НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

До.Цэнджав: Ичнэ гэдэг чинь гоё юм байдаг юм байна, ичнэ гэдэг ёс зүй юм байна, одоо ичихээ больж

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
9 өдрийн өмнө /2019-07-10 13:56:11 GMT +8 / | 2197 удаа уншсан

 

Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч, нийтлэлч Долгорын Цэнджав энэ удаагийн “Open door” сонины “VIPerson” булангийн зочноор уригдлаа. Д.Цэнджав нь эрдэмтэн хүн юм. МУИС-ийн доктор, профессор хүн юм. Д.Цэнджав:“Өнөөдөр би бараг сүүлийнхээ поток лекцийг унших шиг боллоо” гээд инээгээд байх юм. “Та чинь юундаа ингэж баясдаг хэрэг вэ? Лекц уншихгүй боллоо гэж үү?” гэж асуухад “Эрх дураараа уран бүтээлээ хийх цагтай боллоо гэж л тэр дээ. 65 хүрлээ шүү дээ. Насан туршдаа хөдөлмөрийн буулганд явлаа. Одоо өөрийн үйлийн үртэй ажил уран зохиол руугаа сэтгэл шулуудлаа” гээд нүд нь очтон баярлан хэлэв. Ингээд харьцангуй “эрх чөлөөгөө” олсон нутгийн ах, уран зохиолын садантайгаа ярилцлаа. Тэрбээр том зохиолч хүн. Монголын зохиолчдын байгууллагын тэргүүн хүн. 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. 1978 онд УБДС, 1991 онд ОХУ-ын Москва хотод улс төрийн дээд сургууль дүүргэсэн. АНУ-д хоорондоо завсартайгаар хоёр жил орчим амьдарч байсан нэгэн. “Чонын алтан шагай”, “Цагаагчин гахай жил”, “Өрлөг жанжин”, “Цэвдэг жаран”, “Од чиний дэргэ  байгаа” “Тал сар”, “Тэнгэрт хальсан тоос”, “Эрдэнэ жононван Ширнэндамдин зэрэг” томоохон хэмжээний хүүрнэл зохиолууд нь уншигчдын эрэл сурал болсоор байдаг билээ.Тэрбээр шүүмж судлалын олон бүтээл тууривасан билээ.

 

-Энэ жил Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиолоо. Та энэ байгууллөгын тэргүүний хувьд уг байгууллагын өнөөгийн байдлын талаар ярихгүй юу?

-Үе үеийн зохиолчид “Миний өргөө гэр”, “Миний ордон”, “Миний хоёр дахь гэр” гэж олон янзаар энэ байгууллагаа тодорхойлсон байдаг. Дурдатгал, дурсамжийн баримт бичиг, зохиол бүтээлээс харагдана л даа. Төрийн том шагнал авсныхаа дараа Зохиолчдын хороогоороо орж мөргөөд, хаалга үүднээс нь адис аваад явдаг уламжлалтай юм билээ. Ийм л хүндтэй газар. Хамгийн сүүлийн баримт гэвэл Пунцагийн Бадарч гуай  цагаан сарын өмнөхөн төрийн шагнал аваад “Заавал өнөөх  Нацагдорж, Ринчен, Дамдинсүрэн гуайнхаа өргөөгөөрөө ороод гарнаа” гээд зүтгэлцсээр байгаа ирсэн. Тэр том зохиолчийг ийш тийш нь авч явах гээд, бүр төрсөн нутаг газрын хүмүүс арав хорин талаас нь зүүгдэж байгаа шүү дээ. Зохиолчдын байгууллага маань нэг цаанаа  өнгө зүс алдаж байсан үе бий. Монгол түмний бахархал болсон Б. Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын цугладаг байсан газар л даа. Тэр томчуул тэнд цугларч бие биенээ егөөднө, хошигноно, цэнэглэнэ. Хоорондоо зөвлөлдөнө. Тэр дундаас зохиолынхоо санааг олно. Зохиолоо баяжуулна. Зарим даа зохиолчид “Зэлтэрийн гацаа” гэдэг шиг хаашаа ч үгүй болчихоод аврал эрнэ. Манай С.Дашдооров гуай бусдын зохиолыг гацаанаас нь гаргадгаараа онцгой  хүн байсан гэдэг. Энэ чинь өгөөмөр сайхан сэтгэл, их утгазохиолын төлөө, нөхрийн төлөө  буян үйлдэж байгаа хэрэг. Замд төөрсөн хүнийг газарчилдаг аврагч л гэсэн үг. Шуугиантай, дуулиантай,  уран санааг адтай олж, өөрсдийгөө хөөргөддөг, хөгжүүлдэг газар байж. 1990-ээд оноос хойш байдал өөрчлөгдсөн байна. Үе үеийнхний зааг ялгаа гарсан нь маргашгүй үнэ. Ахмад нь залуусаа тоохгүй, залуус нь ахмадаа хүндэлхгүй болчихсон гунигт түүх бий.  Социалист реалистууд, хоцрогдсон арга стилээр бичдэг гэдэгт нь ахмадууд нь гоморхсон байдалтай. Ийм ан цав гарснаас ахмадууд нь хороогоороо үзэгдэх нь ч ховордож. Ингэж гандуу гундуу явсан үе бий. Нуугаад яах вэ. Ийм нөхцөлд өмнөх дарга нар маань чадах ядах чинээгээрээ ажлаа залгуулаад  арга эвийг олох гээд зүдэрч явсан.  Тэднийгээ муулахгүй ээ. Нөхцөл байдал тийм байдалд хүргэсэн. Энэ өнгөрсөн 30 жилд Дэлхийн утга зохиолд ямар л жанр, төрөл, сэтгэхүй, эрэл хайгуул байна бүгдийг нь үзлээ. Утга зохиолын онолд алдсан оносон юм бий. Монгол утга зохиолын үзэл санаагаа гэхээс гадаадын элдэв урсгал руу, зарим нь бүр хоцрогдоод аль эрт хөгширчихсөн урсгал руу толгойгоо шургуулаад авсан. Явцгүй болсон. Яруу найраг шүлгийг хүмүүс байтугай өөрсдөө ч ойлгохгүй болсон. Постмодернизм, модернизм, бүр сүүлдээ метамодернизм гээд явж өгсөн. Энэ ч яах вэ зүйрлэвэл рок, хард рок, металл рок гэдэг шиг л эд. 
 

-Модернизм гэдэг чинь хуучныхаа арга барилаас ангижирч шинэ юм эрэлхийсэн абстракт, авангард чиглэлийн урсгал л юм аа даа. Нэг сүрхий даваалгаалан ил гарч, нөгөө үед бүр мөсөн алга болдог үзэгдэл. Зохиолыг заавал онолд баригдаж хийхгүй ээ. Онол саарал, амьдралын мөчир ногоон гэдэг биз дээ. 

-Тийм л юм даа. Тиймээс миний хэлээд байгаа үеийн ан цав гэдэг чинь гарсан гэдэг чинь. Абстракт  гэдэг чинь байгаа бодит ертөнцтэй шууд ижилсэл байхгүй хийсвэрлэхийг хэлж байна. Авангард нь өөрчлөн хошуучлах, магнайлах гэсэн утга.
 

-Түрэмгийлэх гэдэг ч юм уу?

-Нөхцөл байдлаасаа хамаарна байх л даа. Энд шинэчлэлд оносон юм байдаг байх.  Ямар онол урсгалыг  ад үзэж болохгүй ч ухаажих хэрэгтэй. Оноогүй юм болгон осолддог. Ийм л маягаар бичих ёстой юм байна гээд баахан бие биеэ дуурайж бичсэн. 1960-аад оныхон Б.Явуухуланг дуурайх гэж оролдсон ч түүний хэмжээнд хүрсэн нь бараг үгүй. Гэхдээ шүлэг бол цагаан толгойн үсгийн холбоос биш, гүн дотоод ертөнц, хөдөлгөөн, утга уянга, гүн ухаан гэдгийг ойлгосон. Ер нь сайн яруу найрагч, зохиолч гэдэг бол бусдыгаа ухааруулагч багш нар юм шүү дээ. Сэхээрүүлэгч, сэхээрээд ч зохиолд нь сэхээрэл ажиглагддаг хүмүүс бий.  Бавуугийн Лхагвасүрэн 1980-аад онд учир шалтгааны ойлголтуудыг хооронд нь зөрчилдүүлээд, үгийг үг хооронд нь, утгыг утга хооронд нь зөрчилдүүлж эртний уран зохиолд  оршдог “зохист аялгууны онолд”  чимээгүй оршдог “гүтгэх арга барил” гэгчийг ашигласнаараа нээлт хийсэн.  Байшгүй зүйлийг байгаа мэт бичиж утга зохиолд бас нэг орон зай гаргасан шүү дээ. “Од хагарна”, “Тал цуурна”, “ховоо дагжина” ч гэдэг юм уу.  Ингэсний дараа Лхагвасүрэнг маш их дуурайцгаасан шүү дээ. Тэр бол Лхагвасүрэнгийн л нээсэн, олсон, эрэлхийлсэн юм байснаасаа бүгдээрээ хошуур гэсэн үг биш шүү дээ. Нэг шог зураг гарсан байсан даа. Баахан Лхагвасүрэн яруу найрагч шиг сэгсгэр урт үс халимагтай  хүмүүсийг зураад: “Аль нь Лхагвасүрэн бэ?” гэж. Энэ бол сүрхий егөөдөл. Тиймээс уран зохиол нэгнээ дуурайж харанхуй хошуурах юм бол мухардалд орно. Харин зам дээрх үхэр шиг “тэнэгтэн” зөрж өөрийг харах ёстой.  Ер нь сайн тэнэглэл, сайхан тэнэглэл нээлт авчирдаг, өөрийгөө өөрөөр нь үлдээдэг. Ухаалаг тэнэглэл гэж бий шүү, энэ даяны уран зохиолд... Манайхан шинэ юмыг дуурайдаг явдал бий. Уран зохиолч гэдэг өөрийнхөөрөө байхыг л хэлж байгаа юм л даа, уг нь. Одоо “хумсаа авмаар байна” гэдэг шүлэг бичээд жинхэнэ муу муухайгаасаа салах гэсэн агуу санаа гэх. Бүр бүдүүлгийн цаад бүдүүлэг “Монгол ходоод” гэдэг шүлэг бичээд жинхэнэ уламжлалт шүлэг  гэх.  Ингээд нэрлээд байвал ололтын цаана оюун санааны дампуурал бага бус бий гэдгийг шударгаар хэлэх ёстой. Ийм завхарсан юм бичих дээрээ хүрч болох уу. Модернизм бол мэдэрхүйгээр хүлээж авдаг тархи сэтгэхүйтэй,   толгойтой зуурлалддаг оюун ухааны үзэгдэл л дээ. Бараг энгийн сэтгэлгээт хүний хийх ажил биш, гажууд, оюун ухамсрын сүйтгэл тархи толгойд нь илэрч гарсан хүмүүсийн зөрөөд гаж үзэгдэл гэхэд болно.  Уламжлалт  гэдэг юмуу монгол яруу найгийн хүмүүс зүрх сэтгэлээр хүлээж авдаг. Сэтгэлийн дотуурх амирлангуй урсгал, тайшрал, амттай таашаал, гоозүйн мэдрэмж. Модернизмаас гоозүй нэхэх аргагүй, нэхээд ч хэрэггүй. Дэг журимыг бол бүр шаардах ч аргагүй хаослог зүйл. 
 

-Дэлхийн сонгодгуудын ихэнх нь эргээд өнөө л реализм, романтизм руугаа нүүж ирсэн байдаг. Ядаж л холимог юм шиг. Би буруу яриад байна уу? Бальзак, Чехов, Достоевский гээд реалистууд.

-Тийм, тийм. Стендаль, Мопассан, Марк Твен, Диккенс, Гюстав Флобер, Ж.Лондон. Бидний эртнээс мэддэг оросын Пушкин, Толстойгоос Шолохов, Шукшин хүртэл. Тэгээд наашаа явна. Романтизм нь Германд анх үүссэн. Гейне, Виктор Гюго, Жорж Санд, Александр Дюма, Эдгар По, Лермонтов, Тютчев гээд чи бидний мэддэг хэд орно шүү дээ. Нэрлээд байвал барагдахгүй. Манай Монголын хэдэн мундаг ч гол төлөв реалистууд шүү дээ. Ч.Лодойдамба, Д.Намдаг, С.Эрдэнэ, Л.Түдэв, С.Дашдооров... гээд явж өгнө. Гэхдээ реализмын түүхэнд социалист гэсэн тодотгол, коммунист үзэл суртлын онолд зориуд тулган хүлээлгэсэн гажиг үзэгдэл. Үүний сайн мууг та бид сайн мэдэж байгаагаас хойш нуршаад яах вэ. Залхтал ярьсан, зүхсэн. Ингэсэн юм эргээд ч зөвддөг тал ч бий. Утга зохиолын хөдөлгөөн бол нийгмийн эрс өөрчлөлт, хувьсгалтай  их холбоотой юм байна. “Намайг нэг хоёр хүн ойлгоход л хангалттай” гэсэн агуу ихийн өвчиндөө тултал яваад тэгээд аандаа залхдаг юм шиг байгаа юм.  Нэг хоёрхон хүний таашаалыг хүлээдэг уран зохиолоор ер нь яах юм бэ? 
 

-Хаос чинь гармони-д орж байж аливаа юм зөв төлөвөө олно биз дээ? Жам ёсоороо бол.

-Тэгнэ шүү дээ. Хүн төрөлхтөн эцэстээ эмх цэгцийг бий болгох, хүн гэдгээ нотлох гээд л элдэв изм гаргаж ирсэн шүү дээ. Эцэстээ байгаа байдлаа үнэн бодитойгоор, зөрчил тэмцэлтэй нь гаргаж ирдэг реализм, романтизм бол суурь үндэслэл нь их юм. Үүний эхийг 3000 жилийн өмнө Аристотел үндэслэж гаргасан гэж болно.  Дууриалалт дүрслэл, чанарыг шүтэж гаргаж ирсэн бараг  натуралис чиглэлийн ухаан. Байгаа юмыг тэр чигээр нь хүлээж авах, түүнээ бичиглэх хэлбэр юм л даа. Э.Золя, Бунин, Теодор Драйзер, Жон Стейнбек гээд орно. Хэтэрхий нийгмийнхээ, хүний мөн чанарыг хайр найргүй харуулж ирсэн. Нүцгэн үнэн гэдэг шиг. Байгааг нь байгаагаар туугаад л гөвнө. За Аристотелийн эсрэг Платон нь оюун санааны эрэл хайгуул. Элсэн дээр дүрс зураад түүнээ арчихад тархинд тэр үлдэнэ гэдэг ч юм уу. Голын эрэг дээр байгаа мод бол утга зохиолын хэрэглэгдхүүн биш ээ. Харин модны дүрс усан дээр туссан нь утга зохиол шүү дээ гэхчилэн маргалдсаар энэ хоёр багш шавь байгаад эцэстээ эвлэршгүй дайсан болсон. Аманд орсон алим нь жинхэнэ алим гэж байхад, үгүй ээ  алимны тухай бодоод шүлс нь гоожвол тэр чинь харин жинхэнэ алим гэх. Аристотелийг газар луу заачихсан Платоны тэнгэр лүү заачихсан зургийг та хараа биз дээ. Иймл юм. Миний бодлоор бол,  ингээд энэ санаа яван явсаар байгаад  идеализм, материализм хоёр чинь өнөөг хүртэл хүн төрөлхтний гүн ухааны хэрүүлийн алим болоод явж байна шүү дээ. Утга зохиол бол өчнөөн төчнөөн арга хэлбэрийг ашигладаг. Иймээс өөрийн арга, стилээр бичих нь чухал. Тэгж бичиж байвал бусдын нөлөөнд автаагүй зохиолч гэсэн үг. Өөрийн уншигчтай байж тэр нь хүлээн зөвшөөрч байвал өөрийн чинь уран зохиол байна л гэсэн үг.
 

-Манай утга зохиолын зарим нөхөд: “Монголын уран зохиол дэлхийн хэмжээнд байгаа. Яруу найргаараа бол бүр дэлхийгээс түрүүлсэн” гээд хүртэл ярих юм. Энэ аль зэрэг бодитой вэ? Номын дэлгүүрт орохоор нэг жаахан мухлаг шиг хэсэгт л Монголын уран зохиол гээд байх юм. Бусад нэлийсэн хэсэг нь гадаад уран зохиол, орчуулсан бүтээл байх юм. Бестселлер буюу гүйлгээтэй ном гэдэгт нь гадаад номууд зонхилж байх жишээтэй.

-Дэлхийн утга зохиол бол дэлхийн хэмжээндээ танигджээ. Дэлхийн утга зохиолд орохын тулд” Дэлхийн утга зохиолын нэвтэрхий тольд” ядаж орох ёстой юм билээ. Би АНУ-д байхдаа уран зохиолын нэвтэрхий толь үзэж байсан. Хөөрхий, Монгол уран зохиолын талаар ганц дээр үеийн нэг жаахан домгийг тайлбарласан  монголч эрдэмтэн Кливиз гэдэг хүний юмыг оруулсан байсан. Ардын аман зохиол төлөөлсөн маягтай. Дэлхийн номын сангуудад орчуулагдан очих ёстой. Тэр зохиол бүтээлийнх нь талаар  дэлхийн хэмжээний онолчид, шүүмжлэгчид, эрдэмтдийн баахан шуугиулсан судлал тасралтгүй гарч байх ёстой. Саруул-Эрдэнэ мэтийн шалгарсан залуу эрдэмтдийн буян зүтгэлээр АНУ-гийн Конгрессийн номын санд манай  ном зохиол зөндөө очдог болсон байна билээ. Гэхдээ үүнийг орчуулж олон нийтийн хүртээл болгон таниулах нь чухал. Монгол судлаач нарыг дэмжих ёстой. Манайд бол ялангуяа шүлэг яруу найраг талдаа бол гадаад орноос нэг их дутаад байхгүй гэж боддог. Монгол хүн  болгон  барилддаг шиг наад захын монгол хүн толгой холбон шүлэглэж чадна. Цаг хувьсавч, өөрийн байран дээрээ байгаа жинхэнэ яруу найрагч бол Бэгзийн Явуухулан байна. Өрнө дорнын яруу найргийн ур чадварыг  зэрэг эзэмшсэн. Одоо болтол өнгө нь алдаагүй. Гэхдээ л энэ хүнээ бид дэлхийн хэмжээнд гаргаж ирж чадаагүй. Дэлхийн цуутнуудын дунд яригдах хэмжээнд хүргээгүй.
 

-Бид л Дорнын их яруу найрагч гэж хоорондоо ярьж байгаа болохоос өнөө Өрнө, Дорно нь тэгж шуугиад байгаа юм алга л даа.

-Зөвлөлтийн зохиолч А.Софронов (1911-1990) том зохиолч, яруу найрагч хүн байсан. “Огонёк” гээд ЗХУ-д маш нөлөөтэй сэтгүүлийн ерөнхий эрхлэгч байсан. ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар. Төрийн хоёр удаагийн шагналт хүн. Тэр хүн Явуухулан гуайг нас барахад  “Явуухулан бол ганц Монголынх биш, дорнын яруу найргийн үзэгдэл юм” гэсэн утга бүхий үнэлгээг өгсөн. Энэ ганцхан өгүүлбэр манайхыг орост болоод олон газар их өргөсөн дөө. Одоо ингээд яс хэлчих монголч эрлэмтэн алга. Яг утгачилбал “феномен” гэж тодорхойлсон.
 

-Анатолий Софронов шилмэл шүлгийн түүврийг 1980-аад оны эхээр Бэгзийн Явуухулан зохиолч их сайхан орчуулж хэвлүүлсэн санагдана. Софронов хөгжмийн зохиолч С.Кацтай 1942 онд хийсэн "Шумел сурово Брянский лес" гэдэг Эх орны дайны үеийн дуу нь маш алдартай. К.Симоновын “Жди меня” шиг алдаршсан. Энэ дуу ялалтанд цэргүүдийг зоригжуулсан дууны нэг гэж үздэг юм билээ. Уран зохиол ийм хүчтэй. Уран зохиолыг манай удирдагчид, нийгэм нэг л ашиглахгүй байна. Худал, үнэн амлалтаа хангалттай гэж үздэг бололтой. (инээлдэв.)

-Уран зохиолд төрөөс авч байгаа арга хэмжээг ярина. Ер нь яруу найргийг өөр ард түмэнд хүргэх маш хэцүү юм байна. Д.Урианхай харин Азийн тэргүүн яруу найрагч болчихлоо. Энэ бол маш том алхам. Азийн том орнууд болох Энэтхэг, Хятад, Солонгос, Япон гайгүй хүлээж авч байна. Ийм цол хэргэмтэй дөрөвхөн хүнийг сонгож авсан гэв үү. Реализм, модернизмын дундуур нэг орон зай байна. Энийг Урианхай нилээн ухаарчихсан хүн юм байна. Сэтгэлгээ, реализм модернизмынын хослол гэж үзээд байгаа. Хэт хээнцэрлэх, хэт хийсвэрлэхийн дундуур явбал өөр ард түмэнд хүрэх нь дөт юм шиг. Энэ хонгилыг эзлэх. Дан модернизмоор хол явахгүй нь ээ гэдгийг өнгөрсөн 30-аад жил харуулчихлаа. Уншигч ховор байна. Би Зохиолчдын байгууллагыг толгойлоод “Хүн гэмээ мэдэхгүй, Тэмээ гэдгэрээ мэдэхгүй” гэгчийн үлгэрээр яруу найрагч бүр агуу их болохыг л харлаа. Наян настай өвгөн ч над шиг суутан байхгүй гэж байх жишээтэй. Залуучууд ч тэр.
 

-Агуу ихийн өвчин гэж байдаг гэсэн...

-Тэр нь бол бүр тэнэгрэлийн өвчин болох нь ч байна. Би уран зохиолтой холбогдоод 40 гаруй жил оймс элээж байна. Бас ч гэж ямар нь сайн мууг мэдрэлгүй яах вэ дээ, эрхбиш. “Сайн мууг ялгаж чаддаг хүнийг ухаантан гэнэ” гэж Сократ хэлсэн, одоо сайн муу  гэдэг нь нэг их лаг шавар шавхай  дотор эргэлдэж байна.  
 

-Та романч хүн. Орчин үеийн роман маань ямар байдалтай байна. Түүхэн романууд борооны дараахь мөөг шиг бий болж байна. Орчин цагаа тусгаж байгаа нь ховор байна. Жон Гришэм, В. Пелевин, Мураками мэт бол одоо цагаа бичиж байна шүү дээ.

-“Зохиолч томроод ирэхээрээ түүхэн роман бичдэг” гэсэн яриа бий. (инээв.) Яг нарийндаа түүхэн бахархал маань хаалттай байсан учраас гэнэт тавигдаад ирсэн орон зайг бөглөх гээд хошуурч байна. Одоо Чингис хааны тухай бичээд бичээд нэмэр байхгүй. Дэлхий даяар дүүрэн бичлээ. Арга ядаад эр нөхөр нь аян дайнд явахаар Бөртэ үжин хатдуудтайгаа нийлж лесби маягийн юм хийж байсан гэж хүртэл бичлээ. Ийм заваан юм. Тэр үеийн Монгол эмэгтэй тийм байх уу? Морь унасан эмэгтэй хүний дээлийн хормой жаахан хийсэхэд л үхтлээ ичдэг байсан шүү дээ. Ичнэ гэдэг чинь гоё юм байдаг юм байна. Ичнэ гэдэг ёс зүй юм байна. Одоо ичихээ больж. Манай хамгийн үлгэр жишээ болох ёстой өвөгчүүл хүртэл маш муухай эвдэрч байна. Балмад балмад зан авир гаргаж байна. Дээр үеийн өвөгчүүл чинь ямар уул шиг байсан юм. Тэднээс би үхтэлээ эмээдэг байсан. Хүндэлдэг байсан. Өнөө цагийг бичих амар шүү дээ. Шар хэвлэл, Солонгос кино үзэж байгаад биччихнэ шүү дээ. Тэд орон зайг нь бөглөөд байна. Авлигач байна уу? дампуурал байна уу? Ёс зүй нь ямар байна?

-Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн “Ард түмний зарц” бол манай амьдралын толь байна лээ шүү дээ.

-Яг. Аав Александр Зеленский чинь манай Эрдэнэтэд 20 жил ажилласан хүн байна билээ шүү дээ. Ерөнхийлөгч Зеленский чинь энд сургуульд хүртэл сурч байсан юм билээ. Монголд дөрвөн жил амьдарсан. Тэгээд кинонд тоглосон нь Ерөнхийлөгч болоход маш их нөлөөлсөн. Урлаг, утга зохиол гэдэг ямар хүчтэйг харуулж байна.

-Уран зохиол бол нийгмийн эерэг ба сөрөг цэнэгт маш их үүрэгтэй. Өнөөдөр манайд уншигчид байхгүй болсон. Уран зохиолын номыг бол доод тал нь 3000 дээд тал нь 50000-60000 хэвлэдэг байлаа. Тэр үед Монголын ард түмэн хоёр сая хүрэхтэй үгүйтэй байсан. АНУ,ОХУ, Герман гээд улсуудад сэхээтэн гэлтгүй иргэдийн хувьд ном гэдэг талхны дараа орох хэрэглээ хэвээр байх шиг. Нэг романыг 1000, 2000 ширхэг л хэвлэж байгаа биз дээ.

-Сайндаа л 3000 л хэвлэнэ дээ.

-Уран зохиолгүй ард түмэн чинь хоосордог юм биш үү? Элий балай үйлдэл нь дээр доргүй газар аваад. Академич, хуульч С.Нарангэрэл гуай, Монголын ард түмэн хамгийн жудаггүй болсон гэв үү, болж байгаа ард түмэн гээд хэлчихэв шүү дээ.

-1900 оны эхэн үед манайхаар явсан Герман, Голланд, Орос, Дани гээд маш олон жуулчдын ном тэмдэглэлийг уншихад Монгол хүний унаган зан төрхийг хэлсэн байдаг. Харахад энгийн, гэнэн мөртлөө цаанаа ямар агуу сэтгэлтэй ард түмэн бэ гэж гайхширсан байдаг юм. Бид цаад ухааныг нь гүйцэхгүй гэж. Зочломтгой, шуналгүй, философлог амьдардаг. Тэмээн жингээр явж байгаад алтан зоосоо цувруулан гээсэн байна л даа. Нэг гадаад судлаач жуулчин. Тэгээд хойноос нь ирсэн монгол хүнээс, -Бид алтаа хаячихлаа. Та үзэж хараагүй биз? гэсэн чинь өнөө Монгол эр, -Замын хажуугаар зөндөөн цувруулж хаячихсан гялалзсан алтан юмнууд  гялалзаад харагдаад байж байна лээ шүү дээ гэж хэлсэн гэж байгаа. Хүний хаясан юмыг авах нь бүү хэл хүний гээсэн юманд гар хүрэхгүй байна шүү дээ.

-Одоо ч өндөр ёс суртахуунтай орнуудад цүнх, түрүүвчээ гээчихэд байсан газраа байж байдаг гэсэн. Эсвэл хариуцлагатай газар нь өгдөг ч юм уу... Тэр ёс суртахууныг Монголчууд 100 жилийн өмнө эзэмшсэн байжээ дээ.

-Тийм л байж. Энэ бүх факт баримтыг цуглуулаад ном хийвэл мөн гайхалтай юм гарна. Баярсайхан гэдэг хүн ийм чиглэлийн сайхан ном Германаас орчуулж хийж байгаа юм билээ. Солонгос, Хятад, Америк, Герман, Орос, Франц гээд бүх соёл менталитетийн цуглуулга болчихоод Монгол хүний унаган төрх нь уусч эвдрээд байна шүү дээ. Юугаа ч мэдэхээ байлаа. Уг нь хөдөө бас ч гэж унаган төрх нь байдаг байсан. Одоо тэнд ч байхаа больсон. Улаан луйварчин наймаачид, шулаачид. Хаа л бол “Мөнгө цагаан нүд улаан” гэдэг болов оо. Айл болгонд нэг хоёр хүн гадаадынхантай суучихсан. Менталитетийн зөрчилд орчихсон. Например, тэдний нэг нь Та байна. (тохуурхан инээв.) Утга зохиолыг үгүй болгосон нэг том хүчин зүйл нь шар хэвлэл. Алаан талаан, секс порно, гаж үзэгдэл. Гэхдээ шинээр ном сонирхож эхэлж байна. Ном сонирхогчдын клуб гээд зуун мянган дагагчтай цахим хуудас байна.

-Энэ сэргэх хандлага чинь 2000-2010 оноос хойш байх. Түүний өмнөх 1990-ээс хойш тасархай хоосон орон зай бий.

-МУИС-ийн 150-160 оюутнуудад  лекц уншиж ирлээ. Ингээд ажиглаж байхад, 2000 оноос хойш төрсөн залуус бол эвдрээгүй, ухаалаг, энэрэнгүй, соёлтой, боловсролтой энэ эх орноо зөвөөр авч дэлхийд гаргах XXI зууны жинхэнэ аврагчид болох өнгө харагдаж байна. Тэдний өмнөх бол бүх муу юмтай хутгалдсан, зууралдсан, эвдэрсэн, зэрлэгшсэн, увайгүй. Хулгай хийнэ. Дээрэм хийнэ. Зэрлэг капитализмын үнэр бол зүгээр л мөнгө шүү дээ. Эцсийн үр дүн нь мөнгө учраас түүний төлөө юу ч хийхээс буцахгүй. Ямар ч ёс суртахуунаа гээхэд бэлэн хүмүүс. Кавбойтой киног л хар л даа. “Загламайлсан эцэг” болон тиймэрхүү киног хар л даа. 1990-ээд оны үед манайд ТВ-ээр гарч байсан шүү дээ. Энэ хортой алимыг тэр хүнд өгчих. Тэгвэл 10.000 төгрөг өгнө гэсэн шууд инээгээд авч явж байх жишээтэй.

-Романч хүний хувьд юу хийж байна?

-“Цэвдэг жаран” гэж хоёр жилийн өмнө роман гаргасан. Би хэлмэгдсэн хүн болгоныг, хэлмэгдсэн бут сөөг, газар шороо, ан амьтаны өрөвддөг. Энэ хандгай гээд тийм сайхан амьтныг яаж алж чадаж байна аа. Аргал янгир байна. Ер нь монголчууд эх байгалийнхаа дайсан нь болчихоод байна. Гадаад, дотоодгүй сүлбэлдсэн муусайн дайснууд төр засаг даран сөнөөх хэрэгтэй гэж уурсан боддог, хилэгнэдэг. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өөрөө мотоциклоо унаад хар тамхи татагсдыг шууд буудан устгаж хар тамхины намагт гүн шигдчихсэн филиппинчүүдийг аварч байна. Хятад шинэ удирдагч өөрийн дотнын хүнээ ч авлига авсан бол хайрлахгүй цаазалж байна. Үүнийг би өөхшүүлж байгаа юм биш, дээшээ жаахан сэрэмж өгмөөр тул хэлж байна.  

-Манай Дундговь чинь уул гүвээ давангуут цаана нь тарвага тал тал тийшээ паацагнаад гүйж явдаг байсан. Одоо тарвага нүдний гэм болсон.

-Харин тийм. Хэрэм гэж жаахан амьтныг хичнээнээр хядаж байна. Америкт бол хэрэм чинь хорхой шавьж шиг олон. Дээрээс уначих гээд байдаг.

-Хүний гараас печень амттан идээд байж байдаг юм билээ.

-Манай сургуулийн нэг сүрхий багш бий. ТВ-ийгээр яриад байдаг даа. Гэтэл түүний эгч нь 300 хэрэмний арьсаар дээлнүүд хийчихсэн хөдөөнөөс ирсэн гэнэ. Эгчтэйгээ бараг тангараг тасарсан гэсэн. Ямар муухай юм бэ. Ичихгүй ийм юм өмсөөд явж байдаг гээд. Өрөвдөх хайрлах юм алга.

-Яагаад тэр өрөвдөх хайрлах, ичих, нэрэлхэх зан чанарууд Монгол хүнээс зугтаагаад байна?

-Бидний аав, ээж хүүхэд биднийгээ ямар их хайрлаж байлаа. Гэтэл хүүхдүүдийг хүчирхийлж байна гээд өдөр бүр шахуу дуулдах юм. Грекийн домог шиг л юм болж байна шүү дээ. Нар луу харуулаад машинаа тавиад цонх нь хаалттай хүүхдээ цоожлоод явчихсан юмтай сая таарлаа. Өнөөх нь бүр хатчихаж. Арай гэж цагдаа хүн амьтан дуудлаа шүү дээ. Ямар анхааралгүй юм бэ? Америкт машиндаа цоожлуулаад хүүхэд нь үхсэн тохиолдол дуулдаж байсан. Ийм дуракууд байна шүү дээ. Бидний өвөг дээдэс бидэнд биеэрээ үлгэрлэж сургадаг байсан. Тэд маань бичиг номоор маруухан ч амьдралын ухаан гэж лут юмтай байлаа. Тэр нинжин сэтгэл, бусдыг дээдлэх ухаан. “Нэг хөгшин хүн нас барахад нэг номын сан шатсантай тэнцдэг” гэсэн үг байдаг шүү дээ. Хүн болгон тийм судар байж.

Монголын зохиолчдын толгой дээр алтан бороо шаагиж байсан үе бий

 

-Гоё үг байна.

-Тийм. Миний ээж бол гэгээн номын сан байсан шүү дээ. Миний анхны багш бол ээж. Юу ярьж байгаад энэ лүү орчихов? Хоёулаа?

-Хоёулаа биш л дээ. (инээлдэв.) Та романы тухай ярьж байгаад ийшээ орлоо. Гэхдээ сургамжтай, ухаалаг яриа болж байна гэж бодож байна.

-“Цэвдэг жаран” роман. 1930-аад онд баруунтан, зүүнтэн гэж хоорондоо хуваагдаад алалцаж байсан үе. Коминтернийхэн асаж байгаа гал дээр тос, давс асгаад л... Монголын 30 гаруй хүнийг устагсан шүү дээ. Чойбалсангаар Сталин, Ворошилов нар гар хөлөө хийгээд. Манай Ерөнхий сайд байсан Гэндэн чинь бас их гэнэн хүн байсан байна билээ. Би бодитой үнэнийг бичсэн. Маш нарийн судалсан. Зургаан жил судалж хоёр жил романыг бичдэг хүн байна уу?! Тэгвэл түүхэн роман. Энд худлаа юм байхгүй. Түүхчид ч мэддэггүй юм байна шүү дээ. Чойбалсан 1928-1929 онд Зөвлөлтөд очоод юу хийж байсан гэдгийг мэддэггүй түүхч байдаг юм билээ. КГБ-д элсэж, сурж, бэлтгэгдэж байсан юм билээ. Гэндэн манай лам нар гэж зэвсэгт хөдөлгөөн гаргасан хэцүү хүмүүс байна. Төр засгаасаа ламын засаг нь хүчтэй. Хүн болгон лам багштай. Нам засгийн тогтоолыг нэг үзэхгүй, сонсохгүй байна. Лам багш хаашаа нүүх, хаа буух, өвдвөл лам, хэнтэй гэрлэхээ хүртэл асуудаг гээд Сталинд ойлгуулсан байгаа юм. Тэгээд ойлгосон Сталин чинь “устга” л гэнэ биз дээ. Гурван маршалыг харуулсан жинхэнэ цэргийн эрдэмтэй маршал хүн чинь Дэмид жанжин байсан юм билээ. М.Тухачевский гэж Оросын мундаг маршал байсан. Дэмид тэр хоёр олон талаараа төстэй. Хувь заяаны зураг төөрөг нь ч маш төстэй. Тухачевский нарийн дээрээ Жуковоос илүү шүү дээ. Жуков бол бас тэр цэргийн эрдэм гарамгай гэдэг эргэлзээтэй шүү дээ. Намтар нь хэлээд өгнө. Гэндэн муйхар зоригтой хүн байсан юм билээ. Дипломат зориг байхгүй. Одоогийн Трамп ч ялгаа байхгүй нөхөр байна шүү дээ. Хойд Солонгосыг байхгүй болгоно л гэж байсан. Одоо Ираныг байхгүй болгоно гэж ярьж байна. Ингэж болдог юм уу?! За ингээд. Роман бичнэ гэдэг бол тамын ажил. Босон суун хийдэг ажил биш. Өдөрт 8-12 цаг сууж бичдэг хүний ажил. Би дөрөв найман мөртийг бол суудал дээрээ мэрийхгүй бичихэд “Болор цом”-нхны нэг хоёрын давааны хэмжээнд бичнэ. Роман бичихэд “төгсөв” гэдэг үгэнд л их дуртай болдог юм даа. (инээлдэв.) Одоо надад таван романы сэдэв байна. Түүхэн сэдвээр хангалттай бичлээ. Манайхан түүхэн роман бичихэд хэт уран сайхан, хийсвэрлэл оруулж байгаа нь буруу.

-Таны романаа бичдэг арга барилыг сонирховол…

-Би толгойдоо бичдэг гэх үү дээ. Төлөвлөгөө хийдэггүй. Харин схем зурдаг. Схем хийдэг. Хэн хэнтэй яаж холбогдох уу. Яаж зөрчилдөх үү? Хоорондын харилцаа гэх мэт. 800 хуудас “Цагаагчин гахай жил” роман төлөвлөгөө хийгээгүй гарсан. Жамбын Пүрэв (1921-1991) зохиолч тэр том том памбагар романаа бичихдээ төлөвлөдөг байсан гэдэг.

-“Аянга”, “Хөгжмийн эгшиг”, “Зүрхний хилэн”, “Манан будан” бас л их хөдөлмөр орсон зузаан романууд даа. Бас л үзэгдэл феномен болж байсан. 30 роман бичсэн хүн. Ийм хүн бас ховор шүү. Олон арван мянган ширхэгээр зохиол бүтээл нь уншигдаж байсан. Энэ дашрамд асуухад Монголын зохиолчдын байгууллагыг төрөөс хэрхэн дэмжиж байна. Цөөн хүн амтай, уншигч цөөнтэй оронд дэмжлэг зайлшгүй.

-Хүн амынх нь орлого бага, ядуу орны зовлон байна. Би сүүлийн 30 жил хатуухан хэлэхэд ядуусын дунд л амьдарлаа. Сэтгүүлчдийн байгууллага гэхэд мөнгө байхгүй зовлонтой. Х.Мандахбаяр бол зовж байгаа. Өөрөө овсгоотой хүүхэд учраас болгож байх шиг байна. Зохиолчид ялгаа алга. Энд ирээд бас л ядуугийн зовлонг үзэж байна. МУИС-д ирж байж би нэг овоо тогтвортой бүтэн цалинтай байж үзлээ. Бас гайгүй. Их сургуульд багшлаагүй бол би дуусна. Өдөр тутмын таван сонинд эрхлэгч, орлогч эрхлэгч хийж явлаа. Хоолойгоо боомоор болдог байлаа. Хүмүүстээ цалин тавьж чадахгүй. Нэг мундаг эхлэхэд хүмүүс тусална, дэмжинэ гээд цаашдаа больчихдог юм билээ. Та ч энэ зовлонг үзэж байгаа. Үр шим нь эхэндээ жаахан явна. Тэгээд тасарна.

-Үзнэ ээ. Монголчууд бид худлаа их амлана. Мах ч биш, булчирхай ч биш байдалд орших их дуртай болчихсон юм шиг. “За” ч үгүй, “Үгүй” ч үгүй. Энэ хүлээлтүүд ажил их үрдэг. Саад л юм даа.

-(инээв.) Зохиолчдын байгууллагыг төр хардаг. Харахдаа сайн зохиол бүтээл гаргаж нийгэм, оюун санааны хөгжилд нөлөөлөх тал руу нь залах ёстой. Унгарын зохиолчдын байгууллагад гэхэд төр нь төсөв өгч байна. Ойрын жишээ авъя. Казахстаны Зохиолчдын хороо зохиолчдоо цалинжуулж байна. Төрийн шагнал авсан зохиолчдоо 50 мянган доллартай тэнцэх мөнгө өгч байна.

-ОХУ-д бол 300 мянган рубль дагалддаг юм билээ. Казахстан хамаагүй их юм.

- Ядуу орны зовлон маш их. Манай Монгол Чингисийн үед ч ядуу байсан.

-Дайн байлдаан хийж бусдаас олз олдог.

-Даян хаан Батмөнхийн үед ядуу л байсан. Автономитын үед ядуу л байсан. 1921 онд ядуу байсан. 1940, 1960 онд ядуу л байсан. Одоо ч ядуу байна. Энэ яасан хачин юм байдаг юм бэ. Нэг авлигачны нэг тэрбум төгрөгийг зөвхөн утга зохиолд зориулахад л утга зохиол мандаад явчихлаа. Ний нуугүй хэлэхэд. Ёс зүйтэй сонин сэтгүүлээ дэмжих хэрэгтэй байна. 

-Энүүхэн хаяа дэрлэсэн ОХУ-ын Буриад улсад долоо хоног дутмын сонин 10, 20 мянга хэвлэгдэж байна. Нийт хүн ам нь 985 мянга шүү дээ. Гэтэл “Молодежь бурятии” гэдэг сонин 10 мянган хувь хэвлэгдэж байна. Монголчууд бид чинь шуудангийн хайрцаггүй хаяггүй хүмүүс шүү дээ. Иймээс сонин захиалга явахгүй байна. Уншигч болохгүй байна. Жишээ нь, Та би Швейцарь, Японоос илгээмж авбал албан газрын хаягаар л авах байх. Баянхошуу, Дэнжийн мянгын жирийн хүн яаж авах юм бүү мэд. Юун сонин захиалах, ном хүргүүлэх. Хүнээ хаягжуулмаар байна. Түүний дараа ном зохиол, сонин хэвлэл ярих нь л дээ.

 

2000 оноос хойш төрсөн залуус XXI зууны жинхэнэ аврагчид болно

 

-Тийм. Утга зохиолын хувьд 1950-1990 он хүртэл Монголын зохиолчдын толгой дээр алтан хур бууж байсан. 1940-өөд оны тэр аймшигаас хойш хавчигдаад сүйд болоод байсан юм байхгүй шүү дээ.

-Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг нар 1930, 1940-өөд онд хоригдоод түүнээс хойш Чойномоос өөр хүн зохиол бүтээлээсээ болж шорон оронд суугуугүй байх.

-Цэдэндорж гуай гээд хэдэн хүний жаахан жаахан юм бий. Хурал цуглаан дээр шүүмжилсэн, анхааруулсан. Ажлыг нь өөрчилсөн. Пастернак, академич Сахаров, Солженицын, Синявский, В.Максимов, С.Довлатов шиг шорон оронд сууж, улс орондоо багтах шингэх газаргүй болж зарим нь цагаачилсан шиг хүн Монголд бараг байхгүй шүү. Гэхдээ тэрс үзэлтэнд сүүдэр тусч байсан. За 1960-1990 он хүртэл зохиолчид мундаг байсан даа. Д.Маам зохиолчийн “Газар шороо” роман 60 мянган хувь хэвлэсэн байдаг юм билээ.

-1977 онд Монголын хүн ам нь хоёр сая ч хүрээгүй байсан даа. Намайг гуравдугаар ангид байхад гарч байсан роман. Одоо бол гурван сая хүнтэй. Тэр үеийнх шиг уншигч ард түмэн байсан бол 90 мянган хувь хэвлэх нь ээ.

-Номын шагнал гэж 10, 20, 30, 40, 50 мянган төгрөг зохиолчид авч байв. Үүний хажуугаар цалин пүнлүүгээ үндсэн ажлаа хийгээд авна. Ном борлуулахын зовлон байхгүй.

-Номын худалдааны газар гэж том сүлжээ аймаг сум бүрт хүрдэг байлаа. Худалдаа бэлтгэлийн сүлжээ шигээ.

-Төрийн шагналыг жинхэнэ авъяастанд өгдөг байлаа. Улс төр, Ерөнхийлөгч, Их хурлын сонгуульд хэрхэн оролцсон нь хамаа байхгүй. Түүний дагалдах мөнгө нь 15 мянган төгрөг. Энэ чинь тухайн үеийн зарим хүний гурван жилийн цалинтай тэнцэнэ шүү дээ. Ингэж л уран зохиол, зохиолч бүтээлчийг дэмжиж байж. За тэгээд жирийн хүний амьдралын жаргал дундчууд гэж байгаа шүү дээ. Чи бид шиг нөхдүүд авлига авч, луйвар хийвэл нойргүй хононо. Юун зохиол бичих мантай. (инээв.) Бүтэн нойртой хонож, сайхан зүүд зүүдэлж байгаа явдал аз жаргал юм. Шөнө болгон хар дарж зүүдлээд байвал яах вэ?! Зарим нь мөнгөө машины гараажид, зарим сейфээ хөдөө нууж байгаад баригдсан гэж байгаа шүү дээ. (инээв.)

-Манай Монголчуудын ядуучууд нь хэтэрхий олон учраас бид дундчууд юм шиг харагдаад байх шиг. Түүнээс бидний орлого зарлага чинь бас шалихгүй шүү дээ. Бусад болж бүтэж байгаа орны иргэдтэй харьцуулахад... За ингээд эцэст нь юу хэлмээр байна.

-Багш хүний хувьд, зохиолч хүний хувьд хэлэхэд хэлтэй бол хөлтэй гэдэг. Залуучууд, ялангуяа зохиолчид маань гадаад хэлийг ихэд эрхэмлэх хэрэгтэй юм даа. Хэл сурах ч хэцүү золиг юм аа. Би чинь орос-монгол бүхэл бүтэн толь залуу байхдаа цээжилсэн хүн шүү дээ. Москвад хоёр жил гаруй дээд сургуульд сурсан хүн. АНУ-д чамгүй хугацаанд амьдарсан. Тэгээд ч маш чамлалтай.

-Ийм бэлтгэлтэй хүн чинь бас овоо болсон биз?

-Гэхдээ орос, англи хэлийг мэднэ гэхгүй ээ. Гэхдээ бас ч гэж мэдэрнэ ээ. Ойлгоно оо. Уншина аа. (инээв) Высшая партийная школа-д хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдах ажилтны чиглэлээр сурахдаа К.Марксын “Капитал”-ын учрыг орос хэл дээр овоо ойлгосон шүү. Уран зохиолын номын бол ард нь гарчихна аа.

-Капитал чинь нилээн хүнд хэлтэй ном юм билээ. Мань мэт бол барахгүй талдаа юм билээ.

-Аливаа хэлийг хүн эхний хоёр жил яаж сурна уу, түүнээсээ дээш нэг их өөдөлдөггүй юм шиг билээ. Тэр л түвшиндээ ерөнхийдөө байгаад байдаг болтой юм. Тийм учраас гадаад хэлийг барьж авангуутаа тууштай, эрчимтэй хоёр жил тасралтгүй нүд гэж оюутан залуустаа захидаг даа. Барьж тавиад байж болохгүй.

-Сайхан ярилцлага өгсөн Танд баярлалаа. Яриа маань хожим үргэлжилнэ гэж найдаж байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.