НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Онолын физик өндөрлөв, танин мэдэхүй төгсөв

ner.mn     Нийтлэгч
11 өдрийн өмнө /2019-11-25 19:42:41 GMT +8 / | 373 удаа уншсан

Ч.Эрдэнэ (Монгол Улсын Соёлын элч)

Улаанбаатар-Москва-Лондон чиглэлээр нислээ. Газрын дунд аэрофлотын онгоц буулаа. Шереметьево буудлыг А. С. Пушкины нэрэмжит болгосон гэж нисэх багийн ахмад нь зарлаж байна. Яагаад ч юм, энэ шинэ оросуудын болхи гэдэг нь гэж бодогдлоо. Нэрэмжит болгомоор юм нисэх буудлаас гадуур олон байгаа. Пушкины яруу найргийн 99 хувийг уншсан хүн, би. Үлдсэн нэг хувь нь хэзээ ч хэвлэгдээгүй бүтээлүүд нь гэж үзнэ. Яруу найрагчид завхай шүлэгтэй нь олон, Пушкин ч ялгаагүй. Шинэ үед хэвлэгдсэн нь бий, хэвлэгдээгүй нь бас үлдсэн байх. Одоо оросууд Пушкинаа уншиж мэддэг нь юу л бол. Утга зохиолын орос хэлээр ярьж бичдэг орос олдохгүй болсон цаг. 
Онгоц сольж суухад ганцхан цагийн зайтай юм. Эртхэн гарахгүй бол хоцорно. Хилийн хяналтын цэг дээр ерөөс тэнд буусан бүх аяллынхан хамтдаа дугаарлах ба өмднөөс бусдыг тайлуулахдаа тэлээг ч сугалж авна. Тиймээс онгоцноос эртхэн буухын тулд би урагш ялигүй зүтгэсэн юмуу даа. Урдуур суудалтай нэг хүний солгой хөл ташаад ороод ирлээ. Гайхаад хартал нэг европ залуу хөлөө зориуд тавиад муухай харж байна. Тэр солгой хөлийг нь баруунаараа өлгөж, гозойтол өшиглөлөө. Босоод ирэхүл элгэнд нь нэг өгөөд дуугүй болгохгүй бол дэмий шуугиан тарина гэх шүү бодогдож байна. Тэгээд ур дахь хүмүүс хөдөлсөнд нэг алхтал нөгөөх чинь дахиад хөлөө тавьсныг мэдсэнгүй өлмийг нь арзгар ултаараа няц гишгэж таарав. Хөл нь дуугарсан уу, хүн нь дуугарсан уу, нэг дуу гарсан. Миний ард манай залуус явсан. Өдий насандаа өчүүхэн ч соёл сураагүй ёстой нэг яаж ч болохгүй монгол брэндийн "орк" гэж энэ байна гэж айж гайхаж, ичиж зовсон байх. 
Гэтэл Монгол Улсын ГХЯ-наас энэ оны дөрөвдүгээр сард тэрхүү "орк" миний биеийг Монгол Улсын Соёлын элчээр гэнэт санамсаргүй томилов. Тэгвэл молхи хүн толхи иргэн миний элч нь болмоор монголын соёл гэж ер юу байж таарах бол гэсэн асуулт уншигч эрхэмийн толгойд эн түрүүнд бууна аа даа. Та асуултаа асуулаа, би хариултаа хариулъя гэж нэг үг бийеэ дээ. 
Товчдоо, миний www.finaltheory.net вэб сайт 15 сар дэлхий дахинд нээлттэй ажиллаад байна. Хэл нь англи, арга нь цэвэр математик, агуулга нь онолын физикт үлдсэн үнэмлэхүй эцсийн асуудлын төгс шийдэл. Олон улсын үй түмэн комментын дүгнэлтээр бол төгөлдөр бичлэгтэй, дэлхийд тэргүүн контенттай сайт гэсэн үнэлгээ байна. Тэгвэл тэрхүү сайтад юу байгаа юм? 


Шинжлэхүй ухаан (ШУ)-ы эцсийн онол байгаа юм. Асуудал товчдоо дараах болно. Үүнд, хүн төрөлхтөн ертөнцийг танин мэдэхүйн үйл явц төгсөлтэй эсэх нь философийн хувьд маргаантай асуудал. ШУ-ы хувьд гэвэл, танин мэдэхүй төгсгөлтэй байх боломжтой юм уу, ёстой гэх үзэл баримталдаг. Өөрөөр хэлбэл, ШУ-ы төгсгөл нь ямар нэг үнэмлэхүй суурь тулгуур онол буюу "Superunified theory" (Их нэгдлийн онол), "Final theory" (Эцсийн онол), "Theory of Everything" (Буй бүхний онол) байх болно гэсэн хүлээлттэй. Энэ санааг А.Эйнштейн 1923 онд анхлан дэвшүүлсэн юм. Олон улсын санал асуулгаар хоёрдугаар мянганы онолчоор тодорсон их физикч бээр өөрөө амьдралынхаа сүүлчийн 30 жилийг нэгдсэн онолын асуудлын шийдэлд дагнан зориулсан боловч амжилт олсонгүй өнгөржүхүй. Энэ нь ил далд олон бодит ба бас нэн нууцлаг учир шалтгаантайг энд орхие. 
ШУ-ы эцсийн онолын асуудал нь зүүд мөрөөдлийн хэмжээний аугаа эрхэм ба хүнд зорилт болох тухай Нобелийн шагналт онолч-физикч С.Вайнбергийн “Dreams of a Final Theory” ном соёлт дэлхийд түгээмэл уншигддаг. Уг асуудал үлгэр домгийн хэрийн хүндрэлтэй болохыг харуулсан Д.Линдлейн “The Myth of a Unified Theory” ном бий гэхчлэн энэ талаарх  утга зохиол уул овоо шиг ихээ.
Ер нь бол “Туйлын зорилт маань орчлон ертөнцийн бүрэн төгс онол” гэсэн нэрт физикч С.Хокингийн үгээр хүн төрөлхтөн, түүний соёл иргэншил, ШУ-ы ерөнхий асуудал нэг мөр тодорхойлогдоно шүү дээ.
Чингээд дээр дурдсан миний сайтад чухамхүү орчлон ертөнийн бүрэн төгс онол нь цэвэр (Хэрэглээний хэрхэвч бус?) математик хэл, хэлбэр, агуулгаараа нэгэнт байна. Дэлхий тэнэг биш учраас ШУ-ы эцсийн үнэмлэхүй үнэн гэгч энэ сайтад байраа эзэлжээ хэмээн бүх нийтээр бүрнээ хүлээн зөвшөөрч амжлаа. Үнэмлэхүй гэх үгийг үнэмлэхүй гэж л ойлго. Супернэгдлийн онол бол үнэмлэхүй математик ба физик. Математикийн ухаан дутуу дулимаг явж ирсэн юм байна. Тэгээд бид түүнийг гүйцээсэн тул физикийн шинэ суурь ерөнхий онол бараг автоматаар боловсорч буй юм. 
Энд сургамжлан хэлэх нэг юм байна. Юув гэвэл, нэгд, “гэрийн боловсролтой философчид” гэгдэх хүмүүс хаа сайгүй элбэг, тэр тусмаа Монголд аймшигтай олон. Англиар “Homemade philosophers”, оросоор “Доморощенные философы” гэх мэт нэрлэдэг заншилтай. Хоёрт, чухамхүү эдгээр чалчаа нөхдүүд “Ямар ч үнэн ямагт харьцангуй, үнэмлэхүй үнэн гэж хэзээ ч байхгүй” гэж өөртөө итгэлтэй мэтгэцгээдэг. Үүний цаана Эйнштейний харьцангуйн онолын логик ба философид тарьсан харанхуй хар гай гамшиг яваа юм. Улмаар ёс суртахуун ч харьцангуй, тийм байх ёстой гэсэн ойлголт олон улсын улс төрийн дээд түвшинд ч ноёрхох болов. Манай Монголын МАН-АН гэхэд энэхүү харьцангуйн үзэл суртлын үндэсний бүтээгдэхүүн. Тиймээс одоо худал үнэн ухаантай царайлдаг монгол хүмүүс, мэргэжлийн гэж өөрийгөө ярьдаг манай философчид, судлаачид гадаадын тэнэглэлийг сармагчлан дууриаж “Аливаа үнэн харьцангуй байдаг байхгүй юү” гэж цэцэрхдэгээ ор тас орхи. Үнэмлэхүй үнэн байна, түүнийг Монгол Улсад нээж, холбогдох онолыг нь боловсрууллаа, олж үзэцгээ, гэгээрцгээ гэж тэр гадааддаа таниул, сурталчил. Өөрсдөө Тэнгэр шигээ тэнэгэр сэтгэгдэлтэй, үндэсний бахархал дүүрэн дээгүүр харцтай явж сур. 
Асуудал гүндээ юув гэвэл, нэрт физикч, математикч Рожер Пенроузын хэлснээр, ШУ маань ертөнцийн бодит байдалд хүрэх танин мэдэхүйн үнэн зөв арга замаа өнөөг хүртэл олоогүй ирсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Өнөөгийн өндөр дээд ШУ чинь угтаа одоо ёстой харьцангуй гэсэн үг мөн өө дөө. Тэгээд үнэмлэхүй үнэн зөв арга зам нь олдох биз хэмээн Пенроуз үзээд, түүнийг нэг л хүмүн ганцаараа бүхлээр нь нэг мөсөн олоод ирэх болуужин гэж таамагласан нь нүдээ оллоо. 
Сая би их суут Исаак Ньютоны үндэслэсэн онолын физикийн ухааныг зүй ёсоор Английн газар шороон дээр нийслэл Лондон хотод нь болсон "Fifth International Conference on PHYSICS" хуралд нь урилгаар оролцож, их нэгдлийн онолын товчийг илтгэснээр төгсгөөд ирлээ.
Парижд болсон "Global Meet on Condensed Matter Physics and Materials" хурлын урилгыг хүлээн авсан боловч Лондон дахь Францын ЭСЯ нь виз өгсөнгүй.  
Урилга, заллагаас их юм одоо надад алга. АНУ-д "Sixth International Conference on Theoretical, materials and Condensed Matter Physics" хуралд урьсанд Чикагод хүрэлцэн очих боломж хомсоо учирлаад татгалзсан. Англид болсон "Geometry and Strings+2019" хуралд урьсныг хийдүүлж өнгөрөв. Японы Осакад 11 дүгээр сард болох "International Summit on Physics & Astronomy" хуралдаа урьсныг хүлээн аваад байна, ЭСЯ нь надад болон дагалдан явах хүнд виз гаргаж өгвөл явна. 
Ирэх 2020 оны тавдугаар сард Италийн Ромд болох "World Wide Congregation on Physics" хурлын урилгыг хүлээн авсанд намайг Зохион байгуулах Хороо (ЗБХ)-ныхоо гишүүнээр шууд сонгочихлоо. Энэхүү "World Wide Congregation" нь "Conference" байтугай, "Congress"-оос ч илүү өндөр түвшин, цар хэмжээнийх байх ёстой. Япончууд International Summit" (Олон улсын дээд хэмжээний уулзалт) гэж гэнэт ярих болсон нь манай аугаа их түүхэн нээлт, онолын хүрээнд ШУ-ы асуудлыг олон улсын оюуны дээд түвшинд хэлэлцэн зохицуулах шаардлага үүссэнийх.
Ер ШУ-д Ерөнхий шүүгч, манайхны ёгт хэллэгээр, Их мэдэмхийрэгч нь Ньютон, Эйнштейн хоёр л тухай тухайн үедээ цагийг эзлэж байв. Залгамжлагч нь зүй ёсоор танай толхи судлаач, молхи хүн, дугаар хорооны сул иргэн Бэсүд Ч.Эрдэнэ мөн. Эйнштейнд “Та дэмий юм их донгосох болжээ дээ” гэсэнд “Харин тиймээ, би тийм эрхтэй болчихсон хүн л дээ” гэсэн гэдэг. Ямар ч асуудлаар юу ч гэж донгосох шинжлэх ухааны суурь үндэслэл, ёс суртахууны бүрэн эрх нь үндэсний үзэлтэн англи хүн Ньютон, туйлширсан сионист жүүд Эйнштейний дараа танай хамар хашаа, хажуу орцны нэгэн муу Монголд шилжин ирэх нь цаанаасаа чанд хатуу заалттай юм л даа. Хаанаас ямар заалттайг монгол хүн надтай надгүй мэдэж л байх ёстой, хэрэв хүн нь монгол юм бол. Гэхдээ асуудлыг XXI зууны түвшинд нарийвчлан судлах шаардлагатай, судалсан ч Монгол угсаатан гэж түүхэн онцгой хийгээд ноцтой үзэгдэл. Энэ талын тодорхой судалгааны тоймыг миний “Чинад Нууцын Монгол Орон” номоос үзэж болох. Дээр үгүүлсэн маань монгол хэл, цуст үндэстний оршихуйн тэнгэрлэг нууцсын тухай теоремын нэгэн, гэхдээ гол чухал мөрдлөгөөнөөс өөр юм бус. 

 

Миний бие асар эртний агуу том Стоунхэнж дурсгалын өмнө зогсож байна.


Үүний тайлал, тайлбар гэвэл таамаглал төдий явсаар ирэв. Үлгэр домгийн хэмжээний энэ дурсгалын судалгааны эхлэлийг их Ньютон тавьсан байдаг. Чинад нууцын хүрээн дэх миний тайллаар бол дараах юм. Нэн эртний үед өнөөгийнхөөс гурав дахин том Монголын түүхэн өргөн дэлгэр нутаг дэвсгэрт Дарбид шүтээнт уугуул угсаатан оршин амьдарч ажгуу. “Дарбид” нь өвөг эртний алтай-монгол хэлээр “Бүргэд” гэсэн үг. Энэ бол хялбархан тогтоодог холбоос. Дарбидууд өмнө зүг аялан Энэтхэгийн хойгийн Инд мөрний сав газар анхны соёл иргэншил үүсгэхдээ “Дравид”-ууд гэгдэх болсон. Далайгаар цааш аялж Месопотами (өнөөгийн Ирак)-д хүрээд нэн алдарт Сүмэр соёл иргэншлийг цогцлоохдоо домогт Сүмбэр уулынхаа нэрийг авчээ. Бүүр цааш Баруун Европт хүрэхдээ унаган нэрээ үгүүлснээр дэлхийн утга зохиолд “Eвропчуудын анхны багш “Друид”-үүд хэмээн алдаршжээ. Дарбид-Друидын гол онцлог нь тэд цэвэр Тэнгэр шүтлэгтэн, бөө мөргөлтөн байв. Тэрхүү шүтлэг, мөргөлийн төв, улмаар одон орны судалгааны дуран авай нь Стоунхэнж юм. Бодвоос, англичуудын дотор дарбид-друид гаралтан байх ёстой. Их Ньютон тэрхүү угсаа гарвалиа гадарлах тул Стоунхэнжийн судалгааг эхлүүлжүхүй. Нөгөө нэг алдарт англи хүн Уинстон Чёрчиль друид угсаагаа лавтай мэдэж байсан баримтууд байна.
Чингээд байгаль ертөнцид логик битүүрэх хууль гэж нэг юм бий. Тэр логикоор бол өвөг алтай-монгол хэлт друид угсааны их Ньютоны үндэслэсэн онолын физик нь орчин цагийн Монголд төгсөх ёстой, тэр ёсоор ч болсонд гайхах хэрэггүй, айж бэргэх бүр ч шаардлагагүй. Тэнгэрийн зарлиг ийм.
Чингээд чухалчлан дурдваас зохих нь, энэ чинь олон үндэстэн угсаатан, төр улсуудын нөр их түүхэн өрсөлдөөний даяаршсан ертөнц, гагцхүү хүчний байр суурь л дангаар хүчинтэй үйлчилдэг тийм гавъяатай ч, гайтай ч ертөнц. Чухамхүү ШУ-ы эцсийн онолыг нээж боловсруулснаар дэлхийн соёл иргэншлийн тавцанд нэгдүгээр чансаа зиндааны тэргүүлэх угсаатан нь Монгол үндэстэн мөн нь нэг мөр батлагдан нотлогдож буй юм. Хүлээн зөвшөөрцгөөж байна. Тэнгэр мэдээд Их Суу Залийн ивээлээр тал бичээч миний бие дээрээс даалгасан үүргээ биелүүллээ. Том юм том сайдтайг би давсан, сайн юм уу, муудаа бус, Тэнгэр тэгж дайчлан бэлтгэдэг юм билээ. Харин дэлхий дахин хүлээгээд цөхөрчихсөн том юмыг нь тээж түгээхээр яваа монгол хүний өмнө хөлөө тавих зэрэг жижиг саад учруулахаар санаархахчдад саяын явдал сануулга болох учиртай. 
Түүхнээ нэгдүгээр үндэстэн нь Монгол болохоо та бид бүхэн баталсантай маргах гадаадууд гарахул нааш нь чирээд ир. Би Европ, Ази, Африкийн соёлыг нэгтгэн монголчилсноороо нэг их сайхан соёлтой үйлчлээд өгье. Ер хамгийн заналт дайснууд дотоодод л байдаг жамтай. Дотоодын дайснуудын тухайд эл “Open Door” сонинд нийтэлсэн миний “Сүнзы Бинфа” өгүүллээс нэр хаягаар нь нөхөн үзэж болох. Эл бяцхан өгүүллийг Соёлын тань элчээс түмэн олноо өргөн мэдүүлэх цаг үеийн тайлан гэж болгооно уу. Дэлхийн даяар соёл, ирээдүйн иргэншил нь монголчууд та биднээс түгээж буй ШУ-ы эцсийн онолоор зайлшгүй замнана. Эс бөгөөс их суут Ньютоны тухайн үедээ хийсэн тооцоогоор, 2060 он гэхэд зургаа зуруулж, төөргөө харах нигууртай юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.