НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Эрхэмсэг амьдрахуй уламжлалаас эхтэй

Х.Бүрэнтогтох     Нийтлэгч
9 өдрийн өмнө /2020-09-10 15:04:16 GMT +8 / | 391 удаа уншсан

Урлаг судлалын доктор, дэд профессор Циен-Ойдовын Батсайхан. Манай өнөөдрийн “VIPerson”-ны зочин. ОХУ-ын Иваново хотын Нэхмэлийн академийг “Нэхмэл эдлэлийн дизайн” мэргэжлээр төгсөж улмаар Москва хотын Дизайн технологийн их сургуульд (Ph.D.) докторын зэргээ хамгаалсан. Эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын дэд профессор. Энэ удаагийн  Ц. Батсайхантай хийсэн ярилцлага маань голлож  урлаг судлалын доктор, судлаач хүний ярилцлага гэдэг талаас болсон гэдгийг Уншигч Танд хэлье.

 

-Ярилцлагын эхэнд тодруулахад Та овгоо яагаад Циен-Ойдов гэж хэлж бичүүлэв? Уг нь Цэен-Ойдов гэдэг дээ.

-Манайх Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын айл. Тэр үед миний төрсний гэрчилгээг бичсэн хүн тэгж өөрөөр биччихсэн юм билээ. Миний аав сумын сургуулийнхаа зураг хөдөлмөрийн багш байсан. 26 насандаа социализмын үеийн Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн дүрслэх урлагийн сурах бичгийг зохиолцож байсан гэхээр надад их бахархалтай байдаг юм. Би ааваасаа эрт өнчирсөн хүн.
 

-Таны шавь нар одоо гол төлөв хаана ажиллаж байна. Мэргэжлийг тань тодруулах үүднээс асууж байна л даа.

-“Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс” мөн “Говь”, “Гоёо”, “Эвсэг” гээд сүлжмэл, нэхмэлиийн үйлдвэрүүдэд олон шавь нар минь нэр төртэй ажиллаж байна даа. Энэ үйлдвэрүүдийн загвар дизайны чиглэлд ажилладаг гол хүмүүс болсон. Олон үйлдвэрээс яг таны гарын шавийг л ажилд авмаар байна гээд ярина. 2001 оноос хойш багшилж байгаа учир шавь нар энд тэндгүй бий. Миний шавь нар дотроос “Уужин”, “Т back”, “Арми” гэх мэт брэндийг үүсгэж дотоод гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг дизайнерууд бас байна. 
 

-Торгон мэдрэмжтэй, уран гартай шавь нар. Та чинь “Монголын ширдэг, хивсний дизайн”-аар эрдмийн зэрэг цолоо хамгаалжээ. Сонин байна.

-Аа тийм. Багш хүнд шавь нараараа бахархах шиг эрхэм зүйл үгүй. Миний шавь нараас уран сэтгэлгээтэй, хөдөлмөрч залуус олон бий. Ширмэл ширдэг, ер нь эсгий ширмэл урлаг Төв Азийн нүүдэлчдээс хүн төрөлхтний урлахуйн санд оруулсан онцлог төрөл зүйлийн нэг. Гэхдээ бид аливаа зүйлийг хоосон төсөөлөл, уран үгээр магтаад байх биш шинжлэх ухаанаар нотолж байж л бусдад ярих хэрэгтэй л дээ. Ширмэл ширдгийн талаар Л.Батчулуун доктор тэгээд би судалсан байх. Хүмүүс их асуудаг л даа та хоёрын судалгаа юугаараа ялгаатай вэ? гэж. Шинжлэх ухааны зүй тогтлоор бол бидний дараагийн судлаач Л.Батчулуун багш бид хоёрын судалгааг харьцуулж дүгнэлт гаргавал оновчтой болдог. Л.Батчулуун гуай соёл судлалын хандлагаар голлон судалсан. Миний судалгааны хувьд товчхондоо түүх, соёлын эх сурвалжуудыг олон улсын судалгааны түвшинд тодотгож, хөгжлийн хувьслыг системчлэн, зохиомж, хээ дүрсийн ангиллыг гаргасан гэх мэт ялгаа байгаа байх. Ширмэл ширдэг ханат гэрт зориулсан хивсний онцлог төрөл гэдгийг нилээд үндэслэлээр баталж дэвшүүлсэн. Одоо эсгий ширмэл урлагийг дахиад хэд хэдэн хүн судлах орон зай бий. Анх ширмэлийн тухай судалгаа хийж байгаа гэхээр шоолох нь холгүй байлаа. Гэхдээ би ач буяныг нь их хүртэж байнаа. Тухайн үедээ германы LAP компани миний судалгааны зохиогчийн эрхийг сонирхон санал ирүүлж, 2016 онд Москвад “Монгольские ковры” монографи маань хэвлэгдэж, олон улсын хэд хэдэн хуралд уригдаж гээд олон үйл явдал бий. Судалгааны онолын үр дүн сайн болж хэд хэдэн чухал дүгнэлт гарсан. Үүндээ үндэслэн дизайнер хүний хувьд ширмэл ширдгийн сонгодог хэлбэрийг урлагийн түвшинд биет ажил болгож хийхээр зорьж БСШУС-ын яамны дэмжлэгтэйгээр 5 жил орчим нилээд ширдэг ширлээ. Сонгодог хэлбэрээр нь гоё хийгээд ирэхлээр урлах, хэрэглэх хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд их нэмэгдэж байгаа нь ажиглагддаг. Олон улсын гар урлалын 2 фестивальд оролцож хоёулангаас нь шагнал хүртлээ. Энэ гэхдээ миний сайных биш л дээ, нүүдэлчдийн урлахуй гэдэг чинь хүн төрөлхтөнд дөнгөж үүцээ задалж байгаа шинэ содон хосгүй урлагийн шинж. Шинжлэх ухаанаар нотлоод хөгжүүлбэл бидэнд ийм баялаг их бий. 2013 онд эрдмийн зэргээ хамгаалчлаа гээд орхилгүй, тасралтгүй хөдөлмөрлөсөн. 10 гаруй илтгэл өгүүлэл дотоод гадаадад хэлэлцүүллээ. За бараг ихэнх нь гадаадад байх даа. Хэд хэдэн телевизүүдтэй хамтарч нэвтрүүлгүүд хийж олны хүртээл болгосон. За би ч ширмэлийн тухай “дуусашгүй яриа”-тай хүн шүү. 
 

-Ахуйн хэрэгцээнд ширмэл ширдэг нүдний гэм гэдэг шиг үзэгдэх юм. Уг нь манай уламжлалт гол нэр төрлийн бүтээгдхүүн дээ.

-Харин тийм. ХХ зууны дунд үеэс хэрэглэх нь багассан. ХХI зуун гэхэд ойшоохгүй талдаа орсон байсан. Судалгаагаар нүүдэлчин Монголчууд ширмэл ширдгийг өнө эртнээс хэрэглэсэн уугуул эзэмшигч гэдгийг баталгаажуулсан. 
 

-Бусад улс үндэстнээс түрүүлж бий болгосон гэсэн үг үү?
 

-Урд хойно гэдэг цаг хугацааны асуудал бол тусдаа. Эсгий ширмэл ширдэг зөвхөн монгол туургатнуудад өвлөгдөн хэрэглэгдсэн гэдгээс гадна ширмэл ширдэг дүр дүрслэлээ зөвхөн хосмолжин буюу параллель зураасаар илэрхийлдэг гэсэн нэг гол дүгнэлт бий. Энэ дүгнэлтэн дээр гадаадын урлаг судлаачид их анхааралтай бөгөөд алгаа ташиж ханддаг шүү. Ширмэлийн тасарсан цэгэн зураас бол орчин үеийн арт графикийн төрөл байж болохоор гэдэг ч юм уу олон зүйлээс харахад монголчуудын үнэт, хосгүй өв гэдэг нь харагдана. Одоо даяаршлал гээд ирэхээр улс гүрнүүд соёлын өвийг өмчлөх уралдаан, өрсөлдөөн бий болгоод байна шүү дээ. Эсгий ширмэл ширдэг гэдэг утгаараа Дэлхийн хамгийн эртний олдвор манай нутгаас олдсон. Хүннүгийн тэр хивсийг чинь зээгт эсгий ширмэл гэж үзэж байгаа. Тэгэхээр нүүдэлчин Монголчуудын өвөг дээдэс энэ бүх өвийг, эсгий ширдгийн төрлийг бий болгожээ. Одоо чинь хүмүүс намайг “өнөө ширмэл ярьдаг Батсайхан уу” гэх хэмжээнд л байгаа шүү дээ (инээлдэв). Аливаа уламжлалт урлагийг хөгжүүлэхийн тулд онолын зөв гаргалгаа хийх ёстой. Сонгодог хэлбэрийг нь онолын болон биет байдлаар тогтоосны дараа эдүгээчлэх ёстой. Уламжлал тэгж байж амьдарч, хөгжинө. 
 

-Аливаа улс үндэстний хөгжил тухайн ард түмний зан заншил, дадал зуршил, байгаль цаг уур, сэтгэлгээний онцлогтоо суурилж хөгждөг гэж эрдэмтэн мэргэд ярьдаг. Өөр үндэстний юмыг идээшлүүлэхгүй, нутагшуулахгүй бол хиймэл хийсвэр байдаг гэх нь бий. Тэгэхээр Таны тэр онолыг нь эдүгээчлэх гэдэг санаа их таалагдаж байна. Жишээ нь, бид ширмэл ширдгийг Перс хивс шиг алдаршуулж чадах уу? Зөв үү?

-Зөв, зөв. Хүний хэрэгцээ гэдэг материаллаг, оюунлаг гээд бий шүү дээ. Сүүлийн үед хүмүүс материаллаг хэрэгцээндээ түлхүү хөтлөгдөөд явж байна. Оюунлаг хэрэгцээ нь уг нь тэр материаллаг хэрэгцээтэйгээ адилхан зүйл байдаг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүн дээр, жишээлбэл, ширмэл ширдэг хүний функциональ хэрэгцээг хангаад давхар оюун санааны хэрэглээг хангаж, энэ хоёр хоршихоороо үнэт зүйлтэй болдог. Перс хивс эртнээс уламжилсан үнэт зүйлээ хадгалж чаддаг. Нүүдэлчин ахуйд хэрэглэж байсан ширдгийг орчин үеийн нөхцөлд хэрхэн сайжруулж хэрэглэх вэ гэдгээ бид эхэлж бодох ёстой. Түүхэн болон урлагийн үнэт зүйлс нь хангалттай байгаа гэдгийг бид ярилцсан, соёлын буюу бэлгэдэл гэх мэт зүйлсийг сэргээж болно. Монгол хонины ноос чинь бүдүүн ширхэгтэй, хялгас ихтэй. Гэхдээ энэ бол давагдашгүй бэрхшээл биш. Орчин үеийн техник технологийн дэвшил, жишээлбэл нано технологийг ашиглаж ширмэл ширдгийг сайжруулж болох санаа бий. Тэгвэл хэний хэнбугайн ч шаардлагыг хангана. Нөгөө талаар ширмэл ширдэг аль ч төрөл, стилийн интерьерт зохицох чадвартай. Ширмэл ширж байгаа хүмүүст эсгийг нэвт хатгаж оёх болгон ширмэл биш юм гэж би хааяа хэлдэг. Буруу хийгээд ирвэл эсгий ширдгийн нэр хүнд унана. Нэр хүнд унавал цааш хөгжихөд бэршээлтэй болно. 

-Одоо гол хэрэглэгчид нь ямар хүмүүс байна?

-Одоогоор ардын урлалын төрөл гэх маягтай сэргэж байна. Орон сууцны айлууд хөдөөний айлаас илүү хэрэглэх болсон. Маш цөөн элит хэрэглэгч байна. Дээр дурьдсан дэвшлийг бий болговол тэдний тоо өснө. Миний бодлоор монгол хүний бие организм байгаллаг хэрэглээг их үгүйлдэг байх. Хулдаасан шал, плитан шал ихсэх тусам монгол хүний хоолой бөөр өвдөмтгий ч болдог юм уу. Эсгий ширдэг эх болсон байгалийг орлох чадвартай шүү. Монгол орон чинь эрс тэрс уур амьсгалтай. Өдөр +10 байж байгаад шөнө нь -10 градус болох ч тохиолдол бий. Хөрсөн дээрээ цочир хүйтэрдэг. Иймэрхүү байгалийн нөхцөлд дороос жиндэж даарах юм байхгүй. 

-Хөдөө гадаа явах, аян замд хэрэглэвэл их тохиромжтой юм байна шүү дээ. Бренд бүтээгдхүүн төрөх ч магадгүй юм байна даа.

-Манай гэрийнхэн бол хөдөө гадаа, дасгал хөдөлгөөн гээд бүх л үед хэрэглэж байна. Түрүүн хэллээ ш дээ. Нано технологи ашиглах тухай, тэгэх юм бол орчин үеийн ямар ч нөхцөлд хаана ч хэн ч хэрэглэж болно. Малчин айлд байгаа ширдэг дээрээ технологийн дэвшил гаргана гэсэн үг. Хялгас унаддагүй, цэвэрлэхэд хялбар болгох хэрэгтэй. 

-Гадаадын хүмүүс аль зэрэг сонирхох юм?

-Хувь хүмүүс, урлаг судлаачид бол их сонирхоно. Худалдааны бүтээгдэхүүн болгох бол өөр асуудал. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах зорилготой Европын холбооноос CBI гэдэг төсөл 2016-2017 онуудад хэрэгжиж түүнд манай ШУТИС-ийн багш нар голлох үүрэгтэй байсан юм. Би тэр төсөлд оролцохдоо нилээд зүйл сурч бас ухаарсан. Тэр үед европын экспертүүд их сонирхсон. Гэхдээ 3 шаардлага тавьж байсан. 

-Перс хивс гэж учиргүй үнэтэй юм байх юм. Онцлог нь юунд байдаг юм бэ?

-Персүүд үслэг хивсийг гаргасан уугуул ард түмэн. Хивс дээр үеэсээ л үнэтэй эдлэл байсан. Тэд уугуул урлагийнхаа нэр хүнд, үнэт зүйлийг алдахгүйгээр хөгжүүлээд ирсэн. Чанарыг мөн өндөр түвшинд барьдаг. Өнөөдөр монгол, хятад хүн перс хивсний түвшинд хүрсэн ур хийцтэй, технологитой хивс хийе гэвэл чадах боловч тэдний үнээр зарж чадахгүй. 

-Өөрөөр хэлбэл брэнд болгож чадаж. Хэрвээ бид ширмэл ширдгээ перс хивсний дайтай хөгжүүлж авч ирсэн бол брэнд болох байжээ.

-Жишээ нь перс хивсний ноосыг химийн будгаар будахгүй ч гэдэг юм уу, тогтсон технологоо бариад брэнд бүтээгдэхүүн болж байх жишээтэй. Баттай баримтаар Хүннү болон 7-8 зууны үед эсгий ширдэг Хятад, Японд маш нэр хүндтэй, хааны түвшний бэлэг болдог байсан. Нэр хүндийн асуудал. Ер нь бол бид гадны соёлоос аваагүй өөрсдөө бий болгосон язгуур хэлбэрийн урлалуудаа судлах нь чухал юм. Тэндээс бид брэнд бүтээгдэхүүн төрүүлэхэд оройтойгүй байна. 

-Таныг монголчуудын язгуурын урлахуйн тухай судалгаа хийж байгаа гэж сонссон юм байна.

-2014 оноос энэ чиглэлийн судалгаа хийж байна. Та бидний ярилцсан ширмэл урлал үүний нэг нь. Бид өөрсдийн язгуурын урлахуйгаа Дэлхийд таниулахын тулд шинжлэх ухаанч судалгаа хэрэгтэй. Гайхуулах түвшинд биш онол, арга зүйтэй нотолгоон дээр үндэслэн таниулахгүй бол дэлхийн доог болно. Төв Азийн нүүдэлчдээс, өвөг монголчуудаас үүдэн бүтээсэн өөр нэг үнэт урлахуй бол эмээл юм. ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн багш, О.Хишигбат хэмээх докторант шавьтайгаа эртний эмээлийн судалгаа хийгээд дуусч байна. Тэр маань удахгүй эрдмийн зэргээ хамгаалах байх. Эмээл хүн төрөлхтний хөгжих түүхэнд маш их үүрэг гүйцэтгэсэн учраас олон улсын судлаачдын анхаарлын төвд байдаг. Өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэнд хүрээгүй байсан. Бидний судалгаа хамгийн сүүлийн үеийн баримтаар өвөг монголчууд эмээлийг бий болгожээ гэдгийг баталж байна. Хэрвээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж чадвал үүнийг дагасан олон үр дүнгүүдийг гаргаж болно. Инноваци болгож болно. Түүнээ дагаад бизнес явагдана. Солонгосчууд чинь Жан Гүм гээд 100 ангит кино үзүүлж байгаад араас нь кимчигээ зарчихаж байгаа биз?! Хоолныхоо ашиг тусыг шинжлэх ухааны үндэстэй гээд киногоороо баталгаажуучихаж байгаа юм. Бид үндэснийхээ урлагийг өөр хоорондоо ярьж байгаа шигээ түвшинд харах хэрэггүй юм. Дэлхийн зүгээс харах хэрэгтэй. Бид заавал Европынхон судалсны дараа судалж байх албагүй шүү дээ. Ширмэл ширдэг, эмээл гээд эхэлж байна цаашид үргэлжлэх судлагдахуунууд зөндөө бий.

-Нээрэн Спартак зайдан морьтой чавхдаж яваа зураг, Македоны Александр Төв Азийг дөрөөгүй туусан гэж яригддаг шүү. Энэ бол яах аргагүй талын малчдын морин дэл дээр төрсөн ухаан юм.

-Атилла хаан чинь европт очихдоо дөрөөтэй эмээл тохсон морьтой байсан нь гол давуу тал болсон байж мэднэ. Дөрөөн дээрээ босож байгаад харвана гэдэг чинь онч, тусгал, хүч гээд давуу талуудыг үүсгэнэ. Тэгээд л “Тэнгэрийн ташуур” нэрээ авсан байж болно. Эмээл тухайн үедээ харилцаа холбоонд их нөлөөлсөн. Хятадуудын мэддэггүй байсан юмыг Европоос авчирдаг ч юм уу. Эсвэл эсэргээрээ солилцоо явахад их нөлөөсөн. Гадаадынхан яг үүнийг Төв Азийн өвөг монголчууд анх бүтээсэн юм гэж хэлэхгүй шүү. Баримт байсан ч гэсэн энэ тал дээр хойрго.

-Тийм учраас Төв Азийн нүүдэлчдийн язгуур урлахуйг Монголчууд бид ач холбогдол өгч судлахаас өөр аргагүй хэрэг ээ.

-2010 онд Москвад очоод судалгаагаа эхлээд өнөөхдөө дурлаад, донтоод ирсэн (инээв). Гадныхан өөрсдийн соёлын өвөө шинжлэх ухаанчаар нотлоод гаргаад ирчихсэн байхад бид яагаад ингээгүй хэрэг вэ гэсэн ухаарал төрсөн юм. Их эрдэмтэн Лев Гумилёв, Төв Азийн урлаг гэдэг бол Өрнө, Дорнын урлагтай харьцуулах шаардлаггүй өөрийн мөн чанартай гуравдахь соёл иргэншил гэсэн санааг хэлсэн байдаг. Дашрамд, энэ үгийг монгол хүн бүр мэдэж байгаасай гэж боддог. Бусад орны судлаачдын судалгаа болон нүүдэлчин соёл иргэншил гэдэг чинь өвөрмөц ертөнц гэдгийг ухаарсан хүн чинь бидний өвөг дээдэс хүн төрөлхтний соёл иргэншилд ямар хувь нэмэр оруулсан юм бэ? гэдгийг судлах хүсэлд хөтлөгдөнө шүү дээ. Одоо тэгээд ширдэг, эмээл, дөрөө бол манай язгуурын урлахуй юм гэдэг шинжлэх ухааны нотолгоо бий болж байна. Х.Урьхан гэдэг бас нэг судалгааны авъяастай шавьтайгаа эртний нүүдэлчдийн урлаг дахь тэмээний дүр дүрслэлийн судалгааг мөн эхлүүлсэн. Монгол туургатнууд хамтарч судалгаа хийвэл их үр дүн гарна. Монголчуудын язгуур урлахуйг монгол хүний нүд, сэтгэлээр хийнэ гэдэг өөр асуудал шүү

-Сэтгэлгээний ялгаа...

-Тийм. 

-Та “Монголчуудын эрхэм өнгө, зохирол” гэсэн нэг сэдэвт бүтээлээ хэвлүүлжээ. Энэ тухай ярина уу?

-Монголчуудын өнгийн хэрэглээг нэн эрт үеэс орчин үе хүртэлх хугацаанд судалж бичихийг оролдсон хэрэг. Ээлжлэн ирэх дөрвөн улирал, нүүдэлчин ахуй нь монголчуудын өнгийн соёлыг бий болгосон. Намайг судалгааны шинэ бүтээлээ хэвлүүлэхэд “Өнгө гэдэг зүйл олон утга, олон илэрхийлэл” гэж манай ҮТС-ийн захирал, доктор, профессор Ж.Туяацэцэг баяр хүргэхдээ хэлсэн юм. Үнэхээр тийм. Энэ ч утгаараа их цаг хугацаа, олон жилийн судалгаа, хөдөлмөр маань шингэсэн шүү. Ширмэлээ ширж байхдаа судалгааныхаа тухай эргэцүүлнэ, тунгаана, цаашаа яах вэ гэж сэтгэхийг хичээнэ. 

-Монголчууд гол төлөв ямар өнгийг хэрэглэж байв? Эрхэмлэж байв?

-Товчхондоо, монголчуудын оюун санааны эрхэм өнгө нь хөх байсан бол хэрэглээний эрхэм өнгө нь улаан байсан. Бидний өвөг дээдэст утга учиргүй, тохиолдлын зүйл гэж байсангүй. Тийм ч учраас өнгийг “үнэт зүйл” болгож чадаж байжээ. Өдгөө бид энэ уламжлалыг сарниулах гээд мартах гээд магадгүй төөрөх гээд байгаа бололтой. Яагаад гэвэл бид чинь үндэсний уламжлалаа бүдүүлэгт тооцож бүдэгрүүлснээс Солонгос, Америк, Европ, Орос, Хятад гээд маш их харь соёл цутгаад ороод ирчихсэн. Үүнийг мэдрэхгүй хоорондоо маргалдаж байна. 

-Зарим космополит нөхдийн номолж сургаж байгаагаар даяршсан ертөнцөд үндэстэн, жалга довын юм ярих хэрэггүй. Бушуухан америкжье, европжье гэх нь халаггүй байх юм. Тэд нар нь биднийг  хүлээж ч байгаа бил үү дээ. Гадныхан шатдаг занар байхад нүүрсээр яах юм гээд хөөрцөглөсөн нөхөд ч бий. Санаандгүй, санаатайг нь бүү мэд.

-Зааглах хэрэг гарна аа. Аливаа улс үндэстэнд өөрийн соёл урлахуй нь хомс аваас эрхэмсэг амдрахуй нь хомс оршино. Үндэстний уугуул, язгуурын уламжлал гэдэг чинь цус, генид нь шингэчихсэн байдаг. Таван хошуу малынх нь генид хүртэл шингэсэн. Ингэн тэмээ хуурын аянд яагаад уяраад байна вэ?. Бид хүний юм голлож хэрэглэж байгаа ч гэсэн бидний генид гоо зүйн далд мэдрэмж байсаар байгаа. Гадаадынхны зарим нь биднийг чинь бүдүүлэг гэж улайм цайм хэлдэг шүү дээ. Тэдэнд яагаад бид тэгж харагдаад байна гэхээр бид тэдний юмыг хэрэглээд өөрийн юмгүй харагдаад байгаа байхгүй юу. Хүний юмыг өөрөө мэдэхгүй хэрэглэхээр тэр нь өөрт нь олигтой таашаал өгөхгүй байхлаар бухимдаад байгаа юм. Бид гадны соёлоор бүтээгдсэн зүйлийг сониуч зангаараа гоё гээд л хэрэглэдэг. Өнгө гоё харагдах өөр. Таашаал өгнө гэдэг шал өөр гүнзгий асуудал. Генидээ байгаа гоо зүйн мэдрэмжийг хангаж чадахгүй бол таашаал өгөхгүй. Монголчуудын дөрвөн улиралтай байдал, нүүдлийн ахуй дээрээ суурилагдаад нүүдлийн өнгийн соёл чинь буй болсон шүү дээ. Олон зуун жил шалгарч ирсэн өнгийн соёл монгол хүнд таашаал өгнө. 

-Япон, Солонгос, Хятадын ард түмэн хөгжлийнхөө явцад өөрсдийн соёлоо гээхгүйгээр барахгүй түүн дээрээ суурилагдан хөгжиж байх шиг санагдах юм. Жишээ нь, 20-оод жилийн өмнө Бээжинд ч юм уу, Макдоналдс, KFC энэ тэрд хүүхэд залуучууд дугаарлаад сүйд болдог байсан. Сүүлд өөрийн үндэсний онцлогтой хөнгөн хоолнууд гаргачихаж. Брюс Ли ч гэнэ үү хөөрхөн нэр өгчихсөн. Тэнд нь залуучууд нь овоордог болжээ. Энэ мэтчилэн хоолны соёлоо эдүгээчилж, хамгаалж байх шиг. Орчин үеийн хөгжлиийг өөрсдийн философ дээр хөгжүүлэхийг эрмэлзэж байх.

-Яг үнэн. Тухайн ард түмний өөрийн уугуул хэрэглээ унаган мэдрэмж гэдэг таашаалтай л байж таарна. Хоол ч гэлтгүй аливаа юм олон зуун жилийн шалгаралд дээжлэгдэж үлдэж байдаг. 

-Өрөм нь авагдаад хусам нь орхигдоод гэдэг шиг...

-Тийм. Өнөөгийн бид нар тэр сайхан уламжлалаа орчин үежүүлэн хөгжүүлж чадахгүй байгаа юм. Бид 100 жилийн өмнөхөөс өөр нөхцөлд ирчихээд тэр үеийн соёлыг эдүгээчилж чадахгүй байгаагаас тэр юмаа хөдөөнийх, болих, бүдүүлэг гэсэн нэр хаяг зүүгээд гээгээд байгаа юм. Үүнийгээ өнөөдрийн бид эдүгээчилж, өөрийнхөө соёл, урлагийг хэрэглэвэл бусдын нүдэнд эрхэмсэг харагдана. Гадаад хүн Монголд ирээд монгол юм эдэлж хэрэглэж байж л өөр улс оронд ирсэн гэсэн таашаал авна. Бид солонгос кино үзээд л тэдний хувцсыг өмсөөд байна. Гэхдээ бид гоё хувцаслах ёстой, моодны харагдах ёстой. Гэр нь гоё интерьертэй байх ёстой. Түүнийг цаг агаар, ёс заншилдаа зохицуулж хөгжүүлэх нь бидний үүрэг. Үүнийг биелүүлэхдээ хүний юмаар хүүдэгнэх биш өөрсдийн юмаар биелүүлэх ёстой. Эрүүл ахуй, гоо зүйн шаардлагаа шийдэхээс гадна эрхэмсэг амьдрахуй гэж бас нэг юм байна. Нарийн мэдрэмж чинь хүнд бүү хэл малд байна гээд байна. Манай нэг морин хуурч тоглолтоор явж байгаад гадаадын нэг циркэд байсан монгол морь хуурын эгшиг сонсоод нулимс дуслуулахыг харсан гэж хэдэн жилийн өмнө сонинд гарсан ярилцлага байсан л даа. Хүн бүр мал адгуусын генинд нь таашаал хүртэх мэдрэмж байна гэсэн үг. Бид тэр мэдрэхүйгээ анзаарахгүй, аар саар юманд сатаараад орхичихоод байна л даа. Тэгээд хүний бүтээсэн юмыг гоё гэж хийсвэрлэн сэтгэж хэрэглээд байхаар тэр нь алсуураа таашаал өгч чадахгүй байгаа юм. Үүнээс болж мөн чанараасаа холдоод байна. 

-Бидний өнгийн хэрэг­лээнд ямар онцлогууд байна вэ?

-Хамгийн ойрын өнөөгийн жишээ ярья. Монголчууд түүхэндээ байгаагүйгээр хар хувцас өмсдөг болжээ. Буруутгах үүднээс яриагүй шүү. Янз бүрийн л шалтгаантай байдаг байх. Хар өнгийг монголчууд хоёр янзаар хүлээн авдаг. Чингис хаан нас барахад шадар хүмүүс нь үсээ задгай тавиад хар хувцас өмсөж гашуудаж байсан тухай персийн миниатюр зурагт дүрслэгдсэн байдаг. Монголчуудын ойлголтонд байгаа хар өнгийн тухай сайн тал нь хар өнгө цул, хольцоогүй цэвэр юмыг илэрхийлдэг. Төрийн хар хүн гэж жинхэнэ төрийн хүнийг хэлнэ. Б. Ринчен гуай ч ингэж тайлбарласан байдаг. Хар шөл гэж ярьдаг. Хольцоогүй дан махтай шөл биз дээ. Тухайн өнгө мэдээж өөр өнгөтэй хоршиход бас л өөр мэдээлэл өгнө. Жишээлбэл, хар улаан хувцас хослуулсан нэгэн өнөөдөр байвал монгол хүнд таатай харагдахгүй. Хар улааны хоршил гашуудлын бэлгэдэл гэдэг нь Зөвлөлт оросоос ирсэн соёл. 1924 онд хувьсгалын нэг удирдагчийн оршуулгын ёслолд улаан дээр хар туузыг улаан хувьсгалд уй гашуу ирлээ гэсэн бэлгэдлээр хэрэглэснээс хойш энэ ёс газар авчээ. Гэтэл монголчуудын өнгийн хэрэглээний түүхээс харахад ийм хоршлыг нийтлэг хэрэглэдэг байсан. 
Монголчуудын хэрэглэж ирсэн өнгийн зохирол, найрамж гэдэг маш чухал. Өнгө гэдэг бас зохирлоо олж хөгжих ёстой. Бид 1960-аад оны уран бүтээлчдийг алтан үеийнхэн гэдэг. Миний бодлоор тэр үеийнхэн бусад үеийнхнээс илүүтэй суутнууд байгаагүй. Тэдний гайхамшгийн учир нь юундаа байна вэ? гэхлээр тэр үеийнхний сэтгэлгээ нь монгол байгаад түүн дээрээ европын боловсролыг өндөр түвшинд эзэмшиж тэр хоёрынх нь дундаас “алтан үе”-ийн бүтээл нь төрсөн. Өөрөөр хэлбэл оюун санааны монгол мөн чанараа хадгалж сонгодог боловсролоор баяжуулан түүнийгээ өөрийнхөөрөө хөгжүүлж чадсан. О.Цэвэгжав гуайн “Азарганы ноцолдоон”, Г. Одон гуайн “Ажлын дараа” гээд алдарт зургууд монгол мэдрэхүйгээ сонгодог урлагаар баяжуулж хөгжүүлсэн. Хүн нь монгол байж байгаад Европын соёлыг тээж ирсэн. Тэгж монгол илэрхийлэлтэй гайхамшигт бүтээлүүд төрсөн. Түүнээс хойд үед монгол хүний мөн чанар багасаад багасаад явж ирсэн. Бид оюун санааныхаа хувьд эрлийзжээд байвал уран бүтээлийн чанар дордоод л байна. 

-Одоо бол бүр юу ч болоод байгаа юм? Кинонууд солонгосжоод гэдэг ч юм уу...

-“Улаанбаатарт байгаа миний аав” кинонд гэр бүлийн ээдрээтэй, “хурцадмал” асуудал гараад байгаа боловч америкчууд шиг орилоод хашгираад юм шидлээд байхгүй байнаа даа. Гэхдээ тэнд дүмбүү оргисон үйл явдал бол байдаггүй. Энэ бол монгол сэтгэлгээ, илэрхийллийн нэг жижигхэн зүйл. Одоо бүтээгдсэн кино нилээд нь сөрөг шүүмжлэл дагуулаад байх шиг байна. Гэхдээ уучлаарай би киноны талаар сайн мэдэхгүй шүү. Зүгээр хоёулаа ярилцаж байгаа сэдвийн хүрээнд бодоход Монгол хүндээ наалдац байхгүй санагддаг. Яагаад гэвэл монгол мөн чанар дутагдаад байгаа юм. Сайн киноны үг үйлдэл ард түмний дунд үргэлжлээд амьдраад явдаг даа. “Тунгалаг тамир”-ын баатруудын амнаас гарч байгаа үг болгон монгол хүний үг байна. Тэр чинь бас давхар Ч.Лодойдамба гуайн оюуны царайг илтгээд байна даа. Д.Намдаг гуайн зохиолууд дахь үгүүд ямар мундаг байна. Д.Нацагдорж, Р.Чойномын яруу найргууд зүгээр үгийг чулуудаад чулуудаад явчихсан юм шиг атлаа агуу урлагийг бүтээчихсэн. Урлаг гэдэг хүний оюун санааны дээд хэлбэр. Бид урлагийг сэтгэлгээний дунд, доод түвшингээр бүтээх гээд зүтгүүлээд байна. Урлагийг бүтээгч маань өөрөө боловсорч чадаагүй байж урлаг бүтээх гээд сайн дураар зүтгээд байна. Боловсорч байж оюун санааны дээд хэлбэрийн бүтээл гарна. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.