НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Д.Баясгалан: Бид орон нутагт залуучуудын оюуны хэрэгцээг хангах чиглэлээр тогтвортой ажиллаж байна

Х.Отгон-Эрдэнэ     Нийтлэгч
6 сарын өмнө /2020-02-05 20:53:38 GMT +8 / | 2701 удаа уншсан

 

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын “хотжилт уу” эсвэл “төвлөрөл” үү гэдэг асуудал улам ноцтой болсоор. Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо суурин хүн амын цэвэр өсөлтөөс хэд дахин илүү гарч байгаа. Улаанбаатар хотод төрсөн уугуул оршин суугчид 9.8 хувиар нэмэгдсэн байхад Улаанбаатар хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал сүүлийн 10 жилийн дотор өмнөх үеэс 54.4 хувиар нэмэгджээ. Нийт шилжих хөдөлгөөнд оролцсогсдын 56.5 хувь нь 15-29 нь насныхан бөгөөд тэдний 55.7 хувь нь боловсрол эзэмшихээр ирж байгаа. Шилжих хөдөлгөөнд залуучууд давамгайлж байгаа нь тэдний нийгэм, эдийн засаг, оюуны хэрэгцээтэй холбоотой юм. Эдгээр асуудлыг анхааран орон нутагт залуучуудын оюуны хэрэгцээ шаардлагыг хангаж, боловсрол олгох, ажлын байранд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хэрэгжүүлэн бүс нутгийн хөгжилд томоохон нэмэр оруулж байгаа ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн хамт олнытөлөөлөл болох тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Д.Баясгаланг  зочноороо урилаа. 

-2019 оны намар Шинжлэх ухаан, технологийн их сургууль 60 жилийн ой тохиосон. Та бүхэн энэ түүхт ойн жилээ ямар амжилтаар мялаав? ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн талаар уншигчдад танилцуулна уу?
-Үнэндээ энэ нэр хүндтэй сонинд он цагийн тоолол, гарч буй жилийн өнгө билэгдэл бүрдсэн сайхан цагийн эхэнд ярилцлага өгч, зочноор уригдсандаа туйлын баяртай байна. Та бүхэндээ энэ ярилцлага хүрэх мөчийн мэндийг хүргэе. ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг манай эрдмийн хамт олон чамлахааргүй амжилттай угтаж, ойгоо сэтгэл дүүрэн тэмдэглэн өнгөрөөсөн. 2019 онд л гэхэд манай хамт олноос эрдмийн зэрэгтэй 4 багш шинээртөрсний 3 нь гадаадад амжилттай хамгаалж, 2 профессор цолтон, 1 Хүндэт профессор төрлөө. Бид ой угтан зарласан олон арга хэмжээ түүний дотор эрдэм шинжилгээ, инновацийн шилдэг бүтээл шалгаруулах 2IP уралдааны төрөл тус бүрээр амжилттай оролцсоны дээр ШУТИС-ийн үндсэн 60 сурах бичгийн тоонд 4 профессор, багшийн маань бүтээл орж хэвлэгдлээ, ШУТИС-ийн Профессор, багш, судлаачдын “Эрдмийн чуулган 2019”-д доктор Н.Болорцэцэгийн хэлэлцүүлсэн “Чацарганы соёолуулсан үрийн физик, химийн шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэл II байрт шалгарсан гээд бидний амжилтын түүх цааш хөврөх болно.  
-Танай сургуулийн онцлог юу вэ?
-Манай сургуулийн хувьд 30-аад жилийн түүхтэй, ТИС-ийн орон нутаг дахь “салбар сургууль”-иас “их сургууль”-ийн статустай ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болж хөгжсөн, ШУТИС-ийн үйл ажиллагааны стратеги, бодлого, стандартыг орон нутагт хэрэгжүүлж байгаа төдийгүй Найрамдлын Дархан хотын хүүхэд залуусын хөгжлийг дэмжих боловсрол, судалгааны төв гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө. 
-Сүүлийн жилүүдэд ЕБС-ийг төгсөгчдийн тооноос хамаараад их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурсан асуудал дээд боловсролын салбарын хувьд нэлээд хурц байна. Та бүхэн өнгөрсөн болон энэ хичээлийн жил хэр ачаалалттай ажиллаж байна?
-Тиймээ, ЕБС төгсөгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс багассантай холбоотойгоор зах зээлийн нийгэм боловсролын аль ч шатны байгууллагуудыг шалгаж, шалгаруулж байна гэж би хэлмээр байна. Элсэгчдийн тухай асуудал аль 2000 оноос л манай үйл ажиллагааны чухал хэсэг болж, энэ тал дээр нэлээд анхаарал хандуулан, менежмент хийж ажилласны үр дүнд үйл ажиллагаа маань тогтвортой санхүүгийн ямар нэгэн хүндрэлгүй хэвийн явагдах нөхцөл бүрдсэн.
-Танай сургууль ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна?
Манай сургууль барилга, механик, металлург, ус, цахилгаан, дулаан, уул уурхай, хүнс зэрэг инженер, технологийн бүхий л чиглэлээр бакалаврын 13 хөтөлбөр, 22 мэргэжлээр, магистрын 17, докторын 1 хөтөлбөрөөр сургалт, судалгаа, үйлдвэрлэл хослуулан өдөр, орой, эчнээ хэлбэрээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг чанар, хүртээмжтэй явуулахын төлөө чармайн ажиллаж байна.


-Залуучууд дээд боловсрол эзэмших, мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор ихэвчлэн Улаанбаатар хотыг зорьдог. Хувь хүний хувьд энэ нь сайшаалттай боловч, нөгөө талаас хэт төвлөрөл үүсгэж, санхүүгийн хувьд ихээхэн нэмэлт зардлуудыг гаргаад байх шиг харагддаг. Төгсөгчид маань эргээд Улаанбаатар хотод ажил эрхлэх байдалтай. Энэ асуудлыг нь орон нутагт шийдвэрлэх боломж байна уу?
-Тийм шүү, өнөөдөр үнэндээ ЕБС төгссөн хүүхэд бүр л нийслэл хотыг зорьж байна. Залуучуудын хувьд тэдний хөгжих таатай орчин л чухал. Манай Дарханы хүүхдүүд ч мөн ихэнх нь эхлээд заавал Улаанбаатар явж сурах сонирхолдоо хөтлөгдөн явдаг ч нэлээд нь 2-3 дахь жилдээ буцаад Дархандаа сурах шийдвэр гаргасан гээд ирдэг тохиолдол ихсэх хандлагатай болсон. Үүнийг би манай сургуулийн дээд боловсролын салбарт өөрийн гэсэн байр сууриа нэгэнт олсон, залуусын суралцах таатай орчин бүрдүүлэхэд манай үе үеийн удирдлагын зөв бодлого, менежмент, дээр хэлсэнчлэн энэ тал дээр багш, ажилтан, ажилчин, удирдлага гээд хүн бүр л сэтгэл, зүтгэл гарган нэгдэж, элсэлтийн ажил бол энэ байгууллагаас цалин хөлс авч ажиллаж байгаа хүн бүрийн хүчин чармайлтаас хамаарна гэдгийг ухамсарлан нэгэн баг болж ажиллаж чадсаны үр дүнгэж боддог. Боловсрол бол өнөөгийн нийгмийн шаардлага, онцлогийг дагаад “Үйлчилгээ” гэж томьёологдох болсон шүү дээ. Иймээс бид зах зээлээ мэдэрч, үйлчлүүлэгчдэдээ хүрч ажиллах бүхий л боломжийг олж харах, тэдний хэрэгцээг мэдэрч, чанар, хүртээмжийг чухалчилан ажилладаг даа. Ер нь бидний бодлого үйл ажиллагаа төгсөгчид рүүгээ л чиглэдэг гэж хэлж болно, өөрөөр хэлбэл төгсөгчидтэйгээ эргэх холбоо сайтай ажиллахыг эрхэмлэдэг. Мөн онцлохыг хүсч байгаа нэг зүйл бол манай төгсөгчдийн хүмүүжил, төлөвшил, аливаад хандах өөриймсөг, бүтээлч  хандлага. Үүнийг би ажил олгогчдоос авсан судалгаа, хамтын ажиллагааны сэтгэл ханамж зэргийг үндэслэн хэлж байгаа юм. Энд бас нэмж хэлэхэд төр засгийн зүгээс зохицуулалт менежмент хэрэгтэй байгаа гэж боддог. Орон нутагтаа амжилттай үйл ажиллагаа явуулж буй сургуулиудаа бодлогоор дэмжээд өгвөл хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийнхаа хөгжлийг давхар дэмжих олон асуудал аяндаа шийдэгдэнэ. Энэ талаар зарим тооцоо судалгаа хийгдээд эхэлсэн байгаад баяртай байна. 
-Танай сургуулийн хувьд магистрын зэргээр суралцагчдын тоо өсөх хандлагатай харагдаж байна. Их сургуулийн удирдлагын зүгээс энэ чиглэлд ямар бодлого боловсруулан хэрэгжүүлж байна уу?
-Энэ асуултын хариултыг олон зүйлтэй холбон тайлбарламаар байна. Манай ШУТИС-судалгаанд суурилсан их сургууль болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ахисан түвшний сургалтын үр нөлөө их байх нь мэдээж. Ахисан түвшний сургалтаар дамжуулан багшлах бүрэлдэхүүний маань мэргэжил мэдлэг дээшлэх, эрдмийн зэрэг, цолтой багш нарын тоо нэмэгдэх гээд олон давуу талтай. Мөн бид ахисан түвшний сургалтын хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг дэмжих хүрээнд ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдээр сургалт явуулснаар орон нутгийн иргэдийг ажлын байрнаасаа хөндийрөхгүйгээр мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх бололцоогоор хангаж байгаа юм.


-Төгсөгчдийн ажил эрхлэлтийн талаар?
-Төгсөгчдийн ажил эрхлэлтийг судалгааг авах байдлаар тодорхойлж гаргадаг. Сүүлийн 3 жилийн судалгааны дүнгээс харахад манай төгсөгчдийн 86 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаагийн 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Мөн бид менежмент хийж ажилласны үр дүн гэж болохоор жишээ дурдвал, зарим томоохон үйлдвэр аж ахуйн газар, байгууллага, ажил олгогчид төгсөлтийн диплом хамгаалалтан дээр ирж суугаад төгсөгчдөөс маань сонгож ажилд урих байдлаар авч байгаа сайхан туршлага ч байна. 
-Аливаа их сургуулийн амин чухал 3 зүйл бол их сургуулийн сургалтын хөтөлбөр, багшийн мэдлэг, ур чадвар, сургалтын орчин нөхцөл. Энэ чиглэлээр хийгдэж буй ажлын талаар танилцуулна уу?
-Манай сургууль ШУТИС-ийн сургалтын хөтөлбөр үйл ажиллагааны стандарт, шаардлагыг ягштал мөрдөн ажиллахын зэрэгцээ суралцагчдын сурч хөгжих, багш ажилтан, ажилчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд илүү анхаарч ажилласнаар нийслэл хот руу чиглэсэн тэр урсгалыг бага ч болов сааруулж, аймаг орныхоо ч нүүр царай болохуйц орчин үеийн сургалт, судалгааны тохилог төв болж чадсан гэж үзэж байна. 2016 онд манай хичээлийн 2-р байрны 5 давхар тохилог шинэ барилга ашиглалтад орсон. Боловсролын шинэчлэлийг түргэтгэхэд багшаа л хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд ч манай сургуулийн удирдлагын стратеги чиглэж байдаг. Их сургуулийн багшийг хөгжүүлэх гол гарцыг судалгааны арга зүйг чадамгай эзэмшүүлж, залуу багш нараа шинжлэх ухаанч, хөрвөх чадвартай, зөв хандлага, бүтээлч сэтгэлгээтэй болгон төлөвшүүлэхэд манай удирдлагын баг нэгэн дуу хоолойгоор дэмжиж ажилладаг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэгийг багш нарын гадаад хэлний мэдлэг, ур чадвар гэж үзэжпрофессор, багш нарынхаа эрдэм шинжилгээний хурлыг англи хэл дээр явуулах, гадаадад бүтээлээ хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, англи хэл дээр хичээл заах багш нарыг бэлтгэх, гадаад оюутан элсүүлэх зэргээр олон талтай ажлуудыг зохион байгуулж байна.
-2020 онд ямар шинэ ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай ШУТИС сургалт, судалгааны ажилдаа “Үр дүнд суурилсан боловсрол”-ын тогтолцоо, чанарын менежментийг нэвтрүүлэхэд чиглэсэн ажлуудыг тодорхой бодлого, төлөвлөлттэйгээр явуулж байна. Тодруулбал, бид багш нарынхаа сурган заах арга зүйг сайжруулахын тулд асуудалд суурилсан, судалгаа, төсөлд суурилсан, оюутны идэвх оролцоонд тулгуурласан сургалтын дэвшилтэт аргуудаар сургалтын процессийг зохион байгуулах менежментийг эзэмшүүлэхэд чиглэсэн ажлуудыг түлхүү хийж эхлээд байгаа. Саяхан 12 сард ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс зохион байгуулсан “Их сургуулийн сургалтанд сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь” эрдэм шинжилгээний хуралд манай ахлах багш М.Дэлгэрмаагийн илтгэл тэргүүн байрт шалгарсан нь мөн л бидний ажлын үр дүн гэж болно. Удахгүй энэ 1-р сард зохион байгуулахаар төлөвлөсөн “Сургалтын бодлого-2020” зөвлөгөөнөөс ихээхэн үр дүн хүлээж байгаа. Бэлтгэл болох далайцтай ажлууд хийгдэж байна.


-Таны ажил үүрэг их сургуулийн судалгаа, шинжилгээг удирдан чиглүүлэх. Танай сургуулийн хувьд судалгаа шинжилгээний ажил хэрхэн явагдаж байна?
-Их сургуулийн рейтинг, статус нь эрдмийн зэрэг, цолтой багш нарын эзлэх хувь, судлаач багш нарын судалгааны ажлын үр өгөөж, нийгэмд үзүүлэх нөлөө зэргээр тодорхойлогддог. Үүнийг би ажил үүргийнхээ удирдамж болгон ажилладаг. Өнөөдрийн байдлаар манай багш нарын 30 хувь нь эрдмийн зэрэг, цолтой болсны дотор залуу судлаач эрдэмтдийн тоо өсч байгаад тун сайшаалтай байгаа. Мөн ОХУ, БНСУ, БНХАУ-д 8 хүн, дотоодын их дээд сургуулиудын докторантурт 20 гаруй хүн суралцаж, судалгаа шинжилгээний ажлаа хийж байна. Манай сургууль ер нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль гэхэд чамлахааргүй тооны эрдэмтэн судлаачтайгаараа бахархдаг. Манайхаас төрөн гарсан 40 гаруй эрдэмтэн судлаачдын 20 нь одоо сургуульдаа, бас нэлээд нь манай бусад бүрэлдэхүүн сургууль, бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, яам тамгын газар хариуцлагатай ажил алба хашиж байна. Гавьяаныхаа амралтанд гарсан ахмад эрдэмтэд маань ч сургуультайгаа үргэлж холбоотой байж, зааж зөвлөх байдлаар их л тустай байдаг юм. 
-Судалгаа шинжилгээний үйл ажиллагааг дэлгэрүүлэн ярьж өгнө үү?
-Манай сургууль дээр Барилгын материал судлалын төв сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон хэлбэрээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, сургуулийн төдийгүй бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг. Одоо манай судлаач эрдэмтэд ХБНГУ-ын инженер техникчидтэй хамтран авто замыг сайжруулах Tерра технологийг нутагшуулах, “Өндөр үзүүлэлттэй бетон гарган авах” улсын захиалгат, суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, Барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторит сорилт шинжилгээхийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг ажлууд дээр төвлөрч байна. Бас нэг шинэлэг гэмээр ажил бол оюутнуудаа судалгааны ажилд татан оролцуулах, багш нарынхаа бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор профессор, багш судлаачдынхаа эрдэм шинжилгээ, инновацийн бүтээлүүдийг ахисан түвшний сургалт явагддаг хэсэгтээ буюу 4-р давхарт постер хэлбэрээр байршуулсан. Энэ нь судалгааны ажлынхаа үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг зорилго, ач холбогдлыг нь харан хийж байгаа ажил юм.  
-Их сургуулийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх амин чухал хэсэг нь судалгааны лаборатори. Энэ чиглэлээр нэлээдгүй ажил хийж. Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэжбайна. Томоохон лабораториуд хэрхэн шинээр байгуулсан бэ?
-Судалгааны бааз, лабораторуудаа шинэчлэх ажилд бид бүхий л нөөцөө дайчлан ажилладаг. Гадны хөрөнгө оруулалтыг татах тал дээр санаачилгатай ажиллаж байгаагийн үр дүнд хэрэгжиж байгаа чамлахааргүй тооны төсөл, хөтөлбөр байна. Тухайлбал, сүүлийн 3 жилд л гэхэд ДБШТ-өөр 7 төсөл авч сургалт, судалгааны орчноо сайжруулсны дотор АХБ-ы 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр “Эрдэм шинжилгээний дундын лаборатори” байгуулан сургуульдаа төдийгүй орон нутгийн бусад сургалтын байгууллага судлаачдын судалгаа, шинжилгээний ажлыг явуулах, хамтарч судалгаа хийх нөхцөл бүрдсэн.ХБНГУ-тай хамтарсан “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент: загвар бүс нутаг - Монгол (МоМо-1,2,3)” гэсэн 3 төслийг 2006-2018 онд амжилттай хэрэгжүүлж, төслийн ажлын үр дүнгээр 2 мэргэжилтэн докторын, 3 оюутан магистрын, 3 оюутан хүрээлэн буй орчны чиглэлээр бакалаврын зэрэг тус тус хамгааллаа.Дархан хотын цэвэр усны алдагдлыг тодорхойлох, Хараа голын сав газрын гүний усны мониторинг, ундны ус болон гүний худгуудын кадастрын зураг боловсруулах, байршлын цэг тогтоох, бохир усаар мод үржүүлэх полигон-байгууламж буюу оюутны сургалт туршилтын бааз, Дархан, Орхон сумын хотын бохир усны төв цэвэрлэх байгууламж дээр SBR-бага оврын цэвэрлэх байгууламж барих, ДаТС-д 30-аад сая төгрөгний санхүүжилт бүхий “Усны химийн лаборатори”-ийг байгуулсан зэрэг олон бүтээлч ажлыг энэ төслөөр хийж гүйцэтгэсэн. Мөн БНСУ-ын Шинжлэх ухааны сантай хамтран “IOT convergence буюу IoT технологид суурилсан малын байрлалыг бүртгэх систем” сэдэвт дөрвөн төслийг амжилттай хэрэгжүүлсэн гээд ер нь манай сургууль дээр сургалт, судалдгааны баазаа сайжруулах чиглэлээр хийгдсэн төслүүдийн 70 гаруй хувь нь гадаадтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр шим байдаг.
-Их сургууль гэдэг улс орны хөгжилд ихээхэн нөлөөлдөг. Танайх орон нутгийн Засаг захиргааны нэгжтэй хэрхэн хамтран ажиллаж байна?
-Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их сургуулийн хувьд бүс нутгаа хөгжүүлэхэд манай сургууль, судлаачдын үүрэг роль их гэдгийг бүрэн ухамсарлаж ажилладаг. 2019 онд л гэхэд Америкийн Газарзүйчдийн Холбооны санхүүжилт, санаачилгаар дагуул хотуудын хүн амын аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх зорилгоор газар зүйн зураглал боловсруулах “Дагуул хот (2C) Дархан” төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож, албан ёсны лицензтэй 2 ArcGIS программыг хүлээн авснаар тус сургуульд багш, оюутны судалгааны ажлын хэрэгцээнд ашиглах боломжтой боллоо.  Бид АЗДТГ-тайгаа нягт хамтран өөрийн нутаг орон, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулж Дархан хотыг смарт хот болгон 2030 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогыг боловсруулах ажлын хэсэгт манай 4 судлаач-багш орон ажиллаж байгаа, Дархан хотын авто замыг сайжруулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан, байгууллагуудын бизнес төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн баг туслан зөвлөхийн зэрэгцээ Аймгийн Стандарчлал, хэмжилзүйн хэлтэс, бусад үйлдвэр аж ахуйн газруудтай хамтран жил бүр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулж байгаа зэрэг сүүлийн үеийн жишээ баримтууд олныг дурдаж болно.


-Гадаад хамтын ажиллагааны талаар?
-Манай үе үеийн удирдлагууд сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж ирсэн байдаг. 2001 оноос гадаад харилцаа хамтын ажиллагаа нэлээд өргөжиж эхэлсэн бөгөөд өнөөдөр АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул технологийн сургууль, Оросын Холбооны Буриад улсын Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль, БНСУ-ын Чонбукийн их сургууль, БНЧУ-ын Томас Батагийн их сургууль, ХБНГУ-ын Илменаугийн техникийн их сургууль,GTZ, ACI,IAESTE, КОЙКА, ЖАЙКА, АНУ-ын Энхтайвны Корпус, SANKOU SEIKI зэрэг олон улсын хамтын ажиллагааны болон эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, бизнесийн 20 гаруй байгууллагатай нягт хамтран ажиллаж, жилд дунджаар 2-3 төсөл хэрэгжүүлдэг. Мөн олон улсын байгууллагуудтай түүний дотор БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай ажилласан хамтын ажиллагаанаас ихээхэн үр ашиг хүртэж байгааг талархан онцолмоор байна.Одоо ч мөн 3 мэргэжилтэн DREAM хөтөлбөрөөр ирж ажиллаж байна. Саяхан ХБНГУ-ын UESA компанитай хамтран ажиллах хүрээнд цахилгааны мэргэжлийн сургалтын баазыг сайжруулах орчин үеийн багаж тоног төхөөрөмж авах ажил хийгдсэн. 
-Орон нутагт ажиллаж байгаа бусад боловсролын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Манай аймгийн Их, дээд, мэргэжлийн сургуулиудын Консорциум Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа 9 сургуулийг хамарсан оюутан суралцагч,багш, ажилтнуудаа хөгжүүлэх зорилгоор удирдаж ажилладаг. Манай сургуулийн хувьд Консорциумын үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг чиглүүлэх байр суурьтай оролцож ирсэн. Сүүлийн үед манай Дарханы багш нараас эрдмийн зэрэг хамгаалж байгаа, судалгааны ажил хийдэгбагш нарын тоо ч нэмэгдэж байгаа. Мөн аймгийн БСУГ зэрэг үйл ажиллагаа холбогдож болох бүхий л байгууллага хамт олонтой уялдаатай дэмжиж ажилладаг.  
-Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд бас амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.