НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ШИНЖЛЭХ УХААН ХЭНД ҮЙЛЧЛЭХ ВЭ?

С.Будням     Нийтлэгч
12 өдрийн өмнө /2019-11-25 19:18:52 GMT +8 / | 205 удаа уншсан

 

ШИЙДВЭРТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ  ТАЛААРХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨР ХООСОН УРИА БОЛНО

 

НЭГ. ШИНЖЛЭХ УХААН ИТГЭЛЦЛИЙН ХЯМРАЛД ОРОВ

"Шинжлэх ухаанд ашигтай болгон хүн төрөлхтөнд ашигтай" гэдэг аксиом "хүйтэн" дайн дуусах хүртэл хэнд ч эргэлзэл төрүүлж байсангүй. Шинжлэх ухааны "бүтээл" болсон цөмийн дэлбэрэлтийн аюул нүүрлэхээр байсан ч шинжлэх ухааныг баялаг хэмээн хүлээн зөвшөөрч түүнд улс түмний хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын баталгаа гэсэн хүндтэй байр сууринд баруун, зүүн аль аль нь тавьж байлаа. Дэлхийн II дайны дараа чөлөөт ертөнцийн хамгийн баян орон АНУ-д иргэн бүр эрдэмтэд, төрдөө итгэх ёстой гэсэн санааг ухуулж, суурь шинжлэх ухаан түүний дотор батлан хамгаалалтын зориулалт бүхий судалгаанд санхүүжилтын хязгаарлалт тавихгүй байхыг уриалж байсан юм. Түүний үндэслэл нь суурь шинжлэх ухааны үр дүн ямагт хэрэглээгээ олох ёстой, улмаар бүх нийтийн сайн сайхны дэвшилд үйлчилнэ хэмээн үзэж байв.
Судалгааны чиглэлийг тогтоох асуудал их сургуулиуд, батлан хамгаалал, шинжлэх ухааны үндэсний сан зэрэг байгууллагуудын төлөөлөгчдөд оногдож байлаа. Францад ч гэсэн иргэдээ төрдөө итгэхийг уриалж, харин АНУ-аас ялгаатай нь хатуу хяналт тавихыг анхааруулж байв. Төрөөс шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлого боловсруулж, түүний хөгжлийн чиглэлийн стратегийг тодорхойлсноор Шинжлэх ухааны судалгааны үндэсний төв, Атомын энергийн комисс зэрэг тодорхой байгууллагуудыг санхүүжүүлдэг байна. Энэхүү хоёр загварын давуутай тал нь эрдэмтдийн харьцангуй бие даасан хэлбэрийг нийтэд дэлгэрүүлсэн явдал юм. Эдгээр нь суурь судалгааны хөгжлийг хөхиүлж, дэвшил гарахад нөлөөлж, улмаар түүний амжилтыг практикт өргөнөөр нэвтрүүлэх боломж нээсэн юм. Төрөөс батлан хамгааллын болон иргэний зориулалт бүхий судалгаанд гаргах зардал хяналтгүй байлаа. Судалгааны чиглэлийг төр, шинжлэх ухаан, батлан хамгаалалтын зориулалт бүхий үйлдвэрлэлийн байгууллагуудын төлөөлөгчид тогтоодог байв. Гэтэл сүүлийн 20 жилд шинжлэх ухааны ертөнцөд зарчмын өөрчлөлт гарсан юм. Төр тэргүүлэх үүргээ алдаж, харин дэвшилд итгэсэн итгэлийн оронд эргэлзээ, зөрчилд оров. Ингэснээр шинжлэх ухааны нэр хүнд ганхаж эхлэв. Хөгжилтэй орнуудад судалгааний ажлын гуравны хоёрыг хувийн сектор санхүүжүүлдэг болсноор тэдний сонирхлыг тооцох шаардлагатай боллоо. 
Энд хэд хэдэн хүчин зүйлс байгаа юм. 1970-аад онд шинжлэх ухаан техникийн дэвшилд анх удаа хөгжиж буй орнуудын зүгээс байгаль орчны унаган төрхийг хадгалах хөдөлгөөн өрнөснөөр эргэлзэл төрүүлсэн билээ. Мөн “хүйтэн дайны" төгсгөлийн дараа стратегийн сонирхол өөрчлөгдөж, цэрэг дайны зориулалт бүхий зардал эрс буурсан юм. Мөн тэр үед АНУ-д Япон улс судалгааны ажлыг аж үйлдвэрийн сонирхлоор гүйцэттэж, мэдээллийн технологи, электроник, шинэ материалын салбаруудад тэргүүлэх байр эзлэж эхлэж байгааг түгшүүртэйгээр илрүүлсэн байна. Ингэснээр тэргүүн зэрэгт эдийн засгийн сонирхол тавигдаж, түүнтэй зэрэгцэн ард түмний чинээлэг байдалд бизнес, төр, шинжлэх ухаанаас илүү үр ашигтай нөлөөлөх болж буй ойлголт идэвхижиж эхэлсэн билээ. Энэхүү өрсөлдөөний явцад суурь шинжлэх ухаан, хавсарга судалгаанд байраа тавих боллоо. Үндсэн зорилт нь шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдэх болов. Өнөөдөр улс орны чадавхи түүний эдийн засгийн амжилтаас хамаарснаар "шинэчлэх" боломжоор илэрхийлэгдэнэ. Иймд эрдэм шинжилгээний байгууллагууд шинэ технологи, хямд бүтээгдэхүүн бүтээхэд чиглэгдэн өөрчлөгдөх боллоо. Эрдэмтдийг зах зээлийн хэрэгцээг ойлгож байгаагаар үнэлэх болж байна. Суурь судалгаа, хавсарга судалгааны ялгаа арилж, хоорондын үйлчилгээ улам нягтарч эхэллээ. Энэхүү холбоо нарийн технологи ашиглаж буй пүүс, компаниудын хувьд улам мэдрэгдэх болсон ба хөгжилтэй орнуудад аж үйлдвэрийн зохион бүтээх, судалгааны ажлын дөчин хувийг хувийн секторт гүйцэтгэж байна.
Энэ чиглэл нь дэлхийн худалдаа арилжааг даяарчлах (глобальчлах) хэрээр улам эрчимжиж АНУ, Европ, Япон гурав л шинжлэх ухааны судалгааны чиглэлд гол нөлөөлөгч болж байна. Глобаль шинж төлөвтэй энэхүү асуудал дэлхийн 7.5 сая орчим эрдэмтдийг хамарч байгаа бөгөөд тэдний идэвхитэй мэтгэлцээний эхлэлийг тавьсан юм. Шинжлэх ухааныг зах зээлд үйлчлүүлэх оролдлогоор хүн төрөлхтөн, түүний маргашгүй үнэ цэнээс ангижрах юм биш биз гэсэн асуулт тавигдаж байна. Төрөөс санхүүжиж буй их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг үр ашгаа дээшлүүлэхийг шаардсанаар төрийн халамжинд байсан суурь судалгаанд үхлийн цохилт өгөх юм биш биз? гэсэн асуулт бас тавигдана. Мөн патентийг зохиогчийн эрхийг зөрчин ашиглаж байгаатай хэрхэн тэмцэх нь тодорхой бус байхад, зарим нээлтүүд "хувьчлагдаж" байгааг юу гэж үзэх вэ? Мэдлэгийг чөлөөтэй солилцоход саад болж буй нууцлалын уур амьсгалыг хэрхэн гэтлэн давах асуудал ч гарч байна. Эдгээр асуудлууд дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн ухаан санааг, шинжлэх ухааныг, нийгэмд үйлчлэхээр хэрхэн нөхцөлдүүлэх талаар төвлөрүүлэх хэрэгцээ гарч байна. Мөн судалгааны ажлын зорилго, санхүүжилтийн талаар ч олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй болов.

ХОЁР. ШИНЖЛЭХ УХААН ХЭНД ҮЙЛЧЛЭХ, ХЭНИЙ ДЭМЖЛЭГ АВАХ НЬ ТОДОРХОЙ БУС БАЙНА

Шинжлэх ухааны тухай тунхаглалын гол санаа бол олон улсын шинжлэх ухаан техникийн дэвшилд оруулж буй эрдэмтдийн оюун санааны хувь нэмэрт маш өндөр итгэл хүлээлгэх явдал чухал байгааг тэмдэглэсэн юм. Нөгөө талаар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа манай нөхцөлд шинжлэх ухааны хувьд нийтлэг байгаа эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь өнөөг хүртэл нээлттэй, хатуухан хэлэхэд хэний ч анхааралд өртөхгүй байгаа билээ.
Юуны өмнө шинжлэх ухаан техникийн дэвшлийн бодлогыг ардчилах зарчим хамгийн хүнд бөгөөд магадгүй манай өмнө тулгарч буй гол асуудал байж болох юм. Өөрөөр хэлбэл, ардчиллын зарчмын үндсэн дээр шинжлэх ухаан, нийгэм хоёрын хооронд  шинэ гэрээ байгуулагдана гэсэн үг. Энд зарчмын 4 асуудал байгаа болно.
1.Шийдэл гаргахад нийгмийн бүх давхарга оролцох ёстой. Энэ нь зөвхөн төр ба эрдэмтдийн давуу эрхээр гүйцэтгэгдэх бус, шийдвэр гаргах систем нь аль болох өргөн хүрээ бүхий нийгмийн бүлэглэлүүдийн төлөөлөгчдийг оролцуулсан байхад оршино. Иймд хэтийн зорилго бүхий ихээхэн хөрөнгө шаардаж буй томоохон төсөл, судалгааны үндсэн чиглэлүүдийг тогтооход нийгмийн бүх давхарга оролцох ёстой.
2.Олон нийтийн хяналтыг буй болгох ёстой. Шинжлэх ухаан техникийн дэвшлийн хөгжилд хяналт тавихын тулд, түүний амжилт ард иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэхийг тайлбарлан сурталчлах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхэд төрөөс шинжлэх ухааны сурталчилгааг хөхүүлэн дэмжсэнээр олон нийтээс тавих хяналтыг буй болгох суурь тавигдана.
З.Харилцан хөршлөхийн үр дүн. Хөгжиж буй орнуудын суурь судалгааны чиглэлд хөгжилтэй орнуудын хэвшмэл сэдвүүдийг дууриах хэлбэр эзэмдсэн байдаг. Эдгээрийн ихэнх нь шинжлэх ухааны хөгжилд чухал боловч тухайн орны бодит асуудалд ямар ч холбоогүй юм. Иймд аливаа орны нөхцөлд зохицсон шинжлэх ухаан техникийн бодлого нь хоорондоо диалектикийн хувьд харилцан нягт холбоотой хоёр процессын нэгдэл байх ёстой.
4. Ардчилал шинжлэх ухаан хоёрын холбоо. Ардчилал, шинжлэх ухаан хоёрын хооронд маш нягт холбоо байдаг. Иймд хэрвээ нийгэм ардчиллын үр шимийг хүртэе гэвэл ард иргэд нийгмийн асуудалд хандах хандлагадаа өөрийн хэт итгэлээ даван гэтлэх, бодит хүчин зүйлсийг хүндэтгэн үзэх, зэрэг чанарыг өөртөө хэвшүүлсэн байх ёстой.
Өнгөрсөн хугацаанд манай оронд шинжлэх ухаанд хандах хандлага хуучин социалист орнуудын, түүний дотор ЗХУ-ын шинжлэх ухааныг захиргааны аргаар удирддаг баримжааг дагалдан явж ирсэн ба тэрхүү тогтолцооны давуу тал нь шинжлэх ухааны салбарууд буй болох, үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд асар их нөлөө үзүүлсэнд оршино. 
Харин түүний сул тал нь цэвэр судалгааны ажил гүйцэтгэгчид, түүний үр дүнг хүлээн авч практикт хэрэгжүүлэгч хоёрын хооронд үл хөдлөх хана буй болгосон юм. Энэхүү хэвшмэл, хандлага одоо ч инерциэр үргэлжилсэн хэвээр байна. Гэтэл 1990 оноос хойш нийгмийн бүх салбарт гарсан өөрчлөлт шинжлэх ухааны салбарт хийгдээгүй байгаа нь түүнийг ганцаардмал болгож, хэнд үйлчлэх, хэний дэмжлэгийг авах нь тодорхой бус байгаа тул сүүлийн хориод жилд зогсонги, хямралт төлөвд оруулсан байна. Шинжлэх ухааны удирдлагын тогтолцоонд зарчмын дүгнэлт хийж, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол шинжлэх ухааны үүрэг улам нэмэгдэж буй XXI зуунд манай орны шинжлэх ухаан "импортын мэдлэг, технологийн" хэлбэртэй өрөвдөлтэй төлөвд орохыг үгүйсгэх тал алга байна. Ийм шаардлага байгааг саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал "Хандлагаа өөрчилье" уриатай зохион байгуулагдсан явдал юм. Уг хурлын үндсэн шийдвэр бол 30-аад жил төр засгийн анхааралд байгаагүй шинжлэх ухааны салбарт анх удаа хандаж,улс орны хөгжилд шинжлэх ухааны ач холбогдол хэрэгтэй болохыг санаж,хамтран ажиллах зорилт тодорхойлсонд ач холбогдол нь орших болно. Иймд эрдэмтдийн үүрэг, хариуцлага төр засгаас хандаж, итгэл үзүүлж буйд хэрхэн найдвартай хариулт өгөх хүндтэй үүрэг оногдож байгаад дүгнэлт хийж, юуны өмнө Монголын шинжлэх ухааны өнөөгийн төлөвд шудрага дүгнэлт хийж, хэрхэн шинэчлэгдэх тухай оновчтой саналыг төр засагтаа уламжлах хэрэгтэй болж байна.Энэ бол эрдэмтэд ард түмний өмнө хүлээсэн үүргээ хэрхэн мэдэрч ойлгож байдгийн шалгуур болохыг анхаарах хэрэгтэй юм.
Шинжлэх ухааны санхүүжилт хангалтгүй байгаа нь улс орны өнөөгийн нөхцлөөс илт боловч хуваарилсан мөнгийг үр ашигтай зарцуулж, өгөөжтэй үр дүн гаргах нь эрдэмтдийн үүрэг билээ. Хурлын уур амьсгалыг ажиглахад мөнгө хэрэгтэй гэсэн санаа давамгайлж байсан нь олон нийтэд төдий л сайн сэтгэгдэл төрүүлэхгүй бөгөөд харин надад ийм шинэ санаа байна,түүний хэрэгжилт нийгмийн хөгжилд нөлөө үзүүлэнэ гэсэн санал тун хомс байсан нь эрдэмтэдийг хувиа бодсон хүмүүс гэдэг ойлголтыг нийгэмд буй болгох бий гэсэн болгоомжлол байгааг санах хэрэгтэй. "Хандлагаа өөрчлөе” гэсэн урилгаа төр засаг,эрдэмтэд хамтран шинжлэх ухааны салбарт буй болсон  "тэжээвэр" сэтгэлгээг өөрчлөхөд шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Их хурлын шийдвэр хоосон уриа болох эмгэнэлтэй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.