НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХӨРӨНГӨ ДАЛЛАХ “ХӨДӨЛГҮҮР”

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2019-12-13 02:51:09 GMT +8 / | 403 удаа уншсан

Б.Адъяахүү

Монголыг Оюутолгой  бус харин “монгол толгой” хөгжүүлнэ, үгүй ээ, Тавантолгой хөгжүүлнэ, мал аж ахуй л Монголыг аварна хэмээн гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй, хэрэггүйн тухайд бид 20 гаруй жилийн турш маргалдаж байна. Өнгөрсөн хугацаанд хууль дүрмээ үе үе огцом өөрчлөн нэгэнт хөрөнгөө оруулчихсан гадаадынхныг дайжихад хүргэж, эсвэл төрийн тэргүүн, парламент, ард түмэн бүгд “нэг талдаа гарч” хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ ана мана ач тач үзэлцэж, гадаадаас хэдэн доллар босгоод ирсэн нэгнийгээ “шуналын тулам” болгох зэргээр янз бүрийн ааш авир гаргаж, сэтгэл зүйн элдэв бартааг туулсаар өдийг хүрчээ.
Оюутолгойнхон Оросууд шиг хот байгуулж өгөхгүй байна гэж зарим нь гомдоллоно. Ганцыг ганц гэлгүй ширхэг зоосны төлөө явж байгаа гадныхан монголчууд бидэнд ясли, цэцэрлэг барьж өгч эрхлүүлнэ гэж өдий олон жилийн турш итгэсээр буй хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээ, хандлага огт өөрчлөгдсөнгүй.  
Гэтэл манайхныг ингэж будилж байх зуур улс орондоо гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гэсэн асар ширүүн өрсөлдөөн сүүлийн хэдэн арван жилийн турш дэлхий даяар өрнөсөөр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг (ГШХО) татах таатай орчныг бий болгох, үүний тулд өөрийн орны давуу талыг (газарзүйн байршил, байгалийн баялаг, дэд бүтэц, ажиллах хүчний чадвар зэрэг) дээд зэргээр ашиглахын тулд эдийн засгийн оновчтой цогц бодлого явуулах нь улс орон бүрийн төр засгийнхны толгойг өвтгөдөг асуудал хэвээр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол хүлээн авагч улс орны эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхийн үйлдвэрлэлийн үйл явцад нэгдэхэд нь (интеграцчилал) тус дөхөм үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэж, хүний нөөцийн чанарыг сайжруулан, ажлын байрыг олноор бий болгох ба тэргүүний технологийг нэвтрүүлэх зэрэг олон давуу талтай.  Дэлхий дээр нийтдээ 200 гаруй улс орон бий. Тэд бүгд л Гадаадын шууд хөрөнгө оруулалт­ыг татахыг эрмэлздэг. Харин нойлын цаас, бохиноос авахуулаад пуужингаа хүртэл бүгдийг нь дотооддоо хийж чаддаг БНАСАУ л цор ганцаараа энэ тал дээр санаа зовдоггүй байж болох юм.  Харин гадны хөрөнгийг татах талаар гайхамшигтай үлгэр жишээг үзүүлж буй улсууд гэвэл Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Бразил, Ирланд, Словак, Польшийг нэрлэж болно. Таван жилийн өмнө Баруун, Дорнод болон Төв Европын үндэстэн дамнан хөрөнгө оруулагч 809 компанийн дунд явуулсан судалгаагаар, хөрөнгө оруулалтын хамгийн таатай орчныг бүрдүүлж чадсан улс орнуудын жагсаалтын гуравдугаарт Хятад улс, тавдугаарт Энэтхэг улс, долдугаарт Бразил тус тус бичигджээ. Харин бидэнтэй хамт социализм байгуулж явсан польшууд эл үзүүлэлтээр Европ тивдээ тавдугаарт жагсч байв. Нэр хүндтэй "Форбс" сэтгүүл Словак улсыг ирээдүйн Хонконг гэж нэрлэсэн байх жишээтэй. Ингээд дээр дурдсан долоон орон эл амжилтад хүрсэн шалтгаан нөхцөл, хүчин зүйлүүдийн талаар улс бүрээр нь тус тусад нь дурдъя.


БНХАУ
Өмнөд их хөрш бол гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж болдгийг яруу тодоор харуулж буй улс юм. Хятадын төр засгийн сүүлийн 40 жилийн турш явуулсан тууштай бодлогын үр дүнд 1998-­2008 оны хугацаанд хөгжиж буй орнууд руу чиглэсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 30 гаруй хувь нь Хятадын эдийн засагт шингэжээ. 
Тус орны эдийн засагт хөрөнгөө оруулахыг өдөөгч гол хүчин зүйл бол хямд ажиллах хүчин, Хятадын зах зээлд эрэлт өсөн нэмэгдэж байгаа явдал. Түүний сацуу, гадаадын хөрөнгө оруулагчид төрийн мэдлийн үйлдвэр, аж ахуйн газруудыг хувьчлахад оролцох боломжийг нэрлэж болно. 1979 онд эхэлсэн эдийн засгийн шинэчлэлээс хойш Гадаадын шууд хөрөнгө оруулалт­ын талаар Хятадын төрөөс явуулж буй бодлогод хэд хэдэн том өөрчлөлт оржээ. Хятадууд эхэндээ гадны хөрөнгийг тодорхой хэмжээ хязгаартайгаар бага багаар оруулж байснаа хэдхэн жилийн дараа хөрөнгийн урсгалыг маш хүчтэй урамшуулах бодлогод шилжив. Яваандаа улс орноо үйлдвэржүүлэх бодлогод нийцүүлэн өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулах явдлыг хөхиүлэн дэмжих болжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээний нэгдүгээр үе шатанд, тус орны зүүн бүс нутагт эдийн засгийн дөрвөн тусгай бүс байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад тодорхой хөнгөлөлт үзүүлсэн нь хөрөнгө оруулалтын урсгалыг асар ихээр татаж чадсан байна. 
Гэтэл энэ үйл явц нь эрэг орчмын бүс нутгууд болон нутгийн гүн дэх мужуудын хооронд хөгжлийн түвшний асар их ялгааг бий болгожээ. Эл байдлыг залруулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт­ын талаар баримтлах бодлогоо шинэчлэн өөрчилж, улс орноо бүхэлд нь гадаадын компаниуд ажиллахад таатай орчин болгон хувиргах зорилт дэвшүүлэв. Мэдээж хэрэг, үүний тулд хөрөнгө оруулагчдад олон тооны хөнгөлөлтийг санал болгосон байж таараа. Жишээ дурдая. БНХАУ-­ын Төрийн Зөвлөлийн тогтоолоор, гадаадын үйлдвэр, аж ахуйн газрууд үйл ажиллагааныхаа эхний хоёр жилийн хугацаанд ашгийн татвараас бүрэн чөлөөлөгдөж, дараагийн 3­5 жилийн хугацаанд 50 хувийн татвар төлдөг байна. Эдийн засгийн тусгай бүсүүд болон эргийн дагуух бүс нутагт байрлах үйлдвэр аж ахуйн газрууд тус тус 15 болон 24 хувийн ашгийн татвар төлдөг аж. Харин ердийн татварыг 33 хувиар тогтоожээ. гадаадын шууд хөрөнгө оруулалт­ын шугамаар хэрэгжүүлж буй төслүүдийг урамшуулах, хязгаарлах, хориглох, зөвшөөрөх гэсэн дөрвөн зэрэглэлд ангилдаг байна. Ингэхдээ юуны өмнө, экспортын баримжаатай болон шинэ технологи ашиглан тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэх, хямд ажиллах хүчнийг ашиглахад чиглэсэн төслүүдийг түлхүү дэмжсээр иржээ. 
2006 оны сүүлчээр төлөвлөлтийг хариуцдаг Хятадын Хөгжил шинэтгэлийн Үндэсний комиссоос ойрын таван жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт­ын талаар төрөөс баримтлах шинэ бодлогыг баталжээ. Энэ бодлогод гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлыг тооноос чанарт шилжүүлэх чиг баримтлалыг тусгасан байна. Ингэснээр экспортын хямд бараа таваар, эд анги угсрах үйлдвэрээс нэмүү өртөг илүү шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбаруудад гадны хөрөнгийг татан оруулах явдлыг чухалчлан үзэх болов. Орон нутгийн засаг захиргааныхан гадаадын хөрөнгийг ямар нэгэн шалгуур шүүлтүүргүйгээр, зах замбараагүйгээр даллан ирүүлж байсныг зогсоож, гадаадын компаниудын хэрэгжүүлж буй төслүүдэд тавих экологийн шаардлагыг чангатгажээ. 2007 онд үйлдвэрийн ашгийн тухай хууль гарснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтад олгож байсан бүх хөнгөлөлтийг халж, ашгийн татварыг 25 хувиар нэгдсэн байдлаар тогтоов.    
Хэдийгээр Хятадын хөрөнгө оруулалтын орчин тун боломжийн байгаа ч гэлээ Энэтхэг, Бразил зэрэг эрчимтэй хөгжиж буй орнуудын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт­ыг татах өрсөлдөөн улам бүр ширүүсч байгаа учраас хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулан, хууль тогтоомжоо боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Үүний тулд хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой журам дүрмийг хялбарчлах, ажил үүрэг, журам дүрмийн давхцлыг арилгах, үнэт цаасны зах зээл болон шүүхийн тогтолцоогоо шинэчлэхийг Бээжин дэх Дэлхийн банкны салбар зөвлөжээ.  Сүүлийн үед Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогодоо томоохон өөрчлөлтүүд хийж байна.  
Шинжээчдийн тооцоолж байгаагаар, 2019 оны гуравдугаар сарын 15-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас баталсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль хэрэгжиж эхэлснээр ойрын 10 жилийн хугацаанд Хятад улс 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татах боломж бий болж байна. Энэ нь өмнөх 10 жилийн үзүүлэлтээс гурав дахин их гэсэн үг юм. 
Шинэ хуулиар хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлэх юм. Юуны түрүүнд, хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн баримт бичгүүдийг кодчилно. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн нэг л зохицуулалтын баримт бичигт тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах болно. Одоогийн байдлаар гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагааг гурван өөр хууль ба олон тооны актуудаар зохицуулж байгаа юм. 
Хоёрдугаарт, дээрх хуулийн зорилго нь хөрөнгө оруулагчийн оюуны өмчийн эрхийг хамгаалахад оршино. Үүний үр дүнд, орон нутгийн эрх мэдэлтнүүдийн зүгээс хамтарсан үйлдвэрийн газар байгуулах, технологио шилжүүлэн өгөхийг хөрөнгө оруулагчдаас шаарддаг байдал үгүй болно. 
Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид нь дотоодын бизнес эрхлэгчдийн нэгэн адилаар хууль тогтоомжид заасан хөнгөлөлтийг эдэлж болно гэсэн зарчмыг нэвтрүүлэхэд чиглэжээ. 
Үүний сацуу, хөрөнгө оруулахад нээлттэй биш, хатуу чанд шаардлага тавигдаж, зохицуулалт хийгддэг 48 салбарын нэгдсэн жагсаалтыг Хятадын тал гаргажээ. Тухайлбал, телевиз, загас агнуур, шашны боловсрол зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг авахгүй бол цөмийн эрчим хүч, нефть олборлолт, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж болох боловч нэмэлт шаардлагуудыг биелүүлж, тусгай зөвшөөрөл авах ёстой. Ингэхдээ бүх шаардлага, зөвшөөрлүүдийг нэг баримт бичигт багтаан хавсаргах аж.  Ийнхүү хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр гадныхны мөнгө хөрөнгө Хятад руу дахин цутгаж эхэлнэ гэж шинжээчид үзэж байна.    

Бразил
2008 онд тус улс 42 тэрбум ам.доллароор хэмжигдэх их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Латин Америктаа тэргүүлжээ. 200 гаруй сая хүн амтай энэ орны нүсэр том зах зээл гадныхны сонирхлыг мэдээжийн хэрэг татсан байж таараа. Гэхдээ засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд явуулсан бодлого нь дээрх амжилтад хүрэхэд хамгийн ихээр нөлөөлсөн юм. Гадаадынхны хөрөнгийн ихэнх хэсэг нь эрчим хүч, харилцаа холбоо, санхүүгийн салбарт оржээ. 
Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтыг цөмийн эрчим хүч, сансарын техник, дотоодын агаарын тээвэр, ашигт малтмалын ордуудыг ашиглах, сонин хэвлэл, радио телевиз, шуудан, эрүүлийг хамгаалах зэрэг салбарт оруулахыг хязгаарлаж, зарим талаар бүрмөсөн хориглосон аж. Бразил бол бусад оронтой харьцуулахад хөрөнгө оруулалтыг татахын тулд янз бүрийн тусгай хөнгөлөлт, урамшуулал зарладаггүй, харин бүтцийн өөрчлөлт, либералчлал, хувьчлалыг явуулснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж чадсан гэдгээрээ үлгэр жишээ болж байгаа юм. Татварын хийгээд бусад хөнгөлөлтүүдийг олгохдоо компаниудыг гадаадын, дотоодын гэж ангилдаггүй аж. Холбооны улсын түвшинд ч, мужийн түвшинд ч хөрөнгө оруулалтыг хариуцсан ямар нэгэн агентлаг байдаггүй гэнэ. 
Бразилчууд харьцангуй буурай бүс нутгууд болох зүүн хойд хэсгийн Амазон мөрний сав газрыг хөгжүүлэхийн тулд “бүс нутгийн урамшуулал” гэдгийг санаачилсан нь ихээхэн үр дүнд хүрч, гадаадын компаниуд Манаус хэмээх чөлөөт худалдааны бүс рүү “ханарч” байна. 
“Манаус” чөлөөт худалдааны бүс нь Амазон мөрний эргийн Манаус боомтод аж үйлдвэрийн парк хэлбэрээр байгуулагдсан ба гадаадаас эд ангиудыг нь авчран радио хүлээн авагч, телевизор, дүрс бичлэгийн магнитофон, мотоцикл зэргийг угсардаг аж. Эндэхийн 400 компанид одоогоор 50 мянган хүн ажиллаж байна.  

Словак  
Гадаадын хөрөнгө оруулалт нь Словак улсын эдийн засагт шинэтгэл хийхэд асар их үүрэг гүйцэтгэсэн байна. Зах зээлийг орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг либералчилснаар тус улс энэ тал дээр хөрш орнуудаасаа илт хоцорч байсан тэр ялгаа заагийг арилгаж чадав. 2008 оны мэдээллээс үзвэл, словакчууд 37.8 тэрбум доллароор хэмжигдэх гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан нь нэг хүнд ногдох хэмжээгээр хөрш орнуудыг ардаа хол орхив. Словакт одоо Самсунг, Сони, Пежо, КИА Хьюндай, Вольксваген, Делл зэрэг “акулууд” хэдийнэ сууршичээ. Тус улсад хүн ам болон үйлдвэр аж ахуйн газруудад ногдуулдаг орлогын албан татварын хэмжээ адилхан 19 хувь байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад илүү таатай орчныг бүрдүүлжээ гэсэн үг юм.  Үүнээс гадна:  

­Ногдол ашигт татвар ногдуулдаггүй 
­Гадаадын компаниуд дотоодын компаниудтай адил тэгш нөхцлөөр судалгаа шинжилгээ, туршилт, зохион бүтээх салбарт төрөөс баталсан хөтөлбөрүүдэд оролцдог. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг зэргийг дурдаж болно. Нэмж дурдваас, хямдруулсан үнээр газар худалдан авах, материаллаг болон материаллаг бус актив худалдан авахад санхүүгийн татаас олгох, шинээр ажлын байр бий болгоход татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт таатай нөхцлүүд бий. 2008 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тусламжийн тухай журмаар бол, хөрөнгө оруулагчид нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн төв, шуурхай удирдлагын төв, жуулчны бааз байгуулах бол Словакийн засгийн газраас тусламж хүсч болох ажээ. Гэхдээ уг тусламжийг олгохдоо хэд хэдэн зүйлийг харгалзан үздэг байна. Тухайлбал, хөрөнгө оруулах гэж буй бүс нутаг дахь ажил эрхлэлтийн түвшин, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хэмжээ, тухайн төсөл ямар төрлийн ажлын байрыг бий болгох вэ гэх мэтээр маш нарийн урьдчилан тооцоолдог. Энэ журам нь өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажилд гадны хөрөнгийг дайчлах, уг хөрөнгийг ажилгүйдэл ихтэй бүс нутгууд руу чиглүүлэх зорилгыг агуулдаг байна.
Бид дараагийн дугаартаа Энэтхэг, Польш, Ирланд, БНСУ-ын гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн улсдаа ашигтайгаар шийдэрвлэдэг талаар мэдээллэх болно.

Энэтхэг 
1991 оноос эхлэн Энэтхэг улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын орчныг чөлөөтэй болгох /либералчлах/ арга хэмжээ авах болсноор гадаадын шууд хөрөнгө оруулалт­аар хамгийн ээлтэй улс орнуудын нэг болж чаджээ.  

Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хөнгөлөлтүүд 
Энэтхэгчүүд татварын тал дээр гадныханд дорвитой хөнгөлөлт эдлүүлдэг. Жишээлбэл, ашгийн татвар дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд 35 хувь байдгийн дээр 2.5 хувийн нэмэлт татвар төлдөг бол харин гадны компаниуд үндсэн татварын 40 хувийг л төлдөг аж. 
Түүнээс гадна, Энэтхэгийн эрх баригчид мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалт татахын тулд 10 жилийн турш гадныхнаас татвар авахгүйгээр шийджээ. Мөн зам барих, усжуулалтын байгууламж, усан хангамж, хатуу хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг дэд бүтцийн салбарт хэрэгжиж буй төслүүдийг 10 жилийн хугацаанд татвараас бүрэн чөлөөлдөг аж. Харин үндэсний аюулгүй байдлын эрх ашиг хийгээд улс төрийн зарим шалтгаанаар бөөний худалдаа, цөмийн эрчим хүч, хонжворт тоглоом, хөдөө аж ахуй гэсэн хэд хэдэн салбар гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хаалттай. 
Татварын таатай нөхцлийн хувьд Эдийн засгийн чөлөөт бүсүүд нь хөрөнгө оруулагчдын хувьд жинхэнэ диваажин ажээ. Одоогийн байдлаар тус улсын томоохон боомтуудаас холгүй газарт Гужарат, Мумбай, Нойда, Калькутта, Ченнаи, Вишакхапатнам гэсэн хэд хэдэн эдийн засгийн чөлөөт бүсүүд ажиллаж байна. Экспортыг өргөжүүлэх таатай нөхцлийг бий болгохын тулд байгуулсан эдгээр бүст ажиллаж буй үйлдвэрүүд 15 жилийн хугацаанд татвараас 50­-100 хувь чөлөөлөгддөг байна. 
Тодруулбал, эхний таван жилийн хугацаанд экспортын орлогын татвараас 100 хувь чөлөөлөгддөг бол дараагийн таван жилд 50  хувь, түүний дараагийн таван жилд мөн адил 50 хувиар татварын хөнгөлөлт эдэлнэ. Гэхдээ эдийн засгийн чөлөөт бүсийн талаар явуулж буй Энэтхэгийн эрх баригчдын “хэт харж үзсэн” бодлого хэр оновчтой вэ гэдэг дээр багагүй шүүмжлэл өрнөдөг гэнэ. Зарим судлаачдын дүгнэлтээр бол хэтэрхий олон тооны, онцын шаардлагагүй дээрх хөнгөлөлтүүдийн улмаас улсын санд орох боломжтой байсан 1.7 тэрбум долларыг алдсан гэх тооцоо гарчээ.
Гэсэн хэдий ч 2007-2012 оны хугацаанд Энэтхэг улсад 326.1 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт­ орж ирсэн ба гадаадынхны оролцоотой төслийн тоо таван мянгад хүрчээ. 2012 онд гэхэд, дэлхий даяар хийгдсэн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 5.5 хувь Энэтхэгийг чиглэж байлаа. Тус улс төслийн тоогоор АНУ, Хятад, Их Британийн дараа дөрөвдүгээрт орж байсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бий болгож чадсаныг харуулна. Төслүүдийн 21.6 хувь нь программ хангамж, мэдээллийн технологиийн үйлчилгээ, харилцаа холбоо, хагас дамжуулагч ба цахим төхөөрөмжийн эд ангийн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжижээ.  
Энэтхэгтэй холбоотой тохиолдлын тухайд хэлэхэд, аливаа татварын хөнгөлөлтүүд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт­­ын урсгалд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг тусгайлан судлах шаардлагатай байгаа юм. Мэдээжийн хэрэг, хөрөнгө оруулагчдын хувьд аль оронд татварын дарамт бага байна гэдгийг байнга л ажиглаж байгаа. Иймээс татварын ачаалал болон гадаадын хөрөнгө оруулалтын мэдрэг байдлын хооронд ямар харилцан хамаарал байдаг вэ гэдэг талаар тодорхой судалгаанууд хийгдсээр байгаа юм. Нэгэн судалгаанаас иш татахад, татварын хэмжээ нэг хувиар өсөхөд гадаадын шууд хөрөнгө оруулалт­­ын хэмжээ 3.7 хувиар буурдаг гэсэн тоо гарчээ. Гэхдээ тухайн улс орны онцлогоос хамааран эл бууралт 0­5 хувь хүртэл хэлбэлзэж болох гэнэ.  

Польш
Тус улс 1990 оноос хойшхи хугацаанд 120 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгийг татаж чаджээ. Польшууд хөрөнгө оруулалтын орчноо алхам алхамаар сайжруулан тухайлбал, татварын ачааллыг бууруулах, валютын зохицуулалтын тал дээр хууль тогтоомж, дүрэм журмаа  хялбарчилж, дампуурлын тухай хуулиа боловсронгуй болгож, эдийн засгийн зарим салбарт зохицуулалтыг хялбарчилсны үр дүнд Европ тив дэх гадаадын хөрөнгө оруулалтыг татах “соронз” болж чаджээ. Өдгөө Польшид гадаадын компаниудын үйл ажиллагаа болон зах зээлд нэвтрэхэд нь ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Гэхдээ радио, телевиз, агаарын тээвэр зэрэг зарим салбарт “гадаадын капиталыг дүрмийн санд оруулж болохгүй” гэсэн заалт бий.
Польш улс гадаадын хөрөнгө оруулагчдад дараах хөнгөлөлтүүдийг үзүүлдэг байна. Үүнд:  
-Эдийн засгийн чөлөөт бүс дэх хөрөнгөнд ногдуулах татвар ба ашгийн татвараас чөлөөлөх 
-Хөрөнгө оруулалтын зардлын 50 хүртэлх хувийг нөхөх хэмжээний мөнгөн урамшуулал /грант/
-Ажиллах хүчнийг ажиллуулсны мөнгөн урамшуулал /нэг ажилтанд 5 мянган евро/
-Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажилд олгох мөнгөн урамшуулал 
-Байгаль орчныг хамгаалах, сургалт явуулах, логистик ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход зориулсан мөнгөн урамшуулал 
-Хөрөнгө оруулалтад шаардлагатай газар ба объектуудыг хөнгөлөлттэй үнээр худалдах 
-Технологи худалдан авсантай холбоотой төрийн банкинд төлөх өрийг хэсэгчлэн өршөөх 
-Шинэ технологи гарган авах, худалдан авахад зориулсан төрөл бүрийн хөнгөлөлтүүд зэргийг дурдаж болно. 

БНСУ
Тус улс 1998 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар нэлээд давшингуй бодлого явуулж байна. Зорилго нь гэвэл, Хятад болон Сингапур руу урсаж буй хөрөнгө оруулалтын зарим хэсгийг өөртөө татах явдал. 
Ингэснээр 2001­-2007 оны хооронд Өмнөд Солонгосын эдийн засагт жил бүр дунджаар 10 тэрбум ам.долларын хөрөнгө гаднаас орж ирж байлаа. Хөрөнгийн ихэнх нь электроникийн салбарт, тодруулбал, шингэн кристалл дэлгэц болон телевизор үйлдвэрлэл, химийн аж үйлдвэрт оржээ. Нийт гадаадын шууд хөрөнгө оруулалын урсгалын 38 хувь нь аж үйлдвэрийн салбарт, 60 хувь нь үйлчилгээний салбарыг /эрүүл мэнд, ус сувгийн байгууламж, хог хаягдлыг тээвэрлэх гэх мэт/ чиглэсэн байна.   
Сүүлийн жилүүдэд Солонгосын хойгт сөргөлдөгч талууд яриа хэлцээ хийж, геополитикийн эрсдэлүүд багасч, компьютерийн ой санамжийн чип ба нефть-химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт тогтвортой өсч байгаагаас үүдэн Өмнөд Солонгост хөрөнгө оруулах гэсэн гадаадынхны сонирхол нэмэгдсээр байна. 
Тухайлбал, 2018 онд Өмнөд Солонгосыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 23.04 тэрбум долларт хүрсэн нь 2017 оныхоос /22.94 тэрбум/ өсчээ. Америкийн компаниуд өндөр технологийн салбарт, тодруулбал, Өмнөд Солонгосын технологийн стартап компаниудад түлхүү хөрөнгө оруулсан ба 2018 онд үнийн дүн нь 5.1 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оныхоос 37 хувиар өссөн үзүүлэлт юм. 
Энэ нь АНУ, БНСУ хоёр 2012 онд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсантай холбоотой. Өнөөдөр АНУ нь Өмнөд Солонгосын эдийн засагт хөрөнгө оруулагч гол улсуудын нэг болсон бол Европын Холбооны хөрөнгийн урсгал 24.4 хувиар огцом өсч, жилийн дүнгээр 7.1 тэрбум долларт хүрсэн байна. 
Өмнөд солонгосчууд ирээдүйтэй өндөр технологийн салбараа хөгжүүлэхийн тулд барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа юм. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулж буй хөрөнгийн хэмжээгээр тус улс АНУ, Хятад, Япон, Германы дараа дэлхийд тавдугаарт орж байна. Үүний сацуу, ихэнхдээ үйлчилгээний салбар руу чиглэсэн Хятадын хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, 2018 онд гэхэд 2.56 тэрбум долларт хүрсэн байна.  
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд Өмнөд Солонгосын засгийн газар түрээсийн төлбөрийг бууруулах, өндөр технологийн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс мөнгөн тэтгэлэг хэлбэрээр урамшуулал олгох зэрэг арга хэмжээ авч байна. Зарим тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалтыг гаалийн татвар, НӨАТ болон импортын барааны тусгай төрлийн татвараас 1-3 жилийн хугацаанд чөлөөлөх жишээтэй.  

Ирланд
Гадаадын шууд хөрөнгө оруулалт­ыг татах талаар авсан эрчимтэй арга хэмжээний үр дүнд 1998-2008 оны хоорондох 10 жилийн хугацаанд Гадаадын шууд хөрөнгө оруулалт­ын хэмжээ 53 тэрбум еврогоос 131 тэрбум евро болж өссөнөөр эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, тус орон “Кельтийн бар” гэгдэх болов. 
Ирландчууд юун түрүүнд өндөр технологийн салбарт, өндөр мэргэжлийн ажиллах хүчин шаардагддаг салбарт нэвтэрч буй гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн байна. 2008 онд тус оронд 108 төсөл хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн зуучлал, программ хангамж, эмийн үйлдвэрлэл, судалгаан багаж хэрэгсэл үйлдвэрийн салбарт 6300 ажлын байр шинээр бий болжээ. Ирландад Yahoo, Google, Amazon, Microsoft, IBM, Citibank зэрэг нэртэй пүүсүүд нэгэнт төвхнөжээ.  Ирландын үйлдвэрлэлийн хөгжлийн захиргаа /The Industrial Development Authority of Ireland (IDA Ireland) бол тус орныг чиглэсэн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг хариуцсан гол байгууллага юм. Ирланд улс гадны хөрөнгө оруулалтад ээлтэй байдаг гол шалтгаанууд гэвэл гадаад, дотоод хэмээн ялгалгүйгээр ашгийн татварын хэмжээг багаар тогтоосон /12.5%/, англи хэлээр ярьдаг, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчин, ажил олгогчид болон үйлдвэрчний эвлэлүүдийн хоорондын харилцаа хэвийн сайн, засгийн газар нь бизнесийг ихэд дэмждэг, хууль, шүүхийн тогтолцоо нь ил тод байдаг зэргийг дурдаж болно. 
Түүнээс гадна, Ирландын засгийн газар тоног төхөөрөмж, газар, барилга байгууламж худалдан авах, ажиллах хүчнээ сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил зэрэгт зориулан хөрөнгө оруулагч нарт мөнгөн тэтгэлэг /grant/ хэлбэрээр урамшуулал олгодог байна. Гадаад, дотоодын компаниуд эрх баригчдаас дэмжлэг хүссэн санал хүсэлтээ Үйлдвэрлэлийг хөгжүүлэх захиргаанд /IDA Ireland/ гаргана. Нөгөөтэйгүүр, харилцан тохиролцсон хугацаанаас /мөнгөн тусламж олгосноос хойшхи 10 жил/ өмнө тухайн компани татан буугдсан тохиолдолд тусламжаар авсан мөнгөө эргүүлэн өгнө гэсэн баталгааг гаргах ёстой.  
Гадаадын хөрөнгө оруулагчдыг Ирланд руу соронз мэт татаж буй өөр нэгэн хүчин зүйл бол тэдэнд Байнга оршин суух эрх олгодог явдал юм. Энэ эрхийг авснаар тус улсад амьдарч, сурч, бизнес эрхлэх боломжтой. 2012 онд Ирландын засгийн газар Хөрөнгө оруулагчийн цагаачлалын хөтөлбөр /The Immigrant Investor Programme, IIP/ гэдгийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 
Байнга оршин суух эрхийг авахын тулд хөрөнгө оруулалтын дараах хувилбаруудаас нэгийг нь сонгох хэрэгтэй. 
1.Үйлдвэр аж ахуйн газарт 1 сая еврогоос дээш хэмжээний хөрөнгийг дор хаяж 3 жилийн хугацаатай оруулах 
2.Хөрөнгө оруулалтын санд 1 сая еврогоос дээш хэмжээний хөрөнгийг дор хаяж 3 жилийн хугацаатай оруулах 
3.Ирландын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Үл хөдлөх хөрөнгийн санд дор хаяж 2 сая еврогийн хөрөнгө оруулах 
4.500 мянган еврогийн сайн үйлсийн хандив өргөх   
Гадаадын иргэдийн хувьд маш чухал нэгэн онцлог давуу талыг дурдахад, хөрөнгөө оруулахаасаа өмнө Байнга оршин суух эрх хүссэн бичиг баримтуудаа бүрдүүлж өгөх бөгөөд оршин суух зөвшөөрөл олгох баталгааг Ирландын зохих байгууллагаас авсныхаа дараа та мөнгөө үйлдвэр аж ахуйн газар эсвэл хөрөнгө оруулалтын санд оруулж болно.   

ШЕННОН ДАХЬ ЭКСПОРТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮС (ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС)
Энэ бүс 1957 онд байгуулагдсан бөгөөд өдгөө тэнд долоон мянга орчим хүн ажиллаж байна. Сансарын техник, программ хангамж, санхүүгийн үйлчилгээ, эмийн үйлдвэрлэл, электроникийн салбарууд энэ бүст зонхилдог. Ашгийн татвар нь 12.5 хувь, Европын Холбооны гишүүн бус орнуудаас экспортолж буй барааг татваргүйгээр оруулах, бүсээс Европын холбооны гишүүн бус орнуудад экспортод татвар ногдуулахгүй, импортын бараанаас НӨАТ авдаггүй, ажиллах хүч хөлслөн авах, эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах, тоног төхөөрөмж худалдан авахад нь мөнгөн дэмжлэг /грант/ үзүүлэх зэрэг олон төрлийн хөнгөлөлтийг Шенноны эдийн засгийн чөлөөт бүст /ЭЗЧБ/ ажиллаж буй компаниуд эдэлдэг ажээ. 
Харин Монгол Улс бол жижигхэн орон гэдгийг харгалзан үзвээс, эдийн засгийн чөлөөт бүсийг олноор байгуулах нь зохистой юу, үгүй юу гэдгийг маш нухацтай судлах хэрэгтэй. Учир нь, дотоодын хөрөнгө оруулалт гадагшаа гарангуутаа ЭЗЧБ-ийн хөнгөлөлтийг эдлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр буцаад ороод ирэх магадлалтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.