НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Б.ШАРАВСАМБУУ: Бид зах зээлд бүрэн шилжих яагаачгүй байна

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
11 өдрийн өмнө /2019-11-25 19:36:49 GMT +8 / | 457 удаа уншсан

Манай сонины “VIPerson”-ны энэ удаагийн зочноор Монгол Улсын Гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор /Ph'D/ БАДРАХЫН ШАРАВСАМБУУ уригдлаа. Энэ эрхэм 1947 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 1965 онд Худалдааны техникум, 1975 онд Эрхүүгийн УААА-ын дээд сургууль төгссөн, Эдийн засгийн ухааны доктор/PhD/ хүн юм. Социалист төрийн албанд Төв бараа баазын ня-бо-гоос эхлэн дэвшсээр яамны газрын дарга, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд, Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж, АИХ-ын депутат сонгогдож байсан. Ардчиллын үед  Гаалийн ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн, СЗХ-ны Орон тооны гишүүн  зэрэг өндөр хариуцлагатай алба хашиж байсан. Монгол Улсын Гавьяат эдийн засагч хэмээх төрийн хүндэт цолын эзэн хүн билээ.

-Үнэт цаасны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үнэт цаасны зах зээлд оролцогчдын ажиллагааг хянах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахаар УИХ-аас 1994 оны 11 дүгээр сард Үнэт цаасны хороог байгуулсан нь Санхүүгийн зохицуулах хорооны үндэс суурь. Энэ хоёр байгууллагын үйл ажиллагааны үүрэг роль ямар байсан гэж Та үздэг вэ?
-Төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлд шилжихэд шийдвэрлэх олон асуудлын нэг нь хувийн өмчийг хөгжүүлэх явдал. Социалист өмч, төрийн монопол эрх ноёрхсон нийгмээс хувийн өмчийг дээдэлдэг зах зээлд шилжихэд амаргүй байсан нь мэдээж. Энэ асуудлыг шийдвэрлэх анхны алхам бол 1991 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулж, биржийн дэргэдэх брокерийн пүүсүүдээр дамжуулан иргэн бүрт 10 мянган төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалтын (ХО.ред) эрхийн бичиг олгож, өмч хувьчлалыг эхлүүлсэн явдал байсан. Улмаар 1994 онд Үнэт цаасны хороог байгуулж,  үнэт цаасны хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг хянах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүргийг энэ хороонд хариуцуулсан байдаг. Энэ хугацаанд  улсын үйлдвэр, аж ахуйн  нийт 475 газрыг  хувьцаат компани (ХК.ред) хэлбэрт шилжүүлж, тэдгээрийн 96.1 сая ширхэг хувьцааг биржээр дамжуулан ХО-ын эрхийн бичгээр иргэдэд эзэмшүүлсэн. Ингээд 1995 оноос үнэт цаасны хоёрдогч зах зээлийг нээж, хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдах, худалдан авах боломжийг олгосон түүхтэй. Ийм байдлаар  хөрөнгийн зах зээлийн хөгжил эхэлсэн. Эдийн засгийг зах зээлийн жамаар  хөгжүүлэн тэлэхэд хөрөнгийн зах зээлээс гадна  санхүүгийн зах зээл бүхэлдээ чухал үүрэгтэй. Ийм ч учраас даатгал, бичил санхүүгийн зуучлалын хувийн хэвшлийн байгууллага үүсэн хөгжиж эхэлсэн. Тэдгээрийн үйл ажиллагааг төрөөс хянах, зохицуулах шаардлага гарсныг харгалзан 2005 онд УИХ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль батлан гаргаснаар СЗХ хороо байгуулагдаж, үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн  хяналт, зохицуулалтыг бүхэлд нь хариуцах болсон юм. Зах зээлийн нийгэмд иргэн бүр хөрөнгө оруулагч-хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч, даатгуулагч болж өөрийн үндсэн цалингаас гадна санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх эрхтэй. Хадгаламжийн хүү авах, хувьцааны ноогдол ашиг хүртэж, бас хувьцаагаа зарах, бэлэглэх, өвлүүлэх эрхтэй капитал эзэмшигч гэдгээ мэдэрч эхэлсэн. Энэ нь өрхийн төсвийн орлогыг багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг санхүүгийн зах зээл иргэдэд олгодог учиртай. Бас аливаа эрсдэлээ даатгуулж амар жимэр амьдрах нөхцөл бүрдүүлдэг. Иргэдийн эдгээр  эрх ашгийг хамгаалах төрийн үүргийг эрхлэн хариуцдаг санхүүгийн хяналт, зохицуулалтын нэгдсэн байгууллага маш чухал үүрэгтэй. Ийм байгууллага манай улсад буй болоод 25 жил болж байна.
-Та 1990 онд шилжилтийн засгийн газарт худалдаа, хангамж, эдийн засгийн асуудал хариуцсан Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан. 1991 оны ягаан, цэнхэр тасалбар гарснаар худалдаа, үйлдвэрийн байгууллагууд хувьчлагдсан. Энэ үйл явц Таны сэтгэлд хүрэхээр явсан уу? Ер нь өнөөдөр яригдаж эхэлж буй IPO, олон нийтийн компаниуд байгуулагдах үзэл санаа байгаад тэр нь гольдролоороо яваагүй юм биш үү? Таны дүгнэлт ямар байдаг вэ?
-Тийм ээ, гольдролоороо яваагүй гэдэгтэй санал нэг байна. Өмч хувьчлалаар үүссэн ХК-иуд зүй ёсоор бол де-юре олон нийтийн компани байх ёстой байлаа.  Гэтэл өнгөрсөн хугацаанд тэдгээр компаниудын хувьцаа цөөн хүмүүсийн  гарт хэт төвлөрчээ. Энд хоёр арга замыг ашигласан байдаг. Нэгдүгээр арга, биржийн гадуурх хэлцэл хийж хувьцаа цуглуулсан, хоёрдугаар арга нь биржийн хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох замаар голчлон хувьцааны хэт төвлөрөл бий болгожээ. Зөвхөн ганц жишээ гэхэд Сүү ХК-ийн хувьцааны 93.8 хувь нь гурван хувьцаа эзэмшигчид, үлдэх 6.2 хувь нь 1210 жижиг хувьцаа эзэмшигчид ноогдож байх жишээтэй. Үүнээс гадна АПУ, МАХ гэх мэт нийт ард иргэдийн олон арван жилийн хөлс хүчээр бүтсэн олон үйлдвэр олон нийтийн бус харин цөөхөн гэр бүлийн мэдэлд орсон байна. Шинэ үндсэн хуулийн дагуу иргэн хүлээн зөвшөөрөгдсөн аргаар хөрөнгөжих эрхтэй. Гэхдээ шударга бус өрсөлдөөн, монопол байдал нь зах зээлийн жам ёсыг боомилдог учраас ийм явдалыг дэмждэггүй, монополын эсрэг хуультай байдаг. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн судалгаагаар хөрөнгийн зах зээлд буй нийт хувьцааны 60 хувь нь 1000 орчим хувьцаа эзэмшигчид төвлөрсөн байна. Зах зээлийн хөгжил бүхий орнуудад хувьцаа цөөн этгээдийн гарт, түүний дотор төрийн өмчид хэт төвлөрөхийг шударга өрсөлдөөний зарчмын гажуудал гэж үздэг байна. Бирж маань өөрөө ч төрийн өмчийн хөрөнгөөр туйлж суудаг, өрсөлдөөнөөс гадуурх, зах зээлийн өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг монопол бүтэц болжээ. 


-2006 оны нэгдүгээр сард Үнэт цаасны хороог татан буулгаж түүний суурин дээр СЗХ  байгуулж, үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын хяналт, зохицуулалтыг хариуцуулах  өөрчлөлт хийсэн. Та СЗХ-ны  даргаас гадна орон тооны хоёр гишүүний нэг байсан. Энэ үеийнхээ байдлыг дурсана уу? Ямар бэрхшээл байв?
-Тийм ээ, СЗХ-ны дарга, орон тооны хоёр, орон тооны бус дөрвөн гишүүнийг таван жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар УИХ-ын шийдвэрээр  томилж байлаа. Орон тооны нэг гишүүний хувьд надад даатгал, бичил санхүүгийн  асуудлыг хариуцуулсан. Яг энэ үед санхүүгийн зах зээлд хэд хэдэн ноцтой асуудал үүсээд байсан юм. 2005 оны эцсээс хадгаламж зээлийн олон хоршоо дампуурч, тэдгээр хоршооны гишүүд хэдэн арван тэрбум төгрөгийн хохирлоо нэхэмжилж, бухимдлаа олон хэлбэрээр хурцаар илэрхийлж байлаа. Тэр үед мөрдөгдөж байсан 1998 онд батлагдсан хоршооны тухай хуульд ХЗХ-ны зохицуулалт, ялангуяа гишүүдээс хадгаламж төвлөрүүлж, зээл олгох тухай шаардлагатай нарийн заалт дутмаг байв. Монголбанкнаас олон ХЗХ-нд тусгай зөвшөөрөл олгосон боловч хяналт, шалгалтыг үндсэндээ орхигдуусныг ашиглан Хоршооны дарга гэх залирхаг нөхдүүд сарын 4-5 хувийн хүү амлаж ихээхэн хэмжээний хадгаламж  цуглуулаад,  үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хандив өгөх зэргээр зориулалт бусаар мөнгөө үрж, хадгаламжийн хүүгээ сар тутам өгч чадахгүй болж дампуурсан байдаг. СЗХ байгууладмагц энэ жагсаал цуглааны тэмцэл шаардлага манай хороо руу чиглэж билээ. Эл байдал төр, засгийн анхааралд орж, дампуурсан хоршоодын үйл ажиллагааг зогсоож, буруутай этгээдүүд хуулийн дагуу цээрлэл  хүлээж, хадгаламж эзэмшигчдийн хохирол барагдуулах ажил Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шугамаар гүйцэтгэгдсэн.  Гэтэл дампууралд арай хүрээгүйч төлбөр гүйцэтгэх чадвар нь суларсан хэд хэдэн хоршоонд СЗХ-ноос шалгалт оруулаад  байсан үед Гэр хорооллын ХЗХ-ны дарга Т. гэх этгээд СЗХ-ны дарга 30-аад настай залуу Бадраагийн амийг албан конторынх нь үүдэнд бүрэлгэсэн аймшигт хэрэг үйлдэгдэж билээ. Энэ бол санхүүгийн зах зээлийг гольдролд нь оруулах үед болсон хамгийн ноцтой явдлын нэг байлаа.
Өөр нэг хүндрэл бол дампуурсан Бизнес хөгжлийн банкинд байсан Хөрөнгийн биржийн нэг тэрбум шахам төгрөг алдагдаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдах байдалд орсон явдал байв. СЗХ энэ байдлыг яаралтай шалган, хохирлын хэмжээ хязгаарыг нарийн тогтоож, асуудлыг ил болгон Засгийн газар, Сангийн сайдын анхааралд оруулж зохих арга хэмжээ авч Биржийн үйл ажилагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлд оруулж билээ. Онцгой хүндрэлтэй, тулгамдсан эдгээр асуудлыг шийдвэрлэж, шинээр байгуулагдсан хорооны үйл ажиллагааг жигдрүүлж байлаа.
-Хөрөнгийн зах зээлийн тэр үеийн байдал өнөөтэй харьцуулахад ямар байв?


-Өмч хувьчлалын явцад үүссэн 400 гариу ХК-ийн бараг тал хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй болж, биржэд санхүүгийн тайлангаа ирүүлэхээ больсон байлаа.  Хороо биржийн үйл ажилагааны тайланг хэлэлцэх, шалгах зэргээр байнга анхаарч, биржэд бүртгэлтэй компаниудыг тохирох ангилалд оруулж ялгавартай шаардлага тавих, хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилах, олгох байдлыг шалгаж, цэгцлэх, компанийн засаглалын кодекс батлаж мөрдүүлэх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах, олон талт ажил өрнүүлэх зэргээр ажиллаж хөрөнгийн зах зээлийн хэвийн ажиллагааг сэргээн бүрдүүлсэн гэж хэлж болно. Хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн компани IPO гаргаж, үйл ажиллагаа идэвхижих хандлага харагдаж байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг  капиталжсан хөрөнгийн хэмжээгээр дүгнэдэг жишиг олон улсад нэгэнт тодорхой  болсон үнэлгээ юм. Зах зээлийн орнуудад хөрөнгийн капиталжилт буюу капиталжсан хөрөнгийн үнэлгээний дүнгээр хөрвөх чадварыг хэмждэг. Тухайн орны дотоодын нийт бүтээгдхүүн (ДНБ.ред)-нд эзлэх капиталжсан хөрөнгийн хэмжээ хэдий чинээ өндөр байна, төдий чинээ хөрөнгийн хөрвөх чадвар өндөр байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө нь капиталын нуугдмал чанарыг бүрэн ашиглах чадвартай гэж үзнэ. Фондын зах зээлийн капиталжилт /market capitalization/ гэдэг нь биржийн тухайн үеийн үнэд суурилсан компанийн үнэ цэнийг илтгэх санхүүгийн үзүүлэлт юм. Өдөр тутмын биржийн арилжааны мэдээгээр компаниудын үнэт цаасны ханш өсөж, буурч байдаг шүү дээ.  Биржэд бүртгэлтэй компаниудын үнийн дүнгээр тухайн орны  хөрөнгийн буюу хөрөнгийн зах зээлийн капиталжилт хэмжигддэг. Фондын захын капиталжилт ОХУ-д 2012 онд ДНБ-ний 45 хувьтай тэнцүү байжээ. Өндөр хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт өндөр түвшинд байдаг. АНУ-д  ДНБ-ний 108 хувь, Европын холбоонд ДНБ-ний 59 хувь, Японд ДНБ-ний 75 хувьтай тус тус тэнцүү байна. Манайд 2018 оны эцсийн байдлаар ДНБ-ний гурав орчим хувьтай байлаа. Манай улсын фондын захын капиталжилт ийм өчүүхэн бага байгаа нь анхаарал хандуулбал зохих, үнэн хэрэгтээ бид зах зээлд бүрэн шилжих яагаачгүй гэдгийг харуулах маш ноцтой үзүүлэлт юм шүү. Арга ч үгүй юм даа. Манай эдийн засгийн гол салбаруудын өмч, хөрөнгө капиталжаагүй байгаа шүү дээ. Арилжааны банкууд бүгдээрээ, даатгалын компаниудаас  дөнгөж саяхан ганц нэг нь IPO гаргаж  биржэд бүртгэгдсэнийг эс тооцвол ихэнх нь, эрчим хүч тэр чигээрээ, агаарын болон төмөр замын тээвэр, зорчигч тээвэр, уул уурхайн томоохон компаниуд бүгд фондын зах зээлийн гадна байж байна. Өнгөц харвал Төрийн амчит хувьцаат (ТӨХК.ред) гэдэг хуурамч төөрөгдүүлсэн  нэртэй оршиж байна. Үнэн хэрэгтээ зах зээлийн гольдролоос гадуур, хувьцаат компанийн хэв шинжийг агуулаагүй төрийнхний сулхан боловсон хүчин, үнэтэй барааны шахааны газар л байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн бараг бүх газрууд нэг хоёр хүний мэдэлд, хаалтын гэрээгээр санхүүжиж шударга шүүмжлэл хаалттай байна. Зүй нь эдгээр бүх газар олон нийтийн компани болж байж л эдийн засгийн ардчилал явна шүү дээ. Ийм гутранги үгээр манай хөрөнгийн зах зээл өнөөдөр ямар түвшинд байна гэдэг асуултанд хариулахаас өөр арга алга байна.
-Үүнийг харин эхлүүлэх арга хэмжээ, санаачилга сүүлийн жилүүдэд эхлэх хандлага гарч байх шиг. Даатгалын тухай хууль 2004 онд батлагдаж Даатгалын салбар жинхэнэ бизнесийн утгаар үйл ажиллагаагаа явуулах болсон. Энэ салбар зах зээл өндөр хөгжсөн оронд их өргөн утга агуулдаг гэсэн. Манай нөхцөл байдал ямар байна вэ?
-Даатгалын тухай багц хууль 2004 онд батлагдсаны дараа СЗХ уг асуудлыг хариуцах болсноор хувийн даатгалын компани үйл ажиллагаа явуулах, түүнд нь хяналт тавих хэм хэмжээг тогтоосон багц журам баталж мөрдүүлсэн. Эдгээрийн дотор даатгалын хураамжийг зах зээлийн зарчмаар тогтоох, түүнээс даатгалын үйл ажиллагаанд зарцуулах хэмжээ, даатгалын нөхөн олговрын нөөц бүрдүүлэх хэмжээг журамлаж, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үзэл санаа сайн туссан. Даатгалын хувийн компаниуд ажиллаж тэдгээрийн нийт хөрөнгө, нөхөн олговор төлөх чадавхи байнга өсөж байгаа дүр зураг харагдаж байгаа. Нэгэнт зөв гольдролдоо орсон болохоор энэ салбар иргэд, бизнес эрхлэгчдэд учирсан элдэв эрсдэлийг хохирол багатай гэтлэх нөхцөлийг бүрдүүлэх хэмжээнд хүрнэ гэж найдаж байна. Зах зээл өндөр хөгжсөн оронд бол хэтрүүлсхийж хэлбэл иргэд хуулийн этгээдийн аливаа бүх үйл ажиллагаа, бараг алхаж гишгэх нь хүртэл даатгагдсан байдаг юм билээ. Тэгэхдээ энэ бүхэн төсвөөс, татвар төлөгч бидний мөнгөөр биш даатгуулагчдын өөрийн хураамжаас бүрдсэн хөрөнгөөр хийгддэг ажил шүү дээ. Манайд бол даатгалын журмаар шийдэх олон асуудлыг засгийн шийдвэрээр татвар төлөгчдийн хөрөнгөөр шийддэг буруу зуршил хэвээр байгаа нь буруу юм. Түрүүн энд яригдсан ХЗХ-ын хадгаламжийн мөнгийг төсвөөс, бөмбөгөр зах шатсаны хохирлыг төсвөөс гэх мэтээр буруу зүйл яваад л байдаг. Даатгалын зах зээлд хувийн хэвшил, өрсөлдөөний хөрс байгаа болохоор хөгжих асар их боломж байгаа. Тэр бүхнийг энд тоочих нь илүүц биз ээ.
-Бичил санхүүгийн зах зээл Таныг СЗХ-ны гишүүн байх үед жинхэнэ утгаараа хөгжиж ирсэн шиг. Эрх зүйн актууд нь ч боловсронгуй болсон. Энэ салбарын өнөө ба ирээдүйг Та хэрхэн төсөөлж байна вэ?
-ХЗХ-ны хямралыг зогсоосон тухай би түрүүн ярьсан. Хэд хэдэн орны туршлага судалж, өмнө учирсан хямралын сургамжийг бодолцсон. Үүний үндсэн дээр ХЗХ-ны үйл ажиллагааны тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллан хуулийн төслийг тогтсон журмын хүрээнд гишүүдээс өргөн бариулж батлуулсан. ХЗХ-ны гишүүд, хоршооны удирдлага, гүйцэтгэх аппаратын эрх, үүргийг маш сайн заагласан болохоор энэ хууль гайгүй хэрэгжиж байгаа гэж харж байна. Гэвч зарим хоршоо бүтэлгүй үйл ажиллагаа явуулсан тал гарч байх шиг. Санхүүгийн өндөр хөгжилд хүрсэн орнууд тухайлбал Германд ХЗХ олон арван жил хөгжсөөр хоршоо Банк болсон сайхан туршлага байдгийг би мэднэ. Манай ХЗХ-д зөв ажиллавал ийм ирээдүйд хүрэх боломж байгаа. Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ.ред) олноор үүсэж байгуулагдан бичил банк маягаар ажиллаж байна. ББСБ бол санхүүгийн нэлээд өндөр боловсролтой цөөн хүн өөрийн хөрөнгөөр ажилладаг болохоор хариуцлага сайтай ажилладаг юм билээ.
-Олон нийтийн компани гэж ярих боллоо. Үүний цаад ач холбогдол юу вэ? Ирээдүйн Таны төсөөлөл ямар байдаг вэ?
-Олон нийтийн компани гэж нэр томъёо шинэхэн юм шиг санагдаж байж магад. Хэрэг дээрээ манай ХК-ийг хэлээд байгаа юм. Олон арван жилээр хувийн машин, хувийн байшин гэх мэтээр хөрөнгийг физик чанараар нь ойлгож, өмчилж сурсан ард түмэн шүү дээ, бид чинь. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад бүхэл бүтэн улсын хэмжээний, тэрч бүү хэл тив дамнасан компанийг олон арван сая хүн дундаа эзэмшдэг. Өөр өөрийн эзэмшсэн хувьцаагаа өмчилж, компанийг удирдах үйлсэд үгээ хэлж, саналаа оруулж, ноогдол ашиг хүртэж, хэрэгцээт үедээ түүнээ зарж, бэлэглэж, өвлүүлж болдог нийтийн компани гэж үүнийг хэлээд байгаа юм. Ийм компани нь олон улсын эсвэл үндэсний хөрөнгийн биржэд бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн нийтлэг дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол капиталжсан хөрөнгө. Компанийн үйл ажиллагааны бодлогыг гишүүдээс сонгогдсон болон хараат гишүүдээс бүрдсэн ТУЗ тодорхойлж ажил олгогчийн байр сууринаас гүйцэтгэх захирлыг томилон ажиллуулна. Хөрөнгийн зах зээлийн ирээдүй ийм л замаар байгуулагдсан компанийг олшруулах зарчмаар явагдана. 
-Худалдаа бэлтгэлийн яам гэж социализмын үед бизнесийн гар урттай яам байсан гэж одоо ярьдаг. Тэр бэлтгэлийн агентын сүлжээ алга болсонд учир мэдэх зарим хүмүүс их харамсдаг. Малын түүхий эд, яс үс, өлөн гэдэс, зэс төмөр хүртэл цуглуулдаг улсын том сүлжээ байсан нь нурсан. Одоо маш хэрэгтэй сүлжээ байжээ гэдэг. Та юу гэж үздэг вэ?
-1921 оны ардын хувьсгалын ялалтын дараа үндэсний эдийн засгаа хөгжүүлж, гадаад худалдаа хийх хэрэгтэй болсон. Үүний тулд жалгын нэг тархсан нүүдэлч малчны өрхийн аж ахуйг таваарын харилцаанд оруулах явдал ардын төрийн шийдвэрлэх анхны зорилтын нэг байжээ. Тэр үеийн төрийн зүтгэлтнүүд, ухамсарт сэхээтэн, шашины томчуул ч хүртэл санаа нийлж хувь хөрөнгөө нийлүүлж ардын харилцан туслалцах хоршоо байгуулж уг асуудлыг шийдэж эхэлсэн түүхтэй. Малчдаас мал, мах, ангийн гаралтай түүхий эдийг худалдан авч оронд нь тэдний хэрэгцээт бараа таваарыг худалддаг ийм үйлчилгээ  төр болоод ард иргэдийн аль алины ашиг сонирхолд бүрнээ нийцэж цааш хөгжсөн байдаг. Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зонхилсон эдийн засагтай явж ирсэн 1990-ээд он хүртэл. Ийм тогтолцоо ХБ-ийн яамны удирдлагын дор аймаг, сум, баг хүртэл салбарласан маш хүртээмжтэй сүлжээ бүхий байсан. Эх орны үйлдвэрийг түүхий эдээр, экспортыг мал, мах, бусад бараагаар тэтгэж байсан юм. Агент гэдэг нь бол багийн иргэдэд бараа худалдаж, тэдгээрийн түүхий эдийг худалдан авдаг, өвөл, зун, цаг агаарын ямарч нөхцөлд малчидтайгаа хамт байдаг тогтмол үйлчилгээ байсан даа.
Энэ бол мал, малын болон ангийн түүхий эдийг улсад худалдан авах ажиллагаа байсан. Харамсалтай нь бодлогогүй өмч хувьчлалаар харилцан шүтэлцээтэй нэгдмэл энэ тогтолцоо алга болж барааг мөнгөөр худалдах ажил нь  зах зээлийн жамаар хөгжиж, түүхий эдийг цуглуулах ажил эзэнгүй болж нийгмийн асар их баялаг ямар ч үнэ цэнэгүй болж үлдэж дээ. 
-Та одоогийн хэлээр мерит зарчим гээч Төрийн албанд бодитоор хэрэгжиж байх үед 42 настай СнЗ-ийн орлогч дарга болжээ. Тухайн үед Төр засгийн хамгийн дээд түвшинд хамгийн залуу дарга байсан байна. Энэ үед өөрчлөн байгуулалт, ил тод байдал гэж яригддаг байсан үе. 1990 оны улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болоогүй бол эдийн засаг, аж ахуйн ямар дорвитой өөрчлөлт хийнэ гэж төлөвлөж байсан бэ? Тэр үеийн удирдагчид.


-СнЗ-ийн орлогч даргын албанд хагас жил л болсон шүү дээ. Нийгэм солигдож, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг эвслийн засагт өгөх шилжилтийн  засгийн газарт бид богино хугацаанд алба хашсан. Харин салбарын сайд, орлогчоор бол нийтдээ 11 жил явсан. Үнэндээ бид чинь тэр үед дэлхийн чөлөөт мэдээллээс тусгаарлагдсан, коммунист нөхөрлөл, хараат орны улс төрийн бодлогын хүрээнд амьдарч, алба залгуулж байсан даа. Улсын хэмжээнд хэтийн төлөвлөгөөтэй байхаас гадна, аж ахуйн байгууллагын  бие даасан байдлыг дээшлүүлэх, байгууллага, үйл ажиллагаа бүр өөрийгөө санхүүлэх, алдагдалгүй байх зарчимд тууштай шилжих тухай идэвхитэй ярьж, зүтгэдэг болсон үе  байлаа шүү дээ.
-Хүнсний программ гэж их ярьдаг байсан. Энэ арга хэмжээний цаад мөн чанар юу байсан бэ?
-Хүн амын хүнсээр тогтвортой сайн хангах, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулах боломжтой хүнсний зүйлийг өөрийн хэрэгцээнээс илүү үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, гарцыг нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрийн технологийг сайжруулахад цаад учир нь,  мөн чанар нь оршиж байсан юм.
-Ер нь зах зээлийн шинэ бүтэц рүү ороход ямар нэг бодлогын алдаа байсан гэж үздэг үү?
-Үндэсний баялаг болох мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах  үйлдвэрүүд, улсын бэлтгэлийн тогтолцоо байхгүй болсон, төр бизнест хутгалдан орж хувийн хэвшлийн хөгжлийн бололцоог булааж байгаа, бизнес дэх төрийн өмчийн монопол олон салбарын хөгжлийг боомилж байгаа, хөрөнгийн харилцаа зах зээл бүрэн шилжиж чадахгүй гацсан зэрэг алдаа өнөөдөр тод харагдаж байна.
-Та зах зээлийн эдийн засагт шилжиж байх үед Гаалийн Ерөнхий газрыг удирдаж байсан. Тэр үеийн энэ байгууллагын бүтцийн өөрчлөлт, шинэчлэл, саад бэрхшээл юу байв?
-Эдийн засгийн харилцан туслах зөвлөл (ЭЗХТЗ-СЭВ. ред) тарж, ЗХУ задарснаас улбаалан Засгийн газрын түвшний худалдааны хэлэлцээрүүдийн үйлчлэл зогссон. Дотоодын үйлдвэрүүдийн ихэнх нь бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахаа больсонтой холбоотой барааны хомсдол ужгирч, хил дамжсан ганзгын наймаа цэцэглэсэн үе байлаа. Манай улс  Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн гаалийн байгууллагад элссэн. Иймийн учир тэдгээрийн дүрэм журамд нийцхүйц болгож хуучин цагийн "чемодамны гааль"-ийг өөрчлөх зорилт тулгараад байв. Ингэж өөрчлөхдөө зах зээлд зохицон үйлчлэхийн зэрэгцээ, төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах шаардлага тавигдаж байв. Тийм үед Монголын гаалийн албыг тэргүүлэх хувь надад тохиосон юм. Гаалийн багц хуулийг шинэчлэн батлуулж, гааль хөгжүүлэх сан байгуулж гаальчдын ажиллах нөхцөлийг эрс сайжруулж, тоог нэмэгдүүлж, хилийн боомтууд дээр болон гаалийн зам, хяналтын талбайн хяналтыг чангатгах зэргээр богино хугацаанд гаалийн хамт олонтойгоо гар нийлэн зүтгэж  шинэчлэлийг эрчимтэй явуулсан. Гадаад худалдааны статистик анх буй болгосныг заавал хэлэх нь зөв. Энэ бол зах зээлийн үед төрийн бүх байгууллага, бизнесийнхэнд маш үнэтэй мэдээлэл байдаг чухал эд. Яг энэ үед Ерөнхий сайд П.Жасрай тэргүүтэй Засгийн газар ажлыг сайн дэмжсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал шийдэхэд одоогийнх шиг хэт олон шат дамжлага тендер мэтийн худал, үнэн саад тотгор байгаагүй, авлига манайд хараахан цэцэглээгүй байсан тул ноцтой хүндрэл гайгүй байсан шүү.
-УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ сонгуульт ажлын хугацаандаа ямар ажлыг чухалчлан үзэж байв?
-Эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, зах зээлийн шилжилтийг түргэтгэх, дэд бүтцийн хөгжил, банк, даатгал, стандартчлал, статистикийг сайжруулах чиглэлд болон намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх чиглэлд гол анхаарал хандуулж ажилласан.
-Одоо чөлөөт зах зээл, өрсөлдөөн, тэгш байдал, шударга ёс гэж ярьдаг. Энэ бүхний шүтэлцээ ямар байна вэ? Нэн түрүүнд ямар өөрчлөлт, үзэл санааг дэвшүүлэх хэрэгтэй байна вэ?
-Чөлөөт зах зээлд манайх бүрэн шилжиж дуусаагүй байна. Зах зээлд чөлөөт өрсөлдөөний нөхцөл хангалтгүй. Хувийн хэвшил чөлөөтэй өсөж дэвжих бололцоо муутай, ДНБ-нд эзлэх төсвийн  хувь хэмжээ дэндүү өндөр. Үүний зэрэгцээ улсын төсөв хэт их алдагдалтай байгаа учир инфляци буурахгүй, иргэд, хувийн хэвшлийн мөнгөн орлогын чанар байнга муудаж байна. Үндэсний валютын ханшийг тогвортой байлгаж чадахгүй байгаагийн  горыг улс, иргэд бүгд амссаар сууна.Төсвийн хөрөнгөөр үр ашиг муутай, өнөө маргаашдаа тэвчиж болмоор хөрөнгө оруулалтыг  болих  хэрэгтэй байна. Шударга өрсөлдөөн хариуцсан төрийн бүтэц, хариуцсан дарга нар гол ажлаа хийхгүй байна даа.
-Ардчилсан орнуудын тоонд манай улс ордог юм билээ. Тэгэхээр хөгжлийн хувьд Энэтхэг, Бирм гээд ардчилсан хэдий ч нийт хүмүүсийнх нь амьдрал ахуй нь тэгш бус орнууд байна. Швед, Япон гээд орнууд байна. Манай ирээдүйн модель ямар байгаасай гэж төсөөлдөг вэ?
-Ардчилал, зах зээлд шилжих сонголтоос ухрах тухай асуудал байж таарахгүй. Өмчийн харилцааг зах зээлийн горимд бүрэн оруулж, зах зээлд бүрэн шилжих хэрэгтэй. Өмч хөрөнгөтэй байх, өөрийн хүч хөдөлмөрөөр сайхан амьдрах боломжийг  ардчилал бүгдэд тэгш олгосон. Иргэдийн нэг хэсэг нь ийм баримжаагаар зүтгэж сайхан амьдрал өөрсөддөө цогцлоож байна. Зарим нь төрөөс хишиг хүртээхийг шаардаж, зүгээр суух хандлага ажиглагдаж байна. Ийм хүмүүсээс санал горьдсон  манай улстөрчид тэднийг улам буруу замд хөтөлж байна. Иргэн та өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн, өөр хэн ч биш гэдгийг ойлгуулах ёстой. Нийт иргэдэд төрөөс зайлшгүй үзүүлэх дэмжлэг бол зээлийн хүүг зах зээлийн жамаар нь маш сайн бууруулж өгөх хэрэгтэй. Наад зах нь нэг орон тоонд зээлийн хүүтэй болгох, энэ зорилтыг шийдэж чадахгүй бол гадаадын банкийг оруулах асуудлыг түргэн шийдмээр байна. Модель, хөгжлийн загвар гэж эцэс төгсгөлгүй маргахын оронд өндөр дээд албан тушаалтнуудын ёс зүйн хариуцлагыг эрс  чангатгах, тэдний мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар хатуу шаардлага тавимаар байна. Яаж ийж байгаад намын дэмжлэгээр төрийн өндөр албанд гарчихаад, харсаар байтал хоцрогдоод, хөгжлийн зорилтоо ойлгодоггүй хөгшин залуу хүн олон болж байгаа нь сэтгэл зовмоор юм.
-Паблик, хувьцаат компаниуд бий болох хөгжлийн зам байх шиг байна. Та энэ салбарыг хөгжүүлэх эхлэлийн замд рольтой байсан хүний хувьд ямар зам, модель сонговол зөв гэж бодож байна вэ?
-Энэ тухай би өмнөх асуултуудад  хариулсан гэж бодож байна, дэлгэрэнгүй яривал дэндүү их цаг шаардана.
-Сүүлийн үед саарал жагсаалтанд Монгол Улс маань орсон нь тогтолцооны реформ хийх хэрэгтэй гэж хэлцэж байна. Үүний тулд эхний зөв алхамууд юу байх ёстой гэж бодож байна вэ?
-Өнгөцхөн засал хийх талаар яригдаж байх шиг байна. Саарал жагсаалтанд орсон явдалд хөнгөн хуумгай дүгнэлт хийж болохгүй. Социализмын 70 жил гадны улсын хараат, түүний өмнө 220 жил гадаад улсын эрхшээлд байсны дараа 30-аад жил бие дааж ирсэн замаа эргээд харахад, хатуухан хэлбэл, бидэнд бие дааж засаглах дархлаа суугаагүй байна гэж бодогдох юм. Саарал жагсаалтанд хоёрдох удаа орж байна, зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвараар дандаа тааруу үнэлгээтэй. Төрийн бодлогын залгамж чанар үгүй болсон, засгийн газар тогтворгүй байдаг. 28 жилд 14 засгийн газар байгуулсан. Сайдын түр дамжаанд суусан хүний тоо хэдэн зуу ч болов доо?! Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд зөв хуваарилан хариуцуулж, тэдгээр нь өөрт оногдсон эрх мэдлээ бие даан хэрэгжүүлэх, харилцан хяналттай байх зарчмыг үндсэн хуульд бодитой суулгах өөрчлөлт хиймээр байна. Ялангуяа шүүх засаглалын бие даасан байдлыг бүрэн хангах, одоогийнх шиг өндөрлөгүүдийг  төлөөлөх байдлаар биш ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалдаг шударга шүүхтэй болмоор байна.
Хоёр танхимтай парламенттай, намын биш ардын төртэй болмоор байна. Энэ талаар  санал бичиж л байсан, нэр хүндтэй, арвин туршлагатай олон хүн ярьж байсан. Нэг л тоохгүй байгаа юм.
-Биднийг хүсэлтийг хүлээн авч бодууштай, санууштай олон асуудлыг хөндөж ярьсан Танд баярлалаа.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.