НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

С.БАТБОЛД: МОНГОЛ УЛС ТЯНЬЖИН БООМТООР ДАМЖИН ДАЛАЙД ГАРЦТАЙ БОЛНО

ner.mn     Нийтлэгч
2 сарын өмнө /2019-08-28 20:20:33 GMT +8 / | 1852 удаа уншсан

Ц.Батболд

Одоогоос 10-аад жилийн өмнө БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны Чөлөөт худалдааны боомт бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай ашиглуулахаар гэрээ хэлцэл хийсэн байдаг. Энэхүү ажил өдгөө хэрэгжихээр болж, Монгол-Хятадын хамтарсан компани байгуулагдаж, төслийн ажил эхлэхэд бэлэн болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа. Ярилцлагыг “Open door”-“Нээлттэй хаалга” сонины эдийн засгийн тоймч Ц.Батболд хийлээ.

-Таныг энэхүү ажлын үндэс суурийг анх тавилцсан хүний хувьд төсөл хэрхэн эхэлж байсан талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
-Миний бие Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх үед 2009 оны 08 дугаар сарын эхээр тухайн үеийн нэрээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын удирдамжийн дагуу яамнаас Та, Автотээврийн газрын даргын албан томилолтоор би болон орчуулагч бид гурав БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт гурван сарын хугацаатай ажиллаж байлаа. Үүнээс хойш яг 10 жил өнгөрсөн байна. Томилолтын зорилго маань Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр 2009 оны 4 дүгээр сард БНХАУ–д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр талууд хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилготой байсан. Энэхүү санамж бичиг нь Монгол Улс, БНХАУ-ын газар зүйн байршлын онцлог байдлыг харгалзан нэгнээ харилцан нөхөх зорилгоор БНХАУ–н Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн чөлөөт бүсийн давуу байдалд тулгуурлан энэ бүсэд олон улсын худалдаа, хамтын ажиллагааны нэн тааламжтай, тогтвортой үйл ажиллагааны цогцолборыг байгуулан хөгжүүлэх зорилготой байсан.
Томилолтын хугацаанд БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян чөлөөт худалдааны боомт бүсэд Монгол Улсад газар ашиглуулах, энэхүү газарт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх эрх зүйн орчныг судлан, идэвхтэй үйл ажиллагаа явуулах, Монголын талын төлөөлөгчийн газар ажиллуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэн “Улаанбаатар төлөөлөгчийн газар” УҮГ-ыг байгуулсан билээ.
-Энэ хугацаанд Монголын талаас тус боомтод ямар үйл ажиллагаа явуулахаас эхлээд эдийн засгийн үр ашиг, ач холбогдлыг нь гардаж судласан байх?
-Уг боомтыг сонгон үйл ажиллагаа явуулах нь эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй байх вэ гэдэг асуудлыг эхлэн судалсан. Энэхүү бүсэд барааг ачиж, буулгах, тээвэрлэх, хадгалах, боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулахаас гадна худалдаа, албан байгууллага, банк, санхүү, гааль болон бусад үйлчилгээ, амралтын үйл ажиллагаа явуулах, боомт, зогсоол ашиглах боломжтой байсан. Иймд Таньжин боомтыг сонгосон нь дараах шалтгаантай байсан. Нэгд, тухайн үед манай улсын экспорт, имтортын 75 гаруй хувь нь энэ боомтоор дамжин хийгдэж байсан;
Хоёрт, Тяньжин хот нь 11.5 сая хүн амтай, 11.9 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй бие даасан засаг захиргааны, эдийн засгийн нээлттэй хот. Бүр XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болон хөгжсөнөөр хойт Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв нь болсон. Ингэж хөгжсөний зэрэгцээ ДНБ-ий үйлдвэрлэлийн хэмжээ 369.8 тэрбум юань, нэг хүнд ногдох хэмжээ нь 4328 ам. доллар байсан. Сүүлийн жилүүдэд гадаадын 1500 гаруй аж ахуйн нэгж 7.3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулсны дотор дэлхийн нэртэй том 93 аж ахуйн нэгж байдаг. Тяньжин хот дэлхийн хамгийн шилдэг 20 боомтын жагсаалтанд орсон. Нөгөөтэйгүүр манай улсад хамгийн ойр далайн боомт;
Гуравт, Тээврийн дэд бүтэц сайн хөгжсөн, тус боомтоос дэлхийн бусад боомтууд уруу хүрэх хамгийн дөт зам, зангилаа болж байсан зэрэг давуу талууд байсан. Ийм ийм тооцохоос аргагүй шалтгаантайгаар байгуулагдсан харилцаа.
Ингээд хоёр тал ажлын хэсэг байгуулсан байсан. Ажлын хэсгийн Монгол талын ахлагчаар ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, БНХАУ-ын талын ахлагчаар тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооны орогч дарга Гуан Линиэн нар ажиллаж байсан. Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаанаар тус боомтод ямар үйл ажиллагаа явуулах талаар төсөл хэлэлцүүлсэн. “Тавантолгой” ХК-иас нүүрс боловсруулах үйлдвэр байгуулан далайгаар гуравдагч орнуудад хүргэх, Хөдөө аж ахуйн яамнаас хөргүүртэй махны агуулах байгуулах төсөл, мөн миний чамгүй анхаарал тавьж, ажил болгон оролцон боловсруулсан тээвэр логистиийн төслүүдийг хэлэлцүүлсэн юм.
Ажлын хэсгээс нүүрс угаах үйлдвэр хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй учир зөвшөөрөгдөөгүй нь харамсалтай. Махны экспортын хувьд танайх малын өвчин их гардаг учир мах экспортлох үйл ажиллагаа чинь тогтмол хийгдэж чадахгүй байх гэсэн болгоомжлол хэлсэн. Харин тээвэр логистикийн төв нь тус боомтын үйл ажиллагаа, хэтийн төлөвтэй нийцэж байгаа учир энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэж үзээд 10 га газарт хэрэгжүүлэх боломжтой хэмээн дэмжсэн. Ийм л учиртай юм.


-Яагаад та тээвэр логистикийн төсөл санал болгосон юм бэ?
-Яагаад гэвэл өмнө хэлсэн тус боомтод гурван талын давуу байдал байсны зэрэгцээ боомтын үйл ажиллагаатай нийцэж байсан. Энийг голлож анхаарч тооцсон хэрэг. Аливаа төсөл цаад газрынхаа голлон эрхэлдэг үйл ажиллагаатай уялдаж байвал шийдвэр гарах нь амар түргэн шүү дээ. Мөн манай улсын хувьд далайд гарцгүй орны хувьд тээвэр логистикийн үйл ажиллагааг хөгжүүлснээр тээвэр, худалдааг хөнгөвчлөх, тээврийн зардлыг бууруулах зэрэг олон амин чухал хэрэгцээ шаардалга байсан. Үүний зэрэгцээ хөрш орнуудын тээврийн бодлогтой уялдуулах шаардлага тулгарч байлаа.
Жишээ нь, өмнө дурдсанчлан гуравдагч улс уруу гарч буй экспорт, импортын 75 хувь тус боомтоор хийгдэж байсан тул энэхүү ачаа барааг нэг цэгт төвлөрүүлэх нь чухал. Тэгээд эндээсээ зөв хувиарлан тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Энэ үед төмөр замаар Улаанбаатар хүрэхэд 14 хоногийн хугацаа зарцуулж байсан. Тэгвэл яагаад автомашинаар шууд Улаанбаатар хүртэл тээвэрлэж болохгүй гэж үзэж тооцоо судалгаа хийж байсан л даа. Тухайн үед Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрээр зөвхөн хоёр талын боомт хооронд л явах зохицуулалттай байсан шүү дээ. Монголын машин тэрэг Тяньжин хүртэл явах боломжийг эрэлхийлж, Улаанбаатар-Тяньжин хүртэл тээвэрлэлт хийх боломж байгааг судалсан.
Тяньжин-Улаанбаатар хүртэл төмөр замаар 10-14 хоног тээвэрлэлт явдаг бол автомашинаар бол 3 өдөр явна. Гэхдээ зардлын хувьд төмөр замын үнэ тарифаас 30-50 хувийн илүү үнэтэй байх судалгаа гарсан. Автотээврээр ачаа барааг тээвэрлэхэд тээврийн зардал гэхээсээ илүү хугацаа хожих нь өөрөө үнэ цэн учраас автотээврээр тээвэрлэх зохицуулалтыг бий болгоё, логистикийн үйлчилгээг хөгжүүлсэнээр зардал буурах боломжтой байна гэж үзсэн. Иймээс хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах санал гаргасан, 2011 онд хэлэлцээрт өөрчлөлт орж тээвэрлэлтийн маршрутаа тохирон нэг талынхаа нутгийн гүн уруу тээвэрлэлт хийх боломж бүрдсэн. Тухай үед манай улс Хятадын нутгаар дамжин далайд гарах, мөн Оросын нутгаар дамжин тээвэрлэлт хийх засгийн газар хоорондын хэлэлцээртэй байсан. Үүнийг өргөжүүлж Тяньжинээс Монгол, Оросын нутагаар дамжин тээвэрлэлт хийх боломж харагдаж байсан. Энэ боломжийг эрж хайсан хэрэг. Ер нь зарим бараа бүтээгдхүүний тээвэрлэлтэнд цаг хугацаа хамгаас чухал байдаг шүү дээ. Энэ тухай Эрээн хотод гурван улсын уулзалтууд хийгдэж энэ саналаа мөн ярилцаж байсан. Энэ санал маань өнөөдөр ажил болоод гурван улсын дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх засгийн газар хоорондын хэлэлцээр болон батлагдаад үйл ажиллагаа нь эхлэх гэж байна.
Энэ томиллолтын хугацаанд тухайн үед ЗТБХБЯ-ны Гадаад хамтын ажиллагаа хариуцсан Таны бие Ц.Батболд болон орчуулагч Ц.Намараа бид гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Бид ямар боломжин дээр шинэ ажил эхлүүлж, яаж ачаалалтай, мэдэхээсээ мэдэхгүйгээ хүртэл болгох гэж зүтгэж байсан шүү дээ. Та бас одоо болтол энэ ажилд анхаарал тавиад надаас ярилцлага аваад мэдээллийг олон түмэнд түгээж байгаад талархаж байна. Бидний чармайлтыг ч хятад нөхөд үнэлсэн байх. Та бидний ажиллах, амьдрах нөхцөлд хятадын тал онцгой анхаарч бидэнд туслаж байсны хүчинд ажил их хурдацтай явж, ажлаа амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлж байсныг санаж байна. Тяньжин хотод ажиллаж байх хугацаанд тус чөлөөт бүсэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах уу, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эрх зүйн орчин, чөлөөт бүсийн болон Хятадын Засгийн газраас үзүүлэх хөнгөлөлт, манай улсын экспорт, импортын хэдэн хувь нь тус боомтоор дамжиж байна гэх мэт олон төрлийн судалгаа хийж 7 хоног бүр яам руугаа тайлангаа хүргүүлдэг байсан даа.
-Тэгвэл энэ төсөл 10-аад жилийн дараа ийнхүү хэрэгжих гэж байна. Манай улсад энэ төсөл ямар үр өгөөж өгнө гэж одоо Та харж байна вэ? Тэр үеийн тооцоолсноос нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?
-Энэхүү боомт нь Хятадын хамгийн хойд талын буюу Монгол Улстай хамгийн ойр боомт учраас далайд гарцгүй манай орны хувьд худалдааг хөнгөвчлөх нэг томоохон боломж юм. Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян чөлөөт худалдааны боомт бүсэд Монголчууд хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тухайлбал, Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн болон экологийн цэвэр бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүнийг Хятад улс болон далайгаар дамжуулан бусад улсад экспортлон борлуулна. Бас цаашлаад боловсруулах, хадгалах боломжтой болно. Мөн булангийн орнуудаас Монгол Улс импортлон авах газрын тос, түүхий нефть, шатах тослох материалыг хадгалах, боловсруулах, тээвэрлэхээс үйл ажиллагаа явуулна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн болон бусад чиглэлийн жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулж, бүтээгдэхүүнийг Монгол улсын нэрээр экспортлох, импортлох нөхцөл бүрдэх юм. Ингэхдээ Монгол Улсын импорт, экспортын бүх төрлийн бараа, ачааг Тяньжин хотоор дамжуулан усан зам, төмөр зам, автотээврээр тээвэрлэх үйл ажиллагаанд ложистикийн чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд заасан байгаа. Бидний анхны төсөөлөлөөс бүх юм гажаагүй явж байгаа.
-Энэхүү төсөл Хятадын талд харилцан ашигтай учраас энэ төслийг дэмжиж, хөрөнгө оруулж байгаа байх?
-Хятадын талаас газраа урт хугацаатай ашиглуулж байгаа учраас тухайн төслийг бойжих хүртэл эхний 5 жилд шат дараатай хөнгөлөлтүүд олгож, эдийн засгийн таатай нөхцөл тавьж байгаа. Үүнд гааль болон бусад татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлтүүд бий. Тээврийн дэд бүтэц нь хөгжчихсөн учраас дэлхийн аль ч боомттой худалдаа тээвэр хийх боломжтой тул Монгол, Хятадын олон жилийн найрамдалт харилцааны хүрээнд далайд гарцгүй манай орны хувьд боомт ашиглаж, далайд гарах, харин Хятадын талаас монголын нутаг дээгүүр дамжин өнгөрөх замаар ОХУ болон Европ руу гарах гэсэн харилцан ашигтай нөхцөл бүрдэх юм.
-Дунзяны чөлөөт бүс нь хөгжлийн хувьд тухайн үеийнхээс илүү өндөрт хүрсэн байх. Тус боомтод хэрэгжих энэхүү төсөл нь санхүүжилтээ хэрхэн шийдэх вэ?
-Тухайн үед энэхүү боомтод усан онгоцны зогсоол, талбай хангалттай биш байсан учраас тэд далайруугаа түрж, хуурай газрууд байгуулан, бүтээн байгуулалтын газраа бий болгохын сацуу бүрэн судалгаа хийж, ерөнхий төлөвлөлтүүд хийж байсан. Тухайн үед энэхүү боомтод Хятадын талаас хөлөг онгоцноос буулгах хэсэг, логистикийн хэсэг, аялал жуулчлалын хэсгүүд төлөвлөж байсан нь хэдхэн жилийн дараа биеллээ олж, аялал жуулчлалын бүс зэрэг бүтээн байгуулалтуудаа бүгдийг хийсэн байна билээ. Мөн 2009 онд Тяньжин порт дээр ажиллаж байсан тэр үеийн дарга удирдлагууд тогтвортой ажиллаж байгаа нь тухайн бүтээн байгуулалт, дэд бүтэц хөгжих нэг хөшүүрэг нь болдог болов уу гэж боддог.
-Чухал сэдэв хөндөж сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.