НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Б:Энхтуяа: Монгол малын мах бол эмийн шинж чанартай сувилалын бүтээгдэхүүн

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
1 сарын өмнө /2020-06-19 15:40:47 GMT +8 / | 6349 удаа уншсан

Манай сонин энэ удаагийн “VIPerson” буландаа ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн  технологийн сургуулийн Биотехнологи, шим судлалын салбарын багш, Химийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Батсүхийн Энхтуяаг урилаа. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил, оюутан залуучуудыг сурган багшлах эрдмийн гүүр болсон ажилд амьдралынхаа 34 жилийг зориулсан энэхүү эрдэмтэн эмэгтэй 1982 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын мах, сүүний технологийн дээд сургуулийг технологич-инженер мэргэжлээр төгсжээ. 1995 онд “Хонь, үхэр, адууны булчин махны био хими-технологийн үндсэн төлөв” гэсэн сэдвээр Рh.D буюу тухайн үеийн нэршлээр дэд эрдэмтний зэргээ хамгаалжээ. Улмаар 2009 онд “Бэлчээрийн монгол малын махны биохими-технологийн судалгаа системийн шинж чанар” гэсэн сэдвээр Шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан байна. Малын буян, ашиг шимийг судалж байдаг энэ эрдэмтний яриа уншигч Түмэнд маань ойр танил, ойлгох ёстой чухал сэдэв болов уу гэж найдна.

-Та маш чухал судалгаа хийдэг эрдэмтэн судлаач хүн юм. Монголчууд мах их хэрэглэдэг байтлаа түүнийгээ бага судалсан юм шиг санагддаг. Та бэлчээрийн монгол малын махны судалгаа хийдэг. Манай бэлчээрийн малны махны гайхамшгийг сүүлийн үед их шагших болжээ. Өөр нутаг орны махнаас ялгарах гол онцлог нь юу байдаг юм бэ?
-Дэлхийн ямар ч орны хүн амын хамгийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүн бол мах юм. Маханд дургүй хүн гэж байдаггүй. Зарим оронд мах хүртээмжтэй, хүртээмжгүй байна, янз бүрийн шалтгаанаар их бага иддэг, иддэггүй ч байна. 
-Аан тийм үү? Жишээ нь цагаан хоолтон хүн угтаа маханд дуртай боловч өөрийгөө залаад, мах идэхгүй дадал зуршил үүсгээд идэхгүй байна гэсэн үг үү?
-Тийм. Тэд бол мах идэх хүслээ дарж чадаж байгаа нэг ёсондоо маш мундаг хүмүүс л дээ. Маханд дургүйдээ биш, идэж чадахгүйдээ биш. Шашин шүтлэгийн ёс, энэрэнгүйн үзэл гэх мэт шалтгаанаар махнаас татгалзсан хүмүүс. Амьтны амь таслахыг тэвчдэггүй, өөрөөсөө өөрийг хайрладаг гэгээрсэн ч гэдэг юм уу, тийм хүмүүс. Би бол тэгж бодож байна. Манай малын махыг магтах болсон нь Монгол малын мах бүрэлдэж бий болж байгаа орчин нөхцөл, арга барилтай холбоотой гэж боддог. Нийгэм судлаачдын дүгнэлтээр хүмүүсийн амьдралын түвшин нэмэгдэхээр махны хэрэглээ нь өсдөг гэсэн дүгнэлт байдаг юм билээ. Хамгийн том жишээ нь Хятад улс, зүүн өмнөд Азийн орнууд байна. Эд чинь урд нь гол төлөв будаа буурцагаа ногоогоор хачирлаад иддэг байлаа шүү дээ. 
-Хятадын Их үсрэлтийн бодлого, коммунчлалын үед (1958-1968 он) хүнс тэжээлийн маш гүнзгий хямралд орж хүмүүс навч ногоо, бүр модны холтос мэрэх хүртлээ амьдрал нь дордсон гэдэг. Нэг хятад професор “Тийм хүнс тэжээлийг оруулахаасаа гаргах нь маш хэцүү байлаа” гэж хошигнон ярьж байж билээ. Гэтэл сүүлийн 30 гаруй жил бидний нүдэн дээр энэ орон гайхалтай хөгжлийн үсрэлт хийлээ.
-Эдийн засаг нь тэлж өсөхөөр хүн амынх нь амжиргааны түвшин өндөр болоод мах иддэг болсон. Нөгөө хөгжингүй орнуудын иргэд бол махыг их хэрэглэдэг юм. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр махны хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Нийт хүмүүсийн амьдралын түвшин ч нэмэгдэж байна. Ийм учраас хүн амын хэрэгцээг хангахын тулд малаа эрчимсэн аргаар өсгөж байна. Энэ нь бага зай талбайд олон тооны малыг богино хугацаанд бордоод, тэжээгээд, өсөлтийг нь хурдасгах, тэжээл ашиглалтыг сайжруулахын тулд гормон, антибиотик нэмж өгөөд эрчимжсэн аргаар өсгөдөг гэсэн үг.
-Үүнээс манай малын мах шал өөр аргаар бий болж байгаа. Энэ хоёр махны ялгаа, мөн чанар, ач холбогдол нь юу байна вэ?
-Бэлчээрийн мал аж ахуйгаа хоцрогдсон гэж ярих гээд байдаг хүмүүс бий. Би үүнтэй санал нийлдэггүй. Одоо чинь сул талаа давуу тал болгож ашиглах хэрэгтэй. Манай одоогийн байдлыг жаахан тааруухнаар хэлэх юм бол бид малаа “Чи өөрөө яваад идэш тэжээлээ олж идээд тэгээд тараг тэвээрэг аваад ирэхээр бид чамайг эргэлтэнд оруулна аа” гэсэн маягтай хандаж байгаа шүү дээ.
-Хагас зэрлэгшсэн маягтай чинь харин тэр эко махыг бий болгож байгаа юм болов уу... Оройд хотолж ирэхээр саадаг.
-Бодит байдал дээр үнэхээр манай мал өөрөө зөнгөөрөө явж байгаад шахуу өсөж үрждэг. Бэлчээрлэж байгаад өөртөө аль хэрэгтэйгээ, аль шим тэжээлтэйг нь сонгож олж идээд явдаг.
-Хүн бидэнд ч гэсэн ямар нэг төрлийн хүнс тэжээл дутагдахаар жигтэйхэн тэр юм аа организм шаарддаг шүү дээ. Ааруул идмээр, айраг уумаар, чацаргана идмээр санагдаад байна ч гэдэг ч юм уу. Тэрийгээ бол манай мал зохицуулаад сонгож идээд байна гэсэн үг үү? Бүдүүлгээр төсөөлөхөд...
-Дутагдаад байгаа юм нь зарим хүнийг шүдэнзний толгой мэрэхэд ч хүргэдэг шүү дээ. (инээв.) Байнгын тэжээлтэй мал бол хэдхэн нэр төрлийн идэштэй байгаа. Овъёос, эрдэнэ шиш, шар буурцаг өөр юу байдаг юм өгөөд л тэжээж байгаа. Бэлчээрийн мал бол үүний дэргэд хамаагүй баялаг олон төрлийн өвс ургамал ногоогоор бүрдсэн идэштэй. Би Солонгос кино үндсэндээ үздэггүй. Харин “Жангүм” хааны тогооч бүсгүйн тухай киног харсан. Тэнд чинь нэг өвс барьчихаад л ийм юманд сайн, өөр нэг өвс ургамлыг нь тийм юманд сайн гэдэг. Хоол шингэц сайжруулна, цусны даралтыг тохируулна гээд... Үнэхээр бэлчээрийн өвс ургамал болгонд амьтны бие организмын чухал биологийн идэвхтэй бодис агуулагддаг.
-Энэ нь эцэстээ махны чанартаа нөлөөлж байна гэсэн үг юм аа?
-Өвс ургамал болгон өөр өөр байна гэдэг нь өөрийн гэсэн биологийн идэвихт бодисыг агуулж байгаа юм. Хөрс, ургамал судлаачид бол манай орны өвс ургамлын хүнс, тэжээлийн ач холбогдол, эмийн зүйл агуулсан, биологийн идэвхит бодис агуулсан гээд ангилчихсан байдаг юм билээ.
-Энийг тоймолбол ямар дүр зураг гарах бол?
-Монгол Улс маань 112 сая га бэлчээр нутагтай. Ийм бэлчээр нутагт маш баян ургамлын аймаг байдаг. Тухайлахын бол 128 овгийн 662 төрлийн 2823 зүйлийн цэцэгт дээд ургамал байна. 105 овгийн 288 төрлийн 1400 орчим зүйлийн замаг, 300 орчим зүйлийн хөвд байна гээд одоогийн байдлаар тогтоочихсон байна. Цаашилбал, 10 овгийн 15 төрлийн долоон зүйлийн шивэртэн хэлбэрт, нэг овгийн нэг төрлийн 556 зүйлийн спорт дээд ургамал байна гэх мэтчилэн тогтоожээ. Дээр нь 845 зүйлийн эмийн, 1000 гаруй зүйл тэжээлийн, 173 зүйл хүнсний, 64 зүйл техникийн, 195 зүйл төрөл бүрийн ач холбогдол бүхий ургамлуудаас л манай мал олж сонгож иддэг байна. Энэ ургамал дотор чинь витамин агуулдаг 150 төрлийн, эфирийн тостой 200 гаруй. Энэ чинь өнөө сайхан үнэртэй шүү дээ. Кумаринттай 65, алкалиодтой 281 гэх мэт. Энэ биологийн идэвхт бодис нь сэргээх, судасны хана тэлэх гэх мэт ач холбогдолтой спиртын төрлийн бодис. Флаваноидтой 232 гэх мэт. Эдгээр нь биологийн идэвхтэй, дэгдэмхий, үнэрт нэгдлүүд юм.  Биологийн идэвхт бодис хоёр талтай. Хэмжээ хязгаараасаа их идвэл ач тустай байна гэж байдаггүй. Хүн малын бие чинь хэмжээтэй сав. Багтаамжаараа л хүлээж авна.

 

Монгол мал 845 эмийн ургамал иддэг

 


-Аан, тэгвэл саримс сайн гээд л учиргүй идээд байж болохгүй нь байна шүү дээ.
-Толгойгоор нь идэх шаардлагагүй. Саримсинд агуулагдах аллицин нэгдэл бактерицид ба фунгицид чанартай. Гэхдээ л өдөрт ямар хэмжээтэй хэрэглэх вэ тэр хэмжээгээ л барих ёстой. Тэр хэмжээгээ л бие организм авна. Илүүг нь авахгүй шүү дээ. Бэлчээрт ч мөн идээлэгч бодистой 250 зүйл, будагтай 200 гаруй зүйл ургамал ургадаг.
-Энэ чинь юу гэсэн үг юм бол?
-Идээлэгч бодис, хүнсний будаг гаргаж авч ашиглах боломжтой ашигт ургамал.
-Хүнсний будаг хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой эд вэ?
-Өнгө оруулагч, чихэр амт оруулагч бол нэг их шаардлагатай биш л дээ. Гэхдээ үйлдвэрлэгчид түүхий эдээ боловсруулах явцад анхдагч шинж чанараа алддаг учраас өнгийг нь сэргээхийн тулд, бараа бүтээгдэхүүнээ өнгөлөг харагдуулахын тулд л хэрэглэдэг эд. 
-Бялуу энэ тэр алагласан гоё харагддаг чинь өнгө үзэмж талаасаа юм байна шүү дээ.
-Тийм тийм.
-Манай бэлчээрийн мал чинь маш тансаг идэштэй юм байна шүү гэж ойлгохоор юм...
-Мал маань ийм олон төрөл зүйлийн биологийн идэвт бодисууд хэрэглэж байна. Энэ бүхэн малын маань маханд агуулагдана аа л гэсэн үг. Эрчимжсэн мал аж ахуй нь идэш тэжээлтэй харьцуулах аргагүй.  
-Гэтэл Дэлхийн зах зээл дээр Австрали хонины махыг их эргэлтэнд оруулдаг юм байна гэж ойлгосон. Тэд бас газар нутаг томтой учраас бэлчээрийн мал аж ахуйтай юм байх даа...
-Би тэнд очиж үзээгүй. Бэлчээрийн мал аж ахуй байдаг байж магадгүй. Малдаа ийм тийм юм өгдөг гэсэн нарийн материалууд ховор байгаад байдаг юм. Гэхдээ миний нэг уншсан материалаас үзэхэд бэлчээрээ тарьж бэлддэг юм байна гэж ойлгосон. Таримал бэлчээрт бол ийм олон төрөл зүйл, овгийн ургамал тарьж чадах уу, үгүй юу. Хамгийн амархан ургадаг юм аа л тарих байлгүй дээ, бодвол.
-Тийм шүү. Ийм олон овог зүйлийн өвс ургамал иддэг манай малын махны чанар мундаг юм аа. Гэхдээ энэ махыг экспортлоход гадаад хэрэглэгчид нь хэн байх вэ? Хятадын нэг баян бизнесмэн “Би Монголоос махаа авч хэрэглэдэг” гэж ярьсан гэж дуулж байсан.
-Хүний амьдралын түвшин дээшлэхийн хэрээр чанартай хэрэглээг эрхэмлэдэг. Амьдралын чанар мөнгөнөөс гадна идэж байгаа юмны чанартай холбоотой болдог. Иймээс хөгжингүй орнуудын иргэдийн дунд органик, эко бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол хэрэгцээ нэмэгдэж байна. Органик бүтээгдэхүүний үнэ нь ердийн эрчижсэн аж ахуйн бүтээгдэхүүнтэй харьцуулахад 40-50 хувийн илүү үнэтэй байдаг. Ийм байхад сонирхогчдын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай юм билээ. Европын Холбооны улсуудад ялангуяа Герман, Италид ийм хүмүүсийн тоо жил тутам тогтмол нэмэгдсэн үзүүлэлт байна. Гэтэл энэ улсуудад органик аж ахуй эрхлэх газар нутгийн боломж хязгаармагдмал учраас органик бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортоор авдаг юм билээ. 
-Манайд энэ зах зээлд оролцох боломж бол байгаа юм биш үү? Үнэтэй сегментийн бүтээгдэхүүн үйлдэрлэх гэдэг нэр томъёо сүүлийн үед их яригдах боллоо шүү дээ.
-Тэр боломж манайд хадгалагдаж байгаа. Бид маш том зах зээлийн бүрэн хангаж чадахгүй. Хятадад манай мах экспортлогдлоо гэхэд бид өчүүхэн төдий хэрэгцээг хангана. Ёстой өнөө аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг юм болно. Бээжин гэхэд л хүн ам нь 22 сая шүү дээ. Гэтэл манай малын тоо юу билээ?!
-1990 оноос өмнө ЗХУ гэж байхад манайх тийшээ 6-7 сая толгой мал экспортлох гэж сүйд болдог байсан юм биш үү. Өөрсдийнхөө малаа өсгөх гэж зарим жил экспортоо багасгая гэж гуйж байсан юм билээ. Манай бүх малын махаар баншны мах бэлдэхэд Хятад Улсын нэг цагаан сарын баярыг давж барахгүй юм гэсэн шүү дээ. 
-Тийм л байх. (инээлдэв.) Ийм их хэрэгцээг хангаж чадахгүй учир энэ эко махаа бага багаар үнэ хүргэж зарах ёстой байхгүй юу. Чанартай, органик юм идмээр байна аа гээд байгаа хүмүүст нь хүргэх нь чухал. Энэ талын юм дутмаг л байгаад байна.

 

Эко махаа бага багаар үнэ хүргэж зарах ёстой

 


-Ийм үнэтэй мах болгохын тулд яах хэрэгтэй байдаг юм бол оо?
-Одоогийн нөхцөлд бид махаа экспортонд хүссэн хэмжээгээрээ гаргаж чадахгүй байгаа нэг гол шалтгаан нь малын өвчин гэдэг. Ийм ойлголт тогтчихоод байгаа юм. Гэтэл үүний цаана мөнгөний асуудал байдаг, эм тариан дээр нь ажиллах сонирхолтой  гэсэн цуу яриа ч юм уу, баталгаатай, нотолгоотой биш, хардаж таамгалсан яриа яригдаад байдаг юм билээ. Би малын эмч биш учраас сайн мэдэхгүй юм. Гэхдээ Монголын мал толгой дараалан өвчлөөгүй л байх л даа. Тэгэхээр Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад асуудлаа зөв тавьж, ойлгуулж, зөв шийдвэр гаргах тал дээр анхаарлаа хандуулах ёстой юм шиг байгаа юм. Казахстан хавийн зарим улс манай энэ энэ бүс нутгаас малын өвчин гардаггүй юм гэж судлуулаад малын махаа экспортлодог болсон гэсэн судалгааны дүнг харж байсан. Миний бас нэг бодол бий. Экспортонд малаа хэмжээ хязгааргүй гаргаж малчдаа мөнгөтэй болгомоор байна гээд зарим хүмүүс яриад байгаа юм. Хэмжээ хязгаар тогтоохгүй бол малгүй ч болж мэднэ. Иймд бага хэмжээгээр үнэтэй гаргах замыг л эрж хайх хэрэгтэй. 
-Жилд З0 сая мал хойд урд хөрш рүү гаргахад манайд юм үлдэх үү? Нээрэн. Гэтэл тэдний хувьд энэ чинь ёстой нээрээ аманд ч үгүй хамарт ч үгүй эд. 3.3 сая хүний маань дотоодын хэрэгцээ гэж бас шаггүй юм байгаа.
-Тийм шүү.
-Монголын бэлчээрийн малын махны судалгаа хийгээд Та хэдэн жил болж байна вэ?
-1982 онд Москвагийн мах, сүүний технологийн дээд сургуулийг инженер-технологч мэргэжлээр төгсөж ирсэн юм. Дөрвөн жил Мах консервын комбинатад ажилласан. Тэгээд яамны томилолтоор 1986 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн дэргэдэх Хүнсний үйлдвэрийн туршлага, шинжилгээний төвд ажилд орсноор энэ судалгааны ажилтайгаа өдийг болтол холбогдож явна. 
-Таны 34 жилийн энэ судалгааны үр дүн юу болж нийгэм, хүмүүст хүрээсэй гэж хүсдэг вэ?
-Намайг тэнд очсоны дараахан Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээний институт гэж манай төв тусдаа гарсан юм. Тэнд секторын эрхлэгч Цэвээний Дуламжав гэдэг мундаг эмэгтэйтэй хувь заяаны эрхээр уулзснаа би билэгшээдэг юм. Тэр хүн “Бэлчээрийн маллагаатай малын махны химийн найрлага, нядалгааны дараа явагдах физикийн үзэгдлийг судалж, махны амин ба тосны хүчлийн бүрдлийг тодорхойлох” сэдэвт ажлыг гүйцэтгэх арга зүйг гаргачихсан төсөл хэрэгжүүлнэ гэж байсан юм. Тэгж байтал Дуламжав гуай нөхөртэйгээ хамт Эдийн засгаар харилцан туслалцах зөвлөлд ажиллахаар  Москвад амьдрахаар явсан. Би энэ ажлыг нь авч үлдсэн юм. Би үйлдвэрт практик дээр ажиллаж байсан учраас эрдэм шинжилгээний ажлаас төсөө хүн байлаа шүү дээ. Энэ ажлын маш сайн арга зүй нь байсан учраас сайн удирдагч нартай судалгааны ажлаа үргэлжлүүлсэн. Хүнсний институтын захирал Гончигийн Гомбо гэж түшигтэй, эрдмийн ажил дэмждэг тулхтай хүн байсан. Сүүний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн. Дөрвөн жилийн дараа 1990 онд би уг төслийн ажлыг дуусгаж, тайлан бичсэн. Олон эрдэмтэн мэргэдийн хүч хөдөлмөр, оюун бодол шингэсэн ажил болсон доо. Энэ төслийн хүрээнд Химийн хүрээлэнтэй хамтарч ажилласан. Манай институтийн биохимийн лаборатори оролцсон. Эрдэс бодисын шинжилгээн дээр МУИС оролцсон. юм байгаа юм. Химийн хүрээлэнгий захирал, доктор Д. Бадгаа гуай,  дэд эрдэмтэн С. Дэлэг нар ажлын удирдагчаар ажиллаж, их хувь нэмрээ оруулсан. Тэгээд энэ тайлан дээрээ суурилж эрдмийн ажлаа бичсэн.
-Дэлэг гуай өнөө зах зээлд шилжих үед “Махимпекс”-ийн захирал байсан Дэлэг гуай юу?
-Тийм тийм. Санжмятавийн Дэлэг гуай. Онол практикийн өргөн мэдлэгтэй хүн шүү дээ. Химийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч Дүгэрийн Рэгдэл гэж ажилд оролцсон. Одоо ШУА-ийн Ерөнхийлөгч шүү дээ. Ийм мундаг хүмүүсийн зөвөлгөө, зөвлөмж, нөмөр нөөлөг, удирдлагын ач тусаар монгол малын махны чанарын судалгааны анхны том ажлыг гүйцэтгэхэд оролцож, дараа нь эрдмийн зэрэг цолтой болсон. Би одоо өөрийгөө дөвийлгөж боддог юм шүү дээ. (инээв.) Энэ олон хүний оролцоотой хийсэн миний ажлын үр дүн нилээн олон хүний чихэнд хүрчээ. Монгол махын мал ийм чанартай гэх ойлголт төлөвшихөд  миний хувь нэмэр оржээ гэж боддог юм. (инээв.)  1995 онд Рэгдэл багш, Дэлэг багш нар удирдаж миний одоогийн бол доктор пи эйч ди буюу тэр үеийн дэд эрдэмтний зэргийг минь хамгаалуулж байсан юм.
-Монгол малын махны онцлогийг гаргасны үр дүн их л юм байна даа гэж бодогдлоо.
-Бид нар юу хэрэглэж байна вэ гэдгээ мэдэж авч байна. Энэ хэрэглээ маань үнэтэй, чанартай байгаа юм. Бид үндсэндээ зохицуулах үйлчилгээтэй сувиллын бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энэ судалгааны үр дүнг ашиглаад цааш нь хэрхэн үнэд хүргэж эргэлтэнд оруулах нь үйлдвэрлэгч, бизнес хүмүүсийн ажил. . 
-Тэр том давуу талын онол судалгааны бааз суурь ажлыг Та гүйцэтгэсэн байна гэж үзэхээр юм.
-Сүүлийн үед зохицуулах үйлчилгээтэй хүнс хэрэглэх, дараа нь сувиллын чанартай хүнс хэрэглэх гэж яриад байгаа шүү дээ. Манай бэлчээрийн малын мах байгаагаараа л зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн юм гэдэг нь тогтоогдсон.
-Таны шинжлэх ухааны докторын ажлын тань нэг зөвлөх нь Рэгдэл гуай, нөгөөх нь Лхагва эрдэмтэн юм байна. Германд доктороо хамгаалсан Лхагва гуай юу?
-Мөн мөн. Хүнсний технологич, Архангайн хүн шүү дээ. Энэ хүн мах иддэггүй ёстой өнөө гэгээрсэн хүн гэдэг нь байх гэж би боддог юм. Манай сургуулийн багш байсан. Цагаан сарын цугларалтаар бид цуглаад байхад сүүтэй цай өгсөн амсаад тавьчихлаа. Та цай уухгүй юм уу гэсэн чинь сүүнээс татгалзаж байгаа гэдэг юм. Манай Архангайн сарлагийн өрөм, сүү цагаан идээний сайхныг би дэндүү сайн мэднэ. Гэхдээ сайхан болгоныг хүсэх, сайхан юманд шунах дэмий юм байна гэдэг байгаа. Урд нь мах идэхээ болих үед би бас асуусан юм. тэгэхэд: “Би бол адуу, тарваганы маханд хичнээн дуртай гээч. Сонсонгуут ёстой өнөө арааны шүлс гоожино гэдэг болдог юм” гэж хэлж байж билээ. Тэгэхээр маханд дургүй биш бүр дуртай байгаа биз?! Би ийм юманд дуртай гэж их шунаж хүсэх дэмий л юм байгаа байхгүй юу. Лхагва багшийн зөв хооллох, хязгаартай хооллох тухай ярьдаг юмнууд нь үнэхээр үнэн. Ийм хүмүүс л гэгээрдэг хэрэг гэж би дотроо бодоод байгаа юм. Ер нь том утгаараа шунал хүслээ хязгаарлаж чадахгүй, түүндээ автсанаас болоод олон муу үйл газар аваад байна уу даа гэж боддог юм. Идэхийн тухайд ч адил. Монголчууд их ухаантай ард түмэн байжээ. “Их идэхийн ид шидийг хойд хормой үзнэ” гэж хэлдэг байсан.
-Зохисгүй хооллохын олиггүйг хэлж байна тийм ээ. Гоё хэлж байгаа юм шүү.
-Их идэшний ид шид байхгүй. XIII зууны Монголчуудын хүчирхэг, сүрхий байсныг Лхагва багш бас өнөө хооллолттой холбож их зөв ярьдаг. Тэр үед хоолны зохицуулалтыг зөв хийдэг байжээ. Биднийг бага байхад ч илүүдэл жинтэй хүмүүс маш ховор байсан шүү дээ. Одоо хэвийн жинтэй хүн ховордчихоод байгаа нь идэж ууж байгаа, амьдралын хэв маягтай л холбоотой.
-Одоо нэг ноцтой юмны талаар ярья. Манайхан мал нядалгааны үеэр дотор мах гэдэг юм уу, дайвар, дагавар мах гэж нэрлэдэг ч юм уу бүү мэд. Тэр малын гэдэс дотроо жалга судагт овоолоод хаячихсан байх юм. Дэндүү, арай ч дээ гэмээр юм. Дотор махны ач холбогдлын талаар уншигчдад ойлгуулж өгөөч?
-Юу гэж хэлэх вэ, Монгол хүн хүнээ байчихаад л байгаа юм. Миний сэтгэл өвдөж явдаг нэг зүйл бол энэ юм. Малыг төхөөрөхөд гуравны хоёр нь дайвар түүхий эд байдаг юм.
-Бүр 66 хувь нь дайвар түүхий эд байх нь байна шүү дээ. Тэр их нөөцөө хог шаар болгож хаяад байдаг. Юу гэж ч хэлэх вэ дээ...
-Тэр дайвар түүхий эд доторх хүнсний зориулалтаар ашиглах хэсгийг нь дотор мах гэнэ. Техник, тэжээлийн зориулалттайгаар ашиглаж болно. Хаях юм ерөөсөө байхгүй.
-Гүзээнд байгаа сэвсийг ч хаях ёсгүй гэж үү?
-Махимпекс нэртэй болчихоод байгаа 1990 оноос өмнөх Мах консервийн комбинат чинь малыг төхөөрөөд иж бүрэн боловсруулах комбинат байсан юм. 
-Германы технологоор тийм үү?
-Хамгийн анх энэ үйлдвэрийг чинь 1945 онд ч бил үү, хөөрхий оросууд барьж өгсөн юм. Дараа нь германы технологи оруулж шинэчилсэн. Мах консервийн комбинатад малыг төхөөрөөд эвэр туурайгаар нь бэлэг дурсгалын зүйл хийж болохоор, тийм юм хийж болохгүйгээр нь эвэр туурайны тэжээлийн гурил хийнэ.  Арьсыг нь сайхан халимлаж давслаад арьс ширний үйлдвэрт тушаана. Өлөн гэдэс экспортын бүтээгдэхүүн. Эсвэл хиам зайдасныхаа хальсийг хийнэ. Махаар нь бүтээгдэхүүн хийнэ. Дотор мах, цусаар нь дотор махан хиам, цусан хиам хийнэ. Юуг нь ч хаяхгүй. Гүзээний царцаамаг хийнэ. Тэр үед чинь “Оюутны хиам” гэж хүртэл нэр томъёо гарчихсан байсан шүү дээ. 
-Гоё л хиам байсан шүү дээ. Одоо тийм хиам чинь ховор ч учиргүй үнэтэй байх юм. Ховрын юм болоод тэгдэг юм уу...
-Сэвсийг нь хатаагаад сэвсний гурил хийгээд малын тэжээлд өгнө. Бордоонд хийж болно. Төхөөрсөн малаас  гарах бүх зүйлийг чиглэл чиглэлээр нь боловсруулж ашигладаг байлаа. Нэгдсэн мал, мах бэлтгэлийн бодлого байхгүй, тэр системээ устагчихсан учраас дайвар бүтээгдхүүн ингэж хэлмэгдэж байгаа юм. Буцаагаад энэ системээ өнөө үеийнхээ нөхцөл байдалд тохируулаад сэргээхгүй юм. Ямар учиртай юм, бүү мэд. Дотор мах чинь тураг махнаасаа илүү биологийн идэхт бодисоор баялаг бүтээгдхүүн шүү дээ. 
-Хөгжингүй орнуудад чинь дотор махан хоол, тэжээл, бүтээгдэхүүнийг чинь өндөр үнэтэй байдаг гэж дуулсан.
-Харин тийм. Энд нэг судалгааны дүнгээс харуулья л даа.  Энэ элэг байна. 75 хувийн чийгтэй. Тураг махтай адил. Элэг 17 хувийн уурагтай. Тураг махных 18-20 хувь. Уушиг гэхэд 80 хувийн чийгтэй.14 хувийн уурагтай. Зүрх, бөөрөнд арай хүрэхгүй. Элэгний уураг бол тураг махных шиг төгс уураг. Төгс уураг гэдгийг тайлбарлая. Хүний бие идсэн зүйлдээ агуулагдаж байгаа уургийг жижиг хэсгүүдэд задалж, түүнээсээ буцаагаад аминхүчил гэх бүтцийн нэгж бий болгодог. Өөрийн  биеийн аль хэсэгт уураг шаардлагатай байна, тэр уургуудыг бий болгоход аминхүчлийг ашигладаг. Гэхдээ шинэ уураг нийлэгжүүлэхэд 21 аминхүчил шаардлагатай. Хүний бие найман аминхүчлийг бий болгож чадахгүй, гаднаас хоол хүнсээр бэлнээр авч хэрэглэх ёстой. Энэ найман аминхүчлийг “үл орлогдох аминхүчил” гэх бөгөөд эдгээрийг бүгдийг нь хангалттай хэмжээгээр агуулсан уургийг төгс уураг гэдэг.
-Өөр бүтээгдэхүүнд байдаггүй хэрэг үү? 
-Ургамал ногоо будаанд байхгүй. Мах, сүү, өндгөнд л байна. Малын гаралтай бүтээгдэхүүнд байна. 
-Цагаан хоол иддэг хүмүүсийг Монголын эрс тэрс уур амьсгалд зохицохгүй гэж ярьдаг даа. Зарим нь өвдлөө барилаа гэдэг. Тэд чинь төгс уургийн дутагдалд ордог юм биш үү?
-Магадгүй л байх. Тэд төгс уургийнхаа хэрэгцээг яаж хангаж байна. Мэргэжлийн хүнээс зөвлөлгөө аваад хангаж байвал өөр хэрэг. Тэгэхгүй байгаа бол уургийн дутагдалд орно. Төгс уураггүйгээр энэ хүний биенд уураг өөрөө бий болохгүй шүү дээ. Арьс, булчин эд, үс, хумс уурагнаас тогтоно. Дотор эрхтнүүд маань ялгаагүй. Төгс уураг ийм чухал. Гэтэл элэг, зүрх, бөөр, дэлүү зэргийн уураг бол төгс уураг. Уушиг, гүзээ, ходоод, сархинаг, олгой зэрэг дотор махны уурагт триптофан гэх үл орлогдох аминхүчил арай бага байдаг учраас төгс биш уурагтай гэж үздэг. Гэхдээ эдгээр  дотор маханд холбоос эдийн коллаген уураг их хэмжээтэй агуулагддаг учраас ялангуяа үе мөчний эрүүл мэндэд маш тустай.  
-Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн Танд их баярлалаа. Мэргэжлтэн судлаач хүний хувьд мал, малын бүтээгдхүүнтэй холбоотойгоор манай уншигч Түмэнд хэлэх, сануулах зүйл байвал хэлээч гэж Таниас чухалчлан хүсч байна.
-Малаа хайрлая. Малын амийг тасалсан бол тураг махнаас гадна идэж болох бүх зүйлийг нь боловсруулж иддэг байсан сайхан уламжлалаа сэргээе. Мах, дотор мах нь хүний биед амин чухал биологийн идэвхит олон нэгдлийн агууламж өндөртэй үнэт бүтээгдэхүүн. Өнөө цагт хүн амын аж төрөх байдал өөрчлөгдөж, илч зарцуулалт багассан, мөн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олширсон учраас махыг хоолонд амтлах маягаар  бага хэмжээтэй хэрэглэх нь хангалттай хэмээн судлаачид зөвлөж буйг дамжуулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.