НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Аюултай гэгдэх амттан

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
12 өдрийн өмнө /2019-11-25 19:26:04 GMT +8 / | 289 удаа уншсан

Шаржигнасан, сайхан амттай чипст хүмүүс ялангуяа, хүүхдүүд дуртай. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хоёр хүүхдийн нэг нь чипсийг амтархан хүртдэг байна. Харин эцэг эхчүүд энэ амттанг элэг ходоодонд хортой химийн бодисоор дүүрэн байдаг гэж үздэг. Үүнд үнэнийн хувь бий. Уг нь анх чипсийг жирийн шарсан төмсөөр хийж эхэлжээ.

 

Ааштай үйлчлүүлэгчийн “ачаар” бий болсон амттан

Энэ явдал 1853 оны наймдугаар сарын 24-нд болсон гэдэг. Нью-Йорк мужийн Саратога-Спрингс хотын  “Moon’s Lake House” зоогийн газарт Америкийн голланд гаралтай Корнелиус Вандербильт хэмээх алдартай бизнесмен өдрийн хоол идэхээр иржээ. Тэрээр эндэхийн байнгын үйлчлүүлэгч боловч үргэлж зоогийн газрын ямар нэгэн зүйлийг нь шүүмжилж, заримдаа захиалсан хоолоо хүртэл буцаадаг байв. Зоогийн газрынхан түүнийг ааштай үйлчлүүлэгчийн дансанд оруулсан ч гэсэн санаанд нь нийцүүлэхийн тулд чадах бүхнээ хийж иржээ. Энэ удаа Корнелиус Вандербильтийн санаанд шарсан төмсний зүсэлт нийцсэнгүй. Тэрээр тогоочийг төмсөө хэтэрхий зузаан зүссэн байна гэж шүүмжилж, захиалгаа гурван удаа буцаажээ. Ерөнхий тогооч Жорж Крам үүнд залхан төмсөө аль болох нимгэн хэрчиж шараад үйлчлүүлэгчид өгсөн байна. Харин энэ нь бизнесменд  маш их таалагдаж, үүнээс хойш зоогийн газарт ирэх болгондоо мөнөөх шарсан төмсийг захиалдаг болжээ.

Ерөнхий тогооч ч гэсэн нимгэн хэрчиж шарсан төмсийг хоолны цэсэндээ оруулсан байна. Ийнхүү чипсний “эрин үе” эхэлжээ. Харин Жорж Крам өөрөө төмсний чипст дургүй, хүнсэндээ хэрэглэдэггүй байсан гэдэг. Төд удалгүй чипс бусад үйлчлүүлэгчийн  хүртэх дуртай  амттаны нэг болжээ. 1860 онд Жорж Крам хувийн зоогийн газар нээж, мөнөөх чипсээ бас хоолны цэсэндээ оруулсан нь америк даяар алдаршив. 30 жилийн дараа буюу 1890 онд Кливленд хотын зуушны газрын эзэн Уильям Тэппенден энэхүү алдартай зуушийг түргэн хоолны бүтээгдэхүүн болгон ашиглах санаа гарган, тэрнийг хэмжиж, цаасан уутанд савлан, гудамж талбай, дэлгүүр хоршоонд худалдсан нь борлуулалт сайтай бүтээгдэхүүний эгнээнд орсон аж. Мөн энэ үед чипс хийдэг машин гарчээ. Энэ машиныг механикч Фриман Макбет гэдэг хүн зохион бүтээсэн байна. 
 

 

Чипсний тухай баримт:

-Эрдэмтдийн судалгааны дүнд 1980-аад оноос чипсний сөрөг тал мэдэгдсэн.Чипс калор ихтэй тул биеийн жин нэмэхэд нөлөөлдөг.  Чипс нь маш их тос агуулдаг төдийгүй  давсны агууламж өндөртэй тул хүний эрүүл мэндэд хортой байдаг. Нүүрс ус, өөх тос, амт оруулагч,хүнсний будаг зэргийг хольж чипсийг гаргаж авдаг болсон нь  тэрнийг аюултай амттан гэхэд хүргэсэн

-Сүүлийн үед ихэнх үйлдвэр төмс биш эрдэнэшиш, буудайн гурилаар чипс хийхдээ цардуул ашигладаг нь элэг, ходоодыг гэмтээх аюултай гэж үздэг

-“Фрито-Лэй” компанийг үндэслэгч 1922 онд чипсний үйлдвэрлэлийн жорыг анх 100 доллараар худалдан авч байжээ.

-1940 он хүртэл чипст халуун ногоо зэрэг элдэв амтлагч хийдэггүй байв. 

-АНУ-д чипсний шинэ жор гаргах, тэрүүнд янз бүрийн амтлагч нэмэх аргыг  судалж,боловсруулах мэргэжилтэн бэлтгэх дээд сургууль байдаг. Энэ нь Америкчууд чипст маш их дуртайг илэрхийлдэг. Дундаж америк хүн жилд 6 кг чипс иддэг гэсэн мэдээ байдаг

-Босоо савтай “Принглс” чипс 1969 онд гарчээ.  Химич Фред Бор  чипсэнд зориулсан босоо сав зохион бүтээж, үүгээрээ их бахархдаг байсан гэдэг. Тэр ч байтугай, өөрийгөө ийм хэлбэртэй саванд хийж нутаглуулахыг захисан байна. Түүний үр хүүхдүүд нь энэ гэрээслэлийг ёсоор болгосон байна. 

-Судлаачдын үзэж байгаагаар, хүмүүсийн 57 хувь нь телевизийн нэвтрүүлэг үзэж байхдаа, 41 хувь аян замд явахдаа, 34 хувь нь ном уншиж суухдаа, 30 хувь сэтгэл санаагаар унасан, 27 хувь нь хийх юмгүй уйдсан үедээ чипс иддэг байна

-Чипс олон сөрөг талтай ч, стресс тайлах, сэтгэл сэргэхэд сайнаар нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг.  

-Жил бүрийн гуравдугаар сарын 14-нд төмсний чипсний өдрийг тэмдэглэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.