НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

А.Ундраа: Дайны жилүүдэд Их сургууль нээж байсан улс өнөөдөр мөнгөгүй гэх шалтаг тоочих эрхгүй

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
5 сарын өмнө /2020-01-23 23:39:22 GMT +8 / | 3910 удаа уншсан

 

Манай энэ удаагийн  “VIPerson” зочноор УИХ-ын гишүүн АГВААНЛУВСАНГИЙН УНДРАА уригдлаа. Физикийн ухааны доктор энэ оюунлаг эрдэмтэн бүсгүйтэй ярилцах нь сургамжтай атлаа тааламжтай байлаа. Тэрбээр 1989 онд МУИС-ийн дэргэдэх Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар анги, 1994 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөж улмаар 1995 онд магистр зэргээ хамгаалжээ. 1997 онд Италийн Триест хотын ОУ-ын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан.  2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан бүсгүй юм.  А.Ундраа нь 1997-1998 онд МУИС-д Онолын физикийн тэнхимд багш, 2002-2004 онд АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморийн Үндэсний хүрээлэнд судлаач, 2008-2010 онд АНУ-ын Станфордын их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төв, Станфордын ИХ-ийн ОУ бодлого судлалын тэнхимд багш, 2009-2010 онд ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2011 онд ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх, 2014-2016 онд МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал зэрэг чухал алба ажлыг залгуулж иржээ. 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Уншигч түмэнд маань А.Ундраагийн яриа сонирхол татна гэж найдаж байна.

-Таныг багаасаа физикийн шинжлэх ухаантай гүнзгий холбогдсон хүн юм гэж би ойлгосон. МУИС-д бакалавр, магистраа хамгаалаад улмаар 1997 онд Италийн Триест хотын ОУ-ын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан. 2002 онд АНУ-ын Хойд  Каролинагийн Их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан гээд мундаг зам мөр байна аа. Орчин үеийн физикийн шинжлэх ухаан барагтай хүн барж идэх "боорцог" биш л дээ.
-Ийм чиглэлийн асуултаар яриагаа эхэлсэнд баярлалаа. Олон жил зориулж, багаасаа хөөж явсан шинжлэх ухаан болохоор амьдралын тэр үедээ дуртай. 2002 онд 29 настайдаа докторын зэрэг хамгаалсандаа баярлаж явдаг.
-Тэр тусмаа физикийн шинжлэх ухаанаар юм чинь баярлаж бахархахаар барах уу...
 -Олон жилийн зүтгэл, нойроо умартаж, эрч хүчтэй хөдөлмөрсний минь үр дүн гэж боддог.
-Яг ямар сэдвээр хамгаалсан юм бэ? Тоймолж хэлбэл манай уншигч түмэнд маань сонин байх болов уу?
-Техник талаас нь ярих юм бол санамсаргүй системийн онол гэж байдаг. Санамсаргүй матрицын онол. Тэр санамсаргүй матрицын онолоор төвөгтэй комплекс системийг судалж болдог аргуудын нэг. Миний судалсан систем бол цөмийн доторх энергийн түгэлтийн функцийг санамсаргүй матрицийн аргаар судалсан. Цөмийн түгээлтийн маш олон шинж чанаруудыг энэ аргаар тогтоож болно. Комплекс системийн бол маш олон жишээ хэлж болно. Санхүүгийн зах зээлийн хувьцааны ханшний мэдээлэл, маш олон хувьцааны систем бол комплекс системийн нэг жишээ. Эсвэл хүний ДНК гэхэд комплекс систем. Сүүлийн үед квант компьютер бас сошиал сүлжээний судалгаанд санамсаргүй матрицын онолын эрчимтэй ашиглаж байна. 
-Физик дэх матриц, математик дэх матриц гээд яриад байдаг шүү, нээрэн...
-Миний судалж байсан нь цөмийн систем. Цөм гэдэг нейтрон, протонуудаас тогтсон. Тэдний харилцан үйлчлэлийг тодорхойлж байгаа хүч нь өөрөө комплекс байдаг. Шинжлэх ухаан талаасаа бол квант систем учраас илүү нарийн бодох бололцоотой. Гэхдээ маш олон хэмжээстэй учраас тэрийг яг таг бодож чадах бололцоогүй тохиолдолд санамсаргүй системийн онолоор гаргаж болдог. Хэрвээ компьютер болон хүний томъёо бодох хүчин чадал хязгааргүй байсан бол тухайн системийн тодорхойлох функцүүдийг бүр нэг бүрчлэн гаргах бололцоотой. Онолын хувьд шүү дээ. Гэхдээ маш олон хэмжээст огторгуйд байгаа маш олон хэмжээст болоод ирэхээр тэрийг загварчлахын тулд санамсаргүй матрицын онолоор бодож эхэлж байгаа юм. Энэ дээр надад хамгийн их сонирхол татаж байсан хэсэг нь бол харахад ямар ч эмх замбараагүй юм шиг, хаос хэв шинжтэй статистикийн загвараар тодорхойлогдох, хязгааргүй их төвөгтэй юм шиг систем байвч яг системийн өөрийнх нь захирч байгаа онолыг нь судлаад ирэхээр цаад захирч байгаа байгалийн хүчин зүйл нь маш гоё энгийн бөгөөд элегант байх тэр үе. Тэр гоё элегант загварчлал, онолыг хаос юм шиг харагдтал нь тэрний хоорондох шилжилт яаж явагдаж байна вэ гэдэг нь миний докторын ажлын хамгийн сонирхол татаж байсан хэсэг. Тухайн үедээ бараг философийн гэмээр асуулт байсан л даа. Физикийн системийн эрдэмтдийн гаргасан дүгнэлт бол тэгш хэм алдагдах процесс гэж ярьж байсан. Ямар тэгш хэм гэхээр гурван хэмжүүрт огторгуй гэвэл аль чиглэлд байсан тэгш хэмтэй гэж үзэж байна вэ. Гэтэл цаг хугацаа зөвхөн нэг чиглэлд явна шүү дээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд тэгш хэм алдагдсан. Орон зайн хувьд аль ч чиглэл хамаагүй гэж хэлж болох боловч цаг хугацаа ухрахгүй учраас цаг хугацааны тэгш хэм алдагдана гэж энийг хэлээд байгаа юм. Тэгш хэмийн алдагдал энэ ертөнцийг бий болгосон. Хэрвээ цаг хугацааны тэгш хэм алдагдаагүй бол бидний гарт баригдаж мэдрэгддэг матери үүсэж бий болохгүй байсан. Энэ процессийг тайлбарлахад санамсаргүй матрицын онолоор маш гоё элегант бууж болдог. Ийм л юм. (инээлдэв.)
-Их сонин юм байна. Тайлагдаж байгаа тайлагдашгүй ертөнц гэдэг шиг. Мань мэт бол нилээн гүнзгий бодоод ч ойлгож амжилтанд хүрэхээргүй нарийн юм байна. Ер нь Та яагаад физикийн шинжлэх ухаан руу гүнзгий орсон бэ? Шалтгаан юу байв? Залуучуудад сургамжтай байх. Физик, математик чинь нэг хэсэг хэрэггүй, гээгдсэн эд шиг байлаа шүү дээ. Хямралын жилүүдэд. Одоо ямар ч гэсэн IT гээд ирэхээр эдгээр ШУ чинь эргээд орой руу мацаж байна.
-Онолын физикийн чиглэлээр гадаад, дотоодод эрдмийн зэрэг цол хамгаалсан хүмүүс чамгүй олон бий. Олон жил судлах тусам шинжлэх ухаан чинь нарийсч төвөгтэй түвшиндээ очно. Манай Хавтгайн Намсрай докторын судалгаа, хэвлүүлсэн номнууд олон улсын түвшинд хүрсэн. Тийм том эрдэмтэд хэд хэд бий. Манай үеийнхний хувьд өөрийнхөө мэргэшсэн чиглэлээр олон улсад ажиллаж байгаа цөөнгүй эрдэмтэд бий. Бидний үеийн сонирхолыг юу тэгж их татаж хөглөж байв аа гэвэл социализмын үеийн боловсролын системийн нэг онцлог байсан. Суурь шинжлэх ухааны чиглэлийн хүүхдүүдийг багаас нь дагнан хөгжүүлэх бололцоог нээж байсан. Түүхээс харахад манай монголчууд шинжлэх ухаан, танин мэдэхүйд тэмүүлэмтгий хүмүүс. 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байх үед л Их сургууль байгуулж байсан байдаг. Оюуны чиглэлийн хөрөнгө оруулалт чинь хийе гэвэл тийм хүнд үед ч хийж болдог юм байна.

-Манайхан ч хил хязгаартаа дарамттай, дайны байдалтай, түгшүүртэй байсан шүү дээ.
-Үнэхээр амаргүй үе байсан. Энэ үеэс орчин үеийн суурь шинжлэх ухаан хөгжсөн. Шангаа ингэж татсан шинжлэх ухаан 1980-аад он гэхэд хүүхдүүдийг бүр дунд сургуулиас нь шинжлэх ухаанд бэлтгэх бодлоготой болсон байв. Математик, физик, хими, биологийн маш олон сайн багш нар бэлтгэгдсэн байсан. Намайг Налайхын 10 жилийн сургуулийн зургадугаар ангид анх физик үзэхэд манай сургуулийн захирал Дамдинсүрэн гэж багш физик заадаг байв. 45 минутын хичээлд шимтээд цаг хурдан өнгөрч 4-5 минут болсон юм шиг санагддаг байж билээ. “Физикийн хичээл ороосой” гэж үнэнээсээ хүлээдэг байсан шүү. Дуртай хичээлдээ хүүхдүүд ийм л байдаг байсан. Физикт дуртай болох анхны очийг хаяж өгсөн хүн бол миний хувьд Дамдинсүрэн багш маань юм.  Зургадугаар ангидаа Налайх дүүргийн физикийн олимпиадын аварга болоход Дамдинсүрэн багш маань учиргүй баярлаж байлаа. Дараа жил нь хотын тооны олимпиадын аварга болсон. Нэгдүгээр сургууль, 48 гээд тооны гүнзгийрүүлсэн сургалттай, тоондоо мундаг сургуулиудын зарим нь Налайхын хүүхэд түрүүлэхэд гайхаж байж билээ. Дамдинсүрэн багш физикийн чиглэлээр явуулчих гээд “Чи ер нь тоогоор явах юм уу, физикээр явах юм уу?” гээд байн байн сануулах маягаар нухацтай асуудаг байж билээ. Тэр үеийн багш нар сурагчдадаа ингэж л анхаарал тавьдаг байж. Дараа нь Боловсролын яаманд Дамдинсүрэн багш нилээн олон жил ажилласан.Наймдугаар ангидаа мат физикийн олимпиадад хотод дээгүүр ороод байтал МУИС-ийн дэргэд Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээгдэх гэж байгаа, олимпиадад эхний 10-т орсон хүүхдүүд шалгалтанд орно гэсний дагуу тэр ангид тэнцсэн.
-Их сургуулийн дэргэд гүнзгийрүүлсэн анги гэдэг сонин байна.
-Аймаг бүр лүү багш нар явж физик, математикийн тэр ангид нэгээс хоёр хүүхэд шилж авчирсан. Орон даяар тооны ангид 15, физикийн ангид 15 хүүхэд элсүүлсэн. 1987 оны хавар би 14 настай хүүхэд байв. Дотуур байранд суулгаад дээд сургуулийн оюутны тэтгэлэг өгөхөөр гараад өгнө биз дээ. (инээв) Шинжлэх ухаанд ингэж л анхаарч байж дээ. Манай ангид одоогийн УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүү Дундговиос, Нийслэлийн ИХ-ын төлөөлөгч Цагааны Байгалмаа нэгдүгээр сургуулиас орж байсан. Аймаг бүрээс шалгаруулж авсан байсан. Математикийн ангид жишээ нь шатарчин Батцэцэгийг мэдэх үү?
-Зохиолч Батын Нямаа гуайн ач, Түвшинтөгс гишүүн асны охин уу? Гадаад яамны...
-Биш ээ. Хоёр Батцэцэг байдаг юм. Цагааны Батцэцэг маань нь Америкт байгаа. Улсын аваргад долоон удаа түрүүлсэн. Азийн аварга болж байсан. Хожим мэдэх нь ээ, МУИС-ийн дэргэд Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулах шийдвэр нь БНМАУ-ын Сайд Нарын зөвлөлийн тогтоол байсан юм билээ. Тогтоолын нэр нь “Университетийн судалгааны чанарыг сайжруулах” гэж байж. Тэгэхээр тэр үеийн Монгол Улсын Засгийн газар ШУ-нд тийм алсыг харсан шийдвэр гаргаж, тийм багаас нь хүүхдүүдийг бэлдэж байж. МУИС сайн дураараа шийдээгүй дээрээс шийдвэр гарсан байгаа биз?! Хичээл зааж байсан багш нар маань тэргүүлэх эрдэмтэд байсан. Астрономи гэхэд л доктор Т.Халтар багш. Монгол хэлийг доктор С.Дулам багш зааж байх жишээтэй. Шилдэг эрдэмтэд багшилж байв.

-Шилдэг багш нар зааж байжээ.
-Ердийн сургуульд хөдөлмөрийн хичээл гэж хөвгүүдэд дархан мужаан, охидод гэр ахуйн хичээл гэж ордог шүү дээ. Бидэнд фото зураг гэж ордог байсан. Миний фото зураг сонирхдог болсон нь тэр үеийн хөдөлмөрийн хичээлийн ач буян. Москвагийн Улсын их сургуулийн Ландаугийн сургуулийн загвараар явж байсан юм билээ.
-Та жиргээндээ гадаадын яруу найрагчдын бадаг шүлгийг орчуулаад тавьчихсан байдаг. Уран зохиолын талаар жиргэдэг. Саяхан Юй Хуа-гийн “Амьдрал” гэдэг зохиолын тухай сэтгэгдлээ бичсэн байсан. Тэгвэл уран зохиолд орсон нь яруу найрагч, зохиолч, эрдэмтэн С.Дулам гуайн хичээл лекцтэй холбоотой байх нь ээ...
-Дулам багш бидэнд Монгол хэл, уран зохиол зааж байх үед Монголч эрдэмтдийн хурал болж байсан юм. Хичээл дээр “Өнөөдрийн хурал дээр тийм ийм орны эрдэмтэд ингэж тэгж ярьж байна аа. Би ийм байр суурийг илэрхийллээ” гээд хэлэлцүүлэг гэмээр яриа өрнүүлдэг байв. Есдүгээр ангийн хүүхдүүд бид тэр хуралд нь ороод суучихсан ч юм шиг мэдрэмж төрж өргөн сэдвээр ярьж хөөрдөг байв. Би уран зохиолд багаасаа дуртай хүүхэд байсан. Их гоё санагддаг байж билээ. Шүлэг оролддог байв. Д.Урианхай зохиолч Залуучуудын соёлын төв дээр залуу зохиолчдын дугуйлан явуулдаг байв. Математик, физикийн дотуур байрны хүүхдүүд бид хичээл тараад тэнд их очно. Тэнд Ерөнхийлөгч Элбэгдорж “Улаан од” сонины сурвалжлагч гээд ирнэ. Эсперанто хэлний Буд гээд нэг ах байдаг байв. Бас Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нар ирнэ. Шүлэг зохиолоо уншина. Бид энэ бүлгэмд явдаг учраас “Болор цом”-ын билет тасалбар нь амархан олдоно. "Утгын чимэг", "Шувуун саарал" гээд уралдаан тэмцээнийх ч олдоно. Хүүхдийн пионерийн ордонд яруу найргийн уншлагын тэмцээн болоод Б.Ичинхорлоо Өвөрхангайгаас ирж байсан. Ш.Уянга өөрийнхөө шүлгийг уншаад “Манай эхнэр нярайлсан” гээд нөгөө хармаанаасаа Хулангийн шүлгийг нь гаргаад уншиж байсан. Тэр авьяастнуудын дэргэд би ч өөрийгөө бичдэг гэж хэлэхгүй. Оролддог гэж хэлнэ. Мэдээж хэрэг. (инээв.) 

Бид шинжлэх ухаанд зориулж байгаа төсвөө маш зоригтой нэмэх хэрэгтэй

-Англи, америкийн утга зохиолд нилээн орсон биз?
-Баруунд нилээн хэдэн жил амьдрахдаа нэлээд уншсаан. Одоо англи хэл дээр бичигдсэн сонгодгуудыг уншиж кайф авдаг гэх үү дээ. Өөрт мэдрэгдсэн мэдрэмжээ монгол дээр буулгаад тэрийгээ жиргээндээ хааяа тавьдаг. Тэрийг та харж л дээ. (инээв.) Стейнбекийг унших дуртай. 
-Сэлинжерт?
-Сонсож байсан. Уншаагүй. Хүнд өөрийн унших дуртай зохиолч гэж байна. Жишээ нь, би Фолкнерийг хүлээж авахдаа тааруу. Маш мундаг зохиолч л доо.
-Харин тийм. Хүлээн авдаг долгион гэж байдаг юм шиг байна билээ. О.Дашбалбар ах Фолкнерийг их магтдаг сан. Ремаркийг дахин дахин уншаад байдаг Чулуунбаатар гээд миний нэг найз байна. Яагаад гэхээр энэ бол агуу гээд байдаг юм билээ. Та Хемингуэй гуайн тухай сэтгэгдлээ жиргэснийг санаж байна.
-Хемингуэйг уншина аа. Дуртай. Утга зохиол гэдэг маш өргөн хүрээтэй, хүний сэтгэл гүнзгий учраас дотоод сэтгэлтэйгээ ойрыг уншдаг байж магадгүй. Бас зориг гаргах юм бол дотоод сэтгэлдээ байхгүй юмаа нөхөх гэж уншиж байж магадгүй. Булгаковын "The Master and Margarita" уншаад номонд нь ороод бие эвгүйрхэж, зүүдэнд хүртэл орж байсан. Рыбаковын “Арбатын хүүхдүүд”-ийг уншаад бодол санааныхаа төлөө шийтгүүлнэ гэдэг ямар аймшигтай гэж жихүүцэх жишээтэй. Сибирийн цөллөгийн хэсэг их хэцүү. Тэрийг уншиж байх үед даарах жишээтэй.
-Та уран зохиолыг мундаг хүлээж авдаг хүн байна. Би ч таны дэргэд “Чугча уншигч биш чугча бичээч” (Чукча, однако, не читатель. Чукча — писатель.) гэдэг шиг л юм байна. (инээлдэв.)
-Бид чинь Чехов, Достоевский, Шолохов, Айтматов, Пукшин гэж л уншиж өссөн. Габрел Гарсиа Маркез л барууны зохиолч нь байсан байх. Тэгээд Драйзер, Золя нарын зүүн талын гэдэг юм уу, социалист зохиолчдыг мэр сэр уншиж байв. 
-Драйзерийг манайхан л зүүнтэн, коммунист учраас гээд байдгаас биш баруундаа бас л сэдэв болоод явдаг хүн юм биш үү?
-Тийм. Алдартай. Зохиолчдоо дотор нь хэт баруун, хэт зүүн гээд бүгд л байна. Жишээ нь, манайхан Айн Рэндийг их орчуулж уншицгааж байна. Хэт барууны хүн гэж тэндээ үздэг хүмүүс байдаг юм билээ. Зарим номыг хориглоно. Шатаана. Зөндөөн юм болно.
-Ном хэвлэл хаана ч улс төр, үзэл санааны ганхалтанд ордог л юм байна гэж ойлгож болох уу?
-Орно. Орно. Хүмүүс л байгаа юм чинь үзэл бодлын зөрчил гарна шүү дээ. Анх очоод олон давхар номын сан дүүрэн ном. Уран зохиолын хэсэг дээр нь очоод цагаан толгойн дарааллаар ч юм уу, эсвэл Нобель, Пулитцерийн шагнал авснаар нь уншдаг ч юм уу. Тухайн жилийн бестселлер ном гэж баримжаалж уншдаг байв. Манай сургуулийн номын сангийн долоон давхар физикийн чиглэлийн ном байна. Тэгээд амрахаараа гурван давхарт уран зохиолын номууд дээр ирж уншиж байгаа юм. Ямар ном хамгийн их уншигдсан байна. Ямар ном хамгийн их хуучирсан байна гээд л... Эсвэл дахин хэвлэсэн зэргийг нь харж байгаад баримжаа чиг авч уншиж гарна даа. Номын далайд зугаалж явлаа. Сайхан байсан (инээв.) 
-Та залуу эрдэмтийг дэмжих сан байгуулж ажиллуулсан. Тэр чинь аль зэрэг амжилттай явж байна вэ? Ямар зоригтой сан бэ?
-"Миттчел" сан гэж. "Миттчел" гэж миний докторын ажлыг удирдсан багш маань. Цөмийн физикийн алдартай эрдэмтэн. Багш маань утга зохиол, гүн ухаан сонирхдог хүн. Ямар ном уншиж байна гээд зөвхөн физик биш бусад ном зохиолын талаар асууж сонирхож санал бодлоо их солилцоно. Дан ганц физик биш үзэл санааны аав шиг, заримдаа найз нөхөд ч юм шиг байдаг байсан. Өндөр настай, их юм үзэж харсан учраас миний уншсан ном зохиолын талаар заавал өөрийн бодлоо хуваалцдаг хүн. Инээгээд л, "Нээрэн тийм ном байдаг л даа, чи тэрийг нь юу гэж бодож байна" гэхчилэн асуудагсан. Тэгээд л багшийгаа хүндэлж, оюунлаг залуусыг дэмжих үүднээс 2007 онд Монгол-Америкийн шинжлэх ухаан судалгааны төв гэж энэ санг анх байгуулсан. Тэгээд эрдэм шинжилгээний хурал хийгээд эрдэмтдийг урьж авчрах, залуу эрдэмтдийг судалгааны ажлаар гадагш явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж нилээн явсан. Хувийн мөнгөөр шинжлэх ухааны судалгааны ажлыг дэмжинэ гэдэг маш хэцүү юм билээ. Үүнд их цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан. Би томоохон бизнесийн хүн байсан бол ашгиасаа ШУ-нд зориулаад байж болно. Дэврүүн сэтгэлээрээ хийдэг ажил биш нь мэдэгдсэн. Тэгээд түүнээ "Миттчел" сан болгоод ШУ-ны судалгаа хийхгүй ч залуучуудын манлайлал, оюутнуудад тэтгэлэг олгодог сан болгосон. Олон нийтийн анхаарлыг ийш нь хандуулья. Байгаль орчны чиглэлээр манлайллын, залуу лидер хөтөлбөр хийгээд залуучуудыг хооронд нь танилцуулж, тэднийг хооронд нь холбох ажил хийсэн. Мөн гадаадад сурч байгаад Монголд ирээд ажил олох найз нөхөдтэй болох амаргүй байдаг л даа. Тийм юмыг нь дэмжье гэсэн санаа. "Залуу лидер" хөтөлбөрийг 2009 оноос санаачилсан. Дэлхийн шилдэг сургуульд сурдаг залуусыг холбох, тэд хамтарч багаараа хийж бүтээх боломжийг нээе гэж зорьсон. Тодорхой амжилтанд хүрч тэр шилдэг залуус маань бие даасан Залуу манлайлагчдын байгууллага болж өргөжөөд байна. Саяхан Залуусын дуу хоолой гэж 1000 гаруй залуусын уулзалт чуулган санаачилж, зохион байгуулалцсан. 
-Францын нэг алдартай хүн “Францаас 300 шилдэг эрдэмтэн гарахад л Франц Улс сөнөнө” гэж Гитлерийн германд эзлэгдээд еврей эрдэмтэд дүрвэж эхлэхэд хэлж байсан гэдэг. Мэдлэгтэй, чадвартай тархи их гадагшилж байна гэж ярьцгаах юм. Хаашаа ч явах чадваргүй мань мэт л үлдэж байх шиг гэчихвэл хэтрүүлсэн болох болов уу?
-Хэтрүүлсэн болох байлгүй. (инээв.) Гэхдээ гадаадаас “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирэх” хүмүүсээ хүлээж авах хөрсийг бид бодолцох хэрэгтэй. Гадаадад эрдэм номд шамдаад ирсэн, мэдлэг чадвар эзэмшээд ирсэн залуус дасахгүй, буцаад явах нь байна. Бид цөөхүүлээ учир хүмүүс маш чухал. Гадаадад төгссөн залуус Монголдоо ирж улс орондоо олсон мэдлэг, дадал зуршил, ёс суртахуун, хүмүүжлийнхээ өгөөжийг өгч нийгэм маань хүлээгээд авах хэрэгтэй байна. Та "Миттчел" сангийн тухай хаанаас яаж мэдэв?
-Сансар агаараас гэдэг юм уу. Наргисан юм. Уучлаарай. Интернэт байна. Ер нь яригддаг сан юм билээ. Шинжлэх ухаан чиглэлийн залуучуудын дунд. 
-Гадаадад их мэдлэг чадвар олчихоод дэврүүн сэтгэлээр ирдэг. Цөөддөг, ганцаарддаг. Иймээс "Залуу лидер, манлайлагчдын сүлжээ" гээд тусдаа ТББ бий болсон. 
-Манайд хими, физик, техник, технологийн мэдлэг боловсрол тааруухан эргэлтэнд орж байгаа юм шиг Танд санагддаг уу? ДНБ иргэдэд тэнцвэртэй наалдахгүй байна гэдэг шиг дээрх ШУ-ны хүмүүс маань нийгэмдээ сэтгэл дундуур байх нь элбэг байдаг шиг байгаа юм.
-Хүлээгдэж буй улс төрийн шийдвэрээс хамаарч байгаа юм. Монголчууд бид боловсрол чухал гэдгийг хүн болгон ойлгож хүндэлдэг. Боловсролын түвшингээс үл хамааран боловсролыг чухалчилдаг ард түмэн.

Онолын ШУ-наас үйлдвэрлэлийн үр дүн НЭХЭЭД байж болохгүй


-Тиймээс ард олон хамаг мөнгөө төлөөд хүүхдээ дээд сургуульд өгч байна. Өгөөж нь гэдэг талаасаа...
-ШУ-ны ажилтнууд маань хүнд бэрхийг даван амьдралаа зориулаад явж байна. Социализмын үед Их сургуулийн багш эрдэмтэд тухайн үеийн бусад хүмүүсээс илүү цалин авч байсан. Эрдэм шинжилгээний ажилтнууд ч ялгаагүй. Эрдэмтэд маань бараг сайд, даргаас илүү нэр хүндтэй байлаа. Одоо эрдэмтдээ дэмжих нь цалин урамшуулал гээд эдийн засгийн хандлагаар, цаашилбал нийгэм, улс төрийн хандлагаар илэрхийлэх хэрэгтэй байна. Таны дээр асуусан ШУ эргэлтэнд орохтой холбогдуулж санал бодлоо хэлье. ШУ-ыг хоёр хуваадаг. Цэвэр онолын ШУ гэж бий. Нөгөө дэх нь хэрэглээ, үйлдвэрлэл, технологи гэж манайд хоёр хуваагдах шаардлага байгаа юм. Онолын ШУ-наас шууд үйлдвэрлэлийн үр дүн шаарддаггүй. Дэлхий нийтээр одоо ч тийм. Учир нь онол нь үйлдвэрлэл, хэрэглээнээсээ түрүүлж явдаг. Харилцан бие биеэ дэмжиж ажилладаг.
-Тэгвэл онолын нээлтэнд дараа нь хэрэглээ нь нөхцөл байдлаасаа хамаарч зүүгдэж, хэрэглээ болгож явдаг байх нь байна тийм үү?
-Яваандаа хэрэглээнд тусч ч байж магад, үгүй ч магад. Гэхдээ оюун санааны хязгаар луу тэмүүлж байх ёстой. Хэрэглээгээ хөтөлж явдаг. 
-Онолын энэ нээлт нь хэрэг болох болохгүй нь тодорхойгүй учир нээгээгүй байж тэрийг нь судлах нь зөв, энэ нь хэрэг болохгүй гэж ангилах аргагүй юм байна.
-Бүр абстракт талдаа. Том утгаараа хүн төрөлхтний оюун санааны өвд хувь нэмрээ оруулж байгаа юм. Хэрэглээний ШУ бол үйлдвэрлэлтэйгээ уялдах ёстой. Манайхан энэ ангилалыг сайн ойлгохгүй онолын ШУ-наас үйлдвэрлэлийн үр дүн шаардаад байдаг. Үүнээс үүдэж ШУ-г бүр буруу тийшээ мушгих нь ч буй. Онол, хэрэглээ аль аль нь зэрэг хөгжиж явах ёстой. Хэрэглээний ШУ-г үйлдвэрлэлтэй холбохын тулд R&D (Research and Development) буюу хэрэглээний судалгааны ололтыг тухайн компанийн үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй шууд холбох явдал юм.
-Социализмын ойлгол­тоор бол ШБОС буюу шинэ бүтээл оновчтой санал гэсэн хэрэг... Бараа бүтээгдэхүүнээ сайжруулж эдүгээчлэхийн тулд шинэ бүтээгдэхүүн зохиох, эсвэл шинэ техник технологи нэвтрүүлэх гэж ойлголоо.
-Энэ бол хэрэглээний ШУ. Үйлдвэрлэл шинэ технолгитой холбогдох ШУ. Онолын математик, физик, хими гэж байж гэмээ нь тэндээс гарсан нээлт, ололт инженер, зохион бүтээгчдэд шинэ техник, технологи үйлдвэрт нэвтрүүлэх боломж бололцоог олгож байгаа юм. 
-Онол, хэрэглээ хоёр хавсрах нь байна шүү дээ.
-Тийм. Өндөр түвшний нээлтийг бакалавр, магистр, доктор зэрэгтэй эрдэм шинжилгээний ажилтан, зохион бүтээгчид үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Үүнийг бид орхигдуулчихаад байгаа юм.
-Москва хотын мэр байсан Ю.Лужков гуай саяхан нас барлаа. Химийн доктор хүн. Бүх л амьдралынхаа туршид 123 бүтээлээ зохион бүтээх замаар үйлдвэрлэлд нэвтрүүлсэн патенттэй хүн байна билээ. Мундаг хэрэглээний ШУ-ны эрдэмтэн хүн байна.
-Нэг жишээ хэлэхэд Манай ШУА ч гэсэн нүүрс химийн технологи гэхэд R&D хийж ажиллаж байна. ШУА, МУИС, ШУТИС-ийнхан манай нүүрс боловсруулдаг компаниудтай хамтарч нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх, нүүрснээс дагалдах бүтээгдэхүүн гаргах гэх мэт чиглэлээр ажиллаж байна. Өөр нэг жишээ нь Германы канцлер Ангела Меркель шинжлэх ухааны чиглэлээр ажиллана гэдгээ хэлсэн байна. Нийгмээ шинжлэх ухаанч байхыг уриалах, санхүүжилт нэмэгдүүлэх манлайлал нөлөөлөл талдаа байх гэж тааж байна. 
-Материал судлал байна.
-Тийм. Нүүрс химийн чиглэлээр боломжийн байна. Мөн эм, эмийн бүтээгдэхүүн хийх тал дээр "Монос" маш сайн ажиллаж байна,  эрдэмтэн судлаачидтай сайн хамтарч ажиллаж чадаж байна. Гэтэл манай төр засаг химийн шинжлэх ухааныг хэр зэрэг анхаарч байгаа билээ? Онолын химийг хөгжүүлэх нь бол хувийн хэвшлийн, жишээ нь "Монос"-ын ажил биш шүү дээ.
-Онолын математик, хими, биологи, физикээ төр засаг нь анхаарч хөгжүүлж байх ёстой юм байна л даа. Бодлогоор төр засаг нь хөгжүүлж бусад нь тэр хөгжсөн өгөгдөхүүн дээр тулгуурлан хөгжих юм байна.
-Хамгийн наад захаар нь бодъё. Тэр онолын мундаг эрдэмтдийн сургаж, дадлагажуулсан бакалавр, магиструуд "Монос" болон бусад үйлдвэрлэл дээр очиж ажиллана гэдэг л цаад утга нь юм. Ингэж харилцан уялдана. Төрийн бодлого энд сул байгаагаас манай шилдэг залуу эрдэмтэд гадаадад их гарч байна.
-Тархиа гадагш урсгаж байна гэсэн үг юм. Гэхдээ тэр эрдэмтдийн хэрэгцээг хангах боломж бололцоог төр засаг маань хангах чадал, чадамж хараахан суугаагүй юм биш үү? Хямралтай, мөнгө санхүү гээд зовлон их байх шиг.
-Дайн тулаантай, мөчиг тачиг байсан он жилүүдэд МУИС-ийг байгуулаад эрдэмтэн мэргэдээ бэлдэж байсан улс маань өнөөдөр ийм шалтаг, шалтгаан тооцох эрхгүй. Улс орны уураг тархи гэж бодож байна. Өөрийн зүгээс дэмжихийн тулд математик, физик, хими, биологийн чиглэлээр шилдэг оюутнуудад сургалт судалгааны тэтгэлэг өгч байна. Нийт 40 оюутанд олгоод байна. Толгой хаашаа хөл тийшээ гэдэг бил үү.  
-Ойлголоо, ер нь ойлголоо.
-(инээв). Тийм л юм.
-Шинжлэх ухааны жилийн төсөв нь барууны томоохон эрдэмтний жилийн орлоготой тэнцэж байна гэх мэтчилэн сошиал ертөнцөөр бичдэг л дээ.
-Бид ШУ-нд зориулж байгаа төсөв хөрөнгөө маш зоригтой нэмэх хэрэгтэй. 
-Тэгвэл бусад зардлаасаа танана гэсэн үг шүү дээ.
-Танана. Бид маш хариуцлагагүй үргүй зардал гаргаж байна. 


-Хамгийн тод жишээ..
-Орон нутагт барилга байшинд асар их мөнгө хаяж байна. Хүнээ бодохгүй барилга байшинг л бодож байна. Аймаг суманд спортын заал, тийм ийм өргөө, угталтын хаалга гээд бариад байдаг. 200-300 хүн суудаг урлагийн заал байна. Гэтэл түүнийг нь өөрчлөөд бусад арга хэмжээ зохион байгуулж болдог маягаар зохион байгуулах ёстой. Баруунд бол жижиг суурин газар ийм маягаар явдаг. Тэгтэл манайд хүндэтгэлийн өргөө, урлаг заал, спорт заал гээд л тус тусад нь бариад байна. Аймаг, сум болгон гэрлэх ёслолын ордон барих гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Бүр ойлгогдохгүй. Нэг урлагийн том заал барьчихдаг. Тэр дотор нь жүжиг, дуурь, концерт тавигдахгүй бол дулаан, цахилгаанаас эхлээд л тогтмол зардал гарна биз дээ. Хүнийхээ оюунлаг тал руу яагаад орохгүй байгаа юм бэ?! Гэтэл тэр сум сууринд хөгжмийн багш хэрэгтэй байж болно шүү дээ. Биологийн багшгүй, их эмчгүй байж болохгүй шүү дээ. Тэднийг тэнд авчрах нөхцөл бололцоог бүрдүүлсэн дээр биз дээ. Эрдэм шинжилгээний туршилтын станц, хүрээлэн байж яагаад болохгүй гэж. Социализмын үед хөдөө орон нутагт ийм байгууллагууд байгаад үр өгөөжөө өгч байсан шүү дээ. Ямааны ноолуурын үүлдэр судалдаг эрдэм шинжилгээний байгууллага Өмнөговьд байсан биз дээ. Сүүтэй үнээний үүлдэрийг нутагшуулах ч байдаг юм уу. Энэ бүхэнд өнөө хэрэглээний ШУ чинь орно. Улс орны эдийн засагт бодит өгөөжөө өгнө. Аймаг, сум энд ийм аймаг байна, сум байна гэж мэдэгдэх нь зөв ч хичнээн зуун сая төгрөгөөр хаалга барих ямар бодит шалтгаан байна вэ?! Бид их сургуулийн сайн эрдэмтнээ бэлдэж байвал тэндээс гарсан оюутан сайн багш, эмч, инженер болно. Тэгж байж боловсрол дагасан хөгжил ирнэ. Оюуны хөрөнгө оруулалтын бодлого бол социализмынхаа хэмжээнд хүрэхгүй байна. Тэр нийгэмд хувийн өмч, эдийн засгийн үр өгөөжийн талаар доголдол, дутагдал байсан. Энэ бол тусдаа сэдэв. Өмнөговийн Булган суманд ХАА-н бүтээгдэхүүний судалгааны институт байна гэдэг чинь ШУ-ны гар тэр хүртэл явж байсан байна шүү дээ. Дундговийн ХАА техникум, Дорноговийн Анагаах, Архангайн багшийн сургууль, Ховдын Багшийн дээд сургууль гээд бүсийн оюуны хөгжлийн бодлого хүчтэй байжээ.  
-Та ямар учраас улс төрийг сонгов?
-Энэ асуултыг олон хүн надад тавьдаг. Эрдмийн хүн байж яагаад гэж. Зарим эрдэмтэн, оюутан залуус улс төрд орсонд чинь харамсаж байна гэдэг. Улс төрийг бохир муухай гэсэн ойлголт нийгэмд бас газар авчээ. Гэтэл улс төрөөс ангид хүн байхгүй. Сонгуулийн насанд хүрээгүй хүүхдүүд, сонгогчид, сонгуульд нэр дэвшигчид гээд бүгдэд улс төр хамаатай. Улс төрийн шийдвэр нөлөөлдөггүй хүн, салбар гэж үгүй. Улстөрчид төрийн мөнгөнөөс хулгай, луйвар хийдэг эрх мэдлээ ашиглаж байгаа учраас хүмүүс жигшээд байна. Гэтэл улстөрчид нийтийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж чин шударгаар ажиллавал улстөрч байна гэдэг нэр төрийн хэрэг болно шүү дээ. Миний найдаж байгаа юм бол бүх улстөрчид муу муухай биш. Төрд чин шударгаар ажлаа хийгээд хичээж зүтгэж яваа хүн олон бий. Сайн зөв хүмүүс олон бий. Ашиг сонирхлоо зөв эрэмбэлдэг, парламентын засаглал, ардчилал маань зөв хөгжөөд ирвэл улс төр цэвэршинэ. Улс төрд аль болох олон мэргэжлийн, ёс зүйтэй, хичээнгүй, чадвартай, туршлагатай хүмүүс хэрэгтэй. 
-Та одоо ямар хуулиуд дээр ажиллаж байна?
-Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Шинжлэх Ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиуд дээр ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт ажиллаж байна. Өргөн барихад бэлэн болсон хууль Монголбанкны эрдэнэсийн сангийн тухай хууль байна. Номын баярын тухай хууль өргөн барихаар боловсруулалтын шатандаа явж байна. Гэхдээ номын баяр тэмдэглэлт өдөр болох боловч бүх нийтээр амрах өдөр нэмэхгүй, бид амрах биш ажлаа улам сайн хийж хөгжлөө эрчимжүүлэх хэрэгтэй байна гэдгийг тэмдэглэмээр байна.
-Шинжлэх ухаан, утга зохиол, улс төр гээд өргөн хүрээнд сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.