НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

СИБИРИЙН ХӨГЖЛИЙН ЗАГВАР БОЛСОН ГАЙХАМШИГТ МАСЛЯНИНО

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
3 сарын өмнө /2019-08-16 20:02:50 GMT +8 / | 781 удаа уншсан

ХЯМРАЛААС ХАМААРАЛГҮЙ ЭДИЙН ЗАСАГ 

Хөгжил дэвшил хүний хүчин зүйлээс хамаардгийн нэг жишээг Оросын Сибирийн аглаг буланд байгаа 25 мянган хүнтэй районы амьдралаас харж болох юм. Бид хөгжил ярихаар Сингапур, Шинэ Зеланд, бүр Люксенбург гээд явчихдаг. Дэргэдхэнд байдаг Сибирь, яг нарийндаа Алтайн хязаараас хойхно. Увсаас машинаар гараад жийх юм бол өдөртөө очих нутаг. Манай Налайх дүүрэг шиг, эсвэл дунд зэргийн аймгийн төв, жижгэвтэр аймаг Говь-Сүмбэр шиг орон нутагт дээрх хөгжилтэй улс орнуудаас дутахгүй амьдралыг ард иргэд нь цогцлоож байна. Эрхэм уншигч Танаа энэ өгүүллээс санаа авч амьдрах соёл, арга барилаа шинэчлэн өөрсдийн суурин, хот, аймаг сумаа хөгжүүлэхэд нэмэр болоосой гэх хүсч үүднээс бичлээ. Аливаа хөгжил өөрийн өгөгдэхүүн, тухайн ард олны зан үйл, дадал зуршилд тохирсон “модель” дээр суурилагддаг. Би энэ суурингийн амьдралыг оросын “Эксперт” сэтгүүлээс арван жил ашиглан харж байгаа юм.


Вячеслав Ярманов 2018 онд 1.25 сая рубль олжээ. Цалин нь. Новосибирск мужийн Маслянино районы тэргүүн. Вячеслав Ярманов. 2017 онд түүний орлого нэг сая рубль байв. Хууль ёсоор мөнгө олно гэдэг энэ. Манайхаар бол сумын дарга хүн шүү дээ. Жилийн орлого нь манайхаар бол 50 гаруй сая төгрөг гэсэн үг. Манайд 50 сая төгрөг авдаг сумын дарга байвал тэр хүн хулгай хийж хувалз болох тухай бодох уу? Бодохгүй л болов уу. Ажлаа л улам сайн хийнэ гэж мэрийнэ. Нэгэнт сумын даргын албан ёсны орлого ийм байхад бусад хүмүүсийнх үүнтэй ойролцоо зарим нь илүү гэдгийг уншигч Танд сануулья. Манай сумын дарга нарын жилийн цалин ойролцоогоор 12 сая төгрөг орчим. Тэгэхдээ энэ бол В.Ярмановын олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм.

Хөгжлийн нууцыг уншигч түмэндээ өчүүхэн миний бие хүргэхийг хичээлээ. Эксперт сэтгүүлд (2010.№5) нийтлэгдсэнийг толилуулж байна. Экспер сэтгүүлийн сэтгүүлч ярьж байна аа. 2010 онд шүү дээ.


Анх Маслянино районы тухай хоёр хүнээс сонссон билээ. Нэг дэх нь тэр нутгийн унаган хүн. Тэрбээр надад “газар дээрх диваажин” гэж Масляниног тодорхойлсон юм. Түүний үгээр бол байгаль нь, хүн ард нь, түүнээс юун тухай асууна уу, тэнд юм бүхэн сайхан гэж билээ. Өргөст хэмх, хулуу, үнээний сүү нь цөм сайхан. Амттай, шүүслэг, өтгөн гэх мэтээр магтана. Ус нь хүртэл мөнгөлөг сайхан гэнэ. За энэ ч яах вэ, нутгаа хүн болгон магтдаг юм хэмээн бодлоо, би. Энэ буйд орон нутгийн хүн үүнээс олигтой газар орон олж үзээгүй хэрэг ч гэж бодож үзэв. Хоёр дахь хүн нь “Эксперт” сэтгүүлийн Сибирь дэх тусгай сурвалжлагч. Тэрбээр бас нэг дэх хүний яриаг бараг үг үсэггүй давтав. Тэнд урлаг соёл, биеийн тамир спорт, аялал жуулчлал гээд олон төрлийн бизнес зэрэг зэрэг цэцэглэн хөгжиж байна гэнэ. Хөрөнгө оруулагчид сэтгэл хангалуун, тэндэхийн хүмүүс амьдралдаа хангалуун, хүмүүс нь байнга инээмсэглэл уруулдаа тээж явдаг гэнэ. Түүнтэй хамт тийшээ зам нийллээ. Новосибирскээс 160 км Баруун Сибирийн тал дундуур яваад очно. Ой мод, хээр тал, дов толгод, Салаирскийн гүдэн гүвээ.

Том хотоос гараад явахаар орон нутгийн суурингуудын царай алдсан барилга, байшин, хашаа хороотой, гудамж талбай нь замбараагүй, муруй сарий, тоос шороо бужигнаж, шавар шавхай хөглөрч, өвөл цасан овоолго энд тэндгүй байдаг нэг хэвийн гэмээр дүр төрх байдаг даа. Маслянино хүртэл яг л тийм байв. Жишээ нь, Маслянино хүрэх замд наана нь 60 гаруй км-т таарах Черепаново сууринрахуу царай алдсан гэдэг ч юм уу. Цаашаа ийм байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй дээ гэж хамт явсан нөхөддөө хэлж явав. Тэд миний хэлсэнд үнэхээр ямар ч ач холбогдол өгсөнгүй. Маслянино нь зарим эх сурвалжаар ХVII зуунд бий болсон, заримаар ХVIII зуунд бий болсон суурин гэнэ. Оросын төв хэсгээс Сибирийн өтгөн тайгад Бердь, Барсуучих хоёр голын уулзварт хүмүүс нүүж ирснээс энэ суурин бий болсон гэдэг. Нэрний үүсэл гарлын хувьд ч олон таамаг бий. “Маслята” хэмээх мөөгний нэр үү, Маслов (шар тосныхон. Х.Б) хэмээх ургийн овогтонгууд ирснийх үү? Эсвэл маалинганаас “есийн тос” гаргаж авдаг байснаас үүссэн нэр үү хэмээн санаа дэвшүүлж таамаг тавьдаг ажээ. Маслянино район хэдийнээс дэг журамтай газар байжээ. Суугуул Герман хүмүүс энд олноор амьдарна. Одоо бол бүр цэцэглэн хөгжиж байгаа газар. Энд оросын германууд амьдардаг бөгөөд тэд Герман луугаа нүүхийг төвдөдгүй гэх. Учир нь энэ сайхан газар дэндүү дасан зохицжээ. (Эндээс Германууд европын соёл, европ стандарт руугаа тэмүүлэхгүй байхыг бодоход нэг юм өөрийн эрхгүй хэлнэ. Казахстаны германууд гэхэд суурин суурингаараа нүүсэн. Х.Б.) Германчуудын үнээ гэхэд орд харш шиг юманд байдаг гэнэ гэж ярьдаг даа. Би нэг удаа (2003 он) Герман улсад явж байхдаа гахайн ферм-д ороод эмнэлгийн мэс заслын тасагт орчихов уу гэж бодогдсон шүү. Элдэв гялгар уутан бээлий, цагаан халат зэргийг өмссөн. Тэндээс гахай ямар нэг өвчний вирус авна гэж “гонжийн жоо” гэж бодогдож билээ.

ЗА ИНГЭЭД МАСЛЯНИНО РАЙОНЫ ТАЛААР...

Новосибирск мужийн орон нутгийн засаг захиргааны нэгж. 25.165 хүн амтай. Үүнээс хотод 13.359, хөдөөд 12.806 хүн амьдардаг. Төв нь Маслянино хэмээх хот маягийн суурин. Үйлдвэрлэл нь “Тоосгоны үйлдвэр” хаалттай хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Суенга” (эрэлч) артель, “Сибирская нива” хэмээх сүү, мал аж ахуйн цогцолбор (“Эконива” хэмээх оросгерманы хамтарсан холдингийн харъяа), бусад 16 жижиг үйлдвэр. Модон эдлэлийн үйлдвэрлэл гэхэд фанер (сарампай, наамал банз), шпон, пластик цонх, цонх хаалганы модон бэлдэц, зөөлөн болон корпусын мебель, талх, чихрийн үйлдвэр, ногооны консерв, архи, дарс, ундаа, пиво гээд явна. Хөдөө аж ахуй нь гэхэд 18 төрлийн мал, амьтан үржүүлэх болон ургамал тариалах аж ахуйтай. 27 үр тарианы болон фермерийн аж ахуй үйл ажиллагаа явуулдаг. 13 боловсруулах буюу бүтээгдэхүүний бэлдэц хийдэг аж ахуй. Соёл, боловсрол хувьд 28 сургууль. 26 соёл үйлчилгээний байгууллагатай. 22 номын сан. 25 мянган хүнд 22 номын сан шүү!!! Орон нутгийн музей, зочид буудал. Аялал жуулчлалын “Юрманка” хэмээх цанын бааз, “Елбаньские ельники”, “Петеневские ельники”, “Барсуковская пещера” хэмээх мужийн хэмжээний жуулчин, аянчинд зориулсан байгалийн дурсгалт газрууд байна.

2019 оны байдлаар Маслянино Буянт шар тосны суурин болжээ. Энд хоногт 50 тонн бяслаг гаргаж байна. ОХУ 2014 оноос хойш Европын хоригт ороод Голланд бяслаг олдохоо байгаад баларч байсан шүү дээ. Өнөө брынз бяслагаа Кавказаас татаж байлаа. Брынз гэдэг хонины сүүгээр хийдэг давсалсан бяслаг юм даа. Махнаас үнэтэй. Манай дэлгүүрүүдэд Европ аргаар боловсрууласан нэг кг бяслаг 35-40 мянган төгрөг байгаа шүү. Тэгэхээр 25 мянган хүнтэй нэг суурин хоногт 50 тонн бяслаг гаргана гэдэг жилд 18 сая килограмм бяслаг гаргана биз. Үүнийг 30 мянган төгрөгөөр үржүүлбэл хязгааргүй тоо гарна?! 547 тэрбум төгрөг. Баллаж байгаа биз дээ? Том мөнгө үү?! Ийм суурингийн дарга жилд 50 сая төгрөгийн цалинтай байхад хэн юу хэлэх юм?! Ганц бяслагнаас олж буй орлого. Үүнээс гадна хоногт грюйер, аппенцеллер маягийн хатуу бяслаг 10 тонныг үйлдвэрлэж байна даа, цаана чинь. Бусад үйлдвэрийн орлогыг тооцох юм бол юу болох билээ?! Манай “Буян”-гийн Б.Жаргалсайхан 20 сая ямаанаасаа 300 грамм ноолуур аваад түүгээрээ утас ээрээд бэлэн бүтээгдэхүүн гаргаад экспортолбол ийм тийм тэрбум доллар олно гээд тоо бодоод байдаг бас учиртай хэрэг. “Эксклюзив” брэндийн Г.Майцэцэг "Монголчууд хувцасаа хийдэг болбол импортыг тэдэн тэрбумаар орлуулна" гээд тоо бодоод байгаа нь ийм учиртай л юм. Манай төрийн томчууд Сибирийн тосгоны дарга В.Ярманов шиг байх л үлдэж дээ!!! Маслянино бол цэх нуруутай хүн бөгтөр хүнээс яаж ялгардаг билээ, түүн лүгээ бусад суурин тосгоноосоо ялгарах ажээ. Цайз мэт бат бөх тоосгон болон модон байшингууд эгнэнэ. Шинэ сэргэг өнгөтэй хашаа хороо, гялалзсан хаалга цонх. Дэлгүүр хоршооных нь цонх, зурагтын дэлгэц, шил толь шиг наранд гялалзана. Цэвэр цэмцгэр зам талбай нүд баясгана. Хамт явсан нэгэн, эндэхийн хүүхдүүд нь ч гэсэн соёл иргэншилт газрын улс шиг гоё хувцаслажээ. Ёстой хүн шиг хувцаслана л гэдэг энэ байх даа. Гэтэл дайраад өнгөрсөн Бердск мэтийн газарт хүүхэд залуучууд спорт өмд цамц хайш яйш өмссөн нэгэн жигд ихэр гэмээр хүмүүс. Дасал болсон хөдөөх маягийн хувцаслалт нүд дардаг гэв. Эндэхийнхэн харин үнэхээр хүн шиг гоё хээнцэр хувцасласан байлаа.

Маслянино районы тэргүүн Вячеслав Ярмановтой “Эксперт” сэтгүүлийн сэтгүүлч уулзсан юм. (Энэ бол 2010 оны дүр зураг шүү. Х.Б) Тэрбээр зохиолч В.М.Шукшиний кино хальснаа үлдээсэн тосгоны хүний дүрүүдтэй нь усны дусал шиг адилхан хүн байлаа. Харин тэгсэн Ярманов Алтайн хязгаарын уугуул хүн бөгөөд арван настайдаа эцэг эхээ дагаж энд ирсэн хүн гэнэ ээ. Цай, кофегоор биднийг дайлангаа, -Манайд тохь тухтай сайхан байгаа биз гээд, -Иргэд маань өөрсдөө зам талбайгаа өнгө үзэмжтэй байхыг санаачлан зохион байгуулдаг. Төв сургуулийн дэргэд өнгийн харандаануудтай том харандааны үзмэр байгаа биз. Энэ бол тэдний санаачилгаар бүтсэн эд. Бүх сургуулиуд өөрсдийн гэсэн “брэнд”-ийн гоёл чимэгтэй. Тоосгон заводын ч бай, төр захиргааны байрны ч бай орчных нь зам талбай яг адилхан цэвэр цэмцгэр. Энэ бол том соёл. -Та нарт ингэж уйгагүй соёлжих нь ямар хэрэгтэй юм бэ? -Юу гэсэн үг вэ гэж Ярманов гайхаад -Энэ бол амжилт. Соёл гэдэг хөгжлийн үндэс суурь. Бид тоосгон заводын явган хүний замыг шил толь болтол нь цэвэрлэж, гоёсон. Тэгсэн ажилчид тэнд тамхины иш, шүдэнзний мод ч хаяж чадахаа больсон. Гудамж талбайд хог новш байхад хүн бүр юу ч бодохгүй хогоо хаядаг. Би арван жил тоосгон заводын захирал нь, эзэмшигч нь байсан. 2004 онд районы тэргүүнээр сонгогдсон. Удахгүй сонгууль болно. Юу болохыг нь харж л байя.

 

27 жилд 15 Засгийн газар солигдож, нэг Засгийн газрын дундаж нас 1.3 жил, 300 сайд томилж, нэг сайд жил хүрэхгүй ажиллаж, төрийн мэргэшсэн, хариуцлагатай байх зарчим алдагдаж ирсэн. Улс төрийн талцал хуваагдлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засахгүй бол иргэдийн 4/1 нь ямар нэгэн намын гишүүнчлэлтэй болсон. 

Жич: Бидний байгаа байдал тэр сибирийн гүнд байгаа В.Ярмановын байгаа нь байдал тэнгэр газар шиг байгаа биз?!

Жич: 2019 онд В.Ярманов районы тэргүүн байж л байна. 15 жил районы тэргүүнээр ажиллажээ. Ингэж байж жилд 50 сая төгрөгний цалинтай болсон байна шүү дээ. Сайн хүнээс ард иргэд залхдаггүй байна. Саяхан УИХ-ын дэд дарга Л. Энх-Амгалан твиттер хуудсан дээрээ ингэж тэмдэглэсэн байна билээ.

2019 ОНД В.ЯРМАНОВЫН ЯРЬЖ БАЙСНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЬЕ.

-Та яагаад районы тэргүүн болохыг хүссэн юм бэ? гэхэд, (Ярманов мөрөө хавчснаа),

-Өөрийнхөө хүчийг үзэх гэсэн ч хэрэг юм уу. Сайн мэдэхгүй байна аа. Хэн нэгэн хийх л ёстой ажил шүү дээ. Хэрэв ажилд очсон бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Хийж байгаа бол хийх юмаа сайн ойлгож, мэдэж ажиллах хэрэгтэй. Надад хөдөө аж ахуйд яаж ажиллах, залуучууд райондоо эргэж иртэл нь юм хийхсэн гэсэн ойлголт суучихсан байсан. Хүмүүс эндээ үргэлжид амьдрахын тулд тэдэнд бололцооны ажил хэрэгтэй. Тамын биш, хүнд хүчир биш гэхдээ өндөр цалин пүнлүү өгдөг ажил хэрэгтэй. Гол нь хүүхдүүдэд нь бүх л сайн сайхан юмыг хүртээх хэрэгтэй. Иймээс би “хотын хүний” өмнөөс сэтгэж ажилласан. Тийм учраас бүх юмыг цогцолбороор нь хийх хэрэгтэй юм байна гэж удирдагч хүний хувьд ойлгож байв. Иймээс хүмүүсийг ухуулж эхэлсэн дээ.

-Бэрхшээл байсан л биз дээ?

-Эхэндээ бэрхшээл байсан. Одоо бол бүгд зорилгынхоо төлөө зуун хувь дайрахаар шийдсэн. Иргэд маань юуны төлөө шатахаа ойлгож эхэлсэн. Намайг дарга болсны найман сарын дараа 2004 онд Бүх холбоотын улс ардын аж ахуйн ордон (ВДНХ) болон Кремльд Хөдөө аж ахуйн ажилчдын өдөр болсон. Жил бүр болдог. Бид хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсээ аваад тийшээ явсан. Жундирийн (“JOHN DEERE” хэмээх Германы хөдөө аж ахуйн техникийн марк.Х.Б.) техниктэй танилцсан. Тэр техникүүд бидэнд аль зэрэг ашигтай болохыг тооцож үзлээ. Би бол шууд л энэ техникүүдийг нэвтрүүлэх гэтэл харин Степан Иванович, бүр сонсохыг ч хүсэхгүй байв. “Ямар их зээл авах юм бэ?” гээд байв. “Чимээгүй, бүр араас нь эхэлье” гэсэн. Тэгээд энэ самбарыг гээд- Ярманов цав цагаан самбарт дөхөж ирээд- бид хоёр хуваагаад нэгд хоёр мянган гектар, нөгөөд нь бас хоёр мянган гектар гээд тооцоо гаргав аа. Нэгд нь ганцхан жундирийн комплекс, дөрвөн хүнтэй ажиллана. Нөгөөд нь 11 ширхэг техник ажиллана. Жундирийн техник түлш идэх нь нэг дахин бага. Сэлбэг хэрэгслийн элэгдэл хорогдол бараг тэгтэй тэнцэнэ. Нөгөөд нь сэлбэг, засвар үйлчилгээнд нэг сая таван зуун рубль жилд өгнө. Жундирийн техниктэй газар технологи мөрдөгддөг учраас ургац нь илүү гарна гэсэн.

-Тооцоог үзээд Степан Иванович сүйд болно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Дараа нь бусад удирдах хүмүүст мань миний загвараар ухуулж таниулах болсон. Хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдөж, үйл явц өрнөх нь тэр. Энэ бас бага явдал. Бид Москвад Штефан Дюрртэй танилцсан юм. “ЭкоНива” хэмээх орос-германы хамтарсан үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн дарга. Их хашир хүн. Хэрвээ тэр хүн энд ирлээ гэхэд сонирхол татахуйц бүтээгдэхүүн байхгүй, газрын асуудал албан ёсжоогүй, түүхийгээрээ байхад түүнийг дуудаад хэрэггүй гэж би ойлгосон л доо.

-“Газар албан ёсжоогүй” гэж юу гэсэн үг вэ?

-Манай Оросод бүх газар хэнийх болох нь ойлгомжгүй байдаг. (2010 он шүү. Х.Б) Хууль, эрх зүй нь чадамжгүй юманд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ.

Жич: Энэ бол манай Монгол улсад байгаа хамгийн, хамгийн том проблем. Хөгжлийн чөдөр. Х.Б.

В.Ярманов цааш нь:- Бид газрын асуудлыг зохих ёсонд нь оруулж эхэллээ. “Салаирын уулс” гэдэг нутгийн захиргааны нэгдмэл байгууллага байгууллаа. Үр тариа, хадлан тэжээл тариалах асуудлыг зохицуулан зохион байгуулах зориулалттай байгууллага. Үүсгэн байгуулагч нь нутгийн захиргаа. Энэ байгууллагатаа газар таслан өглөө. Техникжүүлэх хэрэгтэй байдаг. Техник авахад том зээл хэрэгтэй. Зээл авахад барьцаа хэрэгтэй. Бүх хөрөнгөө, орон сууц нийтийн аж ахуйгаа банкинд тавьлаа. Үүний үр дүнд 13 сая рублийн зээл авав. (2004 шүү. Х.Б) Дараа нь жундирийн комплекс авахад бидэнд зайлшгүй мөнгө хэрэгтэй болохоор мужийн амбан захирагчид ойлгуулснаар тэрбээр бидэнд зээл өгч бид дахиад техник авав.

Жич: (Новосибирск мужийн амбан захирагч Виктор Александрович Толоконский 2000-2010 онд захирагч байсан. 1990 оноос хойш 10 жил аймгийн Засаг дарга хийсэн хүн манайд бий бил үү?! Сайн юм хийсэн хүнийг үндэс угсаа ялгалгүй магтаж яв гэдэг байх аа. ОХУ-ын Новосибирск муж чинь 2.8 сая хүн амтай бараг манай улсын хэмжээний хүн амтай нутаг л даа. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 6500 орчим доллар. Манайх хэд билээ?! Уншигч Та гадарлаад мэргэн цэцэн юм ярьдаг дарга удирдагч нараа төсөөлөөд дотроо жуумалзаж л байгаа байх! Манайх 3700 орчим доллар шүү дээ. Нэг хүнд жилд ийм хэмжээний доллар бас оногддог уу? Хуруугаа нэг ашиглаад тоолоод үзээрэй. Энэ чинь манайхаар бол Сибирийн нэг аймаг шүү дээ. Маслянино суурингийн хүмүүс бол үүнээс хоёр, гурав дахин их орлого жилд олдог болой. Х.Б)

-Бүх хөрөнгөө барьццанд тавьчихаад эргүүлж өгч чадахгүй бол яана, гэж бодогдов уу?

-Чадна гэдэгтээ би итгэлтэй байсан. Дөрвөн мянган гектар газар боловсруулж улаан буудайн сайн ургац авсан. Нэмж хөрөнгө оруулалт татаж, зээлээр комбайн авав. Тээрэмтэй болов. Үр тариа хүлээн авах байртай болов. Бас л мөнгө хүрдэггүй. Ийм хагас боловсорсон бүтээгдэхүүнтэй болоод Штефанд хандсан юм даа. Тэр: “За яахав, газар албажиж эхэлж, цогцолбортоо үр тариа хүлээн авах байр байна, “жундир” байна... Тэгээд ямар үнэтэй эд вэ?” гэв. Би: "Зээлийн хариуцлагын асуудал байна. Банкны зээл, төсвийн зээллэгээг эргүүлж өгмөөр байна” гэв. Тэр зөвшөөрөв.

-Энэ нь тийм хашир болгоомжтой хүний явдал гэж үү?

-Тэр бүгдийг зөв л тооцоолсон байхгүй юу. Төсвийн мөнгийг буцааж өгсөн. Зээлийг өөр дээрээ авсан. Нэмж 100 сая рублиэр техник худалдаж авсан. Энэ бол хоёр жил хагасын өмнө болсон хэрэг. Одоо 400 саяын хөрөнгө оруулалт хийх гэж байна. Манай энд Орос орны хувьд цорын ганц шинэ технологиор Пеньково тосгоны ойр орчмын цэвэр ариун талбайд 1200 сүүний үнээтэй “Сибирийн тариалан” гэдэг мал аж ахуйн цогцолбор байна. Яваандаа 600 толгой мал нэмнэ. Амьдрал үргэлжилсээр. Штефан амбан захирагчтай танилцсан. Муж түүнийг дэмжиж байгаа. Түүний австри, герман үнээнүүд золтой л ойд өвөлжөөгүй. Өтгөн үс хөөвөр ургаж онд орцгоосон. Сая намайг очиход дулаан байранд байцгаана билээ. Намайг хараад: “Өвөл биднийг гадаа осгоох дөхсөн, дайсан чи шүү” гэж бодоцгоож байгаа байх даа гэж бодсон шүү. (инээв.)

ТОСГОН БҮР ЧУХАГ ЮМ Л ДАА

-Та хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт орсон гэлээ. Юугаар энэ нь илэрсэн бэ?

-Та захиргааны байрны хаалгыг ажигласан уу?!
Экспертын сэтгүүлч: Бид зөвхөн хаалга ч биш шатны хайс, хашлага, цонх, хана, үнэт модоор “евро” маягаар цөмийг хийсэн байсныг ажигласан байлаа.

В.Ярманов үргэлжлүүлэн: -Энэ бүгдийг манай Маслянинод хийдэг юм даа гэж хэлээд -Үүдний өрөөнд байгаа тавилга ч бас л манай үйлдвэрийнх. Модон болон пиявр цонхнууд цөм барууны технологиор хийгдсэн. РатПу гэдэг байгалийн цэвэр ус савладаг үйлдвэр нээсэн. Манай Масляниногийн хосгүй чанартай ус.

-Мөнгөлөг үү?

-Хаанаас дуулав?

-Сонссон юм аа.

-Шинэ техник технологи нэвтрэхийн хэрээр хүний хүчин зүйл орхигдож хүмүүс чөлөөлөгдөж ажилгүй болдог. Хүмүүс ажилгүй болох нь гээд шинэ технологиос татгалзаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Энэ бол гарцгүй болно гэсэн үг. Иймээс засаг захиргааны гол үүрэг бол хүмүүсийг шинэ ажлын байраар хангах явдал. Тухайн нутаг дэвсгэр дээр байгаа боломжит бүх нөөцийг ашиглаж, үйлдвэрлэлийг дэмжих. Бяслагны үйлдвэр байгуулсан. Манай үйлдвэрийн бяслагний амталгаа хийх үү.

-Тэгье.

Ярманов утасны номер эргүүлж, “Эксперт сэтгүүлээс ирсэн залуучууд танайхаар орно. Бүх юмаа үзүүлээрэй. Йогурт өгөөрэй, бас бяслаг өг. Тэрнийг нь ч бас өг, ямааныхыг нь ч бас өг” гэж тушаав. Ярманов цааш нь,

-Уг нь манайд урд өмнө нь 1990 оноос өмнө өөртөө таарсан аятайхан бяслагны үйлдвэр байсан юм. Сүүлийн жилүүдэд бараг балгас болгочихсон. Уурын тогоог нь л ажлуулахад таван сая рубль хэрэгтэй байсан л даа. Ямар ч хөрөнгө оруулагч уурын тогоонд хөрөнгө оруулахгүй л дээ. Бид амбан захирагчаас мөнгө нэхэж, уурын тогоог нь ашиглалтанд оруулмагц хөрөнгө оруулагч гарч ирээд “ЗапСибсыр” гэдэг үйлдвэртэй болсон. Сүүтэй ч болсон. Йогурт, бяслаг ч аандаа бий болсон. Бид Новосибирск хотод манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах дэлгүүрийн байр өгөхийг хүссэн. Тэгснээ илүү хариуцлага авах хэрэг байна уу гээд больсон. Тэгээд хотод миний нэг найзын нэг их хэрэгцээгүй байдаг байранд хүмүүсээ авчирч Новосибирскийн төвд “Маслянино” гэдэг дэлгүүр нээсэн. Одоо тэд бүгд сэтгэл хангалуунаар барахгүй дахин дэлгүүр нээхийг хүсэцгээж байна.

(Энэ бол 2010 оны явдал. Одоо Новосибирск хотод 38 “Маслянино” байгаа. Х.Б.)

-Та ямааны бяслаг гэж ярилаа. Орос оронд ямааны сүүгээр бяслаг хийгээд байдаггүй байх аа?

-Манай районд Николай Губинский гэдэг нэг сонирхолтой хүн бий. Тэр хүнтэй та нөхөд уулзах хэрэгтэй. Та нар хэдэн өдөр энд байх юм бэ?

-Нэг өдөр л байх юм.

-Хэцүү юм байна даа. Энэ олон юмыг нэг өдөр яаж үзэж харах билээ дээ? Ядаж гурав дөрвөн өдрөөр ирэхгүй дээ. Одоо яая гэх вэ. Түүний “Таежное” гэдэг хаалттай хувьцаат нийгэмлэг нь тусгай үүлдрийн мал амьтан, ургамлын аж ахуйгаар мэргэшин ажилладаг юм. Анх тэд зөвхөн герефорд үүлдрийн үнээг сүү, гантиг цагаан махны чиглэлээр өсгөж байсан. Одоо ямаа үржүүлж байна. Ямааны ферм ч байгуулсан. Анх гурван ямаантай байсан бол гурван жилийн дараа 100-тай болсон. Сайхан ямаануудтай. Анх Суенгийн уулаар бэлчдэг байсан бол одоо Доод Матренкод фермийн аж ахуй дээр байна. “Эрүүл хүнс-эрүүл үндэстэн” хөтөлбөрт хамрагдсан. 2012 он хүртэл 20 сая рублийн хөрөнгө оруулж ямаагаа мянга таван зуун толгойд хүргэх зорилттой ажиллаж байна. Губинский бүгдийг тооцсон нь л доо. “Сүүний аварга” ямаа нь гэхэд 2-2.5 мянган литр сүү жилдээ өгнө. Нэг ямаа хоёр тонн сүү гэдэг гайхамшиг биз?! Дундаж нь 1-1.3 мянган литрийг өгнө. Нэг үнээ тэжээх тэжээлээр тав, зургаан ямаа тэжээчихнэ. Ямааны сүү чанартайг нь тооцохоо болъё гэхэд хамаагүй илүү үнэтэй шүү дээ. Бяслаг гэдэг чинь амар бүтээгдэхүүн шүү дээ. Технологи нь боловсорсон, зохиогчийн эрхээ авчихсан. Бид Сибиртээ ямааны бяслаг, исгэлэн сүү гаргаж байгаа цорын ганц хүмүүс. Бид бас маалингын аж ахуй эрхэлж байна. Энэний бас л анхдагч нь.

-Маалинга өнөө цагт нэг их хэрэгтэй эд юм уу даа? Псков мужид тариалсан чинь хэнд ч хэрэггүй болсон гэсэн.

-Маалинга бидний ирээдүй гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ бол маш ашиг тустай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Бид эхний ээлжинд хагас бэлэн бүтээгдэхүүн хийж байна. Энэ урт богино сэмэрдэс, маажин (маалингын чанамал тос), дулаалга, брикетэн түлш зэрэгт хэрэглэгдэж байна. “Оросын маалингын цогцолборын хөгжил” хэмээх холбооны хэмжээний хөтөлбөрт бас хамрагдсан. Эхлээд нутгийн захиргааны нэгдмэл үйлдвэр байгуулж, дараа нь хөрөнгө оруулагч татсан. Төсвийн хөрөнгөн дээр хичнээн олон зальхай амьтад орж гарч байлаа даа. Хүмүүс хулгай хийх гэж л энд ирдэг гэж бид ойлгохоор, ойлосон байлаа. Заримдаа юу хийхээ ч мэдэхээ болох юм. Ядаж мөнгөнөөс таталз, үнэ хаялцуулахаа боль гэмээр. Зальхай юмнууд хулгай хийхээ л бодно. Тэд маалинга гэдгээ мэдэхгүй, нэг л том юм ярьсан хүмүүс. Би тэдний худлаа залж байгааг мэддэг л дээ.

-Далдыг харах биш яаж тэднийг мэдэх вэ?

-Тэд тухайн юмныхаа талаар ямар ч ойлголт мэдлэггүй байдаг. Харах царайны мэдэгдэнэ дээ, тавхан үгнээс танигдана шүү дээ. Манай эндэхийн ард иргэд бол идэвхтэй, эрмэлзэлтэй улс. ЗХУ гэж байхад найман хөдөлмөрийн баатар зөвхөн маалинганаас төрсөн юм шүү дээ. Одоо манайд маалинга тарьдаг дөрвөн мянган гектор газар байна. Удахгүй хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулагч оруулна гэж бодож байна. Маалинганы үйлдвэр зөвхөн сэмэрдэс гаргаад байхгүй, дулаалгын материал, бас тос гаргана. Төсөрхөн хөнгөн үйлдвэртэй болно доо. Итали, Германд байдаг даа. Бид тэндээс дизайнер авчирна. Тэд манайханд эрдмээ сургана биз. Юм хэлж өгнө биз. Байнга Хятад бараагаар амьдарч болохгүй биз дээ.

Ярманов жаахан бодолхийлснээ цааш үргэлжлүүлэн,

-Анхнаасаа хөгжлийн хөтөлбөрөө боловсруулахдаа районоосоо түүхий эд гаргахгүй, бүгд бие биеэ нөхсөн тэтгэсэн тойрог үүсгээд эцсийн бүтээгдэхүүн гаргая гэж зорьсон. Ингээд Агрохолдинг үүсгэе гэж төлөвлөсөн юм. Нэг хэсэг нь үрээ бэлтгэнэ. Нөгөөх нь тэжээл үйлдвэрлэнэ. Бас нэг хэсэг нь мал маллана. Бяслагийн үйлдвэр байна. Нэг их биш ч мах боловсруулж байна. Одоо гар хүрч ч амжаагүй талбай байна. Хөрөнгө оруулагч хайцгааж байна. Байгалийн өгөөжийг ашиглъя гэвэл манайд том чадамж байна. Францууд ирээд мөөг сонирхсон. Европод цагаан мөөгнөөсөө илүү үнэгэн мөөг эрэлттэй байдаг гэсэн. Үйлдвэрлэлийг эмхлэмээр байвч хөрөнгийн хүрэлцээ муутайгаас зогсоод байна. Амбан захирагч бага мөнгө өгч байна. Байгалийн хишгийг хэр чинээнд нь ашиглаж жимс, мөөг боловсруулаад анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Олон хэрэглэгч авах сонирхолтой ч байнгын нийлүүлэлтийг шаардаж байна. Үүнд нь бид бэлэн биш байна даа. Манайд үүнийг багцаар нь үйлдвэрлэхэд хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа. Амбан захирагч биднийг Томскт байдаг байгалийн хишиг буянаар үйлдвэрлэл эрхэлдэг нөхөд рүү илгээсэн. Бид тэдэнд газар өгсөн, тэд байр худалдаж аваад яг ажлаа эхпэх гэтэл захирал нь өвдчихлөө. Түүнийг эдгэж ирэхийг хүлээлгүй томоохон тосгонуудад зэрлэг жимс, мөөг хүлээн авах, түр хадгалах хөргүүр байрлуулсан. Одоохон доо, хүмүүсийн тушаасан мөөг, жимсийг Томск руу илгээж байна.

-Аль зэрэг мөнгө олох бол?

-Манай ажилтайхан хүмүүс нэг улирал ажиллаад машин худалдаад авчихаж байна. Бид янз бүрийн юм эрэл хайж, оролдохоос ер буцахгүй. Ингэхээс өөр арга замгүй. Нутаг орныг хөгжүүлэхэд нэг жороор (нэг моделиар. Х.Б.) хөгжүүлэхгүй шүү дээ. Тосгон болгон өөрийн гэсэн өвөрмөц, хосгүй нөөц бололцоотой. Хувийн туслах аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид эд хэрэглэгчдийн хоршоодыг байгуулж эхэлсэн. Райондоо нийт 27 тариачдын фермерийн аж ахуй, 13 хөдөө аж ахуйн хоршоо бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах ажил хийж байна. Бид энэ аж ахуйнуудад зориулж том сан байгуулсан. Хаана мэргэжилтэй, чадвартай аж ахуйн удирдагч юм хийх гэж байна, тэдэнд банкнаас арай жаахан өндөр хүүтэй мөнгө зээлдүүлнэ. Цаг алдалгүй хурдан шалмаг мөнгөтэй болж болно. Хөдөө аж ахуй хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Германд байдаг тийм л хэмжээнд байх ёстой. Цогцолборууд, нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гээд үргэлжилнэ. Хүмүүс хангалттай мөнгө авдаг, хийдэг ажил нь эрүүл ахуйн цэвэрхэн, ариун байх ёстой.

ХЯНАЛТ БА ХАЛАМЖ

Вячеслав Ярманов шкафнаас Минин, Пожарский хоёрын хөшөөний жижигхэн үлгэр загварыг гаргаж ирлээ.

-Холбооны “Орос орон оо, өөрсдийн хөдөлмөрөөрөө өргөе” хөтөлбөрийн шагнал энэ байна. “Орос орондоо үнэнчээр зүтгэсний төлөө” диплом, дурсгалын хөшөө, “Бахархалт иргэддээ, талархсан. Орос эх орон чинь” гэсэн бичээстэй шүү. Энэ гавъяа урамшуулалд зохиж ажиллаж амьдрахын төлөө хичээж явна даа.

Дурсгалын хөшөөг тавиад тэрбээр санаа алдав.

-Одоо л бид хамгийн сайчуул нь гэж үзэгдэж байна. Анх энэ ажлыг авахад дэг журам хэрэгтэй байлаа. Эхлээд хотын аж ахуйг өөрчилсөн. Өглөө, орой тооллого хийнэ. Дахин тооллого хийнэ. Байгалийн баялгийг хэмнэлттэй, ил тод тунгалгаар хэрэглэх механизм босгох хэрэгтэй байсан. Жилийн дараа гэхэд нүүрсний хэмнэлт гурван мянган тоннод хүрсэн шүү. Ийм л нөөц бололцоо байв шүү дээ. Үүний ашгийг тэд сайхан хүртэх ёстой.

-Таниас өмнө хот, нийтийн аж ахуйхан чинь юу бодоцгоож байсан хүмүүс вэ?

-Захирлаасаа кочегар, жолоочоо хүртэл хулгай л хийж байхгүй юу. Хэн нэгэнд нүүрс хямд зарна. Захирлыг нь ажлаас авч хаяаад нээлттэй тунгалаг системээр ажиллаж эхэлсэн. Шинэ хүн нь жудагтай журамтай хүн. Нүүрсний машинуудыг пүүлж хүлээж авдаг болсон. Гарахад нь ороход нь ачихад дахин пүүлнэ. Манай нүүрс муждаа хамгийн чанартай, калорлог, тэгээд хямдхан нь. Хамгийн холын сургуульд тонныг нь 1400 рублиэр хүргэж өгдөг. Өөр газар ердийн үнэ нь хоёр мянга. Таван жилд 60 тогоо сольсон нь эдийн засгийн үр шимээ өгч байна. Дулааны бөөгнөрөл нь 100 хувь. Бид “Гортоп” гэдэг сонирхолтой байгууллага үүсгэсэн. Тэнд видеогоор ажиглалт хийдэг юм. Том пүү сая гаруйгийн үнэтэй. Бүх алдагдлыг эргүүлэн өгөх хөрөнгө оруулагч ирсэн. Бодоод үзнэ үү? Нүүрсний хөрөнгө оруулагч нь өөрөө ханган нийлүүлэгч байна. Тэр цэвэр биш бизнесийг мэдээд шинэ механизм нэвтрүүлсэн. Би түүнд “Би таньтай калори, үнэ, чанар гурвын төлөө үзэж тарж, үсэрч наалдана шүү” л гэж хэлсэн. Түүнд ч ийм тас түс яриа таалагдсан байх. Одоо тэр Сибирь, Алтай хаа л бол хаа үүнийг ухуулж, сурталчилж байна. Бид ч үүгээрээ бахархдаг.

Ярманов цайтай аягаа тавингаа бидэн лүү төлөв түвшин хараад,

-Хаа ч хяналт хэрэгтэй гэж Та мэдэх үү? гэв.

-Хаа хаагүй л ярьж, хэлж байна. Телевиз, радиогоор байнга л ярьж байна шүү дээ.

-Ярих биш, хийх хэрэгтэй. Жишээ нь барилгын обьект эхлэхэд барилгачдад ашигтай юм ярьдаг. Би өөрөө барилгын бизнесээс гаралтай хүн учир энэ тал дээр мадлуулна гэж байхгүй. Ямар хугацаанд, ямар байдалтай объект өгөгдсөн байхыг мэднэ. Хяналт тавина. Би тоосгон заводын захирал байхдаа өдөр болгон бүх зардлыг тооцдог байлаа. Арван ширхэг ч боолт байсан, гурван мянга ч байсан тоолно. Энэ бол бид хүнд итгэхгүй байгаа даа биш. Энэ бол дэг журам, ил тод тунгалаг байдал, үүнээс үүсэх хамгийн чухал үр дүн нь конвейер дээр хулгай байхгүй байх явдал. Яагаад Баруунд замын цагдаа нь хахууль авдаггүй вэ гэвэл тэнд хүн нарийн хяналтанд байгаагаа мэддэг. Нэгд, олон нийтийн хяналт. Хоёрт, хүн бүх юм хяналттай системд байгаа, өнөө биш гэхэд маргааш баригдана, хөөгдөнө гэдгээ мэддэг. Аливаа хүнд авж идэх хорхой бол байнга л байдаг эд л дээ. Хятадад хахууль авсан хүнийг цаазалж байхад хахууль аваад л байгаа биз дээ. Иймээс хүнд юм авах, хулгайлах хорхойг нь өдөөхгүй байх, сэдэл өгөхгүй байх системийг үүсгэх хэрэгтэй. Энэ бол байнгын хяналт, шалгалт. Вячеслав Ярманов цонх руу дөхөж очоод гадаах байдлыг ажиглаж байгаад,

-Нутаг орныг цогцолбороор хөгжүүлэхэд ямар асуудлыг заавал шийдвэрлэх ёстой вэ? гэдгийг Та нөхөд мэдэх үү? хэмээн асуулаа. Бид мэдэхгүй учир тэр асуултандаа өөрөө хариулав,

-Нийгмийн асуудал. Хэрэв энд үйлдвэрлэлийг сэргээн мандуулах гэж бодоход сайхан сургууль, гоё соёлын ордон, спортын цогцолбор, хүүхдийн цэцэрлэг үгүй бол хүмүүс хаяад л явна. Иймд орчинг нь бий болгох хэрэгтэй. Би эхлээд “Газпром” дээр очиж Хятад руу тавьж байгаа хийн хоолойноос Черепановогоос нааш хий татаж өгөөч гэж ятгаж эхэлсэн. Газпромынхон: “Юу вэ? Тайгад хий аваачих гэж үү? Юун хаанахын Маслянино вэ?” гэж байсан. Бид уйгагүй гуйсны хүчинд тэд хийн хоолой татсан. Нэг тэрбум рублиэр бүтсэн ажил. Хий гэдэг гайхамшиг, амьдралын шинэ түвшинг авчирч байна гэж хэлмээр байна даа. Өөр барилга байгууламж, нийгмийн чанартай объектүүд байна. Бид 140 хүүхдийн үнэхээр гоё хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оруулсан. Хуучин цэцэрлэгийн дэргэд энэ барилгыг барьж хооронд нь хоолойгоор холбосон. Ингэж зардлыг нь багасгасан хэрэг. Шугам хоолой, дулааны эх үүсвэр, нийт ажилчин албан хаагчдын хувьд ч хэмнэлт гаргасан хэрэг. Амбан захирагч намайг энэ ажлын төлөө балмад амьтан гэсний учир нь би түүнийг хамар доор нь хуураад дараа нь мөнгө нэхэж эхэлсэн байгаа юм. Ашиглалтанд өгсөн. 39 саяар л боссон л доо. Шинэ цэцэрлэг барихаас бараг хоёр дахин хөрөнгө хэмнэсэн. Хоёр жил хагасын өмнө гайхалтай гэмээр спорт цогцолбор босгосон. Дэргэд нь тохилог бассейн барьсан. Бас л хүмүүст зориулсан гайхамшиг. 25 метрийн дурын тэмцээнийг зохион байгуулж болно. Өөр районуудад ийм юм алга. Черепановод бараг ажилдаггүй, стандарт хангаагүй нэг юм бий.

-Бассейн ямар хэрэгтэй юм бэ? Дэргэд чинь гол, нуур байхад чинь.

-Манай ус маш хүйтэн гэж хэлэнгээ Ярманов инээгээд, -Энд чинь, Сибирьт есөн сар өвөл үргэлжилдэг шүү дээ. Бид ахмадууддаа зориулж амралт-сувилал байгуулсан. Ямар газар гээч! Би өөрөө сонгож авсан юм. Нарс, шилмүүст ой. Ус өрөмдөөд, уурын зуух босгосон. Би олон газраар, гадаад орнуудаар явж үзсэн. Манай сувилалд дөрвөн од өгч болно гэж баталгаатай хэлж чадна. Хүүхдүүдэд цагийг зөв боловсон өнгөрөөнө гэдэг чухал асуудал. Тоосгоны үйлдвэр дээр том стадион байсан юм. Тэр нь зун нь хөлбөмбөгийн талбай, өвөл нь каток болоод хүүхдүүд тэнд цагаа зөв боловсон өнгөрөөж байна. Муу юм хийх, бодох зав хүүхдүүдэд гаргаж өгч болохгүй. Бас энэ бага хэрэг. Зар сурталчилгаагаар шар айргийг учиргүй хэрэглэх нь эрүүл мэндэд хортой гээд байна аа даа. Энэ юу гэсэн үг вэ? Хэн ч өөрийгөө хэтрүүлж хэрэглэгч, хэн ч өөрийгөө архичин гэж боддоггүй шүү дээ. Бид энэ асуудлыг авч хаямаар байна.

-Зар сурталчилгааг авч хаях гэж үү?

-Бид хүүхдүүдийг завгүй байлгамаар байна. Биеийн тамирын хичээл бассейнд болог л дээ. Манай суурин болгон хоорондоо засмал замаар холбогдсон. Урд талын засгийн хийсэн ажил. Иймээс хөдөөгийн хүүхдүүдийг усан бассейнд оруулъя. Урлагийн сургууль нээсэн. Хүүхэд бүр бүжигчин, хөгжимчин болдоггүй байж, гэвч тэр долоон жил тэнд явлаа гэж бодьё. Тэр цагаа зөв өнгөрөөсөн байна. Гудамжинд тэнэсэнгүй, шар айраг уусангүй. Тийм хүнд зан чанар, хариуцлага, шударга ёсны байдал хэлбэржинэ ээ дээ. Бид ингэж үүнийг ухуулж байгаа юм. Манайд зуун хүн жүдогоор хичээллэдэг. Дасгалжуулагч нь өндөр түвшний мэргэжилтэн. Түүнийг элдвээр өдөөж авчирсан, орон сууц ч өгсөн. Хүндийн өргөлт амжилттай хөгжиж байгаа. Олон ч спортын мастертай болсон. Бадминтон. Теннис байна. Дасгалжуулагчаа урьсан, тэр нь бөмбөгтэй хоккейн төрлөөр ЗХУ-ын шигшээгийн төлөө тоглож байсан нөхөр. Гурван баг зохион байгуулсан. Цомын тэмцээн явуулна.

-Бүх хүн ийм эрмэлзэлтэй байвал манай сургуулиуд бүхэлдээ шинэчлэн тоноглогдсон байх вий. Самбар гэхэд гутамшигтай юм байлаа шүү дээ, дээр нь шохойгоор бичихэд гардаггүй, тавилга гэж аймшигтай юм байсан. Биен тамирын багш нь бөмбөг хандивласных нь төлөө тухайн бизнес хүнийг үнсэхэд бэлэн байлаа. Ийм доромжлолтой байсан юм даа.

-Тэгвэл Та манай тоноглолыг хараад, Бурхан минь яагаад энэ вэ? гэмээр болно доо гээд -Одоо бол тоног төхөөрөмж, эд хогшлыг иж бүрдлээр бүрдүүлсэн. Сурагчдийн партнуудыг сольсон. Интерактив самбарууд бий болгосон. Бүгд цоо шинэ. Гайхамшиг. Би бас та нөхдөд даруухан байдлаар ярьж байгаа хэрэг шүү дээ.

-Та яриагаа үргэлжлүүл үргэлжлүүл. Сонирхолтой байна.

-Сургуулиудыг шинэчлэн тоноглох ажил гол нь үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн. Гэхдээ бас ивээн тэтгэгчдын зөвлөлүүд байна. Уг нь соёл иргэншил өндөртэй орнуудад бол боловсролын байгууллагын төсвийн 70 хувь нь эндээс бүрддэг юм билээ л дээ. Бид цаг үетэйгээ уралдаж Масляниног хөгжүүлэхийг хичээж байна. Ивээн тэтгэгчдийн зөвлөлүүдийг байгуулж байна. Тийшээ талархалтай ханддаг эцэг эхчүүд, төгсөгчид, өөр хэн ч байдаг юм, сургуулийн хөгжлийн төлөө санаа зовж байдаг хүмүүсийг цуглуулж байна.

-Та тэдэнд ийшээ орохыг засаг захиргааны тэргүүний хувьд шургуухан зөвлөдөг биз?

-Энэ бол хүн бүрийн сэтгэлд байх ёстой эд. Туслаж байгаа нөхцөлд байх л ёстой эд шүү дээ. Манайд үйл явц явж байна. Энэ нэг жишээ хэлэхэд Сибакадем банкнаас саяхан нэг хүн 60 мянган рубль хүүхдийн асрах газар луу тэшүүрнүүд авахад зориулж шилжүүлж л дээ. Энэ хүн оюутан байхдаа хүүхдийн асрах газрын байрыг барилцах ажилд оролцож байжээ. Тэгээд тэр тухайгаа санаж явдаг байна. Тоосгон завод ивээн тэтгэгч маягаар олон зүйл хийдэг, бусад үйлдвэр аж ахуйн газрууд шиг л юм даа. Ийм олон ивээн тэтгэгч гэдэг нь тухайн байгууллагын удирдагчийн хувийн үлгэр дууриалаар л хийгдэнэ дээ. Ер нь хэн засаг төрд гарч ирнэ үү, тэр хүн түүхэнд хэрхэн үлдэх талаараа бодож эхлэх хэрэгтэй юм шиг надад санагддаг юм. Өөрийнхөө хормой хотыг дүүргэж, ирээдүйнхээ амьдралыг хангахын төлөө гэж чухалчлахдаа биш л дээ. Чиний тухай сайнаар дурсаж байгаасай!!! Би их хөрөнгө өөрийнхөө бизнесээс янз бүрийн хөтөлбөрт оруулсан л даа. Тэр хөрөнгө эргэж ирэхгүй л дээ. Гэвч би сэтгэл ханамжийг энд эдэлж байна. Яагаад гэвэл таван жилийн дотор юу бүтээх гэж мөрөөдснөө бодит амьдрал болгосон. Бүр илүү ч хийсэн байх. Эргэн тойрноо харахад, манайд бараг бүх юм байна даа...

Вячеслав Владимирович Ярманов дахиад бодолхийснээ,

-Би та нарт манайд бүх юм байна даа гэж хэллээ шүү дээ. Гэтэл бас бүх юм биш юм аа. Дээвэртэй мөсөн каток барьж амжсангүй. Эмнэлэгийг сэлбэн шинэчилж амжсангүй. Амбан захирагч бидэнд 200 сая рублийг хувиарлахад гарын үсгээ зурсан, гэвч одоохондоо нөөцөндөө үлдээсэн. Энэ бидэнд одоохондоо аймаар эд хөрөнгө. Гэхдээ заавал хийцгээнэ. Тосгонд үлдэх хүсэлтэй хүмүүс байгаа дээр нь хөдөө аж ахуйн цогцолборуудыг тэнд барих хэрэгтэй. Аймшигтай элэгдсэн ус зайлуулах шугмуудтай ноцолдох хэрэгтэй. Нийтийн аж ахуйд бид үр ашигтай байдалд хүрсэн ч энэ чинь бүх юм сайхан болчихоогүй. Элэгдэл 80 хувьд хүрч байна.

-Танай төсөв хүрдэг үү?

-Хүрэлцдэггүй. Хугацаа сунасан төсөв манайд 630 сая рубль л дээ. Ач тустай юм ахиухан хиймээр л байна. Би их ажиллах хэрэгтэй. Амжилт гэдэг юунд байдаг вэ? 50 хувь нь үйлдвэрлэхэд, 50 хувь нь борлуулахад. Бид энэ чиглэлээрээ манай нутагт юу хийж болохыг бүгдийг судалж байна, эрж хайж байна. Алтан дээр олигтой ажилж амжсангүй. Алт ямар их үнэ хүрч байгааг хараач ээ. 250-хан килограммыг л олборлосон. Хэрэв мянган килограммыг олсон бол доо! Төсөөл дөө, ямар их орлого төсөвт орох бол оо?! Энэ түвшинд хүрнэ ээ. Хэрвээ хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмжинд бүрэн утгаар нь хөрөнгө оруулбал сайн ашиг газраас олно. Гэхдээ гол төсвийг бүрдүүлэгч, хүмүүсийг нь ажлын байраар хангах салбарт нь цогцолбороор хандвал аялал жуучлал гэдэг ирээдүйтэй гэдэгт би итгэлтэй байна.

САЙДЫГ СОНСООГҮЙ

В.Ярманов газар зүйн байрлал гаргасан зураг гаргаж дэлгээд, -Аялал жуулчлалын хөгжлийн хүрээнд бид сонирхолтой бүтээгдэхүүн олсон юм. Манайх чинь гоё сайхан уулстай, үзэсгэлэнтэй нутаг. Салаирын гүдэн байна. Үүнээс эдийн засгийн бүхэл бүтэн салбар зохион байгуулж болно. Горный Алтайд үүнийг бий болгосон бид тэднээс юугаараа дутуу юм бэ? Бид нутгийн захиргааны нэгдмэл аж ахуйн байгууллага байгуулж, газрын асуудлыг зохих түвшинд нь шийдсэн. Замыг нь засаж тавив. Уулын цанын хөтөлбөртөө хөрөнгө оруулагч хайж эхлэв. Олсоон. Уржинан “Юрманка”-д Оросын аварга шалгаруулах залуучуудын тэмцээн болсон юм. Та нар заавал тэнд очоорой. Хэрвээ гэгээтэйд очвол сноутьюбээр гулгаж амжина шүү.

-Өрсөлдөөнөөс эмээхгүй байна уу? Ард иргэд Алтай, Белокуриха яваад дасчихсан шүү дээ.

-Би эртнээс үүнийг судалсан. Белокурихад очиход 700 километр. Бид бол дэргэд нь байна. Манай уул гойд сайхан. Дэд бүтэц ямар билээ, манайх илүү. Байгаль ямар билээ? Бердь голд сэлцгээнэ. Хад нь ямар эгц цавчим гээч. Дурын маршрут бий. Гурван цаг, арван хоёр цаг, үдийн хоолтой, амарч үдлэх боломжтой, бүр хонож өнжиж ч болно. Яарахгүй. Манайд адал явдалд улайрагсад хэд билээ? Ердөө л 1.3 хувь. Тэднийг хасаад бусад нь сайн дурынхан, сонирхогчид бий. Горная Шория явах 10 хувийг дээр нь нэмж болох юм. Тэгээд л бусад нь энд үлдэнэ шүү дээ. Бид тойрог зам тавчихвал нэгдэх өдрийн өглөө хот руу цаг явлаа, чи Новосибийрскэд очлоо. Ийм л болно.

-Танай район гайхалтай юм. Эндээс бусад нь үлгэр дууриалал авах хэрэгтэй дээ.

-Бидэн рүү энд тэндээс ирж туршлага судалж, суралцдаг л юм. Бид яриа хийнэ. Үзүүлж таниулна. Тайлбарлана. Маслянино районы туршлагыг бүх орон даяар дэлгэрүүлэх хэрэгтэй гэж ярьцгаадаг л юм. Амбан захирагч манай районыг хосгүй л гэдэг юм. Би чинь юу саначих ваа! гээд Ярманов элгээ хөштөл хөхрөөд -2005 онд Хөдөө аж ахуйн сайд Гордеевтэй (А.В.Гордеев одоо ч ОХУ-ын Засгийн газрын ХАА эрхэлсэн орлогч дарга. Манайхаар бол сумын даргыг хүлээж аваад овоо юм ярьж байна шүү дээ. Новосибирскэд 30 район бий. Бүх ОХУ даяар 2000 гаруй район манайхаар сум бий. Манайх 330 сумтай. Тэр Засаг дарга нарын хэд нь шадар сайд, ХАА-н сайдтайгаа уулзаад жундир, тендер, брэнд, трэнд ярьсан бол?! Засгийн газрын шадар сайд, ХАА-н сайд байсан хүн. Орос-Монголын Засгийн газрын хоорондын комиссын даргаар олон жил байгаа хүн. Одон өгчихвөл болох л хүн.Х.Б.) уулзаад хөдөөг цогцолбороор нь хөгжүүлэх тухай ярьсан юм. Одоо энэ тухай яръя. Тэр намайг “Урьд нь чи хаана ажиллаж байсан юм бэ?” гэж асууж байна. Тоосгон заводод гэж хэллээ. Тэр “Тийм бол тэндээ л үлдэхгүй яав даа” гэсэн юм даа. Ийм л байна. Түүнээс болоод индэр дээрээс хөдөө нутаг цогцоороо хөгжих ёстой, олон төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гээд авч гарлаа. Би бүр болохоо байгаад “Алексей Васильевич аа! Та сонс. Бид чамд аль эрт энийг баталж хэлсэн биз дээ, санаж байна уу?” гэж хашгирч орхисон. В.Ярманов үргэлжлүүлэн инээснээ бидэнтэй гар бариад районоороо явах хэрэгтэй гэж хэлснээр бидний яриа маань төгссөн юм. Харин бид гэгээ тасрахаас өмнө “Юрманка” орохоор яаравчиллаа. -Бид “Юрманка”-д бүрэнхий болсон хойно ирлээ. Термометр хасах 32 хэмийг зааж байв. Шлагбаумын замын хаалт дэргэд машинууд зогсоно. Талбай дээгүүр цанатай, цанагүй хүмүүс хөлхөлдөнө. Швейцар маягийн оромж болох шале, мөн байшингуудын цонхноос гэрэл асна. Харанхуй болсон учир уулнаас гулгах нь учир утгагүй зүйл болох нь ойлгогдлоо. Ресторанд нь орж халаасан вино, кофе захиаллаа. Захирал Михаил Антонов бидэнд хөтөлбөрийнхөө талаар ярилаа. Тэрбээр, -Уул юунаас эхэлддэгийг мэдмээр байна уу? Хоёр өөр үзэл санаатай, боловсролтой, нийгмийн байдалтай тэс өөр хоёр хүн энэ уулыг нэг ухаанаар нэг харцаар харжээ. Нэг нь В.Ярманов, нөгөөдөх нь та бүхэнд үйлчилж байгаа дуулгавартай барлаг, эндээс холгүй алтны ажил эрхэлж байсан нөхөр болох би байна. Уулыг харсан хоёрын нэг нь ажил хэрэгч засаг ноён, авъяаслаг удирдагчийн нүдээр, нөгөө нь алт удахгүй дуусна тэр цагт юугаар амь зогоох билээ дээ гэж сэтгэл зовиносон хүн. Энэ хоёр нэг юм харжээ. Яаж ч хараад уул цагийн цагт цасан цагаанаараа байна. Уулын налуу хойд ардаа учир цас нь цаг улирлын хувьд орой хайлдаг. Тэгээд бид хоёр гурав дахь бас бяцхан хэвийн биш хүнийг оллоо. Тэр нь Аксенеко Сергей Васильевич гээд тэр үед мужийн санг командалдаг, биеийн тамирчин байсан нөхөр хоёр хэвийн биш нөхдийнхөө санааг шууд дэмжлээ. Засаг захиргаанаас нутгийн захиргааны нэгдмэл үйлдвэрийн газрыг байгуулж анхны жилдээ хөрөнгө оруулагч оллоо. Бугельэн замыг нь тавилаа. Сууц барив. Дулаан ариун цэврийн байртай болов. Мөн бидний сууж байгаа ресторантай болсон. Энэ сайхан байшинг барилаа. Ганц ч барилгачин өөр газраас авчирсангүй. Бүгд масляниночууд. Хоёр дахь жил нь бага зэрэг урсгалыг нь өөрчилж усан сан хийлээ. Тэгэхгүй бол хавар дэндүү түвшин нь өндөр болчихдог юм. Дараа нь цасан зам татсан. Манай энэ уул эмэгтэйчүүд, залуучуудын слаломоор олимпийн тэмцээн явуулах параметрт тохирч байгаа. 17 байшин, 250 ортой 30 модуль, адууны хүрээ, ресторан, амтат бингийн газар ба “горячка”

-Юун “горячка” билээ?

-Гриль, ил гал. Мөсөн катоктой учир сноутьюб, цана, тэшүүр прокатаар өгнө. Хүмүүсийн наашаа гэсэн цуваа тасрахгүй байгаа болохоор агаарын дүүжин зам хийхээр шийдсэн. Ингээд бас зогсохгүй ээ. Манайд гайхамшигтай уурын банниуд бий. Ямар л бол ямар. Жирийн душ, бие засах газартай баннаас авахуулаад ууран болон эмчилгээний ногоо цайтай, шар харгай, анхилам цэцэг навчтай, бие балбах шүүртэй гээд байнаа байна. Тосгоны маягийн бие засах газрыг халсан. Мөн устай том торхтой уурын том том чулуутай банн ч байна. Энэ нь эх булагнийхаа дэргэд тавин хэмийн хүйтэнд ч найман хэмийн дулаанаа хадгалдаг эд л дээ. Одоо ч усан цалгидас, хүмүүсийн чарлалдаан! Ороод үзэхгүй юу?

-Баярлалаа. Дараа болъё.

-Та зун ч бай, өвөл ч бай заавал ирээрэй. Манай нутаг өнө буянаа өгдөг газар шүү. Мөөг, жимс элбэг. Тэжээвэр амьтад бий. Өвөл ичдэгээс дорго, тарвага, үнэг, байвгай байна. Сэлдэгээс минж, халиу, заарт харх усандаа жаргалтай умбацгаана. Эр хур, цорхируу мод дамжин ниснэ. Хандгай явна, буга явна.

-Олон хүн ирдэг үү?

-Сайхан нарлаг өдөр таарвал 700 гаруй машин ирдэг. Машин бүрийг гурван хүнээр бод л доо. Энэ бол өвлийн график шүү. Зун бол цөөхөн ирнэ л дээ. Учир нь бид зундаа тохирсон баялаг үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Уг нь агт морь байна, аялах маршрут нь байна. Усан аялал бий. Хүмүүс хүрэлцэн ирдэг. Хөрш нутгийнхан маань бидний өрсөлдөгч биш. Үнэндээ, бидэнд хэн ч өрсөлдөгч биш. Манай “Юрманка”, Маслянинотой өрсөлдөгч байхгүй. Яагаад гэвэл бид урагшаа харж явна. Зөвхөн хүмүүсийн сайн сайхны төлөө асрамж хайраа өгч байна.

Гадаа бүр харуй бүрий боллоо. Бид Масляниногоос Новосибирск руу буцах замдаа орлоо. Дараа нь Москва ниснэ. Нисэх онгоцны буудлын хөлхөөн дунд сууж байхад Маслянинод үзсэн болгон маань түр зүүрмэглэхэд зүүдэлсэн зүүд мэт санагдлаа. Амьдрал гэдэг өөр, арай хатуу, гайхалтай нь ойлгомжгүй янзтай эд юм шиг сонин санагдлаа. Тоосгон заводын гуанзанд сууж байсан бүсгүйчүүд биднийг үдийн хоол идэх үеэр их өрөвдсөн байртай байсан сан. Хаанаас ирснийг маань хоорондоо таалцаж байв. Маслянинонд хүмүүс нь гоё дэгжин хувцасладаг нь бүдүүн баараг нэхмэл цамц, цанын мөрөвчтэй өмд өмссөн намайг явуулын хүн гэдгийг тэдэнд илтгээд өгч байв. Москвагаас ирснийг маань мэдээд: “Яаж шүү, Москвад амьдарч байна даа? Та нарыг ямар аймшигтай амьдардгийг зурагтаар үзүүлэх юм байна шүү дээ. Та нарын төлөө залбирч байх хэрэгтэй юм байна” хэмээн үнэн санаанаасаа гуниглангуй өгүүлнэ. Тэгээд бидэнд шинжтэй аягаар дүүрэн масляниногийн халуун сүүтэй какоа аягална. Яагаад ч юм бид ийм сайхан ундааг хаа ч үл олох болой. Бас шинэ загасан талх өгөв.

 

2.

 

Яагаад ч юм В.Ярмановыг тухай уншихад Говь-Алтай аймагт 1950, 1960 онд хийж бүтээхийн мөрөөдөл тээгээд явж байсан Г.Лодойхүү Хөдөлмөрийн баатар нүдэнд байнга харагдаж байв. Зохиолч Жагдлын Лхагва ахын 1984 онд бичсэн Лодойхүү гуайн тухай “Насны дурсгал” найруулал санагдана. Шарга, Цээлийн талд энэ аварга хүн Ярманов шиг сэтгэж, мөрөөдөж явсан юм билээ. Ойролцоогоор 1960-аад онд.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.