НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Дорнын их найрагчийн нэр ЭЛИЙХАЛАГ, ИВАНКАЛАН, ЯВУУХУЛАН

Б.Ерэнтэй     Нийтлэгч
12 сарын өмнө /2016-10-21 18:17:38 GMT +8 / | 3748 удаа уншсан

Одоогоос 87 жилийн тэртээ 1929 оны хавар Завхан аймгийн Алдархаанд нэгэн нуган үр Бэгз хэмээх айлд мэндэлсэн нь ирээдүйн Төрийн шагналт яруу найрагч Явуухулан байлаа. Нутгийн хутагт Адарсүрэн маарамба хүүгийн заяа төөргийг зурж үзээд хожмоо том хүмүүн болно гэж айлдах ялдамд хар цагаан хэл ам, чөтгөр шулмын хорлолоос зайцуулах монгол домын арга хэрэглэж Эвийхалаг гэсэн нэр өгчээ. Түүнчлэн таван нас хүртэл нь буруу энгэртэй тэрлэг өмсгөж, даахийг нь үргээх хүртэл охин мэт гэзэг тавьж сүлжиж байхыг зөвлөсөн байдаг. Хий насаа нэмсэн тавтай, одоогийнхоор бол дөрвөн насандаа сэвлэгээ үргээлгэснээс хойш тохиолдлоор шахуу, Улиастай хотод суурьшиж байсан орос худалдаачин айлын өрхийн тэргүүн Иван, гэрийн эзэгтэй Галина хоёрын хамтатгасан алдраар нэрлүүлэх болсон нь ярианы хэлэнд Иванкалан болон хувирчээ.

Хатанбаатар Магсаржавын цэрэгт алба хааж явсан, анчин эцэг Бэгзээрээ хуучин монгол бичиг заалган улмаар аймгийн төв – Улиастай хотын анхны шинэ үсгийн дугуйланд суралцаж, эрдэм номын анхны түлхүүрийг атгасан Иванкалан хүү 1944 онд Санхүү, эдийн засгийн техникумд суралцахаар Улаанбаатарын зүг мордлоо. Тухайн үед түүний бичсэн “Ээждээ”, “Хадлан” зэрэг анхны шүлгүүд нь төвийн хэвлэлд Иванкалан гэсэн нэрээр гарч байсан учир энэ. Тэрбээр 1954 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцахаар явахдаа монгол хүн орос нэртэй байх ёсгүй гэж үзээд нэрээ өөрчилж Явуухулан болгосон намтартай. Эхээс мэндлээд гурвантаа шившүүлсэн нэрээ сонин учир тохиолдлоор хоёронтоо сольсон түүнийг цагийг эзэлсэн Дорнын их яруу найрагч болно хэмээн анх нэр хайрласан, хутагт хувилгаадын өлгий Завхан нутгийн Адарсүрэн маарамба ч 100 хувь мэдэж байсан гэхэд эргэлзээтэй.

“Хүлэг минь-шүлэг минь, чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж ухаарч туурвисан Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн уран бүтээлийн талаар, наад зах нь Төрийн шагналт зохиолчдын хэлсэн үгийг уншигчдадаа толилуулбал, үнэлгээ нь байнд биш гэхэд банзанд тусах буйзаа хэмээн бодлоо. Тэд,

“Б.Явуухулан Отгонтэнгэрийн хормойд төрснөөрөө том найрагч болсон буй заа. Хэрвээ энд төрөөгүй бол “Би хаана төрөө вэ”, “Тэхийн зогсоол” зэрэг тэнгэрлэг найраглалуудыг бичихгүй байсан байж болох. Түүний нурууны хөх толбо Отгонтэнгэр уулын дүрстэй байсан байх”.

“Аливаа найраг, найрагч бүхний давах гурван оргил байдаг гэх. Тэр нь утга санаа, уран дүр, уянга эгшиг юм. Энэ гурван их оргилыг авьяас, ухаан, хөдөлмөр гэсэн гурван хүчирхэг жигүүртэй аавын хүү давдаг гэх. Тэр бүхэн Явууд байв. Бас эл гурван давааг давагч, өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагт амьдардаг гэх. Явуу бол гурван цагийн зочин юм. Явуу хүний орчлонд “Өөрөө уйлж ирээд”, “Өрөөлийг уйлуулж буцахын” хооронд юу бүтээж амжсаныг түүний шүлгүүд бүрнээ харуулж чадна”.

“Б.Явуухулан бол яруу найргийн их хувьсгагч. Тэрээр намжсан, улстөржсөн байдлаас Монголын уран зохиолыг аварсан юм. Түүнийг дагаж монгол хайр, монгол сэтгэл, монгол дур зорго яруу найрагт орж ирсэн. Тэр бас Өрнө, Дорнын гэгээн зааг дээр төрсөн их найрагч. Чингэхдээ аль алиныг нь хохироогоогүйгээс гадна аль амттайг нь түүж чуулсан” хэмээн өгүүлсэн байх юм. Явуу найрагч бол манай зохиолчдоос М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн хоёр дахь төгсөгч. Энд дэлхийн утга зохиолын сор бүтээлүүдтэй орос хэлийг зардас болгон танилцаж, бас мөн чанарыг нь ухаарсан тэрбээр “Хар ус нуурын шагшуурга” (1965), “Хээр хоносон сар” (1965), “Мөнгөн хазаарын чимээ” (1968) нэртэй яруу найргийн гурван шилдэг түүвэр гаргасан юм. Яруу найрагч өөрөө тоож номоо нэрлэсэн нэгэн шүлгийг нь доор толилуулъя.

МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ

Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшин,
Шөнийн чимээгүй гадаа налайж
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.

Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоож баясгана

Б.Явуухулан найрагч 1973 онд Ховд аймгийн төв Ховд хотын цэцэрлэгт мод тарьсан, дөрвөөр дугаарласан, улмаар суулгасан модондоо зориулж,
Явуулын хүн дэргэд чинь ирж байг,
Яахав намайг, тэд дурсан ярьж байг,
Яруу найргийн мод, бүүвэй
Явуухулангийн мод, бүүвэй!
гэсэн үгтэй бүүвэйн дуу зохиосон гэх домог мэт сонсогддог, яриа байдаг. Би вээр Ховдын цэцэрлэгт очиж үзээгүй болохоор сайн мэдэх зүйл алга. Харин нийслэл Улаанбаатар хотноо, 23 дугаар сургуулийн өмнөх түүний нэрэмжит цэцэрлэгт 2000 оны дундуур Ховдын цэцэрлэгийн модны мөчрөөр ургуулсан тарьц хэмээн мод суулгаж байсныг санаж буй.

Найрагчийн нэрэмжит энэхүү цэцэрлэгт 2010 оны наймдугаар сарын дундуур түүний хөшөөг босгосон бөгөөд орчин тойрныг нь улам гоё болгож тохижуулсан эрхмүүд ингэж тайлбарлаж байлаа.

-Бэгзийн Явуухулан хэмээх Дорнын их найрагчийнхаа хөшөөгөөр бид ард иргэдийнхээ сэтгэлийг гоёж, хотоо чимлээ. Явуу найрагчид хүндэтгэл үзүүлэх гадаадын болон манайхны мянга мянган зохиолч, ард иргэдийн цуваа үеийн үед хөвөрсөөр байх нь дамжиггүй гэдэгт итгэлтэй байна. Хөшөө хүний харааны төвшинд их энгийн хийгдсэн. Ямар ч хүн дэргэд нь суугаад хамт зургаа татуулж болохоор зохиомжилсон. Энэ нь ард түмэнтэйгээ ямагт хамт байна гэсэн санааг давхар илэрхийлж байгаа юм. Цэцэрлэгийн байгууламжийг найрагчийн шүлгийн агуулгад тулгуурлаж бүтээснээрээ бусад цэцэрлэгээс онцлог. Өндрөөс харахад дэлгэсэн ном хэлбэртэй. Хаалга нь тасралтгүй үргэлжлэхийн бэлгэдэлт өлзий хээтэй, хашаа нь монгол гэрийн ханыг санагдуулахаас гадна багана нь суварга хэлбэртэй.

Эх орон, уул ус, байгаль дэлхий, хайр дурлал, зон олон гэсэн гол гурван санаан дээр тулгуурлаж цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий зохиомжийг хийсэн байгаа. Нүүдлийн соёл иргэншлийн гол төв нь Монгол учраас энэ санааг гаргахын тулд Монгол архитектурын цөм нь өнцөггүй дугуй дүрсэнд хамрагддагийг бодолцож усан оргилуураар илэрхийлсэн. Нөгөө талаасаа “Хар ус нуур” шүлгийн санаа бүрэн багтсан. Дунд нь байгаа гурван мөнгөн аягаар өнгөрсөн, одоо, ирээдүйг төлөөлүүлэхийн зэрэгцээ “Мөнгөн аяга шиг гараас чинь Туулын уснаас амсах юмсан” гэсэн найрагчийн шүлгийн санааг давхар шигтгэж өгөхийг хичээлээ. Аяганы дээр нь байрлуулсан чандмань эрдэнээр үеийн үед үл дундрах найргийн сөн дүүрэн байхыг бэлгэдлээ. Цэцэрлэгт хүрээлэнг дан байгалийн чулуугаар цогцлоосон. Монгол урчуудын ухааны ураар уулын чулууг зорж, хөгжмийн аяар ус бүжиглүүлэхийг хичээлээ. Мөн “Би хаана төрөө вэ?”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” алдарт шүлгүүдийг нь задгай театрын хананд бүрнээр нь сийлсэн нь орчлон дэлхийн хэмжээгээр сэтгэж явсныг нь давхар илэрхийлэхийн зэрэгцээ өнөө үеийн хүүхэд залуус мэдвэл зохистойг бодолцсон л доо гэж тухайн цаг дор тайлбарлаж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.