НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХОЛЫН ХОЛ ЗАМ, ХОВДЫН БУЛГАН

Н.Батсуурь     Нийтлэгч
12 өдрийн өмнө /2019-11-25 18:52:13 GMT +8 / | 160 удаа уншсан

Торгууд-Монголчуудын “Жангар-2" өв, соёл, урлаг, спортын их наадам есдүгээр сарын 9-16-ны хооронд Ховд аймгийн Булган суманд болж өнгөрлөө. Наадмын гол зорилго бол торгууд түмний хэл, соёлыг даяаршиж буй нийгэмд бүрэн бүтнээр нь авч үлдэх, залуу үедээ уламжлуулах, эх орон тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан  Торгууд-монголчуудын байгуулсан гавьяаг бүдэгрүүлэхгүй мөнхжүүлэн хамгаалах, хөшөө дурсгалыг шинээр барьж байгуулах, засаж товхинуулах,  зорилготой байлаа. Үүнээс гадна, Жангарын тууль хайлж, Жангарын судалгааны талаар эрдэм шинжилгээний бага хурал семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, ажлууд төлөвлөгджээ. Төлөвлөгдсөн ажлууд ямар нэгэн алдаа мадаггүйгээр өндөр зохион байгуулалттайгаар хийгдэж байсныг тэмдэглэж хэлмээр санагдлаа. Үндэсний бөхийн барилдаан, зургаан насны морьдын уралдаан, Байтагийн болон, Уушгийн заставуудаар хийх тойрон аялал бүтэн хоёр өдөр үргэлжиллээ. Уушгийн заставт БНМАУ-ын баатар Баясгалангийн Бадамын хөшөөг шинээр босгох зэрэг олон ажлууд энэ наадмын хөтөлбөрийн дагуу хийгдсэн юм. Наадмыг зохион байгуулахад Улаанбаатар хот дахь "Минжит Булган нутгийн зөвлөл", "Торгон нутаг клуб”, “Торгуудын өв соёлын холбоо” ТББ, “Таван Богд групп” зэрэг   олон байгууллага, хамт олон, хувь хүмүүс бизнесменүүд ивээн тэтгэж оролцсоныг наадмын  ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах онцлон тэмдэглэж өглөг нэг бүрийг хүн нэг бүр дээр хэлнэ лээ. Зочид төлөөлөгчид алга ташиж хүлээж авч байлаа.
2015 онд зохион байгуулагдсан “Жангар-1” наадмаас хойш дөрвөн жилийн хугацаанд “Жангар-2” наадмын бэлтгэлийг хангасан юм болов уу гэсэн ойлголт надад төрсөн шүү. Торгууд түмэн ямар ч цаг үед эвлэлдэн нэгдэж чаддаг юм байна гэдгийг харж явлаа. Миний ойлголт нэг их ташаараагүй байхаа. Зургаан насны морьдын түрүүг Японы “Пропокс” маркийн машинаар байлсан юм. Их наадамд торгууд түмний уугуул, УИХ-ын гишүүн О.Батнасан, “Номин Холдинг” компанийн зөвлөх, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор  А.Шагдарсүрэн, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор О.Бадамраа, Монгол Улсын Гавьяат багш Ж.Жадамбаа, Монгол Улсын Даян мэргэн С.Отгонбаяр нарын зэрэг олны танил хүмүүс их наадамд хүрэлцэн ирсэн байлаа.  
Миний бие Торгууд түмний баяр наадамд онцгой ач холбогдол өгч алс холыг зорьсон нь бас учиртай. Ээжийн тал маань захчингууд гэж өөрсдийгөө нэрлээд сурчихсан. Би арай өөр бодолтой байдаг. Захчин ястангууд олон угсаатны бүлгүүдээс үүссэн үүсмэл ястанууд. Миний дээд өвөг эцгийн талынхан болохоор Вангийн торгуудаас гаралтай юм гэдгийг хожим судлаж мэдсэн юм. Надад хүүхэд байхын зөн билэг байсан санагдана. Торгууд гэж хэлэх дуртай байсан нь генийн мэдээллээр дамжиж миний яс цусанд шингээ байлгүй дээ. Булган, Үенч хоёр сум ч өөр хоорондоо 45 км зайтай. Сайн дүүгүүрчний дүүгүүрийн чулуу хүрэх л газар. Дов толгодын цаана наана, олон зуу, мянган жил  өөр хоорондоо айлсан дотносож айл, гэр бүл болж амь амьдралаараа холбогдсон угсаатнууд болохоор чи захчин би торгууд гэж өөрийгөө илэрхийлэх их маргаантай зүйл. Зүгээр нэг энгийн жишээ авая! 1980-аад оны эхээр МУИС- ийн монгол хэл, уран зохиолын нэг ангид суралцаж байсан казак хархүү, ангийнхаа  халх бүсгүйд дурлаж хайртай болсноор тэр хоёр гэр бүл болж, олон үр хүүхэд төрүүлжээ. Одоо тэд нар шиг аз жаргалтай гэр бүл Эрдэнэтэд бараг алга. Өнөр өтгөн олон ач зээ нартай болцгоосон байна. Хүүхдүүд нь өөрсдийгөө “халх” гээд иргэний бүртгэлд бүртгүүлчихжээ. Тэднээс нэг нь ч казак хэл мэдэхгүй. Казак ч гэж өөрийгөө дурсдаггүй. Үүнээс эргэцүүлэн бодох аваас тухайн хүний сэтгэл л мэдэх хэрэг болж байгаа биз. Маргаан эндээс л үүснэ!  Үенчийнхэн намайг урвагч шарвагч гэж байна лээ. Би түүхээ сайн судал л гэж хариулдаг юм.

 

Нэг: ХОЛЫН ХОЛ ЗАМ ХОВДЫН БУЛГАН
 

Хотоос гараад Ховдын Булган сум ороход нэг талдаа 1720 км юм байна. Улаанбаатар хотоос өдрийн 13.00 цагт хөдөлсөн автобус өдөржин, шөнөжин хөл, (дугуй) амраахгүй, жолооч нар гар амраахгүй давхихад маргаашийн оройны 19.00 цаг (31 цаг) өнгөрөөж очдог юм байна. Сааталгүй яваад байхад энэ шүү дээ. Саатал гарвал хэдийд очих нь тодорхойгүй өнжиж хонодог ч тохиолдол байдаг юм байна. Ховдын Булганаас Улаанбаатар руу, Даваа, Лхагва, Баасан, Ням гаригуудад өдрийн 13.00 цагаас  автобус хөдөлдөг хуваарьтай ч цагтаа хөдөлнө гэдэг ойлголт байдаггүй юм байна. Цагаа барьж сураачээ 30-40 минут өнгөрчихлөө...  шаардлага тавьсан чинь загнуулах нь ээ? -Ахаа тийм юм байдаггүй юм. Би олон жил энэ замаар чинь аялж, хүн зөөгөөд болоод байгаа юм.! Жолооч хархүү тэс хөндлөн юм яриад явчихлаа. Маргах яршиг биз дээ. Тийм мангар нөхөртэй чинь? 
 Жолооч, "Би та нарын өмнөөс загнуулаад байна? хожигдож ирсэн нөхөрт хандаад орхив. "Хэн загнаад байгаа юм? гэж байна хожигдож ирсэн хоёр зорчигч. "Энэ нөхөр загнаад байна? жолооч намайг заасан бол хожигдож ирсэн нөхөд барьж авч зодох бололтойдог оо?  
Миний дэргэд сууж буй залуу, "Галт тэрэг, нисэх онгоц, бүгд л цагаа барьдаг. Автобус ч ялгаагүй хүн тээврийн үйлчилгээ. Цагаа барьж сураач гээд хэлээд орхино лээ. Би баярлаж л суулаа. Жолооч, "Битгий дарамтлаад байгаарай.! Гэх нь тэр. Дуугай байж чадахгүй бололтой. Говь-Алтай-Баянхонгорын хоорондох 130 км шороон замыг эс тооцвол баруунтаах зам хар замаар бүрэн холбогджээ. Алжаал ядаргаа байлгүй яах вэ аяны урт замд. Өөрөө өөрийгөө тайтгаруулж л суулаа. Өөрөөсөө өөр хэнтэй ч ярих боломж муутай гэдгээ ч мэдэж явлаа.  Ховдын зам хол юмаа. Хотдоо ойрхон  нутагтаа ч болоосой гэж бодсоноо бодлоо тэрхэн зуур залгичихлаа. Гашуун байна шүү холын замын шороо. Бууж сууж хөлөө амраагаад явж байгаа чиг шөнө дөл болоод ирэхлээр эрх биш нойр хулжаад ядаргаа үүсээд ирдэг юм байна. Социализмын үед баруун зүгт зорчиж, Ховд, Увс, Баян-Өлгий орох гэж “Зил-130”-ын тэвшин дээр суугаад бараг бүтэн долоо хоног аялдаг байснаа эргээд нэг сайн саналаа. Одоо л сэтгэл уужраад аятайхан болоод орхилоо. Хүн гэж мартамхай золиг доо. Байнга санаж явна гэж юу байхав дээ мэдээж. Мянгуужингийн зам энэ тэр гээд л нэг хэсэг Баабар тэргүүтэй нөхөд бичиж байсныг бодвол "Мянганы зам"-д дэвшил гарчээ. Өргөн уудам газар нутгийг хатуу хучилттай хар замтай болгоно гэдэг  өөрөө "хатуу ажил" санагдана. 

 

Хоёр: ХӨДӨС САЙТАЙ НЬ ХӨРСТ ГАЗРААР, ХӨДӨС МУУТАЙ НЬ ХӨХ ТЭНГЭРЭЭР
 

Энэ удаагийн Торгууд монголчуудын “Жангар-2” наадамд Шинжаан-Уйгарын Харшаарын торгууд  дуучин бүсгүй Райн Наранцэцэгийг ирсэнийг эс тооцвол гаднаас хүмүүс ирсэнгүй. 
Улаанбаатар бусад аймаг хотуудаас нийлээд албан бус тоогоор 800 гаруй зочид ирсэн гэх яриа байна. Ямартай ч 57 ЖИП машин / Лексус, Ландкрузор гэх мэт/ том тэрэгнүүд ирсэн мэдээллийг замын цагдаа нь гаргасан юм байна. Яс тоо гарна гэж бараг байхгүй дээ. Гаргах боломжчиг байхгүй. Зургаан насны морьдын уралдаан өглөө 07.00 цагаас оройны 19.00 цаг хүртэл хоёр нарны хооронд бүтэн өдөржингөө үргэлжиллээ. Такшиканы боомт руу зам буюу Булган голын гүүрэн дээр морьдын барианы газар луу явж байгаа машинаас 5000 төгрөгний хураамж авч “Мандат” олгоход 2000 машин мандат авсан тооцоо гарсан байна. Мандатгүйгээр Булган голын хаяа, хөвөөгөөр намаржиж байгаа айлуудын машин тэрэгийг тооцох юм бол 2200 орчим машин морь барианы газар цугларсан /дундач/ тооцоо гарах болов уу даа. Энэ миний л тооцоо юм. Нэг машинд  4 хүнээр бодохоор 8800-аад хүн, хурдан морины барианы газарт цугларч морь хурд харцгаажээ. Намрын налгар шар өдөр Булган голын хаяа хөвөө уул толгодыг түшиж байсан боловч салхи гарч, сул шороотой  хөрс  салхинд босож,  тоос ихтэй наадам болж өнгөрлөө. Морины тоосуу юуны тоос вэ? сүүлдээ ялгахаа байсан. Хээр хөдөө талд засмал зам дагуу машин тэргэн дээр хүнсний худалдаа, хуушуур шорлог элбэг байлаа. Шорлог 3000 төгрөгний үнэ ханштай байснаа оройхон тийшээ 1000 төгрөг болж навс хямдрал зарлажээ. Оройхон тийшээ худалдаачид барааныхаа үнэ ханшийг эрх биш буулгадгыг мэддэг хойно 3000 төгрөгөөр гурван шорлог аваад, нэгийг нь ходоод руугаа явуулаад хоёрыг нь хоолныхоо саванд хийгээд цүнхэлж авав. Шийгуа /амтат гуа/ кг нь 800 төгрөгөөр зарагдаж байлаа. Булган нутагт ургац өнөө жил арвин байгаа юм байна. Хүн бүхэн муу ам гаргах дургүй байхыг бодоход. 
Тэр их тоос шороон дунд хийсэн хуушуур, шорлогноос элс хазагдахгүй байсан нь олзуурхмаар зүйл байлаа. Замын-Үүдийн хуушуур элс хазагддагыг санаж л байлаа. Манай ганзагачид сайн мэднэ дээ. Ховдын Булганы хээр хөдөөгийн хуушуур, шорлогноос элс хазагдсангүй. Халуун тосон халуун галанд хайлаад нэг эд эс болчихдоггүй л юм бол? Нутгаа магтаж байна гэж бодохгүй байлгүй дээ манай уншигчид.   МИАТ нэгэн цагт Улаанбаатр-Ховд-Булган гэсэн маршруттай байсан юм. Энэ маршрут алдагдал их байсан учраас  2013 оны сүүлээр цуцлагдаад, Булган сум руу онгоц нисэхгүй болсон юм.  Торгууд түмний сор болсон Монголын ард түмний дунд бизнесийн “сүр”  болсон нутгийн зарим данагар баян ах, дүү нар гэр бүлтэйгээ “Улаанбаатар-Ховд”-ын онгоцоор агаарын нислэг хийж, Ховдод буугаад амарч байхад нь жолооч нь машинтайгаа газраар хөлөглөөд Ховдод очиж "дарга"-ынхаа гэр бүлийг аваад цаашаагаа Булган сум руу хөлөглөж байх юм.  Сайхаан.!  Амьд яваа насандаа  жаргаж л явах хэрэгтэй гэж ах дүү нараараа бахархаж л суулаа. Өөртөө ч бас дүн тавьлаа. “Хөдөс сайтай нь хөрст газраар, хөрс муутай нь хөх тэнгэрээр”.. гэсэн хэлц үг хэлэнд минь ороод ирлээ. Мөнгөтэй л бол “Боинг”  онгоц хөлөглөөд тив дэлхийг тойрсон ч болох цаг. Улаанбаатараас нисдэг тэрэг хөлөглөөд, торгуудын бизнесменүүд   Ховдын Булганд дараачийн “Жангар-3” наадмаар буухыг би ер үгүйсгэсэнгүй.    

 

Гурав. НАРИЙН ТЭЭЛИЙН ЦУЙВАН

Зорчигч нарт зайлшгүй хэрэг болдог нэгэн үйлчилгээ бол зам зуурын хоолны газар хоршоо дэлгүүр байдаг. Ховдын Булганаас гарсан автобустай зорчигчид шөнийн 23.00 цагт Ховдын Дарви сумын  нэгэн хоолны газар ирж хооллодог юм байна. Хоолных нь заал 100-аад хүн нэгэн зэрэг суугаад хооллочих боломжтой нилээд тохилог газар ажээ. Хоолны сонголтууд 20-ын дотор багтаж байна гээд бодохоор “Урьхан” зоогийн газраас дутахааргүй санагдлаа. Нэг сул тал байна. Тэр нь Хоолны талон /НӨАТын баримт/ өгдөггүйг эс тооцвол өөлөөд байх зүйлийг би хувьдаа олж харсангүй.  Хоолны газрын гадна талд 24 цагийн үйлчилгээтэй тохилог нойлтой юм байна. 200 төгрөгөө өгөөд үйлчлүүлэх бүрэн боломжтой. Хөдөө алслагдсан суманд ийм тохилог ариун цэврийн газар байгаад олзуурхаж л явлаа сэтгүүлч хүний сониуч зангаар. Тэнд хооллож аваад шөнөжингөө давхиад бараг үд дунд Өвөрхангайн Нарийн тээл сумын нэгэн хоолны газар  зогсож хоол идэхээр боллоо. Жолооч хаана зогсоно тэр газар л хооллохоос өөр ямар ч боломжгүй учраас зорчигчид жолоочийн сонгосон хоолны газар орж хооллох болов.  Өлссөн хүмүүс юу идэж байгаагаа ч бараг мэдэхгүй байлаа. Гэр гэхэд хэцүү. Айл гэхэд бас хэцүү? Хоолны газар гэж хэлэхэд сэтгэл багтахгүй тийм нэг газрыг сонгосон нь надад гайхал төрүүлэв. Хоолны ширээний ар талд хуучны 200-ын цагаан ор хөнжил хураагаагүй харагдана. Шивэр шинхэгч үнэртэж байх шиг. Хоолны сонголт нь ерөөсөө цуйван. Өөр ямар ч хоол алга.  Гэрийн эзэн бололтой амандаа нэг ч шүдгүй, онгорхой хар амтай нөхөр гадаа зогсож байгаа хүмүүсийг хоол бэлэн, хоол идэцгээ? гэж хашгирсаар байгаад гэртээ оруулж амжлаа.  -Та яагаад орж гараад яваад байгаа юм?
-Өөр хоолны газар бий юу 
-Байхгүй 
-Зөндөө л хоолны газар байна шүү дээ? 
-Очоод хийлгээд ид л дээ өөрийг чинь хаяад явах байлгүй? гэж байна. Намайг айлгаж байгаад гурилаа идүүлэх юм байна. Тогооч нь гэж хоёр бүдүүн хар авгай хоол аягалж байна. Хоёр авгайн гарыг нь би эхлэж харлаа. Бүсгүй хүний гар мөн үү? гэх бодол төрөөд сэжиг цохиод орхив. Тогооч хүний гар гэж хэлэхийн аргагүй хуруу хумсных нь завсарын хир, тортог барьж байгаа аяганы амсар дээр мөр гаргаж байлаа. Хар ялаа тэр хоолны газрын ширээ сандлын дээгүүр доогуур  дуртай газартаа сууж нисэж байх юм. Цуйван ч гэж дээ нэрнээс цаашгүй дутуу жигнэсэн бөөгнөрсөн гурил. Хааяа нэг махнууд гурил дундаас цухуйх нь чийгийн улаан өт шиг харагдана. Энэ хоолны газар хэдэн жил баруун замын зорчигч нарт иймэрхүү маягаар жигнэсэн гурил өгч  6000 төгрөг хурааж авсан юм бол? Би өөрөөсөө л асуулаа. Орох хаалган дээр нүүрээ дутуу угаасан бололтой бас нэг халтар нүүртэй авгай хүүхний завсарын насны нэг өлөн зэлмүүн ногоон бор нүдтэй  хүүхэн  бэлэн мөнгө хурааж аваад гаргаж байх юм.  Нэг зорчигч 20000 төгрөг өгсөнийг задлаж чадсангүй нөгөө хүүхэн.  -Хөөе энийг задлуулаад ир гэж нөгөө хүүхэн хоолны заалнаас нэг бандийг дуудаад нөгөө 20000 төгрөгийг өгөөд гаргалаа.  Зорчигч мөнгөнийхөө хариултыг авах гээд дэргэд нь зогсоод хүлээгээд л байна. Хэдэн минут болсныг бүү мэд. Хажуугийн хоолны газар дэлгүүрээр орж явж байж арай гэж нэг юм задлаж хариултыг нь өглөө. Автобус хөдлөх гээд байдаг хоол идсэн хүн мөнгөө төлөөд хариултаа авах гээд зогсоод байдаг. Адал явдалтай нэг ийм сонин газар хүмүүс хооллодог юм байна. Хордлого авахгүй гэх нотолгоо хаана байна? Хеликобактери чинь ийм газар амь бөхтэй оршиж байдаг юм биш үү?  Аргаа барахдаа хажуу  хананы дэлгүүрээс 2400 төгрөгөөр нэг доширак худалдаж аваад худалдагчаас нь буцалсан ус гуйж хийлгэж аваад зам зуураа нөгөө доширакаа идэхчээн болов. Ямар хоосон яваад байлтай биш. Надтай хамт явсан торгууд өвгөн намайг буруутгаж тогоочийг магтаж байгаа бололтой. 
-Зам зуурт яваа хүмүүст тус болж байгаа хүмүүсийг хүндэтгэсэнгүй хоолыг нь идсэнгүй гэж загнаж зэмлэх гээд байгаа юм уу даа.  Яршиг доо ам мурийгаад гэж бодоод тэвчээд өнгөрлөө.! Өөрөөсөө урвасан өөрийгөө таньж мэддэггүй хүмүүст сургааль суртал яриад чиг ойлгохгүй биз. Өөрт нь хэдэн цагийн дараа ямар эрсдэл ирэхийг тэр хүн олж харсан гэж үү дээ. Үйлчилгээний соёлгүй хоолны газрууд цаашдаа  хууль эрх зүйн хүрээнд үйлчилгээ явуулж чадахгүй хяналт шалгалтанд нь бүдэрвэл татан буугдаж л таараа. Би зүгээр ам хуурай байсангүй. Энэ асуудлыг ч зорчигч зарим нөхдийн чихэнд ойрхон хэлээд л авлаа.  Нээрээ юу билээ гэж байгаа бололтой зарим нэгэн нөхөд сэртэсхийн хүлээж авсан шүү. Нарийнтээлийн цуйван нас богионотой байх өө.
 

--Үргэлжлэл буй--
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.