НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Нүүдэлчдийн шидэт реализмын сонгодог бүтээлийг учирлах ину

ner.mn     Нийтлэгч
12 өдрийн өмнө /2019-11-25 18:58:57 GMT +8 / | 130 удаа уншсан

“Нэгэн шүлэг улс үндэстнийг, хүн төрөлхтнийг сэрээх нь бий” 
Р.Таагуур

Б.Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд

Л.Нямаа (Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч)

Р.Амаржаргал (ИЗОУИС-ийн багш, судлаач)

 

Дууль бүтсэн түүх

Уран зохиол судлалын хамгийн сонирхолтой судлагдахуун нь зохиол бүтсэн түүх юм. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “1969 оны 10-р сарын 15-нд Өмнөговь аймагт болох Уран үгсийн чуулганд ЗХУ-ын нэрт яруу найрагч О.Сулейманов, В.Санги бид Хонгорын элсэн дээр харвасан өнгө гэрлийн хувилгаан болсон говьд сэтгэл бадарч явлаа. Хатан Сэврэй уулын бэлд өвгөн анчны янгирын тухай яриаг сонсож, янгирын сүрэг хад ороолон  цахилахыг харж яваад Б.Явуухулан нийслэлд ирээд “Тэхийн зогсоол”-оо туурвисан юм”. 
Ардын уран зохиолч Д.Цоодол “Сайхан яриатай өвгөн нутагт нь байх аргаль, янгирын тухай, янгирын тэх насныхаа эцэст төрж, өсөж, амьдарсан ууландаа ирж өндөр цохион дээрээс нисэж үхдэг тухай сонин болгон ярьсан яриа Явуу багшийн анхаарлыг татаж зохиол бичих сэдэл, онгод төрсөн болов уу” гэжээ. Энэ дууль анх цаасан дээр буухдаа “Янгир ингэж үхдэг юм” гэсэн нэртэй байсныг утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Д.Цэнд С.Дашдооров Н.Нямдорж бид гуравт ярихдаа “Б.Явуухулангийн шинэ бүтээлийнх нь анхны уншигчийн нэг нь би байсан юм. Би “Янгир ингэж үхдэг юм” нэрийг “Тэхийн зогсоол” гэж нэрлэ гэж зөвлөсөн” гэж дурсаж билээ. Д.Цэнд багш монгол хэлний үгсийн санд “Тэхийн зогсоол” гэдэг холбоо үгийг шинээр нээсэн болов уу. Хүн төрөлхтний уран зохиолийн түүхэнд амьтны тухай мянга мянган дахин давтагдашгүй туурвилын санд Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” нэгэн од болж мөнхөрсөн юм.
 Янгир бол хүмүүн төрөлхтөний түүхийн гүнээс хариулж авчирсан эртний амьтан юм. Баримт нь юу хэмээвээс янгирын  дүрс бүхий баримал МТӨ V зуунд холбогдох дурсгал Парис хотын Азийн музейд хадгалагдаж байна. Монгол нутагт судалгааны эргэлтэд орсон 57 газрын 200 гаруй янгир түүхийг элээж, Монголын хадан дээр хэдэн мянган жил янгир бэлчиж, Монгол хүний сэтгэлийн амьтан болсон билээ.

Тэхийн зогсоол
Яруу найрагч энэ агуу туурвилдаа “Миний хайрт эцэг анчин Бэгз таны гэгээн дурсгалд зориулав” гэж гүн хүндэтгэн бичсэн байдаг. 
Тээр жилийн тэр нэгэн өвлийн 
Өнтэйг яана!
Тэхийн зогсоол гэдэг 
Тэр нэгэн оргилын 
Өндрийг яана! 
Энд “Яана” гэдэг үгийг давтсан нь дуулийн амин чанараар уншигчдыг  дуудан сэрээж байна. Дууль үргэлжилсээр:
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийг 
Дулаахныг хэлэх үү 
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн 
Тухтайг хэлэх үү
Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил 
Бүгд өндөр
Өндрийн дундаас Тэхийн зогсоол
Бүүр өндөр! хэмээн туулийн үйл явдал өрнөх орон зайг нүдэнд харагдтал сэтгэлд буулган хүүрнэв. Дууль өрнөсөөр:
Говийн ууланд жам ёсоор 
Хавар ирэв.
Гол бараадаж гурван гэрээр 
Нүүх болов.
Тэхийн зогсоол дээр юу байна 
Сайн хар! гэв.
Тэгж хэлснийхээ жаахан хойно 
Санаа алдав
Үзүүр нь гурвалжин үүлэнд шүргэх 
Оргил харагдав
Үүрээ манан өндөрт эргэх 
Бүргэд харагдав
Дэргэдэх оргил нь илээд авахаар 
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор 
Үүлгүй байв
Тэхийн зогсоол дээр хараагаа тогтоо гэж 
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий!. Ол доо гэж  Ахин хэлэв
Өвөлжин харагдаж нүдэнд дассан 
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Тэх харагдав  гэж дуулийн өгүүлэмж өрнөсөөр л
Хангайн сайхан амьтныг үзээд 
Би баясав
-Харлаг тэх зогсож байна!  гээд 
Бараг хашгирав
Аав минь дуугүй тамхиа сорсоор
Гэртээ оров.
Айлын хүмүүс янгирын сургаар 
Манайд цуглав
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд 
Хэсэг суув
Цаана л гунигтай хоолой засаад 
Ингэж ярив 
Энэ хүртэл дууль, янгир, бүргэдийг зурсан зураг, энэ зургийг аав хүү хоёр хэрхэн мэдэрч байгааг дүрсэлжээ. 
Дууль цаашаа үргэлжлэхдээ энгийн дүрслэлээр уншигчдийг хөтөлж өрнөхдөө ертөнцийн жам ёсны ухаарал руу хөтөлж байна. Дууль үргэлжилсээр:
Аав өгүүлрүүн
-Мөнгөн оройт уулсын хишгийг 
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг 
Анх үзлээ
Төрсний эцэст үхнэ гэдэг 
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг 
Амаргүй даваа!
Насныхаа эцэст оргил өөд мацаж 
Гардаг юм гэнэ лээ
Нартад түүнийг нь Тэхийн зогсоол гэж 
Нэрлэдэг юм гэнэ лээ хэмээн яруу найрагчийн ухаарлыг дуулийн гол баатар аавын өгүүлэмжээр:
Өндөр оргил дээр олон хоног 
Зогсдог юм гэнэ лээ
Өнгөрүүлсэн амьдарлаа эргэж нэг 
Хардаг юм гэнэ лээ
Умдалдаг ариухан усаа үзэж нэг 
Баярладаг юм гэнэ лээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг 
Баясдаг юм гэнэ лээ
Ижил олон сүрэг ээ эцсийн удаа 
Үздэг юм гэнэ лээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
 Хардаг юм гэнэ лээ гэж амьтны ертөнцийн хэн ч хэлээгүй, тааж мэдээгүй, үнэнийг нээсэн юм. Яруу найрагчийн дүрсэлснээр янгир гэдэг амьтан яаж үхэхээ мэдэрч, нутгаа харж баясаад, харамсах юмгүй болж сэтгэл ханаад явдаг тэнгэрт явахын тулд асар их хүч зарж “Зогсоолдоо” мацаж хүрдэг баатарлаг дүр харагддаг бөлгөө. Яруу найрагч янгирыг “Хүнчилж” дүрсэлсэн нь хэтрүүлэг бус шинэ нээлт ажээ. 
Доктор Д.Доржжав “Сэтгэл зүйд өөрөө суралцахад” бүтээлдээ амьтны сэтгэц, зан үйлийг давтагдашгүй нууцлаг чанартай, сэтгэл судлаачид зөв хариулт өгч чадаагүй бий гэсэн бол АНУ-ын философич Сантаяна “Хүнээр ч зогсохгүй аливаа амьтан өөрийн хүрээлэн байгаа орчны тухай мэдлэгтэй байдаг учир тэр мэдлэг нь амьдрах мэдрэмж болон, ухаарах байдал бий болгодог” гэсэн байна. 

Философич М.Шелер: "Аливаа адгуусан амьтан бүрт зуршмал байдаг төрөлх идэвх “Үл танигдах цэвэр дотоод тэмүүлэл” нь гадаад ертөнцөд хандах хандлагаар илэрдэг" 
гэснээс үзвэл яруу найрагч маань амьтны ертөнцөд орших өвөрмөц философийг нээсэн байна. Янгирын амьдралын төгсгөл яаж ирдэг юм бэ?

Зохиолч Х.Мегвилл: "Амьтны зөн билэг хүнийхээс төгс төгөлдөр"
Зохиолч амьтан судлаач Ж.Мягмарсүрэн “Тэхийн зогсоол” эсээндээ “Аз жаргалыг авчрагч эвэр нь хувхайрна уу гэхээс багасахгүй, их ядардаг гэсэн. Ядарч байхад нь ишиг дээгүүр нь гарч шээгээд байдаг болно. Өвлийн хүйтэнд ишигний шээс хөлдөхөөрөө бүүр ч хэцүү. Ижил сүргээ гүйцэхээ болино. Газрын уруу явж чадахаа болино. Нэгэнт уруугаа явахад годройтож унах гээд байдаг тул хүнд эвэртэй толгойгоо өргөсөөр уулын оргил өөд өгсөнө. Уулын оргил өөд очсон тэх зүтгэсээр оргилд гарахад гэдсэндээ хорголгүй болтол, давсгандаа шээсгүй болтол зогсоно. Тэрээр нэг л үүрээр нэг л сэв хийсэн салхинд хийсчихдэг гэнэ. Алтайн харлаг тэх Алтайн орой тасрав уу гэлтэй унана. Жаргасны эцэст зовох энэ бол хууль. Бас төрсний эцэст үхэхийг хэн ч, юу ч үл тойрох” гэжээ. Дууль үргэлжилсээр:
Тэрнээс хойш аав минь нэг л 
Зовууртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтэй нэг л 
Нүүхээ байв
Гурван гэрийн хонины ээлж 
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж 
Эргээд ирнэ
Өндөр өөд хонио бүү бэлчээ! гэж 
Аав минь захина
Өглөө болгон гадна аа сууж 
Оргил дурандана
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн 
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд
Нэгэн өглөө оргилын дурандаад 
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд 
Цайгаа ууж суув
Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж 
Аав минь ярив
Яамай даа яамай хөөрхий минь! гэж 
Ижий өрөвдөв
Маргааш өглөө нь гурван гэр маань 
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн мал маань 
Зэрэг хөдлөв
Тэхийн зогсоол оргилыг аав минь нэг 
Эргэж харав.
Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг 
Өөртөө хэлэв
Тээр жилийн тэр нэгэн өвлийн 
Уртыг яана!
“Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын 
Өндрийг яана!
-Аав яагаад гунигт автав
-Айлын эмээ яагаад нулимс унагав
-Гурван айл яагаад нүүхээр болов 
-Оргил өөд хонио бүү бэлчээ гэж аав яагаад захив
-Нүүхээ яагаад хойшлуулж олон хоног хүлээв
-Яг л ёсоороо хальжээ хөөрхий гэж аав яагаад ярив... гэдэг асуултад яруу найрагч хариулсангүй. Уран зохиолд хариулахгүй үлдээх үнэт юм гэж байдаг. Тэр нь тухайн  зохиолын амин сүнс болдог. Бид дээрх  энэ асуултад хариулах гэж байснаа больсон.
Нобелийн шагналт О.Пасын хэлсэнчлэн яруу найргийг тайлбарлаж болохгүй гэсэн философийг бид баримталдаг учраас дээрх хэдэн асуултанд уншигч та өөрөө хариулж үзнэ үү᠋! Тэр хариулт чинь Дорнын их яруу найрагчийн бидэнд үлдээсэн агуу санаа, нээлт байгаа юм. Нүүдэлчдийн ертөнц оюун санаанд нууцаа дэлгэн, гэрээслэлээ  бичиж үлдээсэн нь энэ юм.

Дуулийн судалгаа

1. Д.Цэнд: “Тэхийн зогсоол” дууль нь Монгол дуулийн сонгодог бүтээл болсон юм. 
2. Д.Галбаатар: Харлаг тэхийн сүүлийн агшинг төрөх хийгээд үхэх ертөнцийн жам ёсонд эмгэнэл ба баатарлаг харьцаа үйлчилдгийг нээж байгаа нь XX зууны дуулийн төрлийг өвөрмөц аясаар баяжуулж, агуулгын үзэл санаа дүрслэлийн шинэчлэл хийсэн юм. “Тэхийн зогсоол” дууль нь гүн ухааны дууль найраглал юм.
3. Б.Мөнхбаяр: Төрсний эцэст үхнэ гэдэг амьтны ёс болохоор өвгөн анчин мэдрэмж сэтгэлийн гүн өөрөө одохуйн замыг санагалзаад хөнгөн гунигаар “Харлаг тэх”-ийн үхлийг нэр төртэй угтаж буй баатарлаг дүрээс үүсэх ойлголтод хамаг  агуулгыг  багтаажээ.
4. Судлаач Г.Галбаяр “Б.Явуухулангийн амьдрал уран бүтээлийг цаг хугацаа орон зай асуудлууд” нэгэн сэдэвт бүтээл, “Тэхийн зогсоол” дуулийг оршихуйн философийн үүднээс шинжлэх нь” судалгааны бүтээл туурвисан. 

Дүгнэлт буюу эргэцүүлэлт

Нүүдэлчин Монголын мянга мянган жилийн турш нүүдлийн дахин давтагдашгүй соёлыг бүтээсэн нэг үнэт зүйл нь уран сайхны сэтгэлгээ юм. Эрдэмтэн зохиолч Долгорын Цэнджав олон жил судалж “Нүүдэлчдийн реализм” гэдэг уран зохиол шиг судлагдахууныг саяхан зарлав. 
Реализм хэмээх уран сайхны аргын мөн чанарыг их сэтгэгч Ф.Энгельс тодорхойлохдоо “Хэв шинжит дүрийг хэв шинжит нөхцөл байдалд нь дүрслэн үзүүлэхийг реализм гэдэг” гэжээ. 
Долгорын Цэнджав уран зохиолын реалист арга нь хүмүүн болоод нэгэн амьдралын догматик хуулбар биш хөгжил хөдөлгөөнтэй зөрчил тэмцлийг итгэл үнэмшилтэйгээр амьдралын үнэнийг  нээсэн цагийн хувьсан өөрчлөлтийг давж гарах чадвартай шалгарсан хүчирхэг арга мөн гээд Монголын үе үеийн оюунлаг зохиолчдын оюуны үнэт зүйлсийн өв болох буюу “Нүүдэлчдийн реализм” гэж үзэж болохоор урсгал чиглэлийг багтаан агуулсаар иржээ” гэсэн шинэлэг асуудал дэвшүүлж гаргажээ. Нүүдэлчдийн оюун сэтгэлийн ертөнц нь өвөрмөц сэтгэлгээ аж төрөх ёсны үнэт зүйлээр төлөвшдөг байна. Нүүдэл бол хөдөлгөөн, хувьсал, өөрчлөлт, ухаарал, сэхээрэл юм. Энэ чанар нь “Тэхийн зогсоол” дуулийн амин сүнс юм. Дуулийн үйл явдал хүн, байгаль, амьтны хөдөлгөөн дунд өрнөж дуульд хөдөлгөөнийг заасан 120 үг байна. Үйл хөдлөл, үйл үг зохиолын агуулгыг гүнзгийрүүлсэн нь “Нүүдэлчдийн реализм”, монгол хэлний үйл үгээр сэтгэн гаргаж болох уран сайхны арга юм. 
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” дууль нь нүүдэлчдийн шидэт реализмын сонгодог бүтээл мөн. “Шидэт” гэсэн учир нь Латин Америкийн романд ардын домог, уран сэтгэмж, зөн билэг, ёгт егөөдөл, эзотерик дүрслэл, уран зохиол гэсэн утгаар ойлгодог. “Тэхийн зогсоол” дуульд харлаг тэхийн баатарлаг үхлийг зохиолч амьтны далд инстинкийг нээн дүрсэлсэн учраас “Шидэт” гэдэг үзэх үндэстэй. Яруу найрагч:
Умдалдаг ариухан усаа үзэж нэг 
Баярладаг юм гэнэ лээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг 
Баясдаг юм гэнэ лээ
Ижил олон сүрэг ээ эцсийн удаа 
Үздэг юм гэнэ лээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэ лээ... хэмээн амьтны ертөнцийн нууцыг тайлжээ. Энэ нь хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээнд оруулсан шинэ нээлт гэж үзвэл зохино. Энэ агуу туурийн “Мөнхийн зогсоол” гэсэн холбоо үгнээс олон утга цацарч байна.    
Дорнын их сэтгэгч Р.Таагүр “Нэгэн шүлэг улс үндэстнийг, хүн төрөлхтнийг сэрээх нь бий” гэж бахархалтайгаар айлдсаныг тунгаавал “Мөнхийн зогсоол” гэдэг холбоо үзлээр монголчууд хийгээд хүн төрөлхтнийг сэрээн дуудах шиг. Дуулийн гол баатар харлаг тэх “Мөнхийн зогсоолдоо” зогсон зогссоор яваад өгчээ. Харлаг тэх манай дэлхийн нэг хэсэг юм. Манай гариг дээр амьдарч байгаа хүмүүн, амьтан, ургамал бүгдээр байгаль дээр хувь заяагаа тээж авч явдаг. “Тэхийн зогсоол” дуулийн “Мөнхийн зогсоол” хэмээх философи дэлхийн хувь заяаны төлөө зовних сэтгэлийг төрүүлж бидний номын анд судлаач Ж.Арилдзэмбэ “Ухаант амьтан дэлхийг уйлж байна” номдоо дэлхий ертөнцийг авран хамгаалах дээд философи” тунхагласан бол саяхан физикч доктор З.Бат-Отгон хүн төрөлхтөн хийгээд дэлхий ертөнцийг аврах “Мөнх тэнгэр” философийг квантын физикийн сүүлийн үеийн ололтод тулгуурлан дэвшүүлэв.     

Америкийн философич Ричард Рорти: "Хүн төрөлхтөнийг дэлхийтэй нь аврах шинэ философи юу юунаас илүү чухал байна. Шинэ философи  боловсруулж дэлхий нийтээр хэрэгжүүлж эхлэхгүй бол хүн төрөлхтөнд мөхлийн аюул нүүрлэнэ" 
гэж сануулсаар удаж байна. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” дууль нь байгалиа хайрлаж буй өвгөн анчны дүр үзэл санаагаар, цагаа болохоор яваад өгч буй “Харлаг тэх”-ийн баатарлаг үхлээр амьд ертөнцөө хамгаалах агуу их энэрэнгүй үзэл санааг дэвшүүлжээ. 
Болгоон соёрхоно уу та.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.