НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Түргэн тусламжийн тэрэг мэт амьдрал

Б.Чимид     Нийтлэгч
4 сарын өмнө /2020-06-17 20:35:12 GMT +8 / | 724 удаа уншсан

Яаран довтолгохын учир

Түргэн тусламжийн тэрэг дохиогоо хангинуулан түгжрэлтэй замаар сүлжин давхина. Магадгүй урсгал сөрөөд ч хангинуулж явж мэднэ. Ийм нэг дүр зураг их хотын гудамжаар цаг хором бүр таарч, хөдөлгөөний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Яг л дээрх найрагчийн шүлэглэсний дагуу ажиллаж яваа нь тэр. Тийм ээ “Бас нэг шинэ хүн ирэх гээд бачуудаж” байгаа ч юм бил үү...
Орчлонд хүн гэдэг амьтан үр удмаа үлдээх л гэж оршдог. Зөвхөн хүн ч биш, амьд амьтан бүхэн үр удмаа үлдээдэг. Үүнийг байгалийн хууль хэмээн ойлгоно. Ухаант хүн болж нэгэн өдөр эхээс час хийн орилж бууж ирэхдээ, байгалийн хатуу хуулийн дагуу тэнчин тэмцэж, ангаахай амаа ангалзуулан хоол эрж, хөл гараа сарвагануулан тийчиж,  бас уйлж таагүй байгаагаа  илэрхийлж, эцсийн эцэст өлгийдөө болоод байгалийн сүр хүчний өмнө аргагүйн эрхэнд номхорч, дасан зохицдог. Бас хөл дээрээ бостлоо, бүр хүүхэд насаа, цаашлаад торниж том болтлоо эцэг эхийн галуун гар, хайр энэрэл, ачлал дээр өсөж, нэг л мэдэхэд үүрнээсээ ниссэн шувуухай шиг алдууран алс оддог. Ирсэн өдрөөсөө эхлээд нийгмийн амьтан болж, өөрийн эзлэх зай хийгээд, гүйцэтгэх үүргээ өөрөө хүлээж авдаг. Ийм үүргээ ухамсарлаж хүрч ирдэг. Өөрөөр хэлбэл түрүүлж ирсэн нь дараагийнхыгаа тосч авч, торниулж өсгөөд, байх ёстой байранд нь тавиад явдаг. Тэр мэдээж дараагийнхны урьтал мөн.  Ингэж хорвоод хүн өөрөө уйлж ирээд, өрөөлийг уйлуулаад буцдаг. Гал голомтоо асаагаад, түүнээсээ гал таслаж үлдээгээд буцдаг. Аз жаргалтай ч бай, гашуун нясуун ч бай амьдрал ингэж үргэлжилдэг. Энэ бол  орчлонгийн жам ёс. 
Монгол орны өнгөрсөн  амьдрал, тэр  тусмаа  Манжийн дарлалын үеийн, харийнхны хэлж ёрлож байснаар сөнөж  үгүй болох шахаж байсан орон Октябрийн хувьсгалын ач буянаар сэргэн мандаж, өдгөө цагийн хөгжсөн орны хэмжээнд хүрч ирэхэд хүн ардын амьдрал хийгээд тэдний эрүүл мэнд, наслалт, ахуйн нөхцлийг харьцуулан үзэж, хэмжин ярьвал ямархан дүр зурагтай байсныг “Сэрэлт” уран сайхны киноны үйл явдал бараг бүрнээ илтгэнэ. Үүнийг ийм байгаагүй гэх буюу үгүйсгэж, олсон ололтоо басамжлан ярих нь өнөөдөр ч харагддаг. Чингисийн Монголын сэргэн мандсан агуу их үр дүн, эмч хүний тэр дундаа хорьдугаар зууны эмч нарын дусаасан хөлс, дутсан аз жаргалд байсныг бахархан хэлэх учиртай.

Эх баригч эмч болсноороо бахархана
                                
Өнөө үеийн эрүүл саруул монгол хүнийг, элэг бүтэн жаргалыг, эх нялхсын эрүүл мэндийн салбарт хөдөлмөр бүтээлээ өргөсөн мянга мянган жирийн хүмүүсийн нөр их хөдөлмөр бүтээл, мэдлэг чадварын хүчээр авчирсан гэдэгтэй маргах нэгэн хаана ч байхгүй.  Эрүүл хүнийг эрүүл нийгэмтэй нь цогцлоосон хүмүүс бол эмч нар. Тэд өөрийнхөө ертөнцийг бий болгохдоо атаархал, аархлаар гул барьж худал хуурмагийг бий болгоогүй юм. Тэдний үеийнхэн болон дараа үеийнхэн нь ч хэдэн  мянгаараа хөдөлмөр тэмцэл, эх орон, хүн ардаа гэсэн чин сэтгэлийн дуудлага, эх хүүхдэд энэрэл хайраа өгсний үр шимээр  өнөө үеийнхэн ингэж бардам өсөж өндийсөн гэж хэлэх эрхтэй.  
Хаан ясаа задлаж, хатан заадлаа салгаж байж эх хүн үрээ төрүүлэхийг даралтын хүчтэй жишвэл, нэг сантиметр хавтгай дөрвөлжин талбайд дөрвөн тонн ачаагаар дарах хэмжээний хүчээр зовж байж эх хүн төрдөг гэдэг. Тэд эх орны маргаашийг нуруундаа үүрч ирээдүйг тээж явдаг болохоор бүсгүй хүний хэвлийд амьдрал  үүсдэг нь маргашгүй үнэн юм. Ийм хатуу үнэн, халуун үйлтэй нүүр тулж ажилладаг  тэдэнд, эхээс дөнгөж унасан хүүхдийн час хийх дууг сонсож  баярлахын зэрэгцээ бас тэр мөч хүртэл эмээж санаа зовж  явдаг юм алийг тэр гэх билээ. 
Тиймдээ ч нэг хөл нь наранд, нөгөө хөл нь нарсанд байдаг хэмээн хошигнох нь бий. Бас үхэх төрөх хоёр адил ч гэдэг. Хэдүй хүн төрөх нь байгалийн хууль боловч хоёр яс хагацна гэдэг тийм амаргүйн жишээг дээр нэг зүйрлэсэн. Ийм “халуун гал”-тай 16.000 гаруй удаа нүүр тулна гэвэл та халширах болов уу. Чулуун зүрхтэй л биш бол та адаглаад  халирна. Саяхнаас, төрж буй эхийн дэргэд хүүхдийн эцгийг байлгаж, хэрхэн зовж  шаналж байж үрээ төрүүлдгийг харуулдаг боломжийг төрөх газар бүрдүүлсэн гэж дуулсан. Мөн түүнийг хараад зарим аав ухаан алдан унасан тухай дуулж л байлаа. Ёстой тун тангаар уусан чи байтугай тунгийн халбагыг долоосон би үхэх гэж байна гэдэг шиг юм болж, эхээс хүүхдийг эрүүл саруулхнаар салгаж авна гэдэг ямар их хүнд хөдөлмөр болохыг  наад зах нь төрж үзсэн ээж л гадарлана. Ингэж эх барьж авсан  ачтанг  манайхан хүйн ээж хэмээн нэрлэж, насан туршдаа хайрлан хүндэтгэж, ээж шигээ ачилж явдаг монгол нэгэн сайхан ёсон бас бий.  Тэгвэл Б.Бүлтэн эмч 16.000 хүүхдийн хүйн ээж болой.  
Энэхүү тоо ямархан хэмжээний их тоо билээ гэдгийг би нэг сумын хүн амтай харьцуулан ярих их дуртай. 1970-аад оны үед манай улсад хамгийн олон хүн амтай сум, Увс аймгийн Тэс сум гэж байлаа. Тэс сум төв дээрээ 10 жилийн сургууль, нэг бригад нь найман жилийн, нөгөө бригад нь дөрвөн жилийн дунд сургуультай, нийт 11.000 хүн  амтай  байсан юм. Тэгтэл тэр хамгийн олон хүнтэй сумаас даруй 5000 хүнээр илүү, өөрөөр хэлбэл даруй дахиад 2-3 жижиг сумын хүнтэй тэнцэх хэмжээний олон хүүхдийг эх барьж авсан гэвэл хүний толгойд буух тоо мөн үү. Аргагүй юм. Энэ хүн Улаанбаатарын 1 дүгээр төрөх эмнэлэгт 40 гаруй жил эх баригч эмч, тасгийн эрхлэгч, зөвлөхөөр ажиллажээ. 
Ирээдүйг бүтээх эздийг тосч авч байдаг учраас монголын үрс эрүүл, саруул байх нь хамгийн чухал зүйл гэж үздэг.  Тэгээд ч өөрийн ирээдүйг өөрийн гараар бүтээх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй хүн.  Агуу бүхэн энгийн дотор оршдог. Өөрийгөө аугаа гэж дөвийлгөх дургүй ч өөрийнх нь байж байгаа байдал, араншин нь жинхэнэ хүн, агуу хүн гэдгийг бүтээж өгсөн. Амьдрал цаг хугацааг туулж, алдаа оноотой зэрэгцсэн ухаарал,  эр зориг,  эрдэм чадлын багц үйл явдал дунд буцалж өнгөрдөг. Б.Бүлтэн эмч залуу халуун насаа энэ л салбартаа  зориулжээ. Эх үрсийн төлөө хувийнхаа эрх ашгийг хойш нь тавьж хоёргүй сэтгэлээр хичээл зүтгэлээ зориулж ирсэн  энэ цагийн нэгэн том төлөөлөгч болтлоо ажиллаж, олон ч гэр бүлийг үрийн буянаар  мялаан баярлуулж,  олон ч шавь нараа хүний төлөө зүтгэх үйлсэд сургаж, араасаа дагуулсан ачтан. 
 Б.Бүлтэн эмч чадахгүй, мэдэхгүй, болохгүй гэдэг үгийг хэзээ ч хэлж байгаагүй бөгөөд, амь тэмцсэн, үхэл амьдралын заагт тулж ирсэн ийм мөчид тийм үгийг энэ хүн гаргаж чадах байсан уу?  Энгийн байж байхдаа зөөлхөн, номхан, намхан атлаа, “Тулаан”-д орохдоо ямар их зориг зүрх гаргаж чаддагийг хамт ажиллаж байсан нөхөд нь бахархан ярих дуртай.  Ийм нөхцөлд бидэнд ухрах эрх байхгүй гэж л хэлдэг хүн. Түүнд нэг зарчим бий. Эмчийн  тангараг өргөсөн хүн, ямарваа нэгнээс татгалзах, хойш суух, биеэ зайлуулах ёсгүй гэдэг хатуу зарчим баримталж энэ 40 гаруй жилийг ардаа орхижээ. Бүр гар утас гээч юм анх нэвтэрч байсан тэр цагт авсан 19-тэй дугаараа  одоо болтол солиогүй бөгөөд нэг ч шөнө унтраагаад унтаж байсан түүхгүй гэнэ.
Манай хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Захирагчийн Ажлын Албаныхандаа гар утсаа унтрааж унтахыг хориглож байсан санагдана. Их хотын амьдрал бас тийм. Түүн шиг өөртөө болон өрөөлд хатуу шаардлага тавьж, өнгөрсөн  олон жил утсаа унтраахгүй, бүр пин кодоо ч мартсан гэх энэ л үгнээс тэр хүний ямар их дайчин, хэзээч бэлэн байдаг чанар яах аргагүй харагдана.  Яг л түргэн тусламжийн тэрэг шиг... Тэгээд, би ямар ч үед гар утас дуугарахад авдаг. Түүнийг авах гэж л би барьж байгаа.  Над руу залгаж байгаа хүнд хэрэгтэй учраас л би утсаа  авах ёстой. Тэр хүнд надтай ярих шаардлага гарсан л учраас залгаж байгаа шүү дээ гэнэ. Энэ бол зарчим юм. Худлаа зарчим ярьдаггүй, дүр эсгэдэггүй байх нь хүний мөн чанарын асуудал. Нэгэнтээ, миний багш Б.Бадам гэж эх баригч, одоогоос 44 жилийн өмнө хүний гавьяат эмч болсон, тухайн үедээ өвдөлгүй төрүүлэх аргыг хэрэглэж, түүгээрээ алдаршсан, агуу хүн байлаа. Тэр хүн надад амьдрахын арга ухаан, тэсвэр тэвчээр, хүн ёсны цагаан толгойг  зааж сургасан хэмээсэн.

Ам гарахын аргагүй, сурч мэдээгүй юмны сүн далай

Төгссөн мэргэжлээрэй  олон жил ажиллалаа. Өчнөөн сургууль, курс хийлээ. 16.000  гаруй хүүхэд эх барьж авлаа. Тэгтэл өдөр болгон нэг цоо шинэ асуудалтай тулгардаг нь юусан билээ. Туршлагажвал туршлагажиж, сурвал сурахаар нэг боллоо гэж өөрийгөө хааяа голно. Тэр аргагүй шүү дээ. Бүхэл бүтэн хүн байтугай энэ дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний зөвхөн долоовор хурууны өндөгний хээ  л гэхэд долоон тэрбум өөр байна шүү дээ.
Б.Бүлтэн 1972 онд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар АУДС элсэн суралцаж, 1978 онд эмчилгээний ангийг төгсөж,  эх барих эмэгтэйчүүдийн их  эмчийн нарийн мэргэжил эзэмсэн билээ. Дараа нь ОХУ-ын Эрхүү хотод мэргэжил дээшлүүлэх курс, Санк-Петербург хотод эх барих эмэгтэйчүүдийн эмчийн Клиник-Ординатурыг тус тус амжилттай төгссөнөөс гадна Эхо-оношлогоо, дурангийн мэс заслын дамжааг дүүргэж зохих мэдлэг, дадлага эзэмшсэнээс гадна, БНХАУ, БНСУ, Тайланд, Камбож, Франц улсуудад  туршлага судалж, мэргэжил дээшлүүлж, ёстой алтан дээр шар нэмэхийн адил сурсан мэдсэн бүхнээ чамбайруулан, энэхүү мэргэжлээ бүрэн төгс эзэмсэн гэж хэлж болно.
Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн тэргүүлэх зэргийг 4 удаа, 2011 онд Зөвлөх эмчийн зэргийг амжилттай хамгаалжээ. 2006 онд Клиникийн профессор цол хүртсэн бол 1999 онд Монгол Улсын эрүүл мэндийн магадлан итгэмжлэх лицензийн байгууллагаас өөрийн мэргэжлийн дагуу эмчлэх эрхийг хугацаагүйгээр авч өдгөөг хүртэл мэргэжлийнхээ ажлыг хийсээр байна. Мөн энэ ондоо Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх хүндтэй алдрын төрөөс хүртсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад бас л хугацаа урссан байна шүү. Зөвхөн гавьяат эмч болсноос хойш 21 жил өнгөрчээ.
Анагаах ухааны салбар өргөн, хэн юугаа сонирхон, ямар эмч болох нь сонголтын хэрэг байдаг. Ийм сонголтын өмнө ирэхдээ эх барихын эмч болох анхны бодол нь тэр л анагаахын оюутан байхаас, эх барихын хичээлд илүүтэй шимтэн суралцаж, нэгэн үе сургууль төгссөн, хожим 1 дүгээр төрөхийн гэх О.Бадамцэрэн, З.Дариймаа, Б.Долгорсүрэн, Ж.Долгорсүрэн, Б.Ренчинноров гээд ажилсаг, гялалзсан сайхан эх баригч  олон эмч нартайгаа мөр зэрэгцэн ажиллажээ. Бас алдар цолоо дурсгаж, ачлал буянаа түмэнд хайрласан Б.Үйлст, Ш.Долгорсүрэн, С.Дуламжав, Ш.Баасанжав, А.Пагма, Б.Норпил, Ц.Долгор, Г.Сильва, Т.Дуся, Х.Бадарч, Д.Норжмаа, Р.Даваахүү гээд он удаан жилийн туршлагатай, алтан гартай эмч, цагаан нөмрөгт баатруудаараа  ямагт бахархаж явдаг нэгэн. 
Мөн дээрх эмч нарт эх барихын анхны цагаан толгойн А үсэг заасан, эх барихын гайхамшигт багш нар бол Д.Цэвэлмаа, Б.Жав, Б.Бадам, М.Дамбадорж, Б.Шижирбаатар, С.Дунгаамаа, Д.Ичинхорлоо нар бөгөөд тэд монголын анагаах ухаан, эх хүүхдийн эрүүл мэнд, эх барихын салбарт алтаар хөшөө босгосон ч багадах гавьяат үйлс бүтээсэн ачтан гэдгээр нь, мөн тэднийхээ олон гайхамшигт эмч, эх баригч, мэргэжилтэн бэлтгэсэн гэдгээр нь бахархаж ам бардам хэлж  явах дуртай.

Буцалж буй будаа шиг дээр дор орсон амьдрал

Дөнгөж сургууль төгссөн эмч бүсгүйг сайхан хамт олон  анх түшиж авсан. Тэр үед 1 дүгээр төрөхийн ерөнхий эмч С.Наваансамдан гэж их сайн зохион байгуулагч хүн байж.  Тэр хүн тэднийг загнахгүй ч харцаараа удирдана. Ажилд дөнгөж ороход тэдний өмнө  хатуухан үүрэг хүлээж байв. Улсын хэмжээнд эхийн эндэгдэл дээр зүрх судасны эмгэгтэй эхчүүдийн эндэгдэл нэмэгдэж дээр дооргүй хариуцлагаа өндөржүүлэхийг шаардаж байсан үе. ЭХЯ-ны сайдын тушаал 1979 оны 12 дугаар сард гарч тус төрөхөд зүрхний эмгэгтэй эхчүүдийг төрүүлэх  давхар үүрэг ирэх нь тэр.  Мэдээж зүрхний өөрчлөлт, өвчтэй эхчүүд жирэмсний сүүл рүү хүндрэх болохоор үүрэг чиглэлийн дагуу 1 дүгээр төрөх рүү хандана, ирнэ. Тэр үед нь манай орныг залуу монгол гээд дэлхий дахинаар шуугиж, төрөх насны эмэгтэйчүүд ид өсөж өндийж байсан болохоор төрөлт ихтэй, өдөр шөнөгүй л ажиллана. Тэнд эмч нар нь цөөн. Долоо хоногт 2-3 удаа жижүүрлэнэ. Тухайн үед хүсээгүй жирэмсэлт гэдэг шинэ нэр томъёо гарч, залуу эхчүүд тэрнээс хамгаалах арга чаргаа мэдэхгүй, мэгдэж сандарч байсан үе.  Хорвоод хүн олдож байгаа нь гайхамшиг ч ид үржих насны эмэгтэйчүүд олдсон болгоныг жил дараалан гаргах гэж юу байхав. Бас л асуудал. 
Эмэгтэйчүүдийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргад суралцуулах гэж эмч нар олон төсөл хөтөлбөр, нөр их хөдөлмөр зарцуулсан ч хүссэн төвшинд хүрэхгүй, үр хөндөлт буурахгүй байлаа. 1980-аад оны үед төрөлт өндөр, эмэгтэйчүүдийн жирэмслэлтээ зохицуулах эрх, боломж хаалттай, хүүхдийн өвчлөл маш их, нялхсын эндэгдэл өндөр, бас бэрхшээл ч их байсан.  Нөхцөл байдал ийм байсан болоод ч тэр үү, эх нялхсын асуудлаар нам засгийн тусгай тогтоол шийдвэрүүд гарч, ихээхэн анхаарал тавьдаг байжээ. Эрүүлийг хамгаалах яаманд Эх нялхсын эрүүл мэндийн мэргэжлийн тусгай хэлтэстэй, тэр бүү хэл Ардын Их Хурлын дэргэд Эх нялхсын асуудал эрхэлсэн комисс хүртэл ажилладаг байсан гээд бодохоор эх нялхсын эрүүл мэндийн асуудал ёстой №-1  асуудал болж байсан ажээ.  
Тухайн үед ажлын тийм их өндөр ачаалал эх баригч, эмч нарыг залхахад хүргэж, ийш тийш шилжиж, хэрэг дээрээ 1 дүгээр төрөхөд  Б.Үйлст, Б.Норпил, М.Энхтуяа, А.Догзол, Ч.Содномпил гээд цөөхүүлээ хоцорчихсон гэдэг. Ер нь тухайн үед ингэж хүн ардын эрүүл мэндийн төлөө, эх нялхсын төлөө анхаарч байсан ч гэсэн улс орон ядуу, хөгжлийн замдаа ороод явж байгаа гэх боловч юм юм их дутагдалтай, ялангуяа эмнэлгийн эм тариа, тоног төхөөрөмж гэх юмгүй, халаалт, цахилгаан доголдож төрөх газар хүйтэн, ажиллах нөхцөл их хүндхэн байсан цаг. 
Угийн дуртай ажил, нэртэй ганц төрөх эмнэлэг. Ажилдаа гаршаад ирэхийн чацуу бас цаг хугацаа элэгдэж, нэг мэдэхэд ахмад эмч нарын эгнээнд ороод иржээ. Б.Бүлтэнд дахиад л шинэ залуу эмч нарыг сургаж дадлагажуулах, эм хэрэгсэл олох, зээлэх, бүр олоод ир гэж захих гээд бэрхшээл их гардаг байж.  Яая даа гэх өдөр байвч, яахав дээ гэх өдөр бас байдаг. Сүүлд ирсэн ерөнхий эмч Ч.Дариймаа нь ч бас  сайн зохион байгуулагч таарч. Шинэ ерөнхий эмчийн ингэж хичээж ажилласны  дүнд 1996 он гэхэд эмчийн тоо овоо нэмэгдэж, жижүүрлэж хонох хугацаа холдож жаахан ч гэсэн сэхэл авсан он жилүүд иржээ. Төрөхөд 24 цаг зогсоогоороо шахам ажиллаж жижүүрийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг  үнэхээр хэцүү.  Үүнийг, ганц үр төрүүлээд, түүнийгээ  тэврээд нисээд гарч буй ээж юухан мэдэх билээ.    
Олон жил найзлан үерхэж,  хамтран зүтгэж гар нийлэн ажилласан хүн бол Монгол улсын ардын эмч Б.Үйлст. Ийм алдар цолд хүрээгүй байсан залуухан эмч Б.Үйлст  эмэгтэйчүүдийн тасгийг,  Б.Бүлтэн өөрөө төрөх тасгийг хариуцаж ажиллах нэгэн үе тэр хоёрт тохиосон.  Удирдах ажлын арга  туршлага багатай, Б.Бүлтэнд тасаг ахалж ажиллана гэдэг амаргүй  ажил байсан. Нэгэнт бүх юм толгой дээр нь ирсэн болохоор дарга нарын зааснаар, бас өөрийн бодож төлөвлөснөөр чадахаасаа аваад чадахгүйгээ хүртэл тэр  зүтгэсээр л байлаа.   Эх барих тасгийн ажил гэж шаагисан бороо, шуугисан үер л гэсэн үг.
Ажил хөдөлмөрийн дотор, хүнд хөдөлмөр гэж байдаг. Хэдий эх барих, шинэ хүн хүлээж авахын буянт хөдөлмөрийн ачаар олны танил болж, алдар хүндийг олж, аз жаргалыг мэдэрсэн ч бас бэрхшээж зүрхшээх юм аль олон тохиолдохыг хэлээд яахав. Тийм үетэй зөндөө тулгарч л явсан нь мэдээж. 
Эмч хүн, тэр тусмаа эх барихын эмч алдаа, онооны дэнсэн дээр ажилладаг болохоор байнга л хичээж, нягталж, уншиж суралцаж байхгүй бол давхар биетэй хүнийг эмчилж тусламж үзүүлнэ гэдэг давхар ажил болохоор, тэр хүнээс ямар их өндөр хариуцлага, нөр их хөдөлмөр шаарддагийг хэлээд яахав.
Хэрвээ та энэ мэргэжлээр хүч сорье гэж байгаа бол үүний тулд мэдлэг оюунаас гадна тэвчээр, биеийн эрүүл мэнд, эв дүйтэй харилцаа, өндөр ёс суртахуун, хурдан шийдвэр гаргах шалмаг хөдөлгөөн гээд олон зүйл хэрэгтэй шүү гэдгийг  залуу эмч нартаа захих дуртай. Сайн багшийнхаа шавь нар нэг байрандаа байгаад байдаггүй.
Б.Бүлтэн эмч энэ хугацаанд хүндтэй бөгөөд ярвигтай үүрэг олныг хүлээж, бас түүнээс мундахгүй олон  бэрхшээлийн ард гарч чаджээ. Энэ хүн байгалиас заяасан эх барихын авьяастай хүн. Түүний гарын эв дүй, хөдөлгөөний урныг хараад байхад бас чиг сэтгэл бахархмаар гэж хамтран ажиллагсад нь бахдах. Сайхан ажилтай хүн, уран гартаа үйлчинг хараад хэн ч бахархдаг. Б.Бүлтэн, Б.Үйлс хоёрыг харахад ийм л байдаг гэлцэх. Энэ хоёр сайхан найзууд, холын холд ингэж л   хоёр биенээ, нөхөж чадсан.
Цаг сайхан болноо, охид хүүхдүүд хөөрхөн төрж байна гэлцэх. Үнэндээ сайхан цаг эхэлжээ. Энэ сайхан цагт эгдүйг тань хүргэх юм байна уу гэж миний өдсөн асуултанд Б.Бүлтэн эмч "Охид хүүхдүүд хөөрхөн төрж байгаа ч, анх биднийг ажилд орж байсан үеэс ч хэцүү болсон. Хүний биеийн чадавхи тэнхээ ч өөр болж байх шиг. Урд манай бүсгүйчүүд хонь малаа хариулж яваад л эсгий гэртээ араг түшээд л  өөрөө төрчихдөг байсан бол одоо боловсон тохилог эмнэлэгт, өндөр тоног төхөөрөмж, мэдлэг мэргэжил сайтай эмч нараар хүрээлүүлэн байж төрж байгаа ч эндэгдэлгүй, эрүүл саруул төрүүлэхэд илүү их анхаарал шаардах болжээ. Одоогийн  нярайлж буй бүсгүйчүүдийн бие сул, хүч тэнхээ муу байгаа нь идэж ууж байгаа хоол хүнс, амьсгалж байгаа агаар,  биеийн хүчний хөдөлгөөн үгүй болсон гээд олон зүйлээс шалтгаалж байх шиг байна.  Бас тэд бүгд энэ эрсдэлтэй талыг илааршуулахын оронд эмч биднээс илүү хариуцлага нэхэж, та бидэнд үйлчлэх ёстой гэсэн хөндий сэтгэлийг агуулдаг хэсэг байгаа нь нэн харамсалтай. Бүсгүй хүн өөрийн гэрийн гал голомтын эзнийг төрүүлж байгаа гэдгээ хэзээ ч өөрөө мартаж болохгүй. Ирээдүйн үр хүүхдүүд чинь эрүүл байх нь ээж хүнээс хамаарах тул эхлээд өөрсдийгөө анхаарч бие бялдар, сэтгэл санаа,эрүүл мэнд, хоол хүнсээ тохируулан сурах хэрэгтэй. Одоо цагийн эмзэглэл энэ байна гэсэн юм. 

“Таны төлөө бид”-хүний төлөө

Цаг цагаараа байсангүй. Нөгөө залуу Монголын үр сад нэмэгдэх нь саарч, улс орон зах зээлд шилжихэд хайран үнэт эрдэнэс маань бас л адилхан “лангуу хоосрох”-ын адил цөөрдөг юм байна. 1991 оноос амаржих газарт ажиллаж байсан ихэнх эмч нар зах зээлд мөнгө олох арга сүвэгчлээд янз бүрийн ажил хөөгөөд бараг тарцгаажээ. Ийм хэцүү цагт шинээр нэмэх байтугай өмнөх гаргасныгаа яая даа гэх сэтгэлгээ газар авч, төрөлт цөөрснөөр, төрөхийн зарим барилгууд суларч, хувийн эмнэлгүүдэд түрээслэгдсэн аж.  
Яг ийм хэцүү цагт эмнэлгийн дарга Ч.Дариймаа нь санал тавьж, сул байгаа өрөө тасалгааг түрээсэлж чөлөөт цагаараа хувийн эмнэлэг ажиллуулаач гэсэн хүсэлтийг  Б.Бүлтэн,  Б.Үйлст хоёрт тавьжээ. Тэр сайхан санал хийгээд, бид хоёр ямар   арилжаа наймаа хийж, ашиг хонжоо олоод  явж чадах биш гэлцэн, зах зээлийн хүнд энэ үед, нэг жижиг өрөө түрээслээд хувийн эмнэлэг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн нь  одоогийн “Таны төлөө-бид” эмнэлэгийнх нь анхны суурь болсон ажээ.  Одоо 10 их эмч, 60 гаруй ажллагсадтай   эмэгтэйчүүдийн тус эмнэлэг нөгөө л анхлан ажилд орж байсан 1 дүгээр төрөхтэйгээ   хараа бараандаа босоод 20-иод жил болж байгаа ажээ.  Хань Б.Доржпүрэвтэйгээ хамтран энэхүү эмнэлгийг барьж босгон, өдий дайтай авч яваа гэнэ. Түүний дотор тал тохилог, харваас хүний төлөө. Энд хорт хавдраас бусад бүх төрлийн эмэгтэйчүүдийн өвчинд мэс ажилбар хийж байгаа  аж. Энэ  эмнэлгийнхэн,  “Таны төлөө-бид” энэ үгээ хэзээ ч алдаж болохгүй гэдэг нэгэн сэтгэлээр ажилладаг. 
Хараа бараандаа гэхийн учир Б.Бүлтэн эмч, 1 дүгээр төрөх эмнэлгийнхээ зөвлөх эмчээр одоо хэр нь ажиллаж байгаа учраас гараад гүйхэд ч ойрхон аж. 
Нэгэнт хувийн эмнэлэг байгуулан өрх тусгаарласан боловч энд тэнд зөвлөсөн хэвээр. Нэгэн үе бүр Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Сүхбаатар, Налайх гээд дуудлагаар, томилолтоор, урт богино хугацаагаар нарийн мэргэжлийн эх барих,  эмчийн тусламж үзүүлэхээр  ихээхэн явдаг байж. Мэдээж улсын эмнэлэгт, тухайлбал нэгдүгээр төрөхдөө ажиллаж байхад шууд л дуудлагаар явдаг, заримтай нь урт богино хугацааны гэрээ байгуулан байнгын зөвлөхөөр ажиллах гээд ер тасралтгүй явсаар өдий хүрчээ. Утсаа унтраадаггүй гэдгийн учир бас энэ.

Мохошгүй чанарыг монгол ахуйгаас олсон

Б.Бүлтэн эмч арван хүүхэдтэй айлын том охин. Адуучин, уяач аавынхаа зэлэн дээрээс Анагаахын сургуулийг зорин мордохдоо, зөвхөн эх барих эмч болно гэсэн багын хүсэлдээ хөтлөгдөж, өдгөө монголын нэрт эх баригч эмч болтлоо өссөн. Хурдны морийг зургаахан настайгаасаа наймдугаар анги төгстлөө унаж, есөн дүүгээ араасаа дагуулж ардаг хангалын нуруунд гаргаж тавьсан тэр жинхэнэ морины хорхойтон бүсгүй. Монголд эмэгтэй уяач гэж бараг байхгүйг бид мэднэ. Тэгтэл Б.Бүлтэн уяачийн хэмжээнд хүртэл хорхойссон нь хань болсон Б.Доржпүрэвтэй хачин их нөлөөлсөн гэсэн. Учир нь Бүлтэнгийн аавынд хүргэн болсон цагаасаа л  агтны ар мөрд орж, “Морин эрдэнэ” уяачийн гал үүсгэн байгуулалцаж, улсын болоод бүсийн наадмаас 13 айраг, түрүү авсан энэ уяачийг Б.Доржпүрэв гэх бөгөөд өдгөө “Таны төлөө бид” эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийг  хань Б.Бүлтэндээ ажлын байр болгон барьж тэндээ ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа хүн. Ханийнхаа хөдөлмөрийг дээдэлж, хүн ардын төлөөнөө хийх хамгийн том буян ”эдгэрүүлэхийн буян”-д өөрийнхөө хувь нэмрийг оруулж яваа бас нэгэн. Харин том охин Д.Ариунаа нь аавынхаа мэргэжлийг эзэмшин, “Таны төлөө-бид” эмнэлгийнхээ эдийн засаг санхүүг барьж байгаа бол хоёр дахь охин Д.Уранчимэг нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн 1 дүгээр төрөх буюу “Нийслэл Өргөө” амаржих газарт үр шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаж байгаа, анагаах ухааны  доктор бүсгүй. Бага хүү Д.Ганзориг нь Улсын 2 дугаар төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн цөмийн анагаах ухааны тасгийн цикл хурдасгуурын оператор инженерээр  ажилладаг ийм л нэг халуун ам бүл. 
Та одоогоос 21 жилийн өмнө Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх цолыг хүртэж байжээ. Мэдээж, гавьяа шагнал, хайр хүндлэл, баяр талархал олон түмнээсээ  хүлээж яваа.  Би энэ “Циркон шигтгээтэй, алтадсан цэцгийн дэлбээн дунд байрласан бадмаараг гэрэлтэй Мөнгөн Нацагдорж эрдэнийн одон”-г   онцгойлон сонирхоод байна гэсэн миний асуултанд Б.Бүлтэн эмчийн нүд нь сэргэж, "Ёстой гоё. Миний багш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Б.Жав багшийн минь нэрэмжит шагнал. Энэхүү шагналыг авсан 4 дэх хүнээр 2019 онд тодорсон. Тэнд “Монголын эх барих, эмэгтэйчүүд судлалын салбарт оруулсан гавьяаг тань үнэлж  Б.Жав агсаны гэр бүл, үр хүүхдүүдээс нь “Аврал түгээгч” хүндэт одонгоор шагнав” гэжээ. Аврал түгээгчийн  “Түргэн тусламжийн тэрэг мэт амьдрал” ингэж үргэлжилж байна.  
Яг энэ мөр тэрлэх мөчид  Б.Бүтэд эмчийн төрсөн  нутаг, Сүхбаатар аймгийн захын Онгон сумандаа насаараа  аж төрсөн 85 настай буурал эцгийн нь бие чилээрхлээ гэсэн мэдээг сонссон тэр, дөнгөж одоо яаралтай  хагалгаанаас гарч ирлээ, өнөө шөнөдөө... гэсээр “түргэн жагсаалын тэрэг” шиг түргэн аваад хөдөлсөн. Хорвоод хүн ирэх, очихыг зааг дээр “түргэн тусламжийн тэрэг мэт” амьдарч яваа энэ хүний алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Түргэн тусламжийн тэрэг яарч явна
Түүнд та минь зам тавьж өг! 
Хэн нэг хүн энэ хорвоогоос явах гээд
Хэцүүдэж яваа ч юм бил үү...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.