НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Монгол БРЭНД

В.Баттулга     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-08-03 16:33:02 GMT +8 / | 3379 удаа уншсан

Брэнд гэдэг үг нь нэрийн бүтээгдэхүүн гэсэн утгатгай. Юутай ч бид нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байна. Олон улсын хэмжээнд бол брэнд гэдгийг чанар, урлагийн од, бүтээл гэж ойлгодог болжээ.

Шинэ зууны босгон дээр миний бие нэгэн олон улсын хурлын хүрээнд соёлын арга хэмжээг нь хариуцаж зохион байгуулсан юм. Багын найз Ж.Энхтүвшин Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг байсан ба тэдний шугамаар Азийн орнуудын тухайн салбарын төлөөлөгчид Улаанбаатарт цугларч хуралдсан аж. Бүсийн том том авиа компаниудын боссууд нэг дор цугларсан гэсэн үг. Найз маань надад санал тавьсны дагуу эдгээр чухал зочдод чөлөөт цагаар нь соёлын хөтөлбөр зохион байгуулж, үзвэр үзүүлж “саатуулах” үүрэг надад ноогдсон юм. Зун цаг байсан санагдана. Ямар ч л гэсэн Дуурийн театр амарч байсан даг. Б.Сэргэлэн хатагтайгаас (театрын дарга асан) нэг өдөр театрыг нь түрээслэж аваад бүрэн хэмжээний концерт бэлдэв. Монголын урлагийн бүх л салбарыг хамруулахыг хичээсэн. Язгуур урлаг, ардын дуу бүжиг, сонгодог урлаг, балет, дуурь, орчин үеийн рок поп дуу зэрэг байгаа бүхнээ л үзүүлэхийг хичээсэн. Гадаадын зочид маш амтархан үзэж байн байн алга ташиж шагширахыг харахад сайхан л байв. Тоглолт дуусаад хэдэн зочин сэтгэгдлээ хуваалцахад сонин зүйл ярьж байсныг би ерөөсөө мартдаггүй юм.

Филиппины авиа компанийн босс гэхэд л “Ийм гоё театр Азид байдгийг би мэддэггүй байлаа. Ялангуяа балетын үзүүлбэр их таалагдсан шүү” гэж билээ. “Танай уртын дуу, монгол гэрийн тухай урд өмнө нь дуулж л байсан болохоос ийм сонсголонтой юм байдаг гэж ёстой төсөөлөөгүй” хэмээн Малайзын төлөөлөгч ярьж байв. Надад бол ийм үг сонсоод зогсож байхад сайхан байсныг нуух юун. Дэлхийн том том авиа компаниудын эзэд, ёстой л нөгөө нэг Азийн “баруудын” төлөөлөл шүү дээ гэж бодоход бахархмаар ч юм шиг байсан.

Дэлхийд гэхээ больё, Азидаа сонгодог урлагаараа бид дээгүүр явдгаа өөрсдөө тэр болгон ойлгодоггүй юм шиг санагддаг. Сүүлийн жилүүдэд манай сопрано, баритонууд дэлхийн тайзнаа яаж “даналзаж” буйг сануулахад илүүдэхгүй. 2012 оны намар би бээр Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын тэмцээнд “Universe best songs”-ын 2010 оны Гран-при шагналын эзэн Жавхлантөгсийн хамт очсон. Хоёр жилд нэг удаа болдог энэ тэмцээний тухай хоёр үг хэлъе. Муслим Магомаев гэж агуу дуучин байсныг монголчууд сайн мэднэ. Тэрээр зөвхөн Оросын бус дэлхийн хэмжээний од байсан. Харамсалтай нь өвчний улмаас мөнх бусыг үзүүлсэн. Түүний найз Агаларов хэмээх азербайжан тэрбумтан эр нөхрийнхөө дурсгалд зориулж Муслим Магомаевын нэрэмжит 6000 хүний суудал бүхий хамгийн орчин үеийн загвараар хийгдэж тоноглогдсон концертын танхим барьж өгчээ. Түүнээс гадна Муслим Магомаевын бэлэвсэн гэргий, дэлхийн дуурийн примадонна Тамара Синявскаяд санал болгосноор хоёр жилд нэг удаа олон улсын тэмцээн зохион байгуулдаг болов. Бүх зардлыг нь Агаларов даадаг. Шагнал бай нь 10-15 мянган доллар. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Елена Образцова, Тамара Синявская, Бадалбэйли, Лайме Вайкуле хэмээн нэрлээд эхлэхэд л тус тэмцээний чансаа танигдах болов уу.

Жавхлантөгс маань 250 оролцогчоос гуравдугаар шатанд тунаж үлдээд финалын аравт орж ирсэн. Сүүлчийн өдөр гай дайрч хоолой нь өвдөснөөр эхний гуравт орж чадаагүй. Синявская харамссан байдалтай толгой сэгсэрч байсныг би нүдээрээ харсан. Урьд өдөр нь тэрээр “Танай энэ залуу маш гайхамшигтай сайн дуучин байна шүү” гэж билээ. Энэ агуу дуучин хатагтайгийн амнаас ийм үг сонсоход сайхан л байлаа. Тэмцээнийг Оросын театр, сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Святослав Бэлза хөтөлснийг тэмдэглэх нь зүйтэй. Тэрээр Жавхлантөгсийг зарлахдаа дараах үгийг хэлснийг би бичээд авсан. “Одоо та бүхний өмнө сүүлийн үед бүх шагналуудыг түүгээд байгаа улс орны төлөөлөгч залуу гарч ирнэ. Энэ бол Монгол Улс, Жавхлантөгс!” гэж хэлэхэд би огшсон.

Ер нь жижиг Монгол Улсын дуурийн урлаг сүүлийн үед их амжилтанд хүрч байгааг бид мэднэ. Мөнгөнцэцэг, Ариунбаатар, Амартүвшин… Энэ нэрс үргэлжилнэ. Балет ч гэсэндээ ганц Алтанхуяг маань гэхэд дэлхийн топ 10 бүжигчний тоонд орчихсон байдаг. Дашрамд хэлэхэд манай дуучид хэл сурах хэрэгтэй. Пласидо Домингийн Амартүвшинд хэлсэн үг байдаг даа. “Чи дуурийн хэлийг сайн сур, тэгсэн хойно дэлхийн бүх театруудын хаалга нээлттэй байх болно” гэж хэлсэн байдаг. Дуурийн хэл гэдэг нь итали, орос, англи гэх болов уу. Энэ зөвлөгөө нэгийг бодогдуулсан биз ээ. Ашгүй улс маань бодолцдог болжээ. Бололцооныхоо хэрээр шагнаж урамшуулж байна. Нэмэх хэрэгтэй. Мундаг уран бүтээлчдээ Монголдоо тогтоохын тулд. Ер нь тэгээд дэлхийн театруудаар явж байсан ч яахав дээ. Монголын нэр л гарах юм чинь. Харин нэг зүйлийг орхигдуулаад буй мэт санагддаг. Спортын амжилт гаргахад дасгалжуулагч багш нарыг нь шагнадаг. Урлагт ч бас сургасан багшийг нь урамшуулж байх хэрэгтэй. Ганц жишээ татахад Амартүвшингийн багш Ерөө гэж хүн бий. Насаараа дуурийн урлагт зүтгэж буй тул мөн л шагнаж урамшуулах хэрэгтэй.

“Монголын дуурийн школа” сайн байна шүү! Чайковскийн нэрэмжит тэмцээний шүүгчдийн хооронд ийм яриа гарсан гэдэг. Тэгвэл энэ “школа”-г чинь ахмад үеийн багш сурган хүмүүжүүлэгч нар бий болгосон юм. Монголын урлагийн нөгөө нэг гайхамшиг нь үндэсний дуу бүжиг, морин хуур, хөөмий, шуранхай, уртын дуу… Миний найз С.Баяр дандаа сонин содон юм сэддэгээрээ надад нэгэн төслийн санал тавьсан. Монгол үндэсний хөгжмийн зэмсгээр “Веаtles”-ийн дууг тоглуулах. Би дуртайяа зөвшөөрсөн. Арай л дуусаагүй. Гол зорилго нь хүн төрөлхтний мэддэг дуунуудаар Монголоо, үндэсний хөгжмөө, язгуур урлагаа сурталчилахад оршино. “Үеstегdау”-г хуурдаж, шуранхайлна гээд бод доо. Сайхан сэдэл байгаа биз. Манайхан сүрхий юм чинь үүнийг өлгөж аваад аль хэдийнэ бужигнуулж байна. Этник хамтлагууд шил шилээ даран төрж буй. Ганц жишээ нэрлэхэд “Домог” хамтлаг Австрид болсон энэ төрлийн тэмцээнд хамаг шагналуудыг нь түүгээд ирсэн.

Дээхнэ үед манай нэг дуучин худалч хүнд 100 доллараар “Еnigma” хамтлагт уртын дуугаа зарчихаж билээ. Гэнэн байждээ хөөрхий. “Еnigma” нөгөөдөхийг нь Холливууд руу гаргаад хичнээн сая доллар хийсэн гэж бодно. Олон киноны саундтрэк болсон доо.

Соёлын яам бий болж сайд нь Монгол брэнд гэж ярих болсонд би хувьдаа их билэгшээдэг. Тэр “брэнд” дэргэд чинь байна. Дэмжээд тордоод л өгөх хэрэгтэй. Тувагийн хөөмий, Филиппины экспортны хамтлагууд, Бразилийн ламбада, Солонгосын К-поп буюу Ганнамстайл, Японы сумо гэх мэт брэндүүд хүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмдсээр байгаа.

Тэгвэл Монгол уртын дуу гэдэг брэнд яагаад байж болохгүй гэж. Ингэхийн тулд хотол олноороо зүтгэх хэрэгтэй. Уртын дууны сургууль байгуулах, Норовбанзад, Сүглэгмаа, Шархүүхэн, Чимэдцэеэ, Нэргүй… Ямар сайхан өв уламжлал бий билээ бидэнд. Цэцэрлэг яслийн наснаас нь хүүхдүүддээ уртын дууны гайхамшгийг мэдрүүлэх, дуулж чаддаггүй юмаа гэхэд ойлгож шүтэх боловсролыг нялхаас нь суулгаж өгөх хэрэгтэй.

“МОНГОЛ БРЭНД”-ээс улбаалаад

“Монгол брэнд” гэдгийг бий болгох асуудлаас улбаалан бас нэг сэдвийг хөндөхгүй байх аргагүй юм. Энэ бол монгол авьяастнууд, ухаантнууд гадагшаа гараад буй асуудал юм. Лас-Вегаст очсон хүмүүс “Нарны цирк”-ийн гэр бүлд багтдаг “О” шоу хэмээх гайхамшигтай тоглолтыг үзэхгүйгээр явна гэж үгүй болов уу. Тайзны урлагийн бүх төрлийг хольж хослуулсан тансаг хөтөлбөрт монгол циркийн нугараач бүсгүйчүүд оролцон тоглож үзэгч олны сонирхлыг маш ихээр татан гайхшруулахыг нүдээрээ харж, огшиж, омогшиж байснаа хуваалцаж буй нь энэ. Энэхүү шоу нь өдөр бүр пиг дүүрэн үзэгчтэй, долоо хоногийн зарим гаригуудад нь 2 ч тоглолт болдог нь Гиннесийн номонд бичигдэхээр болсон. Авахаалжтай продюссер, найруулагч, зохион байгуулалтын баг ажилладаг бөгөөд орон орны урлагийн гоц авьяастай жүжигчдийг “уруу татсанаар” ийнхүү лут бүрэлдэхүүнтэй эрч хүч нь сулардаггүй тоглолтын хөтөлбөрийг зохион байгуулж чадсан байдаг.

Энэ багт дөрвөн монгол бүсгүй уран нугаралтын гайхамшгийг үзүүлдэг. Анх энэ үзүүлбэрийн үүд хаалгыг Ж.Эрдэнэчимэг хэмээх Монголын циркийн авьяастай бүсгүй нээсэн. Социализмын үед энэ төрлийн урлагийг гадаадад мандуулж улсынхаа нэрийг удаа дараалан гаргаж явсныхаа шанд Гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан түүхтэй.

Зах зээлд шилжсэнээр цирк маань эвгүйтэж, эзэнгүйтэж, жүжигчид нь ийш тийшээ тарж хямралд орсон. Эрдэнэчимэг ч урлагт хамаг залуу насаа зориулж, хувийн амьдралаа баталгаажуулж чадаагүй байсан тул циркийн удирдлагаас 2 өрөө байр хүссэн ч нөгөөдүүл нь юун байр манатай, бараг хөөх нь холгүй юм болж. Ингээд юу ч үгүй хоцорсон Эрдэнэчимэгийг гадаадын нэгэн танил продюссер урьсан гэж буй. Улс эх орон нь тоохгүй хаяж байгаа юм чинь дээрх бүсгүй амьдралаа бодож гадагшаа гарч ажиллахаас өөр арга байсангүй. Ийнхүү “О” шоунд очиж араасаа хэдэн үеийн нугараач охидуудыг урьж ажиллуулснаар өдгөө монгол нугараачдын энэ үзүүлбэргүйгээр тус шоу-г төсөөлөхийн аргагүй болжээ.

Өнөөдөр эдгээр нугараачид маань Лас-Вегаст олон улсын хэмжээний одууд болсон аж. Бүгд тохилог хувийн хаус сууцанд амьдарч ар гэрээ тэжээж баярлуулж байдаг. Нэг удаа тус циркийг Арнольд Шварцнеггер үзчихээд монгол нугараачидтай уулзжээ. Алдарт жүжигчнийг хараад монгол бүсгүйчүүд маань “тантай зургаа авахуулж болох уу?” гэтэл “надтай биш ээ, би та нартай харин зургаа авахуулж болох уу” гэсэн гэдэг. Энэ бол ганцхан жишээ.

Нэг бодлын Монголын урлагийг гадаадад сурталчилж буй нь сайн хэрэг ч нөгөө талаар соёл урлагийн бодлого алдагдаж уран бүтээлчид маань амьдралынхаа эрхээр гадагшилж буйг харахад харамсалтай санагддаг. Хүнээс хүнд дамжиж өвлөгддөг биет болон биет бус соёлын өвөө бид хамгаалж чадахгүй байгаа болохоор өндөр цалин, хангамжинд нь татагдаж харийн улсын хатавчинд орохоос өөр аргагүйд хүрнэ. Энэхүү өв нь тээгчдээрээ дамжин гадагшилдаг.

Өдгөө энэ асуудал ямар ч хяналт бүртгэлгүй байгаа нь харамсалтай. Юу гэсэн үг вэ гэвэл анхаардаггүй юмаа гэхэд ядахнаа хэн, хаана, юу хийж, ямар юм зааж, сургаж байна вэ? гэдгийн судалгаа байх хэрэгтэй. Миний л мэдэхээс “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Наранбаатар олон жил Оросын Буриадад ажиллаж “Байгал” чуулгыг нь өөд нь татсандаг. Амархүүгийн аав Борхүү циркийг нь шинэ шатанд гаргасныг мэдэх юм.

Үндэсний өв соёлоо худалдаад баяжья гэж бодоогүй нь лавтай. Амьдралын эрхээр л тэд тийшээ очсон. Тэрнээс биш улсдаа боломжийн хэрээр үнэлүүлж ажилласан бол илүүг харж гадагшаа явахгүй л байсан болов уу.

Монгол Улсын нэн даруй хамгаалалтандаа авах ёстой биет бус өвийн жагсаалтанд уран нугаралт орсон байдаг. Өдгөө олон улсын тэмцээн наадмуудад хамаг өнгөтэй өөдтэй шагналуудыг нь түүдэг уран нугаралтын мастерууд болох Цэнд-Аюуш, Мажигсүрэн, Норовсамбуу нарын үүсгэн хөгжүүлсэн бүхэл бүтэн “школ” байх бөгөөд энд тэндгүй сургалт явагдаж дэлгэрч байдаг. Энэ бүхнийг хааж хорино гэж одоо цагт үгүй. Соёлын яам харин бүртгэл судалгаа гаргаж энэ урлаг дэлхий даяар монголынх юм шүү гэдгийг маш өргөн сурталчлах ёстой мэт санагддаг. Ашгүй энэ ажил эхэлж буй гэж сонсогдсон. Сайшаах хэрэгтэй. Мөнгө хаяж сэтгүүл ном, хэвлэл сурталчилгааны материал, сувенирууд, баримтат кино, клип зэргийг олноор гаргаж тараавал зүгээр. Гадныхан ч бас их анхаардаг бололтой.

CNN телевиз Монголын уран нугаралтын тухай маш сонирхолтой баримтат кино хийснийг үзсэн. Мөн хэдэн жилийн өмнө манай улсад суралцаж байх хугацаандаа нугаралтын техникээс заалгаж байсан Япон эмэгтэй хоёр ном гаргасан тухай сонссон. Францууд бас кино хийж буй. Энэ сайн хэрэг. Хамгийн гол нь энэ урлаг Монголынх юм шүү гэдгийг л сайн сурталчлах нь зүйтэй болов уу. Уран бүтээлчдээ хайрлан, амьдрал ахуйг нь өндөрт байлгаж, цалин шагналаар урамшуулдаг баймааж тэд нар маань тогтвортой байна. Эс тэгвээс хуучин зуршлаараа төр үлдэгдлийн зарчмаар хандаад татганаад байвал тархи ухаан, оюуны чадамж алдагдаж, авьяас нүүнэ шүү. Цаана чинь Өвөрмонголд Монгол жүжигчид, авьяастнуудыг татахын тулд орон нутгийн төсөвт мөнгө хөрөнгө суулгаж буй сурагтай. Үнэн үү, худал уу бүү мэд. Үнэн бол ердөө ч гайхах юм үгүй!

Б.ДОЛГИОН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.