НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

"Эмээлт"-д хонь 130-250, ямаа 110-170 мянгын үнэтэй байна

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2019-07-10 14:15:08 GMT +8 / | 589 удаа уншсан

Үндэсний их баяр наадам болоход нэг хоног үлдлээ. Энэ өдрүүдэд "Эмээлт" зах хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Өнгөрсөн жилийг бодоход энэ жил хонь, ямааны үнэ нэмэгдсэн талаар иргэд ярьж байна. Тиймээс манай сурвалжлах баг "Эмээлт" захыг зорьсон бөгөөд биднийг очиход хонь, ямаа худалдаж авах гэсэн наадамчин олны хөлд дарагдсан байлаа. Иргэдийн ярьж байсан шиг энэ жил хонь, ямааны үнэ нэмэгджээ. Ченжүүд хонийг тарган, туранхайгаас нь шалтгаалж 130-250 мянган төгрөгөөр зарж байна. Харин ямаа 110-170 мянган төгрөгийн үнэтэй байна.

-ТАРГАН ЭР ХОНИЙГ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА-

Өнгөрсөн жилийн өдийд тарган эр хонийг 180 мянган төгрөгөөр зарж байсан. Харин энэ жил 250 мянган төгрөгт хүрчээ.

Ингэж үнэ өсөх болсон шалтгаан нь махны үнэ "тэнгэрт хадсан"-тай холбоотой аж.

Энэ талаар ченжүүд "Махны үнэ буураагүй. Энэ ч утгаараа хонь, ямааны үнэ нэмэгдсэн. Өнгөрсөн жилийг бодоход хамаагүй үнэтэй зарж байна.

Хэдийгээр иргэдийн худалдан авалт, амьжиргаа муу байгаа ч энэ үнээрээ зарахаас өөр аргагүй. Хэрэв хямд зарвал бидэнд ашиггүй" хэмээн тайлбарлаж байлаа. Харин наадамчин олны зүгээс "Хонь, ямаа үнэтэй байна, одоо яах вэ дээ. Өнгөрсөн жил хямдхан байсан. Бараг 300 мянган төгрөгөөр хоёр хонь худалдаж авдаг байлаа. Одоо нэг л хонь худалдаж авч байна" гэж ярилаа.  

-ЧЕНЖҮҮД НЭГ ХОНИНООС ТАВАН МЯНГАН ТӨГРӨГИЙН АШИГ ХАРДАГ-

"Эмээлт" захын ченжүүд хонь, ямаагаа малчдаас худалдаж авдаг. Улмаар иргэдэд зарахдаа таван мянган төгрөг нэмж зардаг талаар хэлж байлаа. Тэд "Бид нэг хониноос таван мянган төгрөгийн ашиг хардаг. Өдөрт 10-аад хонь, ямаа л зардаг" гэв.

Харин тэд "Эмээлт" захад хааш хаашаагаа таван метр хэртээ төмөр хашаагаа сарын 300 мянган төгрөгөөр түрээсэлдэг байна. Харин малчдад өдрийн 10 мянган төгрөгөөр түрээслдэг юм байна. Тэнд хонь, ямаа зараад таван жил болж байгаа хүн байхад дөнгөж энэ жилээс эхэлж хонь, ямаа зарж амьжиргаагаа залгуулж байгаа ченж ч бий.

-ИРГЭДИЙН ХУДАЛДАЖ АВСАН ХОНЬ, ЯМААГ 15 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТӨХӨӨРЧ БАЙНА-

"Эмээлт" захад хонь, ямаа зарахаас гадна төхөөрч, гэдэс дотрыг нь цэвэрлэж өгдөг нэгдсэн үйлчилгээг бий болгожээ. Тэд иргэдийн худалдаж авсан хонь, ямааг 15 мянган төгрөгөөр төхөөрч өгдөг байна. Харин гэдэс дотрыг нь цэвэрлэж өгвөл нэмэлт таван мянган төгрөг авдаг аж. Энэ талаар иргэдээс тодруулахад "Орчин үед залуус хонь, ямаа төхөөрч чадахаа байсан.

Харин энд нэг хонь, ямааг 15 мянган төгрөгөөр төхөөрч өгдөг юм байна. Гэдэс дотрыг нь цэвэрлэхэд таван мянган төгрөг" хэмээн ярилаа. Энд нэг хонь, ямааг 15 минутад л төхөөрдөг байна. Нэг ажилтан өдөрт 10 хонь, ямаа төхөөрж амждаг аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.