НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ИСТАНБУЛ минь дээ ӨВЛИЙГ чинь хэн ингэж ЗУРСАН юм бэ?

О.Содномпил     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-07-18 15:35:33 GMT +8 / | 4063 удаа уншсан

Бүгд найрамдах Турк улсад магистарт суралцаж буй Түмэнбаярын Загарпэрэнлэй хэмээх найрагч залуугийн шүлгүүдийн уншигчиддаа толилууж байна. Яруу найраг бол зовлон шаналангийн чимээ байдаг билээ. Гагцхүү түүний гэгээн будрааг олж хардаг хүмүүсийг яруу найрагчид хэмээн нэрлэцгээдэг. Т.Загарпэрэнлэйн шүлгүүдээс Истанбулын уйтгарт өвлийн зураг, эх орноо санасан сэтгэлийн их уй, охидын тухай гэгээн тунгалаг бодлууд зуны сүүл сарын салхитай цуг нэвт анхилна.

1.

Ай сайхан
Истанбул минь дээ
Өвлийг чинь хэн ингэж зурсан юм бэ?
Өчигдөр ч, өнөөдөр ч
Олон холхисон гудмаар чинь
Өндөр өсгийттэй бүсгүй хүн шиг
Хөлөө аяархан зөөж
Урт ороолтоо салхинд намируулан
Цасан дундуур чинь
Алхаж явна
Цас бүхнийг чинь
Туулж явна.

2.

Ховдын өндөр алтайд туйлж яваа
Омог бардам найрагч анд минь
Сонс оо
Төсөөлж чадахгүй гоо байгалыг чинь
Бүдэгхэн гунигтай нүдээрээ зурж явна.
Навсайтлаа дарагдсан модод
Намирсан цасан гэзэг
Цагаан будраан дундах инээмсэглэл
Далайг дааруулсан хөлөг онгоц
Тэнгистэйгээ ойрхон энэ хотынхон
Тэнгэр өөд нисэж явдгийг нь,
Энэ бүхнийг нь, бүгдийг нь
Хавар одох шувуудаар
Урин болгож илгээх болно
Ай анд минь чи энэ бүхнийг
Яаж шүлэглэх байсан бэ?

2016.01.19 Бомонти, МСГСУ

*           *           *

Алтан загалмайт сүмийн оройд
Нарны сүүлчийн туяа
Ойж үзэгдлээ
Москва мөрний урсгал
Өнөөх л Туул шиг амгалан
Дөлгөөхөн тайван
Одоо л би урьд хүсэж байснаараа
Урт удаан амар тайванг мэдэрч
Цаг хугацаатай уралдахаа болилоо
Урт орхимжоо салхинд өглөө.

Москва.

 *           *           *

Эх оронд минь шувууд
Үүрээ засаж, өндөг дарж олуулаа болох гэж
Өө бас тэгээд өнө холоос
Үхэх гэж ирцгээдэг юм.

*           *           *

Эрх чөлөөний гүн санаа алдалт
Эмзэг тунгалаг өглөөний агаарт
Онгорхой шүдээ дааруулж
Онийтол инээсэн
Жаал байснаа саналаа
Аав минь тэгэхэд
Ноён хан уул
Ээж минь
Тээл хайрхан
Эмээ минь
Өнөө л цаст Цамбагарав байсан
Ухаан ороход минь л тэр
Буурал тэргүүнтэй
Будант мэлмийтэй хэвээр байсан
Харин одоо юмс өөрчлөгджээ
Уулс улам их цасанд дарагджээ.

2016.03.18

ҮСКҮДАР

Том том цахлайнууд
Хүнтэй ийм дотно болсныг хараад
Гандангийн тагтаа, хашааны болжморуудаа санасан
Аль бага байхаас минь болжмор намайг хэлд оруулж
Тагтаа шүлгийг ээж минь уншиж өгдөг байсан сан
Дээврийн хонгил, аргалын хашаанд
Дандаа надтай ойрхон өссөн тэдэн шиг
Талхчин цахлайнууд
Энд бас хэн нэгнийг өсгөж байгаа ажээ
Ази тивийн баруун зах ирмэг дээр зогсоод
Газар дундын тэнгист онгоцоор хөвөх олныг харж
Амьсгалаа аяархан түрж, татаж
Хүмүүсийн хөлд салхинд туугдаж буй мэтээр
Гүнжийн цамхаг өөд алхнам
Sultan Ahmet, Ayasofya, TopkapI, YeniCami
Сүмийн өндөр баганууд, хүглийх төгөл
Унаж байгаа нарны улаахан туяатай сүлэлдээд гэрэлтэж
Азиас, Европт нар жаргахыг үзэхдээ
Чимээгүй ширтэж, нүдээ анихад
Юу ч санагдаагүй сэтгэлдээ, аяархан
Нар жаргахыг хаанаас харах нь
Ялгаагүй шүү дээ гэж шивнээд
Баруун хөлөө урагш тавилаа
Азиас арван минутын дараа Европт
Бороо орно.

 

*           *           *

Усан яруу намрыг минь битгий үгүй хийгээрэй
Уул даваа, гүвээ толгодыг зорин орхиж битгий  нисээрэй
Хөг хүндтэй аялгуу сонсож суугаад
Хөндсөн өвсний зэмлэлийг хүлээмээргүй байна.

Уншихад, дурсахад гүд нулимс дотор бүлээцүүлнэ
Ганцаардал, гансралын туйл цэцэрлэгт
Уй гунигийн зөөлөн салхиараа жиндээсэн
Усан яруу намрыг минь битгий үгүй хийгээрэй.

2015.10.19

*           *           *

Уйтгар гунигтай зул сарын минь баярыг
Тэмдэглэцгээе…
Хөшгөө хааж, хөгжмөө чангалцгаая…

Салхи хүүгүүлэн дуулалддаг
Эх говийн дулаахан сүнснүүдээ
Сонсоцгоо
Гашуун нулимстай хундагыг өргөцгөө
Хуучин Орос анд шиг минь хөнтөрцгөө
Холын хол сарыг сонстол
Хашгиралдан дуулалдацгаа
Хойчийн зуун, зуун гаслантай
Зул сарын баярыг минь
Хувь тохиогоогүй бидний төлөө
Одооноос тэмдэглэцгээ.

*           *           *

  1. Уйтгар гунигаа ханхлуулан
    Гэрийнхээ гадаа зогсож байна
    Хаалгаа тайлаач дээ
    Хонгор минь
  2. Сүснгүй биеэ
    Миний төлөө өндийлгөөч
    Сүр жавхлантай хоосон царайг минь гэрэлтүүлээч
    Төгөлдөр гоо нүдийг чинь
    Эцсийн удаа ч болов
    Туулж чадаагүй, өгч амжаагүй бүхнээрээ
    Төөнөтөл нэг ширтмээр байна
    Уйтгар гунигаа уусан дарс шигээ үнэртүүлсэн
    Бараан нөмрөгт ханхүүгээ
    Диваажингийн гэрэлт дагина мэт ирээд
    Өмгөөлөөч дээ.
  3. Гэрийнхээ хаалгыг түшээд
    Гэм зэмээ савируулан
    Бүдэгхэн гэрлийн дор зогсож байна
    Бүрх малгай, урт пальтогоо өлгөх эрхийг
    Эцсийн удаа олгооч
    Гэмтэй биеэ сэгсэрч орхиод
    Гэрэл болж
    Хүйт даасан биеийг чинь
    Төгөлдөр хуримынхаа
    Анхны шөнө шигээ дулаацуулья
    Гэнэн хонгор хайрт минь
    Гэртээ ирчихлээ шүү дээ би
    Уйтгар гунигаа урьдынх шигээ л ханхлуулсаар
    Хүлээж зогсоно шүү дээ.

 

*           *           *

  1. Оддыг чи үсэндээ зүүгээд
    Бороон шивнээн дунд гуниглаж байгаа даа
    Яг л тэгж байгаа
    Хавирган саран мэт хөмсгөө буулгаад
    Шөнө мэт харанхуй гэзгээ
    Энгэртээ асгаж байгаа
    Чи яг тэгж санааширч байгаа
  2. Нүдийг чинь дүрлэгэр зурсан зураачийн
    Гансарсан бийр
    Харанхуйн дунд гэрэлт цох дүнгэнэн нисэж
    Авиа гатлахыг тодхон анирдаж
    Сэтгэлээ зогоож хөдлөх ч үгүй
    Оршиж байгаа
    Чамайг санасан бүхэн
    Яг л ийм байгаа
  3. Зовлон ойлгож сурч байгаа
    Хайрт минь
    Зориг минь хүрэхээргүй
    Холын хол байдаг юм гэдгийг ч
    Ухаарч байгаа
    Тэнгэрийн салхи
    Тэнгэрийн бороо
    Тэнгэрийн солонго
    Тэнгэрийн нар
    Тэнэглэл бүхнийг минь уучилж байгаа
    Яг л чам шиг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.