НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Эх дэлхийн амьдрал хамгийн үнэ цэнтэй

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-06-17 20:21:46 GMT +8 / | 892 удаа уншсан

 

Жессика Мэйр... Эдүгээ энэ нэр сансар судлалыг сонирхогч хүн бүрт танил болоод байна. Юуны өмнө тэрээр АНУ-ын нисгэгч Кристина Куктай хамт задгай сансарт ажиллаж олны анхаарлыг татсан. Хоёр эмэгтэй хүн анх удаа эрэгтэй нисгэгчдийн тусламж авалгүй сансрын уудамд долоон цаг гаруй ажилласныг сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал хэмээн онцлон Эх дэлхийн хүмүүс бахархан мэдээлэн ярьж байсан нь саяхан мэт боловч тэрнээс хойш нэлээн хэдэн сар өнгөрчээ. Энэ хугацаанд Кристина Кукийн “албан томилолт” дууссан. Харин одоо Жессика Мэйр 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нд Эх дэлхийдээ ирэхээр төлөвлөж буй. Түүний нислэг эхлэхийнх нь өмнө Шведийн (SR) радиогийн сурвалжлагч уулзаж ярилцаж байснаа  шинэ тайлбар хийн давтан нэвтрүүлжээ. Жессика Мэйр АНУ-ын сансрын нисгэгч. Тэрээр Мэн мужийн Карибу хотод төрж өссөн, америкийн иргэн. Гэхдээ бас Шведийн харъяалалтай. Өөрөөр хэлбэл, хоёр иргэншилтэй хүн. Тийм учраас сурвалжлагч асуултаа ийн эхэлжээ.

-Сайн байна уу, Жессика! Анхны швед сансрын нисгэгч эмэгтэй болох ямар байна даа...
-Итгэхэд жаахан хэцүү ч би их баяртай байна.
-Шведээр итгэл муутай ярьж байх чинь...
-Миний ээж швед, харин аав минь еврей хүн. Гэхдээ аав ээж хоёр маань Шведэд танилцаж, тэнд гэрлэсэн. Миний эгч нар ч Шведэд төрсөн. Бид урьдын адил Шведтэй нягт холбоотой байдаг. Харамсалтай нь ээж минь надад швед хэл зааж байсангүй. Аав, ээж хоёр хүүхдүүддээ хэлэхгүй гэсэн зүйлээ хоорондоо шведээр ярьчихдаг байсан. Эцэст нь би бие дааж швед хэл сурахаар шийдсэн. Хожим нь Стокгольмын Их сургуульд бүтэн улирал суралцсан. Харин одоо бол оросоор сайн ярихыг хичээж байна. /инээв/


-Тэгээд оросоор ярьж сурав уу?
-Олон улсын сансрын нислэгийн багийн гишүүний хувьд зайлшгүй оросоор ярих, ойлгох хэрэг гардаг. НАСА сансрын нисгэгчээ Олон улсын сансрын станц руу илгээхийн тулд "Союз-МС" хөлгийг ашиглаж байгаа. Би сүүлийн хоёр жил станцын аюулгүй байдлын техникийн системтэй холбоотой зүйлийг судлахаар Орос, Хьюстоны хооронд их явсан. Би бас хөлгийн хоёрдугаар нисэгч учраас бэлтгэл дасгал их хийсэн. Оддын хотхонд ч нэлээн удаан байсан. Энэ бүхэн оросоор ярьж сурахад минь тус болсон.
-Чамайг сансарт хагас жил ажиллахаар төлөвлөсөн гэдгийг мэднэ.
-Энэ чинь тогтсон хугацаа. Бидэнд амжуулах ёстой ажил их байна. Мөн жингүйдэлд удаан хугацаанд байхад хүний бие махбодид юу тохиолддогыг судлахыг хүсч байна. Энэ нь сансрын хойшдын аялалд чухал юм.
-Чи далайн сүүн тэжээлт амьтдыг судалдаг биологч, эрдэмтэн хүн. Харин одоо өөрөө судалгааны обьект боллоо. Энэ талаар юу бодож байна?
-Тийм ээ, миний ажил амьтдын судалгаатай холбоотой явж ирсэн. Онцгой нөхцөлд амьтад ямар байдгийг бүх боломжоороо судалсан.Одоо бол намайг судлах болно. Цусны болоод бусад шинжилгээ надаас авна. 
-Сансрын нислэгтэй холбоотой аз сорих үе гардаг. Үүнд бэлэн байна уу?
-Биднийг маш сайн дасгалжуулсан. Би сансрын хөлөг жолоодож сурсан. Үүнд бас Эх Дэлхийгээс бидэнд туслах болно. Түймэр гарах зэрэг гэнэтийн аюулд бид бэлэн байгаа. Гал гарсан тохиолдолд түймэр унтраах  дасгал сургуулилалт хийсэн. Бид юу хийхээ сайн мэдэж байгаа.
-Амжилт хүсье...
-Түр баяртай, Швед найз нар минь, удахгүй уулзана аа...

 

 Жессика Мэйр АНУ-ын 348, Дэлхийн 564 дэх сансрын нисгэгч. 5 хүүхэдтэй айлын отгон охин. Тэрээр анх Арабын Нэгдсэн Эмират улсын нисгэгч Хазза-Аль Мансури, ОХУ-ын нисгэгч Олег Скрипочка  нартай хамт “Союз МС-15” хөлгөөр нисчээ. Харин найм хоногийн дараа Хазза-Аль Мансури Эх дэлхийдээ эргэж ирсэн. Мөн  SR“Vesty.co.il.”  цахим хуудасны мэдээлснээр Олон улсын сансрын станцад ажиллаж буй АНУ-ын сансрын нисэгч  Жессика Мэйр сансраас  Израилийн зургийг гурван янзаар авч Эх дэлхийд илгээсэн байна. Мөн тэрээр “Миний аавын амьдралын зам Ойрхи Дорнодоос эхэлж, Европт үргэлжилсэн хэдий ч эцсийн эцэст АНУ манай өнөр өтгөн гэр бүлийн амьдрах урам зоригийг сэргээсэн газар болсон юм. Би сансарт ажиллаж байхдаа эх дэлхийн амьдрал хамгийн үнэ цэнтэй зүйл юм гэдгийг улам ойлгох боллоо” гэж бичжээ. Жессика хувьдаа Израилийн Давидын одтой төрийн далбаа, еврейчүүдийн гол бэлгэдэлийн нэг Менора буюу лааны долоон үзүүртэй алтан тавиурыг дүрсэлсэн зурагтай оймс авч яваа юм байна. Үүний учир Израилийн ерөнхийлөгч Реувен Ривлин АНУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд талархал илэрхийлжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.