НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Р.Ганжуур: БИДЭНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
8 өдрийн өмнө /2019-08-09 18:52:11 GMT +8 / | 1381 удаа уншсан

Манай энэ удаагийн VIPPERSON-оор Р.Ганжуур уригдлаа. Р.Ганжуур нь Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн. Дараа нь хуучнаар ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг (одоогоор Уралын техникийн улсын их сургууль) 1980 онд эрчим хүчний мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш тувт эрчим хүчний системдээ үнэнч явсан энергетик хүн юм. Гадаад дотоодод сургалтанд хамаарагдсан ч эрчим хүчний салбартай холбоотой сургалтанд явж иржээ. Энэ хүний амьдрал нь эрчим хүч. 1980 оноос III дулааны цахилгаан станцын турбины туслах машинист, машинист, ээлжийн дарга, ашиглалтын мастер, ахлах инженер, цехийн дарга, Ерөнхий инженерийн орлогч, Ерөнхий инженерийн ажлыг 1992 он хүртэл хийжээ. Улмаар Түлш эрчим хүчний яаманд мэргэжилтэн, манай эрчим хүчийг дэмжих АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн төслийг хэрэгжүүлэгч америкийн Morrison-Knudsen компанид ахлах инженер, Эрчим хүчний удирдах газарт албаны дарга, тус газрын техникийн асуудал хариуцсан орлогч дарга зэрэг ажлуудыг хийж байв. 2001 оны 7-р сард шинээр байгуулагдсан Эрчим хүчний зохицуулах газрын (одоо хороо гэж нэрлэгддэг) даргаар томилогдсон бөгөөд уг албыг тасралтгүй 9 жил хашсан байна. Одоо Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны гүйцэтгэх захиралаар ажилладаг. Фейсбүүк дээрх хуудсандаа “Монголын эрчим хүчний систем найдвартай, хямд, хараат бус байх сайхан ирээдүй бий” гэж тэмдэглэснаас харахад энэ хүний ажил амьдралын зам, зорилгыг амархан ойлгож болмоор...
Уншигч Танд Р. Ганжууртай хийсэн ярилцлага сонирхолтой байх болно  гэж найдаж байна.
 

-Та бид хоёрын яриа нилээн өргөн дэлгэр болох байх гэж найдаж байна. 1980-аад оны манай эрчим хүчний байдал ямар байв? Сахилга бат, дэглэм талаас нь яривал бүр сонин. Энэ элемент манай нийгэмд жаахан бүдэгрээд байх шиг.
-Ер нь бол бидний цаг үед эрчим хүчний хоёр хямрал тохиолдсон байдаг. Эхнийх нь 1980-1983 онуудад тохиолдсон. Тэр үед "ТЭЦ-4" байхгүй, "ТЭЦ-3" төвийн эрчим хүчний системийн цахилгааны 70 гаруй хувийг, Улаанбаатар хотын дулааны 90 орчим хувийг үйлдвэрлэн гаргадаг байв. Ачааны хүндийг үүрч байсан "ТЭЦ-3" дээр ямар нэг саатал, доголдол гарахад улс орон цахилгааны тасалдалд өртөж Улаанбаатар хот дулаанаар дутагдаж хөлдөх аюул үүсдэг байсан юм, үнэхээр хүнд хэцүү үе байсан. Бид хагас цэргийн өндөржүүлсэн зохион байгуулалттайгаар ажилладаг байлаа. Гэртээ харина гэж байхгүй шүү дээ. Станцын хүмүүс тэр үед үнэхээр баатарлагаар ажиллаж хөдөлмөрлөж байлаа. Анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай тэр үед Түлш эрчим хүчний яамны сайд байсан. Сайд маань зарим хүнд үед бүтэн сараар зөвхөн манай станц дээр ажилладаг байв. Орлогч сайдууд бол ээлжлээд өдөр бүр станц дээр өнждөг байсан. Тэгээд л бодохгүй юу, ямар хэцүү хүнд үе байсныг. Ашгүй нэг юм 1983 оны 11 сард "ТЭЦ-4" ашиглалтанд орсноор энэ байдал арилсан даа. 
-Та эрчим хүчний хоёр хямрал гэж ярилаа. Хоёр дахь нь...
-Эрчим хүчний хоёр дахь хямрал 1990-ээд оны үед тохиолдсон. Тэр үед жилдээ 200 гаруй удаа төвийн эрчим хүчний системд цахилгааны томоохон тасалдал гарч байв. Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотууд өвлийн цагт хөлдөх аюулд удаа дараа ордог байсан. Бүх дөрвөн цахилгаан станцууд аваарийн байдалтай дөнгөн данган ажиллаж байлаа. Учир шалтгааныг нь тайлбарлах хэрэггүй байлгүй дээ, тэр үеийн Зөвлөлт Холбоот Улс нуран унасан тийм ээ. Гуравдугаар цахилгаан станцыг АНУ-ын зээл тусламжаар, 4 дүгээр цахилгаан станцыг Японы зээл тусламжаар, Дарханы ба Чойбалсангийн цахилгаан станцуудыг Германы зээл тусламжаар шинэчлэн өөрчилж энэхүү хоёр дахь эрчим хүчний хямралаас гарч байсан юм.
-Та Эрчим хүчний удирдах газрын техникийн асуудал хариуцсан орлогч дарга байсан гэж ярьсан. Тэр чинь хуучнаар бол Эрчим хүчний системийн Ерөнхий инженер гэсэн үг үү? Та бас Эрчим хүчний зохицуулах хорооны талаар тодруулахгүй юу?
-Тийм, тийм. Тэгээд дараа нь Эрчим хүчний зохицуулах газрын анхны даргаар очиж байв. 2001-2010 он хүртэл есөн жил ажилласан. Дараа нь Ньюком компанид эрчим хүчний зөвлөхөөр 7 жил ажилласан. 2017 оноос одоог хүртэл Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Миний ажиллаж байсан Эрчим хүчний зохицуулах газар одоо Хороо болсон. Эрчим хүчийг зохицуулдаг онол байна. Тэр онолоор Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) нь эрчим хүчний үйлдвэрүүд ба хэрэглэгч нарын хоёр талын ашиг сонирхолыг тэнцвэртэй хамгаалах ёстой буюу энгийн үгээр бол алтан дундажийг нь олох онол л доо. ЭХЗХ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл олгодог, цахилгаан, дулааны үнэ тарифыг хэнээс ч хамааралгүйгээр баталдаг онцгой эрхтэй, Засгийн газрын тохируулагч агентлагын статустай байгууллага. Засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёстой л доо. Сонгуулийн үр дүнгээр дарга нарыг, мэдээж түүнийгээ дагаад аппаратын ажилтнуудыг сольж болдоггүй алба л даа. Жишээ нь би есөн жил ажилласан. Овоо тэссэн байгаа биз? (инээв.) Тэр үед чинь бусад агентлагуудын дарга нарыг сонгууль болоод л маргаашаас нь шахуу хуу сольдог үе байлаа шүү дээ.
-Монгол банкны Ерөнхийлөгч, Цэц, Шүүхийн гишүүд шиг зарчмаар ажиллах ёстой юм байна шүү дээ. 2007 онд дахин ЭХУГ-ын даргаар дахин сонгогдоод хоёр дахь зургаан жилээ дуусгаж чадаагүй хэрэг.
-Уг нь сонгуулиас хамааралгүй албан тушаал л даа. Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр эрчим хүчний сайд байхад би алба амины ч юм шиг нэг юмнаас болж муудалцаад, тэгээд мань эр тэрийгээ санасан юм байлгүй Засгийн газрын хэрэг эрхлэхэд очсон хойно Д.Зоригт сайдаар намайг авхуулсан даа. Уг нь ойлголцохоор л юм байсан даа. Би хэл ам хийлгүй чимээгүй явсан. Ер нь ЭХЗГ (одоо Хороо) америк маягийн зохицуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэгээд америк школ-зарчим монголын манай зарчим хоёр чинь зөрчилдөнө шүү дээ. Хэдийгээр манайхан Америкт тийм байдаг, норвегид ийм байдаг гэж ярьдаг ч тэр зарчмыг нь аваад ирэхээр эхлээд монголчилж муутгадаг, дараа нь ямар ч зарчимгүй болгох гэж муйхарлан зүтгэдэг. Хоёр удаа Америк явж мэргэжил дээшлүүлсэн, суурь эрчим хүчний орос школтой хүн чинь тэр юмандаа нэлээн итгэл үнэмшилтэй болно шүү дээ. Та авлигалд автаж болохгүй. Та нар биеэ даасан бодлого барина. Тэр бодлогодоо үндэслэсэн зарчмын зөв шийдвэр гаргана, тэр зөв шийдвэрийг чинь  сайд бүү хэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч яаж ч өөрчлөх ёсгүй гэсэн итгэл үнэмшлээр ажилладаг байв. Би яг тэр онолынх нь дагуу, тэр зарчмынх нь дагуу явсан. Сайд нар солигдоод яваад байхаар олон сайдын нүүрийг давахад хэцүү л дээ, Хүрэлбаатар дээр очоод тийм нэг юм тохиолдсон. Нээрээ Зохицуулахын даргаар ажиллахдаа таван сайдын нүүр үзсэн юм байна шүү (инээв).
 

-Цааш нь... 
-Ингээд энэ талын яриаг зогсооё.
-Та Ньюком-д ажиллахын үүрэг роль юу байв?
-Д.Бямбасайхан, Ц.Сүхбаатар гээд “толковый” менежерүүд урихгүй юу. Д.Бямбасайхан бол одоогийн манай улсын шилдэг залуу менежерүүдийн нэг, одоо Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал хийдэг. Ц.Сүхбаатар Эрчим хүчний яаманд олон жил ажилласан туршлагатай хүн, одоо Салхитын цахилгаан станцын гүйцэтгэх захирал. Тэнд намайг ороход Ньюком нь тэр үед Мобикомын том хувьцаа эзэмшигч, ИЗНИС гээд нэг агаарын дотоодын нислэгийн  компанитай байсан. Тэгээд Салхитын салхин цахилгаан станцыг барьж байсан. Тэд уулзалдаад удахгүй бид АНУ-ын Женерал электрик компанийн салбарыг Монголд нээнэ, таныг захирлаар нь тавих гэсэн санал байна гэх гүй юу.  Би саналыг нь хүлээж авсан хэрэг, тэгээд л Ньюком компанийн хүн болчихсон. 
-Ц.Түмэнцогт тэнд захирал нь байсан гэж мэдэх юм. 
-Үнэн, үнэн. Танай Москвагийн эрчим хүчний дээд сургуулийн төгсөгч. Би эднийд ороход Тавдугаар цахилгаан станцын урьдчилсан ТЭЗҮ-г Азийн Хөгжлийн Банк хийж байлаа. Тэд надтай уулзаж зөвлөгөө авдаг байв. Надад тэр станцын талаар бүх мэдээлэл байсан. Энэ найдвартай том төсөл, та нар орвол том боломж олно, эрчим хүчний тэргүүлэгч компани болно энэ тэр гээд Ньюкомынхныг ятгасан юм. Тэд судалж үзээд энэ төсөл рүү орохоор болсон. Миний гол ажил тийшээ чиглэгдсэн, Женерал электрикийн Монголын салбар надад сонин биш болсон. Тэгээд тэд Ц.Түмэнцогт дээр сонголтоо хийсэн байх. Зөв хүнээ олсон байсан.
-Манай улс жилд 30-50 сая тонн нүүрс экпортлох боломжтой. Гэтэл өөрсдөө цахилгаан энерги гаднаас импортлоно. Энэ ямар зүй тогтол вэ?
-Эрчим хүчний талаарх төрийн бодлого харалган байсны хар гай. Төрийн бодлого явуулах гол субьект нь эрчим хүчний асуудал хариуцсан төрийн сайд. Гэтэл тийм хүмүүсийн ихэнх нь эрчим хүчний бодлогыг ойлгож мэддэггүй, бодлого явуулах чадваргүй хүмүүс байлаа. Тухайлбал 1990 оноос хойш эрчим хүчний асуудал хариуцсан 12 сайд байв. Тэдний гуравхан нь л эрчим хүчний салбарт ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс. Бусад ес нь хятад хэлний орчуулагч, цэргийн офицер, их сургуулийн багш, уул уурхайн инженер, төлөвлөгөөний мэргэжилтэн гэх мэт мэргэжлийн бус хүмүүс байв. Ингээд бодохоор өнгөрсөн 29 жилийн хугацаанд эрчим хүчний талаарх төрийн бодлогын 75 хувь мэргэжлийн бус түвшинд хийгджээ. Дээр нь мэргэжлийн бус эрчим хүчний сайд нар уламжлалт бодлогыг үргэлжлүүлдэггүй. Нэг нь ирээд нөгөөгийнхөө явж байсан зөв юмыг улам зөв болгох нэрээр нураадаг.
-Уг нь нүүрсээ нэмүү өртөгт шингээх экспортын хамгийн том бүтээгдхүүн бол цахилгаан энерги экспортлох байх ёстой. Юун ХАА, Уул уурхай гэмээр. Юу саад болдог юм бол? Таны бодол...
-Тэгэлгүй яахав. Энэ бол зүүдлээгүй орлого олох боломж л доо. 2009 онд БНХАУ, Монгол Улс хоёр Чойр-Нялгын нүүрсний ордны сав газар 10800 Мегаваттын (МВт) том цахилгаан станц барих Санамж бичигт гарын үсэг зурсан зурсан юм. Гэвч хэрэгжээгүй. Манай талын улс төржилтөөс голлож болсон доо. Одоо тэгээд угаасан угаагүй нүүрсээ урагшаа зөөж л байна. Тэр нүүрсээ шатаагаад цахилгаан болгоод гаргавал  жинхэнэ утгаараа нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн гарна л даа. Манай улсын цахилгаан станцуудын хүчин чадлаас энэ төслийн хүчин чадал нь 9 дахин том цахилгаан станц баригдахаар байв. Хэрвээ хэрэгжүүлж чадсан бол 5 тэрбум долларын ДНБ үйлдвэрлэх байв. МУ-ын жилийн төсөв 4 тэрбум доллар биз дээ. Тэгэхээр эндээс хариуцлагүйн зуд гэдэг ямар хохиролтойг харуулж байгаа биз дээ. 
-Аливаа бараа бүтээгдхүүнийг борлуулна гэдэг хамгийн хэцүү процесс болжээ. Цахилгаан экспортлоход эхний ээлжинд БНХАУ-д нийлүүлэх байх. Тэдний бүх юм 5, 10 жилээр төлөвлөгддөг. Иймээс бид тэддүгээр таван жилийн төлөвлөгөөнд чинь тийм цахилгаан хэмжээний цахилгаан тэр мужид чинь нийлүүлье гэж урьдчилан тохирч байж борлуулах байх л даа?
-Өө, энэ амархан л даа. Жишээ нь Чойр-Нялгын нүүрсний ордны сав газар хамтран барихаар төлөвлөж байсан 10800 МВт-ын станцыг 3 үе шаттайгаар барихаар төлөвлөж байв. Эхний 3600 МВт-ын станцыг дөрвөн жилд багтааж барих, дараагийнхийг гурван жилд, дараагийнхийг бас гурван жилд ингээд 10 жилийн дотор босохоор байв. Тэр санамж бичгээс хойш 10 жил болж. Өнөөдөр 2019 он. Тэр цахилгаан станц тэр цагт баригдаж эхэлсэн бол аль эрт ид шидээ өгөөд эхэлсэн байх байж дээ. Давхар бид өөрсдийн эрчим хүчний хямрал, дутагдлаа шийдчих ч байсан юм бил үү?! Хятадуудтай өөрсөдтэй нь хамтарч бүтээх төсөл учраас тэр борлуулт урьдчилан тооцогдоод тав, арван жилийн төлөвлөгөөнд нь бараг бидний оролцоогүй тусгагдах байх л даа.
 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААРХ ТӨРИЙН БОДЛОГЫН 75 ХУВЬ НЬ МЭРГЭЖЛИЙН БУС ТҮВШИНД ХИЙГДСЭН

 

-Аймаар том боломжийг алдаж дээ. Одоо Тавдугаар цахилгаан станц баригдахгүй удаж байгаа бодит шалтгаануудыг Та мэргэжлийн хүний хувьд тайлбарлаж өгөхгүй юу?
-"ТЭЦ-5"-ыг улстөрчид барихыг хүсэхгүй байгаа. Тэндээс авлига авах боломж байхгүй. Франц, Япон, Солонгос, Монголын компаниуд оролцсон консорциум Засгийн газраас зарласан олон улсын тендерт ялсан. Хэрвээ дан ганц улсын компани ялсан бол улстөрчид авлига авах боломж нь нээгдэх байсан байх. Дөрвөн улсын хамтарсан төсөл дээр хэн нь хэнийхээ дэргэд авлигал өгөх вэ дээ. Нэрээ бодно. Хэлцэж тохирсон зарчим нь хатуу. Бие биедээ хяналт тавина."ТЭЦ-5"-ын асуудлыг маш амархан шийдэх байсан. Одоогийн ажиллаж байгаа "ТЭЦ-3" нь хоёр станцаас бүрддэг. 48 МВт-ын хүчин чадалтай Дунд даралтын хэсэг, 100 МВт-ын хүчин чадалтай Өндөр дарлтын хэсэг гэсэн. Дунд даралтын хэсэг гэдэг нь зүйрлэвэл Дарханы цахилгаан станц. Эхлээд дунд даралтын хэсэгт демонтаж хийгээд "ТЭЦ-5"-ыг барьж болохоор байв. Цаашдаа өндөр даралтын хэсгийг нь демонтаж хийгээд дахиад 550 МВТ-ын станц барина. Ингээд нэг сумаар хоёр туулайг буудаж 1000 МВт-ын хүчин чадалтай цоо шинэ орчин үеийн станц барьж болохоор байлаа. "ТЭЦ-3" чинь ашиглалтанд ороод хагас зуун жил болчихсон, моралийн элэгдэлд орчихсон станц.
-Үнэхээр сонин санаа байна. Манайхан чинь Тавдугаар станцаа барих газар олох гээд 10 гаруй жил болчихлоо шүү дээ. Хонхорт л гэсэн. Тэгсэн тэр газар нь цэвдэгтэй болсон. Багануурт л гэсэн. Гэтэл Бага нуураас нааш дулаанаа яаж татах юм. Улаанбаатар хот чинь цахилгаан эрчим хүчний гэхээсээ дулааны эрчим хүчний хямралд орчихоод байгаа шүү дээ. Үүний бодит жишээ утаа. Энэ бол дулааны эрчим хүчний хямралын дээд цэг.
-Яг зөв.Дулааны эрчим хүч түгээх магистраль шугам чинь хааш хаашаа 25 км замыг туулаад буцаж ирдэг. Энэ бол дээд бололцоо нь. Онолын шахуу ойлголт. 
-"ТЭЦ-3" хоёр хэсгээс бүрддэг юм байна. Дарханы станц шигийг нь эхэлж демонтаж хийгээд 450 МВт-ийн орчин үеийн сайхан станц барьж эхний ээлжийн эрчим хүчний хямралаас гарья гэсэн санаа юм аа.
-Тийм. Энэ бол хамгийн амархан хямд бүтэх ажил. Дараа нь өндөр даралтын хэсгийг нь янзалж 550 МВт-ын станц барьчихвал манайх эрчим хүчний асуудал, байгаль экологийн хүндрэлээс нэг мөсөн гарна. Хотын төвд станц барих гэлээ гээд л зарим нь шүүмжилж яддаг. Орчин үеийн станцын хор хөнөөлийн ойлголт шал өөр шүү дээ. Эхлээд хотын төвийн гэр хорооллоосоо нэн даруй салах хэрэгтэй байна. 
-Нээрэн барууны цахилгаан станцуудын утааг харж байхад усны уур гараад байгаа юм шиг, худалч хүнд бараг сэрүүн байхад хүн амьсгалаад ч байгаа юм шиг харагддаг шүү.
-Тийм шүү дээ. 
-Манай цахилгаан энергийг хямдруулах ямар нөхцөл байж болох вэ? Техник, технологийн шийдэл юу байж болох вэ?
-Хоёр арга байна. Нэгдүгээрт. Манай станцууд ихэнх нь 50-иас дээш жил ажилласан, ашигт үйлийн коэффициент муутай, ашиглалтын зардал өндөртэй, “хөндлөн холбоос” бүхий станцууд. Эднийг демонтаж хийж орчин үеийн “блок холбоос” бүхий шинэ том хүчин чадлын станцууд барих хэрэгтэй. Хоёрдугаарт нар, салхины асар их нөөцийг ашиглаж экспортын цахилгаан үйлдвэрлэх. Тэндээс олсон ашигаар бусад цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах.
-Эхнийх нь техникийн шинэчлэл шийдлийн асуудал байна. Хоёр дахь ойлгоход жаахан хэцүү юм. Манай нар, салхины энерги үнэтэй. Тэгээд тэндээс олсон энергиэ эрчим хүчний нэгдсэн тогоонд хийж борлуулж байгаа биз дээ. Нийт цахилгааныхаа 6.6 хан хувийг нар, салхины цахилгаан станцуудаас үйлдвэрлэж байгаа ч гэсэн хэрэглэглэгчдээс дэмжих тариф авч байна гэсэн хэл ам татлах явдал гардаг. Гэтэл Та тэндээс гарсан ашигаас бусад энергиэ татаацлах юм ярьж байдаг. Ганжуур ах аа!!
-Нар, салхины эрчим хүчний асар их нөөцөө ашиглаж цахилгаан экспортлох  бололцоо бий. Тэгээд дэлхийд байхгүй хямд цахилгаан, дулаанаар хүн ард маань хангагдаасай гэж мөрөөдөж байна. Манай улс байгалийн газар доорх баялгаар тухайлбал зэс, нүүрс, алт мөнгөөр баян гэж ярьдаг. Тэгвэл байгалийн газар дээрх баялаг гэж бас байна. Тэр нь нар, салхины эрчим хүчний асар их нөөц. Нар, салхины эрчим хүч бол мөнхийн эрчим хүч юм. Манай нар, салхины эрчим хүчний нөөцийг 13000 Тераватт.цаг (ТВт.ц) гэж олон улсын мэргэжилтнүүд тодорхойлсон байдаг. Харьцуулахад Дэлхийн жилийн цахилгааны хэрэглээ 25000 Тераватт.цаг, Японых 1000 гаруй Тераватт.цаг, Өмнөд Солонгосынх 500 гаруй Тераватт.цаг, Монголынх 7 орчим Тераватт.цаг байдаг. Энгийн ойлголт өгөхийн тулд 1 ТВт.цаг цахилгаан гэдэг 1 тэрбум кВт.цаг цахилгаан гэсэн үг гэдгийг хэлье. Цааш нь явъя.Японы жилийн хэрэглэдэг цахилгааны 10 хувийг ирээдүйд баригдах манай нар, салхины цахилгаан станцуудаас хангая гэвэл 100 ТВт.цаг болох нь. Энэ нь манай нар,салхины нөөцийн 0.77 хувь болж байгаа биз дээ, дээрх тоонуудыг бодвол. Японууд нэг кВт.цаг цахилгаанаа 22 ам.центээр хэрэглэгчиддээ борлуулдаг. Манайд хэрвээ нар,салхины том цахилгаан станцууд барьвал 5-7 центээр үйлвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоог АХБ хийсэн байна. Тэгвэл бид тэр цахилгаанаа Япончуудад  10 ам.центээр заръя гэж  үзье. Бараг 2 дахин хямд юм чинь Япончууд манай цахилгааныг худалдан авах байлгүй дээ. Цааш нь хоюулаа жижигхэн тооцоо хийе. 100 ТВт.цаг цахилгааныг 10 ам.центийн нэгжийн үнээр Японд зарахад 10 их наяад доллар болно. Манай ДНБ 13 тэрбум ам.доллар байдаг. Япончууд оруулсан хөрөнгө элдэв бусад юмаа хаслаа гэхэд манай ДНБ зөвхөн энэ цахилгаанаасаа 40 тэрбум доллар олох боломжтой. ДНБ маань гурав дахин өснө. Японууд үүнийг бас хүсч  байгаа. Энд зөвхөн улс төрийн том шийдвэр хэрэгтэй л дээ. Монгол, Хятад, Орос, Японы хамтарсан шийдвэр. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ гэж яриад байгаа байх. Абэ, Путин, Си Жиньпин нартай шийдэх асуудал. Зөвхөн энэ төсөл хэрэгжихэд чиний хэлээд байгаа юун уул уурхай гэдэг л болно доо. Ойлгогдож байна уу, дүү минь. Жоохон удаан ярьчих шиг боллоо. 
-Тэгвэл ингэж асууя. Та манай эрчим хүчний ирээдүйг ер нь хэрхэн төсөөлдөг вэ? Эсвэл ямар байгаасай гэж боддог вэ? Одоо үүний тулд яг эхлээд юу хийх хэрэгтэй байна вэ? Нэгд, хоёрт, гуравт... гэж байгаад хэлбэл...

-Нэгдүгээрт орчин үеийн өндөр АҮК-тэй дулааны цахилгаан станцууд, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх шугамууд баригдаасай.  Хоёрдугаарт эрчим хүчний салбарт либеральчлал хийх хэрэгтэй байна. 100 хувь төрийн өмчтэй салбарыг энэнээс нь чөлөөлөх хэрэгтэй. Улс төрийн хараат байдлаас нь ингэж гарна. Аж ахуйн байгууллага гэдэг нүүр царайгаа олох хэрэгтэй. Тэгж байж зарлага орлого нь учиртай болно. Гуравтдугаарт “Гидроак­кумулирующая электростанция” гэдгийг ярих гээд байгаа юм. Ус хуримтлуурын цахилгаан станц барих хэрэгтэй. Дөрөвдүгээрт дээр ярьсан нар, салхины эрчим хүчний асар их нөөцийг ашиглаж олон улс дамжсан Эрчим хүчний нэгдсэн систем байгуулах хэрэгтэй юм даа. 
-Эрчим хүчний монополь үүсэхгүй юу? Нэг хүний ч гэдэг юм уу, нэг хэсэг бүлэг хүний...
-Өмнөд Солонгосын туршлагыг би хоёр удаа явж судалсан. Тэнд монополь үүсгэхгүйн тулд өмчийн 51 хувь нь төрд, 49 хувь нь олон нийтийнх байдаг. Энэ туршлагыг ашиглаад манай 100 хувь төрийн өмчит эрчим хүчний компаниудын өмчийн 51 хувийг төрийн өмчид үлдээгээд 49 хувийг олон нийтийн нээлттэй өмчид шилжүүлэх хэрэгтэй гэж би үздэг.
-Одоо манайд Санхүүгийн зохицуулах хорооноос хөгжүүлэх гэж зүтгээд байгаа IPO шиг юм.
-Яг тийм. Энийг би их ярьж байгаа. Даана ч ойлгож дэмждэг хүн алга л даа. Томилогдоод очиж байгаа сайд дарга нар байх хугацаандаа эрчим хүчний компаниуд чухал онцгой объект учраас 100 хувь төрийн өмчийн мэдэлд байх ёстой гээд байдаг юм.  
-IPO гарлаа гэхэд олон нийт иргэд өмч эзэмших, мөнгө төгрөгөө дан ганц банк санхүүгийн байгууллагад байршуулах бус нийгмийн ач холбогдолтой. Олон түмний хараа хяналт, хайр энэрэлд энэ салбар очино. Жирийн иргэн станцын хувьцаа авчихвал тийшээ ухаан санаа, нүд чихээ тавина шүү дээ. Сул мөнгө үйлвэрлэлийн эргэлтэнд орно. Би зөв ярьж байна уу?
-За чи, дүү хүү зөв ярьж байна. Солонгосын тэр IPO-г нь үзэх юм бол хэн ч хамаа байхгүй, бүр америкийн иргэн хүртэл хувьцаа эзэмшигч болчихсон байдаг юм билээ. Ингээд олон нийтийн хяналтанд орчихоор өнөө шахаа михаа, хариуцлагагүй байдал, алдагдал чинь байхгүй болж байгаа юм. Хэрвээ хөндлөнгийн улс төрийн буруу шийдвэр гарвал тэд чинь жагсана, цуглана, хэрүүл хараал, ерөөл шүүмж болно. Баллана. Б.Бадрал, Ж.Ханд-Иш  нарын бидний хэдэн нөхөд Эрчим хүчний инженерүүдийн холбоо гэдгийг анх 1998 онд байгуулсан. Би одоо гүйцэтгэх захирал нь. Инженер, техникийн ажилтнууд ирж их уулзана л даа. Одоо эрчим хүчинд улс төрийн нөлөө цехийн дарга хүртэл явдаг болсон байна гэж гомдоллох юм. Би энэ утгаараа шинэ сайд дарга болгонтой очиж энэ тухай ярьдаг юм. Эхлээд сайхан хүлээж авч байгаад тэгээд яваандаа алга болдог. Ойлгомжтой шүү дээ. Станцууд хөгширчээ. Дөрөвдүгээр станц 35 настай. Бусад нь 50 дээш настай. Цахилгаан станцын проект чинь 40 жилээр тооцож хийгддэг шүү дээ. Чи үзэж сонсож л байсан байлгүй. Энэнээс 10, 15 жил сунгаж болно. Үзэж хараад, дүгнэлт хийгээд. Түүнээс цааш хэцүү шүү дээ. 

 

ЦАХИЛГААНААСАА 40 ТЭРБУМ ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖТОЙ

 

-Манайх энергийн хямралд ороход их ойрхон байгаа юм байна. Түгшүүрийн ногоон, улаан гэрэл асчихсан юм байна.
-Орчихсон яваа. Бид л сайхан юм яриад байгаагаас. Бүрэнтогтох оо чи бод доо, гадаадаас 20 хувийн цахилгаан эрчим хүчний хамааралтай байна. Ингэж явж болохгүй. 20 хувийн нөөцтэй байх ёстой. Өөрийн станцууд нь өвгөрчихсөн. Зүйрлэвэл, Тэтгэврийн хүнээр 70 килийн гурил үүрүүлээд байвал хэр зэрэг удаан явах вэ. Би энэний жишээ нь дээр Тавдугаар цахилгаан станцыг гуравдугаар цахилгаан станцын суурин дээр дэс дараатай барих юмыг дээр хэлсэн. Энэ бол маш түргэн авч болох арга хэмжээ. Тавдугаар цахилгаан станцын техник эдийн засгийн үзүүлэлтийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж гаргасан юм. Би энэ дээр оролцож байсан юм. 
-Хэдэн МВт-ын станц юм?
-450 МВт-ынх гэж дээр хэлсэн л дээ. Тавдугаар цахилгаан станц барих бэлэн газар нь Гуравдугаар цахилгаан станц байгаа газар. Демонтаж хийлээ, гүйцээ. Цоо шинэ орчин үеийн станцтай боллоо. Эхний ээлжинд эрчим хүчний хямралаас гарах хамгийн дөт зам. Манай эрчим хүчний зарим нөхөд хүртэл чи Улаанбаатарт нүүрсний станц барих гэлээ, юу яриад байгаа юм гэдэг. Бид үндсэн түүхий эдээсээ хамааралтай байна. Атом, усан цахилгаан станц барих аргагүй. Шар мөрөн, Хөх мөрний эрэг дээр байгаа биш. Ижил, Ангар мөрний эрэг дээр байгаа биш. Шинэ  станцын утааны асуудал шал өөр ойлголт. 1.3 тэрбум доллараар Улаанбаатар хот дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдана. Ноднин есдүгээр сарын 15-нд ТЭЦ-4 тэг зогссон. Юу боллоо. Өвөл энэ шиг зогсвол яах юм. Юун Эрхүү мужид болсон усны үеэр.
-Ийм станцыг барьж ашиглалтанд өгөхөд аль зэрэг хугацаа гарна гэж тооцох вэ? Ер нь та яагаад ТЭЦ-5 гээд яриад байдаг юм бэ?
-Ийм станцыг гурван жилд барина.Цаад талын хугацаа нь. Үүнийг би яагаад яриад байна гэвэл намайг 1980-аад оны эхээр гуравдугаар станцад ажилллаж байхад энэ хүндэрлийг биеэрээ үзсэн хүн. Тэр үед ТЭЦ-4 ашиглалтанд ороогүй байсан. Ганц ТЭЦ-3 байхад ашиглалтын мастер байсан би ТЭЦ-4 1983 оны 11 сард ашиглалтанд ортол гурван жил зовсон. Тоног төхөөрөмж нь хуучин, хүчин чадал нь хүрэхгүй. Ядаж байхад Брежнев даргын бэлгийн хороолол гээд гурав дөрөвдүгээр хороолол ид баригдаад ачаалал өгөөд байдаг. Ийм хүнд үед ажиллаж байсан. Станцын цехийн дарга, инженерүүд чинь казарм шиг ор дэвсгэрээ авчираад зулаад хонодог байв. Гэртээ очихгүй хонон өнжин явна. Ямар сайндаа бид залуу ч байсан байж, эхнэр маань энэ нөхөр юу хийж явдаг хүн бэ гээд станц дээр очсон байгаа юм. Тэгэхэд нь манай цехийн дарга хэргээр хамгийн их шороо тоос, дуу чимээтэй газраар нь  авч явах гэтэл мань хүн толгойгоо цухуйлгаж дөнгөж харангуутаа  буцаж намайг дуудуулсан юм даг. Бас хөгжилтэй. (инээв.)Энэ бол 1980-1983 он. Дараа нь 1990-ээд оны үе. Яг шилжилтийн үе. Оросууд гараад явчихсан. Яг энэ үед Америкийн тусламж дараа нь Японы, тусламжийн ачаар гарсан шүү дээ. Тэгээд Германы тусламж. 
-Донор орнууд энэ эгзэгтэй үед аварчээ. 
-Яг үнэн. Тэрнээс гадна тэгэхэд цахилгаанаас илүүтэй дулаан нь Улаанбаатарт чухал юм байна гэж яс махандаа тултал ойлгосон. Манай инженеринг сэтгэлгээтэй улсуудын хүчээр энэ бүхнийг давж гарч байв. Манай гуравдугаар станцын ерөнхий инженер Д. Миша байсан. Дараа нь яаманд орлогч сайд болсон доо. Түүний дараа ерөнхий инженер А.Тлейхан гээд бас инженеринг сайтай хүн болсон. Би засвар, шинэчлэл хариуцсан нөгөө орлогч нь байж байгаад ерөнхий инженер болсон. Ер нь инженер гэсэн үг чинь латинаар хурц ухаан, ухаалаг шийдвэр гэсэн үг гэж байгаа юм гэсэн. Манайд инженерүүдээ сонсох нь бага юм даа. Энэ дашрамд хэлэхэд П. Очирбат, С. Батхуяг, Д. Миша, Т.Цэвэгмид (Ц.Түмэнцогтын аав. Х.Б.) гээд бүгд инженеринг сэтгэлгээтэй сайд нар Түлш, эрчим хүчний яамыг удирдаж байлаа. Сайд орлогч гээд. Одоо энэ надтай хамт УПИ-д сурч байсан Г.Ёндонгомбо бол инженеринг сэтгэлгээтэй нөхөр байгаа юм, ийм хүмүүсээ эрчим хүчний бодлогодоо ойртуулж байгаасай гэж бодох юм.
-Дулааны процесс чинь хүнд процесс. 1990-ээд онд чинь хороолол хорооллоор нь ээлжлээд цахилгааны хязгаарлалт хийдэг байсан шүү дээ.
-Цахилгаан дутагдвал зарим газраа лаагаа бариад байж байна биз? Дулааны хязгаарлавал хэдхэн цагийн дараа засах аргагүй аюулд хүрнэ. Хот бүгдээрээ биш гэхэд хэсэг хэсгээрээ хага хөлдвөл яах юм. Дулааныг 25 км дамжуулна. Гэтэл манайхан ТЭЦ-5-ыг уурхайн аман дээр барь, Багануурт барь ч гэх шиг. Уучлаарай Багануур эндээс 130 гаруй км. Яаж дулаанаа авах юм. Тийм урт магистралиар ирдэг дулаан гэж юу байх вэ?!
-Түрүүнд та “Гидроак­куму­лиру­ющая электростанция” гээд ярих гээд байсан. Цөөрөм байгуулаад барих станцыг хэлээд байна уу? Тийм үү?
-Зөв зөв. Одоо энэ Эгийн голын цахилгаан станцыг барина гээд хэцүү болчихоод байна шүү дээ. Энийг яаж барих вэ гэхээр голын усыг дээр нь нэг тогоонд хуримтлуулаад доор нь нэг тогоотой. Тэр хоёрын хооронд цахилгаан үйлвэрлэнэ. 
 

-Газрын дээд талд цөөрөмтэй, газрын доод талд бас нэг цөөрөмтэй.
-Тийм. Оройн их ачааллын үед энэ станцыг ажиллуулаад оргил цагийг давна.  Шөнө нь ачааалал буурсан үед насос байдлаар ажиллуулад эргээд дээш нь утсаа татаж дээд цөөрөмөө дүүргэнэ. Ингэснээр ус хуримтлуурын цахилгаан станц хэрэгцээтэй үед дахин ажиллахад бэлэн болно. 
-Цоо шинэ станц гэдэг ойлголт Та хэллээ.Энэ тал дээр манай станцуудын байдал Дэлхийн орчин үеийн станцуудтай харьцуулахад ямар байна?
-Манай станцуудын ихэнх нь 50-иас дээш жил ажилласан, АҮК багатай хуучирсан станцууд энийг чи бид хоёр олон удаа давтлаа. Давтан ярих ч ётой юм. Энэ аюул авчирах болчихоод байна. Тэднийг демонтаж хийгээд шинэ станцуудыг барих ёстой. ХБНГУ аль 1990-ээд онд хоёр герман нэгдсэний дараа манайх шиг ийм цахилгаан станцуудаа демонтаж хийсэн байдаг. Би 1993 онд демонтаж хийсэн станцуудын манайд ашиглаж болох тоног төхөөрөмжийг авахаар Германд явж байлаа. Тэд ямар ч үнэ, өртөггүй өгч байв. Өөрөөр хэлбэл хуучин станцын тоног төхөөрөмж нь тэр үед хог болж байсан гэсэн үг. За энэ ч яахав. Гэтэл манайд үүнээс хойш 26 жил өнгөрсөн байхад мундаг станцуудтай юм шиг төөрч явцгаана.
-Хэдхэн хүн амьдардаг хөдөө сум, зарим баг бригадад төвлөрсөн эрчим хүч хүргэх ач холбогдол юунд байна вэ? Ер нь шугамын алдагдал гэдэг юм цахилгаан эрчим хүчинд аль зэрэг тооцогддог вэ? Ашигт үйлийн коэффициент гэдэг үүднээсээ...
-Энэ асуудлыг хүмүүс шүүмжилж их ярьдаг. Би хувьдаа эсрэг санал бодолтой байдаг. Тиймээ алслагдсан хөдөө сум, бригадад төвлөрсөн эрчим хүч хүргэх нь эдийн засгийн хувьд асар алдагдалтай. Гэвч нийгмийн ач холбогдол нь илүү их юм. Тэнд чинь Монгол Улсын иргэд амьдарч байгаа, тэр хүмүүсийг бодох ёстой. Тэд орчин үеийн амьдралын салшгүй хэсэг болсон телевиз, интернэтийг ашиглах ёстой. Харин тэр алдагдалтай цахилгааны үнэ тарифыг төр хариуцаж байх ёстой юм.
-Аймаг, томоохон сууринд дулааны станцууд байхгүйгээс ахуйн соёлын асуудлаас үйлдвэрлэл хөгжих том асуудал хүртэл байх шиг. Уур, ус, дулаан гээд..:Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Одоо 10 аймагт дулааны станц баригдах гэж байгаа юм байна лээ. Ер нь бүх аймагт орчин үеийн дулааны станцууд баригдаасай билээ. Тэгвэл тэнд үйлдвэрлэл, ЖДҮ энэ тэр чинь жинхэнэ утгаараа хөгжих үндсэн суурь болно. Манайхан энергетик гэдэг хөгжлийн суурийн суурь гэдгийг хатуу ойлгож инженеринг сэтгэлгээгээр энэ салбарт анхаарах болсон.
-Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн Танд уншигч түмнийхээ өмнөөс талархлаа. Дахин уулзаж ярилцлагаа үргэлжлүүлнэ гэж бодож байна.
-Баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.