НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хар дарсан зүүдний САДОМАЗОХИСТ тууриуд

    Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-02-26 15:07:49 GMT +8 / | 2638 удаа уншсан

Детектив зохиолчийн талаарх детектив зохиолыг Рампо л хамгийн гарамгай бичиж чадна. “Шулам”, “Сэтгэлзүйн сорил”, “Докто Мэрагийн гэмт хэрэг” өгүүллэгүүдээс нь л үүнийг мэдэж болно. Санаанд оромгүйгээр аллага үйлдэж жинхэнэ садомазохист тоглоомыг амьдралд хэрэгжүүлсэн баатруудыг детектив буюу адал явдалт зохиол бичдэг эрхмүүд өөрсдийн гайхалтай уран сэтгэмжийг ашиглан барьдаг бөгөөд аллага үйлдсэн этгээдүүд ч гэсэн адал зохиолын хорхойтнууд байдаг.

Эдогава Рампо гэдэг нь японы адал явдалт зохиолын титэмгүй хаан Таро Хирaигийн утга зохиолын нэр юм. Үүний шалтгааныг уншигчид аль хэдийнэ мэдэх биз ээ. Детектив зохиолыг үндэслэгч Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлага нь япон аялгуугаар Эдогава Рампо гэж дуудагддаг юм. Титэм угаас Эдгар Аллан Под л байх учиртай бус уу. Артур Канон Дойл, Эдогава Рампо, Роберт Блох, Артур Уильяамс, Брэм Стөүкэр тэгээд бас Хорхэ Лүис Борхес… Тэд үүнд сэтгэл хангалуун явдаг, өөрсдөд нь титэм байх ёсгүйг сайн мэддэг хаад.

Өдгөө Монголд Рампогийн бүрэн түүвэр бүхий 12 тууриас бүрдсэн “Хүн сандал” ном зохиолч Д.Дашмөнхийн орчуулгаар хэвлэгдэн гарав. Өмнө нь мөн түүний орчуулж эмхэтгэсэн “Үхлийн тууриуд” номоос Рампогийн “Хүн сандал”, “Ихэр”, “Улаан тасалгаа” гэх өгүүллэгүүдийг ихэд таашаан уншиж, бүрэн зохиолууд нь гараасай хэмээн туйлын их хүсч билээ.

“Хүн сандал”-д орсон зохиолууд хүний сэтгэлзүй, уран сэтгэмжтэй салшгүй холбоотой. Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчихөөд гарч чадахгүй байгаа хүн шиг байдалд уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжинд төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдах жинхэнэ садомазохист болон хувирч эхлэхэд л Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.

Би ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг үзэхийн төлөө бүхий л чадлаа дайчлан тэмцэж, түүнд улайран шунадаг зангүй хүн. Гэтэл түүний зохиолуудын айдас хүргэм уран дүрслэлтэй өгүүлбэрүүдийг дахин дахин уншихыг туйлаас их хүсдэг. Түүний “Хүн сандал” өгүүллэг ихэд алдартай ч гэлээ миний хувьд “Доктор Мэрагийн гэмт хэрэг”, “Толин там”, “Зурагтай аялагч” нарыг илүүд үзнэ.

“Доктор Мэрагийн гэмт хэрэг” бол жинхэнэ хар дарсан зүүдний тухай өгүүлэмжүүдээр дүүрэн туурь. Болж буй үйл явдал, тухайн нөхцөл байдал, хэрэг гарч буй газар, Марүноүчи дүүрэг, С гудамжны үнсэн саарал ханатай байшингууд болон адилхан хоёр хавцлын дүрслэл, сарны муу ёр зөгнөсөн туяа зэргийг уншихад үнэхээр өөрийгөө толинд харж зогсоод надтай яг адилхан хүн хоолойгоо хэрчиж байхыг үзэх шиг тамын мэдрэмжийг авдаг. Борхес “Гудамжны булан эрхшээгч” өгүүллэгээ өөртэй нь гол дүрийн алуурчин залуу ярьж буйгаар бичсэн байдагтай адил “Доктор Мэрагийн гэмт хэрэг”-ийн тухай сар, толь хоёр ямар нэгэн сэжмээр холбоотой бас эдгээр зүйлс ид шидтэй гэдэгт итгэсэн, амьтны хүрээлэнд тааралдсан залуу Эдогавад өөрт нь ярьж буйгаар бичигдсэн байна.

Эл туурь “Шинэ зохиолынхоо санааг олохын тулд би ямар ч зорилгогүй, гудамжаар дэмий тэнэдэг юм” гэж эхэлдэг. Үнэхээр Эдогава хэний ч санаанд оромгүй зүйлүүдийг бодож олохын тулд Токиогийн хамгийн үймээн самуунт эсвэл чимээ аниргүй мухар, харанхуй гудамж, хонгилуудаар тодорхойлсон зорилгогүй тэнэдэг байсан болов уу гэж бодогддог билээ.

Ингээд зохиолд өгүүлснээр зохиогчид маань хачин жигтэй нэгэн залуу сармагчны тухай ярина. Тэд бүгдийг элэглэн дуурайдаг нь маш аймшигтай гэдгийг хэлж хамгийн анхны түүхийг өгүүлнэ. Энэ нь аянчны түүх юм. Ууланд аварга том бичтэй таараад аянчин залуу санамсаргүйгээр сэлмээ алдах боловч хөл дороос мөчир авч жинхэнэ илд шигээр түүнийг эргүүлж, янз бүр болгоход би ч дуурайдаг. Эцэст нь залуу мөчрөө хоолой дээрээ тавин хэрчиж буй дүр үзүүлтэл бич ч мөн дуурайгаад хоолойгоо хэрчих нь тэр. Хамгийн эхний аймшигт түүх энэ боловч детектив зохиолчийн хувьд энэ нь жаахан хүүхэд ч айлгаж чадахааргүй яриа байсан нь ойлгомжтой. Гэвч жинхэнэ түүх ингэж эхэлдэг.

“…Хоёр адилхан аварга чулуун хана эгнэсэн байшингуудын хоорондох нарийхан бяцхан гудамжийг төсөөлөөд үз л дээ. Хотожсон иргэншлийн хавцал мөн байгаа биз дээ… Байгаль дахь уулын хавцлаас илүү аймшигтай. Хавцлын ёроол дахь нүцгэн бетон хананууд уулын хад чулуунуус илүү үхмэл амьгүй. Хөрст дэлхий огт байхгүй, нэг ч цэцэг навч үгүй. Нүдэнд торох юм огт байхгүй. Жилийн аль ч улиралд ийм л байна. Аварга том саарал чулууг сүхээр цавчаад гуу гаргачихсан адил. Гудамжнаас дээш харвал тэнгэр тэртээ дээр нарийхан тууз шиг л үзэгдэнэ. Тэр зайгаар нар сар хоёр ялихгүй шургаад л өнгөрдөг юм.” Яг л ийн уншиж эхлэх үед аймшигтай хар дарсан зүүдний ертөнцөд хөл тавих шиг санагддаг. Энэ л гудманд, барилгын хойд жигүүрт ахархан хугацаанд гурван хүн яг нэг ижил байдлаар амиа хорлосон хэрэг гардаг.

Тэр хүмүүс сарны тусгалд өөрсдийнхөө боож үхсэн дүрийг олж хараад л ийм зүйл үйлджээ. Гэтэл доктор Мэра гэх нууцлаг амьдралтай эмч хүн энэ бүхнийг сарны гэрэл ашиглан үйлдсэнийг өгүүлэгч маань өөрөө олж тогтоосноо ярина. Доктор Мэра эсрэг талын байшинг хөлслөгчтэй яг адилхан хувцас авч, араг ясанд өмсүүлээд тэргэл сар гарсан орой цахилгааны хөндлөвч модноос дүүжилж орхидог байжээ. Хүмүүс яалт ч үгүй өөрийнхөө үхсэн дүрийг толинд туссан мэт үзэж амиа хорлоод буйг залуу олж мэддэг. Ингээд Мэраг өөрийнх нь урхинд оруулна. Хүнтэй адил хэмжээтэй манекэн хүүхэлдэйг доктортой адил хувцаслаад л өөрийнх нь бусдын үхэхийг харж таашаал авдаг байсан муу ёрын урхинд нь оруулаад хавцлаас хүүхэлдэйгээ түлхчихнэ. Доктор ч бас үхнэ.

Этгээд хачин түүх ч гэлээ бичлэгийн өнгө аяс нь үнэхээр жигтэй. Эхлэлд дүрслэгдсэн хавцал, зайгаар нь нар, сар шургаад л өнгөрдөг орон зайн нэгээхэн агшинд бидний төсөөлж ч амжаагүй нууцууд нам гүмхэн сууж буйг Рампо сэрээж бидэнд дуулгасан юм. Тэгээд бас зохиолч маань энэ бүхний нууцыг бүгдийг нь уншигчдад хэлж өгдөггүй зуршилтай. Заримдаа дүүрэн, дүүрэн аймшигтай асуултуудаар булж орхичихоод алга болчихно. “Зурагтай аялагч” бол бөөн, бөөн шавьжны юм уу хэрээнийх шиг тас хар өнгөтэй асуултуудыг уншигчдад үлдээдэг. Эл туурийг товчхон сийрүүлэх нь зөв биз.

Бүүдгэр гэрэлтэй вагонд суусан залуу, үл таних эр, вагоны цонх руу цааш харуулан тавьсан зураг сэлтийг сониучирхан харж явна. Гэтэл өнөөх хүн түүнд ойртон ирээд зургийг үзүүлж, итгэмээргүй түүх өгүүлдэг. Зураг дээр хөгшин өвгөн, гоо сайхан бүсгүй байх ажгуу. Өнөөх зурагтай аялагч өвгөнийг зааж тэр миний ах хэмээгээд бүх зүйл Асакуса цэцэрлэгт барьсан цамхаг, дуран хоёроос үүдсэн болохыг хэлдэг.

Ах нь цамхаг дээр гарч Токиогийн сайхныг биширдэг байсан бөгөөд нэгэн өдөр дуран авч түүгээрээ хүмүүсийг дурандаж зогссоноос хойш хоол унднаас гарч, турж эцдэг. Харин дүү нь үүний учрыг олж мэднэ. Ах нь нэгэн бүсгүйд дурлажээ. Гэвч тэр нь бодит хүн бус зурсан зураг дээрх гоо бүсгүй байдаг. Гэтэл ах нь дүүгээ миний хэлсэн бүгдийг хий хэмээн даалгана. Тэгээд ийм явдал болжээ. “Дуранг нүдэндээ ойртуулан, эсрэг талаас нь шагайвал ах маань хагас метр хиртэй жижигхэн болчихсон харагдав. Гэвч би бүрэнхийн дунд түүнийг сайн ялган харж байлаа. Гэнэт ах минь гэдрэг алхсан ч юм уу жижгэрч эхэлснээ улам хурдан жижгэрч, намайг дурангаар харсаар байтал гоёмсог хүүхэлдэй болон хувираад шөнийн харанхуйд уусан алга болох нь тэр. Би айдаст автаж дурангаа хөсөр чулуудаад ийш тийш харан түүнийг эрж бархирч гарлаа.” Ингээд ах нь дурласан бүсгүйтэйгээ үүрд байх болж, нэг ёсондоо зурган дотор орчихсон гэсэн үг. Залуу одоо тэр хоёрын бал сарыг тэмдэглэн газар үзүүлж, сайхан нутгуудаар аялж яваа аж. Зурган дотор орсон ах нь хөгширч байвч, эмэгтэй нь гоо үзэсгэлэнтэй хэвээрээ байгааг өгүүлснээр зохиол төгсдөг.

Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг” зохиолыг санаж байгаа биз дээ. “Хүнийг оюун ухаантай гэж хэн хэлсэн юм бэ? Ямар яаруу дүгнэлт вэ?” гэсэн хачин жигтэй уулга алдалтуудаар намайг цоо хатгадаг эл зохиолд ч сайхан залуугийн тухай гардаг. Грейн хэдий сайхан залуу, түүний хөрөг өөрөөс нь хэд дахин илүү сайхан зурагдсан ч эцэст нь өтөнд идэгдэж, үзэшгүй муухайгаар өвгөрсөн хүний дүртэй болсон байдаг. Учир нь Грейн амьдрал дээр муу муухайг үргэлж үйлддэг байсан болохоор тэр. Тиймээс ч “Зурагтай аялагч”-тай төстэй өгүүлэмж энд байгаа нь ажиглагдах ч Оскар Уайлдын зохиол хүний мөн чанарын асуудалд хариулт өгөх гэсэн нь тодорхой харагддаг. Харин Рампогийнх тэс өөр. Чухам ямар тодорхойлолт, ямар хариултыг өгөх нь нэлээдгүй эргэлзээтэй. Дурангийн эсрэг талаар харах, шөнийн харанхуйд уусан шингэж зурган дотор амьд хүн ороод явчихаж буй эл өгүүлэмжийг хэрхэн тайлбарлах вэ? Зүгээр л аймшигтай хар дарсан зүүд гэхээс өөр бодол толгойд үл орж ирнэм… Нууцлаг шинжтэй, сэтгэл түгшээм асуудлуудыг хошин наргиан мэтээр хүлээн авч, жигтэйгээр шийддэг, айдас, хийрхэлээ буг чөтгөрийн гэмээр оюун сэтгэхүйдээ цаг ямагт цагдан хорьж дийлдэггүй түүний зохиолын дүрүүд нь ямар ч хийсвэрлэл үгүй дэндүү бодит сэтгэгдэл төрүүлдэг.
Хэзээ ч биелж боломгүй, хүнд баймгүй зан төрхийн илэрхийлэл, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрвэл үхлээс өөр сонголт байдаггүйг бидэнд нээж өгсөн түүний хамгийн алдартай тууриудын нэг “Толин там”-ыг бичих зүйлийнхээ хамгийн сүүлчийн жишээ болгон авч үзье.

Зохиомж нь нэг ёсондоо “Улаан тасалгаа”-тайгаа тун адилхан. Хэсэг залуус нийлж аймшгийн түүх ярина. Хари К гэх залуу өөрийн дотны анд Танумагийн ад зэтгэрээс л олж авсан баймаар дур сонирхол, харамсалтайгаар хэрхэн амь насаа алдсан тухай өгүүлдэг. Танума бол баян айлын хүүхэд. Тэр шилэн эдлэл, дуранд маш их дуртай, бүр эмэгтэй хүнээс ч илүү толинд тачаадан дурладаг нэгэн. Гэвч эцэст нь энэ сонирхол нь Танумаг улаан гараараа багалзуурдаж орхидог юм. Тэр хөндлөнгийн хүнд галзуу солиотой мэтээр харагдах олон үйлдлүүдийнхээ дараа өөрийн бодож олсон ганцхан хүн багтах зайтай, ямар ч өөгүй, тув тунгалаг шилэн бөмбөлөг бүтээж түүн дотроо орчихоод гарч чаддаггүй. К найзыгаа аврахын тулд зарц нартай нь нийлэн өнөөх толин тамыг эвдэж найзыгаа гаргаж авах боловч Танумагийн ухаан санаа хэдийнэ солиорчээ.

“Тамунаг галзууруулсан тэр зүйл бол толинд туссан өөрийн тусгал байсан нь гарцаагүй. Харин ямархуу зүйл байсныг үнэхээр төсөөлж чадахгүй юм. Усан нүдтэй, цусан зүрхтэй хэн ч өмнө нь олж үзээгүй аймшигтай, эсвэл хачин зүйл байсан байх. Хязгааргүй эргэн тойронг бүрхсэн аварга чиний дүрс…” К хамгийн сүүлд ийн бодолд орно. Ерөөс хүн өөрийн нууцлаг талын бараан сүүдрүүдийг олж нээснээр юунд хүрч болох вэ гэдгийг Рампо сайтар тунгаасан болов уу? Үгүй бол өөрийн дүрснээс өөр аймшигтай зүйлс энэ хорвоод үнэхээр байдаггүй юм гэж үү?

Ямартай ч Рампо бидэнд хамгийн гайхмаар ертөнцийг бэлэглэж, санаанд оромгүй сэтгэлзүйн өөрчлөлтүүд, өөрсдийн оюун ухаанд орших бүхий л элементүүдийг хордуулж өөрийгөө сүйтгэгчдийн дур хүслийн хэмжээ хязгааргүйн талаар олон асуултыг тавьж үүндээ өөрөө хариулчихаад буй. Нөгөөтэйгүүр ид шид, цусан дарс хольсон дотоод ертөнцийн зөрчлийг бодит ахуйн муу зүгийн бүхэнтэй хольж, сайтар найруулсан тууриудаараа жинхэнэ садомазохиост оньсон тоглоомыг бүтээсэн билээ. Уншигч бүрийн оюун ухаанд эл аймшигт тоглоомын оньсийг тайлах түлхүүр бий. Бурхан, чөтгөр, сахиусан тэнгэрүүдийн алинд нь ч дөтлөн хүрч чадахгүй доромж байдал, айдсын хязгаараа даван туулахыг хүсвэл түлхүүрээ бариад, оньсыг тайлахын тулд Рампогийн толин тамаар аялах хэрэгтэй. Магадгүй Рампогийн зохиолуудаас ч илүү таныг зовоон тарчилгах үйлдэл ч байж мэдэх юм шүү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.