НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

А.Ариунзаяа: Статистик бол нийгмийн толь, тоогоор илэрхийлсэн эмчийн онош

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-01-15 13:00:49 GMT +8 / | 6457 удаа уншсан

 

Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Үндэсний статистикийн хорооны дарга Аюушийн Ариунзаяа уригдлаа. Бид ҮСХ-ны 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2020 онд хийгдэх ажлуудыг онцлон ярилцлаа. А.Ариунзаяатай хийсэн ярилцлагыг “Open door” сонины уншигч түмэндээ толилуулж байна.  А.Ариунзаяа Улаанбаатар хотод төрж, Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийг дүүргээд ХБНГУ-ын Халле (Halle college) коллежийг герман хэл судлалын мэргэжлээр төгсжээ. Англи, герман, орос хэлний мэдлэгтэй. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр ХБНГУ-ын Ханновэр Их сургуулийг нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй, Монгол улсын Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг бизнесийн удирдлагын магистрын ангийг тус тус суралцан  төгсжээ. Мөн Монгол Улсын ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийг бизнесийн удирдлагын менежментийн чиглэлээр суралцаж төгссөн, АНУ-ын Жорж Тауны Их сургуулийн дэргэдэх Олон улсын Хуулийн институтийн “Олон улсын манлайлал, менежмент” болон “Олон улсын хэлцэл, хэлэлцээрийн зохицуулалт”-аар мэргэжил дээшлүүлжээ. "Монгол Даатгал" ХХК-д 2005-2013 онд хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд МАН-ын намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргын ажлыг хашиж байв. 
УИХ-аас 2016 оны долоодугаар сард А.Ариунзаяаг Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны даргаар томилжээ. Үндсэн ажил үүрэгтэй уялдуулан албан ёсны статистикийн үйл ажиллагаанд статистикийн түншлэл, шинэчлэл, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг чиглэлээр олон улсын байгууллагуудын үүрэгт ажлуудыг давхар гүйцэтгэдэг ажил хэрэгч бүсгүй юм байна. Тухайлбал, НҮБ-ын статистикийн комиссын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дээд түвшний ажлын хэсгийн дарга, Америк, Ази, Номхон далайн үндэсний тооллого, статистикийн дарга нарын холбоо /ANCSDAAP/-ны 2018-2020 оны Ерөнхийлөгч болон XXI зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөлийн Тэргүүнээр сонгогдон ажилладаг гэнэ. 

-Хүн амын тооллого энэ долоо хоногт эхэллээ. Ер нь одоо цагт тооллого хийх зорилго, ач холбогдол юу вэ. Иргэн хүн тооллогод хэрхэн оролцох вэ?
-Монгол Улс шинэ зууны түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа, тодруулбал, анх 1918 онд хийсэн бол удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон 2010 онуудад, завсрын тооллогыг 2015 онд явуулсан. Сүүлийн дөрвөн тооллогыг орон сууцны тооллоготой хамтатган зохион байгуулсан юм. Хүн ам, орон сууцны тооллого нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа нийт хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн мэдээллийг цуглуулж, боловсруулан шинжилгээ судалгаа хийх зорилготой. Хүн ам, орон сууцны тооллогоор цуглуулсан мэдээлэл нь хүн ам, тэдний амьдарч буй орон байрны ахуйн нөхцөлийн талаар олон талт мэдээллийг өгдөг бөгөөд түүнийг нийгэм, эдийн засгийн төлөвлөлт, бодлого боловсруулахад өргөн хэрэглэх статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын өсөлт, хөгжлийг хангах, хүн амын ахуйн нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа зэргийг төлөвлөхөд хүн амын талаарх одоогийн мэдээллийн санг улам баяжуулах, улмаар илүү өргөн мэдээлэл бий болгохыг зүй ёсоор шаардаж байна. Хүн ам, орон сууцны ээлжит 2020 оны тооллого нь энэхүү хэрэгцээг хангах мэдээллийн санг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иргэд 2019 онд буюу тооллогын тов хүртэл байнга оршин суугаа засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хорооны Засаг даргын ажлын байранд очиж, “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-д байгаа өрхийн мэдээллээ шалгаж, шинэчлэх ажлыг хийсэн. Иргэн биеэр баг, хорооны Засаг даргын ажлын байранд очих боломжгүй бол www.registration.nso.mn холбоосоор орж өөрийн болон өрхийн гишүүдийн мэдээллийг шалгаж засварлах боломжийг давхар олгосон. Тооллогын мэдээлэл цуглуулах үеэр буюу 2020 оны 1-р сарын 9-өөс 15-ны хооронд ХАОСТ-ын товчооны тоологчийг өрхөд очиход өрхийн гишүүд өөрсдийн тухай үнэн зөв, бүрэн мэдээллээ өгч Хүн ам, орон сууцны ээлжит тооллогод оролцоно. Энэ удаагийн тооллого орон зайн мэдээллийн системийг мөн ашиглах тул өнгөрсөн жил зохион байгуулсан “Байшин, орон сууцны тооллогын мэдээлэл”-тэй уялдуулна. Тооллогод хамрагдах нийт өрхийн 10 хувийн мэдээллийг дэлгэрэнгүй асуулга буюу таблет болон цаасан асуулгаар, үлдсэн 90 хувийн мэдээллийг богино асуулга буюу интернэт, төрийн байгууллыг мэдээллийн сангуудад тулгуурлан бүртгэлд суурилан цуглуулна. 
-Тэгвэл гадаадад байгаа монголчууд уг тооллогод хамрагдах боломжтой юу?
-Тооллогын үе шат бүрд мэдээллийн технологийн ололт, дэвшлийг өргөн ашиглана. 2020 оны тооллогод анх удаагаа мэдээлэл цуглуулалтын хосолмол аргыг ашиглан зохион байгуулах гэж байна. Ингэснээр гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг интернэтээр, цахим бүртгэл, мэдээллийн сангаар тоолно. Өөрөөр хэлбэл Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг зохион байгуулж явуулахдаа Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 5 дугаар зүйлд заасан “хүн бүрийг нэг бүрчлэн тоолно” гэсэн зарчмыг мөрдлөг болгоно.  
-Байшин орон сууцны тооллого явуулсан гэлээ. Саяхан Мал, тэжээвэр амьтдын тооллого ч мөн явуулсан байсан. Өнгөрсөн жил ер нь хэр ачаалалтай жил байв. 
-Статистик бол хүний амьдралын, ер нь нийгмийн толь шүү дээ. (Инээв...) Бидний ажил дуусашгүй, байнга ундарч байдаг. 95 жилийн түүхтэй байгууллага маань хуулиар хүлээсэн үүргийн дагуу албан ёсны статистикийн 48 багц нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, 36 салбарын 770 гаруй үзүүлэлтээс гадна 10 тооллого судалгааг явуулах чиг үүрэгтэй. Өнгөрсөн жил шинээр анх удаагаа “Байшин орон сууцны тооллого”-ыг бүсчлэн зохион байгуулсан. Мөн үүнээс гадна “Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн судалгаа”, “Томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны судалгаа”, “Олон хэмжээст ядуурлын үзүүлэлтүүдийг сонгох туршилтын судалгаа”, “Хүн ам, орон сууцны туршилтын тооллого”, “Албан бус секторын судалгаа”-г явуулав. Эдгээр түүвэр судалгаа, тооллого нь шинэ үзүүлэлт, аргачлалаар шинэчлэгдэн сайжирсан юм. Мөн “Ядуурлын тооцоо”, “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”, “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”, “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны судалгаа” зэрэг зарим түүвэр судалгааны үр дүнг нь зарласан. Судалгааны тайлан, үр дүнг зөвхөн боловсруулаад хэвлэн нийтлээд орхисонгүй. Улс орон даяар явж уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж статистикийн мэдээллийг хэрэглэгч болон энэ судалгааны дүнг заавал мэдэж байх ёстой бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нартай биечлэн уулзаж, дэлгэрэнгүй тайлбарлаж танилцууллаа. Шийдвэр гаргагчид ирээдүйг харсан хөгжлийн бодлого, асуудлыг шийдэх шийдвэртээ эдгээр судалгааны үр дүнг заавал ашиглаж, тусгаж байж оновчтой зөв шийдвэр гаргана гэдэг үүднээс эдгээр ажлыг зохион байгуулдаг. Түүнчлэн тэдэнд хөрөнгө төсвөө зөв, зүй зохистой зарцуулахад ч зайлшгүй дэм түлхэц болно.
-Танай "1212.mn" цахим хуудас нэлээд сайжирсан байсан. Уг нь энэ хэмжээгээр олон нийтийн хэрэглээ ч нэмэгдэх ёстой...
-Статистикийн мэдээллийг нэг дороос шуурхай авах боломжийг бүрдүүлж, "MonStat" болон "EzStat" аппликейшныг "1212.mn" нэртэйгээр шинэчлэн, тухай бүр баяжуулан ажиллаж байна. "1212.mn" хуудсыг шинэчлэн хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болгосноор хэрэглэгчдийн хандалтыг тав дахин өсгөж чадсан билээ. “DATA LAB” буланг шинээр тохижуулж, таблет, компьютерыг суурилуулан хэрэглэгчид статистикийн мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэн 9 тооллого, судалгааны 56 төрлийн мэдээллийг байршуулсан. Өнгөрсөн онд статистикийн жилийн эмхэтгэлийн агуулгыг өөрчлөн сайжруулж, "QR" кодыг нэвтрүүлснээр хэрэглэгч хавсралт хүснэгтийг цахим хэлбэрээр татан авч ашиглах боломжтой болгосон нь олны талархлыг хүртэх төдийгүй хэрэглэгчдийн тоог эрс нэмэгдүүлж байна.
-Статистикийн мэдээлэл сүүлийн үед манайд нэлээн нээлттэй олонд хүрч байна. Өнөө цагийн хүмүүс чинь статистикийг их сонирхдог болжээ. Энэ тал дээр ч Та твиттер, фэйсбүүкаар их өргөн мэдээлэх юм. Үүний ач холбогдол их л байдаг байх даа.
-Дэлхий нийтээрээ олон нийтийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр статистикийн бодит тоо баримтыг аль болгох дэлгэрүүлэх, олны хүртээл болгох хандлага эрмэлзэл буй. Яагаад гэвэл статистик шийдвэр гаргахад ямагт “тусалдаг”, зайлшгүй хэрэгцээтэй болдог. Маш олон сувгаар маш олон хяналтгүй, бодитой бус мэдээлэл явж байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж ярьдаг даа. Мэдэхгүй юмнаасаа айх, хардах гээд олон зовлон бий шүү дээ. Манай статистикийн байгууллага 95 жилийн түүхтэй байгууллага. Энэ утгаараа олон улсын хэмжээнд ч айхтар нэр хүндтэй. 95 жилийн туршлага, мэргэжил, мэргэшлийн гараар дамжиж байгаа энэ мэдээлэл ашиглагдахгүй байвал, буруу ойлгогдвол, хаалттай байвал энэ их ажлын үнэ цэн нь хаана байх билээ?! Иймд статистикийн байгууллага буруу зөрүү мэдээллийг няцааж үнэн зөвийг нь шуурхай хүргэж байх ёстой. 

Гадаадад урт хугацаагаар амьдрах иргэдээ интернэтээр бүртгэдэг боллоо


-Лидерлэж явах ёстой гэсэн үг юм аа?
-Чухамдаа тийм. Бид тод дуугарах ёстой. Ойлгомжтой хүргэх ёстой. Шинжлэх ухааны аргачлалаар бий болсон мэдээлэл нь хуурмаг мэдээллээ "цохиж" байх ёстой. 
-Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид цаг үетэйгээ хөл нийлүүлж чадаж байна уу?
-Статистикийн мэдээллийг бодит байдалд нийцсэн, шуурхай байхыг хэрэглэгчид шаарддаг. Бид өөрсдийн үйл ажиллагааны хязгаарлагдмал төсөв, хөрөнгө, тоног төхөөрөмж, хүн хүч, давчуу цаг хугацааг мэдээллийн технологийн дэвшлээр зохицуулж, үр дүнтэй ажиллахыг ихэд чармайж хичээдэг. Юуны түрүүн уламжлалт арга барил буюу хүн хүч, хөрөнгө зардал, цаг хугацаа маш их зарцуулдаг цаасан маягтаар мэдээлэл цуглуулах арга барилаас татгалзаж, цахим хуудсаар, таблетаар мэдээлэл цуглуулдаг болсон. Өнгөрсөн 2019 онд дахин нэг дэвшил гаргасан нь мэдээлэгч түүвэр судалгааны мэдээллийг гар утсаар өгдөг боллоо. Албан ёсны статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг иж бүрэн ашиглахын тулд бид тооллого судалгаа, мэдээг цуглуулах үйл ажиллагаанд шинээр программ зохиож, шинэчлэн сайжруулж байна. Статистикийн мэдээллийн нэгдсэн санг төрийн мэдээллийн нэгдсэн "ХУР" сүлжээнд холбон аюулгүй байдлыг ханган тус сүлжээгээр төрийн 10 байгууллагатай мэдээлэл харилцан солилцон ажиллаж байна. Жишээ нь, НӨАТ-ын урамшууллын системийн мэдээллийг албан ёсны статистикт ашиглах боломжийг бий болгов. НӨАТ-ийн мэдээллийг бид бизнес регистр, үнэ, өрх, нийгэм, эдийн засгийн судалгаа, үндэсний тооцооны мэдээ, тайлан, мөн бусад статистикийн үзүүлэлтүүдэд ашиглана.Түүнчлэн бид “Нэг иргэн, Нэг бүртгэл” буюу ҮСХ, ЭМЯ, УБЕГ хамтран төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгож нэг ч хүүхдийг орхигдуулахгүй бүртгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. ҮСХ-ны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг байгуулан гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй иргэдээ интернэтээр бүртгэдэг боллоо. 
-Монголчууд статистик гэхээр ойлгодоггүй, худлаа тоо зарласан гэдэг. Жишээ нь Малын тоо, дундаж цалин. Та энэ талаар юу гэж боддог вэ? 
-Статистик бол шинжлэх ухаан. Тэр тусмаа статистик нь өөрөө мэдээллийг боловсруулж нөхцөл байдлыг бодитоор дүрсэлдэг шинжлэх ухааны арга юм. Иймд статистикийн мэдээлэлд эргэлзэх шаардлагагүй. ҮСХ-ноос хагас жил тутамд малын, харин жилийн эцэст “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг зохион байгуулдаг. Малын тоо 2019 онд 70 сая болж, өссөн тоо гарсан. Хамгийн урт хугацаанд Монгол Улсын эдийн засгийн үндэс болж байсан мал аж ахуйн салбарын статистик мэдээллийг аймаг, сум, багийн Засаг дарга нар хариуцдаг. Ялангуяа жил бүрийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг Засгийн газар болон аймаг, нийслэлийн, засаг захиргааны нэгж бүрийн Засаг дарга, түүний орлогч нарын удирдсан комисс зохион байгуулдаг. Статистикийн байгууллага тэдэнд тооллогыг зохион байгуулахад нь мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөө өгч, дэмжин тусалж, мэдээллийг нь нэгтгэн боловсруулж өгдөг. Дэмжин туслахын зэрэгцээ тэдгээр комиссын цуглуулсан тооллогын мэдээллийг байнга хянаж шалгадаг. Мал, тэжээвэр амьтдын тооллогын дүн мэдээ буруу гарч Засгийн газар, орон нутгийн захирагч нарын хөгжлийн бодлого, шийдвэрт сөргөөр нөлөөлсөн тохиолдол манай үйл ажиллагааны түүхэнд огт гарч байгаагүй.ҮСХ-ноос малын тооллогыг захиргааны мэдээлэлд буюу бүртгэлд шилжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна. Бид энэ чиглэлээр ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байна. Малын тооллоготой уялдуулж хэлэхэд малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд малын чанарын талаар их ярьж санаа зовниж байна. Бэлчээрийн даац, байгаль орчны асуудал гэж анхаарахгүй байж болохгүй асуудлууд байгаа учраас малын хөлийн татварын асуудлыг малчид өөрсдөө дэвшүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Бид ч эдгээр анхаарал татахуйц асуудлуудыг хөндсөн статистикийн үзүүлэлт, мэдээллийг ч бий болгох ажлыг холбогдох байгууллага, ажилтнуудтай хамтран хийж байна.
-Манайхан статистикийн тоо баримт эрх баригчдын хүсэл эрмэлзэлд тааруулсан тоо баримт гаргаад байна аа гэж хардаж шүүмжилдэг. Бид чинь хүн ам цөөтэй ч хэл ам ихтэй ард олон шүү дээ...
-Статистик өөрөө математикийн шинжлэх ухаанд суурилсан бие даасан онол, аргачлал арга зүйтэй. Монгол улсад статистикийн үйл ажиллагаа Статистикийн тухай тусгай хуулийн дагуу зохион байгуулагдаж хэрэгждэг. Хуулиараа улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны талаарх шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн, байгууллагад адил тэгш үйлчлэх эрхэм зорилго бүхий төрийн байгууллага. Статистикийн байгууллага хуулийнхаа чадамжаар ч тэр улс төрөөс хараат бус. Дээр хэлсэнчлэн статистик бол өөрөө худлаа хэлэхгүй. Харин статистик мэдээллийг буруу ашигладаг. Олон улсын түвшинд зөвхөн Монгол Улсын ҮСХ-ны боловсруулсан статистик мэдээллийг л ашиглаж байна. Монгол Улсын статистикийн байгууллага мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинжлэн судлах, тархаах зэрэг албан ёсны статистикийн үйл ажиллагааг НҮБ-ийн статистикийн комиссоос, олон улсын байгууллагуудаас баталсан, зөвшөөрсөн нэгдсэн аргачлалын дагуу зохион байгуулж хэрэгжүүлдэг. Олон улсын аргачлалыг ашиглаж байгаа тул Монгол Улсыг бусад улс орнуудтай харьцуулж чадаж байна. Олон улсын тэр байгууллагууд өөрсдийн аргачлалаа зөв хэрэглэж байгаа эсэхийг байнга хянадаг учраас бид худлаа тоо гаргах боломжгүй. Цөөхөн хүмүүс л албан ёсны статистикийн мэдээллийг ойлгохгүй, эсвэл албаар гуйвуулах зэргээр бусдад "Статистик худлаа байна аа" гэсэн ойлголтыг төрүүлдэг. Тоймлон хэлэхэд статистикийн байгууллагатай ижил үйл ажиллагаа буюу нэг аргачлалаар судалгаа явуулж мэдээлэл цуглуулж, тооцоолж байж алдаа, мэдээллийн зөрүүг ярих учиртай.  Жишээ нь дундаж цалинг ганцхан өгүүлбэрээр ойлгож болохгүй шүү дээ. Нэг сая төгрөг гээд. Би тийм цалин авдаггүй гэдэг ч юм уу.

Статистик бол шинжлэх ухаан


-Жирийн хүн дундаж цалингаа яаж ойлгох ёстой вэ?
-Наад зах нь дундаж цалингийн мэдээг бүтнээр нь авч унших ёстой. Жишээ нь 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 42000 аж ахуйн нэгж, байгууллага НДШ төлсөн байна. Ажил эрхэлж буй 685 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг юм байна. НДШ төлж байгаа буюу аливаа суутгалаас өмнөх үндсэн цалин, урамшуулал зэрэг бусад цалин гэж тооцож болох мөнгөн орлого л энд яригдана. Дундаж цалинг нь тооцоход 1.1 сая төгрөг болно, энэ чинь нэг ажилтанд ногдож буй цалин юм. Тэгэхээр энэ 685 мянган хүний аль хэсэгт нь та явж байна вэ гэдгээ сонирхох хэрэгтэй. Бүгд ижил цалин авдаг гэж үү гэж бодож байгаа бол мэдээгээ гүйцэд уншихад ойлгомжтой болно. Тухайн хүн 300-500 мянган төгрөгийн цалинтайд нь уу, 500-900 мянган төгрөгийнхд нь үү. Эсвэл 900 мянгаас дээшхэд нь үү гээд л. Яг ижил мэргэжил, ажил үүрэгтэй хувийн хэвшилд болон төрийн албанд ажиллаж буй хоёр хүний аль нь илүү цалинтай байна вэ гэхчлэн харна шүү дээ. Төрийн байгууллагад ажилдагсдын дундаж цалин 922 мянган төгрөг байгаа. Гэхдээ энэ чинь хэн ямар ажил эрхэлж байгаагаас хамаарч янз янз шүү дээ. Ийм л юм. Цалингийн цаана маш баялаг мэдээлэл байдаг учраас худлаа, үнэн гэж ганц өгүүлбэрээр дүгнэх аргагүй. Жишээ нь, аливаа Засгийн газрын хувьд өндөр цалинтай бүлэг нь нэмэгдэж байна уу, хүмүүсийн мөнгөн орлого өсөж байна уу гэдэг нь чухал.
-Олон улсын аргачлал уу? 
-Мэдээж хэрэг. Өчүүхэн ч эргэлзэх хэрэггүй. Статистикийн байгууллагын үйл ажиллагааны зорилго нь хэрэглэгчдийн мэдээллийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээг бүрэн хангасан, олон улсын жишигт нийцсэн, чанартай статистикийг хөгжүүлэхэд оршдог. Таны энэ асуулттай уялдуулаад би 2019 онд хийсэн зарим шинэ ажлуудаас дурдах нь зөв байх л даа. Бид олон улсад нийтлэг мөрдөгдөж буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны статистикийн арга зүйг судалж, үндэсний онцлогт тохируулсан 100 гаруй мэдээллийн маягт, зааврыг өнгөрсөн онд шинээр болон шинэчлэн боловсруулан баталж, улсын хэмжээнд ашиглаж байна. Үндэсний Статистикийн хороо 2017 оноос эхлэн ОУВС-гийн сайжруулсан, мэдээлэл тархаалтын ерөнхий стандарт /e-GDDS/-д шилжих үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлснээр Үндэсний мэдээллийн цахим санг /NSDP/ байгуулсан. Энэ мэдээллийн санд Үндэсний Статистикийн хороо,  Монголбанк, Сангийн яамны хариуцаж буй бодит сектор, төсвийн сектор, гадаад секторын нийт 22 салбарын мэдээллийг статистикийн мэдээлэл, мета мэдээллийг солилцох стандарт /SDMX/-д хөрвүүлэн, сар бүр шинэчлэн баяжилтыг хийж байна.  Эдгээр ажлыг хийж гүйцэтгэснээр 2019 оны 4 дүгээр сарын 2-нд Монгол Улс ОУВС-гийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” (SDDS)-д бүрэн шилжиж, энэ стандартыг нэвтрүүлсэн дэлхийн 76 орны нэг боллоо. Энэ ажлыг хийснээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн мэдээллийг дэлхий нийтэд хүргэж, олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байгаа юм. Мөн ТХЗ-ын үзүүлэлтүүд болон холбогдох үндэсний тооцооны данснуудыг Азийн хөгжлийн банк, ESCAP-ын дэмжлэгтэй байгуулсан. Гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж, ялангуяа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь үндэсний статистикийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи-мэдлэгийг хуваалцах өргөн боломж билээ. Үндэсний Статистикийн хороо нь олон улсын байгууллагуудтай уламжлалт харилцаагаа илүү өргөн хүрээнд урт удаан хугацаанд үргэлжлүүлэх бодлого баримталдаг. Монгол Улсын ҮСХ нь Ази, Номхон далайн бүс нутгийн статистикийн үйл ажиллагаа, олон улсын статистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож туршлага хуваалцан байр сууриа илэрхийлэхийн сацуу тодорхой чиглэлээр дээд хэмжээний таван бүлэгт, техникийн зөвлөх 11 багт гишүүнээр ажиллаж байна. Манай хоёр талт хамтын ажиллагаа ч маш өргөн хүрээнд олон улс орон болон олон улсын байгууллагуудтай явагддаг.
-Таны олон улсад хаших албан тушаалууд ч их өндөр харагдаж байна. Хэлний мэдлэг мэдээж нэмэр болж байгаа. Та бол үе дамжсан статистикч хүн. Статистикчдын дунд өссөн. Хөлд орохоосоо хаашаа л харна уу, статистикчид. (инээлдэв.) Та энэ мэргэжлийг багаасаа сонгосон уу?
-Миний суралцсан салбар бол улс төр, нийгэм судлал, түүхийн ухаан. Би энэ салбарын магистр.  Үнэнийг хэлэхэд ҮСХ-ны даргаар томилогдохоосоо өмнө статистикийн ажил хийнэ гэсэн бодол, мөрөөдөл байгаагүй, харин азтай хувь тохиол гэж хэлж болох юм. Өвөө, эмээ, ээж гурав маань статистикчид, энэ шинжлэх ухаан луу гүнзгий нэвтэрсэн хүмүүс л дээ.

Олон улсын байгууллагууд хянадаг учраас бид худлаа тоо гаргах боломжгүй


-Та чинь гурав дахь үеийн статистикч болох нь байна шүү дээ.
-Өвөө, эмээ, ээж маань бүгд статистикийн онол заадаг хүмүүс байсан. Ээж маань хичээлийн танхимдаа жаахан хүүхэд намайг авч явдаг байсан. Ухамсар суухаасаа өмнө энэ мэргэжлээр амьсгалж иржээ. (инээв.) Одоо энэ өмнө нь Батмөнх гуайн хөшөө байгаа МИУС-ийн Эдийн засгийн сургуулийн байрны босгыг хөлд орсноосоо хойш л элээсэн дээ. Одоо байшинг харахаар олон дурсамж зэрэг зэрэг босч ирдэг юм. (санаа алдав.) Хувь тавилангийн эрхээр статистикийн ажилтай холбогдлоо гэж бодож билэгшээж явдаг даа. Энд ирээд ажиллахад миний хамгийн эрхэм гурван хүний оюутан шавь нь байсан, хамт сурч, ажиллаж, багшилж байсан гээд статистикийн салбарын олон хүн намайг хүрээлж байгаад бахархалтай байдаг. 
-Улс төрийн ажил хийх болсон нь Монгол даяар нэртэй өвөөтэй холбоотой байсан юм биш үү?
-2005 онд Германд Их сургуулиа төгсөөд ирэхэд өвөө маань “Миний охин, улс төр эмэгтэй хүнд нэг ч тийм ээлтэй биш хатуу боорцог шүү дээ. Бизнес, хувийн хэвшлийн байгууллагад ажиллахгүй юу” гэж байж билээ. Миний нагац ах Жанцанг та сайн мэднэ дээ. Тэр маань ч, юун улс төр мөр, “гадаад” хүнд тохирсон ажил олж хий гэх жишээтэй хандаж байсан. (инээв.) 2005 онд ирэхээсээ өмнө дунд нь завсартайгаар 16 жил гадаадад байж байгаад ирсэн хүүхэд учраас яана даа гэж өрөвдөж л байсан байх. Орчин нөхцөлөө мэдэхгүй хэцүү шүү дээ. Найман жил Германд, Москвад багадаа байсныг тооцвол найман жил Орост байсан гэсэн үг. Аав маань худалдааны чиглэлээр хоёр ч удаа ЭСЯ-д ажилласан юм. Тэгээд л би "Монгол даатгал" компанид ажилд орж байсан юм.
-Гадаадад олон жил амьдарсан залуучуудын хувьд Монголдоо идээших гэж нэлээн зовдог асуудал байна аа. Та энэ замыг тойроогүй дайраад гарсан тул эх орон нэгтнүүддээ юу зөвлөмөөр байна.
-Та юун хүчтэй, сүртэй асуудаг юм. Эх орон нэгтэн гээд л ...(инээв.) Анх Монголд ирж байхад үнэхээр хэцүү асуудлуудтай тулгарч байсан. Хүнтэй ажил төрлийн болзоо тавилаа гэхэд 15 минутын өмнө ирээд хүлээгээд байдаг. Нөгөө хүн маань байдаггүй ээ. Тэгээд нэг хөнгөхөн шалтаг хэлээд үдээс хойш уулзъя, эсвэл маргааш уулзъя гэх жишээтэй. Монголд хоёрхон цаг байдаг. Нэг нь үдээс өмнө, нөгөө нь үдээс хойш гэдэг гээд намайг Германд байхад оюутан залуучууд шоглож ярьдаг байсан. Энийг бий тоглоом шоглоом л гэж боддог байтал нүүр тулсан шүү. Одоо харин хүмүүсийн хандлага шал өөр болжээ. Энэ баримжаагаа бариад сурчхаасай билээ.
-Герман хүн шиг биш гэхэд шинэ монгол хүн шиг гэдэг ч юм уу...
-Цаг барьдаггүй, ажил төлөвлөх аргагүй, байнга ажил хариуцсан хүмүүс нь өөрчлөгдөж байх чинь хэцүү шүү дээ. Гадаадад удаж байгаад ирсэн хүмүүсийн хэл яриа, хандлага өөр болчихсон байдаг. Намайг анх 2005 онд ирсний дараа “Зөгийн үүр” гэж төр засгаас зөв бодлого явуулсан. Гадаадад амьдарч байгаа иргэдэд хандаж эх орондоо ирж ажиллавал ажлын байраар хангана гэхчлэн нэлээн ээлтэй бодлого явсан л даа. Эх орон нь дуудсан маягтай. 

-Гадаадын мундаг сургууль төгссөн хүний тэр мундаг мэдлэгийг яаж Монголын хөрсөн дээр буулгах вэ гэдэг их хүндрэлтэй асуудал болоод байна.
-Өөрийгөө Монголоор илэрхийлж чадахгүй, бичиг баримт дээр сууж чадахгүй хүн бодлого төлөвлөхөд хэцүү шүү дээ. Энэ бэрхшээлийг давж чадахгүй эргэж гараад байгаа юм. Ер нь эх хэл дээрээ сэтгэх нь маш чухал. Өөрийн хэлээ сайн мэддэг болоод гадаад хэл рүү орох нь зөв юм болов уу гэж бодох болсон. Японд жишээ нь 12,13 нас хүртэл нь гадаад хэлээр шахдаггүй гэж дуулсан. Тэр өндөр хөгжилтэй орон учиртай л юм хийж байгаа байх. Германд ч иймэрхүү. Нөгөө талаасаа Даяаршлын энэ үед хэлгүй бол хөлгүй гэдэг шиг жижиг орны иргэд гадаад хэлийг сайн эзэмших тусам олон боломж бололцоог олдог. Иймээс төрөлх хэлээ орхигдуулалгүй гадаад хэлийг эзэмших л хэрэгтэй байгаа юм. Алтан дунджийг нь олно гэдэг шиг. Нөгөө талаас цалин хөлсийг нь голоод гараад байна. Тэгэхээр нутагшуулах загвар моделийг олж тогтоохгүй бол гадагшаа тархины урсгал хөвөрч байна. Бизнес, хувийн байгууллага болох "Монгол даатгалд" найман жил ажилласан нь миний хувьд давуу тал болсон. Даатгалын менежер болсон нь олон нийттэй харьцдаг ажил учир их дэм болсон. Олон улсын стандарт аргачлалыг нэвтрүүлэх судлах, гаднын байгууллагуудтай харьцах, давхар даатгал гэхчлэн ажил их байсан учраас аль аль талдаа болоод байсан хэрэг. 
-Гадаадад олсон мэдлэг, туршлагаа Монголын хөрсөнд буулгах л хамгийн хэцүү процесс юм байна шүү дээ.
-Америк, Японы ямар ч мундаг сургууль төгссөн бай төрийн яам, тамгын газарт шууд удирдах албан тушаалд тавихад нэг хэсэгтээ балмагдана. Хамт олон нь тэр бүрчлэн ойлгохгүй. Хүлээж авахгүй ч байж мэднэ. Монгол шүү дээ гэдэг учир тэр дадал зуршилд нь бас зохицох, зохицуулах зайлшгүй шаардлага гарна л даа. Гэхдээ энэ бол зөвхөн удаан хугацаагаар гадаадад байсан хүнд л хамаарна байх.
-Ондоошиж амжихгүй гэдэг утгаараа ч юм уу... Ерөнхийлөгчид сүүлийн төдөн жил эх орондоо байнга оршин сууж байсан хүн дэвшиж болно гэдэг бас учиртай юм байна.
-Учиртай, учиртай. (инээлдэв.) Жишээ нь, Америкт хоёрдох бараг гурав дахь үеийн монголчууд байна шүү дээ. Тэд бол нутагших, энд Монгол байгууллагад ажиллахад маш хүндрэлтэй. Гэрээгээр яваад ирсэн хүмүүсээ ажлын байраар хангах хөтөлбөрүүд боловсруулах нь чухал юм шиг байгаа юм. Тэгээд энэ маань яг миний хариуцах, миний ярих асуудал мөн үү, биш үү? Таны асуултад хөтлөгдөөд бодлоо хэллээ.(инээв.)
-За тэгвэл яриагаа эргээд Таны ажил руу оруулъя. ҮСХ-ноос 2020 онд ямар шинэ ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангасан дараах ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Одоо бид Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг (ANCSDAAP), БНСУ-ын Статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна.  Мөн өнөө цагт нийгмийн олон талт амьдралын хөгжил, хувьсал, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шинжилж, хараат бус үнэлгээ өгдөг статистикийн байгууллагын гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна. Үүнтэй уялдан үндэсний статистикийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулж, статистикийн ерөнхий үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх ажлыг бид төлөвлөж хэрэгжүүлнэ. Бид УИХ-ын 2017 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг буюу үндэсний статистикийн салбарыг хөгжүүлэх 3 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн биелэлт, үр дүнг бид ирэх жил дүгнэж, Монгол улсын статистикийн салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулна. Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилт болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үзүүлэлтүүдийн тоо мэдээлэл, мэдээллийн эх үүсвэрийг уялдуулах, зөрүүг арилгах, үндэсний түвшинд тооцсон үзүүлэлтүүдийн тоо мэдээллийг холбогдох олон улсын байгууллагуудад мэдээлэх ажлыг ҮСХ-ноос зохион байгуулна гэх мэт төлөвлөсөн олон ажлууд байгаа.
-Статистикийн олон төрлийн судалгаа, тооллогын мэдээллийг өргөн сурталчиллаа. Танай хамт олон 2019 онд чамгүй ачаалалтай ажиллаа гэсэн сэтгэгдэл төрж байна. Байгууллагын 95 жилийн ой ч тохиосон байх...
-Ер нь 95 жил болсон байгууллага Монгол Улсад маань хэр олон билээ. Энэ бол манай байгууллагын төдийгүй улсын бахархал юм. Манай өвгөд дээдэс энэ салбарын зайлшгүй чухлыг онцолж Улсын анхдугаар Үндсэн хуульд заасны дагуу 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг зургаан хүний орон тоотой анх байгуулснаар статистикийн байгууллагын суурь тавигдсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжилтэй уялдан Тоо бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, 1964 оноос албан ёсоор Статистикийн байгууллага гэж нэрлэгдэх болсон билээ. Өнөөгийн байдлаар Үндэсний Статистикийн хороо болон 21 аймаг, 9 дүүрэгт статистикийн хэлтэст, нийслэл хотод статистикийн газарт нийтдээ 320 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Үндэсний статистикийн системд бараг 3000 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Зургаан хүнтэй хэлтсээс 500 гаруй дахин олон хүнтэй хамт олон болжээ. Энэ нь статистик гэдэг орчин цагийн хүний амьдралын салшгүй хэсэг болжээ гэдгийг харуулж байна.
-Таны хэлснээр статис­тикийн ажил дуусашгүй мөнхийн ундраг юм аа даа.
-Маш олон статистик үзүүлэлтүүд, шалгуур үзүүлэлтүүд, индекс зэргийг тооцож, үндэсний тооцооны олон дансыг байгуулж байгаа боловч хэдхэн судлаач эрдэмтэд л ашиглахаас хэтрэхгүй байна. Иймд эдгээр статистикийн судалгаа, шинжилгээний ажлын ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд бид өөрсдөө үлгэрлэн олон судалгаа, танилцуулгыг бэлтгэн боловсруулж, уулзалт, сургалтыг тасралтгүй хийнэ дээ.
-Статистикийн мэдээлэл нь улс төрд өгөөжөө өгнө биз?
-Яг тийм, тийм байх ёстой, тийм байдаг. Улстөрчдийн зөв мэргэн бодлого шийдвэр статистик дээр суурилж гарна, энэ улс оронд, ард түмэнд өгөөжөө өгнө гэж яривал зөв. (инээв.) Энэ алтан дүрэм. Улс орны хэмжээнд ямар бодлого шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг нийгмийн толь, тухайн цаг үеийн толины тусгал болсон статистикаар л  гаргаж ирдэг.
-Үнэн зөв мэдээлэл дээр түшиглээгүй аливаа шийдвэр буруу гарах нь ойлгомжтой. Дайны байдлаар бол тагнуулын, тандалтын мэдээ байх нь байна шүү дээ.
-Та ямар өнцгөөс нь асууж байгаа юм бүү мэд.(инээв.) Статистик бол нийгмийн толь, тоогоор илэрхийлсэн эмчийн онош гэж бас хэлж болно. Улс орны анхаарах асуудал хаана байна вэ гэдгээ хараад түүндээ тохирсон бодлого шийдвэр гаргана гэсэн үг. Ингээд зогсохгүй гаргасан бодлогын хэрэгжилт нь хэр зэрэг явж байна, ямар үр дүн өгч байна гэдгээ бас тольдож, оношилж, засаж залруулах арга замыг нь илрүүлж өгнө. Оношоо буюу толинд тусах дүрсээ улам тод болгохын тулд статистик үзүүлэлт, түүнийг тооцох арга зүйгээ улам сайжруулна. Та толинд хараад өөрийгөө тухайн цагт ямар хүн байгааг ойлгоно шүү дээ. Тэгээд өөртөө анхаарна биз дээ?
-Тарган байвал турна гэдэг ч юм уу, бууралтсан байвал будна гэдэг ч юм уу...
-Өчигдөр ямар байв, өнөөдөр ямар болов, маргааш юуг бий болгох хэрэгтэй байна вэ, юунаас болоод яагаад ийм болчхов, юуг нь өөрчилбөл арай дээрдэхээр байна гэх мэтийн  асуултуудад зөв хариулах шинжлэх ухаан бол статистик.
-Та энэ ажлыг хийхээс өмнө МАН-ын аппаратад ажиллаж байсан. Яагаад тэнд очих болов оо? Тэнд ямар ажил бүтээсэн бэ?
-Миний өвөө П.Жасрайгийн мэндэлсний 80 насны ойгоор ач, зээ нар нь юу хийх вэ гэж хоорондоо хэлэлцдэг байсан. Би өвөөдөө нэг л онцгой хүндэтгэл үзүүлэх юм сан гэж бодож явдаг байлаа. Энэ чинь 2013 он. Өвөө маань байхгүй болоод зургаан жил болсон байв. Яагаад ч юм өвөө маань нийгэмд нэг л мартагдаад байгаа юм шиг санагдаад зарим хийсэн бүтээснийг нь хэсэг хүмүүс мушгин гуйвуулж буруушаагаад ч байх шиг юм ажиглагдсан. Сүнс гэдэг юм байдаг бол өвөөгөө баярлуулах юм сан гэж бодогдоод байв. Энэ үед МАН гурван ч удаагийн ялагдал хүлээгээд нэлээн өнгө гундуу байсан. Зарим намын гишүүд нь намаасаа дүрвээд МАХН гэж байгуулагдаад байсан үе. Хэрвээ өвөө минь байсан бол энэ бүхнийг хараад өвөөгийн маань сэтгэл их өвдөх байсан даа гэж боддог байв. Ингээд  өвөөгийнхөө намд элссэн. Би өөрөө Германд төгссөн, тэндхийн бүтээгдэхүүн учраас нийгмийн ардчилсан үзэл санаанд автсан хүн л дээ. Төр иргэдээ илүү хамгаалах социал демократ үзэл надад шингэсэн байж л дээ. Тэгээд энэ хоёр нөхцөл давхцаж элссэн хэрэг. Өвөөгийн маань нөлөө ихэнх жинг нь дарсан байх. Би хамгийн том зээ нь учир хөдөө гадаагүй өвөөгөө дагаж гар дээр нь өнхөрч өссөн хүүхэд л дээ. Иймээс МАН-аас өөр сонголт байгаагүй. Намд элсээд хэсэг хугацаа өнгөрсний дараа бид гадаадад сургууль соёл төгссөн залуучуудад боломж олгож байна. Намын аппаратад газрын даргаар ажиллах уу гэсэн урилга хүлээн авсан. 
Нам эвлэл гэсэн ямар ч бодолгүй явж байсан хүн ингэж гэнэт намын ажилтан болов шүү. Хувийн хэвшилд цаг нартай уралдаж орлого ашгийн төлөө явж байдаг нэг организмаас шал өөр төрлийн организмд ороод ирэхээр эхний үед хэцүү байсан. Нөгөө талаас нам гэдэг институци нь маш олон хүний оюун санаа, итгэл зүтгэл, үйл хөдлөл, хамтын хүч хөдөлмөр дээр босож улсын хөгжлийн бодлого, үзэл санааг гаргадаг юм байна даа гээд түүнд оролцож байсны хувьд ойлгож, энэ үйл явц нь сонирхолтой байлаа. Би Намын байгуулалт стратеги төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга, Эдийн засаг нийгмийн бодлогын газрын дарга гэсэн гурван албыг хашсан. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар нь ажилласан. Энэ хугацаанд бүх 21 аймгаар хоёр гурван удаа тойрсон. Ингэхдээ аймгуудын 336 сумын дийлэнхээр нь орсон доо. 


-Юу хийж явах вэ?
-Улс төрийн намын ажил юу байх билээ? Улс орны хөгжлийн бодлогоор уралдаж, засгийн эрхийг авч хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх л гэж улс төрийн нам оршин тогтнодог шүү дээ. Бид намын мөрийн хөтөлбөрөө сурталчлах, илүү сайжруулах талын судалгаа хийх, иргэд, гишүүдээс санал авах гээд орон нутагт ажиллах ажил их бий. Ингэж явахдаа Монгол орныхоо бүх өнгө төрх, донжийг мэдэж авснаа их олзуурхдаг. Монголд улс төрийн намуудыг цаашид улам хөгжүүлэх шаардлагатай. Үзэл баримтлалаа түшсэн, үзэл баримтлалын давшилтуудыг хийсэн, хөгжлийн бодлого дээрээ тогтсон намын хөгжил маш чухал. Намгүйгээр хөгждөг дэвшилтэт орны загвар одоогоор ертөнц дээр алга. Нэн ялангуяа парламентын засаглалтай улс оронд бид намын хөгжилд иргэд бид байнга анхаарч байх ёстой гэж боддог. Сүүлийн үед улс төрийн намуудыг үгүйсгэж байгаа нь их буруу хандлага шүү.
-Та олон улсын статистикийн байгууллагад нэр хүнтэй байр суурь эзэлдэг хүн байна. Тэнд статистикийн үзүүлэлтүүд яригддаг л байх. Зарим манай үзүүлэлт ичмээр ч юм шиг санагдана биз?
-Манай улсын эдийн засаг, нийгмийн статистик үзүүлэлтүүд бидний хөгжлийн түвшинг л бодитой илэрхийлэх тул статистикийн байгууллагын ажилтны хувьд ичиж нэрэлхээд байх зүйлгүй. Харин ч яаж эдийн засаг, нийгмийн амьдралаа сайжруулах оновчтой бодлого боловсруулахад хэрэгтэй статистик мэдээлэл, шинжилгээ судалгаа хийх билээ, тэр мэдээллийг хийх өртөг зардлын санхүүжилтийг олон улсын байгууллагаас хэрхэн олж авах вэ гэх мэтээр л бид ажиллана шүү дээ. Манай статистикийн байгууллага Ази, номхон далайн орнууддаа их дээгүүр ордог юм шүү дээ. Наад зах нь 95 жил Монгол Улс статистикийн тоо баримттай шинжлэх ухаанчаар зууралдсан байна шүү дээ. Зарим үед улс төрийн тогтолцооноос шалтгаалж зөвхөн төлөвлөгөөний биелэлт л гаргах төдийгөөр ажлыг нь хязгаарлаж байсан ч мэдээлэл цуглуулах, боловсруулах тал дээр их мэргэшсэн байгууллага юм.
-Тэр чинь суурь нь шүү дээ. Суурь үгүй бол дээвэр үгүй. 
-Манай одоо үеийн улс төрийн орчин хэцүү. Долоон буудлын Должин эмээгээс эхлээд улс төрд хошуурдагт л, хүн болгон өөрийнхөө хэмжээгээр улс төрждөгт л учир байна. Нийгмийн үзүүлэлт макро утгаараа бол бас ч гэж хэн бүхэнд гологдохооргүй шүү дээ. Наад зах нь бараг зуун хувь бичиг үсэгтэн үндэстэн гэдэг их сайн үзүүлэлт юм шүү. Өндөр хөгжилтэй орнуудын амьдрал улс төрөөс хараат бус нийгэм нь өөрөө өөрийгөө авч явдагт байгаа юм. Тэр л бидний ирээдүйн нийгмийн чухалчлах хандлага. Өвөө маань “Төрийн хүний толгойд улсаа гэсэн улс төр, хувиа гэсэн бизнес хоёр нэг толгойд багтаж болохгүй” гэж хэлдэг байсан. Энэ зарчим хэдий чинээ газар авна манай нийгмийн хөгжил төдий чинээ учраа олно. Хуучны хүмүүсийн “болохгүй” гэдэг тормос одоо ховор болчихоод байх шиг. Товчхондоо энэ.
-Хувийн чанартай асуулт. Та Монгол дээлийг их сурталчилж өргөмжлөх юм. Сайн хэрэг шүү. Үүний цаана ямар нэг бодлого байна уу?
-Намайг 17-той Германд оюутан болоход эмээ маань гурван ч дээл өгч явуулж байсан. Тэгээд “Миний охин хүний газар өөрийнхөө соёлоор байгаарай. Дээл бол монгол эмэгтэй хүний хамгийн гоё чимэг юм шүү. Ямар нэг арга хэмжээнд оролцох юм бол дээлээ өмсөж байгаарай” гэж захиж байсан юм. Одоо ч гадаад дотоодын арга хэмжээнд дээлээ өмсөхийг урьтал болгодог. Гадаадын хүмүүсийн анхаарлыг Монгол гэсэн утгаараа татахыг хичээдэг. Биеийн хэлбэр галбираас үл хамаараад монгол эмэгтэйг сайхан харагдуулдаг хувцас бол монгол дээл гэж боддог. Үнэтэй брэндээр биш монгол дээлээрээ гангараад явж байхад сайхан байдаг. Түүнээс гадна монгол дээл эмэгтэйчүүдийг их төлөв түвшин, ихэмсэг харагдуулдаг шүү дээ. Манай статистикийн охид хүүхнүүд ч гэсэн дээл өмсчихсөн явж байгааг харахаар нүдэнд дулаан байдаг. Бодлого нь энэ. (инээв.)


-Улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг ролийг дээшлүүлье гэж ярих нь элбэг боллоо. Нийгэмд нэлээн танигдсан эмэгтэй хүний хувьд Танд сонгуульд дэвших бодол байдаг уу?
-Нэгэнт юм хийх гэж бодож төлөвлөж ирсэн бол түүнийгээ гүйцээх хэрэгтэй. Энэ бол миний өссөн гэр бүлийн баримталдаг зарчмуудын нэг. Нэр алдар, эрх мэдлийн төлөө явахыг би бол мэдэхгүй. Залуу хүн эхлээд аль нэг салбарт манлайлж, ажил хийж, эзэн болчихоод дараагийн алхмаа хийгээсэй гэж боддог. Монгол төрийн хамгийн чухал албанд төрийн өндөр албан тушаалд бусдын итгэлийг авч томилогдсон би тууштай зүтгэх ёстой л гэж бодож байна. Энэ байгууллагын ажлыг хариуцлагатай, нэр төртэй хийж гүйцэтгэ гэж УИХ-аас итгэл өгч зургаан жилээр томилчхоод байхад “гарман дээр морио солино” гэгчээр авирлаж болохгүй. Өөр талаас нь бодоход ч өвөө маань, эмээ маань, ээж маань статистикч байсан. Тэдний эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулсан ажлынх нь оргилд гарчихаад сайн дураараа хаяад явж болохгүй ээ. Одоо л гэхэд 10 жилд нэг болдог хүн амын тооллого болж байна. Дараагийн арван жилийн хөгжлийн бодлого шийдвэрийг тодорхойлох мэдээлэл цуглуулдаг маш хариуцлагатай энэ ажлын үр дүнг гаргаж сонсоно биз дээ. Миний хувьд хэзээ нэгэн цагт статистикийн Ариунзаяа гэж хүмүүс нэрлэж эхэлбэл Жасрайгийн зээ Ариунзаяа гэсэнтэй адил тэнцүү сонстоно оо. Цагийн юм цагтаа гэдэг сайхан үг л санаад орж ирлээ. Таны асуултыг сонсоод.(инээв.)
-Сайхан ерөөл шиг хүсэл эрмэлзэл байна. Энэ үгээр яриагаа өндөрлөе. 
-Танд баярлалаа.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.