НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Артур ШОПЕНГАУЭР

О.Содномпил     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-05-24 17:32:19 GMT +8 / | 10867 удаа уншсан

Бидний оршин буй орчлон ертөнц, амьдралыг Лейбниц боломжит байдлаас хамгийн сайн нь хэмээсэн бол Шопенгауэр хамгийн тааруухан нь гэж үзэж байв. Иймээс ч түүнийг пессимист философич гэж нэрлэх нь бий. Амьдралыг өөр талаас харах, эргэцүүлэн бодох нь өөрөө эрх чөлөөний илэрхийлэл юм. Сургууль соёл төгсөөд ажил амьдралын эхний алхамыг хийхэд мэдэхгүй, чадахгүй зүйл үй түмээр тулгардаг. Тиймээс амьдралын арвин туршлагатай хүмүүс энгийн мөртлөө хэрэг болох зөвлөгөө өгдөг. Мөн албаны үгтэй ч хэрэг болохоор ном, товхимол ч байдаг. Тийм нэгэн номноос ямар нэгэн шинэ ажил төлөвлөхдөө сайн тал, учирч болзошгүй муу талыг зэргэцүүлэн жагсааж бичиж бай гэсэн зөвлөмжийг одоо ч мартдаггүй юм. Энэ энгийн мэт арга нь өөр нэгэн утгаар бол аливаа зүйл сайн, муу талтай гэдгийг сануулсан учирч болох бэрхшээлийг урьдчилан харж тооцоолох тухай үг гэж ойлгодог юм аа.

Амьдрал үнэндээ үлгэрийн төгсгөл шиг амар сайхандаа жаргадаг зүйл биш л дээ. Иррационалист үзэл бодол хүчээ авч буй орчин үед Шопенгауэрийн бодомж сонирхолтой. Энэ маань угтаа хоёр зуун жилийн өмнөх бодомжийн тухай яриа хөөрөө юм. Германы сэтгэгч Артур Шопенгауэр 1788 онд тэр үеийн Пруссын Данцит хотод төржээ. Одоо энэ хотыг уг нэрээр нь хайвал газрын зураг дээрээс олдохгүй. Улсын нэр нь ч, хотын нэр нь ч өөр болсон. Яг хайж очье гэвэл Польш улсын Гданьск хот бөлгөө. Дэлхий ертөнц ийн хувьсан өөрчлөгдөх юм.

Артурыг таван настайд тэднийх Гамбургт шилжин иржээ. Аав нь худалдаачин хүн байсан бөгөөд багаас нь боловсролд нь ихэд сэтгэл, мөнгө зардаг байв. Есөн настай хөвүүнээ Францад нэр хүндтэй сургуульд явуулжээ. Сониноос Артур хүү франц хэлийг гайхалтай сурч харин төрөлх хэлээрээ бодож, түгдэрч ярьдаг болчихсон ирсэн гэдэг.

Гимназаа төгсөөд аавынхаа хүслээр ажил мэргэжлийг нь залгамжлахаар худалдааны компанид ажиллажээ. Дөрвөн жилийн дараа аав нь гэнэт ослоор мөнх бусыг үзсэн нь ээж, хүү хоёрын ажил амьдралын замыг орвонгоор нь эргүүлэв. Артур эхлээд Геттнгений их сургуулийн анагаах ухааны салбарт элссэн ч сонирхол нь философи болон хувирч ангиа солив. Ээж нь утга зохиолын салон нээж долоо хоногт хоёр удаа зохиолчид цугларч утга зохиолын яриа хөөрөө өрнүүлдэг болов. Хатагтай оройтсон хайр гэдэг шиг хожуу уран зохиол оролдсон ч тийм ч сайн зохиолч болсонгүй. Гэвч дуртай ажил гэдэг сэтгэлийн таашаал өгдөг хойно доо.

Артур Шопенгауэрт Иений Их Сургууль философийн доктор зэрэг олгожээ. Доктор гэснээс манайд бас Орост л докторын зэрэг дотроо хоёр зэрэглэлтэй байдгийн учир нь сайн олддоггүй юм. Гадаад ертөнц ч сайн ойлгодоггүй гайхдаг л байх. Дэлхийд доктор “РnД” гэж л бий. Гэтэл Орос, манай хоёрын шинжлэх ухааны доктор “ScД” олон улсын доктор “РnД”- оос дээд зэрэглэлийн юм уу, бүү мэд. Нийтийн хэвшмэл, академик зүйлээс өөр байх нь өөр ойлголтыг төрүүлэх юм. За энэ ч яахав, үндсэн сэдэв рүүгээ оръя. Ер нь нэр, нэршил ч өөрөө бараг философи ойлголт юм шүү.

Артур Шопенгауэр бол иррационалист философич. Түүний үзэл баримтлалын гол санаанууд “Хүсэл зориг, төсөөллийн ертөнц” бүтээлд буй. Тэрээр хүмүүний амьдралыг утга учиргүй, оршин буй ертөнцийг “байж болох орчлон ертөнцийн туйлын тааруу хувилбар” хэмээснийг тэгтлээ цэрвэж, мушгиж ойлгомооргүй санагддаг. Түүнийг хэлсэн ийм нэг үг бий. Афоризм л юм даа. “Өргөсгүй сарнай гэж үгүй. Гэтэл сарнайгүй өргөснүүд тэрнээс хамаагүй олон байдаг”. Ер нь Шопенгауэрийн энэ мэт онч мэргэн үгс ихэд алдартай.

Манайд түүний бүтээл туурвил өнгөрсөн хугацаанд тэгтлээ их орчуулагдаагүй. Магадгүй гутрангуй үзэлтэй гэдэгтэй ч холбоотой байсан биз. Сүүлд мэр сэр орчуулсан зүйл бий. Харин удахгүй А.Шопенгауэрийн нэг ном философич Будгалийн орчуулгаар гарна. Энэ түүвэрт “Маргаанд ялах урлаг”, зохиолуудын хэсэг, параболууд, ёгт үлгэр, афоризмууд орсон.

Шопенгауэр ганцаараа энэ ертөнцийг эргэцүүлэн бодож, туурвиж өөрийнхөөрөө амьдарч далан хоёр насыг зооглосон. Үнэндээ тэрээр зовж, шаналж насан өөд болохоос эмээдэг байсан юм билээ. Харин бурхан ивээж ямар ч өвдөлтгүй, кофегоо ууж, буйдандаа тухлан суугаад хальсан гэдэг. Өөрийнх нь хэлсэн “орчлон дэлхийн хамгийн тааруу хувилбарт” тэрээр тийм тааруу амьдраагүй бөлгөө. Түүний хэлсэн, ихэд таалагддаг үгсээр энэхүү бичвэрээ төгсгөе.

“Хүн төрөлхтний амжилтын замд саад тээг болдог зүйлсийн нэг бол хүмүүс ухаалаг нэгнийхээ үгийг бус харин бусдаас чанга чалчигчийн үгийг сонсдогт оршино”. Өнөөдөр энэ үг дөнгөж сая хэлсэн үг шиг шинээр сонсогдож байна. Бид нээрэн ойлгож, хэрэгжүүлж чадахгүй гэж үү. Бас “Ямар ч хүн байгалиасаа өөрийгөө ямагт зөвтгөх зантай”. Нээрэн бурууг ямагт бусдаас хайж өөрийгөө зөвтгөх дуртай шүү бид.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.