НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хэрлэн голд осолдсон хоёр дахь иргэний цогцсыг гаргажээ

ner.mn     Нийтлэгч
8 өдрийн өмнө /2019-08-09 19:08:52 GMT +8 / | 274 удаа уншсан

Онцгой байдлын алба хаагчид Хэрлэн голд живсэн хоёр дахь иргэний цогцсыг өчигдөр 12.35 цагт ослын газраас 38 км-ийн зайнаас олж, гаргасан тухай ОБЕГ мэдээлэв.  Хэнтий аймгийн Хэрлэн сумын  нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар зугаалж явсан дөрвөн хүний нэг нь живсэн дуудлага энэ сарын 3-ны 14.40 цагийн орчимд иржээ. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсэн байна. 

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэх газарт тус сумын харьяат, 48 настай иргэн энэ сарын 4-ний 12.15 цагийн орчимд ногоо усалдаг усалгааны системийн хоолойг Хэрлэн голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу ослын газарт дээрх бүрэлдэхүүн ажиллаж, энэ сарын 7-нд цогцсыг нь гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Он гарсаар  улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 9 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр, өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн  аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн 8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар, Хэнтий нуруунаас усжих Туул, Хараа, Онон, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Орхон, өврийн Түй, Байдраг, Буянт, Завхан, Онги, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны Ерөө, Туул, Сэлбэ,  Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Цагаантуруут, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Намир, Хариг болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-35 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд  голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.  

Түүнчлэн үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх ,

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.