НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

М.ОЮУНЧИМЭГ: агаарын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийн ахлагчийн хувьд ажил маань амжилттай хэрэгжиж байгаад үнэхээр урамтай байгаа

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
29 өдрийн өмнө /2020-01-24 00:06:02 GMT +8 / | 2299 удаа уншсан

 

Манай сонины энэ удаагийн “VIPerson”-ны зочноор УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, НАМЭХ-ийн Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан дэд ерөнхийлөгч МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ уригдлаа. М.Оюунчимэг нь 1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль төгссөн. 1995 онд ОХУ-ынЛенинградын (Санкт-Петербург) улсын их сургуулийн сэтгүүлзүйн факультетийг дүүргэж, улмаар мастер болсон. 2008 онд АНУ-ын Оклахома мужийн Улсын их сургуульд суралцаж сэтгүүлзүйн мастерийн зэрэг давхар хамгаалсан байна. Тэрбээр 1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлагт редактороор ажлын гараагаа эхэлсэн. Улмаар ахлах редактор, тоймчоор ажиллажээ. Мөн энэ хугацааанд 1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирлын албыг хашсан байна. 2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр дэвшин ажилласан юм. 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2013 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирлаар ажилласан. 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа билээ Ийм ажил амьдралын зам мөртэй, англи, орос хэлтэй ажилсаг дайчин бүсгүй УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах Ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг гэдгийг дашрамд дурдахад таатай байна. Ингээд уншигч түмэндээ М.Оюунчимэгтэй хийсэн ярилцлагыг толилуулья.
 

 

-Өвлийн цагт цонхоо онгойлгож болдог болжээ. Таны оролцоо энд аль зэрэг байв? Намар есдүгээр сард Та Тавантолгой түлшний үйлдвэр дээр хэвлэл мэдээллийнхэнтэй очсоныг санаж байна. Тэгэхэд гэр хорооллынхон зонхилж байдаг тойргоос сонгогдсон гишүүн байна даа, бас ч гэж зөв дөө хэмээн бодож байж билээ. Тэгэхэд та “Энэ ажлыг арай эрт хийсэн байсан бол өдийд утаагүй байж болохоор байсан" гэж хэлж байсан санагдаж байна.
-Агаарын чанар сайжирсан. Өвөл цонхоо онгойлгодог боллоо гэдэг сайхан урамтай үг байна. Манайх ч гэсэн цонхоо онгойлгож байгаа. (инээв.) Одоо хүмүүс CO2 буюу нүүрсхүчлийн давхар ислийн талаар санал гомдол тавих нь эрс багассан. Өмнө нь агаарын бохирдлын голомтонд урд талынхаа машины гэрлийг харахын ч аргагүй харанхуйлдаг байсан шүү дээ. Миний сонгогдсон тойрогт МҮОН-ийн радио, телевизийн байр ойрхон байдаг. Миний хувьд анхны ажил амьдралаа холбосон буян нь дэлгэрсэн байгууллага л даа. Манайхан Зурагтын дэнж гэж ярьдаг шүү дээ. Энэ байгууллагын Ерөнхий захирал Л.Нинжжамц олон нийтийн сүлжээнд байнга тэр хавийн агаарын бохирдол хавьгүй багассаныг мэдээллэдэг. Тэр жиргээ, постыг хараад таатай санагддаг. Зөв арга хэмжээг нийгмээрээ ингэж дэмжиж, урамшуулж байх ёстой л доо, бид нар. Тэгвэл сайн нь үйлс нь дэлгэрч, муу нь засрахад тустай байх болов уу. Одоо чинь муу, тэгээд цаашилбал муугийн муугаа л яншаад байхаар нийгэмд эерэг позитив харагдахгүй болчих шиг болох юм. Өргөдлийн байнгын хороог ноднин, уржинан агаарын бохирдлын талаарх санал, гомдол, өргөдлөөр дардаг байв. Одоо олон хүн талархлаа шууд болон нийгмийн сүлжээгээр илэрхийлж байна. Энэ нь төр, засгийн ард иргэдийнхээ эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж байгаа том ажил гэж бодож байна. Улам сайжруулах хэрэгтэй. Одоо нийгмийн сүлжээнд машин тэрэгний утааны хорны талаар ярьцгааж байна. Хүхэрлэг хийн хэмжээ, ийм тийм тоосонцор гэж ангилж ярих хэмжээнд очлоо. Энэ бол дэвшил юм. 
-Технологийн дэвшил юмаа даа гэх үү?
-Яагаад тэгж нэрлэж болохгүй гэж. Түүхий нүүрс түлдэг байснаа сайжруулсан нүүрс түлж байгааг өөрөөр юу гэж нэрлэх вэ. Нэгэнт эхэлсэн юмыг сайжруулж, ололтыг нь улам бататгаж бэхжүүлэх технологийн шинэ ололтуудыг цаашид үргэлжлүүлэн нэвтүүлэх хэрэгтэй. Ажил эхэлсэн нь чухал. Эхлээгүй юмыг яаж сайжруулах билээ. Тэр утгаар нь түлшний асуудлыг эрт эхлэх байжээ гэж хэлсэн хэрэг. Тэгсэн бол хоёр гурван жилийн туршилт, судалгаан дээрээ өдийд нилээн дэвшилтэт техник, технологийн асуудал шийдэгдсэн байгаа шүү дээ. Судалгааг цааш нь үргэлжлүүлж технологоо нарийсгах хэрэгтэй. Дэлхийн том хотууд ийм аргаар л агаарын бохирдлоос салж байсан юм билээ. Лондон гэж дэлхийн цуутай хотоосоо эхлээд ийм байдлаар салж байсан түүх бий. Хамгийн ойрын жишээ өмнөд хөршийн Хөх хотын агаар гэхэд л 1990-ээд оны эхээр ямар байлаа даа. Одоо ямар байна?! Тэгсэн хэдий ч Бээжин, Хөх хот агаарын чанарын асуудлаа гол сэдэв хэвээр байлгасаар байна. Ийм учраас дэвшил гаргачихлаа гээд сэтгэл ханаж уг ажлаа зогсоож болохгүй. Манай Өргөдлийн байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 06 нд хуралдаж, Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” уг хорооны 2017 оны 01 дүгээр тоот тогтоолын хэрэгжилтийг хангах талаар шийдвэр гаргаж байлаа. Агаарын бохирдлыг бууруулах талаарх энэ амжилт бол олон байгууллага, нийслэлийн иргэдийн хамтын хүчин чармайлтаар бүтэж байгаа ажил л даа. 


Засгийн газар маш шуурхай зоригтой шийдвэр гаргасан. Нийслэлийн удирдлага, сайжруулсан түлшний “Тавантолгой-Түлш” ХК, хамгийн гол нь манай нийслэлийн иргэдийн дэмжлэг оролцоо их түлхэц өгсөн. Элдэв цуу яриа, эсэргүүцэлд автаагүй. Итгэл үнэмшлийг барьсан хэрэг. Цэвэр агаар гэдэг хүний амьдралд хэлж, хэлцэж барамгүй ач холбогдолтой эд гэдгийг би энд тоочоод яах вэ. Энэ бол ингээд зогсох ажил биш. Өнөөдөр гэхэд Баянхошуу, Нэгдүгээр хороололд хамгийн их агаарын бохирдолтой байна гэж байна. Олон нийтийн өдөр болгон анхаарал хандуулдаг ажил болж байгаад баяртай байна. Барилгажуулах, хаусжуулах ажил бас зэрэгцээд тасралтгүй явах ёстой. 
-Танай байнгын хороог энэ ажлыг эхлүүлэх гэж байх үед байдал ямар байв?
-Энд байна л даа. 2017 оны 11 дүгээр сард агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2016 оныхтой харьцуулахад PM10 тоосонцор 20 хувиар, PM 2.5 тоосонцор 17 хувиар, хүхэрлэгхийн агууламж 37 хувиар тус тус бага, азотын давхар исэл 8 хувиар их байсан бол Агаарын чанарын стандартаас хүхэрлэг хий, PM2.5, PM10 тоосонцрын агууламж 1.1-2.5 дахин их байна гэж л яригдаж байлаа.  Одоо байдал эрс өөрчлөгдсөн. Өвөл дуусахын цагт бид нэг үг хэлнэ ээ. “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан баталсан нь маш чухал баримт бичиг юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд маш олон ажил хийгдсэн. Мөн хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Наад зах нь Өргөдлийн байнгын хорооны 01 тогтоолд утааны голомтод байгаа сургууль, цэцэрлэгийн анги танхим бүрийг агаар шүүгчээр бүрэн хангах, үдийн цайнд амин дэмтэй тэжээллэг хоол хүнсийг хүүхдүүдэд өгөх, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмжөөр айл өрхийг хангах, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг цахилгаан халаалтад шилжүүлэх, шахмал түлшээр айл өрхийг хангах зэрэг ажлуудыг нэн даруй авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон нь алхам алхамаар хэрэгжиж л байна. Ер нь ганцхан Улаанбаатар хотод ч биш зарим аймгийн төв, бусад хотод ч энэ проблем байгаа. Иймээс энэ Улаанбаатар хотын туршлага, ололт дээрээ түшиглэн орон нутагт дараагийн алхамуудыг хийх болно. Мөн Өргөдлийн байнгын хороо анх удаа Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн 25 жилд зарцуулсан хөрөнгө санхүүжилтэд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу гүйцэтгэлийн аудит хийлгэсэн. Намайг УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах Ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Иймээс энэ ажил миний ажлын салшгүй нэг хэсэг болсонд, тэгээд ч амжилттай хэрэгжиж байгаад үнэхээр урамтай байгаа.
-Та энэ ажил хэрэгжихгүй болов уу гэж айж эмээж байв уу?
-Айж эмээгүйгээ гэж хэлэхгүй ээ. Гэхдээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол уг асуудал туйлдаа хүрчихсэн учраас хуучнаараа цааш явж болохгүй гэдгийг хатуу ойлгож байлаа. Аливаа асуудлыг тооцоо судалгаатай хийвэл  болохгүй юм гэж байхгүйг л харуулж байна. Энэ ажлыг сэдэлцэж яваа хүнийхээ хувьд гадаад, дотоодын олон мэдээ, мэдээллийг уншиж судалсан нь надад одоо туршлага, мэдлэг болоод үлдэж байгаад олзуурхаж байна. Эхэлсэн ажлаа гүйцэтгэл сайтай хийж дуусгахыг би ямагт зорьдог. 
-Нүдэн дээр харагдах сайхан ажил болж байгаад Нийслэлийн иргэний хувьд ч миний бие баяртай байдаг. Цонхоо өвлийн цагт онгойлгож болж байна. Гадаах температур -20-25 градус байхад шүү дээ. Та орон сууцжуулах ажлыг зэрэгцээ явуулах хэрэгтэй гэж дээр хэллээ. Ахмадын болон түрээсийн орон сууцны асуудлыг ӨБХ хөндөж тавьж байсан. Тэр асуудал аль зэрэг явцтай байна.
-Амжилттай явж байгаа. “Москва хотыг нэг өдөр босгочихоогүй” гэж оросууд ярьдаг. Улаанбаатарыг ч ялгаагүй нэг өдөр босгочихоогүй. 100 жилийн өмнөх эсгий хотын зургийг хараад өөрийн эрхгүй ингэж бодогддог юм.

Утаа буурлаа гээд сэтгэл ханалгүй барилгажуулах, хаусжуулахын төлөө тасралтгүй явна


-Та чинь нээрэн ОХУ-ын Ленинград хотын УИС-ийг төгссөн.
-Тийм. Одоогийн Санкт-Петербургийг ч нэг өдөр босгочихоогүй. 1703 онд анх байгуулагдсан гэж үздэг. Тэгвэл 316 жилийн түүхтэй хот гэсэн үг. Гэтэл манай Улаанбаатар 380 жилийн түүхтэй. Энэ утгаараа ч гэсэн хот маань илүү цэвэрхэн гоё байх ёстой. Орон сууцжуулах тал дээр надад нэг бодол саяхнаас төрөөд байгаа юм. Одоо залуу гэр бүл орох оронгүйгээс болж маш их нийгмийн чанартай сөрөг асуудалд өртөж байна. Ихэнх хүн 30, 40 насандаа л хуримтлалтай болдог. Эцэг, эхээс өвлөсөн хөрөнгө зоорьтой хүмүүс байдаг л байх. Манай улс залуучуудын орон. Гэтэл орон байргүй нь улмаас залуу хосууд хамт амьдарч чадахгүй байна. Зарим нь гэр бүлээ орхиод гадаадад хөдөлмөр эрхлэхээр явж байна. Тэдэнд эхний ээлжинд толгой хорогдох бага талбайтай боловсон орон сууц олноороо хэрэгтэй байна.Залуу хүн 50, 60, 70, 80 метр квадрат байрыг авч дийлэхгүй байна. Авлаа гэхэд зээлийн хүүндээ насныхаа талыг, орлогынхоо ихэнхийг өгч байна гэж гомдол, санал тавьдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд ОХУ-д 12-16 метр квадрат байруудыг Москва, Санкт-Петербург, Челябинск, Эрхүү гэх зэрэг хотуудад олноор нь барьж байна. Малосемейка гэж оросууд нэрлэдэг дээ. Цомхон жижиг хэмжээтэй гэр бүлийн байрнууд. 20-30 сая төгрөгний байрнууд л даа. Гэхдээ энэ байрнуудын онцлог хуучны малосемейка гэдгээс өөр. Хоёр, гурван байрыг нийлүүлж болдог. Залуу гэр бүл нь өсөж томроод ирэхээр тэндээс том байр луу зарим нь нүүж болно. Тэгвэл өсөж томорч байгаа гэр бүлийнхээ шаардлагыг хангахын тулд тэр байранд үлдэж байгаа хүмүүс хажуу айлынхаа байрыг аваад нийлүүлж болж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх юмсан гэж хүсдэг боллоо. Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэг дээ. Залуу насандаа жижиг байранд байгаад чадвар чансаа томрохынхоо хэрээр хүн томсгож болох боломжтой гэсэн үг. Жишээ нь, ах дүү хоёр залуу зэргэлдээ хоёр жижиг байр аваад яваандаа бие биенээ дэмжээд нэг нь нүүгээд том байранд орох чадвартай болохын цагт нөгөөдөө байраа худалдаад явж болно шүү дээ. Эцэстээ аль аль нь том байртай болно гэсэн үг. Эхний ээлжинд аав ээжтэйгээ зэргэлдээ амьдраад хөгшчүүл нь тэтгэвэрт гараад хөдөө гадаа агаар салхинд гарахад байраа нийлүүлж томсгож болно. Маш олон сонголт бий болгож байна. Ах дүүс, найз нөхөд анхнаасаа төлөвлөгөөтэй ийм байранд хөрш зэргэлдээ сууж болно. Тэр боломжийг нээх гэсэн хүсэл юм. Одоо жишээ нь хоёр, гурван нэг өрөө байрыг нэгтгэх боломж тэр болгон байдгүй байрууд барьж байна шүү дээ. Ингэж залуу гэр бүлийн ирээдүйд чиглэсэн нийгмийн асуудлыг нь шийдэх  өнөөдөртөө хямд байраар хангах бас нэгэн гарц юм. Манай үеийнхэн чинь бага залуудаа бүгд л энэ зовлон бэрхшээлийг тойрч гараагүй шүү дээ. Тэр үед 1990-ээд оны дундуур барилга байшин ч шинээр олигтой баригдаж байсан биш. Картын бараатай хүртэл цаг үе байсан. Тийм учраас миний санамжид энэ талын асуудал ул мөрөө үлдээжээ. Одоо үеийнхэнд боломж бололцоо бидний үеийнхнээс илүү байгаасай, түүнийг нь бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юмсаг гэж хүсдэг. Залуучууд маань амьдралдаа түүртэлгүй ажлаа сайн хийгээсэй гэж боддог шүү. Гэр бүл гэдэг ариун нандин нийгмийн бүтцээ элдэв бэрхшээлээс болж бусьнуулахгүй хадгалж байгаасай гэж хүсдэг. Одоогийн залуучуудын “индвид” хэрэгцээ нь бидний үеийнхнээс өндөр болсон юм уу, аль болох тусдаа амьдрахыг тэмүүлдэг болжээ. Эмээ өвөө, эцэг эхээсээ тусдаа амьдрахыг л хичээдэг. Хүүхдүүд хүртэл ганцаараа нэг өрөөнд байх санаатай болсон байна. Бидний үеийхэн шиг олуулаа байдаг биш. Бие даахыг хичээдэг. Цаг үе нь л ийм хэрэг дээ. Тэгэхээр миний дээр хэлээд байгаа санааг 2030, 2040 он хүртэл зайлшгүй л хэрэгжүүлэх хэрэгтэй болох байх. Одоогийн байдалдаа тохируулсан арга хэмжээнүүдийг тасралтгүй авч байна. Миний бие Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр гэр хорооллын иргэдэд ипотекийн зээл олгох асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргаж дэмжигдсэнээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор Гэр хорооллын иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгох заалтыг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журамд тусгуулсан. Одоо хэрэгжих л үлдээд байна.
-Нийслэлийн 380 мянган өрхийн 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Үүнийг зүүдний юм шиг орон сууцжуулаад агаар, ус, хөрсний бохирдлыг багасгах арга одоохондоо хараахан алга. Иймээс өөр ямар арга хэмжээнүүд авч байна вэ?
-Шинэ хороо төсөл хөтөлбөрийг дэлгэрүүлэх хэрэгтэй. Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тохилог амьдрах боломжийг бүрдүүлэх нь чухал. Өндөр хөгжилтэй орнуудад хотын зах руугаа явах тусам харш хаус, фермерийн аж ахуй болоод тэгсэн хэрнээ утаа тортог ярьдаггүй, хөрсний бохирдолгүй, хотын төвөөсөө эко, гял цал, дэгтэй болдог. Иймээс "ШИНЭ ХОРОО" төслийг санаачлан Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 54 айлыг сонгож амжилттай хэрэгжүүллээ. Тиймээс уг төслийг 2019, 2020 онд үргэлжлүүлэх болсон. Одоогоор Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 100 гаруй айл хамрагдаад байна. Байшинг дулаалж дулааны алдагдалгүй болгох, янданг буулгаж цахилгаанаар халаах, эко жорлонгийн асуудлыг шийдвэрлэх замаар уг төслийг хэрэгжүүлж байна. 2019 онд 80 айл дахин хамруулахаар ажлаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 60 гаруй айлыг дулаалганд хамруулаад байна. 2020 онд 200 гаруй айлыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Ажил тасралтгүй явах тусам бид ч тэр, иргэд маань ч тэр улам туршлага, мэдлэгтэй болж шинэ санаа санаачилга хуримтлуулсаар байгаа. Иймээс энэ ажлыг зогсоочихгүй дэмжин явуулбал жилээс жилд тэлж том амжилт гарах юм. “Гадаад улсын кинон дээр гардаг шиг амины орон сууцтай айлууд шиг болж байна аа” гэж иргэд үнэлж байгаа. Хашаандаа мод сөөг, ногоо цагаа тарьчихсан, хүүхдийн тоглоомын талбайтай байх жишээтэй. Энэ бол төвлөрсөн орон сууцнаас давуу юм. Иргэдэд болон бидэнд том урам зориг өгч байгаа. 254 айлыг хамарсан дэд бүтцийн төвийг байгуулснаар энэ ажил цааш амжилттай үргэлжлэх дүр зураг харагдаж байна. Анх удаа төслийн хүрээнд цэвэрлэх жижиг байгууламжийг гэр хороололд барилаа. 
-Олон фронт дээр олон хэлбэрээр барилгажуулах, тохилог орон байраар хангах ажил явагдаж байгаа юм байна. Малосемейка гэдэг чинь сонин санаа юм. Ахмадууд болон түрээсийн байрны талаар түрүү асуусан.
-“Ахмад”-ын болон “Түрээс”-ийн орон сууцанд оруулж өгөхийг хүссэн өрөгдөл ӨБХ-нд их олон ирдэг. 2018 онд л эхэн гэхэд 700 гаруй өргөдөл ирсэн. 
Өрөгдөл бичээгүй ийм хэрэгцээ нь хоолой дээр нь тулчихсан хэдэн арван мянган хүн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл хэрэгцээ байна аа гэсэн үг. Тэгээд манай байнгын хорооны гишүүдээс гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар үйлчилгээ, орон сууцтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх нь зөв юм гэсэн шйидвэр гаргасан. Тэгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн удирдлага, ТОСК-д үүрэг чиглэл болгосон. Хямд өртөгтэй, чанартай, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, түрээслэх тухай юм.

Анх удаа жижиг цэвэрлэх байгууламжийг гэр хороололд барилаа


-Хямд өртөгтэй гэхээр... 
-Бас чанартай гэсэн байгаа биз?! Норм, норматив, стандартаа дагана аа гэсэн үг. Миний дээр хэлсэн малосемейка гэсэн санаа үүнтэй уялдаж үүссэн хэрэг. Нэмж хэлэхэд Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг байнга сонсож, танилцаж ирсэн. Ер нь манайд моралийн болоод материалын элэгдэлд орсон байрнууд зөндөө байна шүү дээ. Москвад жишээ нь Хрущевийн үеийн орон сууцны барилгуудаа нурааж шинээр өндөр, олон давхар барилгууд барьж байна шүү дээ. Бээжинд Маогийн үеийнхээ гэдэг ч юм уу. Энэ хотуудад манайхаас түрүүлж барилга байшин нь эдүгээчлэгдэж байна гэсэн үг. Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байна. Үүний 43 хувь нь л орон сууцанд, үлдсэн 57 хувь нь гэр хороололд амьдарч байна л даа. Эндээс гэр хороололд анхаарлаа хандуулах нь тэргүүний зорилт гэж аяндаа харагдана. Нарийндаа манайхан чинь нэг, хоёр сая төгрөгөөр гэр аваад л яндангийн тоо нэмээд айлын хашаанд өвөлжчихнэ шүү дээ. Бусад хотын нийслэлд тэгж амьдарч чадах уу. Чадахгүй. Өргөдлийн байнгын хороо Түрээсийн орон сууцны асуудлаар 8 удаагийн хуралдаан, хэлэлцүүлэг, нөхцөл байдалтай танилцах ажлыг зохион байгуулж Засгийн газарт чиглэл өгсний үр дүнд “Буянт Ухаа 2” хорооллын гацаад байсан 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас олгуулахаар шийдүүлж, анх удаа ТОСК журамдаа ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгийн эхэнд хамруулах, түрээслэж байх хугацаандаа зээлд хамрагдаж өөрийн эзэмшилдээ шилжүүлж авах боломжийг олгох зэрэг өөрчлөлтийг оруулж чадсан.  Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс Өргөдлийн байнгын хорооноос санаачлан Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банктай хамтран ажиллах “Гурван талт менежментийн гэрээ”-г байгуулж, баригдаж дуусаагүй, гацаанд байсан барилгын ажлуудыг эрчимжүүллээ. Мөн УИХ-аас түрээсийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. УИХ-аас анх удаа инженерийн дэд бүтцээ шийдсэн 120 м.кв хүртэлх талбайтай гэр хорооллын амины орон сууцанд ипотекийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн ажлууд бий. Энэ бол ганц Улаанбаатар хотод биш бусад орон нутагт явагдаж байгаа ажил.
-Манай улс цэвэр усны хүндрэлтэй тулгарах магадлалтай орны тоонд орчихоод байгаа. Та харин Туул голын сав газрыг нилээн анхаарч байна уу даа гэж хардаг.
-ӨБХ чинь УИХ-д хандаж байгаа санал хүсэлт, өргөдөл гомдлын гол үүд хаалга шүү дээ. Иймээс аливаа асуудалд анхаарч байна уу биш ажил хэрэг болгох гэж мэрийж ажиллацгаадаг шүү. Миний хувь хүний зарчим ч ийм.
-Харин тийм. Орохгүй ажилгүй юм шиг байгаа юм.
-Дэлхийн ирээдүйн баялаг цэвэр ус гэж олон судлаачид хэлж, тэмдэглэсэн байдаг юм билээ. Би Хөвсгөл далайн хүүхэд. Тэр агуу усаа харахаар бидний хойч үеийн гол өмч гэж боддог шүү. Ийм ч учраас усыг хүндэлдэг, хайрладаг, бас сүрддэг. Сэтгүүлч Ц.Балдорж “Далай ээж цаазын тавцан дээр” гэдэг нийтлэлийг оюутан байхдаа уншаад биширч байсан. Одоо энэ хүний бичсэн нийтлэлийн алсын ухааныг жинхэнэ утгаар нь биширч байна. Норвегиуд хааш хаашаа 600 км мөсөн далайг эзэмшдэг юм гэнэ лээ. Тэрийгээ бидний ирээдүйдээ үлдээх гол өв хөрөнгө гэж ярьдаг юм гэсэн. Бид их гол мөрөн голынхоо усаар хиймэл нуур цөөрөм байгуулаасай гэж боддог. Мөн сул урсаж байгаа усаа цуглуулаасай гэж бодож байна. Энэ бол том проект. Зайлшгүй хийх ирээдүй рүүгээ харсан проект. Биднийг жаахан байхад “Дайны тухай өгүүллэгүүд” гээд олон жижиг новелиэс бүтсэн кино гардаг байсан. Тэнд С.Удвал, Дожоодорж гуай нарын бичсэн “Балаг ус” гэдэг хэсэг нь ус гэдэг рашааны ач холбогдлыг үнэхээр бидний бяцхан тархинд үлдтэл нь зоож билээ. Тиймээс ус хайрлах өвчин бол миний хуьд төрмөл ч юм. Бас олдмол ч юм. Магадгүй Далай ээж, Дэлгэр мөрний хөвөөнд тоглон наадаж өссөн болохоор тэр юм уу (инээв). Манай байнгын хорооны нэр дээр Туул гол бохирдож, усны нөөц нь багасаж, голын эрэг дагуу барилга байшин барьж, түгээмэл тархалттай ашигт малтмал олборлож байгаа талаар хот хөдөөгийн иргэдийн гомдол их ирдэг. ӨБХ энэ талаар 2018 онд зургаадугаар сард тогтоол гаргасан. Туул гол бол бидний хувьд артерийн судас. Үүнийг ойлгож ямар ч үнэ цэнээр хамаагүй хайрлаж хамгаалах ёстой.


-Түгээмэл тархацтай ашигт малтмал (ТТАМ) гэдэг нь?
-Хайрга чулуу, элс шороо шүү дээ. Манай хорооноос гаргасан тогтоол шийдвэрийг дэмжиж Туул голыг хамгаалах, хамгаалалтад авах талаар Их Хурлын дарга Г.Занданшатар биечлэн оролцон ажиллаж байгаад би талархдаг. УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, БОАЖЯ, НЗДТГ болон бусад яам агенлагтай уялдаа холбоог ханган ажиллаж байна. Бид ямар ч гэсэн хөдөлгөөнд орсон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө шүү дээ. 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 131 аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөл зэмшиж байсан. Хууль мөрдөгдсөнөөс хойш нийслэлийн Засаг дарга нийт 83 ААН байгууллагын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сард 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Одоогийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт ТТАМ-ын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээ бий. Нийслэлийн Засаг  даргын захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаалан эвлэрэх саналт тавигддаг. Ингээд шүүхээс бидний санаанд нийцсэн шийдвэр гарахгүй он дамжин явдаг. Гол төлөв төрийн шийдвэр ялагддаг нь нэн харамсалтай. Тэгэхээр бид энийг зохицуулах хууль эрх зүйн зөв зохицуулалтыг олох ёстой. 2018 оны байдлаар гэхэд л 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай нь нийт 1652.6 га талбайг эвдэгджээ гэсэн ноцтой тоо баримт байгаа. ТТАМ-ын хэрэгцээ 2019 оны байдлаар 1 сая 240 мянган тонн  шаардлагатай байна гэсэн судалгаа бий. Жишээ нь үүнийг 2014 онтой харьцуулахад энэ тоо 5 дахин өссөн  байна. Иймд ТТАМ-ын ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгаа юм. Харин Ажлын хэсгийн зүгээс эвлэрлийн гэрээнд аж ахуйн нэгжүүд найман сарын хугацаанд 13-15 шаардлага биелүүлж байж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан боловч, 35 аж ахуйн нэгжээс нэг нь ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй байдаг. Ийм учраас Туул голын ай савд Агаарын бохирдолтой тэмцэх лүгээ өргөн машстабтай арга хэмжээг цогцоор нь авах хэрэгтэй байгаа юм. Ус, агаар хоёр адил тэнцүү чухал баялаг шүү дээ

Хүүхдэд "За" гэж хэлэхийн төлөө их хичээлээ

-Та сонгогдсон тойрогтоо аль зэрэг хөрөнгө оруулалт хийв ээ?
-Мэдээж хэрэг том түвшиндээ Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажилласан. Тойргийн онцлог гэж байна. Нөхцөл байдал өөр. Гэр хороололд шийдэгдээгүй шийдэх ёстой маш олон асуудал бий. Байгуулагдаад 60 жил болсон ч сургууль, цэцэрлэггүй байсан хороо ч байна. Иймээс сургууль, цэцэрлэгээр нилээн “занималдсан” даа. Хүүхдэд “За” гэж хэлье гэдэг хэлц үг их оносон үг шиг санагддаг юм. Хүүхдэд “За” гэж хэлэхийн төлөө их хичээсэн. Социализмын үед  тойргоос сонгогддог АИХ-ын депутат гэж байв. Тэр депутат нь сонгогдсон тойрогтоо түргэний машинаас эхлээд сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийддэг уламжилтай явж ирсэн. Иймээс тойргийн иргэдийн ашиг сонирхолыг хамгаалж аливаа асуудлыг шийдэхийн төлөө уйгагүй явдаг даа. Энэ уламжлал одоо УИХ-ын гишүүдэд иржээ. Иргэд хамаг л зовлон бэрхшээлээ сонгосон гишүүндээ тавьдаг. Тэдний буруу биш. Би Та нарыг төлөөлнө гэж гарч ирсэн бол үгэндээ байх хэрэгтэй. Тэр хүмүүсийг төлөөлж төрд сууж байгаа юм чинь зайлшгүй шийдэх зөв санал санаачлагыг гүйцэлдүүлэх гэж ажиллаа. Ер нь амалсан амлалтаа бараг гүйцэлдүүлсэн. Хувь хүмүүсийн биелүүлэх боломжгүй хүсэлтүүд л үлдсэн байх. 
-Жишээ нь ямар хүсэлт байх уу?
-Юу эс байх вэ. Оноо балл нь хүрээгүй хүүхдийг тийм их дээд сургуульд оруулж өгөөч гэхээс авахуулаад хураалгасан жолооны эрхийг авч өгнө үү ч гэдэг юм уу. (инээв.) Жил болгон иргэддээ тайлан тавьдаг. Та нэгэнт миний тойрогтоо хөөцөлдсөн хөрөнгө оруулалтыг сонирхож байгаа бол 2019 оны тайлангаа би бэлдчихээд байгаа. Тэрийг сониндоо ярилцлагаа дагуулаад нийтэлж өгвөл баярлах байна. Энд нуршаад байх боломж бага байна. Овоо юм бий шүү гэж бодож байна. (инээв.)
-Тэгье л дээ. Ажил хийсэн хүний тайланг тавихад цаараглах юм гэж юу байх вэ. Танай нам У.Хүрэлсүхийнх, МАНАН-гийнх гэж нэрлэгдэж хоёр хуваагдаад нилээд үзлэцсэн. Бие биенийгээ ч элдэв янзаар дуудалцсан. Тэр үед ЖДҮДС, ХЭДТ-өөс зээл авахад нөлөөлсөн гишүүдийн нэг гээд нилээд шуугисан. Таныг нэрийг ч хавчуулаад авсан. Харин та няцаалт хийж байгаа харагдсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Би шударга ёсны талд ямагт  зогсдог, хариуцлагатай байдал, авлигал, албаны хажуугаар нүдээ аниад өнгөрч болохгүй гэж боддог. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмждэг шударга ёсны тэмцэлд нэгдсэн гишүүдийн нэг. 30 хэмийн хүйтэнд төв талбай дээр 30-аад мянган иргэдтэйгээ хамт жагссан. Энэ цагаас хойш над руу дайралт эхэлсэн. Туул голоо хамгаалах тал дээр ӨБХ-ны тэмцэл ч үр дүнгээ өгснөөс болж хүний өөрийн намын мөнгөтэй хүмүүсийн дургүйг хүргэсэн нь түүн дээр бас давс нэмсэн. Элдэв нэр хаяг зүүлгэх гээд их л оролдсон доо.  ЖДҮДС, ХЭДЖ-ээс зээл авах биш харин жинхэнэ зорилтот бүлгийн эздэд нь зээлийг хүргэхийн төлөө дуугарч байсан маань тэр нэр хаяг зүүхээс тус болсон. Холбогдоогүй гишүүдийн нэг гэдгийг нотлоод өгсөн. Идэж уусан юм олдохгүй болохоор зүүсэн алчуур, идсэн боорцгоор нэр хоч зүүх доромжлох гэж бас үзсэн л дээ. Хүн л болсон хойно ажилдаа улайраад өлсөх даарах юм хүнд бишгүй л тохиолддог шүү дээ. Тэрүүгээр нэг их цэцэрлэгийн хүүхдүүд шиг гэнэн "PR" хийнэ гэдэг дэндүү явцгүй хүмүүсийн зан араншин шүү дээ. Гэхдээ би тэглээ гээд ийм гэнэн юманд оосорлогдож зогсох хүн биш. Эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө хариуцлагагүйн зудыг арилгаж иргэддээ тэгш боломж олгохын төлөө тууштай ажиллана. Сая сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн квотын хэмжээг 20 биш 30 хувь болгох мянга мянган эмэгтэйчүүдийнхээ хүсэлтийн уламжлан дуугарсны төлөө эмэгтэй гишүүд рүү зохион байгуулалттай дайралт яаж явсныг та анзаарсан байх.  Энэ тал дээр төлөвшил хандлага шаардлагатай байна. Монголын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байхад яагаад тийм квот өгч болохгүй гэж. Эмэгтэйчүүд, эхчүүдийн маань дуу хоолой тэгш эрхийг хангах үүднээс парламентэд нөлөөтэй байх зөв шүү дээ. Энэ бол аливаа улс төрийн хүчний эрхэмлэх нэг зарчим байх гэж бодож байна.
-Сонирхолтой, илэн далангүй ярилцлага өгсөн танд баярлалаа. 
-Танай сонины хамт олонд ч бас ажлын амжилт хүсье. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн  Тойрогтоо хийсэн хөрөнгө оруулалтын тайлан

 

2016 оны хөрөнгө оруулалт /200 сая/ 

 258-р цэцэрлэгийн барилгын үлдэгдэл санхүүжилт

 Иргэдийн эрчим хүчний хүчдэл сайжруулалт /10-р хороо/

 

2017 оны хөрөнгө оруулалт /227 сая/

 Эрчим хүчний хүчдэл сайжруулалт, шинээр тог татав /7,10 дугаар хороо/

 Өрхийн эрүүл мэндийн төвд багаж, тоног төхөөрөмж, автомашин нийлүүлэв /7 хороо/

 

2018 оны хөрөнгө оруулалт  /46.8 тэрбум/ 

 175 хүүхдийн 258-р цэцэрлэг, /11-р хороо/ 

 175 хүүхдийн шинэ цэцэрлэг, 2019 онд ашиглалтад орно. /11-р хороо/

 43 дугаар цэцэрлэгийн барилгын ажил, 2019 онд ашиглалтад орно. /9-р хороо/ 

 720 хүүхдийн сургууль, 2020 онд ашиглалтад орно.  /7-р хороо/

 Сервис центр төсөл, 7-р хороо 

 Шинэ хороо төсөл, 7-р хороо 

 Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв баригдахаар боллоо.

 Хүчит шонхор дэд станц 10-р хороонд баригдаж байна.  

 39-р сургууль, 124, 31-р цэцэрлэгийг төвийн шугамд холболоо. 

 Ус түгээх газар 7-р хороонд барилаа. 

 

2019 оны хөрөнгө оруулалт /21.84 тэрбум/ 

 7-р хороонд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлнэ. 

 10-р хороонд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлнэ.

 2.6км Авто замын ажил эхэлнэ /7-11 дүгээр хороо/

 1,2 км Авто замын ажил эхэлнэ /9-р хороо/ 

 Гэр бүл, хүүхэд, ахмадын соёл, амралтын цогцолбор ашиглалтад орно. /7-р хороо/

 Хөтлийн автозамын даланг шинэчлэн сайжруулж тохижуулах ажил эхэлнэ /7-р хороо/ 

 Гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир, дулааны шугамд холбох төсөл хэрэгжиж дуусна.

 Дүүргийн спорт комлекс ашиглалтад орно /10-р хороо/

 Камержуулалт хийгдэнэ. 

 

2020 оны хөрөнгө оруулалт /7 тэрбум/ 

 Дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй 10 дугаар хороо. 

 Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хороонд “Шинэ хороо” төсөл хэрэгжүүлэх     
 Чингэлтэй дүүргийн 10-11 дүгээр хороодын дунд Биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбай байгуулах      
 Чингэлтэй дүүргийн 39 болон 57 дугаар сургуульд “Хүүхдийн шүдний кабинет” байгуулах     
 Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 болон 2 дугаар хэлтсүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах /компютер, принтер, станц/    
 Чингэлтэй дүүргийн 7, 10, 11 дүгээр хороонд байрлах шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүдэд номын сангийн тохижилтийг хийх       
 Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороодын сургууль, цэцэрлэгийн багш нарыг техник хэрэгслээр хангах      
 Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Гэр бүл, хүүхэд, ахмадын соёл, амралтын цогцолбор”-ыг дотоод тохижуулалт, тоног төхөөрөмжөөр хангах

 Гэр хорооллын дундах зам засвар, тохижилтын ажил, Чингэлтэй дүүрэг 7, 8, 9, 10, 11 дүгээр хороод

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.