НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Сонгогчдын 42.2 хувийг залуус эзэлж байна

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2020-06-19 15:07:29 GMT +8 / | 253 удаа уншсан

ҮСХ-ны мэдээлснээр, УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцож санал өгөх эрхтэй иргэдийн 42.2 хувийг 35 болон түүнээс доош насны залуус эзэлж байна. 

Гэвч залуучуудын сонгуульд оролцох идэвх тааруу байгааг Монгол дахь "Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь" төслөөс мэдээлэв. Аймаг, орон нутгаас нийслэлд шилжин суурьшиж буй залуучууд оршин суух газраа албан ёсоор бүртгүүлж чадахгүй байгаагаас сонгуульд санал өгөх эрхгүй болдог байна. 

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас 2018 онд манай улсад хийсэн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн дийлэнх нь 20-39 насны иргэд байгаагаас хамгийн багадаа тал хувь нь оршин суух газраа албан ёсоор бүртгүүлж чадаагүй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд шилжилт суурьшилт эрчимжиж, иргэд залуучууд нийслэлд олноор ирж байгаатай холбоотой. Тодруулбал, шилжин ирэгсэд ирсэн даруйдаа оршин суух газраа сонгох, бичиг баримтаа шилжүүлэх, ОСГ-ны хороонд бүртгүүлэх зэрэгт хугацаа алддагтай холбоотой байна. 

Сонгуулийн тухай хуульд "Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсэгт сонгууль өгөх эрхтэй"-г заасан байдаг. Гэвч залуучууд энэ эрхээ дээр дурдсан олон шалтгаанаар эдэлж чадахгүй байна. Жишээ нь, Ховд аймгаас 2 жилийн өмнө нийслэлд шилжин ирсэн иргэн Б сонгууль өгч, иргэний үүргээ биелүүлэхийн тулд мянга гаруй км хол, бүртгэлтэй хэсэгтээ очиж байж саналаа өгөх эрх нь нээгдэж байна.

Ийм шалтгаанаар сонгууль өгөх эрх нь нээлттэй бус залуучууд олон байна. Өнгөрсөн 2 жилд хөдөө орон нутгаас нийт 26.735 иргэн Улаанбаатар хотод шилжин иржээ. Эдгээр иргэдийн хамгийн багадаа 13 мянга нь бүртгэл хийгдээгүйн улмаас сонгуульд оролцож саналаа өгч чадахгүй байгаа нь Монгол дахь "Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь" төслөөс хийсэн судалгаагаар гарчээ. Судалгаагаар шилжигсдийн насны бүтцийн тархалтыг ажиглахад ихэвчлэн залуу, хөдөлмөрийн насны хүн ам байна. 

Төв суурин газар байнга оршин суудаг хүн амтай харьцуулахад, шилжигсдийн боловсролын түвшин дунджаар өндөр байгаа. Энэ нь залуучууд сурч боловсрох боломжоор илүүтэйгээс гадна их, дээд сургуульд боловсрол эзэмшихээр шилжих хөдөлгөөнд илүү оролцож байгааг харуулжээ. 

Шилжигсдийн 38 орчим хувь бүрэн дунд боловсролтой байгаа бол тэдний 23 хувь нь их, дээд боловсролтой, түүний дотор бакалавр, магистрын зэрэгтэй хүмүүс байна. Энэ тоо баримт нь шилжигчдийн дийлэнхийг залуучууд эзэлж, ахмад насны хүмүүстэй харьцуулахад, боловсрол эзэмших боломжоор илүү, мөн мэргэжил үйлдвэрлэл, их дээд сургуульд суралцахын тулд шилжилт хөдөлгөөнд илүүтэй оролцож байгааг нотолж байна. 

Тодруулга: Шилжигч өрх гэдэг нь 3 жилийн хугацаанд шилжих хөдөлгөөнд оролцсон, шилжин суурьшсан газартаа 180 ба түүнээс олон хоногоор оршин сууж байгаа өрхийг хэлдэг байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.