НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ж.Бат-Орших: Санхүүгийн салбарын үйл ажиллагаа тэнцвэржиж байж банкны хүү буурна

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
9 сарын өмнө /2019-12-13 02:27:29 GMT +8 / | 2908 удаа уншсан

 

Гавьяат эдийн засагч Жандавын Бат-Оршихтой бид өмнөх сониндоо ярилцсан билээ. Тэгвэл энэ удаа дээрх эрхэмтэй манай орны даатгалын салбарын сүүлийн 30-аад жилийн түүх, хөгжлийн үйл явцын талаар дэлгэрэнгүй хөөрөлдлөө. Ж.Бат-Орших гуай  “МИГ” даатгал хэмээх нар хүндтэй байгууллагыг үүсгэн байгуулалцаж байжээ. 

-Даатгалын бизнес Дэлхий нийтэд ноёлох бизнесийн салбар болжээ. Бараг банкаа даагаад байж байдаг юм биш үү?
-Тийм шүү. Улс орон хөрөнгөтэй, хөгжилтэй байх тусам энэ салбар өндрөө авдаг. Баруунд хамгийн өндөр байшинтай нь даатгалын компаниудын байшин барилга байгаа биз?! Энэ том том санхүүгийн зах зээлийн төвүүдэд.
-Хөрөнгөтэй хүн түүнийгээ даатгуулж байж бүтэн нойртой унтдаг байх л даа.
-Одоо энэ банк хүүлэгч гээд яриад байна аа, энэ чинь санхүүгийн бусад салбар олигтой хөгжөөгүй учраас ингэж яриад байгаа юм. Хөрөнгийн зах зээл хөгжөөд явах юм бол хүмүүс хувьцаа худалдаж аваад банкинд хадаглуулдаг мөнгөө хөрөнгийн зах зээл дээр байршуулах сонголт бий болно.
-Манайхан чинь өөрт байгаа тав, арван төгрөг нэг бол банкинд хийгээд эсвэл болсон болоогүй наймаа хийх гээд сонголтгүй юм. Хөгжсөн орны иргэд чинь илүү хуримтлалаа хувь хувьцаа болгоод өөрийнхөө чаддаг мэддэг юмаа хийгээд явж байдаг юм гэдэг дээ. “Зогсолтгүй эргэлддэг зоос банк” гэдэг шиг. Зоос маань ч зогссон доо.
-Хэрвээ хөрөнгийн зах зээл дээр мөнгө ихээр байршаад ирвэл аяндаа банкны хүү буураад эргэлт гэдэг чинь өөр болоод ирнэ л дээ. Эдийн засгийн зах зээл нь тэлэхээрээ улс хөгждөг. Одоо манайх болохоор хэдэн банкинд дөрлүүлчихээд л явж байна. Харин сүүлийн үед ард иргэд маань үүнийг ойлгож эдийн засгийн зах зээлээ тэлэх эрмэлзэлтэй болж байна. Үүний тулд үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлээ зузаатгах бодлогыг дэмжих нь чухал. Тийээс Санхүүгийн зохицуулах хороог байгуулаад банкнаас бусад санхүүгийн байгууллагуудыг хөгжүүлэх гэж яваа. Энэ байгууллагын үйл ажиллагаа ургаштай байна гэдэг банкнаас бусад санхүүгийн салбар хөгжинө гэсэн үг. Зөв ажиллах ёстой. Зөв чиглүүлэх ёстой. 
-Санхүүгийн зах зээл дээр банк, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл зэрэг нь зэрэгцэн хөгжиж байж дөрвөн хөлтэй ширээ шиг тогтвортой хөгжил бий болох нь ээ дээ. Одоо манай орны санхүүгийн зах зээлийн дүр зураг ямар байна вэ?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний нийт дүнгийн 0.5 хувь нь даатгалд ноогдож байна. Цаашаа Банк бус санхүүгийн байгууллагад дөрвөн хувь. Бусад 95 хувь нь банкны салбарт байна. 
-Манайд тэгвэл банк ганхлаа гэвэл санхүүгийн зах зээл маань бүтнээрээ ганхах нь байна шүү дээ. Санхүүгийн зах зээл хөгжсөн газар оронд нэг нь муудлаа гэхэд бусад гурав нь чирээд гаргаж ирдэг ч юм уу, тийм байдаг хэрэг.
-Тийм. Манайд нэг банк л дампуурлаа гэхэд бизнес тэр чигтээ нурах эрсдэлтэй. Тэнд үйлчлүүлж байгаа ард иргэд, аж ахуйн нэгжийн бүх мөнгө байхгүй болно биз дээ?! Санхүүгийн сектор зөв гольдролоороо явахаар даатгал жишээ нь явсаар нөөц сан гэдэг юмтай болдог. Сан сан гээд өргөжөөд явна. Тэр нь хэн нэгэн дампуурах, ганхаж эхлэхэд хэрэгтэй цагт түшиг болоод явдаг.
-Манай нэг найз хар өдөр ирэхэд хэрэглэнэ гээд хүзүүндээ цул алтан гинж зүүгээд явдаг юм. Тэр чинь бас даатгалтай. Сангаа байгуулчихсан эр байх нь. (инээв.)
-Манайх нөөцийн сангаа олигтой бүрдүүлж чадахгүй байгаа болохоор банкиндаа дээрэлхүүлчихээд яваад байгаа юм. Төсөв гээд нэг том сав байна. Түүнээс гадна гадаадад улс орны хөгжил цэцэглэлтэнд зориулагдсан түмэн юм байдаг юм билээ л дээ. 
-Норвегийн сан гэдэг шиг...
-Тийм тийм. Манайхан чинь баялгийн сан гээд ярьдаг даа. Тэр нь ард түмэн лүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж байх ёстой. Одоо нэг байгуулж эхэлж байна уу, үгүй юу. Бусад том том сангуудтай орнууд чинь олсноо бүгдийг нь дор нь идчих биш. Ирээдүйдээ, хэцүү хүнд үедээ зориулж хадгалж ханцуйлж байж л улс хөгжинө гэж ойлгодог. Хэд хоногийн өмнө “Засгийн газрын мэдээ” сонин дээр нэг нийтлэл гарчээ. Жолоочийн хариуцлагын даатгалаар 10-аад компани хөлжиж байна гэсэн утгатай. Би тэрийг хараад ямар тэнэг хүн тэгж бичүүлж байна гэж их эмзэглэсэн. Тэрийг бичиж байгаа сэтгүүлч эдийн засгийн талаар захын ойлголт байхгүй. Жолоочийн хариуцлагын даатгал 2011 онд хуульчлагдаад 2012 оноос хэрэгжсэн. Жолоочийн даатгалын хуульгүй орон тэр үед дэлхий дээр нэг ч байгаагүй байх. Манайхан гадаад яваад аймаар үнэтэй машин түрээслээд 700, 800 долларын даатгал төллөө гээд шогшроод ирдэг шүү дээ. Гэтэл жолоочийн хариуцлагын даатгал чинь 33 мянган төгрөг. Тэр 33 мянгаар ард түмнийг шулж байна гээд байдаг. 
-“Засгийн газрын мэдээ” сонин нэлээн зах зээл, бизнесийн сэргэг шинэ юм л нийтэлдэг сонин доо. Та андуураагүй биз?
-Андуураагүй. Тэр муухай, хортой захиалгаар бичсэн нийтлэл. Яах гэж тийм юм бичдэг юм?! Даатгалын компаниуд хуримтлалтай болж, даатгуулагч нартаа бүү үйлчлээсэй гэж ийм юм бичиж байгаа юм уу. Тэрэн дээр нь нэг Их хурлын гишүүн СЗХ-нд асуулга тавьсан байдаг юм. Уг нь бол даатгалын салбарыг дэмжиж л бичиж байвал зүгээр л дээ.
-Харин зарцуулалтан дээр нь хяналт тавих ёстой. Манайхан чинь зарцуулалтан дээр хяналт тавихгүй байж байгаад сүйрсэн хойно нь сая сэрсэн хүн шиг "сэлэм эргүүлдэг"...
-Тэнд бичсэнээр бол жилдээ 30 гаруй тэрбум төгрөг жолооч нараас авдаг юм байна. Тэгээд 30 гаруй хувийг нь нөхөн төлбөрт өгдөг юм байна. Үлдсэн нь хаачдаг байна вэ гээд ямар ч ойлголт байхгүй юм бичсэн байгаа юм. Үндсэндээ юу гэж ойлгож байна вэ гэхээр хураагаад авсан мөнгө, нөхөн төлбөр хоёрын зөрөөний мөнгө ашиг болчихдог гэж ойлгоод байх шиг. Ашиг болдоггүй юм. Тэндээс чинь тэр нөөцийн сан гэдэг юмыг байгуулна. Даатгалын компаниуд Монголын энэ өргөн уудам нутгаар явж зардал гаргана. Ямар юмаа бичээд байгаа юм?!
-Иймэрхүү ойлголттой. Та юу гэж ойлгож байна вэ? Даатгалын компаниуд чинь барууны хөгжсөн орнуудад номер нэг бизнес болжээ. Банкуудыг дааж байгаа юм чинь аварга амьтан байж таараа. Манайд ийм ойлголт, төлөвшил, системийг бий болгоход юу хэрэгтэй гэж Та боддог вэ?
-Иргэд, аж ахуйн нэгж даатгалын мөн чанарын талаар маш их ойлгоц муутай. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлнэ гээд л яриад байгаа биз?! (инээв.) Даатгалын компаниуд сурталчилгаа хийж байгаа. Сурталчилгаа хийхдээ компаниа л сурталчлаад байгаа юм. Уг иргэддээ хүрч даатгалын мөн чанарыг таниулах ёстой юм л даа. Энэ бизнес түвшиндээ хүрэх гэж олон он жилийг үдэх нь ойлгомжтой. 


-1300 оноос хойш л Дэлхий, хүн төрөлхтөн даатгалын мөн чанарыг таниулах гэж үзсэн юм билээ. Р.Ринчинбазар, С.Ганболд, Д.Цэрэндэжид, Г.Бурмаа, Л.Нямсүрэн, Б.Жавхланцогт нарын бичиж 2014 онд хэвлүүлсэн”Монгол Улсад арилжааны даатгалын тогтолцоо үүсч хөгжсөн түүхэн замнал (1934-2014) гэсэн факт баримттай сайхан ном байна. Тэнд “Анхны жил нийтдээ 75 үйлдвэр, албан газар, хоёр айлын 78.327.768 төгрөгийн хөрөнгийг ганц гал түймрийн аюулаас сайн дурын үндсэн дээр даатгаж...” гэж байгаа юм. 85 жилийн өмнө хоёрхон айлыг даатгалд хамруулж эхэлж байсан салбар юм даа.
-Баруунд яагаад даатгалыг дээрд үзэж байна вэ гэхээр иргэд, аж ахуйн нэгж даатгалгүй бол амьдрах боломжгүй гээд урт хугацааны туршид ойлгоод эрсдлээ тооцоод ирсэнд учир байгаа юм. Ямар сайндаа цалингаа аваад даатгалаа төлөх гээд давхидаг. Манайд бол юу ярьж байна? Юу нь даатгал вэ? гээд луйварчин туувирчнаар нь дуудаад явчихдаг.
-Даатгал гэдэг батажсан нийгмийн асуудал байна л даа.
-Даатгал гэдэг бүр эрт үүссэн түүхтэй юм билээ. Далайн хөлөг онгоцны явдлаас үүссэн гэж зарим нь үздэг. Далайчид ачаа бараа тээвэрлээд явж байхдаа далайн шуурганд өртөөд аюул учирдаг байж. Үүнийг гатлан туулахын тулд далайчид хөрөнгөө нийлүүлж байгаад сан үүсгэсэн гэдэг. Тэгээд нэг нэгэндээ учирсан хохирлыг төлдөг болжээ. Үүнээс даатгал үүдэлтэй гэдэг. Одоо тэр сонин монин дээр даатгалыг татвар гэж бичээд байгаа юм. Татвар бол хэзээ ч эргэж ирдэггүй мөнгө. Харин даатгалын хураамж бол эд хөрөнгө, амь насаа даатгасны төлөө төлж буй хураамж. Хэзээ нэг цагт тэр хүнд эргэж ирнэ. Даатгал гэдэг маш олон хүнээс авсан хураамжаа цөөхөн тооны аргагүй хохирол учирсан хүнд төлдөг л хураамж шүү дээ. Жолоочийн хариуцлагын даатгал гэхэд 30 тэрбум төгрөгөөс аваар осол хийсэн жолоочид л өгч байгаа хураамж шүү дээ. Тэр сонин дээр тавхан хувь нь нөхөн төлбөр авсан. 95 хувь нь огт нөхөн төлбөр аваагүй гэж байх жишээтэй. Монголд өдөрт хичнээн машин мөргөлдөж байгаа билээ? Хичнээн хүн замын хөдөлгөөнөөс болж нас барж байна? Тэр таван хувь чинь нийт хураамжийн 58 хувь нь хохирол болоод гарч байгаа юм. Тэгээд тэнд энэ хураамжаа буулгах хэрэгтэй, иргэдэд ачаалал болж байна ч гэх шиг. Замын цагдаагийнхан жолоочийн хариуцлагын даатгалыг маш сайн ойлгож байгаа. Хуучин чинь мөргөлдчихөөд чи буруутай, би буруугүй гээд эхлэл төгсгөлгүй хэрүүл зарга болдог байсан. Би төлбөрийн чадвар байхгүй, чихийг минь л хуулж авдаггүй юм бол гээд байдаг байсан. Энэ явдал жолоочийн даатгалын хууль хэрэгжсэнээс хойш алга болсон шүү дээ. 
-Хэрэв ээ энэ хууль хэрэгжээгүй бол хотын зам дээр автомашины нойль зогсолт гэдэг юм болох байж?! Хоёр булиа юм мөргөлдчихөөд замын голд хөндөлдөөд хэрэлдээд өнөө гоё гоё үгүүдээ цувруулаад зогсоод байвал Улаанбаатар хотын хөдөлгөөн зогсоно шүү, нээрээ... (инээлдэв.)
-Энд л хуулийн ач холбогдол байгаа юм. Үүнийг ерөөсөө ойлгодоггүй юм. Би даатгалын тухай хууль, даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, жолоочийн даатгалын хуулийн ажлын хэсэгт орж явсан. Энэ бол даруулгагүй хэлэхэд миний бахархал юм даа. Нийгэм хөгжихийн хэрээр энэ харилцаанууд улам нарийн болох байх л даа. Салбартаа рольтой байж гэсэн бодол төрөөд байдаг байхгүй юу (инээв.) Хүн бүхэн даатгалын мөн чанарыг ойлгох юм бол хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэнэ. Ингэж байж даатгалын систем жинхэнэ утгаараа хөгжинө. Даатгал өгдөггүй барьдаггүй гээд л нэг хэсэгтээ даатгалын компаниуд жаахан байхдаа тийм харамчдуу байсан. Өгдөггүй тохиолдол бас бий. Тэрийг ойлгуулах хэрэгтэй. Одоо бол шал өөр. Даатгалын хураамжийн тухай ойлголт, даатгалын төлбөрийн чадвар эрс дээшилсэн. Нөөцийн сангийн өсөлт. Актив сайжирсан. 300-гаад тэрбум төгрөг гэж ярьж байна. Сүүлийн жилүүдэд 16-20 хувь өсч байна. Хэдий ийм ч Монголын даатгалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.5 хувь гэдэг инээдэмтэй. Нэг талдаа инээдэмтэй ч нөгөө талдаа хөгжих маш их боломж байна аа гэсэн үг. Монгол Улс зах зээлийн жамаараа явдаг л юм бол хөгжих ёстой. Одоо хөрөнгийн зах зээл хөгжөөд эхэлж байгаа биз?! Ямар юм байлаа. Манай даатгал дээр ч гэсэн гурван компани IPO гаргачихлаа. Энэ чинь даатгалын бизнес нийтийн паблик тал руугаа явж байгаа зөв үзэгдэл. Хичнээн олон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тусам Монголын нийт иргэдийн эрх ашгийг хамгаалдаг болно гэсэн үг.
-Нийгмийн хариуцлагатай бизнес болж байна гэсэн үг.
-Хөрөнгийн зах зээл, үнэт цаас, даатгал хөгжинө гэдэг нийгмийн эдийн засгийн хөгжил зөв гольдролдоо орно л гэсэн үг. Яваандаа улс орны хөгжилд асар их нэмэр болно гэж би харж явдаг юм шүү дээ. Социализмын үед мал, ургац заавал даатгалд байсан. Тэгээд нэгдэл аж ахуйнууд байхгүй болоод дараа нь малын индексжүүлсэн даатгал гээд төсөл Дэлхийн банкны шугамаар хэрэгжсэн. Тэр нь болохоор малын хорогдлын хувийг тухайн орон нутгийн дунджаар үзээд тэрийг нь даатгалд хамруулдаг системээр явсан. Тэгээд тэр төслийг долоон жил явуулаад дараа нь Малын даатгалын хууль гэж гарсан шүү дээ. Тэр нь бол сайн дурын даатгал. Манайд хэрэгжихэд бас төвөгтэй. Талаар нэг тарчихсан малчдаар явж даатгал хийлгүүлнэ гэдэг. Тэгээд банкууд даатгалын зуучлагч хийж ирсэн.  Банкуудаар дамжаад тэр даатгал явж байгаа. Тариалангийн даатгал бас адил. Үр тариалангийн даатгалын тухай хууль гэж бий. Тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж нийт ургацынхаа 10 хувийг заавал даатгана гэж байдаг. Монголд Засгийн газрын тогтоолоор Үндэсний давхар даатгалын компани гэж байгуулагдсан. Тэр компани нь давхар даатгалын компани учраас даатгалын компаниудаараа дамжуулан жаахан жаахан явж байгаа. Тариалан эрхлэгчид, малчид ашиг шимийг нь хүртээд явж байгаа. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад заавал даатгал гарч ирээд байдаг юм билээ. Ямар юм нь эрсдэлтэй байна гэдгээсээ үүдээд гарч ирдэг.
-Ямар жишээ байж болох уу? Заавал даатгалтай холбоотой.


-Японд бол газар хөдлөлтийг бол заавал даатгалд хамруулж байна. Манайх чинь ямар нэг гамшиг болоход олон улсын байгууллагаас туслалцаа гуйгаад л явчих юм. Засаг нь мөнгө гаргах юм. Хэрэв ээ ийм даатгалтай болбол маш их юм хөнгөрнө. Даатгалын компаниуд чинь бүгдийг нь даагаад чадахгүй, хүч нь хүрэхгүй байвал гадаадын хүчирхэг компаниудад давхар даатгаад явчихдаг юм шүү дээ.
-Р.Ринчинбазар нарын номыг уншиж байхад даатгалын түүхэнд хамгийн үх дүнтэй хохиролыг барагдуулах гэхэд 1949 онд Бөмбөгөр ногоон хэмээх Улсын төв театр шатсны төлбөр барагдуулсан юм билээ. 1986 онд Зүүн аймгуудад гарсан ой хээрийн түймэрт  гэхэд Улсын даатгалын ерөнхий газар, ХБНГУ-ын Мюних Ре гээд давхар даатгагч компани нийлээд 640.5 мянган ам. доллар гаргаж байсан юм билээ.
-Нөхөн төлбөрийн зөндөө түүх бий дээ. 2001 онд "МИ-8" нисдэг тэрэг Увсын Малчин суманд осолдоход “Монгол даатгал”, ОХУ-ын Ингосстрах 300.000 ам доллар, 270 сая төгрөг нөхөн төлбөрт өгсөн. 2010 онд "Airbus" агаарын хөлгийн үзлэгийн үед гарсан үйлдвэрийн ослын хоёр тэрбум төгрөгийг “Бодь даатгал”, Ллойдын МSP, "Chartis Asten" зэрэг давхар даатгагчид, 2009-2010 онд болсон Увс, Хэнтий, Сүхбаатар аймагт болсон зуднаар 1.8 тэрбум төгрөгийг Малын индексжүүлсэн даатгал төсөл, 2013 онд "MSC"-ийн АНУН худалдааны төвийн тавилгын агуулах шатсан 3.8 тэрбум төгрөг “Ард даатгал”, ХБНГУ-ын Ханновер давхар даатгагч, 2014 оны “Ажет авиэйшн” компанийн нисдэг тэрэг газардах үед гарсан гэмтлийн нэг тэрбум төгрөгийг "Бодь" даатгал, ОХУ-ын Ингосстрах нөхөн төлбөрийг нь барагдуулсан. Иймэрхүү жишээ олон бий. Давхар даатгалын ач холбогдол гэвэл энэ. Тэгэхээр өөрсдөө дийлэхгүй гэхэд давхар даатгалаасаа мөнгө олоод ирнэ. Улс орны эдийн засагт нэмэртэй байгаа биз?!
-Согтуу явж байгаад аваар осол гаргавал даатгал бол уучлаарай л гэж хэлэх юм билээ. Урсгал сөрж давхиад гэдэг ч юм уу...
-Сүүлийн үед манай даатгалын салбар овоо хөгжиж байгаа л гэж би ойлгож байгаа. Даатгалын үйл ажиллагааг төр засагт ойлгуулах гэж даатгалын салбарынхан маш их уулзалтууд зохион байгуулж ирсэн. Төр засаг ойлгоод энэ хууль эрхийн актуудыг гаргажээ гэж боддог юм. Миний жаахан сэтгэл гонсгор байдаг юм бий. Жишээ нь, манай төр засаг нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэхгүй гэж дэмжээд, мал аж ахуйг дэмжээд л байна. Даатгалын салбарыг бодлогын хүрээнд дэмжвэл улс орны эдийн засагт асар их ач холбогдолтой гэж бодож явдаг. Санхүүгийн салбараар дэмжиж байж л улс орны хөгжлийн бодлого тодорхойлогдоно. Дэмжлэг үзүүлсэнгүй гээд даатгалын компаниуд гонгиноод байгаа юм байхгүй. Дэмжлэг гэдэг нь мөнгө авчраад өгчих биш. Хууль эрх зүйн актуудыг нь улам боловсронгуй болгох хэрэгтэй. Гамшигийн даатгалын хуулийн төсөл гээд явж байна. Манайд чинь гамшиг маш их гарч байна шүү дээ. Гал түймэр, малын өвчин, ган зуд, утаа тортог гээд байна. Албан журмын даатгалын нэр төрлийг олшруулахад л асар том дэмжлэг шүү дээ. 
-Монгол Улсад даатгалын салбар үүсээд 85 жил болжээ. 1990 оноос өмнө даатгал маань тийм нэг албадмал шинжтэй байсан байх. Бараг тэр үед реклам сурталчилгаа явуулдаг ганц салбар ч байсан уу? Шүдэнзний хайрцаг, уран сайхны болон баримтат кино, плакат хуудас, Улаанбаатар хотын төвд “Иргэд ээ! Даатгуулцгаая!” гэсэн утга бүхий гэрэлт реклам байдаг байж. Даатгалын салбар маань хэзээнээс жинхэнэ утгаараа бизнес болсон бэ?
-Би харилцан яриад явах дуртай. Тэгэхээр чи санаа оноогоо бас хэлээрэй дээ. Даатгал гэдэг зах зээл эдийн засагтай оронд хамгийн чухал салбар шүү дээ. Манайхан нь цаад учрыг нь ойлгохгүй ад үзээд байгаа болохоос биш. (инээв.)  Социализмын үед Эдийн засгийн харилцан туслах зөвлөл гэж байсан. Тэр хүрээнд овоо хөгжсөн.
-Социалист орнуудын эдийн засгийн харилцааг уялдуулан зохицуулдаг байгууллага.
-Уг нь 1934 онд анх даатгалын салбар үүссэн юм. Анх байгуулагдахдаа Аюулаас хамгаалах газар нэртэй байгуулагдсан гэдэг. (инээлдэв.) Тийм нээрэн их сонин нэртэй. Нэрийг нь бодохоор Нийгмийг аюулаас хамгаалах яам бодогдмоор. (инээв.) Тэр нь Оросын Ингосстрах даатгалын компанийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан байдаг.
-Ингосстрах гэдэг ч “страх” гээд айдас хүйдэс гэсэн үг дагуулсан юм байж. Тэгээд манайхан аюулаас хамгаалах гэж дээ, бодвол...
-1990 он хүртэл даатгал маань албадлага, хүчээр ч гэмээр юм уу явдаг Сангийн яамны бүтцэд ордог байгууллага байсан юм. Тэр үед чинь манай улсад даатгалтай холбоотой хууль эрхийн акт гэж юм байсангүй шүү дээ. Сайд нарын Зөвлөлийн тогтоол шийдвэрээр үйл ажиллагааг нь зохицуулж явдаг байсан. Өөрийн чинь дээр хэлдэг реклам сурталчилгааны ажлыг хамгийн их явуулдаг байсан салбар гэдэг үнэн. Тэрийг нь улсаас зориуд нэгдсэн арга хэмжээ авч явуулж байсан. Мал, таримал энэ тэрийг чинь заавал даатгуулна. ХАА-н нэгдэл, Сангийн аж ахуй бүгд мал, ургацаа хүчээр заавал даатгадаг. 
-Тэдний хүсэл зорилгыг асуухгүй даатгах нь байна шүү дээ. Өмчийн эзэн, өмч хариуцагч одоогийнх шиг “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гэдэг хамаагүй. Хүчээр даатгалд хамруулаад тэр мөнгөөр даатгалын системээ барьж байсан юм байна.
-Газар тариалан, мал аж ахуй, галын даатгал зэргийг хүчээр тулгаж хийлгэдэг байв. Сангийн яамны Даатгалын ерөнхий газар гэсэн нэртэй байгууллага байв. Аж ахуйн тооцоотой нэртэй боловч жинхэнэ утгаараа аж ахуйн байгууллага биш байв. Төрийн байгууллага шиг явдаг байсан. Тэгээд 1990 оноос хойш нийгмийн даатгал, арилжааны даатгал гэж гарч ирсэн. Зах зээлийн харилцаанд улс орон шилжихэд Засгийн газрын тогтоол гараад Улсын банкны ерөнхий хороо, Даатгалын ерөнхий газар гэдгийг татан буулгаад төрийн өмчит компаны хэлбэрт шилжүүлсэн. Одоо энэ Худалдаа хөгжлийн банкны суурь Улсын банкны ерөнхий хорооны суурин дээр гарч ирсэн түүхтэй юм. Монгол даатгал компанийн суурь нь Даатгалын ерөнхий газар. Тэгж анхны шинэ цагийн даатгалын суурь тавигдсан юм даа. Тэр үед даатгалын системийн хууль эрхийн орчин байхгүй байж байгаад анхны арилжааны даатгалын хууль чинь 1994 онд гарсан юм. Мань бас нэг гавьяат болсон нь даатгалын хууль эрхийн актыг боловсронгуй болоход нилээн оролцсон, даатгалын мэргэжсэн боловсон хүчинг бэлтгэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гээд шагнасан хэрэг. (инээв.) Би чинь юу хийлээ дээ, миний үүрэг ч юу байлаа гээд бодоод байсан. Бас байна аа. 1990 онд анх Баруунд Мюнхенд даатгалын чиглэлээр сурсан юм шүү дээ.


-Зах зээлийн капиталист орны даатгалын системийг үзсэн бараг анхны хүн байх.
-Тэнд сурч ирээд Монгол даатгалд ажилд ороод 1992 онд анх даатгалын тухай хууль эрх зүйн акт зохиох ажлын хэсэгт орсон. Тэнд бас Сангийн яамны орлогч сайд, Улсын даатгалын ерөнхий газрын дарга, Монгол даатгал компаны захирал хийж байсан Ц. Цэнд гуай гээд даатгалын салбарыг мэддэг хэдхэн хүн байсан даа. Бид тэгээд анхны хуулийн төслийг гаргаж байсан юм. Тэр хууль маань 2006 онд шинэчлэгдсэн. Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2011 онд Жолоочийн даатгалын хууль гэж гарсан. Иргэний хуулинд бас даатгалтай холбоотой бүхэл бүтэн бүлэг байдаг юм шүү дээ. Энэ бүгдэд оролцсон. Үндсэндээ Монгол улс 2004 оноос хууль эрхийн хүрээнд Даатгалын салбар үйл ажиллагаа явуулах бүрэн чадвартай болсон. Анхны даатгалын хуулинд хувийн даатгалын байгууллага байж болохыг зөвшөөрсөн. Ингэж даатгалын салбар маань жинхэнэ утгаараа бизнесийн салбар болох хууль эрх зүйн орчны эхлэлээ тавьсан. Олон улсын стандартаар даатгалын салбар 2004 оноос Даатгалын тухай хууль гарснаас хойш энэ салбарын бизнес жам ёсоороо явж эхэлсэн гэж хэлнэ. 1990-ээс 2000 оны хооронд хувийн даатгалын компаниуд байгуулагдсан боловч жижиг аж ахуй гэдэг шиг явж ирсэн. Бүх юм нь “Монгол даатгал” компанийн жишгээр явдаг. Дүү нар нь юм чинь ахаасаа үлгэр авч хуулбарлана биз дээ.(инээлдэв.) Яахав дээ, тэгээд нэг амиа аргацаасан нөхөд явж байгаад ирсэн. Одоо бол даатгалын компаниуд жинхэнэ утгаараа явж эхэлж байна. Өрсөлдөж байна. Үйлчилгээг тэлж байна. Нэг нь нөгөөгөөсөө илүү үйлчилгээ, уян хатан ажиллагаа давж явуулахыг хичээж байна. Даатгалын урд нь алдагдсан нэр хүнд одоо ч гэсэн иргэдийн дунд сайн биш байна. Даатгуулагч нар “өгдөггүй” гэдэг талдаа сурталчилна. Нөгөө талаас даатгалын компаниуд болохоор бид нар өгөөд байна аа гэж боддог. Даатгал компани чинь өгдөг нэг тал бий. Өгдөггүй нэг тал бий. Ер нь Монголд ч биш зах зээл хөгжсөн орнуудад ийм ийм нөхцөлд даатгал төлнө, төлөхгүй гэсэн үүрэг хариуцлагатай. Хэдэн нөхцөлүүд бий. Тэгээд л тэр жишгээр явж буй. Одоо бол даатгалын компаниуд их өрсөлдөөнтөй аягүй сайн явж байгаа. Улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулаад эхэлчихсэн. Өнөөгийн байдлаар 16 даатгалын компани байна. Эндээс нэг даатгал нь амьдралын урт хугацааны даатгал хийдэг. Бусад нь ердийн даатгал хийгээд явж байна. Цаана нь 40 гаран зуучлагч компани байна. Мөн тэр хэмжээний хөрөнгө үнэлгээний компаниуд байна.
-Нийтдээ даатгалын системд 100-аад компани оролцож байгааюм байна. Зуулчлагч компаны үүрэг роль юу байдаг юм бол оо?
-Даатгагч, даатгуулагч хоёрыг хооронд нь холбож өгдөг. Жишээлбэл даатгуулагч хаана даатгах вэ гэхэд зуулчлагч компани бодитой мэдээлэл өгдөг. Энэ даатгал нь энүүндээ сайн. Тэр даатгал нь тийм юмандаа сайн гээд өмнөөс гэрээ контрактыг нь хийж өгдөг. Барууны компаниуд бол дандаа зуучлагчаар дамжуулж харилцдаг. Манайд энэ үйлчилгээ сүүлийн үед хөгжиж эхэлж байна. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль гэдэг нь даатгалын зуулчлагч, хөрөнгө үнэлгээч, бас шинэ мэргэжил байгаа актуарч, андрайтер гээд бий. (инээв.) Энэ бүх мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг зохицуулдаг хууль. Манай даатгалын салбарт бүх мэргэжилтнээ тооцох юм бол 5000 гаруй хүн байна. Даатгалын төлөөлөгч гээд Монгол Улсын 330 сум, бусад суурин газруудад байна. 3000 гаран хүн төлөөлөгчөөр ажилладаг. Манай даатгалын салбар Монгол улсын Санхүүгийн салбарын бүрэлдэхүүн хэсэг маш том салбар болоод гарч ирж буй юм. Барууны орнуудад хамгийн өндөр хөгжилтэй нь банк, даатгал хоёр байдаг юм. Одоогоор санхүүгийн салбарын банкнаас бусад салбарынх нь эзлэх хувь тав хүрэхгүй хувь байна. Нэг талаар жижиг юм шиг харагдаж байгаа юм. Нөгөө талаар энэ чинь даатгалын салбарт хязгааргүй хөгжих том орон зай байна гэсэн үг. Манай даатгалын салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Энэ байдлаараа бол тэр орон зайгаа нөхнө л гэж боддог юм шүү дээ.
-Хөрөнгийн зах зээл даатгал хоёр хэрхэн холбогдох ёстой вэ?
-Компаниуд паблик тал руугаа явах ёстой. Бүгдээрээ нээлттэй хувьцаат компани болох. Банкиар хийгддэг гүйлгээ чинь хөрөнгийн зах зээлийн зарчмаар явна гэсэн үг. Хувьцаа авсан хүн чинь компанийхаа үйл ажиллагаанд хяналт тавьдаг болно. Хорь гучин сая төгрөгөөр хувьцаа авсан хүн чинь зүгээр суухгүй биз дээ. (инээв.) Олон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тогтолцоо баруунд байна шүү дээ. Манайд бол хэдэн төгрөгөөр нэг компани хувьцаа авчихна. Нөгөө компани нь яаж явж байгаа юм мэдэхгүй. Хяналт тавих гэхээр бололцоо байхгүй. (инээв.) Компани нь өөрөө санаачилж нээлттэй байхгүй л юм бол 20 сая төгрөг нийлүүлсэн хүн нь дотор нь ороод хаая хүүе гэх бололцоо байхгүй хэцүүеэ. Энэ бүхэн нээлттэй зөв гольдролдоо ороод л явах юм бол иргэддээ ашигтай, улсад ч ашигтай болж ирнэ. Үнэт цаасны, хөрөнгийн зах зээл даатгал чинь ингээд холбогдоно. Одоо жишээ нь тендер зарлагдахад тендерийн баталгаа гээд банкнаас баталгаа авдаг. Жишээ нь бий 50 сая төгрөгийн баталгаа авья гэхэд тендер дуустал тэр хөрөнгөө түгжүүлдэг. Хэрэв ээ даатгалын компанид даатгасан байх юм бол би наад хөрөнгийг чинь дааж авч байна аа гээд л хөрөнгийг нь түгжүүлэхгүй. Тиймэрхүү байдлаар барьцааны даатгал маатгал гээд заавал банкинд аваачиж мөнгө тушааж байх албагүй. Санхүүгийн секторууд хоорондоо холбогдоно гэдэг энэ л дээ. Манайд ямар сонирхол байдаг гэвэл банк бас тэр үйл ажиллагааныхаа хувийг алдахгүйг бодно биз дээ.(инээв.) Санхүүгийн салбарын аль алиных нь үйл ажиллагаа тэнцвэржээд явбал банкны хүү буурна. 

-Үйлдвэр, үйлчилгээ хийдэг сектор руу сул мөнгө очно гэсэн үг байна.
-Одоо бол мөнгөө нэг бол банкинд хадгалуулж байна. Эсвэл дэрэн дороо хадгалж байна. Зээлийн хүү багасна гэдэг хадгаламжийн хүү багасч байж бүтнэ. Хүмүүс санхүүгийн бусад секторуудад мөнгөө байршуулаад эхэлбэл банкны хүү буурна. Одоо бол хөрөнгийн зах зээл хөгжөөд байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Хүн болгон хувьцаа, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, даатгал зэргийг ойлгоод, санхүүгийн боловсролоо дээшлүүлэх юм бол бодит хөгжил аяндаа ирнэ.
-Та анх яаж санхүү, даатгалтай нэр холбогдов?
-(инээв.) 1975 онд Санхүүгийн техникум гэж байхад төгсөөд Сангийн яамны хяналт шалгалтын байцаагч хийсэн. Яамны санхүүгийн хянан байцаах газар гэж баримтын шалгалт хийдэг газар байсан юм. Тэр техникум нь Сангийн яамны харьяа байсан юм. Тэгээд хоёр жил ажлуулаад гадагш сургуульд явуулчихдаг. Тэгээд буцаад Сангийн яамандаа очно. Энэ яамны боловсон хүчний мундаг бодлого социализмын үед байжээ. Молом гуай, Моломжамц гуай, Бямбажав гуай гээд сайд нар, Долгормаа гээд мундаг авгай байсан. Тэр бичиг баримт боловсруулах юманд Сангийн яам чинь аймаар байсан юм шүү дээ. Тэр жишгээр яваад Новосибирскэд худалдааны дээд сургууль 1982 онд төгссөн. Эргэж ирээд найман жил ажиллаад 1990 онд зах зээлд шилжих үед Даатгалын салбарт орсон. Тэгээд ХБНГУ-ын компаниас бичиг ирээд “Даатгалаас нэг хүнийг чинь сургаж өгье” гээд би явсан юм. Сангийн яамны сайдын зөвлөлөөр орж байж явсан шүү. Даатгалын талаар тухайн үед дэлхийд нэг номерт ордог компани байсан. Хэл ус ч мэдэхгүй, тэгээд барууны оронд гээд бид чинь ямар сэтгэхүйтэй байлаа. Тэгээд цаараглаж байсан чинь найз нар маань юу гэж байгаа юм яв гэж ятгаж урам зориг өгсөн. Явсан нь болсон байна билээ. Тэнд төгсөж ирээд 2019 он хүртэл даатгалаар 29 жил явлаа шүү дээ. Манай даатгал чинь засаг солигдоод олон даргатай болсон доо. Эрүүл мэндийн сайд байсан Зориг байлаа. Сангийн дэд сайд байсан Очирпүрэв байлаа. Жаргалсайхан байсан. Монгол даатгал 2004 онд хувьчлагдсан. Би хэдэн нөхдийн хамт МИГ даатгалыг байгуулсан. МИГ чинь хоёр номерийн компани болж гарч ирсэн шүү дээ. Одоо яах вэ тэтгэвэртээ гараад энд тэнд зөвлөгөө өгсөн шиг л явж байна. 
-Даатгалын тухай лекц семинар оюутнуудад өгч байна уу?
-МУИС чинь даатгалын ангитай. Тэр сургуульд хичээл орж, улсын шалгалтын комисст нь орж явж байсан. Одоо даатгалын ангитай сургууль олон болжээ. Гэхдээ нэг нь ч намайг ирж лекц унш гэхгүй юм. Би бас бодоод л явдаг юм. (инээв.) Аятайхан, сонирхолтой юм яривал ярьчихсан гэж. Даатгалын салбарт олон жил ажилласан болохоор энэ олон залуучуудад юм хэлнэ, зөвлөгөө өгнө л дөө. Салбартаа хуц ухна шиг болчихсон амьтан даа. (инээлдэв.) Одоо чөлөөтэй болчихсон юм чинь ядаж л давхар даатгал гэж юу вэ гээд ярих юм бол онолын гэж том ярихаа больё гэхэд практикийн юм хүүхдүүдэд хөөрхөн заачих болов уу гэж боддог юм. Даатгалын нэг ч түүхийн ном байхгүй. Ж.Адъяахүү гээд нэг хөгшин байсан. 1921 онд төрсөн. Ноднин нас барсан юм, хөөрхий.Тэр хүний яриа хөөрөө бол дуусгана. Ша.Батбаяр гээд УИХ-ын гишүүн байсан. Түүний ээж.
-Шаабар гээд байдаг...
-Тийм. Тийм. Би жишээ нь 1990 оноос хойшхи түүхийг л мэднэ гэхээс урдахыг нь мэдэхгүй. Даатгалын 80 жилийн ой 2014 онд болоход би Монголын даатгалын холбооны Ерөнхийлөгч байсан юм. Тэгэхэд зохион байгуулаад 80 жилийн ойг нь сүрхий хийсэн юм. Концерт, баярын хурал, хүлээн авалт гээд. Манайхан ном бичсэнийг хэвлүүлсэн. Миний гавьяа тэр. (инээв.) Тэр номыг одоо Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга хийж байгаа Р.Ринчинбазар гээд нэлээд хэдэн хүн хамтарч бичсэн юм. Мундаг ном. Ринчинбазар юм бичихдээ сүрхий. Нэг сайхан номтой болсон. Би энэ залуучуудад хэлдэг юм. Маниас хойш Та нар яаж авч явах юм. Энэ жил 85 жил гэж байна. Монгол Улсад даатгалын салбар гэж юм байж л байгаа цагт түүх нь явж л байх ёстой шүү гээд хэлээд байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.