НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Бид хойч үедээ аюулгүй ертөнцийг үлдээх ёстой

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
12 өдрийн өмнө /2019-11-25 18:37:59 GMT +8 / | 121 удаа уншсан

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өдөр тутмын “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэтхэг хуучин шинэ хоёрын хооронд зөрчилгүй байх хөгжлийн замыг сонгосон. Харин яагаад зөрчил байхгүй гэж? Яагаад гэвэл Энэтхэгийн гол тарни нь хуучны зүйлээс татгалзаж, устгах тухай ярьж буй хувьсгал биш юм. Энэтхэг өөрчлөлтийн тухай ярьснаас биш харин хувьсгалын талаар яриагүй.” гэж хэлжээ.  Энэ ярилцлагын хэсгээс уншигч та бүхэнд хүргэж байна.
 

 -Эдүгээ Кашмирын маш төвөгтэй асуудалд дэлхий нийтийн анхаарал төвлөрөөд байна. Та Кашмирын нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлах вэ?
-Ингэхэд Кашмир урт түүхтэй газар. 1947 онд Энэтхэг тусгаар тогтнолоо олсны дараа Энэтхэгийн хэсэг байсан Пакистан бие даасан улс болсон. Гэвч Пакистан үүсэн бий болсон цагаасаа Энэтхэгийг бусниулан сүйрүүлэхийг мөрөөдөж, энэ санаархалаа хэрэгжүүлэх үйлдлээ Кашмираас эхэлсэн. Пакистан Кашмирыг хувааж, тус мужийн үлэмж хэсгийг түрэмгийлэн эзэлсэн. Тэр ч байтугай, өнөөдөр Кашмирын  энэ хэсгийн хүмүүсийн амь насыг Пакистан хөнөөж байна. Энэтхэг улс хүмүүсийнхээ сайн сайхны төлөө цаг ямагт ажиллаж байдаг. Бид Кашмирын энх тайван байдал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлж ирсэн. Раж Капурын кинонуудын Кашмирт авсан зурганаас та бүхэн үүнийг харж болно. Чухам энэ нь Пакистанд таалагдсангүй.  Ийм учраас тэд бидний эсрэг дайтсан, гэхдээ ялж чадсангүй. Тэгээд тэд нар бидэнтэй далдуур дайтаж эхэлсэн. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд тэд Кашмир мөн Ладакхийн  нутгийг алан хядагчдын түшиц газар болгон хувиргасан. Сүүлчийн 20-25 жилд 43 мянган гэм зэмгүй хүмүүс амь үрэгдлээ. Бид олон мянган килограмм тэсрэх бодис, АК-47 автомат олзолсон. Пакистан терроризмыг байнга экспортолдог, терроризм тэдний үйлдвэрлэл болсон байна. Тэд нар кашмируудад Энэтхэгээс тусгаарлах санаа төрүүлсэн. Жавахарлал Неругийн( Энэтхэгийн анхны ерөнхий сайд) үеэс бид энэ асуудлыг шийдэхийг хичээсэн. Гэвч шийдсэнгүй. Одоо Энэтхэг нь Кашмирын иргэдийн эрхийн асуудалд онцгой анхаарч байна. Кашмирын эмэгтэйчүүд Энэтхэгийн бүх эмэгтэйчүүдтэй адил тэгш эрх эдлээгүйд та гайхах болно. Энэтхэг даяар энгийн иргэдийн эдэлдэг тэр эрхийг эгэл жирийн кашмир иргэн эдэлдэггүй. 1947 онд Пакистанаас Энэтхэгт нүүж ирсэн тэр хүмүүс тэгш эрхтэй болсон. Харин Кашмирт нүүж очсон хүмүүс тэгш эрхтэй болоогүй. Тэр ч байтугай, тэдэнд сонгуульд оролцох эрх байдаггүй. Тэд хөл дээрээ зогсож, хөгжих боломжтой, тэгш эрхтэй байх ёстой гэж бид үзэж байна. Ийм учраас бид Кашмирын ард түмний сайн сайхны төлөө бүхнийг хийх болно.
-Хоёулаа сэдвээсээ бага зэрэг хазайн, өөр асуудлын талаар ярилцая. Та ерөнхийлөгч Путинтай хамтдаа гаргасан хэд хэдэн санал санаачилгын талаар ярьж байсан. Би бас нэг санаачилгыг мэднэ. Энэтхэгийн хувьд бэлгэ тэмдэг болсон амьтан, барыг хамгаалахын төлөө тэмцлийг ерөнхийлөгч Путинтай хамтран тэргүүлсэн. Та энэ хөдөлгөөнийг олон улсын хэмжээнд өрнүүлэхийг хүсч байна уу? 
-Юу гэвэл, бид 2020 онд барыг нийтэд нь хадгалан хамгаалах  сэдвээр томоохон чуулга уулзалт зохион байгуулахыг хүсч байгаа юм. Би 10 жилийн өмнө ерөнхийлөгч Путин ийм санаачилга гаргаж байсныг мэднэ. Мөн өнгөрсөн арван жилд Энэтхэг улс барыг хадгалан хамгаалахад зориулан олон ажил хийсэн, эдгээр амьтдын тоо толгой хоёр дахин өссөн. Энэ нь Энэтхэг хийгээд дэлхий дахины хувьд том амжилт юм. Энэ сэдвийг сонирхдог, ихээхэн туршлагатай, ерөнхийлөгч Путинтай уг асуудлаар зөвлөлдөхийг хүсч байна. 
-Та бас иогийн талаар ярьж байсан, таны ачаар иогийн Баяр бий болсон. Харин одоо санаачилгаар чинь Энэтхэгт “Fit India” гэсэн шинэ хөдөлгөөн өрнөөд байна. Тус хөдөлгөөний өмнө ямар зорилго тавьсан юм бэ?
-Хүний байгалийн зөн совин, дэлхийн аль ч өнцөг булан бүрт өсч хөгжих ёстой. Хүн яаж ийгээд илүү хүчтэй, эрч хүчтэй байхыг хүсдэг. Энэ нь хүний байгалийн мөн чанар юм. Жаахан хүүхэд ч гэсэн унтаж байхдаа зүүдэндээ бие даан явахыг оролддог. Бид сургуулийн сурагчид өндөр болохын тулд өдөрт арван удаа суниаж, хөндлөн савлуураас дүүжигнэхийг, өөрөөр хэлбэл, биеийн тамирын дасгал хийж байгааг хардаг. Хэн ч тэдэнд үүнийг заагаагүй. Тэд өөрсдөө л хийдэг. Гэтэл өнөөдөр хүний байгалийн энэ зөн совин нь дарагдсанаас болж хэвшмэл байдалд автсан байна. Хүмүүс эхлэл рүүгээ буцаж орох ёстой. Гэвч энэ нь хамт олны зорилго болох аваас бага хүчин чармайлтаар илүү их үр дүнд хүрч чадах юм. Ийм учраас “Fit India” олон нийтийн хөдөлгөөнийг үүсгэн бий болгосон. Би “Fit India” нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд  томоохон үүрэг гүйцэтгэж чадахын зэрэгцээ энэ хөдөлгөөн хөрөнгө мөнгө шаардахгүй харин их ашиг өгөх болно гэж үзэж байна. Тиймээс бид бүгд хамтдаа зүтгэж, хүчин чармайлалтаа нэгтгэн, хичээллэх арга боловсруулан хөгжүүлж, туршлага солилцох хамтын ажиллагааг бий болгохыг хичээж байна.


-Өнгөрсөн онд Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган дээр танд хүрээлэн буй орчныг  хамгаалах үйлсэд оруулсан гарамгай хувь нэмрийг тань үнэлэн, дэлхийн байгаль орчныг хамгаалах байгууллагаас жил бүр олгодог “Эх дэлхийн аварга” олон улсын шагнал өгсөн. Таныг энэ чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг бид мэднэ. Таны хувьд, экологийн салбарт явуулж буй үйл ажиллагаанаас ямар ажил нь илүү чухал вэ? 
-Юуны өмнө, бид өөрсдийнхөө тухай, бидэнд зориулсан шагналын талаар бодох ёсгүй. Бид хүмүүсийн сайн сайхан тэдний хөгжил цэцэглэлтийн төлөө манай орны хүн ардын ашиг сонирхолд нийцүүлэн даян дэлхийн тусын тулд ажиллах ёстой. Бид хойч үедээ аюулгүй гариг ертөнц, аюулгүй дэлхийг үлдээх ёстой. Энэтхэг энэ чиглэлээр, байгаль, агаар мандлыг хадгалан хамгаалахын төлөө ажиллаж байна. Гэхдээ би Гужаратын тэргүүн сайд байхдаа НҮБ миний талаар мэдэж байгаа эсэхийг бодож байсангүй. Манай мужийн байгаль, барыг хамгаалахын төлөө тэмцэж, энэ бүхэн манай соёл, уламжлалд оршиж байгаа болохоор,  их ажлын тусын тулд бүхнийг хийж ирсэн. Бид байгалиа хөнөөх ёсгүй. Бид байгалиа хүндэтгэж, тэрнийг дээдлэн шүтэх ёстой. Энэ бүхэн манай соёлын хэсэг. Одоо дэлхий даяар энэ талаар бодож байгаа нь сайн хэрэг.  
-Энэтхэг бол эртний соёл иргэншилтэй, баялаг уламжлалтай орон. Өнөөдөр үндэсний уламжлал, орчин үеийн Энэтхэгийн нийгэм хоёр хоорондоо хэрхэн зохицож байна вэ?
-Энэтхэг хуучин шинэ хоёрын хооронд зөрчилгүй байх хөгжлийн замыг сонгосон. Харин яагаад зөрчил байхгүй гэж? Яагаад гэвэл Энэтхэгийн гол тарни нь хуучны зүйлээс татгалзаж, устгах тухай ярьж буй хувьсгал биш юм. Энэтхэг өөрчлөлтийн тухай ярьснаас биш харин хувьсгалын талаар яриагүй байна.  Бид мөнхийн сүнсэнд, бие махбодь нөхцөл байдлаас хамаарч  өөрчлөгддөг, гэхдээ сүнс хувиршгүй үлддэг гэдэгт итгэдэг. Дээд бурхан тэнгэр бидний бие махбодь тодорхой цаг хугацааны дараа  алга болж, шинэ зүйл гарч ирэхээр зохицуулсан. Тиймээс бид ийм томъёоны дагуу шинэ биеэр, шинэ эрч хүчээр ажилладаг. Махатма Гандийн хэлснээр, Буддагийн хэлснээр бид амьтай бүхний нэгдмэл байдалд итгэдэг. Амьтад, шувууд, хүмүүс, цагаан, хар арьстнууд, Дорно юм ч уу, эсвэл Баруун бүгд нэг цул юм. Бид дэлхий ертөнцийг  нэг бүхэл гэр бүл гэж үздэг. Ийм учраас бид зөрчил, зөрөлдөөнгүй замыг,  хэлэлцээ, харилцан ойлголцол, гэрээ хэлэлцээрийн замыг сонгож байгаа юм. Энэ нь манай гол тарни буюу Энэтхэгийн үзэл санаа. Бид одоо орчин үе рүү явж байна. Манай хүүхдүүд  мэдээллийн технологийн хүрээнд нэвтэрч байна. Харин бид ирээдүйг зүгээр хүлээж суухгүй. Бид хүн төрөлхтний бүтээсэн бүхнийг, хэн бүхэнд нээлттэй мэдлэгийг ашиглахад бэлэн байна. Бид хийх зүйлээ бүхний сайн сайхан, тусын тулд зориулах ёстой. 
-Хүмүүс Энэтхэгээр аялж, Дели, Бомбейд очиж, Гоагийн амралтын газар амрахыг хүсдэг.  Энэтхэгт очих жуулчдад юу үзэж харахыг хувиасаа зөвлөх вэ? Та өөрөө гайхалтай сайхан орныхоо хаана нь очих дуртай вэ?
-Энэтхэг бол асар том орон. Энэ орныг үзэх, муж бүрээр орж, тэнд жилд ядаж нэг сар байхын тулд 20 жилийн өмнөөс хөтөлбөр гаргах хэрэгтэй. Танд ганц сар ч багадах болно. Хэрэв та цас, элсэн цөл, уул, наран шарлагын газар, тэнгис, гол мөрөн, тал, ой мод харахыг хүсвэл энэ бүхэн манайд бий. Энд та хүссэн бүхнээ үзэж чадна. Тэр ч байтугай Мохенжо-Дарогийн эрин үеийн дэлхийн хамгийн эртний боомтыг харж болно. Тус боомт Гужаратад байдаг. 
-Мянган хүнийг удирдах нь гурван хүнийг удирдахтай адил хэцүү байдаг гэсэн Энэтхэгийн зүйр цэцэн үг байдаг.  Та тэрбум гаруй хүн амтай улсын ерөнхий сайд. Та үйл ажиллагаандаа ямар үндсэн зарчмуудыг удирдлага болгодог вэ? Шийдвэр хэрхэн гаргадаг вэ? Тэрбум гаруй хүн амтай яаж холбоотой байдаг юм бэ?
-100-гаад хэл, 1700 нутгийн аялгуугаар ярьдаг, байгалийн хувьд харилцан адилгүй, 1.3 тэрбум хүн амтай орон гадаадынханд хачин санагдах байх. Энэ бүхэн хоорондоо яаж зохицдог юм бэ? гэж үү. Нэгд, Энэтхэг бол нийтлэг нэгдмэл соёлтой орон. Мөн бид үүнийг хүлээн авч байна. Хоёрт, бид бүх зүйлийг удирдан чиглүүлж байх ёстой гэсэн бусад орны хүмүүсийн санаа бодлын талаар мэддэг боловч Энэтхэг шиг орныг ингэж удирдах гэсэн оролдлого  бүтэлгүйтдэг. Тийм учраас ингэж оролдох гэсний хэрэггүй. Энэтхэг нь эрх чөлөө, олон талт байдлыг хүлээн зөвшөөрдөг. Бид бие биенийхээ эрх чөлөө, өвөрмөц онцлогыг хүндэтгэдэг. Бид шууд захиргаадахаас татгалзаж, чиг баримжаа авах шаардлагатай мэдээлэлд найдвар тавьсан.  Хүн өөрийнхөө таашаал, боломж, ашиг сонирхолд нийцүүлэн таны мэдээлэлд чадварынхаа дагуу хариулдаг. Тиймээс бид улс орныг захиргааддаггүй,  харин бид улс орныг чиглүүлэн удирддаг. Энэ нь "Би бол нэг зүйл, харин та бол өөр" гэсэн үг биш юм. “Би” болон “бид” гэдэг нь ялгаатай зүйл биш, бид хамтдаа энэ улсыг жолоодож, “би” харин “бид” гэж хэлж ярин урагшилж байна. Энэ бол 1.3 тэрбум хүнтэй хамт улс орноо шинэ өндөрлөгт хүргэж буй "бид" гэдэг үгийн хүч юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.