НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ж.ТУЯАЦЭЦЭГ: ШУТИС-ЫН БАГШ НАРЫН ЧАДВАР ДЭЛХИЙН ТҮВШИНД ХҮРСЭН

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
1 сарын өмнө /2019-10-14 13:02:45 GMT +8 / | 4126 удаа уншсан

Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Жамбалын Туяацэцэг уригдлаа. Тэрбээр эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, Доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх инженер хүн. Ж.Туяацэцэг хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хүнс үйлдвэрлэлийн дээд сургуулийг 1988 онд хүнс үйлдвэрлэлийн механик инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 30 жил боловсрол, шинжлэх ухааны салбарт тууштайгаар хүч хөдөлмөрөө зориулж яваа багш, эрдэмтэн бүсгүй юм. Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль нь 2019 онд Манлайлал-Оролцоо-Хөгжлөөр түүчээлсэн 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа билээ. Уншигч түмэндээ  Ж.Туяацэцэг доктортой хийсэн ярилцлагыг “Opendoor”-“Нээлттэй хаалга” сонин толилуулж байна.

 

-Та боловсрол, шинжлэх ухааны салбарт сүүлийн 30 жилээ тууштай зориулсан нь бахархах сэтгэгдэл төрүүлж байна. Та ер нь судалгаа шинжилгээ хийх, багшлахаас өөр төрлийн ажил хийж байсан уу?
-30 жил арай хүрээгүй, 29 жил ажиллаж байна. 1988 онд Москвад сургуулиа төгсөөд ирэхэд дээрээс явуулсан Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам Талх чихрийн комбинатад ажилд томилсон. Ингээд  жигнэмэгийн үйлдвэрт механик инженер болсноор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Үйлдвэрт гурван жил ажиллаад энэ сургуульдаа ирсэн. Таны хэлснээр түүнээс хойш эндээ “тууштай” ажиллалаа. (инээв.)

-Энд ирээд л багш болсон уу?
-Анх сургалтын мастераар орсон. Сургуульдаа бараг бүх шат дамжлагыг дамжсан даа. Сургалтын мастераар ажиллаж байгаад багш болсон. Дараа нь эрдэмтэн нарийн бичгийн даргын алба хашсан. 2009 онд Хүнсний технологийн сургуулийн захирал болсон. Энэ жил 10 дахь намартайгаа золгож байна. 
-Үйлдвэр технологийн сургуулийн захирал болоогүй юм уу?...
-Намайг захирал болоход Хүнсний технологийн сургууль гэсэн нэртэй  байсан. Зөвхөн хүнс үйлдвэрлэлийн чиглэлийг хамарсан сургууль байсан гэсэн үг.
-Тэгвэл сургалт, ажлын хүрээгээрээ өнөөгийн сургуулиас тань жижиг байжээ.
-Тийм. Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль гэж хөнгөн үйлвэрлэл, дизайны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байсан юм. 2014 онд Л.Гантөмөр сайдын үед боловсрол, шинжлэх ухааны салбарт нилээн реформ хийлээ шүү дээ. Зарим эрдэм шинжилгээний хүрээлэн болон их дээд сургуулиудыг хооронд нь нэгтгэн, бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Манай ШУТИС-д зарим сургуулиудыг нэгтгэсний нэг нь хүнс, хөнгөний чиглэлийн хоёр сургууль Үйлдвэрлэлийн технологийн сургууль болсон. Хуучин Политехникийн дээд сургууль байхад нэг факультетэд хүнс, хөнгөний хоёр салбар харьяалагддаг байсан уламжлалт түүхтэй. Тийм учраас энэ хоёр салбар сургууль нийлсэн нь буруу зүйл биш гэж боддог. 

 

2014 онд Л.Гантөмөр сайдын үед боловсрол, шинжлэх ухааны салбарт нилээн реформ хийлээ шүү дээ. Зарим эрдэм шинжилгээний хүрээлэн болон их дээд сургуулиудыг хооронд нь нэгтгэн, бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн.


-Танай сургууль ямар чиглэлийн мэргэжлээр үндэсний боловсон хүчин бэлтгэж байна вэ?
-Манай сургууль 16 хөтөлбөрт 20 мэргэжлээр үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний технологи, Хүнсний үйлдвэрийн менежмент, Хүнсний чанар аюулгүй байдал, Хүнс үйлдвэрлэлийн машин аппарат, Хүнсний биотехнологи, Хүнсний микробиологи, Хоол зүй шим судлал, Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт, Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи, Ойн инженер, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи, Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, Хөнгөн үйлдвэрийн механик инженер, Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи, Компьютер график дизайн, График дизайн, Хувцасны дизайн, Үйлдвэрлэлийн дизайн гэсэн мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.
-Хүнс, хөнгөн үйлвэрлэлийн салбар бол хамгийн их ажлын байр бий болгодог. Жижиг дунд үйлдвэр хөгжих үндсэн салбар гэж бодож байна. Социализмын үед Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам гэж хүртэл бодлогын яам байсан. Одоо бол тэр үеийн далайц алга юм шиг ээ. Энэ тал дээр Таны бодол ямар байдаг вэ?
-Манай орны хувьд хөнгөн үйлдвэрийн салбарын гол суурь нь мал аж ахуйн гаралтай түүхий эд. Түүнийг бүрэн боловсруулж, үр ашигтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Өмнөх нийгмийн үед олон арван үйлдвэр кластер хэлбэрээр амжилттай сайхан ажиллаж, олон зуун хүн ажлын байртай байсан. Зах зээлийн нийгэмд орсноор үйлдвэрүүд хувьчлагдаж хэмжээ цар хүрээ нь багасч ажлын байр мөн хумигдсан. Сүүлийн жилүүдэд зарим салбар сэргэх хандлагатай байна. Бага дунд хүчин чадлын үйлдвэрүүд байгуулагдаж салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байна. Гэсэн ч хөнгөн үйлдвэрийн салбарт зохицуулалт, бодлогын алдаа байсаар л байна. 
-Механик инженер Таны үндсэн мэргэжил шүү дээ. Ер нь бүсгүй хүнд бол механик инженер гэдэг нилээн хүнд тал руугаа тооцогдоно биз?
-Хүндэд тооцогддог. Москвад манай сургуульд шинэ оюутан болж таван хүүхэд очсоноос нэг нь талхны технологи, дөрөв нь механикийн мэргэжлээр сурах болж байлаа. Бид дөрөвийн нэг нь хүү, гурав нь охид байсан. Манай сургуульд 60 гаруй монгол оюутнууд сурч байлаа. Тэгэхэд дээд курсын ах эгч нар “Механик инженерээр суралцахаар охидууд ирж байгаа юм уу? За хичээлээ олигтой хийхгүй бол манай сургуулийн хамгийн хүнд анги хөөгдөнө шүү дээ” гэж анхны уулзалтаар л айлгаж байв.Ямар ангид нь орчихсон юм бол?! Сурч ч эхлээгүй байхад хөөгдөнө гээд байдаг гэж бодож байлаа.


-Машин механизмын онол, материалын эсэргүүцэл, машины эд анги, метал боловсруулах технологи... гээд явж өгнө биз?
-Тийм, тийм. Инженерийн суурь болон механикийн чиглэлийн бүх л сэдвийг үзнэ. Эхнээсээ аваад төгстөлөө тооцоолол хийж зураг зурна. Манай сургуулийн бусад мэргэжлийг бодвол хамгийн олон хуудас зураг зурж дипломоо хамгаална. Хамгийн хүнд анги гэдэг учраас айдаг, хичээдэг байсан.
-Танай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн үндэс суурь хэзээ тавигдсан бэ?
-Хүнсний салбарын хувьд Дамбадаржаагийн Хөхөө багш маань анхдагчдын нэг байсан. Монгол улсад техникийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан хамгийн анхны эмэгтэй хүн. Өргөн цар хүрээний мэдлэгтэй, хүнсний салбарын мэргэжилтэн бэлтгэхэд онцгой гавъяа байгуулсан, тулхтай, түшигтэй сайхан багш байсан. Багшаасаа их ч юм мэдэж сурч авсан даа. Д.Хөхөө багш Краснодарт хүнсний механик инженерийн чиглэлээр суралцаж ирээд МУИС-д багш болсон байдаг. 1969 онд хүнсний чиглэлийн инженер, технологийн мэргэжилтэн Монголд бэлтгэх болж Д.Хөхөө багшийг багшлуулах мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах зорилгоор Киевт явуулсан юм билээ. 1969 оноос МУИС-аас салбарлан ПДС- ийг (Политехникийн дээд сургууль. Х.Б) байгуулж 1971 оноос нийтийн хоол, хүнс үйлдвэрлэлийн механик, технологич гэсэн гурван мэргэжлээр 43 оюутан элсүүлснээр хүнсний салбарын эх тавигдсан гэж үздэг. Харин хөнгөн үйлдвэрийн салбар үүнээс ч өмнө 1961 онд хөнгөн үйлдвэрийн механик  инженерээр 30 оюутан элсүүлснээр эхэлсэн түүхтэй. Анхны багш нар нь МУ-ын гавъяат багш С.Ишбалжир, А.Батнасан болон Б.Ишням нар байсан гэдэг. 

Xөнгөн үйлдвэрийн салбарт зохицуулалт, бодлогын алдаа байсаар л байна


-Тэгвэл Үйлдвэр технологийн сургууль ШУТИС-даа ахмад салбар сургуулиудын нэг болох нь ээ?
-“Ахмадууд”-ын нэг. Тухайн үед одоогийн салбар сургуулиудыг факультет гэж нэрлэдэг байв. Манай Р.Балдорж, Г.Арваазана, Н.Төмөрбаатар, Ж.Батбаяр, Н.Долгорхүү, Г.Дэнсмаа зэрэг олон сайхан багш нар ажиллахын зэрэгцээ ЗХУ-ын мэргэжилтэн багш нар бас ажиллаж байсан түүхтэй. 
-Үйлдвэр технологийн сургуулийн онцлог юу вэ?
-Манай сургалтын онцлог нь онолын мэдлэг олгохоос гадна олон төрлийн лаборатори, урлан, үйлдвэрлэлийн орчинд бодит түүхий эд материал ашиглан сургалт явуулдагт оршино. Хөнгөний чиглэл нь даавуу материал, төрөл бүрийн утас, арьс, үс, ноос, ноолуур, мод, төмөр, цаасан материал, хэвлэлийн хор, будаг зэргээс эхлээд л маш олон төрлийн материал хэрэглэдэг. Хүнсний чиглэл нь төрөл бүрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, химийн урвалж бодис гээд тоочвол олон зүйлс хэрэглэж байж сургалтыг явуулдаг онцлогтой.  Дизайны салбар ч мөн адил шавар, шохой, будаг болон бүх төрлийн материал, зургийн бүх хэрэглэгдэхүүн ашиглах жишээтэй. Товчоор хэлье гэвэл сургалт, судалгаа, туршилт бүгд үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой явагддаг сургууль.
-Танай сургууль төгсөгчдийн хэрэгцээ аль зэрэг байна вэ? Миний бодлоор танайхыг төгсөгчид олон байх тусам тэр хэмжээгээр жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болдог байх даа. 
-Анх зах зээлд шилжихэд манай хүнсний мэргэжил хамгийн эрэлт ихтэй байлаа.Тэр үед бүгд л хүнс үйлдвэрлэгч болох хүсэлтэй  байсан. Бага хүчин чадлын үйлдвэрүүд, жижиг цех хөдөө хотгүй байгуулагдаж байсан үе. Нэг хиамны цех байгуулья. Ундааны цех байгуулья гээд л шуугиж байсан. Зах зээлийн жам, шалгуураар томорч хөгжих нь хөгжиж хаагдах нь хаагдаж өөрийн хөгжлийн түүхээ бүтээж байна.


-Нийгэм,эдийн засгийн харилцаа ийм түвшинд ирэхээрээ хүмүүс шинэ юм сэдэх, эрэл хайгуул хийх хэрэгцээ шаардлага аандаа ундарч гарч ирдэг хэрэг л дээ.
-Тиймээс манайд одоо бизнес кластерийн зарчмаар хөгжих зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Хөнгөн үйлдвэрт гэхэд л нэг ноос, ноолууран бүтээгдхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байлаа гэхэд анхнаас нь дуустал нь нэг үйлдвэр бүхнийг хийх боломжгүй байна. Ноос ноолуураа цуглуулахаас эхэлнэ.  Анхан шатны боловсруулалт, угаах,самнах, утас ээрэхийг нь нэг үйлдвэр нь. Ээрсэн утсаар нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг нэг үйлдвэр гэхмэтчилэн төрөлжин бие биенийхээ бизнесийг дэмжин ажиллах нь оновчтой санагддаг. Тухайн чиглэлээрээ туршлагажих, улам боловсронгуй болох шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлөө явуулах нь зүйтэй.
-Нарийн төвөгтэй үйлдвэрлэл юм аа даа...
-Тийм шүү. Би хүнсний салбарын хүн учраас энэ бүхнийг 2014 он хүртэл нарийн мэддэггүй явсан. Одоо хөнгөн, хүнсний хоёр сургууль нийлээд нэг сургууль болсон учир энэ бүхнийг нилээн гүнзгий мэдэх үүрэгтэй.
-Сургалтаас гадна судалгаа шинжилгээний ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Манай сургууль судалгааны ажлыг өргөн хүрээнд хийж байна. Мэргэжлийн салбаруудаас гадна Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв, Шим судлалын төв, Хувцас судлалын төв, Шима сейки сургалтын төв, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг судалгаа дагнасан үйл ажиллагаа явуулж байна. 
-Эдгээрийн үйл ажиллагааг дэлгэрүүлэн ярьж өгнө үү.
-Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв нь ургамал, мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд материал болон хүнсний бүтээгдэхүүний химийн анализ, биохимийн судалгаа, молекул биологийн иж бүрэн судалгаа, дархлаа зохицуулах үйлчлэлийн судалгааны үндсэн лабораторитой 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Цаашид уг төвийг өргөжүүлэн улсын хэмжээнд нээлттэй лаборатори болгох төлөвлөгөөтэй байна. Шим судлалын төв, БНСУ-ын "WITH" ТББ-тай хамтран 2000 онд байгуулагдсан. Монголын хүн амын шим тэжээлийн байдлыг сайжруулахад чиглэсэн судалгаа, төсөл хэрэгжүүлэх, Хоолзүй шим судлалын мэргэжлийн хөтөлбөрт мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас 20 гаруй мэргэжилтэн судлаачид хамтран ажиллаж нийгмийн эрүүл мэндийн чиглэлд үнэлж барашгүй их ажлыг хийж гүйцэтгэж байна. Сургуулийн үдийн хоол, Халдварын бус архаг өвчнөөс сэргийлэх эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төслүүдийг судалгааны үндсэн дээр олон жил хэрэгжүүлж улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн загвар хоолны газрыг хот, аймаг, сумын жишээн дээр байгуулан мэргэжлийн хоол зүйчийг бэлтгэн өнөөг хүртэл ажиллуулж байна. Энэ нь ЕБС-ийн сурагчдыг бага ангиас нь хоолзүйн боловсрол олгож, нас биений нь онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй шим тэжээлийн зохицуулалттай хоолоор үйлчлэн ирээдүйн эрүүл монгол хүнийг сурган төлөвшүүлж байгаа ач холбогдолтой юм. Халдварын бус архаг өвчнөөс сэргийлэх эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төслөөр нийтэд зориулсан хоол, шим тэжээлийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх төвийг Сонгинохайрхан дүүргийн Жаргал өлзий өрхийн эмнэлэг, нэгдсэн амбулатори, дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн жишээн дээр байгуулан үнэ төлбөргүй сургалт явуулж байна. Халдварын бус архаг өвчнийг анагаахад хоол хүнсээр зохицуулан хэрхэн эмгүйгээр дэмжих зөвлөгөөг иргэдэд олгодогоороо ач холбогдолтой, эрүүл аж төрөхөд тустай ажил юм. 

1969 оноос МУИС-аас салбарлан ПДС- ийг (Политехникийн дээд сургууль. Х.Б) байгуулж 1971 оноос нийтийн хоол, хүнс үйлдвэрлэлийн механик, технологич гэсэн гурван мэргэжлээр 43 оюутан элсүүлснээр хүнсний салбарын эх тавигдсан гэж үздэг.


Хувцас судлалын төв нь монгол хүний биеийн хэмжилзүйн стандарт боловсруулах, тусгай зориулалтын дүрэмт хувцасны судалгаа боловсруулалт, стандарт, хувцас зохион бүтээлтийн программ хангамж зохиох, тусгай зориулалтын, үндэсний хувцасны хийц загвар технологийн судалгааг явуулдаг. Их дээд сургуулийн ёслолын хувцас, хилийн цэрэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, цахилгаан хангамжийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас, сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны зэрэг олон чиглэлийн ажил явуулдаг. Оёдлын үйлдвэрийн технологи ажиллагааг боловсронуй болгох, горим оновчлох, стандарт боловсруулах зэргийн ажлуудыг гүйцэтгэдэг. Шимсейки сургалтын төв нь нэхмэл, сүлжмэлийн мэргэжлийн Японы "ШИМАСЕЙКИ" компанийн техник технологийн сургалт, судалгааг явуулдаг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж программ хангамжийн байгууламж юм. Сурч байгаа болон өмнө нь суралцаж төгссөн нэхмэл, сүлжмэлийн мэргэжилтнийг сургах, давтан сургах, үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг.  Ой модны сургалт судалгааны хүрээлэн нь ойн салбарын болон мод боловсруулах модон хийц, материал, үйлдвэрлэлийн техник технологийн судалгаа явуулдаг, үйлдвэрлэгчдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.


-Танай сургууль маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Үйлдвэрлэл эрхэлдэг үү.
-Манай сургуульд ШУТИС-ийн анхны инновацийн гарааны компани байгуулсан. Зохицуулах үйлчлэлтэй талх, гурилан бүтээгдэхүүний инновацийн гарааны компани байгуулан ажиллаж тэр нь зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна. Мөн манай сургуулийн доктор Мядагмаагийн судалгааны ажлын үр дүнд бий болгосон даавуу материалыг нано технологиор боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлж, элэгдэлд тэсвэртэй, тос, ус үл нэвтрэх бүтээгдэхүүн болон хэрэглээнд гарсан.

 

МАНАЙХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЧИНД БОДИТ ТҮҮХИЙ ЭД МАТЕРИАЛ АШИГЛАН СУРГАЛТ ЯВУУЛДАГ


-Оюутнуудын талаар мэдээлэл бас авах нь зүйтэй болов уу?
-Тэгэлгүй яахав. Оюутангүйгээр бид хэнсэн билээ. Манай сургууль 2000 гаруй оюутантай, төгссөн оюутны тоо 10000-аад болж байна. ШУТИС- ийн хэмжээнд гэвэл 80.000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Манай оюутнууд сурах чин эрмэлзэлтэй, өөдрөг үзэлтэй. Суралцахын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг идэвхитэй гүйцэтгэдэг. Мэргэжлийн олон клубууд ажилладаг. Оюутны зөвлөл тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Салбар, сургууль, улс, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Оюутнаа дэмжсэн олон тэтгэлэг хөтөлбөрт хамруулдаг.
-Одоо таны тэргүүлж байгаа Үйлдвэрлэлийн технолгийн сургууль таны төгссөн Москвагийн Хүнс үйлдвэрлэлийн дээд сургуулийн түвшинд хүрсэн үү? Сургалтын бааз, лаборатори, техник, технологи, эрдэмтдийн нөөц бололцоо гэдэг утгаараа ч юм уу? Өөр юу байдаг юм, дээд сургуулийн рейтингийн үзүүлэлтүүд байдаг байх л даа. Та юу гэж боддог вэ? Харьцуулдаг уу?

 


-Жаран жилийнхээ ойг тэмдэглэж байгаа ШУТИС-ийн хувьд гэвэл тэр түвшинд хүрсэн. Зарим талаараа илүү ч байж чадаж байна. Миний төгссөн сургууль нарийн мэргэжлийн лаборатори, багшлах боловсон хүчин зэрэг нь мундаг л даа. 290 сая хүн амтай, 15 бүгд найрамдах улстай тэр том орны тэргүүлэх их сургуульд сурч боловсрол эзэмшсэнээрээ азтай хүн гэж өөрийгөө боддог. Агуу эрдэмтдээр хичээл заалгаж байжээ гэж бахархдаг. М.В.Гернет гэдэг багш одоо ч санагддаг юм. Бид олон орны шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэд, ном сурах бичгийг үзлээ шүү дээ.

 

Манай сургууль 2000 гаруй оюутантай, төгссөн оюутны тоо 10000-аад болж байна. ШУТИС- ийн хэмжээнд гэвэл 80.000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргажээ. Манай оюутнууд сурах чин эрмэлзэлтэй, өөдрөг үзэлтэй. Суралцахын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг идэвхитэй гүйцэтгэдэг.

 

Ялангуяа, инженерийн тооцоолол тал дээр оросын сурах бичгийг гүйцэх сурах бичгийг одоогоор олж хараагүй байна. Оросын техникийн шинжлэх ухааны суурь бол мундаг байсан юм байна даа гэж бодогддог. Мэргэжлийн гүнзгий ойлголтыг бидэнд өгч чаджээ. Манай сургууль гадаад, дотоодод сурч боловсорсон онол, практик аль аль талаасаа чанагдчихсан чадварлаг, хүчирхэг, эвсэг хүмүүс. Эд нараараа би бахархдаг юм. Гадаадын их сургуулиудтай харилцаа хамтын ажиллагаа үүсгээд ажиллахад тэд нар манай багш нарыг зочин профессороор ирж ажлаач гэж урьдаг. Ялангуяа, Үйлдвэрлэлийн технологийн арга ажиллагаагаа зааж өгөөч гэж урьдаг. Энэ юуг хэлж байна вэ гэвэл манай багш нарын чадвар дэлхийн түвшинд хүрчээ гэсэн үг юм. Сүүлийн үеийн залуучууд гадаадад эрдмийн зэрэг цол хамгаалж байна л даа. Америк, Япон, Итали, Герман, Солонгос, Франц гээд. Зах зээлийн шилжилтийн үеэ бодвол бид боловсон хүчний хомсдолд орохооргүй болжээ. Эд нар маань багшлахынхаа хажуугаар судалгааны ажил хийж байна. 
-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.