НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Монгол Улсын аварга малчин С.Баатар: Бид буянт малынхаа талыг нь хаяж байна

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
3 сарын өмнө /2020-06-17 20:43:39 GMT +8 / | 1303 удаа уншсан

 

Дундговь аймгийн Луус сумын Буянт багын малчин Содномын Баатар гуайнд зочилсон юм. Баатар гуай нь 2018 онд Монгол Улсын аварга малчин болсон, аймгийн манлай уяач цолтой хүн юм. Тэрбээр 51 жил мал маллаж улс нийгэмдээ хувь нэмрээ тасралтгүй оруулж яваа манай үлгэрлэх малчин. Хашаа хороо, хашсан бэлчээр, хураасан өвс тэжээл, ярих яриа энэ бүгдээс тохьтой сайхан малчин монгол эрийн дүр зураг мэдрэгдэнэ. Биднийг очиход гадуур дотуурх ажлаа аялуулж явахдаа байнга маск зүүж явлаа. Энэ тухай нь асуухад “Манай энд ч тэр хэцүү нэрт вирус нь байхгүй л дээ. Байх ч боломжгүй. Гэхдээ төр засгийн хичээл даалгаварыг дадал зуршил болгох нь зөв биз?! Манай эндэхийнхэн чинь цагаан сарын золгоогоо ч учиртай хийцгээсэн шүү. Хот, аймгаас манай хүүхдүүд амралтын өдрүүдээрээ ирсэн. Тэдэндээ бас биеэрээ үлгэрлэж байгаа юм. Харин сурвалжлагч Та яагаад маскаа зүүхгүй байна?” гэж асуугаад ёжтойхон инээмсэглэнэ. Эндээс энэ хүний чигч шулуун зан, талын малчны цаад нарийн ухаан харагдах шиг боллоо. Тэгснээ “Ээжийг чинь Пүрэв багш гэдэг үү?” гэж надаас асууж байна. Тийм гэж хариуахад минь “1962 онд Адаацаг сумын сургуульд намайг анх ороход багшилсан багш маань юм байгаа юм даа” гэж хэллээ. Тэгээд бид хоёр тэр үеийн сургууль сурагч, багш нарын тухай баахан хөөрөлдлөө. Ээжийнхээ шавьтай энэ ээрэм талд санаандгүй уулзана гэдэг ямар сайхан санагдваа. Хэрвээ ээж минь байсан бол ямар гоё мэдээ болох байж вэ гэж бодов. За ингээд уншигч Танаа Баатар ахтай хийсэн ярицагыг толилуулья.

-Сайхан хаваржиж байна уу? Таньтай уулзаж байгаадаа ихэд олзуурхаж байна. Сүүлийн үед манай бэлчээриийн малын махны ид шидийг их ярих болж...
-Манай Монгол мал байгалиасаа чанарлаг өвс ургамал иддэг учир мах, сүү нь түүнээ дагаад жинхэнэ байдаг. Иймээс энгийнээр бодоход Монгол хүний биеийн дархлаа нь ч бусад улс үнэстнийхээс илүү л байх учиртай. Тэгэхээр мал гэдэг буянаа бид орчин цагийн нөхцөлдөө тохируулаад зөв авч явмаар байгаа юм. Би гэрийнхэндээ эрүүл агаараар амьсгалж, цагаан идээ, мах, махан бүтээгдхүүнээ Монгол хүн хэрэглэж байгаа цагт барагтай юманд торохгүй гэж сургадаг юм.
-Нээрээ "Дэлхийн хаана ч байхгүй эко бүтээгдэхүүн Монголд л байна" гэж эрдэмтэн мэргэдгүй нотлоод байгаа юм билээ. Нүүдлийн мал аж ахуй чинь манай сул тал биш давуу тал болох ч юм шиг санагддаг. Гэхдээ бэлчээрийн даацны асуудал их яригдах болжээ.
-Таваараг мал өсгөх хэрэгтэй байгаа юм.
-Энэ чинь яг яахыг хэлээд байна?
-Малын тоо толгой хөөцөлдөх биш чанартай цөөвтөр мал өсгөх хэрэгтэй байгаа юм. 
-Тэгвэл мянгат малчны хөдөлгөөн чинь сөрөг нөлөө үзүүлжээ гэж ойлгож болох уу? 
-Юм болгоны нэг талыг барьж ярьж болохгүй л дээ. Зах зээлд шилжихээс өмнө манай улс чинь 25 сая толгой малтай болох гээд дээр дооргүй их хичээсэн. Гадаадад малаа олон саяар нь гаргадаг байв. 
-Хүн ам нь хоёр сая орчим байсан.
-Тийм. Одоо гурван сая 300 мянга гаруй хүн амтай болсон. Тэгээд зах зээлд шилжихийн цагт малын тоо толгойны хойноос их хөөцөлдсөн. Мянгат малчин олноороо төрсөн. Энэ муу юм биш. Монголын мал 60-70 сая толгой болохыг ч сонслоо. Одоо бид энэ тал дээрээ өөр ухаан зарах хэрэгтэй байна. Социализмын үед тооноос чанарт гэж их ярьдаг байв. Тэрийг л ярих хэрэгтэй. Тэгвэл бэлчээрийн даацын асуудал, хөрсний доройтол ямар нэг хэмжээгээр шийдэгдэнэ. Хонь гэхэд л Төв аймгийн Баянцагааны илүү нугламт хонийг түлхүү өсгөх ч гэдэг юм уу. Малаа сорчилж өсгөнө гэсэн үг. Жишээ нь 2000 малтай байснаас түүнтэй ашиг шимээрээ дүйцэхүйц 1000 таваарлаг малтай байх нь чанарын хувьд дэвшиж байна шүү дээ. Маллаж байгаа мал маань ч усны тунгалаг, өвсний сортойг идэхээс гадна хүн хүчний хувьд ч хэмнэлттэй байна. Ашиг муутай 1000 малтай байснаас ашиг шимээ хангалттай өгдөг 500 мал нь илүү гэж үздэг болоод байгаа хүн дээ, би. Байгаль орчин талдаа ч тэр, мал давжаарахгүй ашиг шим талдаа ч тэр нь тустай.
-Та 2018 онд Улсын аварга малчин болжээ. Энэ амжилтанд хүрэхэд бас л амаргүй даваа байх.
-Олон жилийн жигд хөдөлмөрийн үр дүн л гэж боддог доо. Бэлчээрийн соргогыг сонгож, отор нүүдэл их хийсэн дээ. Тухайн үедээ нилээн л зүтгэж байна гэж боддог байв. Энэ хичээл зүтгэлийг маань төр засаг үнэлж намайг шагнасан байх. Энэ чиглэл дээр ингэж шинэ юм санаачлаад, шинэ туршлага нээгээд “Аварга” гэдэг хүндтэй шагналыг авсан юм аа гэж хэлж мэдэхгүй байна. Өвөг дээдэс, эцэг эхийн уламжилж ирсэн арга барил, хөдөлмөр зүтгэлээр амжилтанд хүрсэн хэрэг. Хүүхэд, залуучуудад их зөвлөж сургасан байдаг юм. Эргээд би чинь юу сургаж вэ гээд өөрөөсөө асуухаар өөрийн эрхэлж амьдардаг мал маллагааны арга барил, ажиглаж хичээж явдаг юмаа л хэлсэн төдий. Хийдэг ажлаа хийгээд л, малаа маллаад л тэр сайхан алдар нэрийг хүртсэн. Манай нутагт ган зуд чамгүй болдог. Алс хол олон жил отор нүүдэл хийгээд ирэхэд адгийн наад зах нь хороо бууц хүртэл ямаргүй юм болчихсон байдаг. Отроос ирээд тэрийгээ засаж янзална. Малчин хүн чинь зүгээр суухгүй л дээ. Зурагтын сэтгүүлч сурвалжлагч нар малчин хүний өглөө босоод л үдэш шөнө болтол ажиллах ажлынх нь зургийг аваасай гэж боддог юм. Тэгвэл малч хүний ажил, амьдралыг бүрэн ойлгоно шүү дээ. 
-Манай Дундговь аймагт ган зуд болсон үед нүүдэл суудал их болж, өөр аймгийн нутагт очоод хөөгдөх, гадуурхагдах малчин хүний зовлон байнга асуудал болж ирлээ л дээ. Энийг алтан дунджийг нь олж хэрхэн зохицуулах нь зөв гэж боддог вэ? Өрөвдмөөр өрөвдмөөр юм дуулдаж л байдаг юм...
-Байгалийг л их харах юм даа. Жишээ нь 1999 онд зун огт бороо ороогүй. Тэгээд 2000 оны хавар гэхэд манай нутаг чинь ширээний тавцан шиг малд огт идэх өвсгүй болж байсан хүнд үе бий. Тарга аваагүй мал чинь хөөс гэсэн үг. Тэр үед чинь зарим нутагт нэг үхэр 30.000 төгрөг хүртлээ үнэгүйдэж байлаа шүү дээ. Хур бороо тэнгэр хайрхан заяахгүй бол нүүдэл суудал хийхээс өөр замгүй. Тэгээд л нутагт өнөтэй болохоор эргэж ирнэ.
-Нээрэн Дундговийн нутагт 2008, 2009 он хүртэл хүндхэн байсан санагдаж байна. Ийм нүүдэл суудлын хүндрэл байдаг нөхцөлд фермерийн аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн яриа яваад байдаг л даа. Энэ нь тал хээрийн нөхцөлд аль зэрэг бодитой, алс явцтай эд вэ? Таны бодол…
-Хар ухаанаар бодоход хаана хаанаа хавчигдмал болдог ийм нөхцөлд малын тоо толгойд биш чанарт анхаарч малаа маллах арга ажиллагаагаа зохицуулах хэрэгтэй гэж боддог доо. Таваарлаг болгоно гэдэг явж явж бас фермерийн аж ахуйд алхам дөхнө л гэсэн үг. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуй гэдэг онцлогоо гээхгүй байж гэмээ нь мах, цагаан идээний маань чанар хадгалагдана шүү дээ. Арван малын ам бэлчээр идэж, туурай нь бэлчээрийн элэгдэлд оруулж байснаас тав болбол хамаагүй хөнгөрнө шүү дээ. Үүлдрийн хувьд анхаарах хэрэгтэй болно.
-Одоогийн нөхцөл шиг урсгалаар нь биш харьцангуй шинжлэх ухаанчаар хандах нь байна гэсэн үг юм аа даа.
-Одоо ч бас урсгалаар нь орхичихсон юм бас байхгүй л дээ. Төр засгийн бодлогыг нааш нь татах хэрэгтэй байгаа юм. Нийгмээрээ нэгдсэн бодлогод нэгдэх хэрэгтэй. Би насаараа мал дагасан хүн. 1972-1975 оны хооронд цэргийн алба хааснаас бусад үед нь буянт малынхаа үр шимийг хүртэж яваа нэгэн. 1969 оноос л мал малласан. Энэ үед Хөдөлмөрийн дэвтэрээ анх нээлгэж тэр үеийн Адаацаг сум, нэгдлийн дарга байсан Чүлтэм гуайгаас гардан авч байлаа.
-Чүлтэм гэж манай Адаацаг сумын түүх болсон дарга даа. 50-иад жил болжээ. Ёстой өнөө мэргэжилтэн болно гэдэг л болж дээ.
-Үгүй, тэгээд болбол ч болохоор доо. (инээлдэв) Чүлтэм дарга чинь үнэхээр ажлын төлөө чиний хэлсэн шиг түүх домог болсон дарга даа. Тэр үед чинь бригадын тоо бүртгэгч Хөдөлмөрийн дэвтэр бөглөдөг байв. 6, 7 сар болж байгаад бөглөнө, тамга дарна. Зарим сар улиралд нь тамга тэмдэг байхгүй. Тэр нь сүүлд тэтгэвэрт гарахад ажилласан жил тооцоход гай болж байгаа юм чинь. Гомдох ч шиг. Тийм учраас одооны залуучууд хүний ажил хөдөлмөр, хийсэн бүтээсэнд их анхаарал, хариуцлагатай хандаж байгаасай гэж захиж хэлэх байна. Хийсэн хөдөлмөр маань хийгээгүй мэт харагдах чинь их гомдолтой юм билээ. Нэгдэл нийгэмд мал сүргээ өсгөх, унага даага сургахаас эхлээд их л хичээж явсан даа. 
-Манай улсын бодлого ХАА, тэр дотроо мал аж ахуйгаа хөгжүүлье, импорт орлосон бүтээгдэхүүн хийе, экспортод гаргадаг болгоё гэж чамгүй ярьж хэлэлцэх юм. Хуучин чинь мах бэлтгэлээс гадна, арьс шир, ноос ноолуур, адууны хөөвөр, малын яс гээд хаяж гээдгүй байсан. 
-Малын амьсгалаас бусдыг нь ашиглана гэж ярьдаг байв. Тэр нь ч бас ортой үг байсан. Бэлчээрийн даацанд тааруулж мал сүргээ өсгөх хэрэгтэй байна.
-Мал аж ахуйтай холбоотой Таны эмзэглэж явдаг юм юу байна?
-Буянт малын амьсгаанаас бусдыг нь ашиглана гэж зорьж ирсэн ард түмэн дээ. Гэтэл одоо малын дотор мах болох гэдэс дотор, толгой шийрийг овоолонгоор нь хаяж байна даа. Ёстой өнөө амны хишиг нь харих вий гэмээр сэтгэл өвдөх юм. Энд тэндэхийн юм сонсож дуулж байхад малын дайвар бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр онцгой үнэтэй байдаг гэх юм. Энийг л нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлдэг системийг аймаг сумын хэмжээнд улсаас бодлого болгон зохион байгуулмаар байгаа юм. Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех юу байдаг юм. Тэгвэл буянт малынхаа ашиг шимийг Монголчууд бүрэн хүртэж чадах юм. Малын чинь тал нь энэ дайвар бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр бид малынхаа талыг хаяж байна гэсэн үг. Бидний бага залуу байхад малын ясыг хүртэл ажил хэрэг болгоод хоршооны агентууд цуглуулдаг байсан шүү дээ. Тэгэхээр уламжлалт сайн юм аа аваад дээр нь өнөө цагийн техник, технологийн хөгжилдөө тохируулж гэмээ нь улс орон маань хөгжиж, эдийн засаг маань өснө өө. Хэрэглэж байсан хэрэгтэй юмаа гээж болохгүй. Малчид маань тэр гэдэс дотрыг өөрсдөө идэж дийлэхгүй, хаячих гэхээр дэндүү хайран санагаад байж байна аа. Элэгний нухаш чинь гадаад орнуудад хүнсний бас л нэг гол хэрэглээ юм гэсэн. Дотор махан хиам гээд хуучин цагт чинь их хийдэг, амттай сайхан эд байсан санагдаад байгаа юм. Малчид малаа өөрсдөө нядална гэж санаа чилээхгүй, бөөний газраар оруулаад малынхаа ашиг шимийг тэр чигт нь бүрэн хүртдэг бол сэтгэл ямар их өег явах билээ гэж бодох юм. 
-Энийг зохион байгуулъя гэхэд юу саад болж байна вэ? Баатар гуай Та яг юу шаардаад байна вэ?
-Улс орны чухал бодлогын арга хэмжээ болгох хэрэгтэй. Дээр үеийн кампааньт ажил гэдэг шиг. Нядалгааны стандартад таарсан уур, устай жижиг дунд цех үйлдвэрийг орон нутагт бий болгох хэрэгтэй байна. Жалгын нэгээр амьдарч байгаа малчин бидний санаа байвч сачий хүрэхгүй байна гэдэг л болоод байна. Мал нядалгаа нэг стандартад орж чадахгүй байна. 
-Та бол 51 жил мал маллаж байгаа хүн. Энэ талын амьд түүх. Тэр социализмын гэж хэлэгддэг он жилүүдэд мах байтугай сүү, цагаан идээнийхээ ашиг шимийг бүрэн авдаг байжээ. Одоо тэр болгон авч чадахгүй байна. Зовлон нь юундаа байна вэ?
-Хүн хүчний асуудал байна. Залуучуудын хэргэлээ өөр болчихсон, өөлж хэлэхэд санаачлаг, ажилласаг чанар дутаж байгаатай холбоотой. 1000 малтай хэрнээ малаа саахгүй хар цай уугаад сууж байгаа айл ч таарах л юм. Намайг бага байхад өглөөний хонь холбох, үдийн хонь холбох гээд хонио хоёр саадаг үе ч байлаа. Одоо хонь бүү хэл ямаагаа ч зарим газар саахаа байжээ. Уг нь тэр ямааны сүү чинь Дэлхийд хосгүй юмны нэг гэж л дуулдах юм. Манайхан чинь ноолуур ноолуур гээд л шуугиад байна. Уг нь сүү цагаа идээ нь тэр ноолуур шиг эргэлтэнд ордог бол мөн сайн аа. Бас л дээрх малын дайвар бүтээгдэхүүнтэй адил сүү цагаан идээг нь зовлонгүй нэг дор авчихдаг зохистой бэлтгэлийн систем л дутагдаад байгаа юм. 
-Дээр үе чинь саалийн ферм гээд бөөн бөөнөөрөө буучихаад сүү тосоо зохицуулаад байдаг байж дээ.
-Цагаан идээ хийдэг хүн гэж бараг байхгүй шахуу болчихоод байгаа юм. Таваарлаг цөөн малтай бол бас бололцоогоороо цагаан идээгээ хийх байх. Одоо малын тоондоо сэтгэл зүйн хувьд ч тэр, бодит боломжийн хувьд ч тэр цадчихаад байна. Тэгэхээр тооноос чанар луу орох хэрэгтэй гэдэг маань малынхаа ашиг шимийг бүрэн хүртэхэд нэг алхам дөхнө гэсэн үг гэж бодож байна. Мань мэтийн хөгшин настай улс малаа саах юмсан гэсэн шунал хөдлөөд байвч бие хүч дийлэхгүй байна. Тиймээс хөдөө аж ахуйд боловсон хүчний хувьд, ажил зохион байгуулалтын хувьд эргэж нэг харж өөрчлөлт хиймээр байгаа юм. Цагаан идээний ашиг тусыг бодлогоор сурталчлах хэрэгтэй. Тэр төмсний чийпс, элдэв бэлэн гоймон энэ тэртэй зүйрлэх аргагүй хүний биед ач тустай гэдгийг бодлогоор сурталчилбал яадаг юм бол?! Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 200 грамм сүү ууж болох боломж бололцоо монгол оронд л байгаа байх. Хуучин шиг идээ цагаагаа боловсруулаад байхад идэж хэрэглэх эзэн мундахгүй. Цагаан идээний эрэлт хэрэгцээ нь байгаад байдаг хийж боловсруулах хүн байхгүй байна.
-Энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ гэж Та бодож байв уу?
-Би дээр хэлсэн. Малын тоо толгойгоо чанаржуулаад таваарлаг цөөхөн болгоод ирэхээр зав зай малчинд гарч идээ цагаа руугаа орох болов уу. Энэ нь байгаль орчин талдаа ч ээлтэй ажил болно. Хоёр гурван мянган малыг чинь услаад л алдаж асгачихгүйхэн шиг байвал болоо гэсэн байдалтай байна. Бололцоо нь тэр юм. Олон мал бол цаг хэцүүдэхэд доод тал нь ширвэгдэнэ. Чанартай мал чухал. Тэгэхгүй бол “Баян байлаа гээд нэг шуурганд, баатар байлаа гээд нэг суманд” гэдгийн үлгэр л болно. Хоёр, гурван мянган малтай хүн ган зудтай үед өөр аймаг сумын нутагт отор нүүдэл хийгээд явахад их л зовно. Их хэцүү. 500, 1000 малтай айл бол хаана ч хэний ч бууцанд ая эвийг нь олоод өвөлжчихөд болно. Олон цөөний ялгаа их бий.
-Туслах малчин, шавь малчид бий биз?
-Байна аа. Гэхдээ ажил хийгээд амьдаръя гэсэн сэтгэлгээ нийтлэгээрээ хомс болжээ. Биений амрыг харах, зүгээр сууж байгаад олз олох гэсэн нь олширчихсон юм уу даа. Жил сараар ийм хөлс шантай ажиллуулъя гэхээр анх дуулчихаад их дуртай. Яг хийх болохоор саармагтаад байх жишээтэй. Хэд хоног байчихаад би тийм хөлсөө аваад явъя гэх маягтай. Тохьтой сайхан шавь нар байна аа. Манай эндэхийн Баттулга гээд залуу сайхан айл гэр болоод мал сүргээ өсгөөд сайхан л явж байна. Мөнх-Эрдэнэ гээд манайхны нэг хүү байдаг юм. Тэр бас надтай бараа бараандаа хэдэн жил мал маллаж байгаад одоо энэ Өмнөговийн Ханбогдод мал маллаад морь мал уяад овоо л явдаг юм. Манай нэг охины хүү байна. Түүнийг сургуулиас нь гаргачихаад мал маллуулаад хоёр хөгшин удам залгасан малчин болгох гээд л аргадаад үзээд байдаг. (инээлдэв.) Энэ хүүхдүүдийн хүүхдээс л сайн малчид гараасай гэж хүсэх юм. Би чинь миний үндсэн мэргэжил бол малчин гэж үздэг хүн. Уг нь малчин гэдэг чинь хэн болгон гар хөлийн үзүүрээр хийчихгүй тусгай мэргэжил байгаа юм шүү дээ. Зүгээр нэг хонь дагаж байгаа хүн болгон малчин биш шүү дээ. Тал талын мэдлэг, мэдрэмж орж байж хэдэн малаа өсгөнө шүү.
-Нээрэн тийм шүү. Малчин чинь цаг уурч, зоотехникч, малын эмч, бэлчээр судлаач, биологич, зоологич, бизнесмен гээд өнөө “Говийн зэрэглээ” киноны Арслан шиг олон талын мэдлэг мэдрэмж шаардсан ажил шүү. Одоогиийн малчин, Таны үеийн малчин хоёрын давуу тал юу байна вэ?
-Миний үед чинь захиргаадлын үе хэдий ч малчин хүн малчин гэдэг ажил мэргэжлээ мэдрэх тал дээр сайхан байжээ. Хороо бууц, өвс тэжээл, эрүүл мэнд, амралт сувилгаа, соёл, нийтийн ахуй үйлчилгээ гээд цаанаасаа нэгдлээс анхаардаг байжээ. Мал төллөхөд хүртэл туслах төлчин ирэх жишээтэй. Хадлан тэжээлээс эхлээд хорших, хамтрах юм их байлаа. Нүүх хэрэгтэй байна гэхэд машин давхиж ирээд нүүлгэнэ. Айлын эрх хүүхэд шиг л байлаа. Одоо бол хувийн аж ахуйтан болчихсон бүх юм өөрийн толгой дээр буусан. Хамтын хөдөлмөр, зохион байгуулалт, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг юм үгүйлэгдэх талдаа. Энэ зохион байгуулалтанд орох бодит механизмыг ажиллуулмаар байгаа юм. Мал нь хувийн байг хамаагүй, хөдөлмөр нь хамтач, нийтэч байх ямар бололцоо байдаг юм бол доо. 1970-аад оны үед чинь цэргүүд ирээд боловсон хороо гэдгийг барьж өгч байлаа шүү дээ.
-Социализмын үед мал нийгмийн өмч байх үед мал төллүүлэх нь үнэхээр бүх нийтийн “үйлс” байв гэдэг л болж байж. Одоо Үндсэн хуулиндаа “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гээд бүр заачихсан байгаа.
-Малын цувдайг нь сайхан янзлаад Улаанбаатар хотод аваачихад булаацалдаад л авдаг. Гэтэл манай энд бойн дээр өлөнг нь авна. Таван цулаас нь элэг бөөрийг нь авдаг юм уу, үгүй юу бусдыг нь юутай хээтэй нь хаяна. Тэгэхээр ямар их баялгаа бид хог болгож байна вэ. Гол горойгоод  л явчихна. Ядаж үүнийгээ зохицуулж чадаж байвал бид баялгаа хамгаалж байна гэсэн үг биз?! Бөөн мөнгө хаягдаж байна. 
-Бэлчээр, булаг шанд, худаг усны маргаан их гарах юм. Үүнийг хэрхэн зохицуулбал зөв гэж Та боддог вэ?
-Бэлчээр хувьчлал гэдгийг хийгээгүй нөхцөлд ямар ч арга байхгүй. Манай өвөлжөөний дэргэд нэг булаг байдаг юм. Тэрний цаана нэг айлтай. Бүх мал нь намар тэнд цуглана. Би хүний малыг хөөгөөд байж болохгүй. Бэлчээр хувьчлаад үндсэн нөхцөл гардаг ч байсан Монгол хүний хувьд тэр чинь болохгүй болцроод байгаа юм. Ямар сайндаа би бууцныхаа жаахан довыг үрэгдэл зардал гаргаад хашиж байна. Бэлчээр хашина гэдэг хэрэгтэй. Бас их хашчих юм бол өөрийн мал явдаг бэлчээр байхгүй болчихно. Найман га газар хашчихаад байна. Би уг нь нүүгээд явчихдаг юм. Энэ жил нэгд зориг хүрсэнгүй. Хоёрдож нүүдлийн газар хол байлаа. 2009 онд 1000 гаран километр явж хүртэл нүүдэл хийж байлаа. Эндээсээ Өвөрхангайн Богд ороод тэндээсээ Хэнтийн Баянмөнх орох жишээтэй. Тэгэхээр миний тэр таваарлаг мал гээд байгаагийн гол утга учир энд байгаа юм. 
-1970-аад оны үед гэдэг ч юм уу, малчин байх үед чинь ийм холын отор хийж байгаагүй биз дээ?
-Үзээгүй. 50, 60, 70 километр нүүж байлаа. Бэлчээрийн даацандаа тохируулж малаа өсгөе, чанаржуулъя л гэсэн санаа. Толгойд тоо хөөцөлдөхөөр мал давжаараад байна. Дээр үед чинь малын хязгаарлалтай байдаг байв. Үүлдэр угсаа гэж ярьдаг байв. Төллөх малыг 500-гаар суурина. Одоо зохицуулалт, чиг алга. Хоёр гурван жилийн өмнөөс  бүх сумдад мал эмнэлгийн тасаг байгууллаа шүү дээ. 1990 оноос хойш мал эмнэлэг үндсэндээ орхигдсоноос малын чанар чансаа, үүлдэр угсаа нь хамт орхигдсон. Гэтэл одоо малын эмч, малын зоотехникч гэдэг чинь хамгийн ховор хүн болоод байна. Хуульч, эдийн засагчид л олон болоо шив дээ. Харин одоо аймагт мал эмнэлгийн газартай болж үржил, селекцийн асуудал яригдах болсон нь том олз юм даа.
-Залуу малчид, малчдын хойч халааны асуудал бас их яригдах болжээ. Энэ тал дээр Таны бодол...
-Охидууд хот суурин луу их явж байна. Залуу малчин хүү нэг оюутан охинтой танилцлаа гэхэд эцэстээ хот суурин руугаа  л татагдах нь элбэг юм. Хүн ам зүйн болон нийгмийн бодлогыг хөдөө рүү чиглүүлэх л хэрэгтэй байна даа. “Адуу, сургуулийн хүүхэд хоёр л айлыг үймүүлээд байх юм даа” гэж би ямар сайндаа хэлж байх вэ дээ. Яагаад гэвэл адууны оторт алс хол залуучууд явна. Айлын тогоо өнгийх болно. Тэгэхээр отрын гэр, хань бараатай явах болно. Дараагийнх нь сургууль соёлд нэг хүүхэд явна. Заавал нэг нь дагаж явах болно. Ингээд л айл гэр тал тал тийшээ бутраад болохгүй юм даа гэж ярьдаг юм. Уг нь зориод сэтгэлээ өгвөл мал маллах чинь буянтай ч ажил. Сайхан ч ажил. Үр дүн нь жил, улирлаар гардаг, нүдэн дээр харагддаг ийм ажил тэр болгон байхгүй байх аа.
-Сонин сайхан санаа хэллээ. Илэн далангүй ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.