НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Б.Тунгалагтамир: Миний ирээдүйн зорилго Монголд шатах ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх

Х.Отгон-Эрдэнэ     Нийтлэгч
1 сарын өмнө /2019-10-14 13:07:38 GMT +8 / | 2260 удаа уншсан

Эх орондоо инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх нэгэн жарны их үйл хэргийн арвин  түүхийг бүтээлцэж яваа ШУТИС-ийн нийт багш нарын 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг, цолтой эрдэмтэн багш нар юм. Тэд шинийг санаачлагчид, шинийг эрэлхийлэгч судлаачид. Нано, био, гео-мэдээллийн технологи зэрэг орчин үеийн шинжлэх ухааны олон чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, дэвшилтэт технологийг эзэмшин үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс. Тус сургуулийн залуухан эрдэмтэн Б.Тунгалалтамирыг энэ удаагийн Viperson буландаа урьж сургалт, судалгааны ажлынх нь талаар ярилцсан юм. 
Химийн технологийн лабораторийн өрөөндөө бидэнтэй уулзаж, хийж буй судалгааны ажил, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулан, төрөлх сургууль, эрдэм заасан багш, баг хамт олон, шавь нараараа бахархдаг талаар ярьж “Би энэ хүмүүстэйгээ нэгдэж ажиллах ёстой. Бидний багаар ажиллах гол чадвар эндээс л эхэлнэ” хэмээн даруухан бөгөөд нухацтай хүүрнэх энэ эмэгтэй “Бид ашигт малтмалын судалгаа шинжилгээний салбарт дэлхийн дэвжээнд өрсөлдөнө” хэмээн итгэлтэй хэлсэн юм.  

 

-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Болдын Тунгалагтамир гэдэг. Нефтийн бүтээгдэхүүний химийн технологич, инженер мэргэжилтэй. Ерөнхий боловсролын сургуулиа Дархан-Уул аймгийн 1 дүгээр 10 жилд суралцаж төгссөн. Суралцаж байхдаа 40 улирал дараалан онц суралцаж чадсандаа одоо ч өөрөөрөө бахархдаг юм.
-Ёстой яс чамбай охин байж. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг. Одоо ч гэсэн манай сурагчдад ингэж чамбай суралцах хүсэл эрмэлзлэлийг суулгах хэрэгтэй. ШУТИС-д шинээр элсэж байгаа оюутан залуус тань шиг сурлагын амжилт гаргасан нь судлаач эрдэмтэн болох нь элбэг. Учир нь тэд сурах арга барил, дадал зуршлыг эзэмдчихсэн байдаг.
-Тэр үнэн. Зорилгодоо үнэнч байж, мятаршгүй тэмцэх нь шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулахын нэг суурь үндэс. Энэ үзэл санааг багаас нь суулгавал манай шинжлэх ухаан урагшлана. Шинжлэх ухаанд тэмцэгч байна гэдэг уриа лоозон бариад хашгирч тэмцэхийг хэлэхгүй, шинийг нээж бүтээхийг хэлнэ шүү дээ. Тэгээд нэгэнт яриа эхэлсэн цэг рүүгээ оръё. 10 жилийн сурагч байхдаа аймгийнхаа Засаг Даргын нэрэмжит уралдаанд оролцон “Шилдэг сурагч”-аар шалгарч байсан даа. Тэгж байхдаа их урам зориг авч Монголын нийгмийг байгалийн шинжлэх ухаан хөтлөх юм байна гэж бяцхан сурагч өөртөө дүгнэлт хийсэн. Яавал энэ улс нийгэмдээ хэрэгтэй хүн болох вэ, үр өгөөжөө өгөх вэ гэж тэр бяцхан сурагч гавьяа шагнал аваад эрэгцүүлсэн хэрэг шүү дээ. Ингээд  ЕБС-иа төгсөөд ШУТИС-ийн Нефтийн бүтээгдэхүүний химийн технологич гэсэн мэргэжлийг сонгон суралцаж, бакалавр, магистрантурын сургалтаа эндээ дүүргэсэн. Докторын судалгааны ажлаа Өвөр Монголын Аж Үйлдвэрийн их сургуульд хийж тэнд зэрэг цолоо хамгаалсан. 
-Та хэдэн онд докторын зэргээ ямар сэдвээр хамгаалсан билээ? Тэр сэдэв чинь манайд хэрхэн ашиг тус, үр өгөөжөө өгч байна вэ?
-2013 онд “Метанжуулах урвалын катализаторын шинж чанарын судалгаа” сэдвээр хамгаалсан. Хятадад сурах хугацаанд хамгийн гол нь судалгааны ажлын сэдэв сонгох асуудал нэлээн хүндрэлтэй байсан. Судалгааны ажлын сэдвээ сонгох гэж бараг нэг жилийг алдсан даа. Хятад багш нар оюутандаа судалгааны сэдвээ өөрөө сонгох хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Удирдагч багш  Өвөр Монголын аж үйлдвэрийн их сургуулийн профессор  Лү Жин Рон (Liu Jin Rong) маань шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байж доктор хамгаалах ёстой, тийм ч учраас би чамд оноосон сэдэв өгөхгүй гэж хэлсэн. Энэ нь ямар нэг шинэ юм нээхийг хэлсэн хэрэг. Докторын ажлын судалгааны сэдэв сонгох гэж Монголруугаа холбогдсон. Цаад санаа нь манайд хэрэг болохуйц, ойрд хэрэгжих техник технологийн үр өгөөжтэй талыг нь хэрдээ эрэлхийлж байна шүү дээ. Харамсалтай нь шинжлэх ухаанд шинэ санаа, нээлт болохуйц судалгааны ажлын сэдэв олоход үнэхээр төвөгтэй байсан. Ингээд бараг нэг жилийн дараа судалгааны сэдэвтэй болсон. Одоо бодоход бүхэл бүтэн нэг жилийн хайлт гэдэг ээдрээтэй, итгэл найдвараа гээсэн, бас эргээд олсон урт хугацаа байсан шүү. Эндээс харахад манай шинжлэх ухааны ажлын уялдаа холбоо нэг их олигтой бэхжээгүй нь харагдаж байна уу?! Иймд бид энэ алдаа дутагдлыг энэ үедээ болон ирэйдүй цаг дээр давтахгүй, ийм байдлаас ангижрах ёстой.
 

Суралцаж байхдаа 40 улирал дараалан онц суралцаж чадсандаа одоо ч өөрөөрөө бахархдаг 

 

-Тэгсэн ч гэсэн докторын ажлын судалгааны сэдэв сонгох гэж Монголруугаа холбогдсон  гэхээр бас л манай шинжлэх ухаанд хүлээлттэй сэдэв хайгаад байсан байна. Зүгээр нэг хамгаалаад эрдмийн зэрэг цол хүртэхдээ бус...
-Хятадын багш маань сэдвээ өөрөө ол гэж байсан болохоор П.Мөнхбаатар, Б.Бямбагар, Д.Хандмаа, Г.Мөнхцэцэг, Г.Батдэмбэрэл багш нартайгаа ирж уулзан, зөвлөгөө авсан. Ямар сэдвээр хамгаалж, юуг нэн тэргүүнд судлах вэ гэсэн нэгдсэн санаа оноотой болж авах гэж яваа минь тэр. Хятад улсад бүх зүйлс судлагдсан. Харин Монголд маань бүх зүйл шинэ байгаад байдаг. Манайд судалгааны ажил гүйцэтгэхэд судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол их давуу гарч ирдэг. Монгол Улсад ийм асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гээд ярилцана. Тэр асуудал нь харин урд очихоор шинжлэх ухааны түвшинд судлагдсан, батлагдсан байх жишээний.

Овог нэр: Болдын ТУНГАЛАГТАМИР 

Эрдмийн зэрэг: Доктор (Ph.D), Монгол Улсын газрын тосны зөвлөх инженер

Албан тушаал: Дэд профессор 

Мэргэжил:Нефтийн бүтээгдэхүүний химийн технологичХимийн технологич, инженер

 

-Нэгэнт дуулагдсан дуу гэдэг шиг л юм болох нь байна шүү дээ.
-Нээрэй дэлхий дахинд нэгэнт нээлттэй болсон технологи дээр чи юу хийх юм бэ гэдэг асуулттай л шууд тулна шүү дээ. Эцэстээ Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, шинжлэх ухааны түвшин, зах зээлийн байдал, судалгааны орчин, судлагдсан байдлын талаар удирдагчийнхаа судалгааны профессорын багийн хэлэлцүүлэг дээр нэлээд хэд хэлэлцүүлж байж судалгааны ажлынхаа хэрэгцээ шаардлагыг танилцуулсан. Сүүлд нь удирдагч багш маань нөхцөл байдлыг ойлгоод чиглэл өгсөн. Долоо хоногийн дотор газрын тос, нүүрс, нүүрсний боловсруулалтын чиглэлээр 40 эрдэм шинжилгээний өгүүлэл уншаад дүгнэлт хийж нэг сэдэв гаргаад ир гэсэн. Энэ нь танай улсын өнөө ба ирээдүйтэй уялдаж болох нь гэсэн дүгнэлт хийсэн хэрэг. Миний бакалаврын дипломын сэдэв “TC-1 маркийн түлшний физик, химийн шинж чанарыг загварчлах”, магистрын ажил “Нефть боловсруулах үйлдвэрийн ректификацийн колонний тооцоог компьютерийн програм ашиглан хийх судалгаа” сэдэвтэй байсан. Иймээс судлаач хүний хувьд арай өөр чиглэлээр ажиллах хүсэл бас төрнө. Нүүрсний гэж үзэж байгаад байгалийн хий судлах чиглэлийг сонгосон. Тухайн үед байгалийн хийн асуудал монголд огт дурдагдахгүй, бүр нөөц байхгүй гэж ярьж байсан. Байгалийн хий гэдэг чинь дэлхийд хамгийн түгээмэл, утааг арилгах ганц технологи. Технологи нь дэлхийн түвшинд хангалттай судлагдсан тул, технологид хэрэглэгдэж байгаа цөм бүтээгдэхүүнийг судлахаар шийдсэн. 
-Манайхны идэвхтэй ярьж байгаа үндсэн сэдвүүдийн нэг бол байгалийн хий гэж ойлгож байна? Одоо чинь утаа чинь үндэсний хэмжээнд яригддаг ганц сэдэв болоод байна. Ганцхан Улаанбаатар хот төдийгүй төвлөрсөн суурин газруудад ч нүүрлэж байгаа аюул, занал болоод байна л даа. Маш оносон зөв судалгаа гэж бодлоо.
-Харин тийм. Манай шинжлэх ухаан энэ лүү анхаарал хандуулах нь зайлшгүй гэж бодож байна. Олон орон энэ замаар утаанаасаа салсан. Би 2013 оны 12 сард дипломоо хамгаалаад 2014 онд сургуульдаа буцаж ирсэн. Судалгааны ажлынхаа үр дүнгээ түгээн дэлгэрүүлэх чиглэлээр нэг жил нэлээд үр бүтээлтэй ажилласан. Энэ нь салбарынхаа хэлэлцүүлэгт орох, нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлийн ажил хийсэн. Намайг ирсний дараа “Гранд повер” компаний төлөөлөгч ирж уулзаж байсан. Тухайн үед үйлдвэрээ барьчихсан компанид судалгаа нь дутагдаж байх жишээтэй. Тухайн үед “Гранд повер” компаний байгалийн хийн үйлдвэр нэг л байсан. Одоо бол хэд хэд болсон. 
-Судалгааны багаа танилцуулна уу? Аливаа судалгааны баг гэдэг шинжлэх ухааны хамгийн чухал нэгж байдаг шүү дээ. 
-Тийм. Мэдээж ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн судлаач багш нар. Мөн МУИС-ийн Н.Энхсаруул багштай хамтран байгалийн хийн талаар хийгдэж буй төслүүд дээр ажиллаж байна. Салбар маань өөрөө хөгжиж буй шинэ салбар болохоор хүмүүстэй өргөн хүрээнд нягт хамтран ажиллах хэрэгтэй. Жишээ нь би байгалийн хийн чиглэлээр ажиллаж байгаа МУИС-ийн Гарааний компаний, мөн УУХҮЯ-наас энэ чиглээр хийгдэж буй судалгааны ажилд үндсэн судлаачаар тус тус ажиллаж байна. Мөн   ШУТИС-ийг төгссөн бакалаврын ангийн төгсөгчөө магистрантурт элсүүлээд сар бүр 500 мянган төгрөгний тэтгэлэг олгоод, хамтран судалгааны ажил гүйцэтгэж байна. ШУТИС-ийн ЭХС-ийн багш А.Түмэнбаяр, Н.Дашпунцаг, ГУУС-ийн А.Баасанжаргал багш нартай хамтран ажиллаж байна. А.Баасанжаргал багш маань хийн боловсруулалтын чиглэлээр нэлээдгүй судалгаа хийсэн багш байгаа юм. Ер нь бол салбараа өргөжүүлэн тэлж судалгааны ажил хийх сонирхолтой байна.
-Та энэ чиглэлийн судалгааг өргөжүүлэн тэлж ажиллах зорилготой юм байна. Хөгжлөө дагаад Таны энэ судалгааны ажил тэгэхээс ч өөр аргагүй байх. Цаашдын судалгааны ажлын төлөвлөгөө ямар байна вэ?
-Цаашдын зорилго маш том байгаа. Доктор хамгаалаад ирэхдээ маш их зүйлийг төлөвлөж, мөрөөдсөн. Докторын зэрэг хамгаалсан сургууль маань үлдэж ажиллаач гэж урьсан. Гэхдээ хийсэн ажлаа Монголдоо ирж нутагшуулах хэрэгтэй гэж үзсэн. Хэрвээ үүнийг одоо нутагшуулахгүй бол цаг хугацаа хүлээхгүй юм байна, хоцрох юм байна гэж бодсоноос үүдсэн хэрэг. Мэдээж судлаач хүнд судалгааны лаборатори хэрэгтэй. Юм хийнэ гэсэн залуу судлаач чинь романтик хүсэлдээ эрчлэгдээд гүйж өгнө шүү дээ. Төсөл бичнэ. Байнга хүсэл бодолдоо хөвчлөгдөнө. Энэ судалгааны лабораторийг гэхэд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр ШУТИС-ийн ХШУС-ийн багш Э.Энхцэцэг багштайгаа хамтраад босгосон. Бүх тоног төхөөрөмжөө Хятадаас дотоодын зах зээлдээ нийлүүлдэг үнээр авсан. Миний ирээдүйн зорилго Монголд шатах ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх. Олон улсад хийгдэж байгаа судалгааг эх орондоо нутагшуулах, энэ салбарт хувь нэмрээ оруулах юм.  Хувь нэмрээ оруулахын тулд би судалгааны багтай байх ёстой. Миний оюутнууд аль ч улсад очсон англиар, хятадаар сайхан ярьдаг байх хэрэгтэй. Оюутнуудаа бэлдээд судалгааны баг бүрдүүлээд, шатах ашигт малтмалын салбарт дэлхийд өрсөлдөх хүсэлтэй байна. 
-Одоо ямар төсөл хэрэгжүүлж байна?
-2017 онд докторын дараах судалгаанд олгох БСШУС-ын Сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг авч цахилгаан станцын хаягдал үнснээс хөнгөн цагаан ба цахиурын оксид гарган авах судалгаа хийж байна. Мөн Хятад зэрэг гадны хөрөнгө оруулалттай байгуулагуудын гэрээт ажлууд дээр ажиллаж байна. 
-Судалгааны ажил, судлаачийн хэрэгцээ их болохоор ажлын саналууд байнга ирдэг үү?
-ШУТИС-тайгаа холбогдоод би 17 жил болсон байна аа. Бид гадны сургуулиудыг гайхаад л яриад байдаг. Үнэндээ тэр Харвард, Цинхуа гэсэн их сургуулиудтай манай сургууль улс дотроо дүйцэнэ шүү дээ. Зиндаа нь ийм л сургууль. Эхлээд өөрсдийгөө мэдрэх хэрэгтэй. Дараа нь уралдах хэрэгтэй. Нэг үеэ бодвол манай сургуулийн эрдэмтэн багш нар ертөнцийн өнцөг булан бүрээс мэдлэг тээж ирж байна. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэдэг шиг. Шинжлэх ухаан маань залуу учраас аливааг маш соргог ажиглан авч байгаа нь манай давуу тал.  ШУТИС-тай амьдралаа холбосон нь миний бахархал. Би чадах бүхнээ хийнэ гэж боддог. Сул талаа давуу талаараа нөхөөд манай шинжлэх ухаан хөгжих бодит суурь нь баттай тавигдсан.

 

ОЛОН УЛСАД ХИЙСЭН СУДАЛГААНЫ АЖЛАА МОНГОЛДОО НУТАГШУУЛАХ ХЭРЭГТЭЙ


-Та үнэхээр чадах бүхнээ хийж байгаа нь харагддаг. Төгсөж ирснээс хойш хичнээн судлаачийг Хятад оронтой холбосон бэ? 
-Магистрантурт 10, докторантурт 4 хүнийг явуулах ажлыг зохион байгуулалцсан. Ахисан түвшний сургалтанд Хятадын Засгийн Газрын тэтгэлгээр явуулах ажилд чамгүй олон оролцсон юм байна. Мөн эдгээр судлаачид хоёр улсын талаас хамтарсан удирдагчидтай байх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл суралцаж буй орны судалгааны ажлын удирдагчаас гадна Монголоос ШУТИС-иас нэг удирдагчтай байх. Ингэснээр манайд хэрэгтэй, манайд хүлээлттэй эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэнэ гэсэн үг. Эдгээр судлаачдийн судалгааны ажил  дээр түшиглээд тодорхой төслүүдийг эхлүүлээд зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол цаг хожих, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг цаг алдалгүй нутагшуулна гэсэн үндсэн санаа юм л даа. Нөгөө талаар гадаадын их, дээд сургуулиудын өндөр технологийн лабораторийг ашиглах боломж бий болж байна гэсэн үг. 

-Эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа  хамтарсан хөтөлбөрөөсөө дурдвал ямар вэ?
-Манай химийн инженерчлэлийн 2+2 хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг эхлүүлэх ажилд олон жилийн, олон эрдэмтний хүч хөдөлмөр шингэсэн. П.Мөнхбаатар, Д.Буянтогтох захирал, Б.Бямбагар багш, одоогийн Н.Ганхуяг захирал гээд олон хүн оролцсон. 2010 оноос эхлээд яригдсан хөтөлбөр. Багш нартайгаа хамтран хөтөлбөр боловсруулах, гэрээ байгуулах ажилд гар бие оролцсон доо. ШУТИС-ийн химийн инженерчлэлийн салбар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Технологийн их сургуультай 2+2 хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Удирдлагуудын дараагийн бодлого нь математик, физикийн салбарууддаа 2+2 хөтөлбөр эхлүүлэх ажил байсан. Энэ ажлыг эхлүүлэх, судалгаа хийх үүргийг надад өгсөн гэж ойлгож байгаа. Тиань Жины хотын Аж үйлдвэрийн их сургуульд сургалтад хамрагдаж байхдаа тухайн сургуулийн хөтөлбөрүүдийг судлаад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санал боловсруулан удирдлагуудтай нь уулзаж хүсэлт гаргасан юм. Ингээд “Үйлдвэрлэлийн экологи мэргэжил” 2+2 хөтөлбөртэй болсон. Хятадын баруун хойд Политехникийн их сургуультай хамтарсан хөтөлбөр эхлүүлэх ажлыг Н.Ганхуяг захирал санаачлан, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл дээр ажиллах үүрэг өгсөн. Энэ сургуультай “Статистик” мэргэжлийн 2+2 хөтөлбөрийг эхлүүлсэн дээ. ХШУС-ийн “Статистик” мэргэжлээр 2018-2019 оны хичээлийн жилд элсэлтээ авсан. Шинээр нээсэн хөтөлбөрөө 2+2 хамтарсан хөтөлбөр болгохын тулд сургууль тэр чигээрээ хөдөлж, хөдөлмөрлөсөн гэж хэлж болно.  Бид нар энэ зун амраагүй шүү дээ (инээв). Статистик мэргэжлийн дотоодын эрэлт хэрэгцээ асар их. Одоо хөдөлмөрийн зах зээл дээр статистикийн тооцоо хийдэг, боловсруулалт хийдэг хүний хэрэгцээ шаардлага их байна. Гэтэл мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг. Энэ хөтөлбөр бол Монгол улсад зайлшгүй байх ёстой хөтөлбөр.
-Миний бодлоор Тунгалагтамир багш Та хийсэн ажлаа их даруухан, товчхон тайлбарлах шиг боллоо. ШУТИС төдийгүй, боловсрол, шинжлэх ухааны салбарынхны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх (бэлтгэл хангах) чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн байгаад байдаг?
-Одоо тооцоод бодох юм бол нэлээдгүй ажил хийсэн байна. ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн салбарын оюутнуудынхаа үйлдвэрлэлийн дадлагыг бүгдийг нь Хятадын өөрийн төгссөн сургууль дээрээ хийлгэж байна. Одоо бараг 100 гаруй оюутан хамрагдсан байх. Байр, хоолны мөнгийг цаад тал нь дааж байгаа. Засгийн газрын тэтгэлгээр 20 хоногоос 1 сарын хугацаатай богино хугаацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд багш нарыг хамруулах чиглэлээр санаачлага гарган ажиллаж байгаа. Салбарын яамдууд, хамтран ажилладаг байгууллагуудынхаа хувьд орчуулга хийхээс эхлээд хамтран судалгаа хийх зэргээр яваад байгаа. Хүмүүс ямар нэг юм хийгээд өгөөч гээд хандвал аль болох хийгээд өгөхийг л хичээдэг дээ. 
-Та бид хоёр дандаа гэгээлэг зүйлүүд ярилаа. Залуу судлаачийн хувьд ямар бэрхшээл тулгарч байна?
-Хятадын профессорууд дэлхийд гарсан эрдэмтэд. Тэдэнтэй хамтарч ажиллахад ямар ч бэрхшээл гарахгүй шүү дээ. Лабораторийн судалгаа хийхийг зөвшөөрнө, цөм технологийнхоо лабораторидоо шууд л оруулна. Тэд бол дэлхийн эрдэмтэд.  
-Саяхан ШУТИС-ийн “Шилдэг судлаач багш” шалгаруулах уралдаанд оролцсон. Ямар гол үзүүлэлтээр ХШУС-ийн багш нараас шалгарсан бэ?
-Хятадын судлаачидтай хамтран гүйцэтгэж байгаа судалгааны ажил, судалгааны ажлын санхүүжилт зэрэг үзүүлэлтүүд нөлөөлсөн гэж бодож байгаа. 
-Энэ их ажлыг хэрхэн амжуулж байна?
-Манай гэр бүлийн хүнийг А.Тамир гэдэг. ШУТИС-ийг химийн технологич мэргэжлээр төгссөн. Химийн технологич боловч мэдээллийн технологийг сонирхон судалдаг. Анхны виртаул лабораторийг хийх ажилд оролцсон хүн гэж би хувьдаа дүгнэдэг. Нэг мэргэжилтэй учраас химийн технологич хүн химийн лабораторд байхгүй бол өөр хаана байх вэ гэдгийг маш сайн ойлгодог.  Ар тал маань маш сайн ойлгож дэмждэг учраас ажилдаа цаг гаргах боломж надад олддог. Хагас, бүтэн сайн бүр лабораторит  суугаад байдаг хүнийг өөр мэргэжлийн хүн бол ойлгохгүй байсан байх гэж боддог доо.  Ийм учраас судалгаа шинжилгээ хийх оргилуун хүслийг минь цаг үргэлжид дэмждэг,ойлгож тэсвэр тэвчээр гаргадаг гэр бүлийнхэндээ талархаж явдаг гэдгээ энэ дашрамд хэлье.
-Энэ удаагийнхаа ярилцлагын сүүлийн асуултыг таньд үлдэе.
-60 жилийн түүхтэй төрөлх сургуулиараа бахархаж бас омогшиж байна. Манай сургууль бол Монгол улсын бүхий л салбарт ажиллаж байгаа инженер, технологийн ажилтан, судлаачдийг бий болгосон эрдмийн их өргөө. Нийт төгсөгчдийнхөө өмнөөс эрдэмтэн багш нарын минь эрдэм номын буян эгнэгт дэлгэрэх болтугай гэж ерөөгөөд  багш нартаа болон гэр бүлд нь баярын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. 
-Таньд  болон Танай хамт олонд ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрдмийн их ажилд нь их амжилтыг хүсэн ерөөе. 
-Баярлалаа. 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.