НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Д.ЭНХТУЯА: Бид ноолуурын зах зээлд хувьсгал хийх технологи гаргаж авсан

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-02-19 12:34:51 GMT +8 / | 3559 удаа уншсан

 

Энэ удаагийн "VIPerson" буландаа эх орондоо хийж бүтээсэн ажилтай, олондоо үнэлэгдсэн нэгэн эрхэм хадагтайг урилаа. Түүний нэрийг Хардал мэргэд овогт Доржийн ЭНХТУЯА гэдэг. Тэрээр ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын багш, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор хүн юм. Монголын ноос, ноолуурын салбарыг "сэхээний тасгаас" гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан дээрх эрхэмийн ярилцлага уншигч ТА бүхэнд нэгийг тунгааж хоёрыг бодогдуулах биз ээ.

 

1960-аад оны ноолуур бэлтгэх систем маань Англид хүртэл гайхагдаж байжээ

 

-“Монголд ноолуур гэж сонин гоё юм байдаг” гэж Та уулзангуут хэлсэн. Ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарч ирэх гол бүтээгдэхүүн гэж бид ойлгож байгаа. Ноолуурын 38-40 хувийг Монголд авдаг ч гэдэг юм уу? Бид олигтой хянаж чадахгүй байна л даа.
-Би ЗХУ-д Ташкентийн хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг 1981 онд төгсөж ирсэн. Тэр сургуулийг би улаан дипломтой онц төгссөн л дөө. Тэр үед МУИС-д Хөнгөн үйлвэрийн технологи гэдэг анги гарчихсан 1-3 дугаар курсэд 100 хүрэхгүй оюутан байсан. Энд багш хэрэгтэй гэсэн шийдвэрийг МАХН-ын Төв Хороонд Дээд, дунд боловсролын хороо өгсөн байж. 
-Улаан дипломтой төгсөгчид Төв Хорооны мэдэлд очдог байсан тухай Ленинградын Их сургуулийг тийм маягаар төгссөн сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболд хэлдэг юм шүү. Боловсон хүчний мундаг систем байж. Одоо чинь гурав сурдаг байсан хүмүүс бизнес, төр засгийн толгойд гардаг гэдэг сурталчилгаа сайхан явж байна л даа. Өнөөгийн нийгэмд тохирсон л үнэлэлт дүгнэлт байх...
-Төв хороонд Дээд боловсролын хорооны бичиг оччихсон намайг Их сургуульд багш болгох шийдвэр гарчихсан байлаа. 
-Полтехникийн дээд сургуульд уу?
-1981 онд ПДС байгаагүй. Эх сургуультай хамт байсан. Танай Москвагийн эрчим хүчний дээд сургуулийг төгсөгч Лувсанцэрэн гуай Политехникийн дээд сургууль гэж салахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм билээ. 
-МУИС-ийн проректор байсан. Дараа нь ПДС-ийг байгуулалсан. Дараа нь Монголын Үйлдвэрчний зөвлөлийн дарга байсан. Манай МЭИ-ийнхэн гадаадын хоёр аваргаар их бахархдаг байлаа. Нэг нь Хятадын Ли Пэн гуай, нөгөө нь Лувсанцэрэн гуай. Ли Пэнийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга байхад Лувсанцэрэн гуайг элчин сайдаар явуулчихгүй гэж боддог юм. Боловсон хүчний бодлого конец болсон үе л дээ.
-Намайг 1981 онд ирэхэд хөнгөн үйлдвэрийн анги гээд Оросын сургалтын төлөвлөгөөтэй тийм л юм хүлээж байсан. Энэ хүүхдүүд гуравдугаар курсэд мэргэжлийн хичээл орох болсон. Одоо заа гээд л би зааж эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш 39 жил энэ шинжлэх ухааныг зааж байна. Суралцаж байна. Шинжлэх ухаан гэдэг чинь барагдаггүй юм байна. (инээв) 1979 онд л энэ чиглэлийн мэргэжилтэн бэлдэнэ гэж эхэлсэн байдаг юм. "Говь" 1981 онд байгуулагдсан. "Эрдэнэт хивс" 1981 онд байгуулагдсан. Нэхэмлийн үйлдвэр өргөтгөл хийж байсан. Нэхээсгүй эдлэл гээд том үйлдвэрүүд боловсон хүчнээ хүлээж байсан.
-Тэр үед чинь Аж үйлдвэрийн яам гэж ерөнхий яам байгаа Хөнгөн, хүнсний яам гэж тусад нь байгуулаад байсан нь энэ салбарыг тэргүүлэх чиглэлийн нэг болгоё гэсэн үг байх.
-Хамгийн том бодлого болж байсан үе. Сургууль дээр юу ч байхгүй юм чинь би Сүлжмэлийн үйлдвэр дээр очиж оюутнууддаа тайлбарлахын тулд сарын өмнө захиага өгч байж үйлдвэрлэлийн процессыг хэлж зааж явлаа.
-Практик сургалт хоёр зэрэг явдаг байжээ. Оюутнуудыг практик хийхэд бөөнөөр нь үзүүлэх юмтай байж дээ.
-Тэр үед чинь оюутнуудаас гадна үйлдвэрийн инженерүүдэд хичээл ордог байлаа. Манай салбар тэр үеэс хойш 1000 гаруй хөнгөн үйлдвэрийн инженерийг бэлдсэн байна. Тэр болгонд миний хүчин оролцоо байгаа гэж боддог. Нэхмэлийн үйлдвэрийн гэдэг утгаараа. Тэр үед Ноосны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төвийн захирал Ж.Алгаа гээд эрдэм чадалтай хүн байлаа. Миний багш. Тэр багш маань “Ноолуур гээд нэг өчүүхэн юм байна аа. Энийг л нэг үйлдвэрийн аргаар үр дүнтэй боловсруулах ажлыг хийх юмсан” гэдэг байлаа. Тэр үед 1982 оны үед Монголд бэлдэж байсан ноолуурын хэмжээ нэг мянган тонн л байсан. Хоёр дахь түүхий эд гээд нэр хүндгүй ч байсан. Одоо бол 9000 тонн. Би бол нэхмэлээ л гэж явсан. Их сургуулийн багш чинь судалгаа хийх ёстой. 
-Одоо чинь нийт ноолуурын монголчуудын бүтээгдэхүүн болгож байгаа чинь 10 хувь л юм биш үү?
-"Говь" компани чинь 1000 тонн ямааны ноолуур, 200 тонн тэмээний ноолуур боловсруулна гэж байгуулагдсан юм аа. Тэр үед Монгол ямааны ноолуур гэж юу юм бэ гэдгийг өөрсдөө судалж чадахгүй учраас Англи руу судлуулахаар явуулж байсан байдаг. Лабортари гэж байхгүй байх нь байна шүү дээ.  Би 1983 оноос эхлээд л ноолуур гэдэг юмтай ажиллаж байна шүү дээ. Тэр үед Эрдэнэт байхгүй байсан үе. Түүхий ноолуур чинь Оросоор дамжаад гадаад валют болж байжээ. Тэр үед ноолуур боловсруулах технологи маш нууц. Англи, Италийн хоёр компани боловсруулж байсан. Хялгас ноолуур хоёрыг ялгадаг технологи нь л нууц юм л даа. Япончууд тэр технологийг илрүүлээд манай "Говь" компанийг байгуулсан гэдэг. Өвөрмонголд бас нэг ноолуурын үйлдвэр байгуулсан гэдэг юм.
-Япончууд чинь сүрхий юм. Өөрсдөө ямааны ноолуурын үйлдвэртэй байх боломжгүй ч дайны төлбөрт манайд байгуулсан гэдэг. Сонин юм. Япончуудын хувьд давхар гавъяа байна шүү.  Ноолуур боловсруулах тэр нууцыг мэдээд, бас манайд үйлдвэр байгуулдаг.
-Монгол, Хятад хоёрт л сонгодог ноолуур байгаа юм. Тэр ноолуурын гадна талын хайрс нь 0.35 микрон. Ийм учраас Монгол ямааны ноолуур, Хятад хоёрынх Азийн сонгодог ноолуур гэдэгт ордог.
-Хайрс гэхээр загасны хайрс шиг юм байх уу?
-Тийм, тийм. 


-Хайрсны ид шид нь юундаа байгаа юм?
-Тэр хайрс нь нимгэн байж ийм зөөлөн, уян хатан ноолуур гарна. Манай байгаль, цаг уурт ямааны ноолуур ургадаг  булчирхай нь ажиллаж байж ийм ноолуур гаргана. Киргиз энэ тэрд туршиж үзсэн гэнэ лээ. Тэнд манай ямаа ноолуураа өгөхгүй байна гэсэн. Ноолуурын сайн сайхныг 14, 15 дугаар зуунаас мэдээд Европын оронд өсгөх гэж хичнээн оролдоод чадаагүй юм гэнэ лээ. Иймээс нэгдүгээрт манайд байна аа.
-Тэгвэл бидэнтэй өрсөлдөх утга учир байгалийн өгөгдөхүүнээрээ байхгүй байна аа. Айраг эсдэг нутаг, эсдэггүй нутаг гэдэг шиг...
-Хоёрдугаарт, кератин гэдэг юмыг агуулаад амьд организмд хамгийн нийцтэй ширхэгт болоод байгаа байхгүй юу. Өвөрмонголчууд бол бурханаас өгсөн хишиг гэж ярина. Манайх дэлхийн ноолуурын 40-өөд хувийг гаргадаг гэж ярьдаг ч үүнийхээ 15 хувиар л бэлэн бүтээгдэхүүн хийж байна.
-Эцсийн бүтээгдэхүүн гэдэгт угаасан, самнасан орох уу? Бүдүүлэг асуулт асуув уу?
-Орохгүй. Есөн мянган тонноос мянга гаруй тонныг л бүтээгдэхүүн болгож байна. "Говь" компани анх юунд зориулагдаж байгууллагдсан тэр хэмжээндээ л ойролцоо байна гэсэн үг. Ноолуурын ирээдүй бол хүмүүс эрүүл хоол идэх хэрэгтэй гэдэгтэй адил эрүүл хоол хэрэглэх хэрэгтэй гэдэг шиг л юм. 
-Эко гэдэг үг чинь моодонд орж байна шүү дээ.
-Тийм. Ноолууран хувцас бол амьсгалдаг хувцас. Халууцвал хөлс шингээнэ. Дулаан ялгаруулна. XXI зууныг нэхмэлийн салбарт ширхэгийн эрин зуун гэж нэрлэж байна. Ухаалаг ширхэгт гаргаж авна гээд байгаа юм. Тэр нь ноос, ноолуур л байхгүй юу. Торго, хөвөнтэй адилхан ширхэгүүдийг гаргаж авчихаад байгаа мөртлөө ноос ноолууртай адилхныг хүн төрөлхтөн гаргаж авч чадаагүй. Ноос, ноолуурын нано бүтэц бол гаймшигтэй. 
-Та бол одоогийн ойлголтоор хоёр удаа докторын зэрэг хамгаалсан хүн байна. Дэд эрдэмтний буюу PhD-гээ юугаар хамгаалсан юм бол?
-Ж.Алгаа багшийнхаа удирдлагаар Монгол ямааны хялгасыг ялгах технологийн онцлог гэдэг утгаар 1993 онд Монголдоо хамгаалсан. Шинжлэх ухааны доктороо бол ноолуурын анхан шатны болон ээрэх технологийн онол практикын асуудлуудын онцлог гэсэн утгаар Москвагийн нэхмэлийн Улсын Их сургуульд 2008 онд хамгаалж байв аа. 
-Та тэгвэл ноолуурыг үйлдвэрийн шатанд аваачих түвшний процессоор хамгаалсан байна шүү дээ.
-Ноолуур чинь ноосноос гистологи бүтцийн хувьд өөр учраас тэр үндсэн дээр ажилласан юм.
-Та чинь 1981 онд багш болоод Ташкентэд сурсантайгаа нийлээд бараг 44, 45 жил нэхмэл, ноос ноолууртай зууралдсан хүн байна шүү дээ.
-Би амьдралаа зүгээр өнгөрөөгүйгээ. 10 доктор, 60 магистрыг удирдаж хамгаалуулсан. Тэд нар миний хийгээгүйг хийнэ биз ээ. Би тэгээсэй билээ гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна.
-Докторуудаасаа нэрлэвэл гоё болов уу? Бахархал юм чинь.
-Таван хошуу малын ноос ноолуур, хөөвөр сүүл боловсруулах чиглэлийн нөхөд бий дээ. “Гоёо” компанийн үйлдвэр хариуцсан захирал гэж байгаад одоо төсөл дээр ажилж байгаа У.Сарангоо гээд охин байна. Ноолуураар Францид хамгаалсан шүү. Би нэг талынх нь удирдагч байсан. Сарлагийн хөөврөөр хамгаалсан Т.Хишигжаргал гээд бас нэг сайхан охин бий. Гэх мэт миний охид хөвгүүд бүгдээрээ ухаантай, дээр нь сайхан, хөөрхөн ч гэдэг юм уу. (инээв.) Р.Бадмаанямбуу ноолуураар, Д.Батбаяр гээд манай салбарын эрхлэгч миний дарга хонины ноосны хялгасыг ялгах чиглэлээр, П.Баасансүрэн агаарын урсгалын зарчмаар хялгас ялгах чиглэлээр...

 

10 доктор, 60 магистрыг удирдаж хамгаалуулсан


-Аэродинамик орох нь ээ?
-Тэр бол маш мундаг ажил хийсэн. Ноолуур бол маш турхан зүйл. Түүнийг агаараар ялгаж болох нь гэдгээр хамгаалсан. Тийм ялгах машин зохион бүтээгээд хийсэн. Б.Болормаа гээд багш маань адууны хялгасыг боловсруулж даавуу хийхээр, Д.Сувдаа хонины ноосоор гутлын дулаалгын материал хийх. Д.Буяндэлгэрийн ажилд зөвлөхөөр оролцсон. Ноос, ноолуураар дулаан хувцас хийх технологиор хамгаалсан. 
-Энэ бол Таны эрдэмтэн болсны Монгол улсдаа үлдээж байгаа үр шим юм даа.
-Би багшийн ажлаа ингээд хийж байгаад ШУТИС-ийн нэхмэлийн хүрээлэнгийн захирал гэдэг ажлыг 2000-2014 он хүртэл хийсэн. Тэгэхэд бид ноос ноолууран бүтээгдэхүүнд шинжилгээ хийх олон улсын 40-өөд оронд хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори байгуулж “Interwool lab”-ийн магадлан итгэмжлийг авч гишүүн болсон. Тэр лаборатори байхгүй бол бүтээгдэхүүнээ гадаадад шинжилгээ хийлгэж хүлээн зөвшөөрүүлдэг байснаа больсон. Манай хийсэн ноос ноолуурын шинжилгээ дэлхийн 40-өөд оронд хүлээн зөвшөөрөгдөөд тамгыг дарж байна аа. 
-Чанарын баталгаа юм байна.
-Тийм. Өөрсдөө лабораторитой болсноор оюутан, магистр, докторын ажил хийх боломжийг нээсэн. 
-Лабораторигүй байх үед тэр судалгааг хийж чадахгүй, эсвэл гадаадаас гуйх нь байна шүү дээ?
-1980-аад онд ноолуурынхаа шинж чанарыг мэдэхгүй Англид хийлгэж байсан гээд л бод! 
-АНУ-д ноолууран бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй гаргана гээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд чармайж байна л даа. Манай ноолууран бүтээгдэхүүний ирээдүй ямар байгаа бол оо? Мэргэжилтэн хүний хувьд санаа оноогоо хэлээч...
-Нимгэн ноолууран хувцас хийх гэдэг рүү бид явах ёстой. Анхан шатны боловсруулалт, утас юмаа хийж чадаж байна. Дараагийн шат нарийн ээрмэл хийх. Бид костюмны даавуу ч хийж чадаж байна. Манай "Говь" компани.
-Үнэтэй сегмент шүү дээ.
-Тийм. Бид "Сонширо" ХХК-тай судалгаа хийгээд 48-аас 70 номерийн нарийн ээрмэл хийж байгаа. Эндээс нэхмэл болон сүлжмэл хийх хагас нарийн ээрэх систем утас, шинэ аргыг үйлдвэрлэгчтэй хамтарч гаргасан. 
-Хагас нарийн ээрэх систем чинь юугаараа онцлог юм?
-Одоогийн хийж байгаа утаснаас хоёр дахин нарийн. Сүлжмэл бүтээгдэхүүн маань хоёр дахин нимгэн болно. Дотуур өмсдөг хувцас хийнэ. Австраль хонины ноос тэр лүү явж байна. Хонины ноос ширүүн бол ноолуур бол болж байгаа юм. Бид нимгэн даавуу хийх рүү явах хэрэгтэй. Монгол ноолуурын давуу талыг үнэ цэнд хүргэхийг зорьж байна гэсэн үг. Хятадад болсон олон улсын хурал дээр нэг эрдэмтэн, хагас нарийн ээрэх системийг боловсруулах юм бол энэ салбарын иноваци юм гэсэн байна лээ. Гэтэл бид нар түүнийг нь хийчихсэн байгаа юм. Хятадад торготой хольж байж, сүлжмэлийн зориулттай 48 номерын утас гаргаж авч байна. Тэрийг манайхан авчирч бүтээгдэхүүн хийгээд байгаа юм. Бид нар 100 хувь тэр технологийг боловсруулснаар онцлог гэж бодож байгаа юм. Ямар тэргүүний технологийг бид дагаад байна. Ямартай нь зэрэгцээд байна. Ямарынх нь ард явж байна гэвэл бид ноолуурын судалгаан дээрээ хойноос нь дагахгүй явж байна. Тэгэхээр энэ олсон системээ тэлэх хэрэгтэй. Одооны утсаа хоёр дахин нарийн болгохын тулд ээрдэг арга технологи нь өөр болно оо гэсэн үг. Энэ ээрдэг машиныг Италиас аваад ирнэ гэвэл бүтэхгүй л гэж бодож байна. Маш их судалгаа, хөдөлмөр, цаг хугацаа зарж байж хийсэн шүү дээ. 
-Уучлаарай, судалгаа нь юу байх вэ?
-Ноолуураа судална. Ээрэхээ судална. Ээрэх горимоо гаргаж авна. Бүтээгдэхүүнээ гаргаад манай баг патентээ авчихсан.
-Та чинь ноолууртай нутгийн хүн үү? Яагаад ноолууртай хувь заяагаа 40 жил холбосон байна вэ?
-Би малчин айлын хүүхэд учраас багаасаа ямаа самнахыг мэднэ. Тэр үед ноолуураа самнаад бүр нарийн ноолуур гаргахын тулд халимагны сам гэдгээр дахин самнаж байлаа. Тэгээд гараараа хялгасыг нь түүнэ. 20 хувь хүртэл хялгастай байх юм бол нэгдүгээр зэрэг гээд 18 төгрөгөөр, хялгасаа сайн түүхгүй бол 12 төгрөгөөр ноолуурыг авдаг байлаа. Тэр чинь 1960-аад оны дунд үе. Энэ үед Английн нэг сэтгүүл дээр хамгийн сайн ноолуур бол Монгол ноолуур гэж бичсэнийг уншаад би ямар их баярлав аа. Гараар самнаж байсныг маань оросууд монголчуудыг ноолуураа ийм сайн бэлтгэж сургасан байна аа гээд тэр сэтгүүл дээр онцлон тэмдэглэсэн байсан. Өнөөдөр бэлтгэлийн систем байхгүй, ноолуурын хялгас ялгах битгий хэл элдэв юм холих дээрээ тулаад байна. 1960-аад оны ноолуур бэлтгэх систем Англид хүртэл гайхагдаж байжээ. Тэр чанарын ноолуурыг чинь хар багаасаа бэлтгэж байсан хүний нэг би болох гээд байна шүү дээ. (инээв.) 

 

Ноолууран хувцас бол амьсгалдаг хувцас

-Тэгээд ноолууртай амьдралаа холбосон гэж үү?
-Үгүй ээ. (инээв.) Дунд сургуулиа төгсөөд эмч болно гэж бодож байв. Аав ээж минь ч тэгж зөвлөдөг байлаа. Гэтэл намайг төгсөх жил Булганд нэхмэлийн үйлдвэрийн инженер гээд гадаад хуваарь иржээ. Ах маань гадаадын мэргэжил ав гэх. Дүүгээ юм үзэж нүд тайлаг, хэл ул сураг гэж бодож байна. Ээж, аав хоёр минь дотооддоо эмч бол гэх. Охиноо ойрхон байлгах гээд байна. Хуваарь авах болсон хичээлийн эрхлэгч Бадрах багш “Энхтуяа, гадаад явна биз дээ?!” гэж асуусан. Тэр үед ахын хэлсэн ч санаанд ороод “Тэгнэ ээ” гээд энэ мэргэжлийг сонгож байв.
-Тэгээгүй бол хөнгөн үйлдвэрийн салбар нэг мундаг шинжлэх ухааны доктороор дутах байж шүү. Хагас нарийн ээрэлтийн систем гэдгийг хэн хийх билээ?
-Нэхмэлийн инженер гэж юу юм гэдгээ ч мэдэхгүй байв. Аав маань “Миний охин чинь хивс хийдэг л инженер болох нь дээ” гэж хэлэхэд нь мэргэжлийнхээ баримжааг ойлгож билээ. (инээлдэв) Би сургуульд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны нэр дээр явсан юм. Гэтэл улаан дипломтой төгсөж ирсэн хүүхдүүдийг Төв Хорооны мэдэлд авдаг байлаа. Тэгээд намайг Их сургуульд багш бол гэсэн. Гэтэл манай яамнаас бичиг ирээд бөөн юм болов. Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт ажиллах ёстой хүн хаачив? гээд тийм л нарийн боловсон хүчний бодлого байж. Хожим тэр яамны орлогч сайд байсан Дүгэрсүрэн сайд “Чамайг хөөцөлдсөөр байгаад авчих л байсан. Олон сайн инженер бэлтгэх байлгүй гэж Их сургуульд чинь үлдээсэн шүү! Чи энэ салбарт их өртэй шүү!” гэж хэлээд инээж байсан. (инээлдэв) 
-Тэр үеийн хүмүүс их бодолтой байжээ.
-Хүний санаанд нэг юм үлддэг дээ. Би тэгээд өртэй хүн, өрөө төлж байна гэж бодож явдаг юм шүү дээ. (инээв) Би чамд аавыгаа дурсаад нэг сонин түүх ярья. Тэр үед Булганаас хувиараа авсан сурагч Улаанбаатарт ирж гурван шалгалт өгөөд тэнцвэл хуваариараа явна. Нэг дээр унавал дотоодын дуртай сургуульдаа ордог байв. Манай сургуулийн нэг хүүхэд нэг хичээл дээрээ унаад Анагаахын дээд сургуулийн хуваарь авсан юм. Тэгсэн муу аав минь “Миний охин хоёр дээр нь тэнцсэн юм чинь гурав дахь дээрээ уначихвал яасан юм” гэж гуйж байсан нь одоо хүртэл санагддаг юм.
-Бас л сайхан юм даа. Охиноо ойрхон байлгах гээд л... Гэхдээ Та энэ салбарт их юм хийсэн хүн шүү. Улс оронд өгөх өгөөж нь эмч болсноос илүү ч байж магад. Одоо манай ноолуур боловсруулах салбар ямар тоног төхөөрөмжөөр голлож байна?
-Дэлхий дээр сүлжмэлийн автомат машин үйлдвэрлэдэг мундаг хоёр орон байгаа. Японы "Шима сейки", Германы "Штолл" гээд. Монголд 800 гаруй машин байгаа. Тэрний 70 орчим хувь нь "Шима сейк"-ийн автомат машин. Тэр машин дээр программаа хийж сүлжмэл эдлэлээ хийнэ. 2016 онд "Шима сейки" компани манай ШУТИС-тэй хамтраад лаборатори байгуулсан. Би тэр сургалтын төвийг хариуцаад явж байна. Урд нь Японд очиж манай инженер техникийн ажилтнууд арван хэдэн хоног сураад бөөн зардал болоод байдаг байсан. Одоо манай төвийг тойроод 2016 оноос хойш 500 гаруй хүнийг модулиар сургаж ирлээ. Ноолуурын компанийн эзэд өөрсдийнхөө хүүхдүүд, хамаатан саднаа сургах сонирхолтой байдаг.
-Ноолуурын династи үүсэх нь...
-Нээрэн насан туршийн сургалт гэдэг л үүсээд байгаа юм. Инженер, технологич, эдийн засагч, уул уурхай, нисэх, компьютерийн мэргэжилтэн гээд дахин мэргэшиж байна. 
-Мэргэжлээ сэлбэж байна.
-Тийм. Компьютерийн машин гэдэг аж үйлдвэрийн IV хувьсгал гэсэн үг шүү дээ. Ямар л хувцас хийнэ үү, тэрийгээ компьютер дээр гаргана. 
-Манай ноолуур бүрсийдэг, шаарик үүсдэг гэдэг дээ. 
-Технологийн дутагдал дээр байгаа юм. Ширхэг нь бүрэн сайн шулуудаж чадаагүй учраас ийм байгаа юм. Бидний хийсэн хагас нарийн систем бол ширхэг нь шулуудсан учраас ингэхгүй.
-Манайх чинь хурааж авсан ноолуурынхаа 15 хувийг л бүтээгдэхүүн болгодог юм байна. Цаашаа өргөжих ирээдүй бий юу? АНУ-д хөнгөлөлттэй ноолуураа нийлүүлэх боломжийг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан гэдэг.
-Үе үеийн Засгийн газар ноолуурын салбарыг хөгжүүлэх "Ноолуур" хөтөлбөр гаргаад буй. Хоёр удаагйн "Ноолуур" хөтөлбөрийн ажлын хэсэгт ороод явж байна. 2030 онд ноолуурынхаа 60 хувийг бүтээгдэхүүн болгож боловсруулна гэсэн зорилт тавьсан. 
-6-7 тонн гэсэн үг.
-Тийм. Тэгээд цааш нь үе шаттай явна. Бид нар сая ноолуурын үйлдвэрүүд дээр аттестатчлал хийсэн. Ноолуурын үйлдвэрүүд хөгжжээ. Гэхдээ хүчин чадлынхаа 40-50 хувийг л ашиглаж байна шүү дээ. 
-Ашигт үйлийн коэффициент муу байна шүү дээ.
-Харин тийм. Дахиад 15 хувиар бүтээгдэхүүн хийх асуудал гарын дор байна аа.
-Тэгээд юу саад болоод байна? Нийт ноолуурын 30 хүртэл хувийг боловсруулахад техник, технологийн гацаа үүсэхгүй гэсэн үг юм аа.
-Анхан шатны боловсруулалт хийгээд гадаадад гаргах 100 хувийн хүчин чадал байна. Ээрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. 
-Бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй болохоор нийт хүчин чадлынхаа 15 хувийг л ашиглаж байгаа юм биш үү?
-Түүхийн эдийн олдоц муу байна. Анхан шатны боловсруулалт хийсэн ноолуур маань гадагшаа гарчихаад хомсдол үүсээд байна. Хоёрдугаарт, түүхий эдээ авах эргэлтийн хөрөнгө нь хүртээмж муутай юм байна. Борлуулах зах зээлээ олчихсон байдаг. Анхан шатны боловсруулсан ноолуураа татвараар дэмжих л асуудал үлдээд байна. Засгийн газраас ноолуурын үйлдвэрийг дэмжих хүрээнд тоног төхөөрөмж овоо болжээ. Нийт Монгол даяараа 30 хувийг нь боловсруулаад бүтээгдэхүүн хийх боломж нь байна. Гуравт нь мэргэжлийн, мэргэшсэн ажиллах хүчин дутагдаж байна. 
-Энэ гурван проблемийг шийдэх юм бол манай ноолуур гараад өгөх нь ээ? 15 хувиас 30 хувь боловсруулсан бүтээгдэхүүн хийх бол одоогийн хүчин чадлаараа асуудалгүй юм шив дээ.
-Бараг тэгж хэлж болно доо. Бидний гаргасан хагас нарийн боловсруулсан системийг хэрэгжүүлэх юм бол чиний хэлснээр гараад өгөх юм байна л гэж бодож байна. (инээв) Энэ бол Монгол ноолуурын давуу тал.
-Эрхэм доктор оо, Та нарын бүтээсэн энэ систем ноолуурын салбарт тэсрэлт хийх технологи юм шигээ. Та нарыг хэрхэн анхаарч байна даа? Хөх тэнгэр минь.
-(инээв) Тэнгэр ч гэх шиг, юун сүртэй юм?! "Санширо" ХХК-ийн бааз дээр тулгуурлан 20-иод жил энэ системийг бүтээлээ. Энэ маань манай сургууль ШУТИС, ШУА, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны түвшинд гэсэн нэр нүүртэй байгаа. 2018 онд Монгол Улсын хэмжээнд ШУ-ны тэргүүний ажил болсон. Тэр ондоо ХХААХҮ-ийн яамны тэргүүний техник технологийн шийдэл болсон. Манай ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан ажлын хүрээнд ч их мандсан. (инээв) Энэ бүхнийг үзээд ноолуурын салбарт үнэхээр нээлт болсон гэж үзсэн. Тэгээд Үйлдвэр технологийн сургуулийн эрдмийн зөвлөл, ШУТИС-ийн эрдмийн зөвлөл, ШУА-ийн техник технологийн зөвлөл, ХХААХҮЯ-ны эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны зөвлөл, Оюуны өмчийн газар гэх мэтийн газруудаар хэлцэгдээд явсан. Энэ бол патентчлагдсан, үйлдвэрт нэвтэрсэн ажил. "Санширо" компани Европын орнуудад энэ бүтээгдэхүүнээ экспортолдог. Тэнд сэтгэл ханамжийн судалгаагаар дээд тал нь тав байдаг юм байна. Гэтэл Монголын энэ бүтээгдэхүүн 4.3 гэсэн үнэлэлт авсан байна.
-Ямбатай хөгшин Европод ийм дүн авна гэдэг мундаг шүү.
-Тийм. Тэр үйлдвэрийн маань захиалга нь нэмэгдээд ийм ажил болоод явж байна аа. Уг нь "Санширо" ХХК-ийн захирал Борхүү, машин тоног төхөөрөмж хийж туршдаг Ч.Жаргал бид гурвын нэр Төрийн соёрхолд явсан юм. Бид онолын хувьд боловсруулна. Жаргал маань тэр техник, лабораторийн орчинг зохион бүтээнэ.
-Механик Жаргал чинь манайхны сэтгэлд хоногшсон «Москва слезам не верит» буюу биднийхээр “Амьдрал нулимсанд дургүй” киноны А. Баталов -  (он же Гоша, он же Гога, он же Жора, он же Гора, он же Юрий) гэдэг шиг чухал хүн юм аа.
-Ёстой онож хэллээ. Хамаг л аппарат, тоног төхөөрөмжийг хийдэг хүн. Ёстой тэр кинон дээр гардаг шиг ажлын ихэнхийг нугална даа. ТМС буюу Технк мэргэжлийн сургууль төгсөөд насаараа л ийм юм хөөцөлдөж байгаа юм манай Ч.Жаргал. 20 жилийн хөдөлмөр. Ринчиндоогийн Борхүү захирал чинь механик, доктор хүн. ХААИС-ийн сургалт хариуцсан проректор байсан. 1993 оноос хувийн хэвшилд ажилласан. Ийм шинжлэх ухаанаа мэдэрдэг бизнесмэн бол хамтарч ажиллахад урамтай. Судалгааны хүн. Нэг юм хийчихээд л Энхтуяа дээр очиж асууна аа гээд гараад туудаг гэж байгаа юм. (инээв) Бид чинь хөвөнгийн зориулалттай машиныг ашиглаж шинэ технологи боловсруулсан байхгүй юу. Япончууд ирээд сонирхоод хамтарч ажиллъя гэдэг гэсэн. Энэ бүтээл маань төрийн соёрхолд 2019 онд дэвшээд болсонгүй.
-“Төр түмэн нүдтэй” гэдэг нэг нүд нь ч атугай Та гуравыг харах байлгүй дээ.
-(жиг жиг инээв.) Баттулга Ерөнхийлөгч чинь манай салбарын сайд байсан шүү дээ. ХХААХҮ-ийн сайд болсныхоо дараа л үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрдэмтдийн оюун бодол дээр тулгуурлана аа гэж байсан.
-Ерөнхийлөгч болоод ч энэ үгээ батлан хэлсэн шүү. Болох биз ээ. Үгэндээ хүн л гэж гадуур шуугих юм байна шүү дээ.
-Сайд болоод эрдмийн зэрэг цолтой улсыг хүлээн авч уулзахад нь очиж байсан. Ер нь Монголын эдийн засгийг солонгоруулна гэвэл ноолуурын салбар нэг гол түлхэц нь.
-Буянгийн Жаргалсайхан тэдэн граммаар нэг цамц хийнэ. Тэдээр зарвал тийм болно гээд тоо бодоод байдаг оргүй зүйл биш юм аа?
-Оргүй биш. Гучин жил энэ салбарт яваа хүн. Нэг юм хийгээд л байвал тэр нь улам төгс болдог юм гэнэ лээ. Дадал зуршил гэж байна. Ноолуур бол манай эдийн засгийг чирэх нэг том локомотив болно гэдэгт итгэж байна.
-Маань унших шиг юм байна. Мааниа уншаад л байвал хүч ордог юм гэнэ лээ.
-Тэрийг сайн мэдэхгүй юм. (инээв.) Гэхдээ үндэсний болсон шашинаа хүндэлж дээдлэхэд муу нь юу гэж?! Салбараа мэддэг Ерөнхийлөгч Баттулга АНУ-ын зах зээл дээр гаргана гэсэн өөртөө даалгавар тавьсан нь санаандгүй эд биш. Бидний төрийн соёрхол яах вэ. Энэ салбарыг яг тэр бидний нээсэн системээр хөгжүүлбэл манай улс ноолуурын салбарт үнэхээр амжилт олно. Эхлэл нь практик дээр нотлогдоод байгаа юм. АНУ-д байдаг нэг хүн манай сургалтанд суугаад “Тэнд 330 сая хүн Дэлхийн өнгөтэй өөдтэйг эдэлнэ гэсэн итгэл үнэмшилтэй байна аа. Гэтэл манай ноолуур тэнд байхгүй байна шүү дээ” гэж байсан. Ноолуурын зах зээл хаана байна вэ гэдгийг Ерөнхийлөгч Баттулга харж, түүнийг ашиглахын төлөө санаа тавьж байгаа нь энэ салбарын ирээдүй харагдаж байна л гэсэн үг. Энд бидний хийсэн шинэ бүтээгдэхүүн том орон зай эзэлнэ гэдэгт итгэж байна. Дэлхийн шилдэг ноос ноолуурын тоног төхөөрмжийг Итали, Япон хийж байна. Энэ машинууд чинь л манайд байгаа шүү дээ. Төр бас багагүй дэмжлэг үзүүлсний хүч шүү. Бидний ажлыг сайдын зөвлөлөөр оруулахад Ч.Улаан сайд “Үнэхээр Монгол ноолууран бүтээгдэхүүн дээр энэ бүрзийлт энэ тэр нь арилчихсан юм бол манай ноолуурын салбар гол асуудлаа шийдчихсэн юм биш үү” гэж хэлж байсан. Энэ бол миний амьдралдаа сонссон нэг сайхан үг байлаа. Үг гэдэг хүчтэй. Одоо ч бодогддог юм. Хүн чинь магтуулах дуртай шүү дээ. Тэр тусмаа хий магтуулах биш хийсэн ажлаараа магтуулах сайхан. (инээв) Тэнд байсан нэг дарга “Бид л үндэсний шнжлэх ухааны ололтоо үнэлэхгүй бол хэн үнэлэх юм бэ. Дэмжих хэрэгтэй” гэж хэлж байсан нь нүдэнд харагдаж байна. Хэн гэдэг дарга юм байгаа юм бүү мэд.
-Сайныг дэмждэг “бүү мэдүүд” чинь хөгжлийг авч яваа юм шүү дээ. Сонрхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.
-Зөв бодолтой “бүү мэдүүд” маш чухал шүү. (инээв.)
 

 

Төгссөн сургууль: 

 1975 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.
 1981 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Ташкентийн Нэхмэл ба Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль төгссөн.
 1993 онд Монгол улсад ТИС-ийн эрдмийн зөвлөлд “Ямааны ноолуурын хялгас ялгах технологийн онцлог” сэдвээр техникийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 
 2008 онд  ОХУ-ын Москвагийн Нэхмэлийн Улсын Их сургуульд “Вопросы теории и практики первичной обработки и прядения козьего пуха” сэдвээр техникийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан.

 

Мэргэжил:

 Ээрмэлийн үйлдвэрийн технологич инженер

Ажлын туршлага:

 1981 оноос МУИС-ийн ПДС-д багшаар ажиллаж эхэлснээс хойш ПДС, ТИС, ШУТИС-д тасралтгүй багшлаж байгаа. 
 1995 онд дэд профессор, 2005 онд Профессор цол хүртсэн. 
 1999-2014 онд ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирлаар ажилласан.
 2016 оноос ШУТИС-ийн “Shima Seiki trainning center” төвийн захиралаар ажиллаж байгаа.

Бүтээл: 
 Монограф, нэг сэдэвт бүтээл- 6, 
 Ном сурах бичиг гарын авлага –10, 
 Эрдэм шинжилгээний өгүүлэл –92 (гадаадад - 18), 
 Эрдэм шинжилгээний илтгэл – 45 (гадаадад - 16), 
 Патент, ашигтай загвар – 14 (патент -9), 
 Удирдсан шинжлэх ухааны төсөл (удирдсан 5 төсөл, оролцсон 15 төсөл), олон улсын төсөл (4 төслийн зохицуулагчааражилласан). 
Удирдаж хамгаалуулсан доктор (Ph.D) – 8, магистр-55.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.