НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Бодлоор туулсан амьдрал ба МОРИН УРУУЛЫН феноменологи

Б.Алтанхуяг     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-01-18 16:58:10 GMT +8 / | 3229 удаа уншсан

 

Зохиолч Ц.Буянзаяагийн “Морин уруул” романд гарч буй үзэгдлүүд нь Дэгмид өвгөний шороон шуургатай өдөр харсан галт шувуу, цэнхэр өнгөтэй манан, Бичигт уулын гандмал дээлтэй, шарга морь хөлөглөсөн савдаг, тэнгэрт гарсан хоёр нар, дүн өвлөөр дуугарах тэнгэр, шуурганы дараа тал дүүрэн ургачихсан бөгөөд нэгэн агшны дараа үзэгдэхгүй болсон морин уруул зэрэг сэтгэх явцаар ухамсарт нь бий болж буй зүйлүүд юм. Гагцхүү байгаль эх юуны учир энэ бүх зүйлийг Дэгмид өвгөний оюун бодолд ургуулж, нүдэнд нь харагдуулж буйг тайлах эрлийн зүг уншигчдыг огтхон ч хөтлөлгүй, мөн чанар, далд утгыг нь зохиолын гол баатарын бодлоор дамжуулан хүмүүст хэлж өгч буйгаараа “Морин уруул” нь шинэлэг зохиол болж чаджээ.

Учир нь “Энэ улаан шорооны байж байгааг, жилээс жилд л улам нэмэгдээд байх юм аа. Намайг бага байхад манай нутагт шороо шуурдаггүй байсан гэвэл худлаа болно, гэхдээ арай ч ийм байгаагүй юм даа…, ….Манайх чинь газар шороо ухах төнхөхдөө сайн юм, харин ургуулж цэцэглүүлэхдээ маруухан улс байх аа.” хэмээсэн нь Дэгмид өвгөний үзсэн “Гэрийнх нь зүгээс яг түүнийг чиглэн улаан шороон дундуур нэг их хуйларсан бөөн гал довтлогон ирж харагдчихуй” гэх ба “Гэхдээ тэр гал түүний дэргэдүүр өнгөрөхдөө гал биш амьд амьтан болох нь танигдах төдийхөн болоод чанх урагш одчихуй” гэж амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл оньсого мэт бодогдож, сэтгэхүйгээс нь үл салах шороон шуурган дундаас уурссан мэт цоо ширтэх галт амьтны нүдээр анхнаасаа л газар нутаг ухаж төнхсөний учир лус садваг хилэгнэж Дэгмид өвгөн болон өөр бусад хүмүүст дохио өгч байгаа юм гэх зохиолчийн далд санаа, мөн чанар нь анхнаасаа үзэгдэж буй зүйлд нь давхар өгөгдчихсөн байна. Тиймдээ ч Германы философич Эдмунд Гуссерль “Ухамсар бол зүгээр ч нэг бодит биш, харин туйлын бодит, аливаа мөн чанарын үндэс” гэж үзсэн билээ. Үүнтэй адил Дэгмид өвгөний дүр болоод “Морин уруул” романы гол утга агуулга нь үүн дээр л зангидагдаж буй юм.

Мөн Гуссерлиэс ч өмнө феноменологи гэх нэр томьёог хэрэглэж байсан гэгддэг Германы сонгодог идеалист философич Гегель “Үгүйсгэл бол үнэний шалгуур мөн. Үгүйсгэл үгүй байна төөрөгдлийн шалгуур болно” гэж үзсэн байдаг. Тиймдээ ч уг романд алт ухаж байгаад шороон шуургатай хамт аварга том шувуу нисч ирээд нүх рүү унагасан хэмээн ярих хоёр залууг ухаан мэдрэлгүй юм ярилаа гэж шүүмжлэх “нинжа”-нуудын дунд сууж яваа Дэгмид өвгөн “…Тиймээс тэдэнтэй юу ч ярих билээ зөвхөн дотор хүнтэйгээ л, – Өчигдөр би нэг хачин галт амьтан яалт ч үгүй харсан даа. Өчигдөр их л сонин өдөр байж. Би галт амьтан хараад өөр хүмүүст бас аварга том шувуу харагджээ. Яахын л аргагүй миний харсан тэр гал бол амьтан байсан даа” хэмээн бусдад мэдэгдэлгүй сэмхэн ярих “Сонин юм даа. Миний дээр харсан нөгөө нэг галт амьтантай л төстэй юм шиг байна даа. Яахаараа хадны зураг тэгж гал шиг улалзан харагддаг байна аа. Эд нарт би бас гал дүрэлзсэн сонин амьтан харсан гээд хэлчихвэл айж сандраад сүйд болох байлгүй. Холын хүмүүст юу ч хэлэхэв” хэмээх нь үзэгдэж буй юмсын мөн чанарын тухай ойлголт бөгөөд үнэний үгүйсгэл юм. Тиймдээ ч Дэгмид насан эцэстлээ өөрийн дотоод мөн чанарт үнэнийг хадгалсаар байдаг. Харин тэр өөрийн үзсэн бодит зүйлсийг үгүйсгэх сэтгэлгүйгээр шуудхан л хүн бүхэнд ярьж явсан бол үнэн үгүй болж Гегелийн үзсэнээр бодол дотроо төөрөлдөх байсан болов уу.

Нөгөөтэйгүүр Дэгмид өвгөний оршихуйн утга учир нь дурсамжийн гэрэл гэгээ юм. Тэр өөрийн гэсэн гэрэлтэй, бүрхэг, цочмоор олон дурсамжуудыг сэтгэлдээ сэргээн санаж түүгээрээ өөрийгөө хүрээлүүлэн өдөр хоногийг өнгөрөөнө. Үүнийгээ өөрт нь тохиолдох гэнэтийн явдлуудын хүчээр дурсан санаж, домгийн ертөнцөд очин ухамсаргүйгээр “архетип” бий болгож байна. Дэгмидэд төсөөлөгдөж буй зүйлүүд лууны дүрс, Хүдрэнгийн голд луу ичдэг гэх яриа, Бичигтийн хаднаас лууны мөр үзвэл их буян хураадаг, урт насалдаг гэх цуу зэргийг хооронд нь холбож өгсөн нь зохиолд онцгой байр суурь эзлэх бөгөөд ид шид, үлгэрийн олон баримтууд энэ номонд олноор бичигдсэн нь талын дунд цавцайх эсгий гэрийн дотор, тоонын хээ туяаруулан гэрэлтэх галын хажууд үлгэр, туульс зохиогдож эцэг өвгөдийн түүх бүтээгдэж байсныг өгүүлсэн санаа биз ээ.


Хамгийн гол нь хуудсаас хуудас дамжин өгүүлэгдэж буй ганцхан хүний бодол л энэ романы турш үргэлжилнэ. Үнэний үгүйсгэлийг олж нээснээрээ үнэн гэдэг зүйлтэй учирч буй Дэгмид өвгөний ухаарал нь “Сэржмаа уураг тархинд минь, сэтгэл зүрхэнд минь үргэлжид цуг байсан болохоор насан туршид минь л надтай хамт байсан байж таарч байгаа юм биш үү” гэх мөчид хүрээд “Тэгээд ч гэсэн хүний биеэр туулсан амьдралаас бодлоор туулсан амьдрал нь хавьгүй уудам байдаг бус уу. Тиймээс Сэржмааг хүлээгээд байх шаардлага надад байхгүй байсан юм байна, эргэж ирээгүйд нь харуусах шалтгаан ч угаасаа байхгүй байсан юм байна” гэж бодсоноо толгойгоо дахин хэзээ ч дааж чадахааргүй болчихуй” хэмээн бодол нь дуусна. Өвгөн дахин өндийхөөргүй болжээ. Тиймээ “биеэр бус бодлоор туулсан амьдрал” хавьгүй уудам байдаг бус уу. Юутай ч Дэгмид өвгөн өөрийнх нь оронд ажлыг нь хүлээн авах эмч байхгүйг сайн ухамсарлаж байвч, үхэл ирчихээд буйг ухааран Долзодын бага хүүг сумын төв ороход нь эмнэлгийн захиралтай уулзуулахыг даалгаж буй, эцсийн эцэст морин уруул нь тал дүүрэн ургахыг харсан ч түүндээ эргэлзэж байгаа зэрэг нь үзэгдэж буй юмсын жинхэнэ дүр, бодох бүрийд тархинд нь асар том орон зайг эзлэн тэлсээр байсан хэрэг. Ийм л нэг бодлоор туулсан амьдрал дэндүү уудам байсан нь мэдээж. Монголын уран зохиол дахь хүүрнэл зохиолын нэгэн том төлөөлөгч С.Дашдооров гуайн өгүүллэг шиг буугаад л мордох хорвоод үзэж харсан зүйлсээ үгүйсгэх төвшинд хүргэж, дурсамжийнхаа аглагт даяанчлан, бодлоор тэтгэгдэж яваа хүмүүний оршихуйн утга учир нь дан ганц сэтгэхүйд бус бусдын тухай гэгээн бодолдоо ганцаар суух мөч бүр нь хүний сэтгэл зүй, хайр дурлал, шашин, нийгмийн бүрхэг байдал, цөвүүн цаг, уул усны нарийн тогтолцоо, ичимтгий зан төрхийн мөн чанарт хандаж өгсөн нь Дэгмид өвгөний төсөөлөл, мэдрэхүйд зангидагдсан байна.

“Эд зүйлсийн хувьд оршин байх гэдэг нь хүнд ашиглагдах гэсэнтэй утга нэг сонсогддог бол, хүн оршин байх явцдаа гадаад ертөнцөө өөрчлөн хувиргаж, сонголт хийж, ингэснээрээ өөрөө өөрийгөө ч бас өөрчилдөг” гэж Мартин Хайдеггер үзсэн. Тэгвэл зохиолын гол баатар маань өөрийн оршин байх үедээ бодол санаандаа буух зүйлүүдийн өөрчлөлтүүдийг ухамсаргүйгээр тусган авч өөрийгөө бүхэлд нь өөрчилж байна. “Луу үнэхээр байдаг болов уу гэж үнэн санаасаа нэг удаа ч эргэлзэн гайхширч байгаагүй билээ. Дэгмидэд луу гээч амьтан домгийн л амьтан, газар дэлхий дээр тийм амьтан огт байхгүй гэсэн итгэл үнэмшил оюун санаанд нь гүн гүнзгий хадагдсан юм. Тэгтэл энэ итгэл үнэмшил нь нөгөө галт амьтныг өөрийн нүдээр харснаас нь хойш бүрмөсөн өөрчлөгджээ. Дэгмид Хүдрэнгийн голын эхэнд луу ичдэг гэдэгт одоо эргэлзэхээргүй болжээ” гэсэн буй. Үлгэр, домгийг зохиомол л гэж бодож явдаг Дэгмид өвгөн нэгэн шуургатай өдөр галт шувуу дэргэдүүр нь нисэн өнгөрснийг үзсэн цагаас л эхлэн бүхий л сэтгэхүй нь нэг ёсондоо урвалд орж гадаад ертөнц нь хувирснаар өөрийгөө өөрчилж байгаа юм. Ерөөс хувь хүн аж төрөх, нөгөөтэйгүүр оршин байх гэдэг хоорондоо тэс ондоо зүйлүүд ажгуу. Хүн төрөлхтний сэтгэхүй аж төрөх тал руугаа нэлээд хэвгийсэн боловч оршихуйн утга учир, мөн чанар нь төсөөллөөр дамжин сэтгэхүйд үүсэж буй зүйлс юм гэдгийг цөөнх нь ухамсарладаг.
“Морин уруул”-ын хамгийн их сонирхол татахуйц нэгэн бүлэг нь “Эр газар” юм. Насан өвгөн Дэгмидэд нөгчихөөсөө өмнөхөн хоёр газар нүдлүүлж, сайтар ажиглаж авахыг тушаасан байдаг. Дэгмид үүний учрыг нь тайлалгүй явсаар л… Харин “Монголчууд газрыг эр, эмээр нь ялган тогтоогоод тухайн газар нутгийн онцлог байдалтай амьдрал ахуйгаа тохируулахыг эртнээс хичээж иржээ…, … Учир нь эм газар нь хэзээ хувьсан өөрчлөгддөггүй учраас олон жилийн дараа ч нуусан зүйлсийг эргэж хайхад төвөггүй олддог байна. Харин эр газар бол тодорхой хугацааны дараа хувьсан өөрчлөгддөг учраас ямар нэгэн зүйлээ булж үлдээвэл эргэж олоход төвөгтэй болдог байсан байна” хэмээн Дэгмид радиогоор уламжлалт ардын ухаан судлаач хэмээгдэх нэгэн эрдэмтний яриаг олж сонсоно. Энэ нь өвгөний ухамсарт тусч буй баримт юм. Тийнхүү “…Дэгмид өнөөх хоёр газрынхаа өвс, шороог нь л арай тоолж үзсэнгүй. Сайтар нарийвчлан шинжилж харлаа. Нэг их юм бодолгүй хальт, мульт харвал олон жилийн өмнө Насан өвгөнийг дагаж анх очсоноос нь хойш тэрхүү хоёр газар дээр хүний нүдэнд анзаарагдах өөрчлөлт нэг их ороогүй юм шиг л харагдах аж. Гэсэн хэрнээ сайн анзааран харвал эхний үзсэн газар нь зарим хэсгээрээ үл ялиг овон товон үүсгэсэн байхын сацуу өвс ургамал нь өөрчлөгдсөн байх нь анзаарагджээ. Харин хоёр дахь газар нь ямар ч өөрчлөлт ороогүй анх харахад ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа мэт санагджээ. Энэ бүхнийг харчихаад Дэгмид арай ганцаараа дуу алдсангүй. Насан өвгөн түүнд газрын хүйс нүдлүүлэх гэж тийнхүү хоёр газар зааж өгсөн аж” хэмээн ухамсарт буусан зүйлээсээ тухайн юмсын мөн чанарыг олж, нээж буй явдал юм. Үүнтэй холбоотойгоор дахиад л Гуссерлийн жишээг татах хэрэгтэй болох нь. Түүний “Аливаа зүйлийн ухамсарт тусч буй туйлын мөн чанарыг тодорхойлох нь феноменологийн нэг чухал үүрэг юм. Аливаа зүйл ухамсарлагдаж байгаагийн гол учир мөн чанарт нь л байгаа хэрэг” гэж үзсэнтэй Ц.Буянзаяагийн зохиолд гарч буй газрын эр, эм хүйсний талаарх өгүүлэмж Дэгмид өвгөний үйлдэлтэй гойд сайхан зохицож буйтай маргах хүн үгүй биз ээ. Баримт угаас оршин буй зүйлсийг л тодорхойлон өгүүлдэг. Харин энэ нь “Ингэхэд ер нь Чингис хааныг эр газар онголчихсон юм биш үү. Тиймээс өнөөдөр зүсэн зүйлийн хүмүүс их хааны маань онгоныг хайгаад олохгүй байгаа юм биш үү” гэх цаад мөн чанарын асуудалд хандах шинэ хандлагаар илрэн ухамсарт тусч байна. Оршин тогтнож буй бүхий л цаг үедээ хүмүүс юмсын мөн чанарыг эрж хайсаар ирсэн. Учир нь оюун ухаан, сэтгэхүйгээ аль ч зуунд хөгжүүлэхэд анхаарч байсан нь юмсын мөн чанарыг олж мэдэх хязгааргүй хүсэлд хөтөлсөн хэрэг. Тиймдээ ч ухамсар нь ахуй болон оршихуйгаа тодорхойлно. Нэг ёсондоо Дэгмид өвгөн бодлоор дамжуулан аж төрж байна гэсэн үг билээ.

Цаашилбал “Хараад байхад тэр гөрөөс яг л нэг газартаа ирээд зогсох агаад Дэгмидийг сонжих мэт маш хянамгай ажиглана. Нүд нь хачин тунгалаг хэрнээ зөөлөн усгал харцтай аж. Тэр харцаараа ямар нэгэн юм хэлэх гээд ч байгаа юм шиг л Дэгмидэд санагдчихуй” гэх буюу “Эртний судар номд хүний хэлээр ярьдаг гөрөөс байсан тухай Дэгмид нэгэнтээ сонсож байсан” хэмээжээ. Энэхүү гөрөөс нь Дэгмидын оюун санаанд тусч буй дотоод хүн юм гэж ойлгож болохоор. Хэлж, ярьж байгаа зүйлс нэгээхэн үгүй боловч зөөлөн усгал харцнаас нь бүгдийг уншиж болохоор буйг Дэгмид ямар нэгэн ухамсаргүйгээр ойлгож байна. Цаашид тохиолдох олон зүйлсийн учир шалтгааныг ойлгуулахын тулд Дэгмидэд харагдаж буй энэхүү гөрөөс нь муу зүйлүүдээс өвгөнийг хамгаалж, сэтгэл зүрхийг нь цэвэр ариун, бодол санааг нь саруул тунгалаг байлгадаг аж. Гуссерль “Ухамсар гадаад ертөнцөд хандсаныг хүлээн зөвшөөрч өдөр тутмын амьдрал, шинжлэх ухааны үйлст хүмүүс ухамсараас хамаарахгүй, объектив гадаад ертөнц байгаад л итгэдэг. Энэхүү гадаад ертөнц бол тусгай шинжлэх ухааны судлах зүйл мөн. Философийн судлах зүйл бол ухамсар, гадаад ертөнцтэй холбогдох хүмүүсийн бодит ухамсар биш, ямар нэг санааны ахуй мөн. Энэ бол хүнд байдаг боловч хүний гаднах, туйлын ахуй, цэвэр ухамсрын ертөнц болой. Чухамхүү энд л туйлын үнэн мэдлэг байх агаад мөн чанарыг шууд бясалгах замаар хүрч болно. Цэвэр ухамсрын агуулга бол феноменологийн судалгааны зүйл мөн” гэж үзжээ. Үүнтэй холбогдох тайлбарыг хүргэе. Дэгмид өвгөнийг ойртоод очиход гөрөөс цаашаа үргэн зугтчихаж байгаа юм. Тийм мөртлөө нэг газраа зогсоод өвгөнийг ажигладаг. Өвс хазлах ч үгүй, хөдлөх ч үгүйгээр шүү. Энэ бүхнээс үзэхэд усгал нүдэт гөрөөс бол Дэгмид өвгөний гадаад ертөнцтэй холбогдох бодит зүйл биш болох нь тодорхой харагдана. Харин өөрийн дотоод мөн чанарын асуудал руу нь хөтлөх сэтгэх үйл явцад нь бий болж буй зүйл юм.

Гагцхүү эхнээс нь уншихад л зохиолч маань романаа гаргах гэж арай яарсан мэт санагдаад байсан зүйл маань “Сүри гөрөөс”-ийн дүрийг оюундаа амилуулсан эл бүлэгт тодхон анзаарагдлаа. “Нүд нь хачин тунгалаг хэрнээ зөөлөн усгал харцтай аж” гэх өгүүлбэрт “нүд, харц” гэх үгс давхардан оржээ. Зүгээр л “Хачин тунгалаг хэрнээ зөөлөн усгал харцтай аж” гээд л хэлчихэд болмоор санагдана. Иймэрхүү жишээнүүд олон ч ярьж буй зүйл маань өөр учир ингээд орхиё. Мөн сэтгүүлч Б.Галаарид уг романы тухай тэмдэглэлдээ “Тэнгэрт хоёр нар мандаж, хөхүй өвлөөр тэнгэр дуугарч, чоно нохой шиг атлаа уртаас урт дэлтэй амьтан жолооч залууд харагдсанаас тэрэг нь хөрвөөсөн зэрэг хий биеийн учир битүүлэг элдэв сонин үзэгдэл учралын талаар романы эхнээс дуустал өгүүлсэн нэвт шугамыг бүхэлд нь авч үзвэл этгээд сонин учралууд хоорондоо төдийлөн хамааралгүй мэт боловч нэг л зүйлийг хэлэх гээд байна гэсэн хүлээлт үүсгэж, түүний тайлал романы хувь заяаг тодорхойлно гэсэн урьдач дүгнэлт өөрийн эрхгүй бий болгоно” гэсэн нь тун оновчтой боловч буруу дүгнэлт. Дээрх бүхнээрээ юуг өгүүлж буйг зохиолч Дэгмид өвгөний үхэлд шингээн тайлбарлаж өгөөгүй бөгөөд өөрийн олж мэдсэн оюун санааны хийсвэр ертөнцийн үзэл нэвт шингэсэн онцгой санаануудаа төдийлөн сайн нэгтгэн холбож чадаагүй мэт санагдсанаа нуух юун.

Хамгийн гол нь энэ роман өгүүлэгдэж буй бүхий л зүйлсийн учир шалтгааныг огт тайлбарлалгүй орхисноороо ихээхэн анхаарал татаад буй юм. Тиймдээ ч Дэгмид өвгөнд харагдаж буй хоёр нар, морин уруул, галт шувуу, уулын савдаг, өвөл тэнгэр дуугарах зэрэг нь үнэндээ хүний нүдэнд харагдаж, биеийг нь тэмтэрч, барьж үзэж болохоор бодитой оршихуй биш боловч оюун санаанд тусгагдаж, бодлоор амилсан ахуйн мөн чанарын тухай ойлголтууд юм. Зохиолч харин үүнд л тайлбар хийсэн байна. “Би зөвхөн өөрийнхөө л уураг тархи, бодол сэтгэхүйнхээ орчинд морин уруул цэцэг тал дүүрэн ургасан байна гэж харсан юм бишүү. Үнэхээр бодитойгоор ургасан байсан бол гэнэт харагдсан шигээ гэнэт алга болохгүй байж л байх байсан байлгүй. Тэр бүхнийг би зүгээр л өөрийнхөө бодол сэтгэхүйдээ д бий болгон харж байж дээ” гэх бөгөөд “Тиймээс бодит зүйл дээр ч, бодит бус үйл явдал дээр ч ихэнх хүмүүс бусдын бодол сэтгэхүйн нөлөөлөлд оршин байдаг аж. Ингэж бодохоор хүмүүс бие махбодоороо салангид хэрнээ оюун сэтгэхүйгээрээ хоорондоо хэтэрхий хамааралтай юм шиг санагдчихуй” хэмээжээ. Ийнхүү Дэгмид өвгөн амьдралынхаа эцсийн мөчүүдэд бусдын тухай биш өөрийнхөө дотоод мөн чанар луу хандаж байна. Бодит зүйл ч үнэндээ бодит бус санагдаж хүний оюун сэтгэхүйд өөрөөр амилна. Юм бүхэн л оршихуйн хувь хоорондоо давтагдашгүй мөн чанартай байдаг. Тал дүүрэн ургасан морин уруул цэцэг бүр нэг л иш, адилхан тооны дэлбээтэй, гадаад төрхөөрөө хоорондоо яг ижил боловч Дэгмид өвгөн тэднийг бие биестэйгээ адилгүй бүх зүйл цор ганц байдаг гэдгийг ойлгохын төлөө л амьдарсан юм. Нэг морин уруул нэг л байдаг. Түүнтэй яг адилхан морин уруул байхгүй. Бүгд л өөрсдийн гадаад үзэмжээр Дэгмидийн нүдэнд харагдавч ухамсар, сэтгэхүйг нь ямагт мөн чанарын тухай асуултаар дүүргэдэг. Тиймдээ ч агшин зуур харагдаад алга болчихож байгаа юм. Үүнийг л би “Бодлоор туулсан амьдрал буюу морин уруулын феноменологи” гэж нэрлээд байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.