НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

АМЬСГАЛАХ ЭРХ

Б.Гүнбилэг     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-10-21 17:42:14 GMT +8 / | 4021 удаа уншсан

...Зурагтын мэдээ үзэж байсан чинь “Улаанбаатар хотын иргэн бүрийн уушиг таван кг хар тугалгатай тэнцэх хэмжээний хорыг нэг өвөлд шүүдэг” гэж сонсов. Уур хүрээд явчихав. Угаасаа л ууртай цухалдуу байсан юм. Хүүхдүүд гэлтгүй эхнэр бид хоёр ханиад хүрч, бие сульдсанаас ажил төрөлдөө ч чүү ай л явж байсны буруутан нь өнөөх л утаа гэж бодож байсныг минь бүр шинжлэх ухааны судалгаагаар батлаад хаячихав. Ер нь шинжлэх ухаан ч гэлтгүй, мэдээжийн юм даа.

Өвөл ирж байна. Улаанбаатараар овоглосон хүн бүрийн сэтгэлд яана даа, яаж онд орно доо гэсэн айдас хургасаар. Эргэлзсээр байна. Болдог бол хөдөө гарчихмаар, болохгүй бол гадаад явчихмаар үе байнга л гардаг. Ер нь Үндсэн хуульд заасанчлан бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхгүй гэж үү? Үндсэн хууль гэдэг чинь зүгээр л нэг тунхаг юм гэж үү? Тунхаг биш юм бол Үндсэн хуулийг ойлгох арга зүйг яагаад хуульчид бид өнөөх 76-даа ярьж өгөхгүй байгаа хэрэг вэ? Эсхүл тэд өөр юм бодоод завгүй байдаг юм уу?

Хүний эрхийн хөгжлийг үндсэндээ гурван үед хуваадаг. Нэгдүгээрт, анхдагч эрх буюу Иргэний ба улс төрийн эрхийн үе. Энэ эрхэд амьд явах, шударга шүүхээр шүүлгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх гэх мэт хүнээс өөрөөс нь салгаад хаячихвал хүн биш боолд тооцогдох, тухайн төр заавал хангаж, хамгаалах ёстой эрхүүдийг хамруулдаг. Африкийн ядуу орны төр байна уу, эсхүл Арабын баян орны төр байна уу ямар нэгэн ялгаагүйгээр бүгд нэгдүгээр үеийн эрхүүдийг бүхий л хүч бололцоогоороо хангах үүрэгтэй.

Хоёрдугаар үеийн эрхэд эдийн засаг, нийгэм соёлын эрхүүд багтдаг. Үүнд, ажиллаж хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж авах, зохистой орон байртай байх, нийгмийн хамгаа-лал, ажилгүйдлийн тэтгэмж авах, сурч боловсрох, машин тэрэгтэй байх гэх мэт эрхүүд орох ба тухайн улсын эдийн засгийн чадавхиас шалтгаалаад орон бүрт өөр өөрөөр хэрэгжиж болох эрхүүд юм. Тухайлбал, АНУ-ын дунд сургуулийн анги танхим агааржуулах автомат системтэй байхад, манай улсын дунд сургуульд тийм агааржуулагч байхгүй, агааржуулахаас илүүтэйгээр хүүхдүүдийн тоонд хүрэлцээтэй анги, танхимтай байх эсэх нь ч эргэлзээтэй байдаг.

Гуравдугаар үеийн эрхэд нэг талаас байгаль орчны эд баялгийг ашиглах эрх, нөгөө талаас байгаль орчноо хамгаалах эрх, хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалах эрх, өөртөө засан тогтнох эрх, соёлын өвийг хамгаалах эрх, харилцаа, холбоог чөлөөтэй ашиглах эрх гэх мэт бүрэн нэгдмэл ойлголтод хүрээгүй эрхүүд багтдаг.

НҮБ эхний хоёр үеийн эрхүүдийг 1966 онд Иргэний ба улс төрийн эрхийн пакт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн пактуудаар хамгаалсан ба манай улс эдгээр пактуудыг соёрхон баталсан юм. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд Монгол Улс нь өөрийн нэгдэн орсон олон улсын гэрээнүүдээ шударгаар дагаж мөрдөх тухай заа-сан байдаг. Бид ч 1969 оны Олон ул-сын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцэд нэгдсэн тул нэгдүгээр үеийн эрхүүдийг манай засаг эдийн засгийн бүхий л боломж бололцоогоо ашиглан хангаж, хамгаалах үүрэгтэй байдаг.

...Гудамж дүүрэн чүү ай биеэ авч яваа “бид-зоомбийнууд” хөлхөлдөөд, уур уцаар ихийн улмаас хүнд, онц хүнд гэмт хэргүүд гарах нь ч элбэг үе бол өвөл. Бат-Үүл ахын найз Туяа ах Ерөнхий сайд болоод 2014 он гэхэд утаагүй болгох талаар сайхан ам задгайлж бид горьдсон. Түй... Нус, цэр. Дэмий л горьдож...

Нэгдүгээр үеийн эрхэд орж байгаа амьд явах эрх юунаас эхэлдэг вэ? гэвэл амьсгалахаас эхэлдэг юм. Эхэлдэг юм гэж худлаа номлоод ч яахав. Угаасаа л амьсгалахгүй бол амьд явах эрх хэрэгжихгүй. Амьсгалах амьд явахын хамгийн эхний баталгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр үеийн эрхийн хамгийн нэгдүгээр эрх амьд явахын тулд хийх нэгдүгээр зүйл нь амьсгалах эрх юм гэж хэлж болно.

...Бие организм маань хорт агаарын эсрэг үйлчилгээ үзүүлэх ганц боломж нь нус, цэр ялгаруулах...
Тэгвэл энэ утааг бид өөрсдөө гаргаад байгаа юм биш үү? гэсэн асуулт гарч ирнэ. Хүмүүс нүүрс түлж, өөрсдөө л өөрсдийгөө хордуулж байгаа биз дээ гэх. Харин байранд амьдардаг хэсэг нь “Үгүй шүү. Бид яаж утаа гаргасан юм” гэнэ. Гэтэл улс орны тал хувь нь амьдарч байгаа энэ хотын асуудлыг эдийн засгийн далд гар гэдэг шиг хэзээ ч орхиж болохгүй. Манайхан ч орхилгүй менежмент хийх гээд л зүтгээд байх шиг байна. Зуух тарааж, нүүрс хямдруулаад байгаа ч утаа арилаагүй. Яаж ч арилах вэ? Зуухыг нь өгөөд, утаа гаргах зүйлээр нь хангаад байхаар утаагүй болно гэж байхгүй.
Ингэхээр яах аргагүй бид улсын төсвийн хуваарилалт руу анхаарлаа чиглүүлэхээс өөр аргагүй. Улсын төсвийн зарцуулалтыг Төр нэгдүгээр үеийн эрхэд заавал зарцуулах шаардлагатай гэдгийг дээр дурдсан. Нэгдүгээр үеийн эрхийн хэрэгжилтийг хангасны дараа хоёрдугаар үеийн эрхийн хангалт, хамгаалалтыг хийх ёстой юм бол амьсгалах эрхийг хэрэгжүүлэхийн тулд бид улсын төсвөөс ахиухан хөрөнгө оруулалт татах ёстой болно.

За, тэгвэл зуух, нүүрс бол шийдэл биш гэдэг нь тодорхой болсон тул ямар шийдэлд зориулж бид мөнгө зарцуулах ёстой вэ? гэсэн асуулт гарна. Яагаад нүүрс шатаагаад байна вэ? гэхээр бидэнд дулаан хэрэгтэй байгаа. Нүүрс шууд түлэхгүйгээр ямар аргаар дулаан үүсгэж болох вэ? гэхээр хий, нөгөөх нь цахилгаан. Хийн түлш нь өвлийн нөхцөлд бүрэн баталгаагүй, харин цахилгаан станц ажиллуулахад бидэнд нүүрс хангалттай байгаа тул цахилгаан станцад хамаг анхаарлаа хандуулаад, бусад түр зуур хойш тавьж болох хоёрдугаар үеийн эрхэд хамаарах зайлшгүй бус хөрөнгө оруулалтыг цахилгаан станцын хөрөнгө оруулалт руу оруулах ёстой болж байна.
Өнөөх V цахилгаан станц хаачив даа. Хэдэн жил ярив. Байдаггүй. Бид улам л дасан зохицсоор л, зомбийдсоор л ...
Хэрэв цахилгаан станц барьчихвал бид энэ гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулж, гэр хорооллын утаа гаргаж буй яндангуудыг шууд хуульчлан буулгаж, албадан хорьж, ёстой олон түмнийхээ өмнө утаагүй болгоно гэж амлаж чадах юм. Харин өнөөдөр шууд бүх янданг буулгах гэхээр оронд өгөх эрчим хүчний эх үүсвэр алга байна. Манай одоогийн станцууд хангаж хүрэлцэхгүй.
Утааг багасгах ерөнхий нэршлийн дор айлын хувийн өмчийн газрыг чөлөөлүүлэхээр барилгын компаниуд иргэдэд тулгалт хийж, олонхийн санал авсан нэрийдлээр цөөнхийг эрхийг зөрчин газар чөлөөлүүлэхээр улайрах, үүнийг хотын захиргаа, хороо хорин нь уухайлан дэмжиж, газар чөлөөлөх гэрээ байгуулаагүй иргэнд хорооны тодорхойлолт өгөхгүй байгаа явдал нь иргэнийг БООЛ гэж үзэж байгаагаас өөр зүйлгүй билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.