхийд байхгүй

 

-ЖДҮ-г дэмжихийн цаад мөн чанар нь ажлын байрыг олноор бий болгох. Шилдэг, ТОП-оо тодруулахдаа итгэлцүүр нь арай өөр байх ёстой юм шиг байгаа юм. Ямар нөөц бололцоогоороо ажлын байр бий болгож байна вэ гэдэг ч юм уу. Монгол улсад эхний шилдэг 10-т оёдол, сүлжмэлийн үйлдвэр ч юм уу, мах сүүний үйлдвэр орвол эдийн засаг хөгжиж байгаа улс юм аа гэж харагдана. Нийгмийн амьдрал нь хэвийн явж байна аа гэж ойлгох ёстой. 
-Шалгаруулах итгэлцүүр нь арай өөр байх ёстой гэж Та хэлэх гээд байна аа даа?
-Тийм. Хөнгөн, хүнсний салбар бол ашигтай ажиллах нь бүү хэл төрийн бодлого нь тэднээ дэмжихгүй бодлого байгаад байгаа юм шиг. 
-Жишээлбэл...
-Монголд үйлдвэрлэж чадаж байгаа үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хамгаалж гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнд зоригтой татвар тавих ёстой. Дотоодын үйлдвэрийн чанарыг сайжруулах дэмжлэгийг үзүүлэх ёстой. Тэднийг татварын бодлогоор хамгаалах ёстой. Би жишээ нь Орос, Хятад руу бүтээгдэхүүн оруулах гээд чадахгүй. Татвар нь тэнгэрт тулсан өндөр. Энэ чинь тэр улсын бизнесээ хамгаалах чанар нь өндөр байна гэсэн үг. Монголчууд зах зээлээ харамлаж сурахгүй бол импортыг орлуулна гэж үлгэр яриад хэрэггүй. Яах аргагүй, банан, жүрж, усан үзэм шиг мөрөөдөөд ч бүтээж чадахгүй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулахаас өөр аргагүй. Бусад нь бол уучлаарай. Монголд бол хаа хамаагүй, хог новшгүй орж ирж л байна. Энэ дээр хатуу хяналт шалгалтгүй байхаар яаж дотоодын үйлдвэр хөгжих вэ. Манай яамны сайд дарга нар Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн яагаад үнэтэй байна вэ? Үнийг нь яавал бууруулах вэ гэж хэзээ ч ярьж байгаагүй. Тэрийг асуух ч үгүй. Манай УИХ гишүүд дарга сайд нарын ихэнх нь худлаа хүлээлт үүсгэж , хиймэл найдвар төрүүлдэг. Би нэг жишээ хэлье л дээ. МАН намын хөтөлбөрт ч байгаа, аймаг болгонд 100 үйлдвэр бий болгоно гэсэн. Би 2017 онд "УРАН ҮЙЛЧИН" төсөл хөтөлбөр санаачлаад аймаг болгонд оёдлын жижиг үйлдвэр байгуулахыг зорьж 76 гишүүд болон бусад нөлөө бүхий хүмүүст танилцуулсан. Гэтэл энэ олон хүнээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-н гишүүн Л.Энх-Амгалан хоёр л хариу өгч дэмжсэн. Хөвсгөлийн Мөрөн, Тосонцэнгэлд хоёр жижиг үйлдвэр, Баянхонгорын төвд туслан гүйцэтгэх цех байгуулагдсан. Бусад дарга нар хариу ч өгөлгүй таг чиг болсон. Аливаа санал хүсэлтэд хариу өгөх нь төр засгийн байтугай жирийн хүний наад захын соёл шүү дээ.  Харин УИХ-н гишүүн О.Баасанхүү "Их сайхан санаа байна гэхдээ би хувиараа дэмжих санхүүгийн боломжгүй" гэж шууд хэлсэн. Ер нь О.Баасанхүү гишүүн шиг чадна чадахгүй гэдгээ шууд хэлж сурах нь соёл шүү дээ. Дарга сайд нарын үүсгэдэг хиймэл хүлээлт ажилд маш садаа болдог. Тэдний асуудалд хандаж байгаа байдал нь үнэхээр эгдүү хүргэдэг. Жишээ нь мах өнөөдөр үнэд орж байна. Мах үнэд ороход малчдын амжиргаа сайжрах ёстой. Гэтэл махны үнийг хямдруулна гэж ярихын оронд Монгол хүний орлогыг яаж нэмэх вэ гэдэг дээр толгой гашилгах ёстой. Малчны хотонд байгаа нэг килограм махны үнэ нэмэгдсэн үү гэвэл эргэлзээтэй. Энэ нь гадаад дотоодын ченж нарын олз болж байна. Дамчдад тоглох боломжийг нь өгч байгаа төрийн бодлого муу байна гэсэн үг. Дамын худалдаан дээр тогтсон улс орон боллоо. Монгол хүн уг нь бүтээлч натуртай улс шүү дээ. Малаа өсгөх, цагаан, улаан идээгээ хийх, ноосоороо эсгий хийх, хивс тойруулгаа хийх гээд явна. Мал өсгөнө гэдэг байхгүй юмнаас шинэ юм хийж байна гэсэн үг. Наймаа худалдаа ойшоодоггүй бүтээлч ард түмэн, натураараа, мөн чанараараа. Ямар сайн даа худалдаачин хүнийг нэг муу “доншуур наймаачин”, “доншуур худалдаачин” гэж дээр үеийн монголчууд шоовдорлон нэрлэж байж.
-Махны үнэ тав арван хувь өсөж бууж байхад Монгол хүн тоохгүй байх орлогтой байх ёстой гэсэн үг юм аа.
-Яг үнэн. Хөдөө орон нутагт ЖДҮ хөгжвөл хот руу хүмүүс хошуурахгүй. Тэнд ажлын байр бий болно байна. Улаанбаатарыг хаяж явах урсгал бий болно. Саяхан Төв аймагт намайг урьж лекц уншуулья гэнэ. Миний лекц гэж юу байх вэ. Хийж бүтээж байгаа зүйлийнхээ талаар сайхан харилцаж ярьсан. Төв аймагт памбагар цагаан эсгий гутал гээд малчдад зориулсан алдартай брэнд байсан. Одоо алга болжээ. Би Төв аймаг руу 30 минут яваад орчиж байхад нэгдүгээр хороололд байдаг үйлдвэрээсээ хотын төвийн дэлгүүр хүртлээ цаг явж байна. Хотод шигдэх шаардлага надад алга. Жишээ нь хөшүүрэг байвал бий Төв аймагт үйлдвэрээ хөгжүүлэхэд бэлэн гэсэн үг. Татаварын бодлого, хөнгөлөлт, урамшуулал чухал.

 


-Саяхан 20 сая төгрөгний хямд зээл өгнө гэсэн яриа баахан өрнөв дөө. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл твиттер хуудсандаа “Наад зээлээ УБ хотоос хөдөө нүүж ХАА-н бизнес эрхлэх, эсвэл мал маллах гэр бүлүүдэд олговол яасан юм. Улаанбаатарт утаа багасч хөдөөд ажлын байр бий болно. Зээлийг хүн бүрт хавтгайруулан олговол эдийн засгаа зүгээр л самарна” гэж бичсэн байна билээ. Энэ гаргалгаа мөн үү?
-Мөн. 

 

Монголчууд зах зээлээ харамлаж сурахгүй бол импортыг орлуулна гэж үлгэр яриад хэрэггүй

 


-Энэний цаана хатагтай Оюунгэрэл ЖДҮ-г хөдөө хөгжүүлье гэсэн хатагтай Майцэцэгийн санаа хадаглагдаж байх шиг. Тэнд ноос ноолуураа боловсруулаг, тэнд эсгийгээ хийг гэсэн санаа шиг... Олон фермер бий болж гахай тахиагаа үржүүлэг гэсэн санаа байх шиг...
-Бид жаран жилийн өмнөөс босгосон үйлдвэржилтээ сэргээнэ гэдэг маш хүндрэлтэй юм.
-Өнгөрсөн зууны 50, 60 он руу очино гэсэн үг.
-Тийм. Польшид суурин болгон өөрийн гэсэн брэндийн нэрийн ёогурт, хиам, тараг сүүтэй байдаг. Оршин суугчид нь түүхий эд болох сүү махаа тэр брэнддээ л нийлүүлнэ. Түүн шиг кластержих ёстой. Тэнд дураараа, настраараа сүүний үйлдвэр байгуулахгүй байна. Малчид сүүгээ тэднийд л аваачиж өгнө. Малчин болгон ёогурт хийхгүй. Зах зээлийнхээ судалгаатай хийнэ. ЖДҮ сангийн эцсийн зорилго энэ. Одоо бүр тэнэг юм ярьж байна л даа. “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг. ЖДҮ сангийн булхай илрээд ирэхээр хүн болгонд хардалт үүссэн. Энэ хардалтыг дарахын тулд хүмүүсийн төслийг зурагтаар шалгаруулж өгөх юм гэнэ. Бизнесийн санаа чинь нууц байх ёстой. Тэгээд тэрийг нь хэн гэдэг мундаг хүмүүс шалгаруулах юм. Хамгийн олон санал авсан нь дэмжигдэх юм гэнэ. Энэ бол утга учиргүй шоу болно. Хүний аж ахуй, эдийн засгийн төсөл санаачилга гэдэг дуу биш, бүжиг танец биш шүү дээ. Төсөл гэдэг 10, 20, 30 жилийн турш бодож туршсан хүний хүсэл мөрөөдөл явж байгаа юм. Энэ бол зах зээл, эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийж энэ төсөл энд хэрэгтэй гэсэн ядаж наад захын байршил, ажлын байрны мэргэжлийн үнэлгээ өгч байж явуулах ажил. Түүнийг телевизийн олон нийтийн санал асуулгаар шийдэх юм гэнэ. Яаж ингэж сэтгэж чадаж байна аа. Яам тамгын газрыг олон нийтийн сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэх юм бол төр гэж байгаад яах юм?! Нэг юм аа сайжруулах гээд нөгөө юмаа нурааж алаад байх юм. Хийсэн алдаагаа засах гээд улам том алдаа болгодог улс даа, манай төр засгийнхан.  Дуу биш, концерт биш шүү дээ. ЖДҮ  гэдэг чинь ажил хэрэг. Аймаг болгонд ЖДҮ хөгжиж аймаг болгон өөрийн брэндтэй байх боломжтой. Яг Польш шиг. Социализмын үед 1979 онд Монголын хүн ам 1.5 сая байжээ. Гэтэл тийм цөөхөн хүн амтай хэрнээ үйлдвэржилтийн нэгдсэн бодлого нь мундаг байж. Тэр үеийн хүмүүс хийж бүтээхийн сэтгэл зүтгэл хоёроор хөглөгдөж байж. Одоо тэр хөг аялгуу манай төрийн бодлогод дутагдаж байна. Ухаандаа одоогийн бидэнд сэтгэл зүтгэл хоёр дутагдаж байна. Олж идэх, шамшигдуулах хоёр тэр орон зайг нь нөхөөд байна. Тархи зүрх хоёр бидэнд дутагдаж байна. Тархи зүрх нийлж зөв бодлого гарна. Орон нутгийн дарга нар ард иргэдээ Улаанбаатар хотынхоос илүү орлоготой болговол тэнд амьдрал цэцэглэнэ. Төсвийн татаасанд шүтэж өдөр хоногийг өнгөрөөж байна. Дарга сайд ирэхээр улаан хивсэн дээр гишгүүлж төсөвтөө илүү юм суулгахыг л даргын ажил гэж бодоод байх шиг. Татварын бааз сууриа өргөжүүлбэл төрийн томчуулыг улаан хивсэн дээр гишгүүлэх гэж хүлээж сүйд болох шаардлагагүй. Ардын намын мөрийн хөтөлбөрт аймаг болгонд 100 үйлдвэр хөгжүүлнэ гэсэн амлалт бий. Би үүнийг нь дэмжиж л 2016 онд МАН-ыг дэмжсэн. Одоо аймаг болгонд зуу биш гэхэд зургаан үйлдвэр шинээр бий болсон уу?! Асуулт анхаарлын тэмдэг хоёр зэрэгцээд л тууж яваа даа, аягүй бол!? Энийг аймгийн дарга болгон хариуцах ёстой. 2020 оны сонгууль хаянд ирлээ. ЖДҮ бол улс нийгмийн хөгжлийн суурь нь. Япон Хятад, Европын орнууд ЖДҮ-дээ онцгой ач холбогдол өгдөг юм. Тэгээд тэд хөгжиж байна. ЖДҮ-ийн нийгмийн ач холбогдол асар өндөр. ЖДҮ-ийн зээлийг онилно гэдэг ажилгүйдлийг онилно гэсэн үг гэдгийг манайхан ойлгохгүй байна. Уул уурхай бол төсөвт овоож оцоосон мөнгө өгдөг. Гэхдээ ажилгүйдлийг алга болгоход дорвитой нэмэргүй. Сүүлийн үед бүх юм нь автоматжаад хүний хэрэгцээ маш бага болж байна.
-“Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлуулья” гэж сүүлийн 20-30 жил маш их ярилаа.
-“Орон бүхний пролетари нар нэгдэхтүн!” гэдэг лоозон шиг л болж байна даа. Импортыг орлуулна гэдэг оюутан залуучууд наад зах нь Хятад, Солонгос гоймон битгий ид гэсэн үг. Түүнийг орлуул гэсэн үг. Хятдад, японд KFC, Макдоналдс-ыг орлох үндэсний хүчтэй хоолны сеть сүлжээнүүд борооны дараах мөөг гарсан байна лээ. Брюс Ли ч гэх шиг. Бодвол өнөө каратэчнээ хэлж байх шиг. KFC, Макдоналдс оочерлож шавахаа больсон байна билээ. Өөрсдийнхөө юмыг идээд л шаагилдаж байх юм.
-Манайд тэгвэл “Асaшёорюү” гэвэл шуурах байх даа.
-Боддог л санаа. Манайд үндэсний чанартай ийм нийтийн хоолны хямдхан сеть бий болговол болно шүү дээ. Импортыг орлуулна гэдэг ядаж хувцасаа өөрсдөө оёод өмсчих гэсэн үг. Энэ тал дээр нойл. Гадаадын брэнд хөөцөлдөөд л шилбэлзээд гүйцгээгээд байх юм. Телевизээр гарч байгаа рекламыг хар. Реклам гэдэг тархи угаалт. Дандаа гадаадын бараа таваар. Тэднийг рекламдах хэрэгггүй шахуу шүү дээ. Тэртэй тэргүй мэднэ. Үндэсний брэнд нь тийм ТВ-ээр цацаад байх мөнгө төгрөг нь алга. Жишээ нь, Үндэсний олон нийтийн радио телевиз бол үндэсний брэндээ маш хөнгөлөлтэй, болбол үнэгүй цацсан ч яадаг юм. Монгол үндэсний төлөө юм байгаа биз дээ. Монгол үндэстний хөгжил дэвшлийн төлөө төсөв авч байгаа, үндэстэнд зориулсан юм байгаа биз дээ. Монгол үндэстний олон нийтийн өмч биз дээ. Л.Нинжжамц хатагтай мэдрэмжтэй, эх орноо гэдэг хүн энийг өлгөж аваасай гэж хүсч байна.
-Бидний ярилцах сэдэв бол төгсгөлгүй мөнхийн сэдэв юм байна. Эргэж уулзаж яриагаа үргэлжлүүлье.
-Тэгье ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.