НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Агуу их Ри, Да, Лу нар бол аль ч үеийн шалгуур даах ухаантнууд

Б.Чимид     Нийтлэгч
12 өдрийн өмнө /2019-11-25 19:03:57 GMT +8 / | 481 удаа уншсан

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаянтай ярилцлаа.

-Чи бид хоёр 10 жилийн сурагч байхаасаа нэг нэгнээ  таних  нэг нутгийн хүүхэд гэдгээрээ илүү ойр дотно явж өдий хүрч ирсэн байна. Тэр тусмаа Монгол Улсын Гавьяат багш, дараа нь Ардын багш цол хүртсэн манай Увсын Баруунтурууны сургуулиас төрсөн ардын гурван  багшийн нэг. Үүгээрээ манай арван жилийн сургуулийнхан бахархдаг. Мөн ойрхон, 2 ангийн зөрөөтэй 10 дугаар анги  төгссөн найзууд. Чамайг хүүхэд байхын сэргэлэн, ангидаа бас нэг хошуучлагчдын нэг байсныг сүрхий мэдэх юм. Тэгэхээр яаж яваад хэл шинжлэлтэн болчихов. Тэндээсээ ярилцлагаа эхлэх үү.
-Намайг 1967 оны хавар Увсын Баруунтурууны 10 жилийн сургуулийг  төгсөөд явсныг чи мэднэ. Бас тэр үеийн УБДС-ийн хэл, уран зохиолын ангид элсэн орсныг ч мэднэ. Харин багш болох сонирхол маань бүр хүүхэд байхаас эхэлсэн юм болов уу. Арван жилийн хүүхэд байхад манайд хэл уран зохиолын багш Санжжав, Гатавсүрэн гэдэг багш нар байлаа даа. Тэдний заах арга барил болоод багш гэдэг мэргэжил нь сайхан санагдаж яавал ийм мэдлэгтэй сайхан багш болно доо гэх бодол туссан нь намайг багш болох, тэр тусмаа хэл, уран зохиолын багш болох замд хөтөлсөн байх аа. Бас хүүхэд байхдаа уран зохиолын хичээл их сонирхож, концертонд шүлэг их уншдаг байв. Шүлэг уншихыг, түүнийг цээжлэхийг багш нар л хийж чадна гэсэн ухагдахуун ч надад суусан  байсан. Ямар ч азаар юм 9-р ангийн хүүхэд байхдаа тэр үедээ шуугиулж явсан билэгт яруу найрагч Гүндсамбын Санжжав гэдэг хүнтэй  манай уран зохиолын багш амидай Санжжав багш маань танилцуулсан юм. Тэр үед Г.Санжжавын “Шивнэн шивнэн ярилцсан найз чинийхээ” гээд алдарт “Болзоо” шүлэг нь дуулагдсан, нөгөө “Хун” гэдэг шүлэг нь  хэвлэгдчихсэн, зарим нь уншигдаж олны хүртээлт болж явсан цаг.
"Мөнгөлөг сайхан шувуу мөрний хөвөөнд буулаа 
Өнгөлөг сайхан болохоор нь миний сэтгэлийг татлаа"
гээд л эхэлдэг алдарч дуучин Түмэндэмбэрэлд зориулж бичсэн “Хун” шүлгийг цээжилчихсэн уншиж явдагсан. Тэгээд яруу найрагч болох хүсэлд нэг үе хөтлөгдсөн ч харин тэр шүлэг зохиох авьяас нь надад ирээгүй бололтой. Харин багш болохсон гэсэн хүсэл, хэл уран зохиолын багш болох хүсэл бүр давамгайлсан, бараг мэргэжлээ сонгочихсон хэрэг. Тэр үед монголын сэхээтнүүдийн сор нь багш хүмүүс байлаа шүү дээ. 
-Тэр үед УБДС-д монгол хэл, уран зохиолын анги, МУИС-д Монгол хэлний анги, орос хэлний анги, хятад хэлний анги гээд  бас бус гадаад хэлний ангиуд олон байсан санагдана. МУИС-д тийм олон хэлний сургууль байсан болохоор монголын гол гол хэл шинжлэлтэнгүүд тэнд голдуу байсан. Тухайлбал аугаа их Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба гээд л. Танай сургуульд ямар багш нар байсан бэ. Бид чинь дуулиан, шуугианаар нь л тэр хэдийг мэддэг байлаа шүү дээ.
-Намайг оюутан байх үед чинь манай сургуульд олон мундаг багш нар байлаа шүү дээ. Хамгийн гол нь хуучин монгол бичгийг энэ хоёр сургуульд л заадаг байлаа. Энэ их соёлын өвийг өнөө хүртэл тасралтгүй авч яваа сургууль бол энэ хоёр сургуулийн монгол хэлний ангиуд. Бидэнд Лхамсүрэн гэдэг багш монгол бичиг, монгол хэлний авиан зүйг Ж.Надмид багш маань зааж байлаа. Хичээл заах, ойлгуулах, хүнд мэдлэг олгох талаар үнэхээр хосгүй багш нар байлаа. Мөн хэл шинжлэлтэн болох хүнд анхны суурь мэдлэг олгодог “Хэл шинжлэлийн удиртгал” гэдэг тэр үед хүүхдүүд ойлгоход хүнд хэцүү тэр хичээлийг хэл шинжлэлийн асар их мэдлэгтэй Ц.Жанчивдорж багш маань заадаг байв. Ц.Жанчивдорж багш нэрт эрдэмтэн Т.Пагвын дотны найз нь байсан гэдэг юм. Т.Пагва өөрийн болон орос номыг шууд бариад л бидэнд заадаг байлаа. Харин “Гадаад уран зохиол” гэдэг хичээлийг Ч.Лодойдамбын төрсөн дүү Ч.Цэндсүрэн гэдэг хүн заадаг байсан юм. Ийм том том хүмүүсээр ном заалгасан би гэдэг хүн их азтай хүн шүү.


-Энэ биеэ шинжлэх ухаанд зориулах гэж том шийдвэр, мөн асар  их тэвчээр хэрэгтэй. Тэвчиж чадахгүй нэг нь замын дундаас буцдагийг алийн тэр гэх билээ. Чи ч бас тэвчээрийн цаламд уургалуулсан болохоор энэ олон жил хаашаа ч гарч чадахгүй нэг буланд бараг шахагдсан байх аа.
-Оюутны танхим намайг сууж сургасан. Тэр үед оюутны эрдэм шинжилгээний хурал жилд нэг удаа болдог байв. Илтгэл тавьж буй оюутнууд бүгд 3-4 дүгээр ангийн, өөрөөр хэлбэл ахлах ангийн оюутнууд байдаг байв. Тэднийг хараад л аан илтгэл гэж ийм юм байдаг  байх нь ээ гэж бодож явлаа. Тэр үеийн оюутнууд ч их идэвхитэй байжээ. Лу багшийн номоор энэ 201 тоот танхимд багш нартайгаа маргалдаад л, ингээд л 3-р ангиасаа эрдэм шинжилгээний ажил хийж болох, илтгэл яаж тавих зэрэг наад захын сэтгэлгээтэй болсон юм. Тэгээд анх Ц.Жанчивдорж багшаас “Монгол хэлний нийлмэл үг” гэсэн сэдэв авч байлаа. "Нийлмэл үг их сонин, сайн судлагдаагүй юм. Энийг чи судал” гээд надад оноон өгч байлаа. Надад тэр сэдэв эхний удаад нэг их сайхан сэтгэгдэл төрүүлээгүй. Ер нь эрдэм шинжилгээний ажил их хэцүү юм байна гэдгийг сайн ойлгож байлаа. Дээр нь багш их чанга, сахилга баттай, ер нь зүрхшээж байсан шүү. Тэгээд  “Нийлмэл үгийг холбоо үгээс ялгах зарим арга” гэсэн өгүүлэл эхлээд бичиж билээ. Эрдэм шинжилгээний   бүтээл л дээ.
-Мэдээж чи УБДС-д багшаар үлдсэнээс л энэ  хэл шинжлэл гэдэг юм руу оржээ гэж ойлгож болно биз дээ. Тэгэхээр багш болсон түүхээсээ жаахан хуучлаач. Анхны зам яаж тавигдсанаас л хамаг сайн болоод саар юмны эх шийдэгддэг дээ.

-Би чинь дөрвөн жил онц сурч төгссөн. Хавар төгсөхдөө курсын ажлаа “Монгол хэлний нийлмэл үг” сэдвээр бичиж, шалгалтуудаа амжилтай өгөөд төгссөн. Тэр үед сургууль төгсөөд хаа яв гэнэв, тийш нь л явдаг байлаа. Намайг нутаг руу минь томиллоо. Тэгэхэд нэг их сайхан явдал болсон. Манай Надмид багш  “Би энэ жил хоёр багш авна” гээд намайг хотод үлдэж чадвал авч болохыг хэллээ. Тэгэхээр нь би их айсан. Яаж дээд газраас зөвшөөрөр авна даа гэж. Надмид багш хүнд худлаа хэлдэггүй, хүнд их итгэдэг хүн. Тэгээд шууд яамнаас хөдөө явах хүмүүсийн тоонд оруулаад чи дипломоо  авчихгүй юу. Тэгээд надад өгөөрэй гэв. Тэр яамны дипломуудыг авсан хүн, чиний замд саад болоод яахав, ийм сайхан газарт үлдэх гэж байхад, харин би нутагтаа очоод юу гэж хэлэх бэлээ гэж байж билээ. Ийнхүү надад бүдүүн зүрх гаргаж тусалсан хүн бол Увс аймгийн боловсролын газар олон жил ажилласан, хожим Монгол улсын гавьяат багш болсон Биньяа гэж сайхан хүн бий дээ. Тэгээд Надмид багшдаа дипломоо авчихлаа гэж хэлсэн. Ингээд хүлээж байтал бяцхан будилаан би өөрөө тарьчихав. Ажил хүлээж байх хооронд Төмөртогоо багштай хамт явтал түүний найз П.Сандуйжав гэдэг хүн таараад манай МОНЦАМЭ-д ор. Би чадалтай хүн хайж явлаа гэсэн. Ингээд 1971 оны долдугаар сарын 8-нд МОНЦАМЭ-гийн хүүхдийн редакцид орчихлоо. Тэнд Д.Пэлдэн, Д.Цэмбэл, хүүхдийн зохиолч М.Чимид, гээд мундагчууд байж байсан. Тэнд сар хүрэхгүй хугацаанд ажилласан. Анхны хөдөлмөрийн гараа минь тэр. Ингээд С.Жалан-Аажав даргад дипломоо хураалгаад ажилтан нь болсон ч удалгүй ангийн найз Цэнд-Аюуш "УБДС-ын хичээлийн эрхлэгч Б.Рагчаа чамайг аваад ир гэлээ” гэдэг юм байна. Тэгээд маргааш нь очтол, Надмид багш маань хэлээд намайг ажилд авчихсан байж. Чиний багш болох тушаал чинь гарчихсан, томилолтоо ав гэлээ. Нөгөө МОНЦАМЭ-ээсээ гараагүй байгаа хэрэг шүү дээ. Ингээд П.Сандуйжав дээрээ очиж учраа хэллээ, П.Сандуйжав гуай “Алсыг бодоод тийшээ оч, би эндэхийн ажлыг хариуцъя” гэсэн. Их л сайхан санагдаж байлаа. Ингээд л анхны намрын ажилд оюутан аваад Төв аймгийн Эрдэнэсант явж байсан минь саяхан мэт боловч олон жил өнгөрчээ.
-Монгол хэлээр яриад л монголоороо сэтгээд байвал болж байгаа юм шиг бид боддог. Үнэндээ хэл шинжлэл гэдэг судалж барахааргүй нарийн нийлмэлээс гадна зарим үг өгүүлбэр, нэр томъёог бид мэт нь одоо хүртэл огт ойлгохгүй юм байна. Би саяхан таны эрдэм шинжилгээний ажлын тухай Ч.Чимэгбаатар докторын бичсэн “Монголын хэл шинжлэлийн сэтгэлгээг шинэчлэгч эрдэмтэн Ц.Өнөрбаян” гэдэг ном уншлаа. Монгол хэлэн дээр л байгаа болохоор бага сага юм гадарлаж байна. Түүнээс  биш мэдэхгүй, сонсоогүй юмны далай байна хө.
-Ер нь хэл шинжлэл маш өргөн агуулгыг багтаадаг. Намайг оюутан байхад Монголын хэл шинжлэлийн том эрдэмтэд ид туйрваж, бүтээж байсан цаг. Б.Ринчен, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв, Т.Пагва, Х.Лувсанбалдан, П.Бямбасан, Э.Вандуй гээд л тэдний урсгал монголын хэл шинжлэлд голлож байлаа. Эрдэм шинжилгээний  ажил их хатуу шалгууртай. Тэр үед Ш.Лувсанвандангийн бүтэц, хэл шинжлэлийн хоёр бүтээл гарч, Ш.Лувсанвандангийн дэг, жинхэнэ  гараагаа хүчтэй авч эхэлж байсан юм. Монголын хэл шинжлэл хүчтэй  хөдөлгөөнд орж эхэлж байсан цаг таарсан.  Б.Ринченгийн “Хэлбэр судлал” гэдэг бүтээл 1965 онд хэвлэгдэж гараад хураагдчихсан, бид түүнийг олж үзэхсэн гэсэн бөөн тэмүүлэл. Манайд бүтэц, хэл шинжлэлийн ерөнхий урсгал орж ирж байв. Ш.Лувсанвандангийн “нөхөх, үл нөхөх байрлал” болоод бусад үгүүлэлүүдийг олж уншихсан гэж л тэмүүлдэг байлаа шүү дээ.


-Эдгээр томчуудын зах зухаас, бүтээлээр нь ойртож танилцсан чи бас чиг азтай хүн шүү. Тэд бараг л домог шиг хүмүүс байлаа. Ялангуяа монголын хэл шинжлэлийн гурван оргил Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан нартай танилцаж, бүтээлээс нь хүртэж, үг сургууль, номыг нь дуулж явсан л байж таарна. Энэ талаар жаахан тодруулах уу.
-Энэ гурван хүн ид бичиж, өөр өөрийн урсгал, чиглэлүүдээ гаргаж, эрдэмтэд ч талцах маягтай, дэг сургуулиа дагаад, тэр нь хэл шинжлэлийн хөгжилд их түлхэц авч ирсэн. Тухайн үедээ хэл шинжлэл их өндөрт гарч, мөнхийн гэхээсээ илүү монгол хэл шинжлэлийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан бүтээлүүд тэр цаг үед туурвигдсан юм. Хэл шинжлэл гэдэг хөдөлгөөнгүй, тэд нэгэнтээ туурвисан бол бараг бурхны сургааль шиг юм бодогдож байсан. Цагийн аясаар олон жил уншаад, шинжлээд, судлаад ирэхэд тэднийг шүүмжлэх биш, үүнийг гүйцээх л учиртай  гэх, нөгөө өнцгөөс нь харахад ийм байх байж дээ гэх л бодол төрдөг. Мэдээж санаа зөрөх юм гарна. Гэхдээ ийм өнцгөөс харахад ийм гэдгийг нь мэддэг, бас биширдэг. Магадгүй зарим зүйлийг нь хараагүй ч гэж болох, зориуд орхисон ч юм уу гэх бодол төрдөг. Зарим хүмүүс бүтээлтэй харьцдаг бол зарим нь хүнтэй нь харьцдаг тал бий. Хэл шинжлэлийн гурван оргил Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн нартаа биеэр уулзаж, заримтай нь эчнээ шавь болж явлаа. Би багш байхдаа 1972-1973 оны хичээлийн жилээс дөрөвдүгээр ангид ордог мэргэжих курс хичээлийг хариуцах болсон. Энэ хичээлд том том эрдэмтдийг урьж лекц уншуулдаг байлаа. Анхны лекцийг Б.Ринчен гуайгаар уншуулах гэж утасдаж, яриахаасаа эмээж урьд нь уулзаж байгаагүйг хэлэх үү, холоос Сүхбаатарын талбайгаар явж байхыг, лекц уншиж байхыг нь харсан төдий. Тэгээд гэрийг нь заалгаж аваад гэрт нь очсон. Өөрийгөө танилцуулж учраа хэллээ. Тэгсэн манай засгийн газар байсан чухал газар ном үзсэн хүн байна. Чи тэгвэл тэр өдрөө орох цагаас өмнө ир гэлээ. Би хамт явахаасаа зовоод жаахан хоцросхийгээд явтал  “Чи нохой биш дээ зэрэгцээд яв” гэлээ. Ри гуай надаас янз бүрийн юм асууж явсан. Монгол хэл, бичгийн хэл, эртний соёл зэргийн талаар ярьсан. Лекц дууссаны дараа би таныг гаргаад өгөе гэтэл “Танай сургууль ганц л хаалгатай биз дээ гэж намайг ёжлов. Би хэд хэдэн хичээлд тэр хүнээр лекц уншуулахаар урьж байсаан. Б.Ринчен гуай 1956 онд Унгарын шинжлэх ухааны академид Монголоос анх удаа докторын зэрэг хамгаалсан. Би яг 30 жилийн дараа эрдмийн зэрэг хамгаалаад ирсэн. Б.Ринчен гуйн диссиртацыг Унгарын ШУА-ын номын санд сууж уншсан. Том хавтастай хуучин Монголоор бичсэн түүний хоёр номыг тэнд очиж уншсан хүн хэр олон байдаг юм бол мэдэхгүй. 
1965 онд  ялангуяа миний мэргэжлээр зайлшгүй унших “Хэлбэр судлал” бүтээлийг гарангуут нь эрдэмтэн хүний ёс зүйн асуудалтай холбоотой, бас үзэл суртлын хувьд алдаатай хэмээн хаасан байдаг. Би оюутан байхдаа түүнээс нэгийг олж авсан байсан ч тэр маань алга болсон. Харин сүүлд Өвөрмонголд хэвлэгдсэнийг олж үзсэн. Манайд бүтээлийг нь үзээд, ухаанаа уралдуулахаасаа өмнө хүн рүү нь харж үнэлэх явдал байсан. Тэр их эрдэмтнийг ямар өнцгөөс нь харах нь тэр хүний хэрэг боловч монголын хэл шинжлэлд оруулсан хувь нэмрийг тийм ч амархан хэмжих гээд хэрэггүй л дээ
-Тэгвэл Цэндийн Дамдинсүрэн гэж нэг аварга амьтан байсан. Энэ хүний тухайд ямар хэмжээнд ойрхон байв. 
-Би мөн л оюутанд мэргэжих курсад нь лекц уншуулах ажлаар уулзаж, гэрт нь очиж үдийн цай хамт ууж байлаа. 1972 онд шиг санагдана, чи суу, хоёулаа цай ууя гээд сайхан бор цайнд арвайн гурил орхиод ууж билээ. Хожим Мажарт их сонин тохиолдлоор уулзсан. 1985 оны намар Корош Чома де Шаандорын мэндэлсний 200 жилийн ойгоор Монголоос Ц.Дамдинсүрэн, академич Ш.Бира нар очсон байсан. Ц.Дамдинсүрэн гуайгаар манай хадам ааваас надад захиа дайлгасан байсан. Би ч бас амар мэндийг нь эрэхээр очсон юм. Тэнд Ц.Дамдинсүрэн гуайн нүд муудаж юм харахаа больсон. Урд өдөр нь захиа авахаар очиход зүгээр л  байсан юм. Гэнэт Хар Дорж багш такси аваад яаралтай ир. Дамдинсүрэн гуай гэнэт юм харахаа больчихлоо гэсэн. Чи Дамдинсүрэн гуайг гэртээ аваачиж хонуулаад маргааш Москва нисгэ гэлээ. Би охинтой нь хамт таксинд суулгаад гэртээ авч ирсэн. Лифтний хаалганд дөхөж ирээд “Өнөрбаян чи азтай хүн юм уу, азгүй хүн юм уу, сохор намайг хөтлөгч анхны амьд таяг минь боллоо шүү” гэж билээ. Сохорсон хүнд их юм бодогддог юм байна гээд шөнөжин юм ярьж хоносон. Маш сонин юм ярьсан. Бараг бүхий л амьдралаа тэр шөнө надад ярьсан даа. Тэгээд нутагтаа ирж эмчлүүлээд гайгүй болсон. Би хүний газар хараагүй болчихдог, гэтэл нутгийн залуу, мэргэжил нэгтэй хүн  энд байдаг гээд их л олзуурхаж байсан. Үүний гэрч нь охин Дулмаа нь сайн мэднэ. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуйн талаар сайнаар л дурсдаг байсан. Нэг удаа эмнэлэгт хэвтэхэд Б.Ринчен эргэж ирсэн. Түүнээс хойш тэр хоёр нэг нэгэндээ сайн болсон, бие биедээ өш санадаггүй. Би Ринчендээ хүний нь хувьд их баярлаж явдаг гэж байсан. Кирил үсгийн дүрэм зохиогоод би нэг баярлаж, нэг их харамссан. Баярласан нь Монголын ард түмнийг бүгдийг нь ном уншдаг болгосон. Энэ бол гавьяа. Хэний ч өмнө хэлнэ. Харамсдаг нь үндэсний монгол бичгээ... гэх мэтээр шөнөжин ярьж билээ.
-Шадавын Лувсанвандан гэхээр хэл шинжлэлийнхэн толгой бөхийн хүлээж авдаг нэр. Нөгөө л гурван оргилын нэг. Тэгэхээр энэ хүнтэй та ямархан хамааралтай байв. Нэг бодлын та их азтай хүн юм. Ийм сайхан хүмүүстэй багш шавийн,  дотны нөхрийн харилцааг үүсгэж чадсан болохоор л тэр...


-Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен хоёрыг бодоход өргөн олонд нэрд гарсан хүн биш байлаа. Хэл шинжлэлийнхэн дотроо нэрд гарсан хүн байсан. Бас л сонгох курст лекц уншуулах гэж танилцсан. Тэр сонгох курс удирдсан нь олон сайхан хүмүүстэй танилцах боломж гарсан  юм. Хамгийн анх “Монгол хэлний үгийн бүтцийн тухай асуудалд” өгүүллийг нь уншиж товчилж байлаа. Тэр хүний эрдэм судлалын бүтээлтэй бүр нэгдүгээр курсын оюутан байхаасаа танилцсан. Хэлний үзэгдлийг байгалийн үзэгдлийн зүй тогтлоор харж, хэлийг гүн ухааны үүднээс үзсэн гайхамшигт бүтээлүүд нь хэл шинжлэлтэнгүүдийн анхаарлыг татсан. 1987 онд бидний бичсэн “Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулалт” гэдэг ном хэвлэгдсэн. Бид номоо дуусгаад Бямбасан багшийн хамт номоо редакторлуулахаар Лу багшийн гэрт нь очлоо. Тэр аугаа хүнээр хамгийн сүүлд редакторлуулсан ном бол тэр юм. “Миний үзэл бодлыг бүтээлчээр ашигласан монгол хэлний үйл үгээр ном гарч байгаад баяртай байна аа Бямбасан” гэж урамшуулж билээ. Энэ гурван хүн 50 гарсан насандаа гол гол бүтээлээ бичсэн байдаг. Лу багшийн үзэл онолыг бүтээлчээр сэтгэж хөгжүүлсэн хүн бол Бямбасан багш юм. Ялангуяа үгийн  бүтцийн чиглэлээр олон талаас нь үзэж шинэ санаа дэвшүүлж баяжуулсан хүн бол яах аргагүй Бямбасан багш. Монгол хэлийг бүтэц зүйн үүднээс судалсан хүн бол Лу багш, Үг зүйн түвшинд бол Бямбасан багш. Бямбасан багшаар дамжаад дам хүртсэн шавь нь би юм. Түүгээрээ Лу багш хэл шинжлэлийн дэгийг буй болгосон том эрдэмтэн харин би түүний нэг гишүүн гэж өөрийгөө боддог. Лу багш монголын хэл шинжлэлд үндсэн эргэлт хийсэн хүн. Хэлний төвийн тогтолцоог анх гаргаж, судалсан, хэл шинжлэлийн дэгийг буй болгосон том эрдэмтэн. Би түүний сэтгэлгээний хүч чадал, бүтээл туурвилыг  нь хойч үед нь хүргэхийн тулд дахин хэвлүүлэх үйлсэд үр хүүхэд, шавь нартай нь сэтгэл нийлж Лувсанвандан санг 1999 онд байгуулсан. Одоо 20 жил болж байна. Тэр сангийн гүйцэтгэх захирлаар намайг томилсон нь түүний гарын шавь биш боловч шавийн сэтгэлээр хандаж явдаг надад үзүүлсэн том хүндэтгэл. Би түүний алдартай бүтээлийг 1999 онд эрхлэж хэвлүүлсэн. Үг зүйн талаас бичсэн ямарч бүтээлдээ түүнээс эш татдаг, татахгүй байхын аргагүй. Энэ эрхэм эрдэмтэнтэй хөөрөлдөх явцад Ч.Чимэгбаатар “Ц.Өнөрбаян бол монголын хэл шинжлэлийн сэтгэлгээний уламжлал, шинэчлэлийн бэлгэ тэмдэг, манай хэл шинжлэлд одоогоор цорын ганц үндэсний сэтгэлгээний давтагдашгүй онцлог шинж чанар бүхий  “хөдлөнгө бүтэц хэлшинжлэл”-ийн дэгийг бий болгогчийн нэг, энэ дэгийг бий болголцсон түүхэн гавьяа, ач холбогдол нь зөвхөн монголын хэл шинжлэл төдийгүй манай шинжлэх ухааны сэтгэлгээнд тод үсгээр тэмдэгдэх ёстой, манай хэлшинжлэлийн сэтгэлгээг шинэчлэгч, эрдэмтэн, зүтгэлтэн мөн гэсэн үгээр нь дуусгая.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.