НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Г.Зоригт: Бид нано технологи, нано шинжлэх ухааныг хөтөлбөрүүддээ тусган ажиллаж байна

Х.Отгон-Эрдэнэ     Нийтлэгч
2 сарын өмнө /2019-09-10 15:28:18 GMT +8 / | 2728 удаа уншсан

 

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Зоригттой ярилцлаа.

-ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт 2019 оны 8 дугаар сарын  28-ний өдөр болсон. Инженер бэлтгэж байгаа бусад сургуулиудаас ялгарах онцлог, давуу талаас яриагаа эхэлье?

-Бид Монголын инженерүүдийг төдийгүй дэлхийд өрсөлдөх инженерүүдийг бэлтгэдэг. Сургуулийнхаа онцлогыг би өөрийн ажилладаг Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хүрээнд ярья. Би инженерийн ангийн оюутнуудад физикийн хичээл заадаг. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь инженерийн суурь боловсролын хүрээнд математик, физик, химийн  дээд боловсролын суурь шинжлэх  ухааны боловсролыг олгодог. Инженерийн боловсрол эзэмшиж байгаа оюутнууд Монголын бүтээн байгуулалтад оролцох, ирээдүйн хөгжлийг тодорхойлоход онцгой үүрэгтэй хүмүүс. Тийм хүмүүсийг бид бэлтгэж байна. Тэдэнд танин мэдэхүйн түвшинд, шинжлэх ухааны суурь мэдлэгүүдийг бид олгож байгаа учир шинжлэх ухаан тасралтгүй хөгжил дэвшлийг сургалтандаа оруулж байхыг эрмэлздэг. Би сургуульдаа 25 жил багшилж байна. Анх багшаар орж ирж байсан үеийн физикийн зарим ойлголт, ярьж байсан сэдэв агуулга одоо 25 жилийн дараа өөрчлөгдсөн  байна. Шинжлэх ухааны ололт амжилтууд олноор гарч, дэвшил бий болсон. Тийм учраас ярьж байгаа агуулга нь ч, сургалтын арга барил ч өөр болж байна. Физикийн боловсролоор дамжаад манай инженерүүд орчин үеийн технологи руу нэвтрэх сууриа тавиасай гэж зорьдог.

-Энэ хичээлийн жил ямар онцлогтой вэ?

Энэ жилийн онцлог гэвэл ШУТИС-ийн 60 жилийн ой болж байна. Энэ ойн хүрээнд бид олон ажил зохион байгуулж байгаа. 60 жилдээ зориулан 60 шинэ сурах бичиг гэж хөтөлбөрт ажил хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд физикийн суурь мэргэжлээр сурах бичиг шинэчлэн гаргасан. Физикийн сурах бичгийг бүрэн курсээр нь, өнгөтөөр, дэлхий дахинд сурах бичиг хэвлэж байгаа тэр стандартад нийцүүлэхээр, агуулгын хувьд шинэчилж бэлтгэн гаргасан. Манай сургууль шинжлэх ухаан технологийн хөгжил хандлагатай уялдан  шинэ мэгэжилийн  хөтөлбөрүүдээр элсэлт авч эхэлсэн. Тухайлбал, нано шинжлэх ухаан инженерчлэл гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхний жилийн элсэгчдээ аваад сургалт нь амжилттай явж байна. Орчин үеийн шинжлэх ухаанууд их хувьсалд орж байгаа. Түүний дотор хамгийн өргөн хүрээтэй нь нано технологи, квант механик, квант физикийн тухай ойлголт шинжлэх ухааны салбар бүрт нэвтэрч байгаагаас харж болно. Бидний хэрэглэж байгаа технологиуд нано технологи, квант механикийн онолгүйгээр цааш хөгжихгүй. Өнөөдөр хөгжлийн хурдац тэр мужид нь буюу физик сэтгэлгээтэй инженер хүмүүсийн ажил маш их үүрэгтэй болсон. Дэлхийд ийм шинжлэх ухаан, технологийн хувьсал явж байгаа. Тийм учраас бид энэ шинэ ангийг нээж элсэгчдээ аваад, ажлаа эхлүүлээд явж байна. Нано технологи, инженерчлэлийн чиглэлээр манай судлаач эрдэмдэд  онолын физикийн, туршлагын физикийн чиглэлээр эртнээс ажиллаж ирсэн. Л.Хэнмэдэх багшаар удирдуулсан онолын физикчдийн баг ажиллаж байна.

-ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг элсэгчид их сонирхдог юм билээ. Сургалтын хөтөлбөрүүдийн шинэчлэлтийн талаар юу хэлэх вэ?

-Орчин үед инженер бэлтгэх сургалтын технологид үр дүнд суурилсан сургалтын үзэл баримтлалыг олон улсад хэрэгжүүлж эхэлээд байна.   Үүний нэг нь тусгал болох сургалтын CDIO арга зүйг инженерийн сургалтын хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж эхлээд байна. Үүнийг үр дүнд суурилсан сургалтын систем ч гэж болно. Үүний онцлог нь суралцагч бодит зүйлийг бүтээх явцдаа суралцах, оюутныг өөрөөр нь бүтээх арга барилд суралцуулах, сурахарга барилд бэлтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл танхимын сургалтаар багш орж ирээд л лекц уншаад л гараад явчихдаг, дараа нь оюутан тэрийг нь бичээд, уншаад байдаг бол энэ сургалт тийм биш. Оюутнууд өөрсдөө аливаа мэдлэгийг хөөж судлаад дараа ньбагш нь хэлэлцүүлэг хийж чиглүүлж өгдөг. Ингэж суралцсан хүн инженер болоод төгсөхдөөөөрийгөө цааш хөгжүүлээд явах чадвар суудаг. Энэ чиглэлээр хийгдэж байгаа дэлхийн нийтийн боловсролын шинэчлэлийг ШУТИС дээр хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлээд амжилттай явж байна.

-ШУТИС бол судалгаа, шинжилгээний нэг том төв. Энэ чиглэлд ямар ахиц, дэвшлүүд гарч байна вэ?

-Манай сургуулийн цар хүрээ маш өргөн учраас олон эрдэмтэн судлаачдийн маань ажил дэлхий нийтэд үнэлэгдсээр байна. Шинэ технологи болсон, эдийн засгийн дэвшил авчирсан ажлууд тасралтгүй хийгдэж байна. Жишээ нь манай судалгааны онолын физикийн багийн ажил амжилттай явж байна. Бид квант физик, нано технологийн хүрээнд онолын судалгаа хийдэг. Энэ хийгдэж байгаа ажлууд өнөөдөр шууд үйлдвэрлэл дээр бүтээгдэхүүн болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь үр таривал ургацаа авна гэдэг шиг оюутандаа хүрэх мэдлэгийн цар хүрээ болж өгөөжөө өгнө. Бидний өнөөдрийн хийж байгаа ажлын нийтлүүлсэн өгүүлэгүүдийг дэлхийн судлаач эрдэмтэд сонирхон уншиж санал солилцож байгаа нь бидэнд урам өгч байна. Энэ бол том ахиц дэвшил. Манай сургууль Азидаа топ сургуулиудын нэг болох зорилго тавьсан. Тэр зорилгын хүрээнд манай сургууль судлаач эрдэмтэддээ их анхаарал тавьдаг. Үүний нэг жишээ болгож квант механикийн хүрээнд хийгдэж байгаа өөрийн судалгааны ажлынхаа талаар товчхон дурьдья. Бид өнөөдөр атомын төлөвийг гаднаас нь цэнэгт бөөмөөр мөргүүлэх лазерын пульсээр өдөөх үед атомын орчинд болох хувьсалыг (10-18сек) аттосекундын нарийвчлалтай тооцоолж дүр зургийг нь гарган авч шинэ ойлголт  дүрлэлийг бий болгож байгаагаа дурьдахад баяртай байна. Энд сонирхуулахад квантфизик, Нано технологи гэж юуг хэлээд байна вэ гэдэгт товч тайлбар хэлье. Хүн болгон амны уншлага шиг хэлээд байгаа боловч цаана нь яг юу байгаа вэ гэдгийг энгийнээр ойлгох нь чухал болов уу. Бидний ажлыг гаднаас нь өнгөц харсан хүн дотор нь юу болж байгааг сайн ойлгохгүй. Тоо бодоод л сууж байгаа улс шүү дээ бид. Хүн төрөлхтөн гэрэл гэж юу вэ, нар, сар гэж юу вэ гэж судалж явсаар байгаад XVII зууны үед гэрлийн тухай онол гарч ирсэн. Гэрлийг Гьюгенс болохоор долгион гэж үзээд, дуу авиа  мэд огторгуйдтасралтгүй тархдаг гэж үзсэн. Ньютон  гэрлийг бөөмсийн урсгал гэж үзсэн. Энэ хоёр онол зэрэг гарч ирээд  маргаан дагуулсан шалтгаан нь долгион гэвэл гэрэл нь ширхэглэг биш учир тоологдохгүй харин бөөм нь тоологдох учир аль нь зөв бэ гэсэн асуудал байлаа.Тоологдох уу, тоологдохгүй юу гэдэг дээр л маргасаар яваад 200 жилийн дараа одоогоос 100 гаруй жилийн өмнө эцэслэн шийдэгдсэн. Гэтэл эцсийн хариу нь хоёулаа зөв гэж гарсан. Өөрөөр хэлбэл гэрэл бол тоологддог ч юм, тоологддоггүй ч юм гэсэн үр дүнд хүрсэн. Энэ л ертөнцийн хачирхалтай нууцлаг ертөнцийн бодит дүр төрх байлаа. Энэ гайхалтай нууцлаг ертөнцийн гүн рүү нэвтэрсэнээр хүн төрөлхтөн гэрлийн бөөмлөг, долгиолог хоёрдмол шинжтэй адил атомыг бүрдүүлэгч бөөмс ч хоёрдмол шинж чанартай болохыгилрүүлсэн. 1900 онд энэ хоёрдмол шинжийг холбосон хүн нь М.Планк байлаа. Ийнхүү атомын орчинд буюу нанометрийн мужид энэхүү хоёрдмол шинж чанартай ертөнцийн нууцыг квант механикийн онолоор судалж байна.  Орчин үед хуурамч шинжлэх ухаан их хөгжсөнөөс болоод шинжээч судлаачдын өмнүүр орж хүмүүсийг төөрөгдүүлэх нь бий. Шинжлэх ухааны онол нь  бодит баримтанд  үндэслэн онол таамаглал дэвшүүлээд түүнийгээ эргээд туршилтаар баталж байж хүлээн зөвшөөрөгддөг. Иймээс бид ирээдүйн инженерүүддээ шинжлэх ухаан ч арга барилыг эзэмшүүлэхээр ажилладаг.

-Одоо дэлхий нийтийн шинжлэх ухаан ямар түвшинд явж байна вэ?

-2000 онд атомыг зогсоож чадсан. Атомыг зогсоож чадсан гэдэг нь бозон атомуудыг маш бага температурт оруулахад бүгд үл ялгагдах нэг төлөв рүү шилжих Бозе Эйншейний конденсацыг гарган авсан явдал юм. Үүнээс хойш хүн төрөлхтөн атомын түвшинд атомуудыг зогсоож, шинжилж, атомын лазерыг хөгжүүлэх боломж бүрдсэн. Үүнтэй давхцаад хүн төрөлхтөн квант механикийн хүрээнд орчин үеийн технологийн өндөр хөгжилд хүрсэн. Бидний хагас дамжуулагчийн технологид хэрэгжүүлж байгаа электрон тоног төхөөрөмжүүдийн технологиудыг чинээнд нь тултал хөгжүүлчихсэн. Одоо дараагийн эрин үе квант механикийн хүрээнд квант компьютер, квант тооцоолол руу шилжих судалгаа шинжилгээ эхлээд 20 гаруй жил өнгөрч байна. Ирээдүйн технологи бидний санаанд оромгүй хувьсал руу шилжих гээд явж байна. Яг ийм үед бид оюутнуудаа бэлтгэхдээ энэ баримжааг харж нано технологи, нано шинжлэх ухааны ойлголтуудыг, хөтөлбөрүүддээ тусган ажиллаж байна.

-Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр элсэх сонирхолтой хүүхдүүд юунд анхаарах талаар зөвлөгөө өгөөч?

-Манай тэнхимийн хувьд Үйлдвэрийн экологийн инженер, Нано шинжлэх ухаан-инженерчлэлийн хоёр хөтөлбөрөөр элсэлт авдаг. Инженер болох гэж байгаа бол байгалийн шинжлэх ухаанд дурлах хэрэгтэй. Элсэгчид нь шинжлэх ухаанч байр сууринаас  юманд хандах, байгалийн шинжлэх ухааны суурь ойлголтыг зөв тодорхой ойлголттой байх нь чухал юм. Товчхондоо бол физик, математикийн хичээлээ сайн үзээрэй гэдэг зөвлөгөө л өгдөг дөө. Эдгээр шинжлэх ухаанууд хүнийг хүмүүжүүлдэг. Хандлагыг нь өөрчилдөг. Ингэж л бид шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхгүй бол манай нийгэмд жаахан буруу хандлага байна. Хүүхдүүдэд хэлэх зүйл нь  математик, физикийн ойлголтуудаа сайн сэргээж цэгцэлж бэлтгэх хэрэгтэй. Энэ нь шалгалтаа давахад хэрэгтэйгээс гадна цаад агуулга нь их сургуульдаа амжилттай суралцан сайн инженер болоход суурь үндэс нь болно. Элсэж орж  ирсэн хойноо ч тэр хичээлүүдээ түвшин ахиулаад судална. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай би өөрөө ажиллаж байсан, олимпиад уралдаан, ЭЕШ  дээр даалгаврыг нь зохиож байсны хувьд хэлэхэд физик, математикийн хичээлийн талаар зарим хүүхдүүдэд өөртөө айдсын хана үүсгэчихсэн байдаг. Үүнийг даван туулах нэг арга нь битгий ямар их зүйл мэдэхгүй байгаа тухай бодоорой. Харин эсрэгээр нь өөрийн мэдэж байгаа чадах зүйлээсээ эхлээд л үндсэн томьёо тодорхойлолтоо богино хугацаанд эрчимтэй цээжлэх давтлага хийхэд ойлголт нь хурдан өөрчлөгддөг болохыг анхаараарай. Монгол Улсын хөгжил дэвшил хүн дээрээ, оюуны баялаг дээр, тэр дундаа шинжлэх ухаан дээр тогтоно. Үүний төлөө ШУТИС бүх хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлдэг шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд болон танай оюутнуудад сургалт, судалгааны өндөр амжилт хүсье. -Танд бас ажлын амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.